Монголын нийслэл Улаанбаатараас хойшоо 200 км-т 40 орчим тонн нөөцтэй Бороо хэмээх алтны орд бий. ХХ зууны эхээр францын болон америкийн компани энд алт ухаж байжээ. Сүүлд коммунизмын үед зүүн германчууд нэлээд олон жил ажилласан юм. Гэвч уулын хүнд нөхцөлтэй, дэд бүтэц үгүй, газрын мухарт байдаг энэ газар технологийн болон санхүүгийн бэрхшээлээс болоод өнгөн ашиглалт л хийж байжээ. 1998 онд Австралийн нэгэн компани ашиглах эрхийг нь авсан боловч зүрхшээгээд Канадын Сентерра гоулд компанид шилжүүлсэн байна. Алтны үнэ 220 доллар болтлоо унасан тэр үед хөрөнгө оруулалт ашиггүй байсан тул Засгийн газартай нь ярьж алтны онцгой татварыг нь үгүй болгосны эцэст ашиглалт эхэлжээ.
 
Одоо уг компанид ажиллаж байгаа ажилчид ажил хаян улмаар өлсгөлөн заралсан байна. Шаардлага нь их хачирхалтай. Дундаж цалин нь 250 орчим доллар байдаг энэ ядуу орны иргэдээс уг уурхайн ажилчид дундачаар 4-5 дахин илүү цалинтай байдаг. Гэвч монгол хүний хөдөлмөрийг хямд шулж байна, нөгөөтэйгүүр энэ баялаг бол Канадын биш Монголын баялаг гэх үндэслэлээр нөхөн төлбөр шаардаж байгаа аж. Тэд 10 сая доллар нэхэж байна. Сентерра гоулд айсандаа энэ оронд мөрдөгддөг хөдөлмөрийн хуульд зааснаас гурав дахин их мөнгө буюу 1.6 сая доллар өгөхөд бэлэн гэжээ. Ажилчид үүнийг чамалсан төдийгүй шаардлага нь илүү улс төрийн шинжтэй болж канадчуудыг эх орноосоо нэгмөсөн хөөж байна. Тэд гадаадын шунахай капиталистууд улс орныг нь мөлжиж алтыг нь үнэгүй зөөж дуусаж байна гэж энэхүү улс төржсөн шаардлагаа тайлбарлаж байгаа юм. Үнэндээ Сентэрра гоулд энэ оронд үйлчилж байгаа хуулийн дагуу ил тод тохиролцоо гэрээгээр ажиллаж байгаа ба өнгөрсөн 6 жилд нийттээ 800 орчим сая долларын эргэлт хийсний тэн хагас нь янз бүрийн татварын хэлбэрээр Монголд ноогджээ. Энэ уурхай татвар төлөлтөөр оросуудтай хамтарсан зэсийн уурхай Эрдэнэтийн дараа хоёрдугаарт ордог.    
    Асуудал нарийндаа ажилчдад байгаа биш аж. Сентерра гоулд нэгэнт авчирч босгосон техникээ ашиглан Гачуурт хэмээх газар дараагийн хөрөнгө оруулалт хийхээр Засгийн газартай тохирсон аж. Авилгаар дэлхийд тэргүүлж байгаа энэ орны улс төрийн тодорхой бүлэглэл уурхайчдаар канадчуудыг хөөлгөөд нэгэнт хайгуул судлагаа нь хийгдсэн Гачууртын ордыг булааж авах гэж байгаа аж. Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах гэрээгээр хүлээсэн үүрэгтэй Монголын засгийн газар ажилчдыг чимээгүй дэмжиж, харин хээл хахуульд идэгдсэн мэдээллийн хэрэгслэлүүд эх оронч уриа лоозонгоор дуу шуутай уралдан дэмжинэ. Зарим эх сурвалжаас үзвэл ажилчдыг хатгаж санхүүжүүлж байгаа бас нэг эх үүсвэр нь энэ оронд алтны уурхай ажиллуулж байгаад татварын маргаанаас болж баривчлагдах дээрээ тулж зугтаж гарсан оросын бизнесмэн нэгэн аж. Тэрээр мөн л Монголын засгийн газартай тохирч хууль ёсоор ажиллаж байтал “гэнэтийн ашгийн татвар” гэдгийг монголчууд гэнэт бодож олоод ашгийнхаа 68 хувийг хураалгахыг шаарджээ. Орос бизнесмэн одоо Монголын засгийн газрыг олон улсын шүүхэд өгч тэрбум гаруй доллар нэхэмжилж байгаа.
