Бид нэг юм үзнэ(III)

Нэг. Бид нэг юм үзнэ(2016)

   Ийм нэртэй цуврал хоёр ч өгүүллийг 2016, 2017 онуудад нийтлүүлж байжээ[i]. Айсуй цаг үеийнхээ мөн чанарыг “Ялсан нь ялагдсандаа, дийлсэн нь унасандаа атаархах тийм цөвүүн үе ирж байгаа нь илт. Сайд болж мандаж явна гэсэн биш ёроолгүй ангал руу нисэх үйлийн үр боловсруулбал гашуудалтайяа...Dec 15, 2020” хэмээн тодорхойлсноо “Х”-д жиргэсэн байх юм. 

     Мэргэ төлөг, иш үзүүлсэн хэрэг огоот биш. Жирийн сэтгүүлчийн төсөөлөл бөгөөд маш олон хүн ийнхүү харж байсан ч тодорхойлон бичих цаг зав гараагүй гэж ойлгож болно. Олон хүнтэй санаагаа хуваалцаж, зөвшиж маргаж явснаа санавал, иймэрхүү төсөөлөл нийтлэг байсан, харин өгүүлэгч бээр түүнийг боловсруулсан нийтлүүлсэн гэж ойлгосон ч болно.

    АНУ-ын ерөнхийлөгчөөр нөхөр Дональд Трамп сонгогдож байгааг иш үндэс болгон “Манай эрин” төгсч байгаа тухай өгүүлснээр эхлээд “Ер нь Трамптай, Трампгүй дэлхий ертөнц нэг юмны босгон дээр ирээд байна. Филиппиний ерөнхийлөгчийн“хар тамхины дайн”-аас эхлээд хашир догь үндэстэн болох Английн ард олны“бриксит” шийдэл хүртэл улс төрийн тайз нэг юм хэлсээр байгаа... Дэлхийн эталон үндэстэн Английн гадаад хэргийн сайд Борис Жонсоноос эхлээд Эрдоган, Дэниель Ортега, Дутерте, Раздак, Орбан , Лукашенко, Мадуро, Ассад... гээд ер бусын лидерүүдээр дэлхий дүүрсэн...” зэргийг иш үндэс болгожээ. 

    “Дэлхийн хоёрдугаар дайны дараагаар НҮБ байгуулагдсан нь амжилт олжээ. Хэдийгээр АНУ тэргүүтэй капиталистууд, ЗХУ тэргүүтэй коммунистууд тэнд цусаа гартал үзэж тарж байсан боловч бүгдээрээ НҮБ- ийнхээ үнэ цэнийг ухаарч хүндэлж байсан юм. Чухам энэ хүндлэл дундуур манай эх орон БНМАУ олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, 1961 онд НҮБ-д элсэж тугаа мандуулж байв. Тэр үед шинээр “Улс болох” , эсвэл “нэг улс нөгөөгөө эзлэн алга болгох” асуудал чухам энэ байгууллагын шийдвэрээс хамаарч байлаа. Харин өнөөдөр Украйны эргэн тойрны асуудал болон Крымыг Орост нэгтгэсэн, Донецкийн “бүгд найрамдах улс” бий болсон жишээг харахад “улс болох” асуудал НҮБ д улам бүр падлийгүй болж байна” 

(Ингэж бичснээс хэдхэн жилийн дараа ОХУ цэргийн хүчээр Украйнд халдаж, ойрын өдрүүдэд Газын зурваст үймээн дэгдэхэд НҮБ улам бүр ёс төдий бэлгэдлийн газар болсон нь харагдах болов. Дэлхийд журам сахиулахад тэргүүлэх үүрэг хүлээсэн Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн нь томоохон дайн өдөөгч болчихоор яах ч билээ. Ичсэндээ “дэлхийн дулаарал”, “Ногоон хувьсгал” гэхчлэнгийн сэдэв барьж авсан нь “Эрх чөлөөгүй байсан БНМАУ-ын иргэд эрх чөлөөт Америкийн гэмт хэрэгтэн Анжела Девист эрх чөлөө олгохыг шаардаж” асантай агаар нэг бөлгөө)

