Үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгатай уул уурхай, Тавантолгой, төмөр зам, МИАТ гээд олны анхааралд буй сэдвүүдийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

-Яг хоёр жилийн өмнө “Ардын эрх” сонинд өгсөн ярилцлагадаа Эрдэнэс Тавантолгой компани нүүрсээ зах зээлийн үнээс хямдаар худалдах гэрээ хийж байгааг та шүүмжилж байжээ. Энэ гэрээний үр дагавар өнөөдөр шуугиан тариад эхэллээ. Гэрээг цуцлах юм бол 50 сая ам.долларын торгууль төлөхөөр юм шиг байна. Одоо яах ёстой вэ?

-Ер нь л энэ Тавантолгойн асуудлаар 2007 оноос л ярьж бичээд эхэлсэн дээ. Тавантолгойн нөөцийг зөв ашиглаж чадахгүй бол тусгаар тогтнол, аюултай байдалтай холбоотой муу үр дагаврууд ихтэй юм. Асуудал Тавантолгойн ордоос Ухаахудагийн хэсгийг хувьд тасдаж өгснөөс эхэлсэн. Ухаахудагийг авсан компанийн буруу биш л дээ. Угаасаа хувийн менежмент сайн учраас төрийн Тавантолгойг үнэгүйдүүлэх ажил ингээд эхэлсэн. Зүй нь ухаантай удирдлагатай байсан бол Тавантолгойн ордоо түшиглээд дэлхийд өрсөлдөхүйц стратегийн том орд болгож болох л байсан. Харамсалтай нь төрийн энэ хэт намчирхсан, сонгуульжсан өнөөгийн тогтолцоо маань улстөрчдийг ийм харалган, бодлогогүй, сэтгэлгүй байдалд хүргэж байгаа юм. Одоо Тавантолгой юу яасан хөрөнгийн бирж дээр гарах, IPO хийх.

-Чалко компани Монголын Засгийн газар гэрээ цуцлах тохиолдолд гэрээний нууц заалтуудыг сануулна гэж мэдэгдсэн байсан. Энэ нууц заалт гэдэг нь юу юм бол?
 
-Би тэр нарийн нууц гээд байгаа зүйлүүдийг нь мэдэхгүй. Энгийнээр тайлбарлахад дэлхийн зах зээлд ийм чанарын нүүрс 150-180 ам.доллар хүрч байгаа. Ухаахудаг нүүрсээ 90 ам.доллараар худалдах гэрээ хийсэн байхад “Эрдэнэс Тавантолгой” компани “Чалко”-д 70 ам.доллараар худалдах гэрээ хийсэн юм билээ.  Гэрээний үнийн зөрүүний 20 ам.доллар дундаас нь хаачсан байж таарах вэ? Гэрээгээр нийлүүлэх нийт нүүрсний хэмжээг тонн тутмаас алдсан  20 ам.доллараар үржүүлээд бодоход 50 сая ам.доллар болж байгаа юм шиг байгаа юм. Тэгвэл “Чалко” компанитай байгуулсан гэрээнээсээ “Эрдэнэс Тавантолгой” компани  буцахад хүрвэл 50 сая ам.долларыг буцааж өгнө гээд байгаа нь тэр нууц заалт болов уу. Миний бодлоор гэрээ байгуулсны төлөө нүүрсний үнийн зөрүүний 50 сая ам.долларыг шагналд өгсөн, гэрээ цуцалвал буцааж торгуульд авна гэсэн утга юм болов уу даа.  Сонгуулиас өмнө хийсэн гэрээ учраас тэр мөнгийг сонгуульд ч юм уу зарцуулах зорилгоор авчихсан байх магадлалтай. Энэ бол миний л бодол. Гэрээ хийж байсан эрх мэдэлтэй хүмүүс нь нөгөө л Сү.Батболд, Д.Зоригт, Б.Энэбиш гээд бүгд зах зээлийн үнээс хямдаар бүтээгдэхүүнээ өгч болохгүй гэдгийг мэдэх хэмжээний боловсролтой хүмүүс шүү дээ. Уг нь бол Төмөр замын бодлого УИХ-аар батлагдахдаа бусад гурав дахь орны зах зээл, далайн боомт руу чиглэсэн, өрсөлдөөний хэлбэрээр баялгаа үнэд хүргэх зорилготой гарсан юм даа. Өнгөрсөн гурван жилд нүүрсээ зах зээлийн үнээс доогуур зарснаас болоод 2.5-3 тэрбум орчим ам.доллар алдсан байдаг юм даа. Баримт нь ийм тодорхой зүйлүүд байхад “Энэ бол тийм биш ээ” гэж яриад, хамгаалаад сууж байдаг, өөрсдийгөө улстөрчид гэж нэрлээд байгаа улсыг үнэхээр ойлгохгүй юм даа.

