Их сургуульд багшаар ажилласан анхны жил маань байлаа. Жил бүр болдог багш нарын хуралд оролцох үеэр профессорууд ээлж дараалан босч өнөөгийн оюутнуудын эх захаа алдсан авир байдлыг шүүмжилж байв. Тэр дундаас урлагийн сургуулийн декан, нэр хүндтэй өвгөн профессор: “Ялангуяа Экалавъяа шиг шавь нарын уламжлалтай энэ оронд ийм эмх замбараагүй байгаа нь гутамшиг” гэж шүүмжилсэн. Юу хэлснийг нь ойлгохын тулд эхлээд нэг түүх ярья. 

Эрт цагт Энэтхэгт Дроначаръяа гэдэг мэргэн харваач мастер байжээ. Харваанд суралцах гэж дайчин, бярман язгууртнууд түүнд хол, ойроос зорин очиж шавь ордог байв. Хиндү нийгэмд таван мянган жил ноёрхсон харгис бүдүүлэг кастын ёс бий. Хүмүүсийг дөрвөн ангид хуваадаг бөгөөд нэг анги нь шудра буюу хавьташгүй дорд язгуурт тооцогддог. Шудра хүний сүүдэр тусахад хүртэл бузартлаа гэж дээд ангийнхан сэжиглэж угаал үйлддэг. Экалавъяа гэх тэр залуу шудра байж. Мэргэн харваач болохыг хүсч бие даан сургуулилах болжээ. 

- Ямар ч багш чамайг хүлээж авахгүй шүү дээ гэж томчууд нь хэлэхэд

- Эхлээд би өөрөө мэргэшнэ. Надаас татгалзах аргагүй болсон хойно багш дээр очно гэж хэлдэг байв. 

Хэлсэндээ хүрч залуу хөвгүүн Дроначаръяа дээр иржээ. Түүний бие дааж эзэмшсэн ур чадвар мастерыг гайхшруулав. Гэвч Дроначаръяа бярман язгууртан байсан тул шудра залууг шавиа болгохоос татгалзжээ. Экалавъяа жир биш сэтгэлийн тэнхээтэй нэгэн байлаа. Тэрээр ой руу явж, Дронагийн хөргийг урлаад түүнийхээ дэргэд өдөр бүхэн сургуулилах болжээ. Удалгүй Экалавъяагийн мэргэн харваач эрдмийг хол ойргүй бахдан шагших болов. Дроначаръяа өөрийн залгамжлагчаар Аржуна хунтайжийг товлосон байж. Хүний түүхэнд хамгийн гайхамшигт мэргэн харваач тэр л байх ёстой. Гэтэл нэг шудра залуу илүү алдаршсанд уур цухал нь хөдөлж, учрыг олохоор ой руу явжээ.

Өөрийг нь шавиа болгохоос татгалзсан ч Экалавъяа Дронаг багшаа гэж зүрхний угаас санадаг байв. Тиймдээ ч түүний хөргийг урлаж дэргэдээ залсан юм. Дронаг хараад залуу хөлд нь мөргөв. Мастер түүний авъяас чадварыг шинжээд Аржунагаас давж гарсныг мэдлээ. 

- Чи энд миний хөргийн дэргэд сургууль хийдэг юм байна. Тэгэхлээр намайг багшаа гэж үздэг юм аа даа гэхэд нь Экалавъяа:

- Тийм ээ, би таныг үргэлж багшаа гэж санадаг гэв. 

- Миний шавь болохын тулд надад өргөл өргөх ёстой. Энэ бол багш, шавь барилдах эртний журам ёс гэхэд нь

- Би үгээгүй ядуу хүн. Гэвч өөрт минь байгаа зүйлийг хүсэх юм бол би танд харамгүй сэтгэлээр өргөл болгоё гэж Экалавъяа хариулав.

- Тийм бол би чамаас байгаа юмыг чинь хүсье. Надад баруун гарынхаа эрхий хурууг огтолж өг гэж Дрона хэлжээ. 

Экалавъяа үг дуугүй илдээ сугалж эрхий хуруугаа огтлоод багшдаа өргөсөн гэнэ...

Энэ түүхийг мэдсэн хойно дээр дурдсан профессорын шүүмжийг санацгаая: “Экалавъяа шиг үнэнч шавь нарын уламжлалтай энэ оронд оюутан сурагчид багш нарыг хүндлэхээ больж, эх захаа алдлаа. Энэ завхарсан байдлыг даруй таслан зогсоох хэрэгтэй” гэсэн. 

Би анх удаа багш нарын чуулганд оролцож байсан юм. Эл шүүмжийг сонсоод босч өвгөн профессорт хандан:

- Та хэдэн асуудал хөндлөө. Нэгд, энэ улс орон Экалавъяа шиг шавь нартай бол бас Дроначаръяа шиг зальжин, цэвдэг багш нартайг санавал зохино. Тэр хөгшин эхлээд хөөрхий залууг гарал угсаагаар нь шоовдорлож, хүлээж авахаас татгалзсан. Өөрийн хичээл зүтгэлээр амжилтанд хүрсэн хойно нь амбицаа хамгаалахын тулд эрэмдэг болгосон. Баруун гарын эрхийг нь тасдсан хойно Аржунатай өрсөлдөж чадахгүй гэж хөгшин үнэгний заль зохиосон. Түүн шиг багш нар байх юм бол ямар нүүрээрээ оюутан сурагчдаас хүндлэл хүснэ вэ? Хэрэв би Экалавъяагийн оронд байсан бол өөрийнхөө хурууг биш, Дронагийн толгойг цавчих байсан. Түүнд оногдох зүй ёсны “шагнал” тэр. Би шинэ багш. Гэхдээ оюутан сурагчдыг чин сэтгэлээсээ ойлгож, хайрлаж харьцах юм бол хариу нь бас л чин сэтгэлийн хайр хүндлэл байхыг ойлгосон... гэж хэлэхэд минь өвгөн уур шарандаа багтрах шахан салгалж билээ. 

- Та салгалаад байна. Суухгүй бол зүрх тань хаагдчих вий. Би таны толгойг тасдах гээгүй. Зүгээр л Экалавъяа шиг шавь нарыг хүсч байгаа бол өөрсдөө ямар байх ёстойгоо яривал дээргүй юу? гэж хэлсэн дээ. 


- Ошо “Дусалд ууссан далай”

Агнистын гэгээ - 19