Есдүгээр бүлэг


Днепропетровск хотын дундуур нь Днепр мөрөн урсана. Тэгээд Днепропетровск гэж нэрлэсэн байхаа. Днепр мөрний эрэг хавьцаа газраар олон олон амрах зугаалах парк хүрээлэнгүүд байх бөгөөд миний амьдардаг их сургуулиудын дүүрэгт «Северный холмост» гэдэг том цэцэрлэгт хүрээлэн байх. Северный Холмост гэдэг бол Хойт толгод гэсэн үг билээ.

Манай оюутны дотуур байрнаас толгод өөдөөгөө өгссөн цардмал явган хүний зам Северный хүрдэг бөгөөд замын 2 талаар битүү их ой шугуй байх. Ус мод навчис ургамал, цэцэг жимс цогц бүрдсэн үзэсгэлэнтэй сайхан газар байдаг. Үд хэвийж байв. Би оюутны байрнаасаа гарч толгод өөд өгссөн тэр замаар алхалсаар Северный цэцэрлэгт хүрээлэнд хүрч ирлээ. Би голын эрэгт, сандал болгож дөрвөлжлөн зассан, том чулуун сандал дээр очиж суулаа. Би жаргаж байгаа нарны туяаг, улайран байгаа тэнгэрийн хаяаг ажиглан харж суулаа.

Би нүдээ хагас нээж, хагас аниад амьсгалаа гүн авч гарган, санаа алдан санаашран бодлогоширч суув. Эргэн тойронд юу ч үгүй хоосон мэт надад бодогдоно. Миний нүд харанхуйлна. Орчлон ертөнц гэдэг тэр өөрөө харанхуй хоосон нүх адил надад төсөөлөгдөнө.

Тиймээ тэр бүсгүй Хулан миний дотор зүрх сэтгэлийг минь ойлгож ойшоон харж чадаагүй ажээ. Тогтож тоож харж даан ч тэр чадсангүй.

Миний хэлэх үгийг Хулан тэр бүсгүй олж сонссонгүй. Миний бодол хүсэл, мөрөөдлийг минь тэр ойлгосонгүй. Би түүнд ийн гомдоллон суув.

...Үгүй дээ. Үгүй... тэр хараач... Тэр намайг харж байна шүү дээ. Тийм байна. Тэр бүсгүй намайг харж байна. Би түүнийг харж байна. Тэр жаргаж байгаа нарны завсар зайгаар нь улайран буй тэнгэрийн хаяанаас тэр намайг харж байна. «Хулаан! Шавар шавхайд унаж бохирдсон намайг чи танихгүй байна гэж үү?» Би түүнээс ингэж асууллаа.

Тэр над руу зэрвэс нэг хараад, тэгээд тэр цаашаагаа буцаад алхав. «Хүлээгээч Хулаан Би байна шүү дээ. Яагаав нөгөө Дэлгэр!» гэж би түүний араас хашгирлаа. Тэр эргэж харав. Тэр ихэмсэг хөлдүү хүйтэн хоолойгоор «Чи юуны учир ийн гауагланав?» гэж надаас асуулаа. «Би чамд сэтгэл зовоод л...» гээд би түүнийг аргадах аядав. Тэр миний үгийг таслаад «Май чи үүнийг ав» гээд нар руу ямар нэгэн хүнд том хар юм шидлээ. «Энэ чамайг надаас илүү их ойлгох болно» гэв. Тэгэж хэлээд тэр тэнгэр өөдөөгөөн харав. Харин би тэгэхэд шазруунаар, гэхдээ би зүгээр л инээмсэглэн суусан билээ. Тиймээ би зүгээр л инээмсэглэн суусан билээ. Инээмсэглэл, гэхдээ энэ бол тийм гэсэн үг бол огт биш. Бас үгүй гэсэн үг биш. Би түүнийг хараад л суугаад байлаа. Хулаан чи их өөр байна аа. Чи өөр болсон ажээ. Үүний төлөө би чамайг ор тас мартаж чадах хэрэгтэй юм байна. Би ингэж бодов.

Тийм байна. Хулаан чи бол жаргаж буй нар байна. Харин би бол өөр нар. Би бол ургаж байгаа нар. Чи бид хоёрын хайрын түүх ийм нэг хувь тавилантай ажээ. Би дотор сэтгэл зүрхэндээ шивнэн түүнд бас би өөртөө ингэж хэлэв. «Би чамайг ойлгосоон» гэж түүнд би давтан хэллээ. Би жаргах нарыг биш. Мандах нарыг харж амьдрах ёстой. Би ингэж бодов. Зовлонтой боловч богинохон. Гэхдээ зовлонтой богинохон. Утга учир нь үл ойлгогдох энэ олон жижигхэн тэмцлүүдийн дараа нь, би өөрөө өөрийнхөө хувь тавилантайгаа ийн эвлэрэн суусан билээ. Тиймээ. Би хайрлах учиртай. Бас хайрласан тэр хайрандаа би өөрөө хайлах учиртай билээ. Гэхдээ амьдралд гомдох юм бол надад байхгүй.

Харин би ийм замаар бол явахгүй. Дахин үүгээр хэзээ ч алхах ёсгүй хэмээн би өөрөө өөрийнхөө дотор сэтгэл зүрхэндээ шивнэн хэлсэн билээ. Яг л энэ мөчид би түүнээс салангад оршин асан, түүнийг би танихгүй мэдэхгүй байсан өнгөрсөн тэр ЭГО-руугаа буцаж алхаад орж ирсэн байлаа. Харин одоо бол миний сэтгэл биш. Миний хүсэл биш. Миний зүрх түүний тухай надтай ярилцах ажээ. Сэтгэл бол ярьж л чаддаг. Тэр сайхан ярьдаг. Гэхдээ тэр намайг мэддэггүй. Хүсэл бол зөвхөн ганцхан хүсэж л чаддаг.

Гэхдээ тэр намайг мэдэрдэггүй ажээ. Зүрх бол харин өөр. Тэр надад зөвхөн ганц үнэнийг ярьж хэлдэг билээ. Тийм учраас юу хүснэ. Тэр надад ирнэ. Зөв юм хүс. Зүрхэнээсээ хүсэж чад. Бас тэгээд тэсэж үлдэж чаддаг байх ёстой.

Мартаж орхиж чадна аа. Би ингэж бодов. Тиймээ. Хайр сэтгэл, хар Баасан гариг, аз жаргал гэдэг бүгдээрээ ямар өчүүхэн билээ. Тиймээ хайр сэтгэл гэдэг аваас балмад мунхаг нэгэн зүйл авай. Хэзээ ч байхгүй худал хуурмаг юмсыг хүнд хэлж ярьж явдаг. Хүмүүсийг түүндээ итгүүлдэг. Тэгээд түүнийгээ баталж нотолж чаддаггүй.

Үнэндээ хайр сэтгэл гэдэг аваас хүсэл. Тэр бол шунал. Тиймээ хүсэж шунах сэтгэл ихдэх аваас харамсан гутрах, гуниглан гутрах гэдэг огт хий хоосон зүйлд хүн идэгдэж хоосрон ялзрах ажээ.

Гутрал гунихрал. Энэ бол хүнд хэрэгтэй зайлшгүй зүйл огт биш. Харин боломж бол цаг үргэлж байдаг. Би өөрөө сураггүй алга болох бодит боломж бол надад байгаа. Би ингэж бодов.

Тэр боломжоо би ашиглаж чадах ёстой. Энэ бол зөв зам билээ. ...


БАДАМХАНД МУЗЕЙ