АТГ Ардын намынхны нэг нэгэн рүүгээ тавьдаг сумны зэв нь болж хувирав уу?

1.

МАН-ын ээлжит бага хурал хуралдлаа. Энэ удаа урьд өмнө бараг байгаагүй хурцадмал уур амьсгал дунд, томоохон хагарал явагдаж буй халуун үед явагдсанаараа онцлог хурал болов. Эдний намд элдвийн л дажин болж байсан. Гэхдээ УИХ-ын дарга , Ерөнхий сайд гэх өндөр эрэмбийн суудалд сууж буй лидерүүд нь зэрэг намын даргад нэр дэвшиж, ил тод дайтаж байсан түүх сүүлийн гуч гаруй жилийн түүхэнд болж байсныг санахгүй байна. 

Энэ үйл явдал эрх баригч хүчний дотор томоохон өөрчлөлт явагдаж эхэлснийг илтгэн харуулсан төдийгүй, удахгүй болох намын их хурал нь ч гадна дотноосоо цоо шинэ уур амьсгалаар бүчүүлж, улс орны хэмжээнд анхаарал татсан үйл явдал болох нь нэгэнт тодорхой боллоо. 

Ойрын хэд хоногт болж өнгөрсөн үйл явдлуудын нэг сайн тал гэвэл тэдэнд өөрсдийг нь, бидэнд тэднийг томруулдаг шилээр харах мэт таниулан харуулж өгсөн явдал байв. Улстөрчдийн амь тэмцэн хамгаалдаг зүйл нь эрх мэдэл, түүний хувиарлалт доторх орон зай нь байдаг. Энэ бол гайхах зүйл биш. Гэхдээ сонгогчдод буюу олон түмэнд хэзээ ч үзүүлж болдоггүй ар талын өрөг дээр өрнөдөг зүйлсийг хэт задгай форматаар гаргаж шидсэн явдал нь ёстой ангайлгалаа. Ерөнхийдөө бүлэглэлүүдэд нь задрал явагдаж байна. Үүнээс болоод баг-ууд цул шинжээ алджээ. Тэд самгардан барьц алдаж, ичгүүр сонжуургүй урвацгаан гүйлдэж ярианы хэлээр бол алингаа алдлаа. Улстөрчид нь хувь шинжүүдээрээ хэврэгшсэн нь ил тод харагдаж байна. 

Манайд улс төрийн намын хөгжил, төлөвшлийн арвин баялаг уламжлал байхгүй л дээ. Хэдэн зуун жилээр хэмжигдэх энэ талын өв бидэнд алга. Улс төрийн ууган нам 104 настай. Дөнгөж 1990 оны 5 дугаар сарын 10- нд Монгол улс анх удаа “Улс төрийн намуудын тухай хууль”-ийг баталсан шүү дээ. Энэ хуулиар олж авсан гол ололт маань олон нам байгуулагдах, сонгуульд чөлөөтэй өрсөлдөх, гишүүн элсүүлэх, улс төрийн зорилгоор санхүүжилт цуглуулах, зарцуулах, сонгуульд нэр дэвшигчдээ өрсөлдүүлэх, хөгжлийн бодлого төлөвлөх, хэрэгжүүлэх гэх мэт суурь боломжуудыг нь л тавьж өгсөн юм. Гэхдээ энэ хууль маань ч тухайн үеийн хамгийн том нам болох МАХН-ын бодлогын өндөр нөлөөн дор батлагдсан гэдгийг бодолцох ёстой. 2005 онд Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найрууллагыг баталсан ч өмнөх хуулиндаа концепцын томоохон өөрчлөлт хийж чадаагүй. Өнөөдрийн манай улс төрийн хоёр том хүчин үүнийхээ горыг амсаж, зовлонгоо эдэлж яваа нь одоогийн болж буй үйл явдлууд юм. Хамгийн халагламаар нь эдүгээ манай улс төрийн хүчнүүд бүтцийн, хүний нөөцийн, санхүүжилтийн гэсэн суурь өөрчлөлтүүдээ хийж чадсангүй. Үүнийг АН-ынхнаас бол нэлээн олон жилийн өмнө генсекээр ажиллаж байсан Ц.Оюундарь л хариуцлагатайгаар хөндөж тавьдаг байсан санагдана. МАН-ын зүгээс бол 2013 онд шинэчлэлийн шинэ хөтөлбөрөө танилцуулж байсан. Агуулгыг нь эргэн санахад “...хуйвалдаанаас салах, намын даргыг гишүүд сонгодог болох, гишүүдээ шинэчлэн бүртгэх, намын санхүүжилтийг шилэн болгох, дүрэм зөрчсөн гишүүдтэй хариуцлага тооцдог болох, сонгуульд ялагдвал бүх шатны удирдлагад хариуцлага тооцох ” зэрэг өөрчлөлтүүдийг хийнэ гэх мэтийг тунхаглаж байлаа. Гэвч энэ зорилт нь гүйцэт хэрэгжээгүй. Сонгуулиар илт намынхаа эсрэг ажилласан, сөрөг намтай хамтарч нэг нэгнээ унагах далд тохироо хийсэн гэх мэт увайгүй үйлдлүүдтэй огт хариуцлага тооцоогүй. Орон нутагт бол энэ явдал хавтгайрсан. Намын толгойноосоо эхлээд илүү хувийн өрсөлдөгчөө намнах, замаасаа зайлуулах, хүчний байгууллагуудад захиалж “дүүжлүүлэх” гэх мэт хамгийн хогийн аргачлалуудыг хэрэгжүүлж ирэв . Ийм үзэгдлийг бүрэн нутагшууллаа. Эцэстээ манай улс төрийн гол хоёр хүчин үзэл суртал, үнэт зүйлээрээ ялгарч харагдахаа больсон төдийгүй улам холион бантан болж манантсан даа. Гэхдээ энэ удаа би өөр зүйлийг хөндөхийг зорьж байна.