    Энэ бүхнийг “Сайн сайхан зүйлс дуусаж байгаа хэрэг биш харин сайн сайхны тухай бидний хэмжүүр хуучирч байгаа гэсэн үг байх. Өөрөөр хэлбэл ХХ зууны дундуур бүрэлдэн тогтсон дэлхийн шинэ дэг ёсны “Манай эрин” ийнхүү өндөрлөж байна... Бид нэг юмаyд тулж байна. Тулна гэдэг бол зам дууссны дохио. Нэг зам дуусахаас нааш нөгөө зам эхэлдэггүй. Харин юм дуусах муухай гэж бодож байгаа хүн удахгүй эхлэх зүйлийн сайхныг төсөөлж чаддаггүй” гэж үзэж байсан байна, үзсээр ч байна.

    Гэхдээ “Амьдрал угаасаа сайн тийшээ чиглэгдсэн аугаа хувьсал бөлгөө. Тийм ч учраас дэлхийн нэгдүгээр дайны эрэлхэг цэрэг Швейк “Юм яаж ч муудсан сайжрах тийшээ явдаг” гэж захисан билээ”

Хоёр. “Бид нэг юм үзнэ II:Бүтээлч сүйтгэл(2017)

Харин “Бид нэг юм үзнэ II(Бүтээлч сүйтгэл) өгүүлэл дотоодод хүлээгдэж буй томхон шинэчлэлийн дохиог нийтээрээ анзаарч байгаа тухай юм. Бид ч бас байснаараа байж чадахаа больсон. Шударга байж болохгүй, бас шударга бус байж ч болохгүй болжээ. 

 “Нэг сонин үзэгдэл байгаа нь “нийгмийнхээ үзэл санаа ёс суртахууны доройтол”-ыг жигшингээ, нийгмээрээ ёс суртлаар доройтож байгаа явдал. Архины хорыг жигшин, жигшин архидахтай төстэй ч юмуу?Эндээс монголчууд үнэхээр ёс суртлаар доройтсон уу, эсвэл бусадтай л адилхан сайнтай муутай явснаа одоо л харж байна уу гэсэн асуулт гарч байна.

  Монголчуудад өөрийгээ таних боломж үнэндээ гараагүй юм. “Хүний сайныг ханилж мэддэг” гэж ардын үгэнд байдаг нь хүний ёс суртахуун мөн чанар нь хамтын ажиллагаан дээр л харагддаг гэсэн санаа. Үнэн л дээ. Нүүдэлчид түр зуур л хамтраад(айлсаад) салж нүүсээр ирсэн тул бие биенээ таних бололцоо бараг гараагүй. Дараа нь хувьсгалын үед нэг хэсгийг нь ардын дайсан хэмээн нэрлэж, буудсан. Ард гэж хэн, дайсан гэж юу болохыг ч сайн ойлгоогүй. Үлдсэн сургамж нь яаж ийгээд дайсан болохгүй байх явдал. “Сайн хүн” болох ба “яаж ийгээд дайсан болчихолгүй хар толгойгоо бөөцийлж үлдэх” хоёр их ондоо шүү. Итгэл үнэмшлийнхээ хүчээр сайн байгаа хүн ба айсандаа сайн байгаа хүн хоёр ч тусдаа”

  Баяжиж хөлжсөн хэсэгтээ уур нь хүрээд байгаа нь ерөөсөө хөлжиж юмжихад дургүйгээс болоод байгаа юм огт биш. Монголчууд баяжих, ялангуяа зүгээр сууж байгаад баяжих бүр дуртай.Угаасаа ч түүхэндээ зүгээр сууж байгаад л үе үе юмжиж ирсэн түүхтэй юм. Харин өнөөдөр цөөхөн хэд нь л зүгээр сууж байгаад баяжиж, үлдсэнд нь тийм боломж олдохгүй байгаа нь урам хугалж байгаа ажгуу, нэг талаасаа.

   Тэгэхээр нэгэнт өөрт олдохгүй байгаа боломжийг сөнөөмөөр, тэгэхдээ боломжийг завшиж чадсан хэсэгтэй нь хамт нураамаар байгаа хэрэг. Нэг ёсондоо шударга ёс нэхэж байгаа хэрэг л дээ, буруу ч гэхийн аргагүй.

