В.Ганзориг: Хотын хүн ам нэмэгдэхийн хэрээр асуудал хуримтлагдаж байна. Энэ дундаас оршуулгын газар, оршуулах зан үйлтэй холбоотой сэдэв тулгамдсан асуудал болжээ. Энэ салбарын хамгийн том бэрхшээл юу байна вэ?

С.Аригуун: Энэ сэдвийг хөндөж байгаад баярлалаа. Нийслэлийн нутаг дэвсгэр дээрх оршуулгын газартай холбоотой эрх зүйн зохицуулалт маш сул байгаа. Энэ бидний хамгийн том асуудал болсон. Энэ салбарыг зохицуулах хууль байдаггүй. 2014 онд Улаанбаатар хотын Захирагчийн албанаас хэд хэдэн журам, эрх зүйн акт боловсруулан иргэдийн хурлаар батлуулсан. Энэ журам дээр дутуу суусан олон зүйлийг 2017, 2018 онд хотын ерөнхий менежер Т.Гантөмөрийн тушаалаар ажлын хэсэг байгуулж, шийдлийг нь НИТХ-аар батлуулахаар ажиллаж байна. Гэтэл нийслэлд энэ асуудлын шийдлийг гаргах эрхийг ямар нэг хуулиар олгоогүй гэдэг үндэслэлээр гаргасан журмаа бүрэн гүйцэд хэрэгжүүлж баталгаажуулж чадахгүй өнөөдрийг хүрсэн. Гэхдээ саяхан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчлэл хийгдлээ. Ирэх жилээс эдгээр асуудлыг шийдэх бүрэн эрх нь орон нутагт шилжинэ. Энэ бол зөвхөн нийслэлд тулгамдсан асуудал биш нийт улс орны асуудал учраас зайлшгүй хуульчлах шаардлагатай. 

Бусад аймагтай харьцуулбал Улаанбаатар хотын газар нутаг тийм том биш хэдий ч өнөөдөр нийслэлийн нутаг дэвсгэрт 20 гаруй оршуулгын газарт бий. Дөрвөн уулын дунд орших энэ хотын хүн ам сүүлийн жилүүдэд маш хурдацтай өсч, энэ хэрээр суурьшлын бүс ихээр тэлж байна. Хотын гадуурх ногоон бүст иргэд олноор аялж зугаалж амардаг болсон. Энэ бүхэн оршуулгын газруудтай зэрэгцдэг болчихлоо. Яагаад ийм олон оршуулгын газартай болсон шалтгаан нь иргэд дуртай газраа оршуулдаг байдал одоо хүртэл уламжлагдан явсаар буйтай холбоотой. Гэтэл бид 21 дүгээр зуундих хотын соёл дунд амьдарч байгаа шүү дээ. Захирагчийн албанаас оршуулгын газруудыг зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүйгээр нь ялгаж, 2015 онд НИТХ-ын тогтоол гаргасан. Энэ тогтоолын дагуу өнөөдөр нийслэлийн нутаг дэвсгэрт найман байршилд оршуулгын газар зөвшөөрөгдсөн байгаа. Алслагдсан гурван дүүрэгт тав, нийслэлийн хилийн цэсийн гадна буюу Төв аймагт мөн оршуулгын газрууд бий. Энэ талаас нь харвал хангалттай оршуулгын газартай хэдий ч зөвшөөрөлгүй, дур дураараа энд тэнд оршуулах явдал байсаар байна. Энэ яах аргагүй нийслэлийн тулгамдсан асуудал болсон бөгөөд үүнийг ярьж хөндөх цаг нь бодитой ирсэн. 

НЭВТРҮҮЛГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХИЙГ ХҮСВЭЛ ТА ДООРХИ ХОЛБООСЫГ ДАРНА УУ!


В.Ганзориг: “Буяны зан үйлийн холбоо” 10 гаруй гишүүн байгууллагатай харагдсан. Эрх зүйн хувьд тодорхой бус ийм орчинд та бүхэн хэрхэн үйл ажиллагаа явуулж байна вэ?

Г.Идэрмаа: Оршуулга тойрсон сэдвийг хөндөж байгаад баярлалаа. Монгол Улсад жилдээ 17 мянга гаруй хүн нас бардаг. Үүнээс 7500 орчим нь Улаанбаатар хотод бурхан болдог. Хотын оршуулгын газартай холбоотой яг адилхан асуудал хөдөө, орон нутагт үүссэн. 21 аймгийн 330 гаруй сум бүрт хамгийн багадаа 1-3 оршуулгын газар байдаг. Тэгэхээр энэ зөвхөн нийслэл биш улс орны хэмжээнд тулгамдсан асуудал болсон. Буяны зан үйлийн холбоо 2006 онд байгуулагдсан. Монголд 2004 оноос шинэ хэлбэрийн оршуулга, зохион байгуулалт, техник технологи, монгол зан заншилтай уялдуулсан дэвшилтэт үйлчилгээний хэлбэрүүд нэвтэрсэн. Оршуулгын үйлчилгээ эрхэлдэг байгууллагын тоо олширч тоо нь 40 давсан. Энэ дунд мэргэжлийн байгууллага нь ч бий, мэргэшихийн төлөө явж буй хүмүүс ч байгаа. Нэг зорилго, эрх ашгийн төлөө засаг захиргааны байгууллагуудтай харилцах нь манай холбооны зорилго. 

Үүнээс гадна манай холбоо олон улсын байгууллагын бүрэн эрхт гишүүн. Энэ хувиар дэлхийн бүхий л улсуудтай харилцаж үйл ажиллагаа явуулдаг. Энэ холбооны өмнө буюу олон улсын хэмжээнд хүлээсэн манай хамгийн том үүрэг, хариуцлага бол гадны улсад нас барсан монгол иргэдээ эх оронд нь авч ирэх, Монгол Улсад нас барсан гадны иргэдийг харъяа улс дахь гэрт нь хүргэх ажил байдаг.