-“Чалко” бол Хятадын төрийн өмчит компани. Тэгэхээр энэ гэрээг манай талаас шалтгаалж цуцлах тохиолдолд ямар улс төрийн үр дагавартай вэ?

-Чалкогийн эцэг компани “CIC” буюу China Invenstment corporation. Уг компани Монголд Оюутолгой, “Саус Сэндс Гоби” зэрэг маш олон компанийн тодорхой хувиудыг эзэмшсэн байдаг юм билээ. Хятадын CIC зөвхөн Монголд л ингэж орж ирээд байгаа юм биш, дэлхийн уул уурхайн баялагтай бусад улс орнуудад ч маш их хөрөнгө оруулж байгаа. Төрийн бодлогоороо ажилладаг байгууллага юм билээ. Тэдэнд юу хэрэгтэй вэ гэхээр уул уурхайн баялаг, тэр дундаа эрчим хүчний эхс үүсвэр бүхий сайн чанарын нүүрс. Нарийн царигтай төмөр замаар яагаад болох, болохгүйн тухай яриад байгаа вэ гэдгийн учир энэ. Хэрэв нарийн царигтай төмөр замаар Хятадын төмөр замын сүлжээтэй шууд холбогдчихвол, зөвхөн эдийн засгийн үр ашиг талаас нь асуудлыг харна гэвэл түүхий эд маань тэр чигээрээ урагшаа хяналтгүйгээр урсах нөхцөл бүрдэнэ. Ингэх юм бол Монголд боловсруулах үйлдвэр байгуулах нөхцөл бүрдэхгүй, энэ салбарт хэн ч хөрөнгө оруулахыг сонирхохгүй. 

-Төмөр замтайн хэрээр түүхий эдээ гаргаад байхгүй,  хэдийг нь зарах вэ, хэзээ худалдах вэ гэдгийг шийдэх төр засаг байгаа биз дээ?

-Тийм ээ, яг наадахыг чинь хэлж байгаа хүмүүс байна. Гэтэл энэ төр засаг чинь маш амархан худалдагдчихдаг юм аа. “Чалко”-гийн гэрээнээс харж байгаа биз дээ? Энэ чинь Хятадын буруу биш. Энэ улс төрийнхөө бодлогоор баялагтай улс орнуудаас бүх баялгийг нь түүхийгээр нь авах сонирхолтой. Африк руу яаж орж байна, тэр Ливи руу, Казахстан, Киргизстан руу яаж орж байна, харах хэрэгтэй. Тийм бодлого явуулж байгаа улсын буруу биш. Харин тэр бодлого руу өөрсдөө гүйж орж байгаа бидний буруу юм. Тэр бодлогод нь сөгдөж орох биш, өөрсдөө бодлогоо боловсруулах ёстой. Ийм зүйл дээрээс л тэр бодлогууд урган гарсан юм. Бодлого гэдэг дөрөв, дөрвөн жилээр сонгуулиас сонгуулийн хооронд солигдоод яваад байх ёсгүй зүйл л гэж хэлэх гэсэн юм.

-Төмөр замын асуудлыг арай өөр талаас нь харах гээд үзье л дээ, уучлаарай. Хэрэв Тавантолгойн том ордоос Ухаахудагийг хувьд тасалж өгөөгүй байсан бол нарийн царигтай төмөр замын асуудал ч ингэж хурцдахгүй байсан юм биш үү. Өргөн царигтай төмөр зам тавьж, Ухаахудагийн зах зээлийг хаах, боох шаардлага үүсэхгүй... Төр өөрийнхөө компанийн нүүрсийг нарийн царигаар дамжуулаад хурдхан Хятадын зах зээлд хүргэж зараад мөнгө олоод явбал болох байсан уу?

