Хүн төрөлхтний түүхэн дэх хөгжил дэвшлийн онцгой үе төдийгүй аль ч талаас нь харсан эерэгээр үнэлж болохуйц үйл явдлууд эцсийн дүндээ бидний үед тэгш бус байдлыг өвлүүлэн хүргэжээ. Их Британид XVIII-XIX зуунд өрнөсөн аж үйлдвэрийн хувьсгал сая сая хүнд материаллаг хомсдолоос зугтах боломж олгосон эдийн засгийн өсөлтийг нөхцөлдүүлэв. Үүнээс улбаалаад Их Британи, улмаар Баруун хойд Европ, Хойд Америк бусад улс орноос тасарч, түүхчдийн хувьд Асар их зөрүү гэж нэрлэсэн тэр л үйл явцыг эрчимжүүлжээ. Чингэснээр Баруун ба бусад орнуудын хооронд асар том ангал үүсэж, энэ нь өдгөө ч хадгалагдсан хэвээр байна. Өнөө манай дэлхийг тэр аяар нь хамарсан тэгш бус байдал нь орчин үеийн эдийн засгийн амжилттай хөгжил дэвшлээс эх үүсвэртэй.

Гэсэн хэдий ч аж үйлдвэрийн хувьсгалаас өмнө дээрх гурван бүс нутгаас бусад бүс нутаг, улс орон үргэлжид ядуу зүдүү, хоцрогдмол байсан гэж бодож болохгүй. Колумбаас хэдэн арван жилийн өмнө Хятад улс гэхэд Энэтхэгийн далайд Жэн Хэ жанжнаар удирдуулсан бүхэл бүтэн экспедицийн баг бүрэлдэхүүнийг явуулах хөрөнгө чинээтэй, хөгжил дэвшилтэй болсон байлаа. Жэн Хэгийн асар том хөлөг онгоцнуудын хажууд Колумбын хөлөг онгоц ёстой л сэлүүрт завь шиг жижигхэн эд болой[ Түүгээр үл барам үүнээс даруй гурван зууны өмнө Кайфэн хот сая гаруй хүн амтай, найман зууны дараа ч Ланкаширт байхад тухайн үедээ л орчин үеийнхэнд тооцогдохуйц хэмжээний олон зуун аж ахуй бүхий томоохон хот болсон байчихуй. Хятадад тэр үед л ном судрыг сая хувиар хэвлэж, энгийн иргэд ч ном худалдаж авах боломжтой байлаа Гэлээ ч эрчээ хадгалж, үүндээ тулгуурлан улам хөгжиж дэвших боломж Хятад байтугай бусад улс оронд ч тохиосонгүй. 1127 онд Кайфэн хот цэрэг дайны үйл ажиллагаандаа хөлсөлж ашиглаж байсан манжуудад эзлэгджээ. Осолтой хамтрагчтай хүн хамтрагчийнхаа хөдөлмөрийг сайтар үнэлэх ёстойг хэрхэвч мартаж болохгүйн жишээ энэ буюу[4]. Ази тивийн эдийн засгийн өсөлт эрх мэдэлд шунасан эзэн ноёд, дайн дажнаас шалтгаалан нэг биш удаа саатаж байлаа. Сүүлийн 250 жилийн эдийн засгийн өсөлт л дэлхийн зарим улс орнуудын хувьд хоцрогдлоо арилгах нөхцөл боломжийг бүрдүүлэв. Эдийн засгийн өсөлт нь олон улсын хэмжээнд орлогын тэгш бус байдлыг улам нэмэгдүүлжээ. 

Аж үйлдвэрийн хувьсгал, Асар их зөрүү нь хүн төрөлхтний түүхэнд амьдралаа өөрчлөх гэсэн хамгийн бага зүдгүүртэй оролдлого болжээ. Аливаа нэг улс орны хөгжил дэвшил өөр нэгэн улсын мөхөл сүйрлээр өдөөгдөж байсан нь цөөнгүй. Британийн эзэнт гүрэн аж үйлдвэрийн хувьсгалаас өмнөх XVI-XVII зууны цаг үе Англи болон Холландын олон иргэнд таатайгаар нөлөөлсөнд эдгээр улсад бусдаас илүүтэй хөгжих бүхий л боломж бүрдэв. 1750 онд Лондон, Амстердамын ажилчдын орлого Дели, Бээжин, Валэнсиа, Флорэнцын ажилчдын орлогоос хурдан нэмэгджээ. Английн ажилчид чихэртэй цай зэрэг ойр зуурын тансаг хэрэглээтэй боллоо. Байлдан дагуулал, дээрэм тонуулын хөлд өртсөн Ази, Латин Америк, Карибын тэнгисийн улс орнууд ихээхэн хохирол амсаад зогсохгүй зуу зуун жил үргэлжилсэн ядуурал хоосрол, тэгш бус байдалд хөтлөх улс төр, эдийн засгийн инстүүцийн дарамтад оржээ. 