В.Ганзориг: Чандарлах үйлчилгээ, зан үйлийн тухай Идэрмаа захирлын ярианд сая дурдагдлаа. Шашин, сүсэг бишрэл, уламжлалт зан үйл талаасаа манай нийгэмд өөрчлөлт гарч байгаа болов уу? Соёл өөрчлөгдөхийн хэрээр шинээр үүсч буй асуудал шашин талаасаа юу байна вэ?

Б.Бат-Эрдэнэ: Хүн бүр төрөх, өвдөх, өтлөх, үхэх замыг дамжин хорвоог элээдэг. Амьд явах насандаа аль болох муу үйлийг тэвчиж, хилэнц нүглээс хол байж, сайн үйлс хийж явах учиртай. Ирээдүй хойчоо бодоод үхэхийн цаг тулахад буян ном сайн үйлдэх хэрэгтэй. Үүнийг Буддын шашинд шинжэ (алтан хайрцаг нээх) нээх буюу өнгөрөгсдийн зурхай гэж үздэг. Үүгээр тухайн хүний махбодийг шинжин, нутаглуулах зан үйл, цээртэй болон ээлтэй өнгө, гараг, чигийг нь гаргадаг. Зурхай дээр чиг гаргахад Са буюу газар, хөрс шороо, Чү буюу ус, Мэ буюу гал, Лүн буюу хий гэсэн дөрвөн махбодийг тусгасан байдаг. Энэ нь газарт нутаглуулах, усан дээр тавих, чандарлах, ил тавьж оршоох ёстой холбогддог. Газар хөрсөнд нутаглуулах хэлбэр нь бидний яг одоо сууж байгаа оршуулгын газар шүү дээ. Япон, Энэтхэг зэрэг далай тэнгистэй орнууд усан дээр оршоох үйлийг хийдэг. Гал гэдэгт чандарлах үйл явцыг ойлгоно. Харин хий махбодь гэдэг нь ил тавин оршоохтой холбогдоно. Энэ ёс монголчууд цэвэр нүүдлийн соёл иргэншилтэй байх үе давамгайлдаг байсан. 

Энэ бүх ёс тухай үеийн нөхцөл байдал, улс орны онцлогоос мөн шалтгаалдаг. Далай устай улсуудад усны зан үйл давамгайлдаг байхад газар нутаг жижиг, хүн амын нягтаршил өндөр улсуудад чандарлах ёс голлодог. Монголчуудын хувьд нүүдлийн соёлтой үедээ ил тавих ёс, тасын дуудлага давамгайлдаг байсан. Харин хотжилт үүсээд, суурин соёлтой болсноос хойш газарт оршоох ёс голлосон. Одоо бидний байгаа оршуулгын газрыг Самбалхүндэв гэж нэрлэдэг. Энэ төвд үг бөгөөд утга нь “Санасан хэрэг сэтгэгчлэн бүтнэ” гэж монгол хэлээр бууна. Их билэг дэмбэрэл агуулсан газар байна. Өвөг дээдэсдээ сайныг ерөөж, сайн оронд төрөөсэй гэж ерөөн энэ газрыг төр засаг олон жилийн өмнө сонгосон биз ээ. Тэр үед хүн амын нягтаршил бага байсан тул хотоос зайдуу газарт тооцогддог байсан байх. Харин одоо бараг хотын төв болж, энэ газрыг тойроод ар, өвөргүй айлууд буужээ. Нягтаршил үүсэхээр газар нутгийн даац гэдэг асуудал гардаг. Энэ нөхцөлд чандарлах үйл зохимжтой болдог. Ийм үйл Монголд нэвтэрсэн нь давуу тал болж байна. Номын зүгээс махбодид нь харшлах зүйлгүй бол чандарлахад ямар ч асуудал үүсэхгүй бөгөөд нийгэм, цаг үетэйгээ зохицуулан энэ үйлийг хийж нутаглуулах боломжтой байдаг. Алтан хайрцаг нээхэд усан махбодь ээлтэй, эсвэл галд харш гарч болно. Гэвч өнөөгийн нөхцөл байдлын улмаас заавал чандарлах шаардлага үүсвэл эдгээр харшилж буй зүйлсийг засах ном засал үйлддэг. Хойдын буянд уншдаг ийм засал Буддын шашинд бий. Үлдэж буй хүмүүс нь хойдын буянд илүү сайн анхаарах ёстой.

В.Ганзориг: Хэвлэлээр үе үе нярай хүүхдийн цогцос гудамжнаас олдлоо гэсэн эвгүй мэдээ гардаг. Бүр нярайг “гээх” гэдэг ойлголт байдаг юм байна. Орчин цагийн хот дотор нярайг гээх, бурхан болоочийг ил тавих тухай ойлголт эрүүл ахуй талаасаа байж боломгүй юм. Ийм үйл Улаанбаатар хот дотор хориотой биз ээ?

