“Mongolian Airlines Групп” компанийн гүйцэтгэх захирал Б.Баяртай ярилцлаа.

-“Mongolian Airlines Group” компанийн захиралтай ярилцах шалтгаан юу болохыг Та ойлгож байгаа байх аа. Хуулиар шалгагдаж байгаа асуудалд танай нэр холбогдсон учраас...

-Хуулийн байгууллагаас хэрэг үүсгэсэн МИАТ-ийн гэх асуудалд манай компанийг холбож, шалгасан зүйл байхгүй шүү дээ. “Mongolian Airlines Group ” компанийг үүсгэн байгуулалцсан хүмүүсийн нэг Ч.Хоролсүрэнг цагдаж, шалгаж байгаа нь үнэн. Гэхдээ түүнийг “Mongolian Airlines Group” -ийн Ерөнхий захирлын хувьд биш МИАТ-ийн удирдлагаар ажиллаж байсны хувьд шалгах, мэдүүлэг авах шаардлага гарсан гэж бид ойлгож байна. Хуулийн байгууллага шалгах, мэдэх зүйлээ мэдээд хэргийн үнэн зөвийг тогтоох нь гарцаагүй. Шүүх нотлоогүй байхад хэн нэгнийг гэмт хэрэгтэн мэтээр зарлан мэдээлэх, тэр хүнтэй холбоотой юм бүхнийг хэрэгт хамаатуулж ойлгох нь зохисгүй юм.

-Монголын нисэх салбар хөгжих биш уруудах замаар явж иржээ гэж хүмүүс ойлгоход хүрч байна. Төрийн өмчийн, нэр хүндтэй компани нь гэмт хэргийн сүлжээнд орсон, хувийн компани нь луйвар хийх гэж байсан гэж хэвлэлээр бичигдэж байна?

-Монголд иргэний нисэхийн салбар хөгжих ирээдүй дөнгөж эхэлж байна. Би энэ салбарын ирээдүйг тун өөдрөгөөр харж ирсэн, өнөөдөр ч энэ бодолдоо улам бүр итгэлтэй болж байна. Яагаад гэхээр дэлхий улам бүр даяаршиж, эдийн засгийн хөгжил хурдасч, улс орнуудын харилцаа холбоо улам ойртон нягтарч байна. Үүнийг дагаад дэлхийн нэг талаас нөгөө тал руу хол, ойрыг үл харгалзан онгоцоор зорчих ажил хэрэгч хүмүүс, амрагч, аялагчдийн тоо сүүлийн хэдэн жилд санаанд оромгүйгээр нэмэгдсэн. Нисэхийн салбар, нислэгийн компаниудын ажил, ачаалал нэмэгдэж байна. Бизнесийн утгаар бол зах зээл тэлж, хэрэглэгчийн тоо өсч байна гэсэн үг. Үүнтэй зэрэгцээд Монголын эдийн засаг, уул уурхайн салбарын эрчимтэй хөгжил хүмүүсийг даллан дуудаж эхэлсэн. Цаашид олон орны анхаарал, хөрөнгө оруулалтыг татна гэж тооцоолбол зорчих хөдөлгөөн хаана нэмэгдэх вэ? Далайд гарцгүй Монголд нисэх тээвэр хөгжих ирээдүй ч байна, стратегийн ач холбогдол ч байна. Харин энэхүү хэрэгцээ, шаардлагад нийцсэн төрийн бодлого зохицуулалт үнэндээ дутагдаж байна. Энэ салбарт нүүрлэсэн төрийн бодлого, зохицуулалт, менежментийн алдаа дутагдал, сэтгэл дутсан хандлагаас үүдсэн сөрөг үзэгдлийн буруутан нь МИАТ ч юм уу, хөлөө олж ядаж байгаа хувийн хэдэн компани болж хувираад өнгөрвөл Монголын иргэний нисэхийн салбар хөгжих биш уруудна. Өнөөдрийн хүрсэн төвшингөө ядаж хадгалах ёстой. Байдал тийм ч муугүй байна шүү дээ. Орон нутгийн нислэгийн үнэ тариф манай компанийн нислэг хийгдэж эхэлсэнээс хойш 30 хувиар хямдарч, дотоодын зорчигчдын тоо 30 хувиар өссөн байна. Өнөөдөр МИАТ-ээс гадна “Изинес”, “Аэро Монголиа” компани, манайтай нийлээд гурван хувийн компани үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрийн өрсөлдөөн хөгжил дагуулж байгааг дээрх статистикаас харж болох юм.