 

 Гэвч ажил хаясан уурхайчдын араас дэмжих хамгийн том хүчин зүйл нь хөрш хоёр орных нь геополитик юм. Сүүлийн 400 жил Орос, Хятадын хооронд буферийн үүрэг гүйцэтгэж энэ хоёр аврага гүрний нөхөрлөл, дайсагналцалаас хамааран аль нэгнийх нь протектрат эсвэл вассал, сателит болж ирсэн ердөө 2.6 сая хүнтэй энэ хоцрогдсон орон цаг уурын маш хүнд нөхцөлтэй, хэт эрс тэс уур амьсгалтай, далайгаас 1500 метрт өргөгдсөн, маш хуурай, дэд бүтэц үгүй газар билээ. Олон улсын жишгээр ганцхан хоттой, тэнд нь хүн амынх нь тэн хагас нь суудаг, гэтэл газар нутаг нь Францаас гурав дахин том. Дэлхийн хоёр дахь коммунист энэ орон хүйтэн дайн дуусахад ардчилал, зах зээлийн тогтолцоонд шилжсэн. Харин энэ далимаар Орос, Хятад гэсэн хоёр хөршдөө геополитик утгаараа хориод жилийн турш таг мартагджээ. Энэ хооронд Өрнийн орнуудтай зузаан холбоотой болж, тэднээс байнга зээл тусламж авна. АНУ-тай цэргийн салбарт хүртэл хамтран Иракт цэргээ илгээсэн ба удахгүй монгол дайчид Афганистанд үүрэг гүйцэтгэхээр очино.
    Хүйтэн дайны дараа буй болсон хоосон орон зайг бөглөхийн тулд Орос, Хятад хоёр Шанхайн хамтын ажиллагааны гэх улс төр, эдийн засаг, цэргийн холбоо байгуулсанд Монгол өрнийхний ятгалгаар одоо болтол нэгдсэнгүй.  Афганистаны дайныг далимдуулж Киргиз, Узбекстанд цэргийн баазаа байгуулчихсан байсан америкчуудыг шанхайнхан амжилттай хөөж гаргалаа. Хуучин Зөвлөлтийн эзэнт гүрэнд хамаарч байсан Дунд Азийн орнуудад АНУ-ын эрх ашиг орж ирэхгүй гэдгийг ч үүний өмнө Кондализ Райзаар Москва зөвшөөрүүлж чадсан.
   

Монгол бол Орос Хятадын хооронд шаалттай өргөс юм. Урьд зөвлөлтийн, сүүлийн 20 жилд өрнийн геологчидийн хайгуулийн үр дүнд энэ орон асар их байгалийн баялагтай болох нь мэдэгдсэн. Саяхи хямралын өмнөхөн Монголын байгалийн баялагийг зарим эх сурвалж ихнаяд доллароор үнэлж байлаа. Иймээс ялангуяа АНУ, Канад, Австрали, Английн уул уурхайн компаниуд өөрийн эрхгүй ийш анхаарлаа хандуулж, хайгуулын ажил нэлээд хийсэн байна. 2002 оны ганц жилд тэдний зүгээс зөвхөн хайгуулд 100 сая доллар хаяжээ. Үүний оргил нь канад геологичид Монголын говиос дэлхийн хамгийн том зэсийн орд олсон юм. Зэс нь 72 тэрбум унци, алт нь 30 сая унци энэ орд бол үнэхээр геологийн түүхэнд гарсан томоохон нээлтийн нэг мөн.