С.Аригуун: Ийм байж болохгүй хэдий ч болохгүй гэдгийг нь хуульчлаад цагаан дээр хараар бичсэн зүйл байхгүй. Иймээс зайлшгүй хууль гарах ёстой. Иймээс хуучин соёлыг орчин цагтай уяж, оршуулгын зан үйлтэй холбоотой ажлыг нийгмийн дэвшилтэт хэлбэр руу оруулахад шашны байгууллагуудын нөлөөлөл маш чухал байдаг. Бид одоо өөр цаг үед ажиллаж амьдарч байна. 21 дүгээр зуунд, 2021 он гарчихаад байхад манай хотод “нярай гээх” гэдэг асуудал орших төдийгүй нийслэлийн нутаг дэвсгэрт, хотын ногоон бүст шарил ил тавих асуудал байсаар байна. Энэ бол маш эмгэнэлтэй асуудал. Талийгаачийн ар гэр үүнийг ёс гэж боддог байж болох ч нярайг гээж, шарил ил тавьж байгаагийн мөн чанарыг нь ойлгомоор байна. Суурин соёлгүй хуучин цагт энэ ёс утга учиртай хүндэтгэл, буяны үйл байсан. Харин одоо хэдэн сая хүн ажиллаж, амьдарч байгаа суурьшлын бүст ингэж сэг зэм болгох нь яаж хүндлэл болох юм бэ? Эсрэгээрээ талийгаачийн ар гэрт сүсэг бишрэл талаасаа муу нөлөө үзүүлнэ шүү дээ. Байгаль орчин, эрүүл ахуй талаасаа ч байж болохгүй. Хотын гудамжинд хажуугаар явах хүүхдүүд, ногоон бүст зугаалж яваа хүмүүс айж цочирдох, сэтгэл зүйн хямралд орох гэх мэтээр нийгэмд асар муугаар нөлөөлдөг. Энэ ёсыг хотод халах цаг хэдийнэ болсон. Үнэхээр ил тавих ёстой бол хотоос гадна, хүн амьтны хөлөөс хол гарах бүрэн боломж өнөөдөр зам харгуй, техник зэргээс авахуулаад хөгжөөд бүрдсэн байгаа шүү дээ. 

В.Ганзориг: Хот төлөвлөлтөөр мэргэшсэн залуу хүний хувьд энэ асуудлыг хэрхэн харж байна вэ? Энэ яриад соёл, уламжлал ба хөгжлийн зөрчлийг хэрхэн багасгах ёстой вэ?

Л.Ану-Үжин: Хотын мастер төлөвлөлтөнд оршуулгын газар заавал ордог. Оршуулгын газар хотын газар төлөвлөлтөнд маш чухал үүрэгтэй. Учир нь үүнийг дагаад газрын үнэ цэн, ойр орчмын айлуудын эд хөрөнгө, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ яригддаг. Мөн соёлын том ялгаа Монголд гардаг. Буддын шашны зүгээс зүг чиг гэж газар сонгодог бол гадны хотууд төлөвлөлт дээрээ үндэслэн хүмүүсээс хол хэдий ч очоод үйлчлүүлж болох газар оршуулгын газраа сонгодог. Мөн оршуулгын газар ба цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг нэгтсэн концепц түгээмэл байдаг. Европт булшны чулууны хажууд хүүхэд тоглоод, хүмүүс өдрийн хоолоо идээд суух нь хэвийн үзэгдэлд тооцогдоно. Үүнийг анхнаас нь тооцоод цэцэрлэгт хүрээлэн болгож төлөвлөдөг. Мөн дээр үеийн хуучны соёлтой улс орон оршуулгын газраа түүхэн үзмэр болгон хадгалсан байдаг. Энэ газар нь жуулчдын сонирхон очих дуртай газар болдог. Үхэгсэдийн хот гэдэг нэртэй шоу үзмэр болдог, мөн түүхийн хичээл нь ордог дэлхийн алдартай олон газрууд бий. 

Оршуулгын газрын төлөвлөлттэй холбоотой заавал тооцоолдог зүйл бол нас баралтын индекс юм. Жишээ нь 2040 онд Улаанбаатар хотод хэдэн хүний газар хэрэг болохыг бид одоо мэдэж байх ёстой. Хүн ам ихтэй том хотууд болох Дели, Мумбай хотуудад оршуулгын газраа өндөр барилгаар шийддэг болсон. Тэр өндөр байшингийн хамгийн дээд давхарт шарилаа байрлуулахыг хүсвэл өндөр үнэ төлдөг “Тэнгэрт дэвшихэд 108 метр өндөр” гэдэг соёл, сонголт хүртэл Энэтхэгт гарсан. Газарт оршуулах нь ганц хувилбар биш. Тухайлбал, чандарласны дараа чандарыг нь ашиглаад үр үндэс бордон цэцэг, мод тарих, цэцэрлэгт хүрээлэн байгуулах маркетингийн шийдэл байдаг бол чандрыг өндөр хэм, даралтанд шахан очир эрдэнэ гарган хайртай хүмүүс нь хүзүүний зүүлт, ээмэг болгон нандигнан хадгалдаг технологи, соёл хүртэл гарсан байгаа. Энэ мэт маш олон шинэ соёл үүсч байна. Иймээс бид энэ асуудлыг шашны талаас сөргөөр цэрвэж хүлээж авахаас илүүтэйгээр ёс заншил, соёл, хөгжилтэйгээ холбон эерэгээр хүлээж авч занших хэрэгтэй. Хамгийн гол нь хотын төлөвлөлтөнд заавал ордог байх ёстой.

В.Ганзориг: 70 мянга гаруй булш байгаа 72 га энэ газар хаагдаад цөөнгүй жил болж байгаа. Энэ газрыг өндөр хөгжилтэй орнууд шиг соёлтой, цэвэрхэн, аюулгүй орчин болгож, цэцэрлэг хүрээлэн болгох төсөл хэр бодитой юм бэ? Энэ олон шарилыг хөндөөд шилжүүлэх нь амар ажил биш шүү дээ!

