АРВАН НАЙМДУГААР БҮЛЭГ


Өвөр Монголын Ардын Хэвлэлийн хорооноос Хятадын сонгодог дөрвөн зохиолын уламжлалт орчуулгыг монгол бичгээс кирилл бичигт хөрвүүлэн буулгаж уншигч олонд хүргэж байна. Сонгодог дөрвөн зохиолын эдгээр орчуулга 1970-аад онд монгол бичгээр хэвлэгджээ.


ХОМШИМ БОДИСАДЫН СҮМД ТАНСАН ЗОВЛОНГООС ТОНИЛОВ 

ГАОЛАОЖУАН ГАЦААНД ҮКҮН ШУЛМЫГ ЭРХЭНДЭЭ ОРУУЛАВ


Үкүн яваад ирэхгүй удахаар Тансан дотроо “Бодисад ирээгүй юм болов уу? Эсвэл Үкүн залилаад оргоод явчихав уу?” гэж сэжиглэж байтал Үкүн гэнэт үүлнээс бууж ирээд өмнө нь сөгдөөд:

-Багш аа, орхимжийг олоод ирсэн гэсэнд тойд хувраг цөмөөр баясаж:

-Юун сайн юм бэ? Бид одоо ч амьд үлдэх юм байна гэцгээв. Тансан ч туйлгүй баярлаад:

-Үкүн ээ, чи яагаад өдий их удав? гэж асуувал Үкүн Бодисадыг залсан, шулмыг барьсан явдлаа тоочсонд Тансан босож яаран хүж үүсгэж, Бодисадын хишигт мөргөөд:

-Үкүн ээ, орхимжоо олов. Амьдайгаа бэлд. Одоо явъя гэсэнд Үкүн:

-Яарах хэрэггүй. Өнөөдөр орой болчихлоо. Маргааш эрт явъя гэсэнд тойд нар сөгдөөд:

-Сүнь багшийн үг зөв. Өдгөө орой болжээ. Нэг шөнө унтаж амраад маргааш яв даа гэвэл Тансан:

-За тэгье гэж хэлээд нэг шөнө хоночихоод маргааш нь эрт сүмээс мордоод баруунш одов.

Багш шавь хоёул долоо найм хоног хүн амьтангүй зэлүүд газраар аялсаар нэг өдөр холоос айл тосгон үзэгдэхэд Тансан:

-Ай даа. Үкүн ээ, тээр тэнд нэг тосгон үзэгдэж байна. Хоёул тэнд очиж хоног гуйвал ямар бол? гэвэл Үкүн:

-Байзнаж байгаад болъё. Өвгөн Сүнь би урьдаар очиж тандаж байгаад болъё гэж хэлчихээд дээр гарч үзчихээд:

-Багш яваач. Нэг тосгон сайн айлууд байгаа юм байна. Тэнд очиж хоноё гэсэнд Тансан морио шавдуулж гудамжны захад хүрвэл толгойгоо бөсөөр ороосон, биедээ хөх цамц өмссөн, мөрөн дээрээ боолттой хүнс үүрсэн, гартаа шүхэр барьсан нэг залуу яаралтай ирэхийг үзээд Үкүн хорьж зогсоогоод:

-Чи хаана очно вэ? Энэ гацааг юу гэж хэлдэг юм? гэж асуувал залуу мултрахыг бодох тул амандаа “Энэ гацаанд өөр хүнгүй болоо юу? Яагаад ганц надаас асуудаг юм?” гэвэл Үкүн:

-Өглөгийн эзэн битгий хилэгнэ! “Хүнд тус хийвэл өөрийн биед ч тус шүү” гэсэн үг бий. Чи энэ газрын нэрийг надад хэлээд өгөхөд ямар л хор болно гэж дээ? Би ч чиний зовлонг тайлж болох юун магад гэвэл тэр хүн Үкүний гараас мултрах гэж хий цоройх агаад бас:

-Ийм гай болно гээч! Ахмадын гүжрээр тулгасныг яая гэж байтал энэ тойн уулзаад хүнийг амар байлгахгүй юм гэвэл Үкүн:

-Чи чадалтай бол миний гараас мултраад үз л дээ гэсэнд өнөө залуу хэсэг ноцолдоод мултарч чадахгүйдээ уур нь хүрч, амьдай шүхрээ хаячихаад, Үкүний нүүр өөд цоройход Үкүн нэг гараараа амьдайгаа барьж, нөгөө гараараа өнөө хүнийг барьчихлаар цаадах нь өчүүхэн ч хөдөлж чадахгүй овогнох аж. Тэр залуу дэвхцээд салж дийлэхгүй байгааг Тансан үзээд:

-Цаанаас чинь хүн ирж байгаа биш үү? Тэр хүнээс асуугаач. Энэ залуутай ноцолдоод яах гэсэн юм бэ? Тавиач! гэвэл Үкүн:

-Багш мэдэхгүй байна. Өөр хүнээс асуугаад зугаагүй. Энэнээс л асуувал зугаатай гэсэнд тэр залуу баригдаад мултарч ядахдаа:

-Энэ газар бол Үсзан улсын харьяат Гаолаожуан гэгч тосгон. Одоо намайг тавь гэвэл Үкүн инээгээд:

-Чиний энэ аашилж загнаж буйг үзвэл ойр явах хүн биш юм байна. Чи хаашаа явж байна вэ? Надад үнэнээ хэлбэл чамайг явуулъя гэжээ.

Тэр залуу аргагүй болоод:

-Би энэ гацааны Гаотайгүн (Гао эрхэмтний)-гийн зардсан, миний нэрийг Гао Цай гэдэг. Манай ноёнд нэг охин бий. Тэр хорьтой. Сүй тавиагүй. Гэтэл нэг шулам эзэлж суугаад гурван жил болов. Тэгээд манай эзэн:

-Шулмыг хүргэн болгоно гэгч ашдын учир биш бөгөөд нэрэнд ч муухай гээд охиноо хойт хүрээндээ хорьчихоод нэг жил болов. Манай эрхэмтэн шулмыг барихын төлөө чадалтай мэргэн тойн бомбо олж ир гээд надад хүнс зардал өгч эрүүлсэн билээ. Би энэ хэдэн сар газар газраас эрсээр байгаад арай чамай гурав дөрвийг олсон билээ. Олж ирсэн хэд нь хэрэггүй хуушаан чадалгүй бомбо тул шулмыг барьж чадсангүй. Эрхэмтэн сая бас намайг загнаж, зардал хүнс өгөөд сайн эрдэмтэй багш олж ир гээд шалавдуулсан. Санаандгүй чамтай таарч, чи миний явдлыг нэлээд саатаалаа. Одоо хурдан тавь гэсэнд Үкүн:

-Чи их золтой хүн юм. Чи хол явах хэрэггүй. Бид тийм аргагүй муу тойн биш. Үнэхээр чадалтай. Шулмыг барьж чадна. Чи буцаж хариад эзэндээ хэл. Бид бол зүүн газрын Их Тан улсын хааны зарлигаар бурхны газраас ном залахаар яваа элч. Шулам барихад санаа амар гэвэл сайхи залуу:

-Чи надад битгий саад хийгээд бай. Чиний хэлсэн чинь худал болоод шулмыг барьж чадахгүй бол манай эзэн намайг бас хараах биш үү? гэсэнд Үкүн:

-Чамайг зовоохгүй. Чи биднийг дагуулаад эзэнтэйгээ уулзуул гэсэнд залуу аргагүй болоод багш шавь хоёрыг дагуулж хүрээнийхээ үүдэнд ирээд “Хоёр багш түр хүлээзнэж бай. Би ороод хэлээдхэе” гэж хэлчихээд дотогш орж эзэндээ учраа хэлсэнд Гао өвгөн:

-Тэд хаанаас ирээ вэ? гэвэл Гао Цай:

-Тэд зүүн газрын хааны зардсан гэнэ. Баруун газраас бурхны ном залахаар яваа гэнэ гэвэл өвгөн:

-Хол газраас ирсэн тойн юм бол чадалтай байж магадгүй. Тэд хаана байна? гэвэл залуу:

-Гадаа хүлээж бий гэв. Өвгөн яаран дээлээ өмсөөд угтан гарч царайндаа мишээл тодруулан:

-Хоёр тойнд өвгөн би ёс хүргэж байна гэсэнд Тансан яаран хариу ёс хийв. Үкүн багшийнхаа дэргэд зогсож байсан ч өвгөн зүсийг нь үзээд ёс хийж чадалгүй гэлмэж байтал Үкүн:

-Надад яагаад ёсолдоггүй вэ? гэсэнд өвгөн их л айгаад Гао Цайг дуудаж:

-Муу хүү чи намайг алах гээ юү? Нэг муу шулам хүргэнийг яая гэж байтал юунд бас нэг аянгын эзэн шулам авчирч намайг хорлуулна гээд байна вэ? гэвэл Үкүн:

-Гао өвгөн та ийм өндөр насыг талаар элээсэн юм байна. Хэрэг учрын ухааныг мэдэхгүй юм. Зүсээр хүнийг дүгнэнэ гэдэг чинь эндүүрсэн хэрэг. Өвгөн Сүнь миний зүс муухай боловч баргийн юмыг дөнгөх чадал бий. Шулам хүргэнийг чинь бариад охиныг чинь гаргаж өгвөл сайн биш үү? Юунд миний зүсийг дахин дахин муулаад байдаг юм? гэсэнд өвгөн чичрэн дагжиж гэртээ аргагүй залсанд Үкүн морио хөтлөн Гао Цайгаар амьдайгаа дамнуулаад Тансантай цуг ороод ёс зүй ч бодолгүй морио их танхимын баганаас уяад нэг сандал авч дунд нь тавиад Тансанг суулгаад бас нэг сандал авч хажууд нь тавьж өөрөө суув. Өвгөн:

-Сая манай зардсан хоёр тойныг зүүн газраас ирлээ гэж ярилаа. Тийм үү? гэвэл Тансан:

-Мөн, мөн. Үгээгүү тойн би зарлигаар Бурханд мөргөн ном залахаар явж байна. Танай тосгонд нэг шөнө хоноод маргааш мордъё гэж ирлээ гэсэнд Гао өвгөн:

-Хоёр тойн хоног гуйх хүн байтлаа бас юуны шулам барьж чадна гэж хэлээ вэ? гэвэл Үкүн:

-Хонох далимдаа хэдэн шулам барьж сэтгэлээ сэргээе гэсэн санаатай. Танай энд хэдэн шулам байна вэ? гэвэл Гао өвгөн:

-Аяа, тэнгэр минь! Хэд гэхийг байтугай, ганц шулам хүргэн ч тэсгэл алдуулж байна гэсэнд Үкүн:

-Та нар шулмын уг гарваль болон хэдий их чадалтай гэдгийг нарийн шиг хэлээч. Таны төлөө түүнийг барихад тус болж юун магад гэвэл Гао өвгөн:

-Манай энэ гацаа эртнээс аваад ад шулам мэт юмыг мэддэггүй билээ. Гагцхүү өвгөн миний заяа муу, манай хөгшин гурван охин төрүүлсэн. Нуган үр заяасангүй. Хоёр эгч нь энэ гацааны залуутай гэрлэсэн. Бага охиндоо хүргэн богтлоод хамтдаа амьдарч биеэ тэжээлгэх гэсэн юм. Гурван жилийн өмнө нэг залуу ирсэн юм. Янз байдал нь ч овоо. Өөрийгөө Фүлиншань уулын хүн, овог нь Жү (гахай), эцэг эх, ах дүүгүй. Дуртайяа айлд хүчин зүтгэж хүргэн болно гэж ирэхээр мунхаг би үзэж тоогоод хүргэнээ болгосон билээ. Ирсэн даруйдаа чадал тэнхээтэй дээрээ их л ажилсаг байсан. Тариа тарихад үхэр үл хэрэглэдэг, тариа хадахад хадуур эс хэрэглэх агаад эрт ажилд гарч, орой ажлаас ирдэг байлаа. Ганц хэлэхэд зүсээ хувируулах нь муухай гэсэнд Үкүн:

-Яаж хувилгаж байна вэ? гэвэл өвгөн:

-Ирсэн даруйдаа нэг л их хар хүн байсан юм. Сүүлдээ байн байн хувилдаг болсон. Урт чихтэй, шилэн дээрээ зогдортой, биедээ үстэй, бие хар гэгч аймаар бүдүүн. Толгой түрүү нь гахайтай адил. Идэх нь их, нэг цагийн хоолонд гурав дөрвөн суулга будаа иднэ. Хишигтээ (Ням гараг) бацагтай тул баахан явуурь (гайгүй). Хэрэв мах идэх юм бол өвгөн миний гэр бараа тариа төмсийг бүгдийг оруулаад дундуур жил орохгүй идэж барна гэвэл Үкүн:

-Чадал хүч нь их болохоор идэх нь ч их байгаа даа гэхээр Гао өвгөн:

-Идэх нь бас бага хэрэг шүү. Одоо тэр салхи хөдөлгөдөг болжээ. Үүлээр явж салхиар ирж, чулуу өнхрүүлэн хайрга хийсгэдэг болжээ. Манай гэр бүл болон айл саахалтынхан амар заяа үзэхээ байлаа. Бас миний охиныг хойт байшинд хориод жил болтол бидэнтэй уулзуулаагүй. Үхсэн амьдыг нь ч мэдэхгүй. Тэгээд л тэрний шулам гэдгийг нь мэдсэн юм гэсэнд Үкүн:

-Энэ юу нь хэцүү гэж? Өвгөн та санаа амар бай. Өнөө шөнө түүнийг бариад, эмээ гээх бичиг бичүүлээд, охиныг чинь танд тушааж өгвөл ямар вэ дээ? гэсэнд өвгөн их л баярлаад:

-Түүнийг хүргэнээ болгосноос хойш миний нэр ч балрав. Ураг элгэн ч ирж очихоо байлаа. Бариад авбал түүнээс ямар бичиг мичиг авахтай манатай. Зүгээр л зовлонгийн үндсийг таслаад өгвөл болоо гэсэнд Үкүн:

-Энэ юу байх вэ? Хурууны үзүүр хум пад, хумсны үзүүр гялан пад гэж мэд! Шөнө болмогц л сайн муу нь мэдэгдэнэ гэв.

Өвгөн их л баярлаад цав цай авчирч бариад:

-Ямар зэвсэг хэрэглэнэ вэ? Хэдий хүн дагуулна вэ? Эртнээс бэлдэж байвал сайн гэсэнд Үкүн:

-Зэвсэг надад бий гэвэл өвгөн:

-Та хоёр ганцхан дулдуйтай байгаад тэр дулдуйгаар шулмыг яаж цохих юм дээ? гэвэл Үкүн чихнээсээ нэг зүү гаргаад салхин өөд цохисонд аягын чинээ бүдүүн бэрээ болгоод өвгөнд:

-Та энэ бэрээг үз. Таны гэрт байгаа мэсээс ямар вэ? Шулмыг цохиж болно уу? гэвэл өвгөн цочин гайхаж:

-Зэвсэг ч байгаа юм байна. Тэгээд хэдий хүн дагуулна вэ? гэвэл Үкүн:

-Хүн хэрэггүй. Хэдэн бичиг номтой өвгөд олж ирээд таны зовлонгийн үндсийг арилгаж өгье гэсэнд өвгөн тэр даруй садан төрөл дотроосоо хэдэн хүн дуудуулж Тансангийн дэргэд суулгав.

-Багш та санаа амар сууж бай. Өвгөн Сүнь очоод ирье гэж хэлчихээд бэрээгээ барьж өвгөнийг хөтөлж:

-Та намайг дагуулж шулмын суудаг газрыг надад зааж өг гэж Үкүн хэлсэнд Гао өвгөн дагуулаад хойт байшингийн үүдэнд хүрсэнд Үкүн:

-Та түлхүүр авчраад энэ оньсыг түлх гэсэнд Гао өвгөн:

-Түлхүүрээр нээгддэг байсан бол чамайг гуйгаад юу хийхсэн билээ? гэхлээр Үкүн инээгээд:

-Өвгөн таны нас ийн өндөр байгаад хуурч мэхлэж байгааг ч мэдэхгүй юм аа гээд дөхөж очоод тэмтэрвэл оньсыг гуулин усаар цутгаж хийсэн аж. Үкүн бэрээгээр цохиж хаалгыг унагаагаад:

-Өвгөн та орж охиноо дууд гэхлээр өвгөн айж эмээн хаалганы хажууд очоод дуудсанд охин нь эцгийнхээ дууг таниад арай гэж амьтай дуу гарч:

-Аав аа, би энд байна гээд эцгээ тэвэрч уйлахаар Үкүн:

-Битгий уйл, би чамаас асууя, шулам хаа очив? гэсэнд охин:

-Хаа очсоныг мэдсэнгүй. Ойроос тэнгэр гэгээрмэгц гараад шөнө харьж ирдэг болсон. Үүл салхин хөлөглөх тул хаа очдогийг нь мэдэхгүй. Аав эгдүү нь хүрдэг юм болохоор тэр бас сэрэмжтэй явна. Тэгээд л эрт гараад орой ирдэг болсон байх гэвэл Үкүн:

-Юу ч хэлж хэрэггүй. Өвгөн та охиноо өмнө байшиндаа аваачаад алгуур хэлэлцэж суу, өвгөн Сүнь би энд түүнийг хүлээж байя. Тэр хэрэв ирэхгүй бол намайг битгий зэмлэ. Тэр ирвэл та нарын тусын тулд эрхгүй үндсийг арилгана гэсэнд өвгөн их л баяртай охиноо дагуулж өмнө байшин руугаа явав.

Үкүн охины дүрд хувилаад ганцаар шулмыг хүлээж суув. Удалгүй хуй салхи дэгдэж өнгөрөөд хэдэн хором бололгүй огторгуйгаас нэг шулам бууж ирэв. Үзвэл нүүрэн дээрээ хар үстэй, урт хоншоортой, дэлбэгэр чихтэй, биедээ хар бөсөн эрэнгэ өмссөн, бэлхүүсээрээ алаг алчууртай нэгэн байв. Үкүн үзээд дотроо инээж “Ийм л нэг амьтан байсан санж” гэж бодоод түүнийг тосож авсан ч үгүй, асуусан ч үгүй, зүгээр л орон дээрээ хэвтээд ёолж гарав. Шулам үнэн худлыг нь мэдэлгүй, орохтойгоо зэрэг тэвэрч аваад уруул дээр нь үнссэнд Үкүн дотроо “Энэ үнэхээр өвгөн Сүнийг эхнэрээ болгох юм байна шүү” гэж бодоод урт хоншоороос нь атгаж аваад толгой дээгүүрээ эргүүлээд шидсэнд ширээн доор уначихав. Шулам тэмтрэн босоод ширээний хажууд зогсоод:

-Гэргий минь юунд надад тунирхаа вэ? Намайг оройтож ирлээ гэж гоморхоо юу? гэсэнд Үкүн:

-Гоморхсонгүй, гоморхсонгүй! гэвэл шулам:

-Надад гоморхсон биш бол юунд ийм хүчтэй хаяна вэ? гэвэл Үкүн:

-Чи харьж ирмэгцээ уруул дээр үнсдэг чинь юу вэ? Яасан авир муутай юм? Өнөөдөр бие тааруухан байна. Бие сайн байсан бол чамайг угтаж хаалга онгойлгож өгөхгүй юу. Чи одоо хувцсаа тайлаад унтаач гэсэнд шулам санааг нь мэдсэнгүй тул үнэхээр хувцсаа тайлбал Үкүн сэм харайж орноос буугаад байшингийн буланд нуугдав. Шулам орыг баахан тэмтрээд хүнгүй болохоор:

-Гэргий минь чи хаашаа орчихов оо? Хувцсаа тайлаад унтахгүй юм уу? гэсэнд Үкүн:

-Чи урьдаар унтаж бай. Би гараад ирье гэвэл шулам нээрэн тайччихаад хэвтэв. Үкүн гэнэт санаа алдаж:

-Заяа минь яаж дордоо вэ? гэсэнд шулам:

-Бас юунд нь туниа вэ? Заяа чинь юу гэж дордох юм бэ? Би танайд ирээд хоол будааг чинь идсэн боловч зүгээр идээгүй л дээ. Би танай шалыг чинь шүүрдэж, гуу малтаж, ваар тоосгыг чинь зөөж, тариа тарьж газар арчсан билээ. Чи одоо идэж өмсөхөөр дутахгүй сайхан амьдарч байна. Тэгээд бас юундаа шүүрс алдан заяа муу гэх юм? гэсэнд Үкүн:

-Тийм биш ээ. Өнөөдөр эцэг эх минь хэрэмний цаанаас чулуу шидэж намайг загнав гэсэнд Шулам:

-Юу болоод чамайг загнаа вэ? гэвэл Үкүн:

-Намайг чамтай эр эм болоод тун арчаагүй болжээ. Нөхрийнх нь царайг хараач, ийм олхиогүй нөхрийг яалтай билээ? Ёс төр ч мэдэхгүй, нүүр царайных нь муухай гээч, садан төрөлтэй ч золгохын аргагүй. Үүл салхин хөлөглөөд л манаргаж байх юм. Хаанахын хэн гэгч хүн бэ? гэдэг нь мэдэгдэхгүй. Айл гэрийн нэр нүүрийг гутааж байна гэх юм. Тэгээд л би шүүрс алдаж байна даа гэсэнд шулам:

-Би одоо муухай боловч сайхан болоход юу байх вэ? Би ирэхдээ муухай байв уу? Би сайхан байснаас л эцэг чинь хүргэнээ болгосон. Чи өнөөдөр яагаа вэ? Би Фүлиншань уулын Юньжаньдүн агуйд амьдарч байсан. Би зүсээ дагуулаад Жү овог авсан. Миний нэрийг Ганле (Ширүүн зогдорт) гэдэг. Дахиад асуувал мөн энэ мэтээр хэл гэв.

Үкүн дотроо “Энэ шулам үнэхээр цэх шулуун юм. Эрүүдээгүй байтал хамаг юмаа ярьчих юм. Нэгэнтээ нэр усыг нь мэдчихсэн юм чинь яавч барьж болох юм байна” гэж бодоод:

-Тэд эрдэм чадалтай тойдыг урьж чамайг бариулна гэх юм гэсэнд шулам инээгээд:

-Унт! Унт! Битгий ажир[1]. Надад гучин зургаан зүйлээр хувилах эрдэм бий ба есөн араат малтуур бий. Ямар ч номын багш, хуушаан, бомбоос айхгүй. Эцэг чинь сүсэг сэтгэлээр есөн тэнгэрийг дарагч хувилгааныг залж ирсэн ч би бас түүнтэй танил юм болохоор тэр арай халдаж зүрхлэхгүй байх гэсэнд Үкүн:

-Сонсоход тэд таван зуун жилийн өмнө Тэнгэрийн орныг самууруулсан Сүнь овогт Тэнгэртэй чацуу их богдыг залж чамайг бариулах юм гэнэ гэж хэлбэл шулам нэрийг сонсмогц дайжиж:

-Тийм юм бол би явна. Эр эм болж чамтай суухгүй гэвэл Үкүн:

-Юунд явах юм бэ? гэсэнд шулам:

-Чи мэдэхгүй байна. Тэнгэрийг самууруулсан Бимавэнь чадалтай гэдгийг би мэднэ. Түүнийг дийлэхгүй бол миний нэр нүүрэнд муухай! гээд дээлээ өмсөн хаалга онгойлгон гарахыг завдтал Үкүн түүнийг татаж зогсоогоод нүүрээ илэн мөн биедээ орж чанга дуугаар:

-Энэ муу шулам хааш явах юм? Нааш хараач, би хэн бэ? гэж зандарвал шулам эргэн харж Үкүний ярзайсан ам, гал шиг цэцгий, үстэй нүүрийг үзээд их л айн гэлмэж гадагш зүтгэхэд дээл нь яз урагдаад нүцгэн бие нь салхи болон зугтав. Үкүн нүд ирмэхийн зуурт бэрээгээ гарган салхийг цохисонд шулам түмэн зурвас алтан гэрэл болон ууландаа харьчихав. Үкүн араас нь чанга дуугаар:

-Чи тэнгэр дээр гаравч тэнгэр дээр нэхэж очно. Газарт оровч чамайг Эрлэг хааны тэнд хүртэл нэхнэ! гэв. Ингэж нэхээд хаана хүрэх, дийлж дийлэгдэх юу болохыг дараагийн бүлэгт үзнэ үү.