-Дахиад хэлэхэд анх Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар томилогдоод хоёр хөрштэйгээ нэн түрүүн уулзах шаардлага байсан. Ингээд Оросын талтай уулзсан, Хятадын талтай уулзсан. Хятадын Төмөр замын сайдтай уулзаад ярихад “нарийн царигтай төмөр замын зургаан үзүүр Монголын талтай нийлсэн байгаа, танай улстай тохирсон учраас энэ ажлыг эхэлсэн шүү” гэж танилцуулсан. Монголын уул уурхайтай холбогдсон нарийн цариг бүхий төмөр замын асуудлууд ингээд шийдэгдчихсэн байснаас л энэ бүх асуудал үүссэн. Хэрвээ бид уул уурхай руугаа хил нэвтрээд ороод ирэх нарийн царигтай замыг зөвшөөрчихвөл Монгол Улс ойрын 20-30 жилдээ түүхий эд бэлтгэж өгдөг, халамж тараадаг тийм л улс болохоор дүр зураг харагдсан юм. Тэгэхээр бид түүхий эд гаргадаг биш, боловсруулдаг болъё. Түүхий эд боловсруулахын тулд түүхий эдээ гаргахдаа болгоомжтой байя. Ердөө түүхий эд гаргадаг улс байх юм бол Наури гэдэг улстай адилхан, баялгийн хараал болсон Африкийн зарим орнуудтай маш богино хугацаанд зэрэгцэж очих л ирээдүй хүлээж байгаа.

-“Чалко”-той байгуулсан гэрээг 50 сая ам.доллар эргүүлж өгөөд цуцалчихвал цаашдаа бодлого таны яриад байгаа шигээр зөв чиглэлд явах болов уу?

-Хэцүү. Хямдхан түүхий эд авах бодлоготой улс манай улстөрчдийг гогодож авчихаад байна ш дээ. Энэ гогдоог хийж байгаа Монголын зуучлагч нар байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ л арилах асуудал байгаа юм. Үүнд хэвлэл мэдээлэл холбоотой, бодитоор асуудлыг зарлах эсэх утгаараа. Гэтэл энэ энэ мөнгөнөөс чинь хэвлэл, мэдээлэл амаа боолгочихсон байгаа юм. Энэ бол тодорхой үнэн зүйл юм. Миний нөгөө яриад байдаг хаалтын гэрээ, энэ тэр чинь ийм учиртай юм аа. Хамгийн түрүүнд хүний нүд, чихийг боож байна шүү дээ. Нүд чихээ боолгочихсон хүн чинь би хараагүй, сонсоогүй шүү дээ л гэж хэлнэ. Энэ чинь юу юм бэ, хэвлэл мэдээлэл. Нөгөө дөрөв дэх засаглал чинь нүүрсний мөнгөнд явчихлаа гэж би хэлээд байгаа маань энэ юм.

-Тэгэхээр та өөрийнхөө намын Засгийн газарт ч бас итгэж чадахгүй байгаа хэрэг үү. Засгийн газар хэнийх байх зуучлагч нарт асуудал биш, хэнтэй ч хэл амаа амархан ололцоно гэж үзэж байгаа юм уу?

-Хэн байх нь хамаа байхгүй, маш амархан тархдаг вирус юм.

-Мөнгөөр дамжаад халдварлачихдаг гэж үү?

-Тийм.

-“Монголын төмөр зам” компанийн захирлаар ажиллаж байсан М.Энхсайханыг ажлаас нь саяхан өөрчилсөн. Энэ шийдвэрийг Х.Баттулга гэдэг хүний нөлөөн дор гаргасан гэж ойлгож байгаа. Танд тийм эрх мэдэл байсан уу?