Монголын дэд бүтэц, уул уурхайн төслүүдийн зах зээлийн багтаамжийг барагцаалж дээрхи Оюу толгойн орд, коксжих нүүрсний Таван толгойн орд, Транс Сибирийн паралель төмөр зам, шинээр баригдах онгоцны буудал, Казахстан Хятадыг холбох 1550 км хар зам, дагалдах эрчим хүчний төслүүдийг тооцвол ирэх 15 жилд нийт 29 тэрбум долларын хөрөнгө оруулалт шаардагдаж байгаа юм. Үүнийг Монгол дотоодоосоо ядахнаа тавхан хувийг нь ч санхүүжүүлэх боломж байхгүй нь ойлгомжтой. Иймээс зайлшгүй гадаадын нэр хүнд бүхий хөрөнгө оруулалтын банкууд, үндэстэн дамнасан корпорациуд ба хувийн том хэмжээний бизнес эрхлэгч нар Монгол улсыг сонирхон, энэхүү төслүүд дээр хэлцэл хийх шатанд оролцохоос өөр аргагүй. Чухам энэ факт Орос Хятадын хооронд шаалттай жижиг өргөсийг асар том геополитик орон зай болгон өөрчлөх магадлалтай учраас хөршүүд нь сандралдаж буй хэрэг.  
Хямралаас болоод дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ унасан энэ завшааныг ашиглаж хятадууд өөрийн асар их мөнгөний нөөцөд тулгуурлан байгалийн баялаг руу хөрөнгө оруулах оролдлого идэвхитэй хийж байна. Гэвч өрнийн компаниуд тэднээс сэжиглэж, ирээдүйд буй болох Хятадын монополиос айж байгаа нь саяхан бүтэлгүй болсон Рио Тэнто, Би Эйч Пи компаниудад олон тэрбумын аварга хөрөнгө оруулах гэсэн Хятадын оролдлого бүтэлгүйтсэнээс тод харагдана. Монгол нь байгалийн хамгийн их баялагтай 10 оронд ордог учир Хятадын энэ их мөнгө умарт хөрш рүүгээ хандах илүү магадлалтай. Үүнд саад бологч нь өрнийн хөрөнгө оруулагчид юм. Энэ бол геополитикаас гадна эдийн засгийн бас нэг хүчин зүйл нь болж байгаа билээ.   
Өрнийн хөрөнгө оруулалтыг шахан зайлуулах, тэдний геополитик сонирхлыг нь унтраах, ядахнаа геополитик утгаар нь Монголын байгалийн баялагийг өөрснөө ашигладаггүй юм гэхэд хэн ч ашиглахгүй болгон царцаах нь Москва, Бээжингийн аль алиных нь сонирхол болжээ. Энэ зорилгодоо тэд хэдийнээ Улаанбаатарт өөрийн тавдугаар цуваагаа байгуулж амжсан. Энэ бол хэр баргийн хүн ойлгох аргагүй Монголын төрийн шийдвэр гаргах “ардчилсан” тогтолцоо, мөн энэ оронд сүүлийн 20 жил хамгийн “дэвшилттэй” урагшлан хөгжиж үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлж байгаа авилгын тогтолцоо юм.