С.Аригуун: Шарил хөндөх асуудал монгол хүний сэтгэхүйд тийм амар буухгүй. Гэхдээ бидэнд ийм туршлага бий. 2018 онд хотын агаарын бохирдлыг бууруулах, энэ хавийн айлуудын цахилгааны хүчдэлийн уналтыг зогсоох зорилгоор энэ дор харагдаж байгаа цахилгааны дэд станцыг барьсан. Энэ цахилгааны дэд станцыг барих газар энд байгаагүй. Тэр үеийн хотын ерөнхий менежер богино хугацаанд маш зоригтой шийдвэр гаргаж энд 1,5 га газрыг чөлөөлсөн. Үүний тулдхувийн хэвшилтэй хамтрах зайлшгүй шаардлага үүссэн. Учир нь эдийн засаг хүнд үед аль болох бага төсвөөр хамгийн гол нь аль болох цөөн тооны шарилыг хөндөж 70 давхарт газар чөлөөлөх ёстой болсон. Судалгаа хийж шийдлээ гарган газраа сонгосны дараа мэргэжлийн хоёр компанид хүсэлт тавьж хамтран ажилласан. Ингээд 14 хоногийн хугацаанд 906 шарилыг хөндөн эндээс гаргаж авсан. Энэ бага тоо биш. Тэр үед нийгэмд сөрөг ойлголт үүсч ажил хийхэд амар байгаагүй. Анх удаа ийм зүйл хийсэн болохоор иргэд цочирдох нь аргагүй. Үүнийг тайлбарлан таниулах ажлыг хийсэн. 

Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг 2013 онд УИХ-аар баталсан. Энэ төлөвлөгөөнд 70 давхарын оршуулгын газрыг дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгоно гээд шийдэл болоод орсон байдаг. Энэ төлөвлөгөөг иргэдэд ойлгуулах, гэр бүл нь л харж арчлахгүй бол талийгаачийн шарил энд эвдэрч сүйрэн хог болох эрсдлийг тайлбарласан. Үүнийг иргэд ойлгож төр, хувийн хэвшил, шашны байгууллага хамтран шарилыг чандарлан, машид хүндэтгэлтэйгээр энд харагдаж байгаа суваргад залсан. Үүнээс хойш Захирагчийн алба руу иргэд ихээр утасдан энэ газрыг дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгох төслийг байн байн асуудаг болсон. Ялангуяа өндөр настнууд. 

Энэ газрыг тэр чигээр нь дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгох төлөвлөгөө гарсан хэдий ч төрийн төсвийн хүндрэлийн улмаас хэрэгжиж чадаагүй явсан. Учир нь нийтдээ 40 гаруй тэрбум төгрөгийн төсөвтэй ажил болно. Харин хувийн хэвшил энэ төслийг төсвөөс ямар ч мөнгө гаргахгүй, оршуулгын үйлчилгээ явуулсан туршлага, нийгмийн хариуцлагын хүрээнд хамтраад хэрэгжүүлэх санал гаргасан. Энэ санаачилгыг хотын удирдлага хүлээн авч энэхүү төслийг хэрэгжүүлэх эрх зүйн зөвшөөрөл бүхий тогтоолын төслийг Нийслэлийн иргэдийн хуралд өргөн барьсан. Энэ сард тэргүүлэгчдийн хурал болно. Энэ үндсэн зарчмын шийдвэрийг НИТХ гаргавал энэ төсөл цаашаа хэрэгжихэд бэлэн байгаа. Гэхдээ хувийн хэвшилтэй хамтрах төсөл шууд 70 га газар дээр хийгдэхгүй. Эхний ээлжинд 10 га газрыг чөлөөлж цэцэрлэг хүрээлэнг тохижуулж, үүний тулд 11 мянган шарилыг хөндөн шилжүүлж, чандарлах ажил хийгдэнэ. Энэ 11 мянган шарил тус бүрийн нэр усыг нарийвчлан гаргаад маш том мэдээллийн санг үүсгэсэн. Талийгаачийн ар гэр нэрээр шүүгээд нэр нь гарч ирвэл төсөл хэрэгжих газарт орсон гэдгээ мэдэх боломжтой гэсэн үг. 

В.Ганзориг: Энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд хөндөгдөж байгаа 11 мянган шарилын цаана байгаа ар гэрээс ямар нэгэн санхүүгийн зардал гаргахгүй гэж ойлголоо. Зөв үү?

С.Аригуун: Зөв. Тэгж ойлгож болно. Үүний тулд хот, хувийн хэвшил хамтран ажиллаж байна. 

В.Ганзориг: Гурван жилийн өмнө энд баригдсан цахилгааны дэд станц барих ажлыг хэрэгжүүлэхийн тулд танай холбооны гишүүн байгууллагууд хамтран ажилласан уу?

Г.Идэрмаа: Тэгсэн. Буяны зан үйлийн холбооны гишүүн байгууллага болох Улаанбаатар буян, Нью семетри, Суварга буян компаниуд хамтран ажилласан. Энэ оршуулгын газрыг өөрчлөх зайлшгүй шаардлага тулсан. Яг одоо бид шарилуудын захад сууж байна. Дотогшоо ороод алхвал энэ дунд хутга шөвөг, даавуунд боогоод орхисон юу нь мэдэгдэхгүй зүйлс харагддаг. Энэ газарт харуул хамгаалалт, арчилгаа тордолгоо гэж байхгүй. Захирагчийн ажлын албанаас санаачилга гаргасан тулдаа л эргэн тойрондоо хашаатай болж авсан. Энэ мэтээр оршуулгын газруудад шийдэх асуудал маш их байгаа. Өнгөрсөн 6 сард Ерөнхий сайд, Улаанбаатар хотын дарга, ерөнхий менежер газар дээр нь ирж асуудалтай танилцаад явсан. Ингэж төрийн анхааралд орсон учраас удахгүй бага багаар энэ асуудал шийдэгдэнэ гэдэгт итгэж байна. 

