ДУУЛАЛД ӨГҮҮЛСЭН НЬ


Мэлмэлзэн цалгилах Хөх мөрний уснаа

Мэргэд баатарчуудын сайн мууг тунгааж дуусгав 

Зөв буруу онож алдсан бүхэн тэргүүн өргөмөгц хоосроод

Хөх уулс байр байрандаа дүнсийлцэж

Хөхөлбөр үдшийн наран улайнам. 

Настай загасчин буурал түлээчин мөрний хойг дээр

Намрын саран хаврын салхин лугаа ижилдэн дасав 

Нэгэн хувин амтат архиндаа баярлалдан хөөрөлдөөд

Эрт эдүгээгийн түмэн хэргийг

Энэхүү найрыг зоог болгон салхин уруу тонилгомой. 


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ 


ТООРЫН ХҮРЭЭЛЭНД ХУРИМЛААД ЭРДЭМ ХЭТИЙДСЭН ГУРВУУЛ ЖУРМААР ХАНИЛСАН БА АРУУХАН БААТАР ШАР АЛЧУУРТ ХУЛГАЙГ АЛААД ТЭРГҮҮН ГАВЬЯАГ БАЙГУУЛСАН НЬ 



Өгүүлэх нь: Дэлхий дахины их байдал нь салаад удваас гарцаагүй нийлмүй. Нийлээд удваас эрхгүй салах бөлгөө. Жоу улсын сүүлд долоон улс хуваан тэмцэлдсээр хожим нь нийлж Цинь улс болов. Цинь улс мөхсөн хойно ч Чу, Хань хэмээн хуваан тэмцэлдсээр бас Хань улс болжээ. Хань улсын төр нь Гао Зү хаан цагаан могойг алснаас журмын цэрэг байгуулж дэлхий дахиныг нэгтгэн ерөнхийлөв. Хожим Гуан Ү хаан дахин бадруулж улирсаар Сянь Дид хүрээд даруй ангижирч гурван улс болов. Түүний самуурсан учрыг шинжвээс Хуан, Лин хоёр хаанаас эхэлжээ. Хуан Ди эрдэмтэн сайдыг хорьж тайганчуудыг итгэмжилсээр тэнгэрт хальсан хойно хөвгүүн Лин Ди сууринд суугаад их жанжин Доу У тайфу түшмэл Чэнь Фангийн хамт хаанд тусалж засгийн хэргийг шийтгэв. Тэр цагт тайган Цао Зе нар эрхийг барьсанд Доу У Чэнь Фаныг «алсугай» хэмээн зөвлөөд хэргийг нарийвчилсангүй тул гэдрэг тайганд алагдав. Түүнээс тайганууд нэн илүү хөндлөн, сагсууран явах болжээ. 

Зянь Ниний хоёрдугаар оны дөрвөн сарын арван таванд хаан Вэнь Дө Дянь харшид дөнгөж суутал гэнэт харшийн зовхисоос их салхин салхилж нуруунаас нэгэн их хар могой нисэх мэт бууж ирээд сандлыг ороосонд Лин Ди хаан цочиж унав. Жигүүрт байсан бичиг цэргийн түшмэд мэгдэж сандран түшиж, дотор ордонд залахад зуун түшмэд цөмөөр дутаан далд оржээ. Удсангүй тэр могой үзэгдэхгүй болоход гэнэт аянга түрчигнээд мөндөр орж шөнө дундад хүрч арилав. Орсон бороонд хотын гэр барааны эвдэрч унасан нь тоо томшгүй. Зянь Ниний дөрөвдүгээр оны хоёр сард Луо Янд газар хөдөлж далайн ус цалгихад эрэг дагаж суусан ард цөмөөр давалгаанд ороогдон үйжээ. Хуан Хөгийн тэргүүн онд эмэгчин тахиа эрэгчин тахиа болон хувилав. Зургаан сарын шинийн нэгнээ арван тохой илүү хар уур Вэнь Дө Дянь харшид оржээ. Долоон сард хааны суусан ордноос солонго татахад Ү Юань газрын уулан хөвөө цөмөөр хагарч нурав. Ийм зүйл бүрийн муу ёр нэгээхэн бус тул Лин Ди хаан зовж даруй зарлиг буулган олон түшмэдээс гамшиг зовлонгийн учрыг асуусанд И Лан түшмэл Цай Юны өргөсөн бичигт: “Солонго татаж тахиа хувилсан нь тайганууд ба эхнэр хүн засаг төрд оролцсоны учир болой” хэмээжээ. Үгс нь шулуун голч тул хаан бичгийг үзээд шүүрс алдан босож хувцасаа халахуйд Цао Зе хойноос нь сэм харж, зүүн, баруун этгээдийн ардад хэлж үйлийг хардагдуулаад даруй өөр хэргээр Цай Юныг ялд унагаад хөдөө гэрт нь хариулав. Хожим Жан Ран, Жао Жун, Фэн Сюй, Дуань Гүй, Цао Зе, Хоу Лань, Зянь Шуо, Чэн Гуан, Ся Юнь, Гуо Шэн нарын арван тайган сүлбэлдэж зальхай хэргийг үйлдэн арван «Чанши» хэмээн цоллогдов. Хаан Жан Раныг итгэмжилж Ан Фо хэмээн дуудан төрийн хэргийг өдрөөс өдөр гээсэнд дэлхий дахины хүн сэтгэл самуурч хулгай дээрэм зөгий мэт болов.

