Манай орны өргөн уудам нутгийн далан хувьд гол горхи байдаггүй. Хэрэв худаг гаргаагүй , газрын гүнд ус байдаггүй бол хэрэгцээгүй гэсэн үг. Дэлхий дээрх давстай, давсгүй нийт усны 0,00004 хувь нь дэлхийд газар нутгаараа эхний 17-д ордог Монголын нутагт ногддог. Харьцааны хувьд хумсын толион чинээ ус дуссан нутаг юм. Тэр хумсын толио нь зөвхөн Хөвсгөл нуур гэхэд болно.
Өнөөдрийг хүртэл бид худгийг шүтэж амьдарч байна. Улаанбаатар гэхэд хэдэн том худгаас усаа зөөдөг. Худаг бол гүний ус. Гүнд байгаа ус бол барагдах баялаг. Газар дээр нарны илчинд амьдрагч амьд бодгальд худгаас татсан ус тохиромж муутай. Худгийн хүйтэн усаар ногоо тариа шууд услахад ургахгүйгээр барахгүй үхчихдэг. Эрт үеэс манайхан гүний усыг хэрэглэсээр ирсэн. Эртний монголчууд буян арилна гээд усанд ордоггүй байсан болохоороо амны цангаа тайлах төдий усыг хэрэглэсээр ирсэн. Бас тариа ногоо тарих гэж суваг шуудуу хэрэглэж байсангүй. Усны бага хэрэглээ нь усгүйн зовлонгоос үүдэлтэй болов уу. Бидний одоо хэрэглэж байгаа усны харьцаа их сонин байдаг. Нийт усны далан хувь нь ил урсаж явдаг бол үлдсэн нь газрын гүнд байх. Ил усаа бараг хэрэглэхгүй хөрш хоёр улсдаа зүв зүгээр бэлэглээд нөгөө ховор зэвэр гүний усаа ууцгаадаг. Хэрэглээний наян хувь нь худагт ногдож байдаг гэсэн.
Энэ талаар манай усны мэрэгжилтнүүд олон жил дуугарсан боловч хайхардаггүй байлаа.
Тэгсэн чинь одоо хайхардаггүй байсан ил ус дэлхийн дулаарлаас шалтгаалан ширгээд эхэлсэн.  Гадагшаа давж урсдаг томоохон гол мөрний ус эрс багасаад ирэхээр мөрний адагт амьдрагч орос, хятад ууд тэвддэг боллоо. Улаанбуудай, байцаа ногоогоо усалж амьдардаг тариачдад Онон, Хэрлэн, Сэлэнгэ-Орхон мөрний дээрээс ирэх үнэгүй, их ус багасах бол аюул юм.  
Манай зарим нэг байгаль хамгаалах хөдөлгөөнийхөн хил давж урсаж буй усыг хэвээр нь явуулахын төлөө тэмцэж байна. Тэд даян дэлхийн байгаль орчныг нэлд нь хамгаалахын төлөө тэмцэж байгаа “олон улсын хэмжээний” хамгаалагч нар байх.
Бидний хувьд бол дэлхийн байгаль, Орос, Хятад иргэдийн тариа ногооны талбайг өрөвдөх  манатай л байна. Монголд гол мөрний усыг хааж боосон далан бараг байхгүй байсаар атал цаагуураа усгүйдээд эхэлчихжээ. Өнгөрсөн хэдэн жилд гэхэд Монгол нутаг  583 томоохон гол, 1484 горхи булаг, 760 нуур тойрмоосоо салчихаад байна. Дорнод, Булган, Хөвсгөл, Баян-Өлгий гэсэн дөрвөн аймгийн гол, нуур бусдаас илүү ширгэсэн тооллого гарсан. Ялангуяа хотгор бүхэн нь усаар гялтайж байсан Дорнодын их талд 515 горхи, 233 нуур цөөрөм байхгүй болсон. Цаашид бусад гол горхиуд ээлж дараалан ширгэнэ. Энд бид огт хэрэглээгүй байсан ч хуурайшилт энэ эрчээрээ явбал манай орон цөлжиж мэдэхээр байгаа.
Ухаалаг шийдвэр гаргая гэвэл гүний усаа хойч үедээ хямгадан хадгалж, явуулын ил уснаасаа хэрэглэж баймаар санагдах юм. Урсгал усанд бузар байхгүй гэдэг үг бий. Урсаад одох уснаасаа хугаслаж тогтоогоод хэрэглэж заншвал яагаад болохгүй гэж.
