Зуд гэж байх ёсгүй: Далаад оны дундуур Монголд сүрхий зуд болов. Зудыг хэрхэн давах талаар хуралдлаа. Сайдууд, аймгуудын нам, захиргааны дарга нар Улс Төрийн Товчоонд зовлон бэрхшээлээ тоочиж тусламж гуйв. (“Аюулаас хамгаалах фонд” хэмээх сүржин нэртэй хурааж хумьсан бүх хадлан тэжээлийн нөөцөө цасан бүрхүүлийн улмаас бэлчээргүй болсон малдаа хэрэв тавьж өгвөл ганц хоногт дуусна. Одоо ч тийм л байгаа). Зузаан хунгарт бэлчээр битүү дарагдаж малын хамар хатгах өвс цухуйхгүй болоод, зам харгуй цасанд боогдсон тухай зудын мэдээлэлд Цэдэнбал дарга тавгүйтжээ. Арчаагүй дарга нараа хараад Цэдэнбал бухимдаж,

-Та нар зуд гэж юугаа яриад байна? Юуны чинь цасан бүрхүүл. Юуны чинь боогдсон зам харгуй. Зуд гэгч хувьсгалаас өмнөх хоцрогдсон феодлын үед байсан байгалийн үзэгдэл. Социализмын материал техникийн баазыг амжилттай байгуулж эхэлсэн Монголд зуд гэж байх ёсгүй. Зөвлөлтийн тусламжаар өчнөөн жил хөгжиж, социализмд эргэлт буцалтгүй дэвшсэн улсын коммунистууд зуд гэх бэршээл тоочих эрхгүй. Зудыг бид үсрэнгүй хөгжлөөрөө тас цохьсон. Зуд бидний хөгжилд ялагдаад үгүй болсон. Та нөхөд үүнээс хойш зуд гэх шалтаг бүү заа. Зуд гэж ярьсан коммунисттой хариуцлага хатуу тооц гэж ууралжээ. Энэ хатуурхал доош тарахдаа чангарсан нь мэдээж. Дээрээс буусан лүндэнг дэврээдэг хийрхэл зөнд. 

Ингээд зуд гэж бичсэн сонин сэтгүүл, зуд гэж хэлсэн албан хаагч, ялангуяа зуд гэж шалтаг тоочсон малчидтай хатуу тооцоо хийх компанит ажил сүр дуулиантай өрнөв. Монгол хэлний үгсийн сангаас “зуд” гэх үгийг авч хаях ч ухааны юм зарим хөөрүү нь ярив. Тэд албан тушаалд санаархагчид байсныг үгүйсгэхгүй.

“Зуд” гэх ганц үгийг орлуулах үг сонгох гэж дээр доргүй баахан пижигнэв. Янз бүрийн хувилбар зохиох эрдэмтэн мэргэд харин хаа очиж дутсангүй. Энд тэндгүй хошуугаа билүүдэж ухаанаа гайхуулав. Зуд гэсэн үгийг орлох хувилбар олсноо Цэдэнбал даргад заавал үзүүлж, зөвшөөрөл авахгүй бол горьгүй гэж айсан сонины эрхлэгч нар ордон өөд гүйлдэж, бас Бал даргад таалагдсан үг түрүүлж олж магтуулах гэсэн нэр төр хөөцөлдөгч нар хаа сайгүй оносон үгийн эрэлд гөрөөлөв. 

Даяараа багагүй мулгуутаж байж эцэст нь “байгалийн, цаг зуурын, түр зуурын бэрхшээл” гэсэн зургаан үгэн дээр эргэлдэж эргэлдэж, өөр олигтой хувилбар ололгүй эцэст нь тэгж бичиж байх заавар буулгасан юмдаг уу даа. Батлагдсан зааврын дагуу зуд гэж бичихийн оронд дээрх зургаан үгийг санаа амар угсруулан бичиж эхэллээ. Яваандаа зургаан үг цувруулах дэндүү урт байсан тул арай цөөрч дөрөв болов. Нэгдлийн борлонг коммунист ухамсаргүй малчин “зудад” гэхийн оронд “байгалийн түр зуурын бэрхшээлд” үхүүлсэн учир төлөх ёстой гэж бичдэг боллоо. 

