Японы автомашин үйлдвэрлэгчдээс “Танай хамгийн хүчтэй өрсөлдөгч хэн бэ” гэж асуухад бие биенээ хэлдэггүй. Харин тэд дуу нэгтэй үүрэн холбооны салбарыг онцолдог. Учир нь тэртээ 2008 оны хямралаас өмнө машины борлуулалт унаж эхэлсэн бөгөөд гол шалтгаан нь залуучууд машин авахын оронд гар утас, түүний сар бүрийн хэрэглээндээ мөнгөө зарцуулдаг болжээ. Яг үүнтэй адил монголчуудын хэрэглээ, өдөр тутмын амьдралын хэмнэл, гаргаж буй зардлын бүтэц аажуу өөрчлөгдөж буйг сайн анзаарвал мэдрэгдэнэ. Эрт цагт морьтон монголчууд дэлхийн дайдыг эзэлж байсан бол хожим энэхөдөлгөөнт эрх чөлөөг автомашин хүн төрөлхтөнд өгсөн. Харин өнөөдөр ухаалаг гар утас, интернэт, дата та бидэнд оюун санаа, эрдэм мэдлэг, мэдээ, мэдээллийн хязгааргүй эрх чөлөөг алган дээр бөмбөрүүлэн олгоод удаж байна. Энэ бол үнэхээр технологийн гайхамшиг билээ! 

4G-LTE технологи нэвтрүүлсэн дэлхийн 25 дахь улс болж бүртгүүлсэн Монгол хэдийнэ 5G сүлжээгээрээ дотооддоо өрсөлдөөд эхэлсэн. Дөнгөж 3.4 сая хүн амтай хэдий ч 4.7 сая идэвхтэй гар утас хэрэглэгчтэй байгаа нь ухаалаг утасны хэрэглээгээрээ дэлхийн дунджаас хавь илүүд тооцогдоно. Хэдийнэ 40 мянган км шилэн кабелийг 300 гаруй сум, дүүрэг дамнуулан холбосон энэ салбарт өнгөрсөн хугацаанд 700 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгджээ. 2021 онд 56 сая ам.долларын хөрөнгө оруулалт зөвхөн үүрэн холбооны салбарт хийгдсэн нь салбарын нийт хөрөнгө оруулалтын 60 гаруй хувь болж байгааг Inside Mongolia онцолжээ. 

10 гаруй жилийн өмнө гар утасгүй хүнийг Японд лав дотоожгүй хүнтэй адилтган зүйрлэдэг болсон байв. 

Ажлын карьераа шийдэх чухал уулзалтанд явж байхдаа та гэнэт гар утсаа гэртээ үлдээснээ санав. Буцаж очоод утсаа авах гэхээр маш чухал уулзалтаасаа хоцорч, албан тушаал ахих боломжоо алдана. Үгүй бол бүтэн өдрийг гар утасгүй өнгөрөөнө. Та алийг нь сонгох вэ гэдэг судалгааг нилээд хэдэн жилийн өмнө Японд хийсэн. Гайхалтай нь дийлэнх хувь нь уулзалтаа золиослоод буцаж гэр рүүгээ очиж гар утсаа авна гэж хариулсан байсан. Та яг ийм нөхцөлд та өнөөдөр ямар шийдвэр гаргах байсан бэ? 

2010 оноос эхэлсэн ухаалаг гар утасны хувьсгал өнөөдөр технологи болон салбар хоорондын нэгдлийг бий болгож, та биднийг Homo Digitalis болгож чаджээ. Өнөөдөр та ухаалаг гар утсаар юу хийж чадаж байна вэ? Цахим хөгжил, харилцаа холбооны яамны өгсөн мэдээллээр бол төрийн 60 байгууллагын 671 үйлчилгээ, нэмэх нь 9 аймгийн 864, нийт 1535 үйлчилгээг E-Mongolia-аас иргэд гар утсаараа авч байна. Мөн банкны гүйлгээ, олон улсын шилжүүлэг хийх, барьцаагүй зээлийг хоромхон зуур авахаас эхлүүлээд блокчэйн платформ, криптовалютын арилжаа хийж, цахим дэлгүүр хэсэн дурын бараагаа хүссэн газраа хүргүүлэн авдаг болоод удаж байна. Үүнээс улбаалаад гар утас дээр суурилсан санхүүжилтийн олон шинэ арга хэрэгсэл, механизмүүд хүчээ авч байна. Дурдвал, олон нийтийн санхүүжилт (Crowdfunding), хувь хүний зээллэгэ (Peer-to-Peer lending) зэрэг нь олон хүнийг хил хязгаар, цаг хугацааны асуудалгүйгээр дурын санхүүжилтийн эх үүсвэртэй золгох боломжуудыг бий болголоо. Цаашилбал гадаад, дотоодын аяллын бүхий л зүйлээ төлөвлөн, тийз, зочид буудал, унаа, таксигаа гар утсаараа удирдан захиалахаас гадна энтертаймент ертөнцөд умбан өөрийгөө бүтэн чөлөөлж байна. Netflix, Spotify, YouTube, SoundCoud-с гадна дотоодын VOO, Ori, Mplus апп руу орж дуу хөгжим, кино, хүссэн контентоо видео, аудио гээд дурын форматаараа та бид авдаг. Цаашилбал гар утсан дээр бизнес тогтдог болоод удаж байна. Ажлын имэйлээс гадна албан харилцаа өнөөдөр Telegram, Viber, WhatsApp, Skype, Google Meet, Zoom, Microsoft Teams дээр явагдахын сацуу та бид хэдийнэ хувийн харилцаагаа Facebook, Messenger, Twitter, Instagram-аар явуулдаг болжээ. Энэ бүгдийг ухаалаг гар утасгүй, интернэтгүй, 4G, 5G-гүй бол бид хэрхэн хийж, ямар их цаг хугацаа, зардал мөнгө зарцуулах байсан бол? Гэж бодохоос шууд айдас хүрч байна. Сая ковидын үеэр ухаалаг гар утас, интернэт, дата зэрэг нь онлайн худалдаа, тээвэр ложистик, хүргэлт, хурал зөвлөгөөн, тэр бүү хэл боловсролын салбарт ямар том бүтээлч өөрчлөлт (Creative disruption) хийснийг та бүхэн анзаарсан байх. 