    Нөгөө талаасаа шударгаар, хөдөлмөрлөж баяжсан хэсэгтээ ч бид их дургүй. Баяжсанд нь дургүй байгаа юм биш, хаашдаа л бусад шигээ хулгай хийсэн мөртлөө баригдахгүй байна гэж үзэн зэвүүцнэ.Тэр бүү хэл бусдынх нь идсэн уусан нь баригдчихсан байхад энэ муу золиг баригдахгүй байхдаа яадгийн гэж бүр дургүйцнэ. Ер нь бол, хөдөлмөрлөж, бизнесийн арга ухаанаар баяжих нь бидний хувьд цоо шинэ бөгөөд ойлгомжгүй зүйл. 

   Шударгаар баяжих, хөдөлмөрөөрөө хөлжих гэдэг бол бидний түүхэндээ үзээгүй юмны нэг байв. Худлаа л гэх байхдаа. Үнэндээ олон малтай байх ба их хөрөнгөтэй байх хоёр тусдаа. Хөдөлмөрлөсөөр байгаад баяжих, эсвэл өгөөмөр зун, өнтэй өвөл болж, чоно нохой тайван байсны ачаар мал нь өсөх хоёр бүр ч тусдаа. Бид олз омогтой явж л үзснээс орлого ашигтайгаар хөдөлмөрлөх туршлагагүй. Хувь тавилан ийм байсан, бидний буруу биш.

   Монгол үндэстний орлогын түүхэн жагсаалт: Чингис хааны дайны олз, Манжийн хааны пүнлүү шагнал, Зөвлөлтийн тусламж...хандивлагчдын өглөг... одообол авилга, тендер...гэсгээд болчихож байна. 

   Монгол орон ардчиллын замаар ороод гучаад жил боллоо. Та “ардчилал ингээд дуусч байна” гэх болов уу гэж бодсон байх. Үгүй ээ, ардчилал одоо л эхлэх гэж байгаа. Үнэн хэрэгтээ, гучаад жилийн тэртээ үүдийг нь хаасан социализм одоо л дуусч байна. Социализмын үлдээсэн хүчирхэг төрийн уламжлал одоо л амьсгаа хурааж, ганц гудамж өөрөө мэдээд тохижуулах тэнхэлгүй болон гулдайж байна.

  Социализмын айдас, сахилга дээр бүрэлдсэн төрийн албаны ёс суртал одоо л мөхөж дуусаад ямар ч сурталгүйгээр авилга нэхэж алга тоссон түшмэд үлдэж. Социалист дэглэм бол юугаар ч цагаатгашгүй хүчирхийлэлийн тогтоц байсан боловч хээр талаар нүүдэллэж явсан малчин ардуудыг орчин үеийн маягтай төр, төрийн албан хаагч, төрийн албаны сахилга журам бүхий болгож орхисон. Энэ бүхэн одоо л арилж дуусч байна, харамсах юм алга. Социализмын бүтээж өвлүүлсэн улс төрийн нам, түүний үлгэр загварууд одоо л элж гүйцэж байна. Нэг үгээр бол, манай ардчилсан хувьсгалын анхан шатны “социализмыг нураах” зорилго амжилттай биелсэн байна. Харамсалтай нь социализм арилахдаа өөрийн үлдээсэн төрийн тогтоц,төрийн албаны уламжлалаа аваад арилдаг эд байж. Өнөө муу санааарилдаггүй, зөвхөн эзэнтэйгээ хамт үхдэг гэдэг шиг.

    Өнөөдөр бидний сэтгэл санаанд нийцэх зүйлс бараг үгүй болсон. Энэ нь нийтлэг үнэт зүйлс байхгүй болсны дохио бололтой. Энэ утгаараа ямар нэгэн юмсыг эсэргүүцэж байгаа, юуг ч хамаагүй буруушааж явдаг тэмцэгч л олон түмний таашаалыг хүлээж байна.

   Харин учирлах, тайлбарлах аливаа оролдлого олон нийтийн дургүйг хүргэж, хурал номын газарт шашингүйн сурталчилгаа хийхтэй агаар нэг болоод замхарч байна. Нийгэм маань одоогийн тогтоцоо шударгатай нь, шударга бустай нь, сайнтай муутай, хүнийхтэй өөрийнхтэй нь хамт, системээр нь нураахыг хүсч байна. Нийгэм маань өөрийн улс төр, эдийн засгийн тогтоцоо, дээр нь өөрийгээ ч бас жигшиж байх шиг...

