Энэ оны эхний хоёр сард салбар төмөр зам барьж байгуулах ажилтай холбоотой Засгийн газрын хоёр чухал тогтоол батлагдсан нь бүтээн байгуулалтын их замд гарсан анхны тод дохио байлаа. Тэдгээр тогтоолын дагуу ТЭЗҮ, зураг төслөө хийж, дөрөвдүгээр сард тендер зарласан. Харин тавдугаар сард Засгийн газрын 230 дугаар тогтоол батлагдаж, Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажил албан ёсоор эхэлсэн нь монголчуудын итгэл, сэтгэл шингэсэн шинэ түүхийн эхлэл болсон юм.

Ажлын явц ямар байгааг сонирхон Багахангай өртөөнөөс Хөшигийн хөндий хүртэл аялж, нүдээр үзээд ирлээ. Гуравхан сарын дотор 4.1 км урттай, 1.2 сая куб метр уулын цулыг өрөмдөн сэтлээд, хүн малын аюулгүй байдлыг хангах хамгаалалтын суваг шуудуу, цас усны аюулаас хамгаалах гүүр, далан зэрэг олон ажлыг амжуулжээ. “Давааны цаана даваа” кино шиг л үзэгдэх энэ бүтээн байгуулалт сэтгэлд дулаан мэдрэмж төрүүлэв. 

Зураг төслийн ажлын хүрээнд геологи, геодези, усны хайгуулыг урьд өмнө төмөр замын төсөл дээр ажиллаж байсан туршлагатай дотоодын аж ахуйн нэгжүүд хийж дуусгасан нь бахархал төрүүлэм.

Суурь судалгааны ажлыг “Монголын төмөр зам” компанийн Төсөл, хөтөлбөр судалгааны газрын 13 хүний бүрэлдэхүүнтэй хоёр баг гүйцэтгэж байна. Тэд ажлын зорилго дотроо эх орноо гэсэн сэтгэлтэй, бүтээн байгуулалтын ажилдаа дотоодынхоо л хүчээр хийнэ дээ гэсэн  үндэсний ч гэмээр үзлээ багтаасан төлөвлөлттэй нь анзаарагдаж байв. “Монголын төмөр зам” компани Багахангай-Хөшигийн чиглэлийн төмөр замыг барьснаар манай улсын Үндэсний төмөр замын сүлжээ олон улсын төмөр замтай холбогдож байгаагаар маш чухал ач холбогдолтой юм.

“ЮУ Ч ТОХИОЛДСОН ТӨМӨР ЗАМАА ДУУСГАНА” ГЭЖ БУЙ ААН-ҮҮДДЭЭ ТУСЛААЧ, ЕРӨНХИЙ САЙД АА!


Багахангайгаас Хөшигийн хөндий хүртэл нийт 87.8 км. Эхний ээлжинд 3.5 сая тонн ачаа боловсруулах хүчин чадалтай терминал байгуулагдахаар төлөвлөжээ. Цаашлаад бүрэн хүчин чадлаараа ажиллахад 20–30 сая тонн ачаа боловсруулна. Энэ нь зөвхөн ирсэн ачааг буулгаад зогсохгүй, буцааж ачих, хадгалах, тээвэрлэх бүх асуудлыг цогцоор нь шийднэ гэсэн үг. Өнөөдөр гэхэд л Багахангай талдаа дэр бетонууд буугаад эхэлчихсэн, эхний долоон километр замыг өөрсдийн хүчээр тавьж, вагоноо аялуулах бэлтгэлээ базааж байна.

“Төрөөс мөнгө өгөөгүй ч бид өр зээл тавьж ч болтугай энэ долоон километрийг барина. Овоолсон шороо болгож орхихыг хэзээ ч зөвшөөрөхгүй. Энэ бол олон хүний хөдөлмөр, итгэл, сэтгэл. Монголчууд өөрсдөө төмөр зам барьж чаддагаа харуулах ёстой” хэмээн уухайлан зогсох залуусын яриа сэтгэлийг догдлуулж байлаа. 