2.

Энэ удаагийн хэрээс хэтэрсэн хөгийн явдлууд дотроос нэг юм маш эвгүйгээр ил тод харагдаж, нийгмийн сүлжээнд идэвхтэй байр суурь илэрхийлдэг хүмүүсийн аазгайг хөдөлгөв. Тэр бол АТГ гэдэг байгууллага дээр дуугарч буй сигнал. Энэ газар маань зүгээр л хэн эрх барьж байна тэдний өрсөлдөгчдөө намнадаг хэрэгсүүр, гар хөлийнх нь үзүүрт гүйлгэж бохир нүүдлээ хийлгэдэг сүүдрийн өрөг нь болчихсон юм биш үү. Үнэндээ энэ бол зөвхөн МАН-ын үед ч ингэж харагдаж байгаа анхны тохиолдол биш л дээ. Жанжин шугамаасаа хазайгаад удаж байна. Улс төрд аль хүчин эрх барьж байна тэдний дохиураар л ажилладаг захиалгын газар гэгдэх болсон. Норовын Алтанхуяг түүний баг дээр яаж энэ байгууллага нүүрээ ширлүүлэн улс төрийн хар ажил хийж байлаа. Арай мартагдаагүй үйл явдлын нэг байх. 

Сүүлдээ өөрсдөө органикаар хэрэг илрүүлдэг, авлигыг таслан зогсоодог үндсэн үүргийнх нь амь тасарсан гэлтэй харагдах болжээ. АТГ-ыг анх байгуулагдах үед олон нийт асар их итгэл найдлагаар хүлээж авч байсан бол улс төрийнхөн, судлаачдын зарим хэсэг эсэргүүцэж байсныг санаж байгаа биз ээ. Чиглэлийн ийм тусгай байгууллага байгуулах нь харин ч эсрэгээрээ авлигыг улам гааруулдаг гэх яриа нэлээд гарч байсан. Одоо эргээд бодоход тэр нь ортой байсан юм биш байгаа гэж эргэлзэхэд хүрч байна. Нэгэнт энэ байгууллага дээр ийм түгшүүрийн дохио улалзан эргэлдэх болсныг нууж хаах боломжгүй болжээ.Тийм ч учраас“Энэ газрыг татан буулгаад цагдаагийн эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хамааруулж, прокурорын мөрдөнг сэргээн байгуулъя” гэх байр суурь хаа сайгүй яригдаж байгаа биз ээ.

Яагаад нэр хүнд нь ганхаж эхэлснийг олон баримт жишээ иш татан ярьж болно. Хамгийн халуун сэргэгээс нь л жишээ татъя. 

Парламентын спикер Д.Амарбаясгалан ямар мэдэгдлүүд хийв ээ. Тэрбээр монголын бүх хэвлэл мэдээллийн өмнө сууж байгаад ярилаа. 

“Өчигдөр гэхэд АТГ 20 мөрдөн байцаагч цуглуулж байгаад надад санал өгөх магадлалтай МАН-ын Бага хурлын гишүүдийг шалгах ажиллагааг эхлүүлсэн байна. Би намын генсек Я.Содбаатар дарга руу залгаад үүнийгээ боль гээд болиулсан”... Түүний хэлсэн үг бүрэн эхээрээ энэ . Энэ юу гэсэн үг вэ. Энэ хүн бол жирийн нэг иргэн биш. Энэ хүн бол парламентын засаглалтай Монгол Улсын спикер. Улсын Их Хурлын дарга. Манай хэлээр бол хариуцлагатай эх сурвалж. Түүний мэдэгдлүүдийг гуйвуулж дайвуулж хүлээж авах боломжгүй. 

Дараагийн жишээ, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр АТГ-ын үйл ажиллагаатай холбоотой маш ноцтой мэдээллүүдийг мөн ил тод ярив. Тэрбээр “ АТГ-аас захиалгаар хэрэг үүсгэн шалгаад өндөр үнэтэй байр савыг нь шууд дээрэмдэж авдаг” болсон тухай мэдэгдлээ. Мөн үгс үсгээрээ энэ. Энэ хүн бас жирийн иргэн биш. Энэ хүн бол Засгийн газрын гишүүн байсан, Хууль зүйн сайд байсан, одоо парламентын гишүүн хүн. Яаж бид хэрэгсэхгүй өнгөрөх юм бэ. 

