Аливаа улс, хот, үндэстний мөн чанар, оршихуйн үндэс, үндэстний ялгарал төрийн далбаа, билэгдлээс тодорхой харагддаг. Польшийн төрийн далбаа цагаан, улаан өнгөтэй байдаг нь тархи ба зүрхний хослолыг илэрхийлж буй гэж польш найзуудын ярианаас ойлголоо. Улаан өнгөөр цус, цагаан өнгөөр оюун ухааныг билэгддэг ажээ. 

Яг адилхан атлаа өнгөнийх нь байр нь солигдсон үндэсний далбаатай улс Индонези байдаг ккк. 

Польшийн билэгдэл нь цагаан бүргэд байдаг. Эрт урьд цагт Лех (Польшуудын эртний нэр), Чех, Рус нэртэй славийн гурван ах дүү байжээ. Нас биед хүрээд тус бүртээ ан гөрөө хөөж явсаар суурин амьдрах газраа сонгох цаг ирэв. Лех баруун хойд зүг, Чех баруун, Рус зүүн хойд зүгийг сонгон авчээ. Лех баруун хойд зүгт явах байх зуураа том царс модны дор хэсэг амарчээ. Энэ хооронд цагаан бүргэд дээгүүр нь нисч буйг анзаарч, бүр сүүдэрт нь буй модон дээр уг бүргэдийн үүр байгааг харчээ. Ингээд ямар эргэлзэлгүй тэр газрын сонгон суурьшсан нь өнөөгийн Польш улсын голомт нутаг болсон гэдэг гоё домог байна. 

Харин Польш Улсын нийслэл Варшав хотын билэгдэл лусын дагина байдаг. 1047 км урттай Висла мөрөн Варшав хотын тэг голоор урсдаг. Эртээ урьдын цагт нэгэн эр загасчилж байгаад хачин жигтэй амьтан голоос барьсан нь энэхүү хагас хүн, хагас загас лусын дагина байв. Загасчин эр олзоо бариад гэртээ очиход эхнэр нь буцаан голд тавихыг хүсэж, тэрхүү хос лусын дагиныг эх мөрөнд нь буцаажээ. Гэтэл удалгүй лусын дагина буцаж гарч ирээд эхнэр, нөхөр хоёрыг энэ л газартаа суурьшин амьдраарай, та бүхний амьдрал энэ цаг үеэс эхлэн энэ л газар нутагт цэцэглэн хөгжинө, янз бүрийн эрсдэл, гай зовлонгоос би та бүхнийг хамгаалах болно гээд нэг гартаа илд, нөгөө гартаа бамбай барьсан домогтой. 

Гэтэл нөгөө айхтар хамгаалагч лусын дагина Варшав хотыг дэлхийн хоёрдугаар дайнаас аварч огт чадаагүй шүү дээ гэдэг маргаан байх. Тайлбар нь, Польшийн зуны амралт жил бүрийн 8-р сарын 31-нд дуусдаг. Гэтэл дэлхийн хоёрдугаар дайн 9-р сарын 1-ний өдрийн үүрээр 4:45 цагт эхэлсэн түүхтэй. Өөрөөр хэлбэл, лусын дагина амралттай байх үеэр дайн эхэлж, Германчууд Варшав хотыг үнсэн товрог болгон, хотын төвийн 95% нь газрын хөрснөөс арчигдаж, 400 мянган еврейгээс гадна 200 мянган польш хүн 1944 оны бослогын үеэр, 100 мянган иргэн нь дайны үеэр буюу нийт 700 мянган Варшавын иргэд амиа алдсан гашуун түүхтэй.  

2000 оны дундуур Балтийн тэнгисийн эрэгт орших Польшийн жижигхэн загасчны хот болох Устка өөрийн билэгдлээ зарлав. 

Тэр нь нэг гартаа загас барьсан лусын дагина. Варшавын лусын дагиныг бодвол хөхийг нь томруулж жаахан секси болгосон боловч хүйсийг нь зурахаа мартсан гэх хөгжилтэй түүх байдаг юм байна.  

Монгол Улсын маань төрийн билэгдэл болсон Морь, Улаанбаатар хотын билэгдэл болсон Хангарьд шувуутай холбоотой ямар ямар домог, яриа, тайлал байдаг билээ?