Хамгийн утгагүй юм шиг мөртөө геополитик утгаараа хамгийн амжилттай тоглоом дээр өгүүлсэн Оюутолгой хэмээх зэсийн аврага орд дээр болжээ. Канадын дунд ангилалын Айванхо майнз компани тэрбум орчим долларын хөрөнгө оруулалтын үр дүнд энэ ордыг нээсэн юм. Ингээд ашиглалтын гэрээ хийх гэж 2003 оноос гурван удаа Засгийн газартай хэлэлцээрт ороод бүтсэнгүй бүтэн 6 жилийн нүүр үзжээ. Ордыг ашигладахад ойролцоогоор 5 тэрбум долларын хөрөнгө оруулалт шаардлагатай юм. Уул компани Торонтогийн бирж дээр 4 тэрбум доллар босгоод байтал монголчууд “бидний нэрээр босгосон мөнгө” хэмээлдэн бараг л хураалгахыг шаарджээ. Нүүдэлчин омгийн энэ хүмүүст биржийн зарчим тайлбарлах гэж олон жилийн нүүр үзлээ. Одоо ч Монголын хөрөнгийн биржийн дарга уул уурхайд хэрэгтэй энэ их мөнгийг өөр дээрээ босгоно гэж зөрүүдэлсээр яваа төдийгүй энэ биржид цуглаад байгаа бараг бүх мөнгөөрөө захиалан монгол залуу япон хүнээр заалган хөрөнгийн бирж дээр олон тэрбум доллар босгож байгаа сэдэвтэй уран сайхны кино хийлгэсэн байна. Монголчууд нэг ч доллар гаргалгүйгээр ордоос буй болсон нийт ашгийн талаас илүү хувийг нь авах олон улсын жишиг дэндүү чамлалттай санагджээ. Уг нь чингэвэл энэ ядуу орон богино хугацаанд бас нэг Кувейт болох юм. Зэсийн үнэ өсөөд эхлэнгүүт Монголын парламент огт ашиглаж эхлээгүй байгаа зэсэндээ 68 хувийн ашгийн татвар гэнэт тогтоож аваад түүндээ тулгуурлан гэрээ хийхийг шаардах боллоо. Хамгийн инээдтэй нь Айванхо компанийн 51 хувийг монголчууд нэхэж эхлэв. 2007 онд компани Засгийн газартай гэрээ хийн компанийхаа 34 хувийг монголчуудад зарах, гарах мөнгийг нь зээлээр олж өгөхөөр боллоо. Гэтэл парламент энэ гэрээг огт зөвшөөрсөнгүй. Нэгдүгээрт авах хувьцаандаа мөнгө төлөх болсонд асар их гайхцгаав, хоёрдугаарт 34 хувь багадаж байгаа ба тус компаний 51 хувийг үнэгүй авч байж л сална, тэгэхгүй бол “янки гоу хоум!”.  
Айванхогийн хувьцаа монголчуудын араншингаас болж бирж дээр 17 доллароос 1,5 долларын хооронд хязгааргүй савлана. Дэлхийн уул уурхайн гигант Рио Тэнто Айванход 300 сая доллар зээлээд гэрээ хийгдвэл үүнээ хувьцаа болгохоор тохирчээ. Энэ хооронд эдийн засгийн хямрал эхэлж хувьцаа унан Айванхогийн Оюутолгойд босгосон мөнгө ердөө 700 сая доллар боллоо. Засгийн газартай гурван удаа гэрээ хийгээд унасан Айванход одоо итгэх хүнгүй болсон учир тэд бирж дээр 5 тэрбум доллар босгоно гэдэг бүтэшгүй зүйл болж байгаа юм. Тэгээд ч сая сая хувьцаа оруулагчид болон өрнийн сонирхогч компаниуд өнгөрсөн 6 жилд монголчуудын араншинг хангалттай ойлгосон учир нүүр бурууллаа. Рио Тэнтогийн тэсвэр барагдаж Монголоос нэг мөсөн гарч явах шийдвэрт хүрчээ. Урьд нь гэнэтийн ашгийн 68 хувийн татвар буй болгонгуут олон компани орхин гарч байсны дотор хайгуул хийж байсан Англо гоулд санд мэнд зугтаасан юм. Саяхан энэ оронтой бараг хориод жил ажиллаад цочрол, паник, гомдол, гайхшралаас өөр юу ч олоогүй дэлхийн уул уурхайн хамгийн том компани Би Эйч Пи нүүр буруулан, Монголоос нэг мөсөн гарч явж буйгаа зараллаа. Ер нь байгалийн баялаг экспортлодог 72 орон байдгаас хөрөнгө оруулалтын найдвараараа Зимбабвэ, Венесүэлийн хамт хамгийн найдваргүй аюултай орноор Монгол тодроод байгаа.