-Өрсөлдөөн цэвэр шудрага байж чадаж байна уу. Танайхыг тухайлбал, МИАТ-тэй өрсөлдөж, унагах гэж байсан, зарим чиглэлийг нь булааж авсан гэх мэтээр ярьж байна.

-МИАТ компанийн нислэгийн нэг чиглэл болон огт нислэг үйлддэггүй зарим чиглэлд бид орон зай олох, өрсөлдөөн бий болгохыг чармайсан. Канадаас Оюутолгой руу ирэх зорилготой хүмүүс байлаа гэхэд МИАТ Улаанбаатарт авчираг, “Mongolian Airlines” Өмнөговь аймаг руу хүргэе. Ийм байдлаар хамтран ажиллаж, цаг үеийнхээ шаардлагад нийцсэн үйлчилгээг Монголын иргэний нисэхийн салбарт бий болгох ёстой гэж бид үздэг. Өрсөлдөөн дундаас үйлчлүүлэгч л хождог шүү дээ. Агаарын тээвэр бол дэд бүтэц. Дэд бүтэц сайжрах тусам үүнийг дагаад иргэд, аж ахуйн нэгжийн бизнесийн хурд, эргэлт нэмэгдэнэ. Бизнес, хөрөнгө оруулалт, өмч хөрөнгийнх нь үнэ цэнэ өснө. Монгол Улсын иргэний нисэхийн салбарын бодлого, зорилго энэ л байх ёстой болов уу.

-Өрсөлдөөнийг бас арай өөр утга агуулгаар хэрэгжүүлж болдог бололтой.  Тухайлбал, гол өрсөлдөгчөө татаж унагах замаар. МИАТ-ийн хувьчлалд санаархаж байсан бүлэглэлүүд бий гэж бичээд байна. “Mongolian Airlines Group” МИАТ-ийн хувьчлалд бэлтгэж байсан юм уу?

-МИАТ-ийн хувьчлалд “Mongolian Airlines Group” огт оролцохгүй. Анхнаасаа ч тийм санаа байгаагүй. Үүний нотолгоо бол манай компанийн агаарын хөлгийн парк, инженерингийн шийдэл, үйл ажиллагааны технологи юм. Компани байгуулсан шалтгаан нь  МИАТ-ийг хувьчилж авахад зориулагдсан байсан бол МИАТ-ийнхтай яг ижил төстэй байх байлаа. Тэгсэн бол дараа дараагийн үйл ажиллагаа хялбар, хөрөнгө оруулалт хамаагүй хямд тусна шүү дээ. Тэгэхээр анхнаасаа огт өөр шийдлийг сонгосноос эхлээд өнөөдрийг хүртэлх бүх үйл ажиллагаа маань МИАТ-ийн хувьчлалаас хамаагүй хол явж ирсэн.

“Mongolian Airlines Group” компани Европын онгоц үйлдвэрлэгч “Аэробус” компанитай хамтран ажилладаг. МИАТ АНУ-ын үйлдвэрлэгч болох “БОИНГ” компанитай хамтран ажилладаг. Өөрөөр хэлбэл нэг нь “Аэробус” үйлдвэрийн онгоц, нөгөө нь “БОИНГ” үйлдвэрийн онгоц ашигладаг. Энэ хоёр үйлдвэрлэгч дэлхийн зах зээл дээрх хамгийн том хоёр үйлдвэрлэгч бөгөөд ашигладаг технологи, инженерингийн шийдлүүд нь огт өөр. Үүнийг дагаад манай хоёр компанийн нисэх парк, түүний техникийн засвар үйлчилгээ, ажилтангуудынх нь дадлага туршлага өөр. БОИНГ онгоцны нисгэгч Аэробус онгоц жолоодож чадахгүйтэй адил Аэробусын нисгэгч БОИНГ онгоц хөөргөж чадахгүй. Хэрэв аль алин дээр нь сургая гэвэл тухайн нисгэгч бүрийг 50-60 мянган ам.долларын үнэтэй сургалтад дахин хамруулж, дадлагажуулах шаардлагатай байдаг. Тэгэхээр боловсон хүчний нөөц маань хүртэл тус тусдаа бэлтгэгдэнэ, нэгээс нөгөөд хувиргая гэвэл дахиад шинээр нисгэгч бэлтгэх хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай болно. Өөрийн компанийн үйл ажиллагааг хөгжүүлье, зах зээлийг монголын нэг компаниар нэмэх, энэ дундаас улс орны хөгжил, нэр хүнд шалтгаална гэж бодож, зорьж ирснээс биш үүнээс цааш илүү зүйл харж, өөрсдийнхөө нөөц бололцооноос давсан зүйлд санаархаж байсангүй.