-“М.Энхсайхан гэдэг хүнийг Х.Баттулга халсан байна. Тэгэхээр энэ Гансүх гэдэг сайдыг Баттулга мэддэг юм байна” гэх зэргээр хүмүүсийн дунд яриа яваад байгаа юм. “Монголын төмөр зам” гэдэг 100 хувь төрийн компани. Харин “Улаанбаатар төмөр зам” бол 1947 онд байгуулагдсан Орос, Монголын 50, 50 хувь хамтарсан нийгэмлэг. Харин Төрийн өмчит компанийн захирлыг Төрийн өмчийн хороо буюу манай яамны дор ажилладаг агентлаг санал болгоод хариуцсан яамны сайдтай нь зөвшилцөж томилдог юм. Үүн дээр бид ойлголцох хэрэгтэй. Тэрнээс биш би ямар ч хамаагүй байж хүнийг томилоод халаад байдаг хүн биш ш дээ. М.Энхсайханы хувьд асуудал журмынхаа дагуу явсан, гэхдээ Ерөнхий сайдад танилцуулсан. “Бидний хамтарсан Засгийн газрын нэг намынх нь /МАХН/ дарга шоронд, нөгөө намынх нь /МҮАН/ дарга гадаа гудамжинд байгаад байна аа, Ерөнхий сайд аа. Ядаж нэгийг нь энэ ажилдаа оруулья. Ерөнхий сайд байсан хүн чинь ядаж энэ төслийг аваад явчих байлгүй” гэж би санал хэлсэн юм. Түүгээр явсан гайг үүгээр дуудав гэж би л санал өгч оруулж ирээд Монголын төмөр зам дээр тавьчихсан. Уг нь санал л өгсөн юм л даа. Тэгээд М.Энхсайханд ажлыг нь хүлээлгэж өгөхдөө төслөө танилцуулаад “Монголд төмөр зам ийм, ийм учраас хэрэгтэй юм. Нарийн нь ийм, өргөн нь тийм учиртай. Оросын бодлого ийм, Хятадынх тийм. Солонгосынх ийм, тийм байдаг юм. Бид харин ийм бодол, бодлоготой байгаа юм” гээд ярилцсан. Тэгэхэд “Үгүй, та нар чинь маш их ажил хийчихсэн юм байна. Болоо шүү дээ. Бид чинь ингээд дэлхий рүү гарах юм байна” гэж ойлголцоод ажлаа авсан нөгөө хүн чинь долоо хоногийн дараа эргэчихгүй юү. Тэгэхээр нөгөө вирусанд очоод... Өлсгөлөн явсан л юм байна л даа. Надад Энхсайханд өгөх мөнгө байхгүй. Энхсайханы хувьд өлсгөлөн байсан хүн чинь үүн дээр дөрөөлөөд хоёр сэдэв дээр тоглоод байна. Нэгдүгээрт, нөгөө талаасаа маш их хэмжээний цалин аваад эхэллээ, нөгөө талдаа улс төрийн үхдэл болчихсон байсан хүн чинь босоод ирлээ. Ядаж л твиттерт дагагч нь өсчихсөн байгаа байхгүй юу. Үүнийг л тэр харж байгаа байх. Би ч санаа зовоод байгаа юм алга. Би хүнд сайн санахад энэ хүн ийм байдал гаргалаа. Нөгөө талаас бодоход...1996 онд М.Энхсайхан Ерөнхий сайд болчихоод бүх импортын барааны татварыг тэглэж байсан. Дотоодод үйлдвэрлэл босох ямар ч чадваргүй болгосон. Дараа нь ялчихаад орон нутгийн сонгуулийн өмнө бензиний үнийг чөлөөлсөн. Орон нутагт манай нам навс тавиулсан. Дараа нь Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг Н.Энхбаяртай нийлээд унагаснаас болоод өчнөөн засгаар тоглосон. Эцэст нь энэ хүний хийж байгаа бүхэн арван хэдэн жилийн өмнөхийг өөрийн эрхгүй санагдууллаа. Тэгээд энэ бүх зүйл нь манай намынхны сэтгэлд шар ус хуруулчихсан байсан болохоор Ерөнхийлөгчийн сонгуульд М.Энхсайханыг нэр дэвшихэд нь намын нөхдийн ихэнх нь хөдлөөгүй юм. Тэгэхэд нь би мөнгө хандивлаж очиж байсан юм. Тэгэхэд М.Энхсайхан өөрөө “ чамаас өөр ингэж ирж байгаа хүн алга даа” гэж хэлж байсан санагдана. Дараахнаас нь намаа задалж шинэ нам байгуулж, зөндөө л юм хийсэн. Тэгэхдээ одоо өөрчлөгдсөн байх гэж итгэж, сая бодож, мөрөөдөж байгаа бодлогоо түүнд чин сэтгэлээсээ ярьж, хуваалцсан. Одоо тэр сэтгэлээсээ ярьсан зүйлийг бүгдийг нь эсрэг болгож ярьж байна даа. Мөн тэр Ц.Нямдорж байна, яг л тэгсэн. Төмөр замын бодлого, далайн тээвэр, түүхий эдээ яаж үнэд хүргэх вэ гээд ярьж хөөцөлдөж байхад нэг танхимд байсан Хууль зүйн сайд нь дараа нь зориудаар “нууц гэрээ” гээд хэвлэлийн бага хурал хийлгээд сууж байдаг сонин шүү. Энэ улсад чинь ярьдаг, ярьдаггүй юм, нуудаг, нуудаггүй юм гэж байх ёстой. 

