БЭЭЖИНГИЙН ОЛОН УЛСЫН НОМЫН ҮЗЭСГЭЛЭНГИЙН ЭРГЭН ТОЙРОНД

Номын баяр анх ХVII зууны үед Герман улсад зохиогдож эхэлсэн бөгөөд одоогийн зохион байгуулалт нь ХХ зууны дунд үеийн Европоос гаралтай гэгддэг. Зохион байгуулалтын цар хүрээ, агуулгаараа Франкфурт хотын номын үзэсгэлэнгийн дараа орох Бээжингийн олон улсын номын яармаг (BIBF) 6-р сарын 15-18-нд Бээжин хотноо зохион байгуулагдав. 19 дэх удаагаа зохион байгуулагдаж буй арга хэмжээг тус улсын Үндэсний хэвлэлийн газар, Шинжлэх ухаан технологийн яам, Бээжин хотын захиргаа, Хятадын хэвлэн нийтлэгчдийн холбоо, Зохиолчдын холбоо хамтран зохион байгууллаа.

Нийт 1500 гаруй байгууллага оролцсон бөгөөд үүнд Хятадын дотоодын ном сонин хэвлэл, программ хангамж, мультимедиа, дижитал тоног төхөөрөмжийн газруудаас гадна АНУ, Англи, Герман, Итали, Испани, ОХУ, Малайз, Алжир зэрэг дэлхийн 56 улсууд оролцжээ. 200,000 гаруй ном үзэсгэлэнд дэлгэгдсэн тухай Global Times сонин мэдээлсэн. Номын үзэсгэлэнгээр аль нэг орныг “Хүндэт улс”-аар нэрлэгдэг уламжлалтай бөгөөд энэ удаа Алжирыг онцолжээ.


Монгол улсаас Нэпко хэвлэлийн газар энэ удаагийн яармагт 7 хүний бүрэлдэхүүнтэй оролцов. Манай компанитай хамтран ажилладаг Хятадын Zhejiang хэвлэлийн газар, Encyclopedia of China Publishing House, SXD хэвлэлийн газар зэрэг хэд хэдэн байгууллагуудын үзэсгэлэнгийн тавиурт манай орчуулан гаргасан олон номууд дэлгэгдсэн нь онцлох байлаа.

Уг номын баярт тусгай хөтөлбөрийн дагуу Хятадын алдарт зохиолч Цао Вэньшуань, Xu Zechen болон Yi Zechen нарын номын хэлэлцүүлэг, хүүхдийн зохиолч Тан Тангийн шинэ номуудын нээлтэд  оролцов. Нэпко ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Б.Болдбаатар зочин илтгэгчээр оролцож Монгол улсаа төлөөлөн үг хэлж,  үзэсгэлэнд оролцогчдод баяр хүргэв.


Harvard University Press, Oxford University Press USA, Encyclopedia of China Publishing House, Английн шилдэг хэвлэн нийтлэгчид болох Thames & Hudson, Penguin Random House, Их Британийн Dorling Kindersley гэх зэрэг олон хэвлэлийн газруудтай уулзалт, зохиогчийн эрхийн уулзалтууд хийж тэдгээрийн эрхлэн гаргасан номуудаас эх хэл дээрээ орчуулан гаргах эрхийг авав.

Манай хэвлэлийн газрын хамт олонд БНХАУ-ын Нобелийн шагналт зохиолч Мө Янь, Хятадын орчин үеийн уран зохиолын нэрт төлөөлөгч Үй Хуагийн бүтээлүүдийг Монгол хэлнээ орчуулан гаргасанд талархал илэрхийлж, цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээ илэрхийллээ.  

Энэ удаад бид дэлхийн хэвлэлийн салбарын шилдэг технологи, стандартууд зэрэг туршлагаас суралцаж, сүүлийн үеийн шинэ бэстсэллэр бүтээлүүдээс эх хэл дээрээ  уншигчдадаа хүргэх зохиогчийн, хэвлэн нийтлэх эрхийг авсан олз омогтой ирлээ.