АНУ-ын Денвер муж орчим нутаг Монголтой тун төстэй байгальтай. Тэндхийнхэн өвөл хэдэн метр зузаан ордог цаснаасаа хайлуулж усан сан бий болгоод жилийн турш хэрэглэдэг. Худаг ухаж дороо байгаа усаа ил гаргах хүсэл тэдэнд алга. Ази тивд Аравын хуурай цөл үлэмж үргэлжлэх бөгөөд нэг улс нөгөө улсдаа гол мөрнөө өгөх тал дээр харамч нарийн.
Монгол улс энэ жишгийг баримталж олон улсын тогтоосон хэм хэмжээний дагуу Хэрлэн, Орхон голын уснаас саах тухай төсөл явж байгаа. Багцаагаар 500 сая доллар байвал Хэнтийгээс Дорноговь-Замын-Үүд, Булганаас Төв, Дундговь, Өмнөговь, Оюутолгой ортол урт яндан труба татчихаж чадна. Түүгээр гүйж ирсэн уснаасаа жилдээ гуч гаран сая долларын ашиг олсоор байгаад 15 жилийн дараа гэхэд өртөгөө нөхөөд авна. Энэ хоёр гол дээр томоохон далан барих төсөл бий. Олгой хэлбэрээр барих даланд үерийн ус цутгаж үндсэн нөөцийг бүрдүүлж өгнө. Хааяа болдог үргэлжилсэн бороо, шар усны үерийн усыг ийнхүү савлаад үлдээж чадвал хэдэн ч говийг дэвтээх их боломж бий.
Говийнхон гүний ус, шорвог ус уусаар байгаад дотор муутай болдог төдийгүй урт насалж чадахгүй байна. Тэнд булингартай ч гэсэн Орхон голын ус очвол рашаан гэсэн үг. Орхоноос Оюутолгой хүртэлх трубанд 10-15 километр тутамд крант нээн зам зуурх хүн мал газар тариаланд хэрэглэх ус түгээнэ. Хүн малын зоо тэнийж, ой шугуй найган, дэлхий баярлах сайн үйлс болно. Дэлхийн дулаарал, цөлжилтийн эсрэг том гавьяа байгуулна.
Энэ сэдвийг бичиж буй би бол говийн хүн биш бөгөөд тэндхийн амьдрал маньд нэг их хамаагүй л дээ. Гэхдээ л Монгол хүнийхээ хувьд хайран сайхан усаа хил давуулан өгч долигнож байснаас өөрийн нохой, говийн мазаалай долоож сууг л дээ. Тооцоо судалгааг нь мэрэгжлийн хүнээс сонсож байхад Орхон, Хэрлэн голуудын адагт нөлөөлөөд байх юм байхгүй гэлцдэг. Бороо орж байсан ч үерийн аюул нүүрлэхээ болино л биз. Сайн л биз.
Гал усны аюулыг басч болдоггүй ч ухаант хүн төрөлхтөн аргадаж дөнгөдөг. Ийм сайхан усыг элсэнд хийгээд дураараа шингэж байг. Далайд дусал нэмэргүй.
Түүнээс гадна хүн бүр усыг шүтэж хямгадаж амьдрах эрин үе иржээ. Хотод орон сууцанд амьдардаг нэг хүн 200 гаран литр усыг ганц хоногт хэрэглэж байна. Ус цасандаа оролгүй яахав. Хажуугаар нь дэмий урсгаж байхаа болиочээ л гэх гэсэн юм. Арван литр ус гоожуулж шүдээ угаах, нэг литр ус данханд хийгээд угаах зөрүүнээс болж,  амны хөндий хавиас ямар нэгэн хохиролтой явдал ерөөс гарахгүй. Айл гэр албан байгууллагын “нойл”-ийн өрөөнөөс булаг шандархуу чимээ шоржигноод байвал сэтгэл зовниж бай. Дутуу татсан “почкий” ингэж дуугараад хайран усыг минь тасралтгүй хороогоод байгаа юм. Хүмүүс усандаа хайртай болчихоор ус хүмүүст хайртай болдог гэнэ. Ус бүр баярладаг гэж шинжлэх ухаан нотлоод эхэллээ. Ус хайраар дутаж явдаг ч юм билүү. Ус мөрөн намайг аваасай гэсэндээ намуун дөлгөөн урсаж эргэн хурган урсдаг байж болох юм. Урсгал дөлгөөн Хэрлэн мөрөн говийг тойроод урсах учиргүй.