АТГ улс төрийн даалгавар гүйцэтгэж, улаан цайм эрх баригч нам дотор өрнөж буй процесст хутгалдаж, намын гишүүдийн шийдвэрт нөлөөлөх зорилготой ажиллагаа явуулсан уу гэвэл явуулсан. МАН-ын бага хурал угтуулан намын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдыг баривчилсан явдлыг ингэж харахаас өөр арга алга. Үнэхээр Ц.Чулуунзагдад асуудал байсан юм бол нүүрсний сонсгол явагдсаны дараа, эсвэл яг тэр үеэр нь баривчлахгүй яасан юм. Яагаад заавал одоо гэж. Заавал одоо гэдэг нь улс төрийн зорилгоос өөр юуг ч илтгэхгүй байна шүү дээ.

Дараагийн зүйл: АТГ гэнэт гарч ирээд УИХ-дарга Д.Амарбаясгаланд зориулж мэдэгдэл гаргалаа. Хамгийн инээдтэй нь тэрэн дотор нь УИХ-ын гишүүн Б.Энхбаярын мэдэгдлийн талаар үг үсэг ч байсангүй. Маргааш нь МАН-ын Бага хурал болж, намын даргын асуудал шийдэгдэх гэж байсан туйлын эгзэгтэй цаг мөчид гарч ирж мэдэгдэл хийж байгаа нь энэ. Гарцаагүй олон нийт бүх анхаарлаа тавьж таарнаа даа. Гэтэл адилхан АТГ-ын зүг хатуу ширүүн шүүмжлэл нисгэсэн хоёр улстөрчийн нэгийг огт дурдалгүй өнгөрсөн төдийгүй нөгөөд нь гомдчихож гэнэ. Ийм тэнэг, ийм илт акц хийж доошоо жингүйдэх хэрэг АТГ-т байв уу. Энэ явдлыг олон нийт яаж ойлгох ёстой вэ. 

3.

2014 оны нэгдүгээр сарын 24-нд Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон Прокурорын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулж, тухайн үед шүүгч, прокурор, цагдаа, тагнуул, АТГ-ын хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн холбогдсон хэргийг шалгадаг байсан Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгасан билээ. Түүнээс хойш 11 жил өнгөрчээ. Прокурорын мөрдөнг татан буулгах энэ хуулийг тухайн үеийн Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Р.Бурмаа, О.Баасанхүү, Л.Цог, Ч.Хүрэлбаатар, Д.Оюунхорол, А.Тлейхан нар санаачилж өргөн барьсан юм. Хуулийг батлах явц маш түргэн ёстой гялс манас явагдсан бөгөөд санаачилсан дээрх гишүүдийн нэрийг нууцалж байлаа. Хуулийн төслийг хэлэлцэх үед хүчнийхнээс тухайн үеийн АТГ-ын дарга Н.Ганболд, дэд дарга Б.Хурц, Тамгын газрын дарга Д.Доньжчимбуу, Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог нар орж байсан. Энэ үед олон хуульчид байр сууриа илэрхийлж байсныг архиваас үзэж болно. Тухайлбал, тэр үеийн Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж "Улсын ерөнхий прокурорын дэргэд байсан мөрдөн байцаах албыг татан буулгасан үеэс Монголд эрүүдэн шүүх асуудал газар авч эхэлсэн. Одоо хууль хяналтын байгууллагууд нэгнийхээ хууль бус байж болох үйлдлийг шалгахдаа тойроод бие биеэ хянаж шалгадаг болсон. Хууль хяналтын байгууллагынхан өөрсдийнхөө үйлдлийг “Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна, нотлогдсонгүй” гээд орхидог болсон" гэж байв.

Нөгөө талаас АТГ-ынхан “Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба Үндсэн хуулийн бус байгууллага байсан. Одоо дахиад байгуулбал Үндсэн хууль зөрчинө. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих эрхтэй прокурорын байгууллага өөрсдөө мөрдөн байцаалт явуулж болохгүй. Шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс яллах чиглэлийг барьж орох ёстой байгууллага өөрсдөө байцаалт явуулдаг байж болохгүй” гэх байр суурийг хүчтэй илэрхийлж ирсэн. Эдний энэ байр суурь Прокурорын мөрдөнг нам дарж хэвтэх гол хөшүүрэг болж ирлээ. Ийм л эсэргэцсэн байр сууриуд арван нэгэн жил явж байна. 

Сүүлдээ монголын төрийн нэр хүндийг ганхуулсан, хатги болон хөндөгдөх хэмжээний бүх асуудлууд дээр АТГ шавар шидүүлэн гудайх болсныг энэ өдрүүдэд өрнөж буй үйл явдлууд ийнхүү илтгэж байна. Авилга хээл хахуультай тэмцдэг байгууллага нь Ардын намын лидерүүдийн нэг нэгнийхээ эсрэг тавьдаг сумны зэв болтол нэр хүнддээ сэв суулгах болсныг эмгэнэл гэхгүй өөр юу гэх юм бэ.