1934 онд хуралдсан намын IX их хурал дээр Шинэ эргэлтийн бодлогын тухай намын шинэ нарийн бичгийн даргын нэг Гэндэн намын шинэ эргэлтийн бодлогын учрыг задлан илтгэл тавьжээ. Уг их хурал даар А.Амар намын эдийн засгийн бодлогын тухай үг хэлэхдээ: 

"Манай улсыг юуны учраас шинэ маягийн баячуудын хэмээсэн буй хэмээвээс тус улсын эдийн засгийн үндэс нь ардын хувийн өмчийн аж ахуй ба түүний дотор энгийн баячуудын болон мөлжимтгий аж ахуйнууд оршин байхыг зөвшөөрсөн улс болно. Энэ дан ганц баячуудыг түшсэн улс бус тул юуны урд ядуу, дунд ардын аж ахуйг сайжруулах ба мөлжимтгий этгээдийг аажмаар хязгаарлах хэмээсэн хэрэг болно. Мөлжимтгий этгээдийг аажмаар хязгаарлах хэмээн зориуд тэмдэглэсэн явдал бол баячууд ба мөлжимтгий аж ахуйн хөгжлийг хавчин хязгаарлахгүй, бүгд түүнийг өөрийн урсгалаар явуулах хэмээсэн хэрэг болно" хэмээсэн ажээ.

 Их хуралд оролцсон Коминтерны төлөөлөгчид болох чехийн коммунист Б.Шмераль, болгарын коммунист В.Коларов нар Бага хурлын дарга А.Амарын хэлсэн өөр нэгэн үгийг анхааралдаа нэлээд авав. А.Амар:

"Монгол хүн бүр үндэсний үзэлтэй байж, үндэсний бодлогоо мэдэж ухамсарлавал зохино. Монгол үндэстэн олон зууны турш өөрийн улсыг байгуулж явсныг хэн ч үгүйсгэж чадахгүй билээ. Нийтийн мэдлэгт боловсрохын тулд юуны өмнө үндэсний соёлыг хөгжүүлэх нь чухал. Хэрэв бид өөрийн хэлээ мартаж, бусдын хэлийг авбал монгол үндэстэн мөхнө. Хэрэв бид өөрийн үндэсний бичгийг халж, бусдын бичгийг авбал улс орон доройтно. Улс төрийн ухамсрыг сэргээхийн тулд үндэсний ухамсрыг сэргээх хэрэгтэй"


гэх мэтийн үг хэлснийг Коминтерны төлөөлөгчид үндсэрхэг үзлийн илрэл хэмээн дотроо тэмдэглэцгээсэн ажээ. 

Амар сайд мөн залуу үеийн боловсролд чамгүй анхаарч, тэднийг эх оронч үзэлтэй, хөдөлмөрч болгон хүмүүжүүлэх тухай сургамж заавар ихээхэн өгдөг байлаа. Тэрээр “манай улс өөрийн хойчыг залгамжлах хүчийг бэлтгэхгүй бол мөсөн дээр барьсан гэр мэт үндэсгүй буюу хөгжиж дээшлэхгүй хөлдсөн мэт болж хувирна хэмээн үзэж, МХЗЭ-ийн IX их хуралд залууст хандаж: 

"Монгол улсын одоо үеийн маш чухал явдал нь нэгдүгээрт, тусгаар тогтносон байдлыг бататгах, хоёрдугаарт, эрдэм соёлд суралцан дэлгэрүүлэх, гуравдугаарт, мал аж ахуйг хөгжүүлэх эдгээр гурав бөгөөд залуучууд та нар ч гагцхүү суралцах төдийг хэрэг болгохгүй нам засгаас тавьж буй бодлого хэргүүдэд гар бие оролцон ажиллаж, хөгжүүлэх хэрэгтэй.... залуучууд бол малчин ардаас төрж гарсан тул малын ажлыг хөгжүүлэх явдалд идэвхи анхааралыг ихээхэн гаргаж, сайн малчин болж, түүнийг хөгжүүлэхэд туслалцах хэрэгтэй.... Залуучууд юм бүхнийг хийж чадах чадвартай болж боловсроод ард олноо сурган хүмүүжүүлэх хэрэгт идэвхи санаачилгатай, манлайлагч байх ёстой. Залуу хүн үндэснийхээ бичиг үсэгт сайн суралцах, үдэсний ший жүжиг, тоглоом наадам, дуу хөгжим, уран зохиол, утга уянга зэрэг үндэсний өвөөс суралцаж, хөгжүүлдэн түүгээр бахархах хэрэгтэй... Иймийн тул та нар хамгийн урьдаар өөрийн биеийг эрдмээр чимэглэх хэрэгтэй"