Энд зөвхөн үндэсний компаниудын нийт 2500 монгол хүн өөрсдийн хүчээр төмөр замаа барьж байна. Төрөөс санхүүжилт бараг олгоогүйтэй адил, харин компаниуд хувийнхаа хөрөнгөөр энэ их ажлыг хүндийгнуруундаа үүрчээ. Засгийн газрын тогтоол ч “дотоодын нөөц бололцоогоор санхүүжүүлнэ” гэж батлагдсан байдаг. Тиймээс тээврийн орлогоос орж ирэх жаахан мөнгийг яг л дайны үед хүүхдүүддээ талх хуваах мэт бүх компанидаа тэнцүү хувааж өгдөг аж. Хөгжлийн банкнаас зээл авах гэж төслийн үеийн бүхий л бичиг цаас, судалгааг цаг тухай бүрт бүрдүүлэн хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл тодорхой шийд гарсангүй нь харамсалтай. Үүнд анхаараарай, Ерөнхий сайд аа.

Хангайн төмөр замын онцлог ба эхний дэр, бетоноо буулгасанд төмөр замчид урамшлаа

Багахангай–Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын нэг км-ийн өртөг нь 2.2 сая ам.доллар. Энэ нь газар зүйн хувьд төвөгтэй, сэтлэлт ухмал ихтэй хангайн бүсийн нөхцөлд баригдаж буй ч ижил төстэй төмөр замуудтай харьцуулахад дундаж буюу боломжийн өртөгтэй байна. 

Богдхан төмөр замын нэг км нь 8 сая ам.доллараас давж байсантай харьцуулбал асар их зөрүүтэй. Багахангай–Хөшигийн төмөр замыг тунельгүйгээр барьсан нь ирээдүйн засвар арчлалтын зардлыг хэмнэсэн ухаалаг шийдэл болсон. Багахангай-Хөшигийн төмөр замынхтай трасс нь яг адилхан хэрнээ Богдхан төмөр замыг барих нэг км тутмын өртөг нь 8 сая гаруй ам.доллар байсан шүү дээ. Богдхан төмөр зам бол арав гаруй км төмөр зам тунельтэй байсан. Багахангай-Хөшигийн төмөр замыг барихдаа тунель нь ашиглалтын дараах засвар үйлчилгээ, арчлалтаас эхлээд дахиад их хэмжээний зардал гарах учраас тунельгүйгээр хийсэн. “14 км тунель үү, 4 км сэтэрхий юу” гэдэг сонголт хийсэн.

Төслийн багийнхан нутгийн иргэдтэй уулзаж санал бодлыг нь тусгаснаар малчдын амьдралд хүндрэл учруулахгүйгээр зам тавигдаж байгааг иргэд сайшаажээ. Төв аймгийн Сэргэлэн сумын хувьд хойд талаараа авто замтай, баруун талаараа Дундговийн замтай, урагшаа задгай байсан чинь энэ төмөр зам ороод ирж байгаа юм. Тиймээс иргэдтэй зөвшилцөж, малчин өрх бүхий сумын хувьд эргэн тойрон авто зам, төмөр замаар хүрээлэгдчихээр хүн, мал аль алинд нь хэцүү. Тиймээс дөрвөлжин хоолойнуудыг төлөвлөж, өвс ачсан портер гарчихаар хэмжээтэй байхаар тооцоолж нийт 11-ийг барихаас долоог нь барьчихаад байна. 

Компаниудын хувьд эхний 43 км-ийн ажил 80-аас дээш хувьтай, хамгийн түрүүнд гараанд гарсан “Хотгор зам” бүрэн гүйцэтгэлтэй ажиллажээ. Одоо дээд бүтцийн ажлаа эхлүүлж, хоногт 1000-аас доошгүй дэр бетон буулгах төлөвлөгөөтэй. Эхний долоон км-д нийт 12,880 дэр бетон тавигдах бөгөөд энэ ажил урам зоригийг улам бадрааж байна.