Бид замын түгжрэлээс болж алдаж буй боломж, алдагдсан боломжийн өртгөө тооцоод гаргасан. “Түгжрэлийн алдагдсан боломжийн нийт өртөг 2024 онд ДНБ-ий 10 хувьд хүрэхээр байна. Улаанбаатарын иргэд өдөрт 2.5 цаг, жилд 35 өдрийг түгжрэлд зарцуулж байна. Түгжрэлийн алдагдсан боломжийн өртгийг тооцож үзэхэд 2020 онд 1 тэрбум ам.доллар буюу  2.7 их наяд орчим төгрөгийн алдагдлыг улсаараа хүлээгээд явж байна.  Харин өнгөрсөн 10 жилийн хугацаанд 11.8 их наяд төгрөгийн алдагдлыг бид хүлээсэн байна. Ирэх таван жилээр тооцвол 24.3 их наядын алдагдлыг хүлээх тооцоолол гарсан” гэж Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хэлсэн байна. Гэтэл дата үнэтэй байна, нэгж, яриандаа их мөнгө зарцуулж байна, үүрэн операторууд биднийг “шулан мөлжиж” байна гэж гомдоллосон хүмүүс цөөнгүй таардаг. Дээр дурдсан бүхий л боломж, ухаалаг гар утасгүй байсан үеийн алдагдсан боломжийг өртгийг тооцвол маш сонирхолтой дүн гарна. Ийм тооцоог хийсэн газрууд байдаг болов уу? 

Олон хүн дата, нэгж, яриандаа их мөнгө зарцуулж байна гэж их гомдоллодог. Дээр дурдсан ухаалаг гар утас дээр суурилсан өдөр тутмын ажил, амьдралын хэрэглээг хоол хүнс, шатахуун, тээвэр, үзвэр үйлчилгээ, зугаа цэнгэл болон өөр бусад хэрэглээний зардалтай харьцуулахад хамгийн хямддаа орохоор байна. Тухайлбал, нэг аяга кофе, нэг грушик шар айргийг пабд 7000 төгрөгөөр авч байхад энэ мөнгөөр хамгийн багадаа 7GB датаг 20 хоногийн эрхтэй авч болж ч байх шиг. Хүн кофе, шар айраггүй нэг өдрийг тэсвэрлэж чадна, харин датагүй, интернетгүй, утасгүйгээр та ер нь хэр удаан тэсэж чадах вэ? Энэ хооронд ямар олон боломжийг алдах бол?

Hummer жийп машин аваад бензинээ хийж чадахгүй зогсоолдоо “унтуулсан” залуу, даншиг наадамд очихын тулд байраа зарж, барьцаалан барин шинэ Land Cruiser машин худалдаж авдаг хүмүүсийн тухай хөгжилтэй боловч эмгэнэлтэй түүхийг бишгүй сонсож байсан. Яг үүнтэй адилхан олон сая төгрөгийн үнэтэй ухаалаг гар утас хэрэглэдэг атлаа яриа, датаны төлбөр их гарлаа гэж ярьдаг хүмүүсийг өдий цагт ойлгоход төвөгтэй болжээ. Энэ бол зардал бус өөртөө, ирээдүйдээ оруулж буй үнэ цэнтэй хөрөнгө оруулалт юм. Учир нь ухаалаг хэрэглэж чадвал гар утас дээр суурилсан энэхүү цахим хувьсгал, дижитал соёл нийгмийн тэгш бус байдлыг жигдлэн тэнцвэржүүлж, цаашилбал арилгахад асар их нэмэртэй билээ. Энэ том хүчийг та бидний зарим нь гартаа атгасан явдгаа одоо хүртэл мэддэггүй бас мэдэрдэггүй нь харамсалтай. Орчин цагт хэн том эсвэл хүчтэй нь бус харин энгийн хэрэглээгээ ухаалаг удирдаж байгаа нь урагшаа цойлох буй заа!