Бал дарга мал төллөх үеэр Хар далайд амардаг уламжлалтай байсан бөгөөд явахдаа мал төллөх талаар “заавал биелүүлэх албан даалгавар” гаргадаг байв. Уг албан даалгавраар нэгдлийн дарга нарт онцгой өндөр коммунист шаардлага тавигдана. Шаардлага нь төлийн хорогдлыг тас цохь гэсэн агуулгатай. Төлийн хорогдлыг тас цохихгүй бол жил бүр ЗХУ-д өгдөг олон сая тууврын малаа тоо ёсоор өгч чадахгүйд хүрч ах нартаа итгэл алдахаас гадна 9 саяд хүргэж төл авахгүй бол нийт мал маань 20 саяас хол буучих гээд байв.

Хэдэн шуудай адууны хар хомоол: Дорноговийн нэг малчин радиогоор ярьж байна аа. Тэр бээр “Өвлийн бэлтгэлээ сайтар хангасан малчин хүнд зуд гэж байх ёсгүй. Зуд бол феодлын хоцрогдол” гэж баахан донгослоо. Эцэст нь сурвалжлагч түүнээс, 

-Та зудыг ямар бэлтгэлээр тас цохив? гэж асуухад зудыг тас цохьсон малчин, 

-Би хэдэн тампуу адууны хар хомоол түүсэн гэж билээ. 

Одооны багачууд намайг дэндүүллээ гэнэ дээ. Тийм дампуурлыг та нар үнэмшихгүй нь зөв. Нэгдлийн гишүүн энэ малчны солиотой юм шиг яриа нь балайдаа бус дарангуйллын аяст тааруулан жүжиглэж, амиа хаацайлж буй ядарсан арга нь тэр. Жүжиглэж зарим нь чадна. Зарим нь чадахгүй, энэ малчин шиг доог болно. Нэг хүнийг тахин шүтэх дэглэмийн үед хар толгойгоо ял зэмээс мултлах гэж аль хөглөхийг тэр гэхэв. Дорноговьд хадлан ургах биш. Зуд хэмээх байгалийн сүр хүчний эсрэг говьчууд адууны хар хомоолоос өөр юугаар ч тэмцэх билээ. Өлссөн мал адууны хар хомоол арга буюу иддэг бөгөөд адуу хивдэггүй учраас хомоол нь өвсний нүнжгээ бүрэн алдаагүй байдаг байх.

Тэр үед залуу-халуун явсан би нэг хурал дээр энэ малчны ярьсныг нэлээд ёжлонгуй иш татаж, адууны хар хомоолоор зудыг тас цохих юм гэнэ гэж ирээд л “Тоншуул”-ын нийтлэлийн өнгө аясаар нэг их сүрхий амьтан цэцэрхэж дооглов. 

Тэгтэл маргааш нь намайг намын үүрийн дарга дуудлаа. Орвол намын үүрийн товчооны гишүүд гээд надтай хамт ажилладаг миний зиндааны хэдэн найз нөхөр сууж байв. Намын дарга надад “Өчигдөр чи олны дунд адууны хар хомоолоор зудыг тас цохьсон гэж доог дохуу болгож, зарчимгүй алдаатай үг хэлсэн” гэж хатуу анхааруулав. Товчооны бусад гишүүд ч хамт ажилладаг намайгаа эсэргүү дайсан мэтээр тун сүрхий эгдүүцэж, тал талаас сүрдүүллээ. Надтай балга тагш юм хувааж хүртдэг, бас нийлж цуурдаг нэг найз маань намын үүрийн товчооны гишүүн болсон юм байж тэдэн дунд сууж харагдана. Намайг хаацайлах бол уу гэсэн чинь өнөөх маань намайг улс төрийн алдаа гаргасан гэж ирээд л бусдаасаа бүр ч илүү дайрав. Гэвч тэр маань зайлуул намайг хатуухан загнаж сануулаад өнгөрөөх гаргалгаа хайж, аврах гэж буй нь тэр юмсанж.

“Үнэн” сонины нэгдүгээр орлогч Г.Дэлэг гуай “Тоншуул”-ыг эрхлэдэг байв. Тэр л миний донгоссон болчимгүй үгийг том дарга нарт хүрчих вий гэж их айсан болтой юм билээ хожим сонсоход. Тэр үеийн дарга нар маш аймхай байв даа зайлуул. Айхгүй байхын ч аргагүй. Мань мэтийн элдэв сэтэргүй уран бүтээлч залуус зовлон амсаж хашираагүй дээ айхаа мэдэхгүй тэнэглэнэ. Орон тооны бус намын үүрийн товчооны гишүүд миний цуурсан улстөрийн ноцтой алдааг хатуу анхааруулж зөөллөөд өнгөрсөнд өчүүхэн би бээр баярласандаа намын дарга, товчооны гишүүддээ бөхөлзөж явах замыг сонгосон доо. Ийм л систем байв. 