Францын айдентити бас л мундаг юм аа. Улсынх нь мотто үгс нь Liberty, Equality, Fraternity буюу Эрх чөлөө, Тэгш эрх, Эв эе. Бараг бүх юман дээрээ энэ гурван үгийг онцолно. Гэхдээ энэ үнэт зүйл тийм амархан ирээгүй бололтой. Энэ нь Францын төрийн дууллын үгнээс мэдэгдэнэ. Нилээд зэрлэг, хэрцгий үгтэй тэр дууны үг Францын хувьсгалын үеэр бичигдсэн түүхтэй аж. 

2007 онд Франц улс "Ministry of Immigration, Integration, National Identity and Co-Development" буюу Цагаачлал, нэгдэл, үндэстний тодотгол, хамтын хөгжлийн яамыг хүртэл байгуулж байжээ. Улмаар 2009 онд National Identity-ийн талаар үндэстний том хэлэлцүүлэг, олон нийтийн мэтгэлцээнийг эхлүүлжээ. Энэ мэтгэлцээний гол асуулт нь "Франц хүн гэж хэнийг, ямар хүнийг хэлэх ёстой вэ, яагаад" гэдэг энгийн мэт боловч ярвигтай асуулт байжээ.  

Аливаа улс Identity Сrisis-д орно гэж бас байдаг ажээ. Хэл, үнэт зүйл, түүх чухал хэдий ч ирээдүйн ямар нэг зүйл улсыг нэгтгэх ёстой бололтой. Тийм учраас чи үнэхээр Франц хүн болмоор байна уу эсвэл зүгээр л Франц хүн болж харагдаж, "худлаа" хэлбэрдмээр байна уу гэдэг мэтгэлцээн хэсэг явсан байна. Тийм учраас өнөөдрийн Франц хэл, соёл, хоол, вино, загвар, эсвэл Напелеон хаан биш харин "Эрх чөлөө, Тэгш эрх, Эв эе буюу ахан дүүсийн барилдлага"-г үндэстнийхээ үнэт зүйлсээр тунхаглажээ.  

Улс нь албан ёсоор батлаагүй ч азарган тахиа Америкийн бүргэд, Оросын баавгай, Английн арслан шиг энэ улсын симбол болж чаджээ. Олон янзын л түүх байдаг юм байна. Азарга тахиаг эр зоригийн бэлэг тэмдэг гэж үздэг бол нэг хэсэг нь азарган тахиа идэх юм, нөөц олбол өөрөө шууд хэрэглэхгүй эм тахиа болон бусаддаа өгснийхөө дараа хүртдэг гэж ярьж байв. Харин бүр зарим Ромчууд дандаа үүрээр довтолдог байсан бөгөөд энэ довтолгоог азарган тахиа мэдэж чимээ өгч Француудыг сэрээдэг байсан учраас ч гэж тайлбарлах нэгэнтэй тааралдав. Тахианд ямар ч хүч чадал байхгүй гээд энэ билэгдлийг Напелеон бүргэдээр сольж үзсэн боловч амжилт олоогүй гэдэг. 

Азарган тахианаас гадна Marianne гээд залуу бүсгүй энэ улсыг төлөөлдөг. Яг бодит хүн биш хэдий ч хувьсгалын үеэр эрх чөлөө, ардчилал гэдэг үгийг анархизм, эмх замбараагүй байдал болгохгүйн тулд энэ бүх үнэт зүйлс маань зөөлөн мэт боловч асар хариуцлагатай, ялдамхан мэт боловч маш эмзэг зүйлс юм шүү гэдгийг залуу эмэгтэйн дүрээр гаргасан гэж нэг франц эрхэм тайлбарласан нь таалагдсан. Энэ бараг Америкийн эрх чөлөөний хөшөөний эмэгтэй байх шүү. 

Монгол Улсын мотто үг бас та биднийг олон улсад төлөөлдөг билэг тэмдэг маань юу билээ? Та бүхний хувьд тэр бүхэн утга зааж чадаж байгаа юу? Монгол хүн яг ямар байх ёстой юм бэ? Юу бид нарыг нэгтгэж, юу бид нарыг ирээдүй рүү чиглүүлэх ёстой юм бол? Бидэнд өнөөдөр байгаа үнэт зүйл юу вэ? Монгол хүн болж худлаа хэлбэрдэж харагдахгүйгээр яг үнэнгээсээ эрхэмлэж хайрлаж, хүндэлж бас бултаараа дагаж мөрддөг яг тийм юм юу билээ хөө?