-Монголд агаарын зорчигч тээвэр хөгжих боломж байгааг гадныхан илүү харж, мэдэрч байгаа санагддаг. Маш олон авиакомпани Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдээд ашиг олоод байгаагаас харахад л ойлгомжтой байна шүү дээ?

-Тийм. Өнөөдөр БНСУ-ын “Кореан Аэрлайнес”, БНХАУ-ын “Аэр Чайна”, ОХУ-ын “Аэрофлот”, сүүлд нэмэгдээд Туркийн “Туркиш Аэрлайнес” компаниуд Монгол руу нислэг үйлдэж байна. Мөн өөр бусад гадны компаниуд нислэг нээх судалгааг идэвхтэй хийж, албан хүсэлтээ гаргах болсон. Лав л БНСУ-ын  “Асиана Аэрлайнес” компани Монгол руу нислэгийн эрх авахаар сүүлийн арваад жил лобби хийж байгаа. Дээрх компаниуд нислэгийн давтажаа нэмэгдүүлэх, онгоцны хэмжээгээ томруулах хүсэл, эрмэлзэлтэй байна. Яагаад гадныхан сонирхож, өрсөлдөж байгаа зах зээлд монголын, дотоодын компаниуд хөлөө олж болохгүй гэж. Өөрийнхөө улсад үлдэх ёстой мөнгийг гадныханд алдаад дуусах тийм л ирээдүйг хүсээгүй юм бол одоо л цэгцэлж авах цаг нь болсон. Өнөөдөр хэвлэлээр гарч байгаа худал ташаа мэдээлэл, гуйвуулсан баримтууд, улстөржсөн дүгнэлтүүд төрийн өмчийн МИАТ-ийг ч, хувийн хэвшлийн авиакомпаниудыг ч сульдааж, эцсийн дүндээ Монгол Улсад л муугаар нөлөөлнө. Гадныханд идүүлээд л дуусна.

-Нисэхийн бизнес маш өндөр үр ашигтай учраас зах зээл, бизнесээ булаалдсан лобби дээрх хэргийн ард яваад байна уу гэсэн таамаглал байгаа?