-М.Энхсайханы хувьд эдийн засгийн агуулга талаасаа төмөр замын бодлогыг буруу, ашиггүй гэсэн зүйл хэлээд байгааг бас бодмоор юм биш үү?

-Бүх юм нь гүтгэлгийн чанартай. Гэхдээ үүнтэй ноцолдоод баймгүй, одоо ажлаа л хиймээр байна. Бид бодлогоо батлуулчихсан, батлуулах гэж яаж бөөн юм боллоо. Одоо ажлаа л хийх хэрэгтэй байна. Гэтэл үүнийг аль л болох үймүүлж, урагшлуулахгүй байх хорон бодлого руу л орчлоо л доо. Аль таван жилийн өмнөх хорон бодлого л доо.

-Та сайд байхдаа Чойбалсангийн чиглэлд тавьж эхэлсэн төмөр замын ажлыг текник, эдийн засгийн үндэслэлгүй, агаарын зураггүй, иш үндэсгүй, үргүй ажил, зардал болсон юм билээ гэж М.Энхсайхан хэлсэн. Энэ үнэн үү?

-Тийм юм байхгүй. Тэрийг хийх гэж Монголын бүх геодези, гидрогеологийн компаниудыг дуудаж авчраад та нар энэ трассыг судлаад батлаад өг гэдэг захиалга өгч, ажил явуулж байж, үндэслэл, тооцоог нь хийлгэсэн юм. Тэгээд хөрс хуулалт эхэлсэн. Гэтэл бид засгаас гарангуут мэргэжлийн хяналтын Р.Содхүүг аваачиж ажлыг нь зогсоолгоод... Ийм л юм болсон. Юу гэдэг юм бэ дээ... Монголын эсрэг монгол сөрөг хүчин байгаад байгаа хэрэг. Цаашдаа ч байна.Тэд хэдхэн төгрөгөнд л явдаг. Тэр хорин долларт л явдаг улстөрчид.

-“Маккензи” компаниар хийлгэсэн төмөр замын ТЭЗҮ бодитой биш, монголчуудын мөрөөдөлд тааруулсан зүйл байсан юм уу?

-Яагаад бид “Mackenzie”, “Бэктэл” гэдэг компаниудыг олж, ТЭЗҮ хийлгэсэн бэ гэвэл тэдний боловсруулсан ТЭЗҮ дэлхийн хаанаас ч мөнгө босгох магадлал өндөр байдаг учраас. Баттулгын хийсэн ТЭЗҮ гэвэл хэн ч итгэж мөнгө өгөхгүй шүү дээ. Монголын Засгийн газар ч өгөхгүй дээ, энэ Баттулгын хийсэн, Энхсайханы хийсэн ТЭЗҮ гэвэл. Энийг С.Батболд мэдэхийн дээдээр мэдэж байгаа, М.Энхсайхан ойлгохын дээдээр ойлгож байгаа. Зүгээр энэ ажил нь битгий яваасай л гэсэн санаа. Хоёр жил яваагүй ажил шүү дээ 

-Чойбалсангийн чиглэлд замын ажил хийсэн компаниудын мөнгийг сая Засгийн газар өгөхөөр шийдвэрлэсэн юм уу?

-Угаасаа өгөх ёстой байсан. Тэр үед Засгийн газраас тогтоол гараад энэ замын ажлаа эхэл гэж шийдвэрлэсэн. Мөн шаардагдах мөнгийг нь өгөө гэдэг тогтоол Хөгжлийн банкинд очсон. Шийдвэр ингэж гарангуут компаниудад тогтоол ингээд гарчихсан юм чинь мөнгийг чинь өгнө өө, та нар маань эх орныхоо төлөө пүүгээгээ үүрээд гар даа гээд ажилд нь оруулчихсан. Тэгээд хоёр жилийн дараа буюу сая мөнгийг нь шийдэж өгөхөөр боллоо. Өгөөгүй л байна л даа. Монголчууд чинь бүтээн байгуулалт хийж үзээгүй учраас энэ бүхнийг ойлгуулах гэж их хугацаа ордог юм байна. Бидний нэг буруу гэвэл өөрсдөө бүтээн байгуулалт хийж үзээгүй учраас том бүтээн байгуулалтыг ойлгох гэж их цаг үрдэг. Ойлгосон нь хорлох гэж цаг үрдэг. Ийм л хоёр янз монгол хүн байх шиг байна.