...Бид нэг юм үзэх нь ч үзэх бололтой. Дайн тулаан, бослого самууны тухай энд яриагүй. Харин хямралын тухай ярьж байна. Тулгарсан хямралыг эрүүлжүүлэх замаар засах санаачилга оролдлогыг нийгэм хүлээж авахгүй бололтой. Магадгүй, хямралыг засах зам нь хямрал өөрөө бололтой. Шийдвэрлэх хямрал л болох царайтай. Нэрт эдийн засагч Иосеф Шумпетер чухам үүнийг л “Бүтээлч сүйтгэл” гэж томьёолон дэвшлийн нэгэн эх сурвалж болгож харсан байж болох талтай. Шийдвэрлэх хямрал, бүтээлч сүйтгэл бидний бясаа үүрлэсэн, биднийх гэхээсээ илүү “бясаа гуайнх” гэмээр болсон байшинг шатаах бололтой, тэгж байж л бясаанаасаа салах юмдаг уу. М.Горький шиг “Их хямрал, нижигнэнхэн хямартугай...” гэх ч хаашаа, гэхгүй ч хаашаа.

Төгсгөл. Их хямрал, нижигнэнхэн хямартугай!(2023)

Хоёр жилийн өмнө “Украйны нутгийг Орос түрэмгийлснээр дэлхийн III дайн нэгэнт эхэллээ. Дэлхийд шинэ дэг журам тогтож, улс төрийн карт шинээр зурагдах гэж байгааг” сануулахад “пүү паа” болж байсан улс өнөөдөр Газын зурвасын мөргөлдөөн болон түүнээс үүдсэн самуурлыг хараад юу гэхийг бүү мэд. Бас “Хүний сайныг л шилж сонгоод байвал төр өөрөө сайн болно” гэдэг гэнэн ардууд өнөөдөр илрээд байгаа авилга луйврын схемийг хараад ямар бодолтой суугааг таашгүй.

    Манай нийгмийн бузар муухайг уудалсан бичлэг, мэдээлэл бол бидний өдөр тутмын танин мэдэхүй болж байна. Гэхдээ бид өнөөдөр муухай болсон юм биш ээ. Арван жилийн өмнө “Чадаж байгаа юманд арга байхгүй” гэж бардамнан хийж болдог байсан зүйл өнөөдөр жигшүүрт хэрэгт тооцогдож байна. Хорин жилийн өмнө олон хүний ингэхсэн гэж мөрөөддөг байсан үйлдэл өнөө шоронгийн хаалга татуулж байна. 

  Өнөөдөр шинээр үүссэн нэг ч хямрал, нэг ч муухай зүйл энд байхгүй. Муухай болоод байгаа юм биш, муухайгаа одоо л мэдэж байгаа нь энэ.Өглөө сэрээд “За, сонин муухай юу байна” гэж мэндэлсэн ч болохоор. Үнэхээр л “Ялсан нь ялагдсандаа, дийлсэн нь унасандаа атаархах тийм цөвүүн үе ирж байгаа нь илт. Сайд болж мандаж явна гэсэн биш ёроолгүй ангал руу нисэх үйлийн үр боловсруулбал гашуудалтайяа...”

Бид нэг юм үзэх байсан. Үзэж эхлээд байна. Үйлтэй нь эдэлнэ, үйлгүй нь гэтлэнэ. Цаана нь, бидний хайртай эрэлхэг цэрэг Швейкийн хэлсэнчлэн яаж ч муудсан сайжирдаг сайхан цаг үе хүлээж байгаа. Ерөөлгүй нь зүхнэ, ерөөлтэй нь үзнэ. Үүнд хямралгүйгээр хүрэх арга үгүй. Энхтайван яван явсаар дайнд хүргэж дуусдаг шиг дайны эцэст энх тайван өөрөө эргэж ирдэг.

Их хямрал, нижигнэнхэн хямартугай! 

2016.2017.2023




[i] http://baabar.mn/search?searchText=%D0%B1%D0%B8%D0%B4+%D0%BD%D1%8D%D0%B3+%D1%8E%D0%BC+%D2%AF%D0%B7%D0%BD%D1%8D