-Агаарын тээврийн салбар өртөг, зардал өндөртэй бизнес шүү дээ. Хүмүүс ашигтай гэж хардаг юм. Аргагүй байх л даа. Хүмүүс онгоцоор нисэх гэж хуримтлал үүсгэж байж тийз худалдаж авдаг. Тийм болохоороо хүн бүрээс ийм их мөнгө авч байгаа юм чинь энэ компани их ашиг олж байна гэж ойлгодог юм. Гэтэл үнэн хэрэгтээ иргэний агаарын тээвэр нь аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын шаардлага маш өндөр байдгийн улмаас  зохицуулалт ихтэй. Өнөөдөр Монгол Улсын Нисэхийн тухай хууль, Иргэний нисэхийн дүрмүүд болон Олон улсын агаарын тээврийн байгууллага, Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбооны болон бусад холбогдох байгууллагуудын олон тооны дүрэм журам, заавар, зөвлөмжүүдийг үйл ажиллагаандаа мөрдлөгө болгох шаардлагатай байдаг. Энэ хэрээр сахилга бат, хариуцлага яригддаг учраас нийт мэргэжилтэн, ажилтнуудаас нөр их хөдөлмөр, тэвчээр гаргах хэрэгтэй байдаг. Тэрнээс гадна их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг бизнес. Тийм ч учраас манай улсын хувийн хэвшлийн Бодь, МАК зэрэг тэргүүлэх компаниуд хөрөнгийг гаргаж, эрсдлийг үүрч байгаа. Бид МИАТ-ийн нэр дээр үүссэн хэрэг зөрчил, түүнийг дэвэргэж байгаа улстөржилтээс болоод хөрөнгө оруулалтаа, нэр хүндээ, хүний нөөцийнхний нөр их хөдөлмөрөө эрсдэлд оруулмааргүй байна. Хэвлэлээр бичигдээд байгаа улстөрчидтэй “Mongolian Airlines Group” компани эрх ашгийн ямар ч холбоогүй гэдгийг хэлье. Ажил хэргийн холбоотой байхаас өөр аргагүй албан тушаалтнууд тэр дунд бий. Үүнийг ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй. Тухайлбал, “Mongolian Airlines Group” компани өөрийн зүгээс хангалттай бэлтгэл хийж, аюулгүй ажиллагааны шаардлагуудыг биелүүллээ, техникийн боломж, чадавх хангагдлаа гэж үзээд Хонгконг, Шанхайн чиглэлийн нислэгийн эрх хүсч, үүнд Засгийн газар томилгоо хийсэн. Энэ томилгоог хийх эрх үүрэгтэй нь хувьд салбарын сайд байсан Х.Баттулга  шийдвэрийг баталсан. Түүний оронд уг албыг хэн ч хашиж байсан томилгоог зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн аливаа шийдвэрт гарын үсэг зурж таарна. Энэ бүхнийг битгий хар сэр болгооч. Эцсийн үр дүндээ дээрх томилгоо Монгол Улс, монголчуудад л хэрэгтэй. Дэлхийн нэг том хаалга, гарцыг нээж өгсөн. Цаашид ийм эрх олгох буюу нисэхийн хэллэгээр томилгоо хийх гарц олон байгаа. Яагаад өнөөдөр АНУ руу нисэх хүн заавал Сөүлээр дайрдаг юм бэ. “Кореан Аэрлайнес”-ийн онгоцоор нисч байгаа болоод л тэр шүү дээ. Уг нь тэр хүн шууд л АНУ руу нисэх хүсэлтэй,  шаардлагатай байгаа. Бид өөрсдөө шинэ хаалгаа нээж, дэлхийг хэрсэн нисэхийн сүлжээнд үндэсний компаниудаа холбох ёстой.

-МИАТ компанийн нэрийг, түүхийг  “Mongolian Airlines Group”  өмчиллөө гэж шуугиж байна. Үүнд тайлбар өгөөч...

-Иргэний нисэхийн түүх Монгол улсад 1956 оноос эхэлсэн. Тэр үеэс нислэгт ашиглаж байсан АН-2 онгоц болон үүнийг дагасан хүн, хүчний нөөц бүхий  онгоцны хэсгийг МИАТ компани 1994 онд тусад нь салгаж, дараа нь хувьчилсан. 2006 онд төрийн өмчийг хувьчлах Засгийн газрын шийдвэр гарч, нээлттэй дуудлага худалдааны ялагчаар “Моннис Интернэшнл” ХХК тодрон “Агросервис” төрийн өмчит үйлдвэрлэлийн газрын өмчлөх эрхийг авсан. Харин энэ компанийг бид 2011 онд Моннис -ээс худалдан авч, “Mongolian Airlines Group” ХХК болгон шинэчлэн зохион байгуулж, агаарын хөлгийн паркийг нь хоёр ширхэг Фоккер-50 хөлгөөр нэмэгдүүлэн хууль, дүрмийнх нь дагуу агаарын тээвэр эрхлэх тусгай зөвшөөрлийг авч байлаа. Одоо хүртэл АН-2 онгоцны хэсэг маань “Mongolian Airlines Group” компанийн харъяанд үйл ажиллагаа явуулж, хөдөө аж ахуйн зориулалтаар ашиглагдсаар байгаа болохоор бид энэхүү онгоцны түүхийг маркетингийн зорилгоор ашиглах бүрэн эрхтэй. Тэгэхээр үүнийг бидний эсрэг гуйвуулан ашиглаж, биднийг өрсөлдөөний талбараас шахах арга саам хайсан хүмүүс үйл явдлыг далимдуулан хонжоо хайгаад байна уу даа гэж харж байна. Таамаглаж байгаа хүмүүс ч бий. АН-2 онгоц өөрийн давтагдашгүй давуу талуудтай, хүч сайтай, бага хурдтай, хөнгөн, тогтвортой гээд... Тийм болохоор тийм ч амархан зайгаа тавьж өгөхгүй. Ашиглалтын хугацаагаа дуустал ниссээр байх болно. Ер нь дэлхийн ихэнх улс орнууд хоёр болон түүнээс дээш томхон авиакомпанитай байдаг. Зэрэгцэн оршоод, хоршоод байж болдог. Тэгэхээр МИАТ манай хоёрыг битгий муудалцуулах гээд бай л даа...