-Түүхий эдийг түүхийгээр нь авах сонирхол Сайншандын хүнд аж үйлдвэрийн цогцолборыг бас гацааж байгаа юм байна гэж ойлгогдлоо. Говийн тэр хөрсөн дээр үйлдвэр битгий хэл барилга барих боломжгүй, сонгосон байршил нь оновчгүй гэсэн үндэслэл яриад эхэлсэн байна.  

-Тэр яахав дээ, хэний ч үгнээс бодсон зүйл юм бүү мэд. Ямар ч байсан Монгол Улс битгий хөгжөөсэй гэсэн санаа. Урд нь Дархан, Эрдэнэтийг Оросууд барьж өгсөн. Бид түүхэндээ том хот сууринг нурааж л байснаас биш байгуулж байгаагүй. Одоо анх удаа юм байгуулаад ирэхээр хүн цовоо болно оо доо. Цовоо болоод л ирэх юм бол энэ улс зовлонтой шүү гэсэн санаа л яваад байгаа юм. Байршил нь ийм, тийм байна гээд байгаа. Судалсан юм аа. Хонхор газар гэдэг нь ус цуглуулах ч гэдэг юм уу технологитой холбоотой. Хотгор газар галт тэрэг орох гарах хэцүү л гээд байна. Энэ чинь техникийн л асуудал шүү дээ. 250 км урт өрөмдөхөд чулуу тааралдаагүй л гэнэ. Тэнд чинь оросууд таван давхар сууцнууд барьчихсан л байсан ш дээ. Бид л очоод нураачихсан болохоос биш. Оросууд гарангуут Налайхыг, хуучин оросуудын хотхонуудыг нураагаад хаячихсан хүмүүс. Яахав дээ, одоогийн энэ бүхэн хорлон сүйтгэх ажиллагаа. Уг нь хууль гаргачихмаар юм байна лээ. Монгол Улсын бодлогын эсрэг хорлон сүйтгэх ажиллагааг илтээр сурталчилж байгаа хүмүүст хариуцлага тооцдог. Сая зайлуул, Ц.Шинэбаяр салаавч гаргаад жилийн тэнсэн ял авлаа. Гэтэл тэрнээс илүү хорлонтой ажил яваад байна ш дээ. Сайншандад үйлдвэр барьж болохгүй гэдэг үлгэр. Одоо хар л даа, далай дээр хиймэл газар байгуулаад, тэр газар дээрээ үйлдвэр, нисэх буудал бүгдийг барьж байна. Тэр Инчоныг хар. Далай дээр. Малайзыг хар, Сингапурыг хар. Бараг саран дээр хот барих гээд байгаа юм биш үү. Усгүй газар.

Ер нь бодлогогүй байсан юм бодлоготой болоод ирэхээр л сандарч байгаа юм л даа. Энэний төлөө их олон улстөрч бараг амиа золиослоход бэлэн байна. Энэ улс бодлоготой болчих вий гэж. Уг нь өрх гэр хүртэл бодлоготой байдаг шүү дээ.

-Одоо засгийн эрх барьж байгаа улстөрчдөд ч ийм бодолтой хүн байгаа гэж та бодож байна уу?

-Би түрүүн хэллээ. Энэ вирус их амархан очиж наалддаг вирус шүү. Үүнээс хэвлэл мэдээлэл хамгаалж байх ёстой юм. Тэгтэл хэвлэл мэдээлэл маань бас вирустчихсан. Үүнийг л би дахин дахин яриад байгаа юм. Мөн ч их ярилаа даа.

-Харин одоо ярихаа байчихсан юм биш үү?

-Одоо ажлаа хийе гэж бодож байна. Ардчилсан нам 1996 оноос хойш олон жил сөрөг хүчний рольд байлаа. Одоо сөрөг хүчний ролио бүтээн байгуулагчийн оройлолд хувиргах хэрэгтэй байгаа юм л даа. Харин нөгөө нам сөрөг хүчин болж хувирах хэрэгтэй. Гэхдээ тэдэнд энэ их хэцүү л дээ. Их тансаг байдалд байсан, энэ улс орныг бодлогогүй байлгах гэж авч явж байсан улс чинь сөрөг хүчин болох хэцүү. Одоо арга ядахдаа махны үнэ ярьж байна. Өөрсдийг нь эрх барьж байхад махны үнэ хорин хэдэн хувиар өсч байсантай харьцуулахад зургаан хувиар өссөн байх жишээтэй. Ориг сөрөг хүчин болж хувирахад 10-15 жил хэрэгтэй л дээ.