Тэр цагт Жоу Лүзюнь хэмээх газарт ах дүү гурав байжээ. Нэр нь Жан Зяо, Жан Бао, Жан Лян. Жан Зяо шалгуулаад тэнцээгүй оюунтан бөгөөд нэгэн өдөр ууланд эм түүхээр явахдаа хөгшин хүнтэй учирсан агаад эмгэний төрх нь нүдэн цэцгий хар, нүүр зүс бага хүүхдийн адил, гартаа таяг тулсан байв. Тэрбээр Жан Зяог дуудаж нэгэн агуйд аваачаад гурван дэвтэр тэнгэрийн бичиг өгч өгүүлрүүн: “Тай Пин Ёо Шу энх түвшин болгох чухал увдис хэмээмүй. Үүнийг тэнгэрийн төлөө тархаан дэлгэрүүлж ертөнцийн хүнийг тэнхрүүл. Хэрвээ муу сэтгэл бариваас эрхгүй зовлон болмой”. Жан Зяо сөгдөн хөгшний нэр овгийг асуухад хөгшин хүн: “Би Наньхуагийн хөгшин хувилгаан” хэмээгээд даруй салхи болон хувилж үзэгдэхгүй болов. Түүнээс хойш Жан Зяо уг бичгийг олоод өдөр шөнөгүй уншиж боловсруулан салхин бороог урьж чадаад өөрийн биеэ Тай Пин Доу Рэн хэмээн өргөмжилжээ. Жүнпиний анх оны цагаан сард халуун хижиг өвчин дэлгэрсэнд Жан Зяо фу бичиг тархаан ус үлээж хүний өвчнийг илааршуулаад биеэ “Их мэргэн багш” хэмээн өргөжээ. Жан Зяод таван зуу гаруй шавь нар буй. Тэд дөрвөн зүгт гарч цөм фу бичиг бичин тарни унших тул шавь нарын тоо өдрөөс өдөрт олон болов. Жанзяо өөрийн шавь нарыг гучин зургаан газарт суулгаж их газар түм илүү, бага газарт зургаа долоон мянга шахам шавийг суулгаад, тус тусын газарт захирах эзэн тавиад түүнээ “Жанжин” хэмээн нэрийдэв. Хуурамч үг алдаршуулан цуурхахдаа: “Хар тэнгэр нэгэнт мөхөөд шар тэнгэр тогтоно. Хөх хулгана жилд дэлхий дахин их л жаргамой” хэмээгээд хүмүүсийг цагаан шороогоор өөр өөрийн гэрийн хаалганд “хөх хулгана” хэмээх хоёр үсгийг бичүүлсэнд Цин, Ю, Сюй, Зи, Зин, Ян, Янь, Юй зэргийн найман мужийн ард иргэд цөм гэр бүртээ “Их мэргэн багш” хэмээн Жан Зяогийн нэрийг бичиж тахив. Жан Зяо өөрийн намын хүн Ма Юань Иг зарж алт мөнгө торго эдийг бариулан Жүнюань түшмэл Фэн Сюйд янаглан дотуураар угт хэмээжээ. Түүний хойно Жан Зяо хоёр дүүтэйгээ зөвлөн өгүүлрүүн: “Олохуйяа бэрх нь иргэний сэтгэл болой. Эдүгээ иргэний сэтгэл нэгэнт бидэнтэй байхад дэлхий дахиныг авахгүй болвоос үнэхээр харсалтай бөлгөө” хэмээгээд шар туг хиур үйлдэн өдөр болзож хэрэг үүсгэсүгэй гээд өөрийн шавь Тан Жоуг зарж Фэн Сюйд бичиг бариулав. Тан Жоу бичгийг барьж шууд яаманд хувьсгалыг хэлэхээр ирсэнд хаан даруй их жанжин Хө Зинийг дуудаж цэрэг морь гарган Ма Юань Иг барьж алав. Хойно Фэн Сюй нарын нэгэн намын хүнийг барьж гянданд хорив. Жан Зяо үйл хардагдсаныг сонсоод шөнөөр цэрэглэн өөрийн биеийг тэнгэрийн жанжин, дүү Жан Баог газрын жанжин, Жан Лянийг хүний жанжин хэмээн нэрлэж зуун овогт иргэний зүг өгүүлрүүн: “Эдүгээ Хань улсын хааны улирал тоо дуусахад хүрээд их богд хүн гарчээ. Та тэнгэрийн аяар чин журмыг дагаваас энх аж төрөх болно” хэмээсэн үгэнд дөрвөн зүгийн иргэн шар алчуураар толгойгоо ороогоод Жан Зяог дуудаж урвасан нь дөч тавин түм хүрч хулгайн хүчин их болсон тул албан цэрэг чимээг сонсмогц даруй эргэн зугтжээ. Хө Зин хаанд айлтгаж «даруй түргэн өөр өөрийн газрыг бэлтгэн сэргийлж хулгайг дайлан гавьяа байгуул» хэмээн зарлиг бичиг буулгав. Бас нэгэнтэйгүүр Жүн Лан Зянь түшмэл Лү Жи, Хуан Пү Сүн, Жу Зюань нарт торгон цэрэг өгч “Гурван замаар дайл” хэмээн илгээв.