Ийм асуудал зөвхөн Монголд тохиолдоод байгаа юм биш. Нийгмийн хөгжлийн аясаар хуучин оршуулгын газруудыг өөрчлөх, шарил нүүлгэн шилжүүлэх, газар цэвэрлэн тохижуулах, тухайн газрыг буцаан ашиглах ажил гадны олон улсуудад түгээмэл байдаг. Үүний нэг жишээ Сиднейн олимп юм. Хөлбөмбөгийн талбай байгуулахын тулд шарил хөндөн газар чөлөөлсөн туршлагыг манай холбооны гишүүд Австрали улсад очиж судлаж байсан. Энэ мэт гадны олон туршлагыг газар дээр нь очин бид үзсэн. Тэндээс харж байхад хамгийн чухал бөгөөд эхний шийдвэрийг төр гаргадаг. Шарилыг гарган чандарлан бунханд шилжүүлэх, эсвэл нүүлгэн шүлжүүлэх хүртэлх зардлыг төр хариуцдаг. Шарилыг өөр газар байршуулах, орон нутаг руу нүүлгэн шилжүүлэх хүсэлтэй бол тухайн гэр бүл тэр зардлыг өөрсдөө хариуцдаг. Олон улсад яг л ийм журамтай юм билээ. 

Монгол Улсын хувьд буяны үйлчилгээ эрхэлдэг байгууллагууд, тухайлбал Дөл буян, Диваажин хүрээлэн, Улаанбаатар буян компаниуд хамтраад оршуулгын газартай холбоотой асуудлыг компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд өөрсдийн зардлаар эмхэлж цэгцлэх, дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгох санаачилга гаргаад явж байна. Хотын ерөнхий менежер асуудлаа сайн мэддэг учраас маш зоригтой шийдвэрүүд гарган ажиллаж байгааг онцлон хэлмээр байна. Тухайлбал, зөвшөөрөлгүй газар, хотын ногоон бүст оршуулсан шарилуудыг нүүлгэн шилжүүлэх ажлыг сүүлийн хоёр жил дарааллан хийж байгаа. Үе үеийн хотын удирдлага энэасуудал дээр санаа тавьдаг байсан хэдий ч үүнээс өмнө асуудлыг ингэж шийдэж байсан түүх байхгүй. Үр дүнд нь орчин үеийн чандарлах төв, оршуулгын газрууд эхнээсээ үүсч эхэлж байна. Ийм харьцуулалт үүссэн учраас улсынхаа хэмжээнд оршуулгын газруудыг цэгцлэн, өндөр хөгжилтэй орнууд шиг тухтай, цэвэрхэн, аюулгүй, харуул хамгаалалттай, арчилгаа тордолгоотой үйлчилгээний газартай байх ёстой тухай яригдаад байгаа юм. 

Оршуулгын зан үйлийг олон улсын жишиг стандартад хүргэх зорилгоор чандарлах үйлчилгээг монгол зан заншилтайгаа холбон анх санаачилан эхлүүлж байхад амаргүй байсан. Долоон жил хөөцөлдөж байж үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан. Энэ хооронд хоёр, гурван ч удаа газраасаа хөөгдөж байв. Харин одоо эргээд харахад энэ үйлчилгээ Монголд нэвтрээд хэдийнэ 17 жил болж, иргэд угаасаа байх ёстой үйлчилгээ мэт хүлээн авдаг болсон. Нийгмийн сэтгэл зүй энэ хооронд ингэж өөрчлөгдөж чадсан. Буяны үйлчилгээ эрхэлдэг байгууллагууд оршуулгын газрыг нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой судалгаа хийсэн. Энэ судалгаанд оролцсон иргэдийн 90 гаруй хувь нь ийм санаачилгыг сайшаан, энэ газрын шарилуудыг нүүлгэн шилжүүлж, эмхэлж цэгцлэн тохижуулахыг дэмжиж буйгаа илэрхийлсэн. 

С.Аригуун: Энэ судалгааны үр дүн дээр нэмээд нэг зүйл хэлье. Энэ оршуулгын газрын яг дор Хүчит шонхор зах байдаг. Энэ зах нийслэлийг мах, хүнсээр хангадаг маш том төв. Бүх жижиг дэлгүүрүүд эндээс махаа авдаг. Гэтэл энэ захын толгой буюу салхин дээр нь 70 гаруй га оршуулгын газар байдаг. Энэ олон жил болсон оршуулгын газрын хөрс, агаараар дамжин хорт бодис иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буйг судлаачид, мэргэжлийн хүмүүс хэлдэг юм. Иймээс энэ асуудлыг шийдэх цаг болсон. Энэ бол нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчин амьдрах наад захын шаардлага төдийгүй хоолой дээр нь тулсан асуудал.

В.Ганзориг: Энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд 11 мянга гаруй шарилыг эхний ээлжинд хөндөх нь ээ. Энэ болгоны ард буй гэр бүл бүгд таатай хүлээн авна гэж би бодохгүй байна. Шашин, сэтгэл зүй талаасаа иргэдэд та юу гэж зөвлөх вэ?

Б.Бат-Эрдэнэ: Бурхан болсны дараах 49 хоног гэж ярьдаг. Энэ хугацаанд бурхан болоочийн сүнс зуурдын төрөл дамжин оршдог. Энэ төрөлд байхдаа хүний сүнс, бодол санаа нь тэнгэрийн нүд мэт бүх зүйлсийг мэдэрж, харж чаддаг, бие нь хаа сайгүй явах боломжтой гэж үздэг. Энэ зуурдын төрөлд байхдаа долоо хоног бүр ямар нэгэн төрөл авах боломжтой бөгөөд 49 хоногийн дотор заавал ямар нэг амьтны төрөл авдаг гэж үздэг. Иймээс монголчууд бурхан болоочийн 49 хоног дотор маш их анхаарч, хойноос нь ном буян үйлддэг. Жишээ нь, 1000 малтай малчин энэ хугацаанд малын амь таслахгүй дэлгүүрээс махаа авдаг. Энэ нь нүглийг цээрлэж, өөрт, өрөөл бусад, нийгэмд тустай сайн үйлс бүтээн, ийм ажилд гар бие оролцон, буянд шамдаж буйн илрэл болно. 49 хоногийн дараа бүх зүйл дуусахгүй. Үүнээс хойших хугацаанд нь гэсэн өвөг дээдэс, бурхан болоочийн ачийг бодож, хойноос нь ном буян үйлдэхээс гадна цаг үргэлж сайн үйлс бүтээх нь чухал байдаг. 