-МИАТ хувьцаат компани тойрсон том сэдэв өнөөдөр яригдаж байна. Энэ хэргийн учиг зангилаа хаанаа хүрч тайлагдах юм бэ. Та ямар нэг зүйл мэдэж байгаа байх, салбарынх нь сайд байсны хувьд.


-Агаарын тээвэр Монгол Улсын бодлогод их чухал зүйл юм. Тухайн үед энэ бодлогыг ярьж байхад бид засгаас гараад явчихсан. Сонгуулийн дараа АН олуулаа болсон учраас одоо бодлогыг гаргах болж байна. Одоо хэлэлцэж байгаа бодлогын талаар хэвлэлээр нэгэнт мэдээлж байгаа учраас би олон зүйл тайлбарлаад яахав. Хамгийн гол нь төр 51 хувиа авч үлдээд 49 хувийг нь үнэд оруулаад зарья гэдэг санаа юм. МИАТ-ийн Дайны эрсдлийн сан гэдэг зүйлийг 2007 оноос хэрэгжүүлж байсан нь 2011 оны нэгдүгээр сараас сөхөгдөж эхэлсэн. Тухайн үед бид асуудлыг гаргаж тавиад Япон руу хүртэл хүн явуулж байсан. Тэр сан гэдэг нь юу байна, хараад ир ээ гэж. Тэгэхэд юу болсон нь дараа тодорхой гараад ирнэ биз. Тэр МИАТ-ийн захирал байсан Эрдэнэбилэг, Хоролсүрэн, Иргэний нисэхийн Батмөнх нарыг бүгдийг нь ажлаас халж байсан, ийм хүмүүстэй ажиллахгүй гэж. Үүнээс болоод ТӨХ-ны дарга Д.Сугартай муудалдаж байсан юм. Тухайн үеийн хэвлэлийн мэдээллийг шүүвэл бүгд л байгаа. Дараа нь Орхон гэж дарга тавигдсан. Мань эр өөрөө болохоор энэ бүхнийг зогсоосон гэдэг юм. Гэхдээ мэдэхгүй байна.

-Дуулиан үүсгэж энэ компанийг үнэ цэнэгүй, нэр хүндгүй болгож байгаад хямдхан худалдаж авах гэсэн бүлэглэлүүд нэг бус бий гээд байгаа. Тэр бүлэглэл дунд таны нэр багтаж байгаа?

-Намайг юу гэж хэлэх нь хамаа байхгүй. Намайг очиход л тэр даатгалын асуудал байсан. Илчилж гаргасан энэ тэрийг цаасаар нотольё. Ер нь төрийн өмчийн компаниудад ийм хулгай зэлгий адилхан байгаа нь тодорхой.  Үүнийг хувьд өгөх замаар л цэгцэлье гэж зорьж байгаа. Тэр “Монголиан Айрлайнес” компанид яагаад зөвшөөрөл өгсөн бэ гэвэл орон нутгийн нислэгийн тийзний үнэ асар өндөр байсан. Орон нутагт нислэг үйлддэг “Аэро Монголиа”, “Изинэс” гээд хоёр компани байсан. Хоёулаа хуйвалдаж байгаад үнэ буулгадаггүй. Баруун аймгуудад тийзний үнэ онцгой өндөр, тэр дунд Баянхонгор аймаг багтдаг байсан. Ховд явдаг УИХ-ын дарга Д.Дэмбэрэл байсан. Увс руу Ц.Нямдорж нисдэг байсан. Үүнийгээ өөрөө ч ярьдаг байсан шүү дээ. Бээжин орох үнээр орон нутагтаа нисээд байна, үүнийг дийлдэг хүн гэж алгаа гэж Дэмбэрэл дарга ч ярьж байсан. Би Баянхонгор аймагт хоёр зүйл л амласан. Нэгдүгээрт нийслэлтэй буюу Өвөрхангайтай хатуу хучилттай замаар холбоно, хоёрдугаарт онгоцны тийзний үнийг буулгана гэж амласан. Амлахаас илүү иргэд хүссэн зүйл юм. Тийм учраас “Монголиан Айрлайнес”-ийг зөвшөөрөл хүсэхэд нь энэ монополийг задалж, иргэдэд хямд үнийн сонголт гаргаж өгч чадах уу л гэдэг нөхцөл тавьсан. Хэрвээ би тэр компанид хувь эзэмшдэг байсан бол өөрийнхөө сонгуулийн сурталчилгааны сэтгүүл дээр тэр компанийн онгоцонд яваа зургаа нийтлэх үү. Ашиг сонирхлын зөрчлөөс айгаад харин ч нууна биз дээ.