Орчин үеийн даяаршил урьдын даяаршлын адил амьдралын түвшнийг сайжруулсан ч тэгш бус байдал тэр хэрээр газар авав. Саяхан л ядуу буурай орны тоонд орж байсанд Хятад, Энэтхэг, Солонгос, Тайвань зэрэг нь даяаршлын тусламжтайгаар өнөөгийн хөгжингүй улс орнуудаас ч илүү хурдацтай хөгжсөний зэрэгцээ их төлөв Африк тивийн ядуу буурай бусад улс орноос тасарч, шинэ хэв маягтай тэгш бус байдлыг үүтгэлээ. Зарим нь амьдралаа өөрчилж, ядуурлаас зугтаж чадсан бол зарим нь аанай л байсан байрандаа хэвээр үлдэв. Хэдийгээр чинээлэг улс орны хөгжлийн хурдац үсрэнгүй хөгжиж буй буурай орны болоод өөрийн улс орны ид үеийн хөгжлийн хурдцаас харьцангуй буурсан ч даяаршил болон ажил хэргийн шинэ арга барил эдгээр улс орны ард иргэдийг ахуй амьдралыг улам хангалуун, элбэг дэлбэг болгож байна. Хөгжил дэвшил удаашрахын хэрээр тухайн улс орны ард иргэдийн хооронд ихээхэн ялгаа үүсэж эхлэв. Цөөн тооны азтай одтой хүмүүс маш их хөрөнгөжиж, өнгөрсөн үеийн хаад ноёд ч атаархмаар амьдрал ахуйтай болжээ. Гэтэл дийлэнх иргэдийн материаллаг ахуй багахан сайжирсан төдий. АНУ зэрэг зарим улс орны дундаж орлоготой иргэдийн ахуйн байдал эцэг эхийнхээс нь дээрдсэн зүйл ер үгүй. Дундаж орлогын хэмжээ өмнөх үеийнхээс хэд дахин нэмэгдсэн боловч тэдний хувьд амьдралаа дорвитойхон өөрчилж чадсангүй. Гэлээ ч өнөөдөр олон хүн үр хүүхэд нь энэ л үеийг алтан үе хэмээн санагалзан дурсах вий гэж эмээх бүрэн үндэстэй.

Тэгш бус байдал хөгжил дэвшлийн боол болж байгаа нөхцөлд хөгжлийн дундаж үзүүлэлт, эс бөгөөс зөвхөн хөгжиж яваа улс орнуудыг анхаарч үзэх нь ихээхэн алдаа мадагтай юм. Аж үйлдвэрийн хувьсгалын тухай хөндмөгц хөгжлөөр тэргүүлдэг улс орнууд санаанд бууж, бусад улс орнуудыг умартаж, эдгээр улсад ер ямар нэгэн хөгжил дэвшил болоогүй мэт санах нь энүүхэнд. Ингэхдээ бид дэлхийн дийлэнх хүн ам, хөгжлийн золиос болж, амьдралаа өөрчилж чадалгүй урьдын хэвээр үлдсэн тэр л хүмүүсийг анзаардаггүй. Шинэ ертөнцийг (буюу Америк) нээсэн явдлыг зөвхөн Хуучин ертөнцөд (буюу Европ) нөлөөлсөн хэмжээгээр дүгнэж болохгүй шүү дээ. Зарим улс орноор жишээлэхэд ДНБ-ний өсөлт орлого хуваарилалтын талаар ямар ч ойлголт өгдөггүй. Дэлхийн II дайны дараа хорин таван жилийн турш АНУ-д ДНБ-ийг хүн амын дунд тэгш хуваарилсантай ижил нөхцөл бүрдсэн үү, аль эсвэл өнөөдрийнх шиг цөөн тооны чинээлэг хүмүүст хуваарилагдаж байна уу гэдгийг хэлэх аргагүй. 

Материаллаг өсөлт хөгжлийг би орлого болоод тэгш бус байдлын өсөлттэй хамтад нь авч үздэг.