Он удаан жил болсон шарилуудын хувьд дараа төрлөө олсон гэж үзэх бөгөөд нүүлгэн шилжүүлэх, хорвоогийн жамын дагуу өөрчлөгдөн шинэчлэгдэж байгаа нийгмийн хөгжилд оролцоход цээр барцад гарахгүй. Ялангуяа энэ газрын шарилын дийлэнхийг социализмын үед нутаглуулсан. Тэр үед талийгаачийн хойдын буянг уншуулах боломж бага, гандан сүмүүд хориотой байв. Дутуу дулимаг зан үйл хийсэн гэж үзвэл өнөөдөр энд ярьж байгаа хот, хувийн хэвшил хамтран хэрэгжүүлэх гэж буй төслийн хүрээнд лам залан ном, буяныг нь гүйцэлдүүлэх боломжтой. Иймээс санаа зовох зүйл гайгүй гэж ар гэрийн хүмүүст нь хэлмээр байна. Энэ бол заавал 49 хоног дотор биш хэдэн 10 жилийн дараа ч өвөг дээдэс, хайртай хүмүүсийнхээ хойноос буян үйлдэж буй хэлбэрт орно. 

С.Аригуун: Шарилыг нэг л оршуулсан бол хөндөж болохгүй. Нас барсан хүмүүсийн ясыг нь өндөлзүүлэх гэлээ гээд зарим хүмүүс бухимддаг. Засал номыг нь хийгээд зан үйлээ гүйцэтгэвэл ар гэр, үр хүүхдэд нь муу зүйл үлдэхгүй гэж ойлгож болох нь. Тийм үү?

Б.Бат-Эрдэнэ: Тийм. Ясыг нь хотолзуулна гэдэг нь шууд утгаар ойлгогдохгүй. Энэ нь бурхан болоочийн араас муу зүйл үйлдэх, нүгэл хилэнцтэй ажил хийх, эд хөрөнгийг нь булаацалдах, эсвэл санааг нь зовоосон үйлдэл хийхийг хэлээд байгаа юм. Тиймээс ар гэрийнхэн нь талийгаачийг аль болох тайван байлгаж, хэрүүл шуугиан тарихгүй, нүглийн хамааралтай аливаа үйлээс хол байх учиртай байдаг. 

В.Ганзориг: Нэр цэвэр, үйл бардам байж, ёс бус, хууль бус үйлдэл хийхгүй амьдрах тухай ойлголт, том философи юм байна шүү дээ.

Б.Бат-Эрдэнэ: Энэ бол буян хийх буюу сайн үйлс бүтээх тухай ойлголт юм. Талийгаач үр хүүхдүүдээ сайн хүмүүс болгон өсгөн хүмүүжүүлэхийг зорьсон байгаа шүү дээ. Иймээс хүүхдүүд нь нас биед хүрээд өрөөлбусаддаа, нийгэмд тустай үйл хийхийг эрхэмлэх учиртай. 

В.Ганзориг: Аав ээжүүд хүүхдүүддээ “Битгий чих халууцуулаад байгаарай” гэж хэлдэгтэй агаар нэг ойлголт юм байна.

Б.Бат-Эрдэнэ: Яг үнэн. Аль болох ёс журмаа баримталж яваарай гэсэн санаа. Буддын сургаалд ингэж үздэг. 

В.Ганзориг: Мэргэжлийн хүний хувьд харахад манай хот оршуулгын газраа нэгдсэн байдлаар төлөвлөж чадаж байгаа болов уу? Бид ямар асуудлыг одооноос эхлэн анхаарах ёстой вэ?

Л.Ану-Үжин: Энэ сэдэв хот төлөвлөлтөөс гадна инженерчлэлийн асуудалтай тулдаг. Хүнийг газарт оршууллаа гэхэд тэнд усны судал явж л байдаг. Нэмээд микро организм, байгаль орчны нөлөөллийг тооцож үнэлэх ёстой. Энэ бүхнийг тооцож хийснийг инженерчилсэн оршуулгын газар гэдэг. Энд хамгийн эхэлж шийддэг зүйл нь ус зайлуулах дэд бүтэц байдаг. Ялзралд ороод муудаж буй бие цогцос дундуур явсан ус судлаараа яваад хаа нэг газар ундны устай нийлдэг. Мөн ургамал ногоо руу орохоос гадна мал, амьтдын мах, сүүгээр хүнд нөлөөлдөг. Үүнийг шийдэхийн тулд ус зайлуулах шугам, түүнтэй холбоотой газар зохион байгуулалтыг нэн тэргүүнд хийдэг. Хогийн цэгийг хүртэл инженерчлэгдсэн, инженерчлэгдээгүй гэж ангилдаг. Монголд инженерчлэгдсэн оршуулгын газар байхгүй. 