Монголын шийдвэр гаргагчид яагаад ингэж хүүхэд шиг, эсвэл дээрэмчин шиг авир байнга гаргадаг юм бэ? Хүлээн зөвшөөрөгдсөн хэд хэдэн байгууллагын удаа дараа хийсэн судлагаанаас үзэхэд монголчуудын 80 орчим хувь нь газар дор буй байгалийн баялагийг бушуухан ашиглаж өнөөгийн ядуу зүдүү байдлаасаа түргэн гарах сонирхолтой аж. Монгол бол ардчилсан орон. Тиймээс байсхийгээд болох сонгуулиар улс төрийн намууд нь нийгмийн хэрээс хэтэрсэн асар их амлалт амлан сонгогчдыг татдаг ганц аргатай. Бүхий л шинэ тутам хөгжиж байгаа Африк, Латин Америкийн орнуудын нэгэн адил. Түүхий эдийн үнэ өсөх хэрээр тэдний амлалт томорч, намууд дуудлага худалдаанд орж буй аятай өрсөж нэмсээр хамгийн сүүлд тогтсоноор бол иргэн болгондоо 1500 доллар тараахаар болчихоод байгаа. Энэ нь тус орны үндэсний нийт орлогоос хоёр дахин  их тоо юм. Яг үнэндээ өнгөрсөн намраас эхэлсэн хямралд гагцхүү зэсийн экспортоос хамааралтай энэ орны эдийн засаг хамгийн түрүүн өртөж ДНБ нь богино хугацаанд хоёр дахин багасчээ. Одоо төрийн албан хаагчдынхаа цалинг ч тавьж чадахгүй хэмжээнд хүрчихээд байгаа.
Төрийн шийдвэр гаргах механизм нь тун өвөрмөц. 76 гишүүнтэй парламент, 15 гишүүнтэй Засгийн газар, дээр нь ерөнхийлөгч хэн нь ч бие дааж бараг ямар ч шийдвэр гаргах эрхгүй. Шийдвэр гаргах хүрээний ялгаа зааг, хариуцсан сектор нь ойлгомжгүй. Иймээс биенийхээ гаргасан шийдвэрийг хэн нь ч хүчингүй болгох бололцоотой. Авилга, бохир ажиллагаагаараа нэлээд нэр дуулсан Айванхо компани 2001 оноос тус улсын ерөнхий сайд дээр хамаг бооцоогоо тавьжээ. Дараа нь тэр хүн спикер, ерөнхийлөгчөөр сонгогдон явсаар өнгөрсөн сард ерөнхийлөгчийн сонгуульд ялагдан улс төрөөс алга боллоо. Монголын төрийн шийдвэр гаргах механизмыг ойлгохгүй явсаар Айванхо ийнхүү дампуурч байгаа юм. Одоо тэдэнд энэ оронд айлгүй орж ирж чадах ганц газар Хятадад ордоо зарах, эсбөгөөс монголчуудыг юм ойлгодог болохыг хүлээн тодорхой бус хугацаагаар царцаах хоёрхон гарц үлдсэн.

Монгол бол ер бусын хэмжээгээр авилгад идэгдсэн орон. Нэгэнт төрийн шийдвэр хэн гаргадаг нь мэдэгдэхгүй, ойролцоогоор 100 орчим хүний зөвшлөөр шийдэгддэг болохоор хэн ч тоглоомоос гадуур үлдэхийг хүсэхгүй. Үүн дээр байсхийгээд болдог сонгуулиар олон хүн солигддог болохоор тоглогчдын тоо хэд дахин олон юм. Бүгд эх орныхоо нэрийн өмнөөс шийдвэр гаргасны төлөө ямар нэг юмтай хоцрох сонирхолтой учир тоглолтыг улам төвөгтэй болгоно. Нүүдэлчдийн сэтгэхүйд институцийн хариуцлага гээч ойлголт харш учир эд биенээ хүлээн зөвшөөрнө гэж байхгүй, Засгийн газар солигдох болгондоо түрүүний засгийн гаргасан шийдвэрийг хүчингүй гэж зарлахаас ажлаа эхэлдэг. Монголын Төв банк 25 сая долларын баталгаа гаргачихаад банкны ерөнхийлөгч нь солигдсоны дараа шинэ удирдлага нь үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэнтэй уялдан бас нэг олон улсын шүүх ойрмогхон Германд хуралдахаар болчихоод байгаа юм.
