Монгол орчуулгын өмнөх үг

XIII-XIV зуунд монголчууд дэлхийн талыг эзэлж, Монголын түүх дэлхийн түүх болж байсан үе бий. Тэр цагаас хойш бидний түүх зөвхөн монголчуудын биш, дэлхий нийтийн анхаарлын төвд байж, дэлхий даяараа сонирхон судлах болжээ. Энэ сонирхол XlX зууны сүүлч, ХХ зууны эхэн үеэс улам идэвхжин хөрш Орос, Хятад төдийгүй Европын олон аялагч, судлаачид Монгол орныг янз бүрийн зорилго, чиглэлтэйгээр сонирхон судалж, нэгэн цагт дэлхийн түүхийг бичиж явсан монголчуудын ахуй соёл, зан заншил, амьдралын хэв маяг, шашин шүтлэг, Монгол нутаг дахь түүх, соёлын дурсгалын талаар арвин баялаг бүтээлүүдийг бичиж үлдээжээ. Аялагч, жуулчдын тэмдэглэл, бүтээлүүд нь өдгөө эх түүхээ сонирхон судлагч хэн бүхний анхаарлыг татаад зогсохгүй ХХ зууны эхэн үеийн монголчуудын түүх, соёл, шашин мөргөлийн тухай судалгаа хийдэг түүхч, угсаатны зүйчдийн эх хэрэглэгдэхүүн, судалгааны хоосон орон зайг нөхөх гол эх сурвалж болж байна. 

Өгүүлэн буй үеийн аялагч, жуулчлагч хүмүүс нь хэдийгээр янз бүрийн зорилготой, өөр өөр цаг үед хүрэлцэн ирж, өөр өөрсдийн өнцгөөс монголчуудын түүх, угсаа гарвал, аж ахуй, соёл, зан заншил, шүтлэг бишрэл, Монгол орны байгаль цаг уур, зам харгуйн талаар арвин их мэдээллийг тэмдэглэн үлдээсэн боловч өргөн утгаараа эдгээр нь XlX зууны эцэс, ХХ зууны эхэн үеийн Монгол орны талаар нэгдсэн ойлголт өгөхүйц хэмжээний материалыг үлдээжээ. Энэ бүгдийг туйлын үнэн гэж үзэхэд бэрхшээлтэй боловч тухайн үеийн түүх, монголчуудын ахуй байдлыг судлахад ихээхэн сонирхолтой хэрэглэгдэхүүн болох нь дамжиггүй. 

Ийм нэгэн сонирхолтой судалгааны тэмдэглэл бүтээл бол яах аргагүй Оросын нэрт судлаач, аялагч А.Позднеевын “Монгол ба монголчууд” (1892-1893 онд Монгол нутгаар аялсан аяллын үр дүн) хэмээх бүтээл билээ. 

Орлов мужийн сурвалжит язгууртай, Орёл хотын протоиерейн хүү А.Позднеев Орловын шашны сургуульд бага боловсрол эзэмшиж, 1872 онд Дорно дахины хэл бичгийн Лазаревын их сургууль, Санкт-Петербург хотын их сургуулийн Дорно дахины хэл бичгийн ангийг дүүргэжээ. 1876 онд Оросын Эзэн хааны Газарзүйн Нийгэмлэгээс зохион байгуулсан Монголын экспедицид багтаж, Монгол нутагт монголчуудын аж байдлыг судлан, монгол хэлний мэдлэгээ сайжруулах даалгавартайгаар оролцон ажиллажээ. Ингээд чухам энэ үеэс Монгол орон, монголчуудын аж байдлыг судлах монгол судлаачийн нэр төртэй ажлаа эхлүүлсэн байдаг. 

А.Позднеев Монгол орон, монголчуудын талаар бичсэн бүтээлийнхээ удиртгалд “…монгол язгууртнуудын өнөөгийн эрх үүрэг, овгийн цэргийн холбооны зохион байгуулалт, монголчуудын үе үеийн газрын харилцаа, улс төр, эдийн засгийн нөхцөл байдал, иргэн, эрүүгийн хууль, шашин шүтлэг, аж ахуйн соёл, ёс заншил, зан төлөв, харийнханд, тэр дундаа оросуудад хэрхэн ханддаг тухай өөрийн хэмжээнд ойлгож, Монгол дахь Оросын худалдааны ахуй байдлыг дэлгэрүүлэн сулдах”-ыг зорьсноо тодорхойлон өгүүлжээ. Үүний тулд судлаач Хиагтаас Өргөө, цаашлан Улиастай, Ховд, Хаалган зэрэг газруудад хүнд хүчир замыг туулан хүрч, тэдгээр газар орнуудын талаар дэлгэрэнгүй тэмдэглэл бичиж үлдээжээ.

Төв Азид өөрийн байр сууриа бэхжүүлэхийн төлөө чиглэсэн Оросын улс төрийн бодлого хийгээд Ази дахинд явуулсан Оросын дорно дахины судлаач, аялагчдын өргөн далайцтай шинжилгээ, судалгааны ажил нь дэлхий дахинд дорно дахины ард түмнүүдийн соёлын дурсгал, ахуй амьдралын хэв маягийг анхааран судлах ажлыг эрчимжүүлж, судалгаа шинжилгээний чухал чиглэл болон өргөжих үндэс болсон билээ. 

“Үл мэдэх газарт анх нэвтэрч буй аливаа эрэлхэг аялагч нутаг орны газарзүйн ерөнхий тоймоос гадна мэргэжлийн хүрээний мэдээ мэдээлэл дамжуулахаас биш түүнээс өөр салбарын тухайд хэсэг бусаг мэдээлэл өгөх боломжтой нь тухайн аялагчийн таньж мэдсэнтэй зэрэгцээд өдий төдий шинэ асуултыг ургуулан гаргах нь эргэлзээгүй юм. Оновчтой шийдэл шаардаж буй эдгээр асуулт шинэ шинэ мэргэжилтнүүдийг татаж, шинжлэх ухааны амжилт ололтод хөтөлдөг нь маргаангүй үнэн билээ” гэсэн бүтээлийн редакторын үгээр өмнөх үгээ төгсгөж байна. 

Эцэст нь тэмдэглэхэд, ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэнгээс “Монголд зорчсон тэмдэглэл” хэмээх цуврал бүтээлийг өнгөрсөн жилээс эрхлэн гаргаж эхэлсэн бөгөөд эхний дугаарт Оросын аялагч, Төв Ази судлаач М.В.Певцовын Монгол нутагт хийсэн аяллын тэмдэглэлийг орчуулан уншигч олондоо хүргэсэн билээ. Харин энэ удаа эл цувралын үргэлжлэл болгон Оросын нэрт судлаач А.Позднеевын “Монгол ба монголчууд” бүтээлийг орчуулан олны хүртээл болгож байна. Энэхүү бүтээлд ХIХ зууны сүүл үеийн Монгол орон, монголчуудын талаар олон арван сонирхолтой баримт, мэдээ, дүгнэлт, ховор хуучин гэрэл зургууд орсон учир монголчуудыг судлах сонирхолтой эх хэрэглэгдэхүүн болох биз ээ. 

Таалан болгооно уу. 

ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, доктор профессор Л.Эрдэнэболд

2025 оны 5-р сарын 5

Улаанбаатар хот