Эдүгээ манай дарга нарын амнаас “тас цохь”, “зуд гэж байх ёсгүй” гэх мэт сүржин үг хэллэг гарахаа больжээ. Энэ чинь маний үеэс дээрдээд л яваагийн шинж. Анзаарагдаагүй ч гэсэн дэвшил явагдаж буйн баталгаа. Эрх чөлөөтэй болсны ачаар доодос бялдуучилж жүжиглэх нь байтугай төр засаг, ер хэнийг л бол хэнийг, айж эмээхгүйгээр шүүмжилдэг болжээ. Бид чинь байгууллагынхаа хурал дээр даргыгаа нэр цохож шүүмжлэх зориггүй үхээнц амьтад явлаа шүү дээ. Орчин үеэ хааяа ч болохноо гэрэлтэй талаас нь өөдөргөөр харж тайвширч байя. Гишгэсэн мөрөө эргэн харъя гэхээр арга буюу Ю.Цэдэнбал даргын үеийг хөндөхөөс аргагүйд хүрдэг. Оногдсон ганц насны хувь тавилангаар би тэр л үед таарч амьдарснаас хойш өөр үзээгүй нийгэм дурсалтай нь биш туулснаа л бичих юм. Жалга довын охор үзэлтэй хүмүүс Балыг дурдлаа гэж аягүйцэхээс бус ХХI зууны хэн боловч хоцрогдсон онол, арга барилаа орхих нь мөн гэж эергээр хүлээн авч надад урам хайрладгийг хэлэхэд таатай байна. Өдгөө биеэ магтаад буй МАН, АН-ын удирдагчид сул талаа хойч үеэрээ дуудуулж л таарна. Хорвоо угаас тийм араншинтай агаад бидний хүслээс дээгүүр орших жамыг хүлээн зөвшөөрөх соёл юм шүү. 

Зуд: Дэлхийд нүүрлэдэг гамшгийн жагсаалтад байгалийн аюултай үзэгдэл “зуд” гэж монгол үгээр бүртгэгджээ. НҮБ-ын хандивлагч орнуудад “зуд” гэж хандахад Монгол улсад гамшиг болжээ гэж ямар ч тайлбаргүй шууд ойлгодог болов. Зуд бол цунами, газар хөдлөх, галт уул дэлбэрэхтэй адил байгалийн давагдашгүй хүчин гэж олон улс нэгдсэн ойлголтод манай Засгийн газрын хүсэлтээр хүрсэн байна. 2000-2001 он дамнасан зудыг НҮБ-ын шинжээчид ирж үзээд, “зуд” гэдэг үнэхээр гамшиг болохыг тогтоосон. Тэр өвөл 12 аймгийн 192 суманд зуд болж 12 сая мал хорогдсон юм. Хадивлагч орнууд 12 сая ам.долларыг бэлнээр, 18 сая ам.долларын эд барааг зудад нэрвэгдсэн малчдад өгчээ. 

Ковид-19 сунжирвал хэдэн мал минь голд орж магад. Зуд болбол 70 сая малд нэг өдөр тавьж өгөх хадлан тэжээл хэдий анзайны байх вэ? 70 саяын ганц өлссөн борлон нэг боодол өвсийг дор нь идчихнэ. Дахиад өгөх өвсгүй бол борлон үхнэ. 70 саяыг тэжээх боломжгүй. Бурхан тэнгэр хангай дэлхий л хэдэн малыг минь нөмөртөө онд оруулдаг. Мал сүргээ аврах аятай пээдийх гишүүд бол инээд хүргэхээс цаашгүй. “Зуд гэж байхгүй” гэж айлдсан жолоодогчийн хөшөөнд МАН хичнээн ч мөргөөд аврал заяахгүй. Дээрээс буух тундас дороос ургах ургамлаас бид заяны хамааралтай ажээ. Тиймээс гол мөрнийхөө ай савд олгой нуур, бяцхан цөөрмүүд тогтоож хуурай агаараа чийгшүүлж, хур бороо хурмастаас гуй. Элсний нүүдлийг сөрж монгол ногооныхоо үр үндсийг дэлгэрүүл. Энэ бол зуун жилийн бус биднийг тэжээх мөнхийн баялаг. Зуд байхгүй гэдэг мөн их өвчин шүү. Нэг хүний хэлэх яах вэ, гүрнээрээ тэгж солиорсныг яалтай. Улс төрийн хийрхлээ гэж?!