Авилгад идэгдсэн, шийдвэр гаргах ойлгомжтой тогтолцоогүй нь Монголоос өрнийн хөрөнгө оруулалтыг шахах төдийгүй ердийн харилцааг нь зогсоох үх дүнтэй механизм болж байна. Ямар ч монгол хүнтэй уулзсан өөрийнхөө хятадуудад хэрхэн дургүйг амтархан ярих дуртай. Үнэндээ эдэнтэй хятадууд л хэл амаа ололцож чаддаг. Гадаад орны нутаг дээр ч хахууль өгч авалцсан бол шууд гэмт хэрэгт тооцогддог Өрнийн хөрөнгө оруулагчид Монголын түшмэдтэй хэл авалцан ойлголцож чадаггүй бол хятадуудын хувьд хээл хахууль нь бараг үндэснийх нь хэл билээ. Энэ хэлийг монголчууд харин хаа очиж маш сайн ойлгоно. Одоо Монголд 2000 орчим гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж буйн 50 хувь нь өмнөд хөршийнх нь. Тэдний эсрэг үргэлж дуу шуугиантай хэрүүл маргаан гарч байдаг боловч учраа ололцоод болоод л байдаг юм. Хятадын хөрөнгө оруулагчид, ялангуяа гуанз буудал зэрэг үйлчилгээний газрыг айлгаж дарамталдаг, улс төрийн агуулгатай үг хэл ярьж явдаг бүлэглэлүүд санасныг бодвол маш олон, хоорондоо ч өрсөлдөөнтэй. Гэвч үүнийг хятадад дургүйцэж байна гэхээсээ тэднээс мөнгө саах гэж байна, түрүүн өгснийг нь голж байна, “цалингаа” нэмэгдүүлэх гэж байна гэдгийг нь ойлгоход тийм ч төвөгтэй биш.
Өрнийн хөрөнгө оруулагчид одоо нэгэнт Монголоос залхжээ. Монголын урааныг сонирхож байсан солонгос, япончууд дуугаа хураав. Эдэнтэй учраа олох гэж байхаар хэл амаа ололцож чаддаг Орос, Хятадаар нь дамжуулаад хэрэгтэй түүхий эдээ олж авсан нь хавьгүй хялбараас гадна нервээ хөдөлгөж өөрснийгөө зовоох хэрэггүй гэдгийг сайтар ойлгожээ. Монголд нээгдээд байгаа асар том орд Тавантолгой нь 6,5 тэрбум тонн нүүрсний, түүний дотор 1,6 тэрбум тонн коксжих нүүрсний нөөцтэй учир зүй ёсоор зах зээлийн сонирхол татаж байгаа юм. Уул ордын тэндэрт 11 орны 20 гаруй том компани оролцжээ. Харин монголчууд одоо ордыг олон хэсэгт хуваан “хэнийг нь ч гомдоохгүй”-ээр шийдэж буй бололтой. Ордын гол утга томдоо байгаа, хуваахаар ач холбогдол үнэ цэн нь олон дахин буурч, зардал нь өсөн Монголд ноогдох өгөөж нь эрс хомсдоно. Харин монгол түшмэд үүнээ геополитик, найрамдал, ард тмний сайн сайхан, олон улсын туршлага гэх мэтээр огт ичихгүй юу санаанд орсноороо тайлбарлан зөвтгөж сууна. Үнэндээ бол шийдвэр гаргагч 100 орчим хүн болбол бүгдээрээ юмтай хоцрох боломж олгож буй хувилбар нь энэ юм. Хуваагдсан тоогоор нь хахууль өгөгч орос, хятадын жижиг сажиг компани л орж ирэх болов уу. Солонгос, японых ч байж магадгүй, учир нь тэд уул уурхайн ямар ч туршлага үгүй, зүгээр нэг олзонд улсынхаа нэрийг мандуулсаар ороод ирэх жижигчүүд олдоно л доо. Тэндэрт орсон том компаниудын ихэнх нь ой нь гутаад татгалзан гараад явчихсан. Австралийн Би Эйч Би, Бразилийн Cи Ви Ар Ди, Британий Икстрада, Энэтхэгийн Жиндал, Английн Рио Тэнто зугтаасан буюу хаяж явахаар бэлдэж байна. Эдний зугтаасан газарт оронд нь орж ирэх буурьтай компани олдохгүй нь дэндүү ойлгомжтой.

2009.6.13