-Улсын үйлдвэрийн газруудыг танай яам хариуцаж байгаа. Ихэнх нь ийм замаар улстөрчдөд тоногдоод дуусч байгаа гэж харддаг?


-Ер нь бол хувьчилж эзэнтэй л болгохгүй бол болохгүй юм. Яагаад гэхээр манай тогтолцоо тийм. Хэн Ерөнхий сайд болж байна, улсын үйлдвэрүүдийн даргаар улстөрч хүн томилогдож байна. Нөгөө дарга нь миний дээр Ерөнхий сайд байгаа юм чинь гээд янз бүрийн идээ уугаа, өр төлөх барих гээд асуудал бүүр хүндэрдэг юм билээ л дээ. Одоо манай яамны харьяанд ТӨХ ажиллаж байгаа. ТӨХ-ны тайлангаас харахад төрийн өмчийн бүх компаниуд бараг дампуурах хэмжээнд хүрчихсэн байгаа юм байна. Үүнд хэн буруутай вэ, бид буруутай. Тэр дарга намайг тавьсан юм чинь би мундаг хүн гээд ТУЗ-даа ч захирагддаггүй юм байна. Тэрний нэг бодит жишээ нь МИАТ юм.

Мөнгө угаасан хэрэгт холбогдож, баригдаж хоригдсон хүмүүсийг би нэмж муулаад яахав. Миний ойлгож байгаагаар хууль зүйн яам гэдэг маань энэ улсад болоод байгаа буюу болох гээд байгаа гэмт хэргийн нөхцөлөөс  хамгаалж явах ёстой байх. Төрийн өмчийн компаниуд намуудад мөнгө өгдөг, нам нь мөнгийг нь авчихсан учраас гэмт хэрэг хийхэд нь нүдээ дараад өнгөрдөг байдалтай. Хувь хүндээ биш манай тогтолцоонд байгаа юм. Тэр үед хэн сайд байсан нь хамаатай л даа. Гэхдээ тогтолцоондоо их юм бий. Юу гэдэг юм бэ дээ. Нам байр барихад хэн хэдийг өглөө гээд л асар их баян хүмүүс гараад ирсэн. Сонгууль болоход мөн адил ийм баян хүмүүс гараад ирдэг. Дараа нь энэ өр дарагддаг, тэгэхдээ төрийн өмчийн компаниас хийгддэг. Энэ тогтолцоог эвдэхгүй бол аль ч нам нь байсан ийм юм руу ороод л явна.

-Өнөөдрийн зарим хэвлэлээр таныг Ерөнхий сайд болохоор хөөцөлдөж байна гэж бичсэн харагдсан?

-Албаар ийм мэдээлэл гаргадаг юм. Ингээд гараад ирэнгүүт өнөөгийн Ерөнхий сайд “Баттулга намайг яах гэж байна вэ” гэж харна. Дотор нь хагаралдуулах гэж хэдхэн хүн ийм зүйл хийдэг юм. Үүнийг бүх хүн мэдэж байгаа. Би хүртэл уншаад гайхаж байгаа юм чинь. Одоо бидэнд албан тушаал хангалттай. Би хоёр Ерөнхий сайдтай ажиллаж үзлээ. Н.Алтанхуягт авууштай нэг сайн чанар байдаг юм байна. Багш болоод ч тэр юм уу, аливаа ажил,  асуудлыг өөрөө судалж үздэг. Хүнээр хийлгээд тэрийг нь дамжуулж ярьдаг биш өөрөө дотор нь ордог сайн чанартай. Ардчилсан намд өнөөдөр албан тушаал булаалдахаас илүү ажил хийх нь чухал байгааг дахиад хэлмээр байна.