(Аюулгүй байдал хамтын ажиллагааны талаархи
Орос Монголын дугуй ширээний Москвагийн уулзалтад хэлсэн үг)

Манай хоёр орны хооронд үл ойлголцол эрх барих дээд хэмжээнд ч учрах болсон нь аль аль тал нарийвчилсан судалгаагүйгээр цуу яриа хов живд автан хий хардлагаар биендээ хандах болсонтой холбоотой гэж бодож байна. Аль  аль талын холбогдох байгууллагууд буурь суурьтай судалгаагүйгээр сонссон яриандаа итгэж тэндээсээ дүгнэлт гарган шийдвэр гаргах дээд зиндаанд түүнээ үнэмшүүлдэгээс ихээхэн бэрхшээл гарах боллоо. Дээд байгууллага шийдвэр гаргахдаа хариуцсан доод байгууллагуудын хов живд тулгуурласан хардлагад үндэслэснээс болж хоёр орны харилцаанд үл итгэлцэл, хардлага үүсэх нь маш хортой зүйл юм.

Миний харж байгаагаар иймэрхүү ор үндэсгүй хардлага нь зарим хувь хүний амбицитай ихээхэн холбоотой. Энгийн жишээ хэлье л дээ. Монгол Оросын харилцаа сүүлийн 400 жилд анх удаа хамгийн муу төвшиндөө очлоо хэмээн Монголд суугаа Оросын бүрэн эрхт элчин сайд нээлттэйгээр зарлах боллоо. Зөөлөн хэлэхэд энэ нотолгоо үнэнтэй дүйхгүй байна. Хариуцсан холбогдох хүмүүсийн иймэрхүү хөнгөн хуумгай хувийн дүгнэлт нь хоёр орны хамтын ажиллагаанд маш том хохирол учруулж үл ойлголцлын галыг хөөрөгдөж байгаа юм. Явсаар хоёр тал биенийхээ юу хийх гэж байгаа, хэрхэн хандах талаар оньсого таалцаж, хардлагаа улам нэмж байна. Энд би хэдэн жишээ хэлье:

Монголын дорнод хэсэгт байдаг урааны ордыг хамтарч ашиглах талаар Оросын талаас санал тавьлаа. Тэнд Канадын компани хөрөнгө оруулалт хийж нэлээд хэдэн жил ажилласан байсан юм. Оросын дээд удирдлагаас Монголын талыг эл канадчуудыг хөөж гаргах санал тавин, асуудал хэрэвзээ Олон улсын арбитражийн шүүхэд очих юм бол өөрийн талаас сайн өмгөөлөгч олж өгөхөө амалсан. Ийм шахалтад орсон Монголын тал Канадын компанийг ямар ч пардонгүйгээр үнэхээр хөөж гаргасан билээ. Эл компани өдгөө арбитрийн шүүхэд хандан нөхөн олговорын 400 сая доллар нэхэж байна. Харин Оросын тал өмгөөлөгч олж өгөх нь байтугай эл урааны ордод хамтран ажиллах талаар өмнөх амлалтаа таг мартсан.

Бас нэг жишээ: Монголд байгаа цорын ганц төмөр замыг Орос Монгол хоёр тавь тавин хувиар хувааж эзэмшдэг. Зургаан жилийн өмнө Оросын тал уг төмөр замыг хос болгож орчин үеийн хурдны магистрал болгох гурван тэрбум долларын төлөвлөгөө Монголын талд танилцуулсан. Санхүүжилтыг Оросын тал бүрэн даах ба, төмөр замын хагасыг эзэмшигч Монголын тал өөрт ноогдох хувийг Таван толгойн коксжих нүүрсний ордын хувьцааг Оросын талд эзэмшүүлэхээр тохирсон юм.  Уг орд нь дэлхийд хамгийн том коксжих ордын нэг бөгөөд тухайн үед коксжих нүүрсний үнэ 130 доллар хүрч байлаа. Оросын тал төмөр замын шинэчлэлийн асуудлыг хойш тавин мартаж хамаг анхаарлаа тухайн ордын хэдэн хувийг эзэмших талаар бусад хамтрагч ба Моголын талтай эцэс төгсгөлгүй маргаан дэгдээж зургаан жилийг ардаа орхисон билээ. Өнөөдөр коксжих нүүрсний үнэ 40 доллароос доош унаж ирлээ, харин Оросын тал энэ ордын талаар цаашид ямар ч сонирхолгүй байгаагаа албан ёсоор илэрхийлэв.