Төмөр замын ажил нарийн графикаар уялдан явдаг. Замчид “дэр, бетон буулаа, төмөр замаа ч барина” хэмээн баярлаж, улам хурдан ажиллах нь бахархал төрүүлэм. Нийт 69 монгол компани энэ төслийн хүрээнд хүч хавсарч байгаа бөгөөд гадаадынхнаас санал ирсэн ч гадагшаа мөнгө гаргахгүй байх зорилгоо чанд хадгалж байна.
Графикийн дагуу 9 дүгээр сарын 26 нд доод бүтцийн ажлаа дуусгах төлөвлөгөөтэй. Ингээд дээд бүтцээ угсарч ирэх арваннэгдүгээр сард өгөхөөр төлөвлөж байна. Зам төмөр, суман шилжүүлэг, хавчаар гэсэн гурван түүхий эдийг БНХАУ-аас худалдаж авахаар сонгон шалгаруулалт хийж, гэрээгээ байгуулчихсан. Мөнгө нь байхгүй учраас татан авч чадахгүй байна. Ачаа тээврийн вагон явах учраас 340-өөс дээш агуулгатай, сайн чанар, маркийн зам төмөр авах ёстой. Үүнд 13 сая ам.доллар шаардлагатай. Нийт 350 сая ам.долларын өртөгтэй төмөр замын төслөөс 13 сая ам.доллар нь л гадагшаа гарна, бусад мөнгө дотооддоо шингэнэ гээд бодохоор гоё байгаа биз.

Багахангай-Хөшигийн төмөр замын ач холбогдол

Улаанбаатар хот руу орж ирж буй ачаа тээврийн бүх зохицуулалт Хөшигийн хөндийн нэгдсэн терминал дээр хийнэ. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, чингэлгээр ирж буй автомашинууд, Барс худалдааны төв дээр бууж буй хүнсний ногоо, Гурвалжинд буудаг задгай цемент, Дүнжингарав, Туушин, Амгалан болон тэдгээрээс гадна говьд төлөвлөлтгүй баригдсан логистикийн талбайнууд энэ бүхнийг цэгцлээд Хөшигийн хөндийд нэгдсэн терминалтай болж, тэндээс 21 аймаг руу орж ирж буй ачаа заавал Улаанбаатар хотод орж ирж тэндээсээ задраад буцаад аймгууд руу ачааны машинаар тээвэрлэдэг байх нь тээврийн зардал өндөр гэдгээс гадна түгжрэлийн гол зангилаа болчихоод байгаа юм. Хөшигийн хөндийгөөс задрах ёстой.

Жишээ нь Өмнөговьд очих барааг Улаанбаатарт авчраад агуулахад хадгалаад, тэндээсээ автомашинд ачаад буцаад явдаг байх шаардлагагүй. Хөшигийн хөндийн терминалд буугаад Дундговийн замаар салаад явдаг байх нь цаг хугацааны хувьд хэмнэлттэй, ачаа тээврийн зардал буурна. Бидний мэдэх Дүнжингаравын уулзвар, Амгалан өртөө, Таван шар гэхчлэн галт тэрэгнээс үүдэлтэй түгжрэл, үүнд зарцуулагдах цаг хугацааг тооцоход дэндүү бухимдмаар. Дуу чимээ, агаарын бохирдол, автозамын түгжрэл. Хамгийн аймшигтай нь ганц гол төмөр замаараа аюултай болон хортой бүх хоол хүнс, эм эмчилгээний хэрэгсэлтэй холилдон ирдэг.

Өнөөдрийн байдлаар Толгойт өртөөн дээрх хэдэн зуун вагон шатах тослох материал тээвэрлээд төмөр зам дээр агуулах болж хувираад хэзээ ч хөдлөхийг бүү мэд, юун хадгалах горим нөхцөл манатай, цистерн дээр ил хадгалагдаж, тэндээсээ ачааны машинд ачигдаж байна. Их хэмжээний дизель түлш, шатахуун, шатах тослох материал асгарч гоожиж хөрсийг бохирдуулж байдаг. Наранд халаад хортой бодис ялгаруулж байна. Ширхэг шүдэнз зурахад л хот дэлбэрэхэд бэлэн байна. Ойрд их хэмжээний түлш орж ирж байна. Зуны түлшээ хямдхан хурдан зарж өвлийн түлшээ авчрахын тулд их хэмжээгээр орж ирэх боллоо. Хадгалах савгүй компаниуд вагонд хадгалаад шууд вагон дээрээс задгайгаар машинд ачиж байна. Энэхүү салбар төмөр замын ач холбогдол ердөө л энэ. Цаашид энэ төмөр зам ашиглалтад орж, вагон явж эхлэх хүртэл, терминалууд хэрхэн ашиг тусаа өгч түгжрэлийг бууруулж, логистик жинхэнэ утгаараа хөгжих хүртэл сурвалжлан олон нийтэд хүргэх болно.