-“Mongolian Airlines Group” болон МИАТ компани нэр давхацсан гэж үздэг. Бас л маркетингийн арга уу?

-Монголиан Аэрлайнес буюу латин галигаар “Mongolian Airlines” гэж бичигдэх нь МИАТ ХК-ийн “МИАТ Mongolian Airlines” гэж бичигдэхтэй адилхан байгаа нь үнэн. Гэвч МИАТ ХК энэхүү латин галигаар бичигдэх нэрээ Монгол Улсын бүртгэлийн газар болон бусад байгууллагуудад бүртгүүлж баталгаажуулсан эсэх мэдээлэл бидэнд байхгүй. МИАТ компани нь латин галигаар “MIAT” гэх дэлхий нийтэд танигдсан брэнд нэртэй. Харин энэ нэрээ онгоцны гадна будагнаасаа саяхнаас буулгачихсан харагдана лээ. Манай компанийн хувьд бидний маркетингийн нэр Монголиан буюу  “Mongolian”, англи хэлээр “монголчууд” гэсэн үг. Тийм ч учраас бид компанийн бэлэгдэл логогоо эртний монголчуудын шүтээн болох нар, сар, марал буга, шонхор шувуугаар төлөөлүүлсэн. Харин Аэрлайнес буюу “Airlines” гэдэг нь агаарын зам, шугам буюу авиакомпани гэсэн утгыг төлөөлдөг. Агаарын зам, авиакомпани гэсэн утгатай “Airlines” үгийг дэлхийн ихэнх компаниуд хэрэглэдэг юм. Тухайлбал Оросын “Aeroflot Russian Airlines”, Германы “Lufthansa German Airlines” гэж байдаг. Манай хувьд оноосон нэр маань “Монголиан”, тэгээд айрлайнес. Аэрлайнес гэдэг үгийг хэн нэгэн өмчилж, зохиогчийн эрхийн маргаан хийхэд утгагүй л дээ. Олон улс, агаарын шугамд манай хоёр компани тэс өөр дуудлага, кодтой. Андуурах, будилах боломж байхгүй.

-Танай компанийн үйл ажиллагаа өнөөдөр хэвийн явагдаж байгаа биз дээ.

-Бүх зүйл хэвийн. Өөр ямар байх ёстой юм бэ. Яалаа гэж доголдох юм бэ?
Ердийнхээ горимоор нислэгээ үйлдээд явж байна. Саяхан нийт ажилтнуудтайгаа яриа хийж, хариуцсан ажилдаа анхаарлаа төвлөрүүлж ажиллахыг шаардсан байгаа. Аюулгүй ажиллагаа, байдал хамгаас чухал. Өнгөрсөн долоо хоногт шинээр байгуулагдсан Оюу Толгойн Ханбумбат аэрпорт руу А319 гэдэг том  онгоцоороо техникийн нислэг хийлээ. Үнэхээр сайхан юм говьд хийсэн байна.
Манай компани орон нутагт маш их нэр хүндтэй. Дахиад нислэгийн шугам нээгээч, нислэгийн тоогоо нэмээч гэсэн хүсэлтэд дарагдаад л байж байна. Одоогоор бид Увсын чиглэлийн нислэгийг судалж байна, удахгүй нислэгээ эхлэх байх. Эрэлт хэрэгцээ их байгаа тул онгоцныхоо тоог тун удахгүй нэмнэ. Манайх энэ бүх үйл явдлаас болоод доголдох, дампуурах шалтгаан байхгүй л дээ. МИАТ, манайх хоёр адилхан дөрвөн онгоцтой. Гэхдээ МИАТ 800 ажилтантай бол манайх дөрөв дахин бага буюу 200 ажилтны цалин, нийгмийн асуудлыг шийдвэрлэдэг. Энэ их зөрөө шүү.