Зарим оршуулгыг харж байхад битүү бетондсон байна. Энэ нөхцөлд тухайн бие цогцос газарт шингэхгүй, оршуулгын системд орж чадахгүй гэсэн үг. Уг нь хөрсөнд задран байгальд шингэн тухайн газраа бордоо болж, эргээд тэр газар нь хэрэглээ, эргэлтэнд орох ёстой байдаг. Ингэж хадгалаад байвал эргээд байгаль орчны том асуудал хөндөгддөг. Одоо жишээ нь 70 давхарын энэ газар Улаанбаатар хотын бараг төвийн бүс болчихлоо шүү дээ. А бүсээс нэг км хүрэхгүй газар байх шиг байна. Ийм нөхцөлд буцаад энэ газрыг төлөвлөлтөнд оруулахад асуудал үүсдэг. Жишээ нь 25 жилийн дараа энэ газрыг сэргээгээд хэрэглэхэд боломжгүй гэсэн үг. Иймээс нэгт, агаар, хөрс, усны бохирдлыг тооцоолоод стандарт гаргах хэрэгтэй. Хоёр, инженерчлэлийн шийдлүүдийг хэрэглэж эхлэх ёстой. Гуравт, газрын эргэлтийг тооцоолох хэрэгтэй. 25 жилийн дараа энд газрыг хотын төлөвлөлт, хөгжлийн дагуу яах билээ гээд. Зарим улсууд оршуулгын газрын эргэлтийг хурдасгахын тулд газарт амархан шингээдэг бодис хэрэглэдэг. Энэ бүхнийг тооцож шийдэн, зөв зохион байгуулж чадвал төлөвлөлт талаасаа шинээр оршуулгын газар барихгүй байх боломжтой буюу одоо байгаа газруудынхаа хүчин чадлыг нэмэгдүүлэх, хуучны газруудаа сэргээж болдог. Энэ чиглэл рүү одооноос ажиллах хэрэгтэй гэж бодож байна. Учир нь бидэнд хамгийн үнэтэй зүйл хот доторх газар болсон. Хотын мастер төлөвлөлтөнд энэ талаар дурдагдсан байхыг санахгүй байна. 

С.Аригуун: Яг одоо 2040 он хүртэлх Нийслэл хотын төлөвлөлтийн ажил хийгдэж байна. Нийгэм, эдийн засгийн нөлөөллийн судалгаатай цуг энэ асуудал уг төлөвлөгөөнд орж байгаа. Бид ч энэ асуудлаа бүрэн тусгуулахаар ажиллаж байна. 

В.Ганзориг: Цахилгааны дэд станц байгуулахын тулд бараг 1000 шарил нүүлгэн шилжүүлжээ. Энэ бол хотын иргэд оршуулгын газарт түрэгдээд эхэлсний жишээ. Ийм асуудал цаашид гарах ёсгүй. 30 жилийн дараа манай хүүхдүүд адил асуудал яриад сууж байх ёсгүй. 2040 он хүртэл хийж байгаа Улаанбаатар хотын төлөвлөлт дээр бид саналаа идэвхтэй өгөх ёстой. Хотын захиргаа, мэргэжилтэн, мэргэжлийн холбоо, хувийн хэвшил, шашны байгууллагын зүгээс та бүхэн ямар санал хэлмээр байна вэ?

С.Аригуун: Олон зүйл хэлмээр байгаа ч нэгийг нь онцолмоор байна. Эмзэг сэдэв учраас энэ салбарт нийгмийн сэтгэл зүй маш чухалд тооцогддог. Ирээдүйд энэ эмзэг хэвээр байх ёсгүй. Иймээс бүх төрөл, урсгалын шашны байгууллагууд ёс зүйтэйгээр нэгдсэн дуу хоолойгоор нийгмийн сэтгэл зүй, ёс заншлыг 21 дүгээр зууны хөгжил дэвшилтэй хослуулахад өөрсдийн сэтгэл зүрхээ гарган нөлөөлж ажилламаар байна. Ялангуяа залуу лам хуврагууд зүрх сэтгэлээ гарган энэ ажил дээрээ түүчээлээсэй. Багахан мөнгө олдог номын ажил, эсвэл бурхан ном, ламын ажил гээд тэрүүхэн тэндээ битгий байгаасай. Улс орны ирээдүй, залуу хойч үеэ бодон нийгмийн сэтгэл зүйлд эерэгээр нөлөөлөөч гэж хүсмээр байна. 

Хоёрт, иргэддээ хандан ёс зүйтэй байгууллагаас үйлчилгээ авч заншаарай гэж хэлмээр байна. Оршуулгын үйлчилгээний байгууллагууд улсын эзэмшилтэй байж байгаад 2006 оноос хувьчлалд орж, өрсөлдөөн үүсч, энэ салбарт маш том хөгжил авч ирсэн. Өнөөдөр 40 гаруй компани энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байна. Өрсөлдөөн байгаа нь сайн боловч яг одоо бизнесийн ёс зүй ярих шаардлага үүссэн. Энэ бол гэрээсээ гаргаад тавьдаг хог биш. Дэлхий ертөнц дээр байгаа амьд амьтны хамгийн дээд төрөл болсон хүндээ хог шиг хандаж болохгүй. Ядаж бурхан болоочоо зөвшөөрөлтэй газар оршуулах хэрэгтэй. Хариуцлагатай оршуулгын компанийг сонгох ёстой. Тав, 10 жилийн дараа талийгаачийг эргээд ирэхэд газрыг нь хэрхэн хамгаалж, асарч, тордсон байх нь бас чухал. Нөгөө компани нь үйл ажиллагаагаа зогсоогоод өөр бизнес хийгээд явахыг үгүйсгэхгүй. Одоогийн зарим компаниуд иргэдийг хуурч байна. Иргэд үйлчилгээг нь авахаа болино гэж бодоод хаана оршуулахаа хэлдэггүй, ийм хулгайн сэтгэлгээгээр ажилладаг, уулын мухарт талийгаачийг нь тавиад маргааш нь таг алга болдог компаниуд бий. Энэ бүхнийг өөрчлөх цаг болсон!