Соёоны нурууны өмнөд хэсэгт асар их нөөцтэй коксжих нүүрсний ордыг оросууд нээлээ. Мөнх цаст өндөр уулсыг нүхлэн Сибирийн төмөр замтай холбох эдийн засгийн бололцоо байхгүй учир энэ ордын нүүрсийг Монголоор дамжуулан Хятад руу экспортлох санал оросын талаас тавьлаа. Монголын нутагт дэд бүтэц барих энэ санал нь ашигтай хувилбар учир Монголын засгийн газар саналыг баяртай хүлээн авав. Санал тавигч нь Оросын төрийн мэдлийн Орос төмөр зам компани юм. Гэтэл уг ордыг хувьчилсан юмсанж. Иймээс хөрөнгө оруулагч хувийн компаниудын зүгээс төмөр зам тавих асуудал нь улсын мэдлийн аж ахуйн нэгжид хамаагүй, тэд өөрсдөө  өөрийн хөрөнгөөр төмөр зам тавих болно гэж мэдэгдэв. Өнөөдөр Монголын тал хэнтэй гэрээ хийхээ мэдэхээ больсон.

Монголын ирээдүйд баригдах төмөр замын цариг нь олон улсын стандартад нийцдэггүй зөвлөлтийн стандартаар баригдах ёстой гэж Оросын тал, тэрдундаа төрийн өмчит Орос төмөр замын удирдлага үзэж энэ чиглэлээр Монголын талыг хүчтэй шахсан. Монгол бол далайгаас мянган км алслагдсан ланд лок орон. Монголын нүүрсийг гадагш тээвэрлэх цорын ганц бололцоо нь Хятадын Өвөр Монголд орших дэлхийн хамгийн том металлургийн төв болох Бугат хот юм. Нүүрсээ зөвлөлт стандартын царигаар  төмөр замаар гадагш гаргадаг юм гэхэд хил дээр ачаа шилжүүлэлтийн өртөг тонн тутамд гурван доллар болно. Харьцуулаад үзэхэд Өмнөд Австралиас Япон хүртлэх тээвэрлэлтийн үнэ ердөө 10 хүрэхгүй доллар шүү дээ. Орос төмөр зам бидэнд Зүүн Сибириэр дамжин Номхон далайн өвөл хөлддөг таван мянган км хол боомтоо санал болгосон. Ийм урт замаар бид нүүрс биш алт тээвэрлэх болчихоод байна. Төрийн өмчит Орос төмөр замын энэ ширүүн шахалтаас болж Монгол ямар царигтай байх талаар манайд улс төрийн маргаан үүсэн зургаан жилийг ардаа орхилоо. Үр дүнд нь ганц метр ч төмөр замын шугам нэмж баригдсангүй. Оросын шахалт дарамт нь Монголд үнэхээр бодит аюул мөн. Монгол нь эрчим хүчний хувьд 30 хувь, төмөр замын дэд бүтцийн хувьд 50 хувь, уул уурхайн хувьд 50 хувь, геологи хайгуулийн хувьд 50 хувь, шатахууны хувьд  100 хувь Оросоос бүрэн хамааралтай.

Монголд Зөвлөлтийн “Лепольд муур” хэмээх хүүхэлдэйн кино их алдартай. Давайте ребята, жить дружно!

2013.09.04