хэмээн хэлж байв. Зүүний нугалааны жилүүдэд элдэв хэргээр ял эдлэгсдийг анхаарч, хэргийг нягтлан, хилс ташааг залруулах шаардлагатай гэж Амар үзэж байсан бөгөөд 1932 онд түүний санаачилга оролцоотойгоор Төв засан хүмүүжүүлэх газар хоригдож байсан улс төрийн хэрэгтний 43 хувийн ялыг бүрэн хэлтрүүлэх буюу хасаж, хөнгөлжээ. Улсын Бага хурлын тэргүүлэгчдийн зарлигаар энэ ажлыг зохион байгуулах байнгын онцгой комиссыг байгуулж, мөн ондоо 101 хүнийг тогтоолоор суллан тавьсан байна. Мөн Улсын Бага хурлын Тэргүүлэгчдийн 1932 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдрийн хурлаар онцгой комиссын 3 сарын ажлыг хэлэлцээд 1 721 хүнийг чөлөөлж, 478 хүний ялыг хөнгөлжээ. Энэ үеэс улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг чөлөөлөх, тэдэнд ноогдсон ялыг хүчингүй болгох оролдлогыг Амар сайд баривчлагдталаа тасралтгүй хийж байсан билээ.


Шинэ эргэлтийн бодлого Монгол оронд хэрэгжиж, зүүний нугалааны жилүүдийн хийрхсэн бодлого, Засгийн газрыг эсэргүүцсэн бослогоос олсон шарх сорвио илаарьшуулж буй энэ үед даян дэлхийд дайны аюулын үүл бүрхэж, дорно зүгт цуст мөргөлдөөн эхлэн, Монгол улсын гадаад орчин түгшүүртэй болж байлаа.

1929 онд АНУ-ын хөрөнгийн биржийн сүйрлээр эхэлсэн дэлхийн эдийн засгийн хямрал капиталист орнуудын эдийн засгийг сүйрүүлж, Америк, Европыг нөмөрсөн эдийн засаг, улс төрийн хямрал болон хувирсан билээ. АНУ-ын банкны тал хувь нь дампуурч, аж үйлдвэрлэл нь гуравны нэгээр буурч, аргагүйдсэн Ерөнхийлөгч Ф.Д.Рүзвэлт 1933 онд иргэдийн гар дээрх алтыг хүчээр хураан авах шийдвэр гаргахад хүрч байлаа. Санхүүгийн хямрал Европын орнуудад ч хүндээр тусаж, ээлж дараагаар Засгийн газрууд солигдов. Веймарын Германд Засгийн газрууд нэлээд хэдэн удаа солигдсоны эцэст 1933 оны нэгдүгээр сарын 30-нд Адольф Гитлер Германы рейхсканцлераар томилогдлоо. Сарын дараа Рейхстагийг хэн нэг нь шатааж, үүнд коммунист голланд нэг нөхрийг буруутган баривчилж, эрүүдэн тамласаар “хэргийг” нь хүлээлгэв. Хоёр сарын дараа Германы нууц цагдаагийн газар буюу Гестапо байгуулагдаж, гурван сарын дараа Германы Национал Социалист Нам буюу фашист намыг Германы цорын ганц улс төрийн нам хэмээн зарлаж, улс төрийн бусад намуудыг татан буулгалаа. Герман даяар еврей нар, коммунистуудыг ангуучлан баривчилж, үй олноор хорих лагерьт хорьж эхэллээ. Герман улс 1934 онд Версалийн гэрээнээс гарч, уг гэрээгээр тавьсан цэргийн хязгаарлалтад хамрагдахгүй болсноор дахин цэрэг, армиа байгуулж эхлэв. Дэлхийн I дайнд ялагдсаны хонзонг авч, Европ дахинд болон даян дэлхийд эргэн ноёрхох зорилготой шинэ Герман улс бүрэлдэн тогтож буй нь энэ.