Г.Идэрмаа: Бидний эцэг өвгөд олон мянган жил энэ газар нутаг дээр амьдрахдаа өнөөдрийн бидэн шиг олон мянган га оршуулгын талбай үлдээгээгүй. Ямар соёл, зан заншил, процесс, үйлдэл байсан болоод энэ ариун сайхан дагшин газар нутаг бидэнд ирсэн юм бол? Нэгт, үүнийг бид судлах ёстой. Буяны зан үйлийн холбоо Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай нийлээд МУИС дээр хоёр жил дарааллан эрдэмтэн судлаачдыг цуглуулан эрдэм шинжилгээ хурал хийж, судалгааны ажлуудыг эхлүүлсэн байгаа. Хоёрт, өнөөдөр нэгэнт ийм нөхцөл байдал үүссэн тул төр, хотын захиргаанаас шийдвэр гаргаж, энэ асуудлыг өөрчлөн шинэчлэн ажлыг нэн даруй эхлүүлж, зохион байгуулах ёстой. Гуравт, иргэний боловсрол маш чухал байна. Мөн компаниудын соёл, ёс зүй, хандлагыг дурдах ёстой. Энэ бүхнийг журамлан эмх цэгцэд оруулж, Монгол Улс Оршуулгын тухай хуультай болж асуудлаа шийдэх шаардлагатай гэж эцэст нь хэлмээр байна.

Б.Бат-Эрдэнэ: Айдас жихүүдэстэй энэ хүнд сэдвийг зориг гарган хөндөн ярилцсанд талархаж байна. Энэ зайлшгүй тохиолдох л асуудал байсан. Оршуулгын олон янзын зан үйл байдаг хэдий ч зарим хүмүүс материаллаг зүйлд хэт их ач холбогдол өгөөд байдаг нь анзаарагддаг. Тухайлбал, том чулуу, том хайрцаг, үнэтэй газар гээд яваад байдаг. Үүнийг үгүйсгэх аргагүй ч номын тал, оюун санааны сэтгэхүйгээ орхигдуулж, зөв, эерэг дадал суухгүй байж болохгүй. Нэг их сайхан том бунхан булш босгосон атлаа гэртээ очоод хэрүүл, зодоон, хэрэг төвөг, зарга залхай хийдэг болж болохгүй. Үүнээс болж бүхий л зүй бус асуудал өрнөдөг. Иймээс ард иргэд, олон нийтэд хойдын буянд ач холбогдол өгч, ном засал уншуулан цээр барцадыг нь гаргахаас гадна буян үйлдэж, нийгэмд сайн үйлс хийх ёстой гэдгийг уриалж хэлмээр байна. Мөн газар лусын асуудал гэж бий. Монголчууд эртнээс байгаль дэлхийтэйгээ зүй зохистой харьцсаар ирсэн. Нутаглуулсан гээд хаяад явах, эсвэл нүүлгэн шилжүүлж байна гээд хаа хамаагүй самраад хаяж болохгүй. Энэ тал дээр зан үйл, шашин ном талаасаа газар усаа хүндэтгэн, тахин шүтэж, хайрлан хамгаалах ёстой шүү. Үүний тулд төр, хувийн хэвшил, буяны байгууллага, зан үйлийн эрдэмтэн мэргэд, шашны байгууллагууд хамтран нэгдэж ажиллаж байж нийгмийн өөрчлөлтийг хийж, хөгжил дэвшилд уриалсан, хамгийн гол нь нэлээд том ахиц дэвшил гаргасан үр дүнтэй ажил болгож чадна. 

Л.Ану-Үжин: Өнгөрсөн хавар Энэтхэг улсад коронавирусын халдвараар олон хүн нас барж, эмнэлэг, төр, хувийн байгууллагууд нь ачааллаа дийлэхээ байж, цар тахлын хүнд идэвхжлийн үед хүмүүсээ гудамжинд ил шатаасан. Үүний дараа тэр хавийн иргэд хүнд хэлбэрийн коронавирус туссан. Энэ талаар судалгаа гарч, лабораториуд үүн дээр ид ажиллаж байна. Иймээс хүнд өвчин, химийн эмчилгээ, хүнд эм тариа хэрэглэж байсан, гоц халдварт өвчнөөр нас барсан хүмүүсийг газарт эсвэл ил тавьж оршуулж болохгүй. Хүнээ алдана гэдэг мэдээж хэцүү зүйл. Гэхдээ бид энэ асуудалд шинжлэх ухаанч байдлаар хандаж, үлдэж буй хүмүүсийн эрүүл мэнд, байгаль орчны асуудалдаа анхаарах ёстой. Иймээс энэ сэдвээс жигшиж цээрлэхээс илүү хүндэтгэлтэй бас стандартын дагуу шинжлэх ухаанч байдлаар утга учиртай хандаж эхлэх цаг болсон. Яагаад гэвэл манай хот өдрөөс өдөрт томорч байна. Энд нэг эсвэл 10 хүн биш жил бүр нас бардаг хэдэн мянган хүний тухай ярьж байна. 

В.Ганзориг: Амар биш боловч чухал сэдвийг хөндөн нээлттэй ярилцсан та бүхэнд баярлалаа! 2045 онд Монгол Улсын хүн ам 5 сая, нийслэлийн иргэдийн тоо 2,5 саяд хүрэх тооцоог Үндэсний статистикийн газар гаргасан. Энэ том хотод оршуулга, зан үйлтэй холбоотой хууль эрх зүйн орчин, эрүүл ахуй, байгаль орчин, аюулгүй байдлын стандарт заавал байх ёстой юм байна. Хамгийн гол нь энэ бүхнийг ойлгож мэдэрдэг ард иргэд, нийгмийн сэтгэл зүй, уламжлалт ёс заншилтай хосолсон загвар хөгжих ёстой ажээ. Их хотын хариуцлагатай иргэд байж, эрүүл бас аюулгүй, хүүхэд, хөгшиддөө ээлтэй хотыг хамтдаа цогцлоон бүтээцгээе!