Бид төөрөгдөл, баримжаагүйдэл хоёр ямар ялгаатайг, хүн хэрхэн шийдвэр гаргадаг болон тухайн шийдвэрийн онч, алдааг хэрхэн хэмждэг тухай, баримжаагүйдлийг үүсгэж буй сэтгэлзүйн гол шалтгаанууд, баримжаагүйдэл ямар түвшинд байж болох тухай энэ номоос уншиж болно. 

Сарнисан байдал буюу баримжаагүйдэл (эндүүрэл) нь энэ номын гол сэдэв юм. Эцсийн хариултыг нь мэдэхгүй, эсвэл бүр мэдэх ч боломжгүй зүйлийн тухайд чухал шийдвэр гаргахад ч эндүүрэл (баримжаагүйдэл) нөлөөлдөг. Нэг өвчтөнийг үзээд өөр өөр онош тавьж буй эмч нарыг хараад цаад өвчнийх нь жинхэнэ оношийг мэдэхгүй хэрнээ эмч нар зөрүүтэй байгааг бид гадарладаг. Кино хийхээр судалж буй продюсеруудын тооцооллуудаас тухайн кино ямар зардлаар бүтэх, хэдий хэр ашиг олох талаарх баримжааг бид авдаг. Ойролцоо хэв маягт гарч байгаа шийдвэрийг хэмжихэд яг хэнийх нь зөв бэ гэдгийг мэдэх шаардлагагүй. Бидний хийх ажил бол эндүүрэлд орохыг хэмжих, яг л буудсан байг араас нь харж буй мэт байдлаар хандах. Шийдвэр гаргалтын алдааг ойлгохын тулд төөрөгдөл, баримжаагүйдэл (эндүүрэл) гэсэн энэ хоёр зүйлийг илүү сайн ойлгох хэрэгтэй. Заримдаа эндүүрэл, баримжаагүйдэл илүү чухал юм шиг байдаг. Гэвч шийдвэр гаргалтын алдааны талаарх олон улсын судалгаанууд баримжаагүйдлийг төдийлөн авч үзэхгүй байна. Төөрөгдөл л гол сэдэв болон хувирч, баримжаа алдагдах (эндүүрэлд орох) асуудал харин тайзны ард үлдсээр. Төөрөгдлийн талаар шинжлэх ухааны мянга мянган өгүүллэг, олон арван алдартай ном бичигдсэн бол эндүүрлийн талаар харин цөөхөн. Тиймээс эл тэнцвэрт бус байдлыг залруулахаар энэ номоо бид туурвилаа. 

Амьдрал дээр эндүүрэлд орсноос болж үүссэн алдаанууд асар их. Онц чухал үед баримжаагүйдэл хэрхэн сэтгэл түгшим асуудал үүсгэдэг тухай хэдхэн жишээ дурдахад: 

Анагаахын салбар баримжаа алдагдалт ихтэй. Нэг өвчтөнийг үзсэн өөр өөр эмч өөр дүгнэлт гаргах явдал их. Хүнийг арьсны хавдар, хөхний хавдар, зүрхний өвчин, сүрьеэ, хатгаа, сэтгэл гутрал гээд өчнөөн талаас нь оношилж болно. Субъектив дүгнэлт ихтэй сэтгэл судлал бүр ч баримжаагүй. Тэр бүү хэл рентген зургийн оношилгоо зэрэг барьцтай гэмээр салбарт хүртэл баримжаагүйдэл их байна. 

• Хүүхдийн асран халамжлагч сонгох шийдвэрүүд баримжаагүй байдаг. Хүүхэд эрсдэлд байна уу, түүнийг хүүхэд асрах газарт авах уу гэдгийг шийдэх шаардлага нийгмийн ажилтнуудад ноогддог. Гэвч салбар нь тэр чигтээ баримжаагүй эндүүрэлд орсон байна. Зарим хүүхдийн мэргэжилтэн хүүхдийг асрамжид авах шийдвэр илүү гаргадаг бол зарим нь гэрт нь үлдээхийг илүүтэй сонгодог. Тэрхүү шийдвэрээс болж асрах газар руу шилжсэн хүүхдийн амьдралд сөрөг үр дагавар гарах нь ч бий: хичээл илүү их тасалж, өсвөр насандаа жирэмсэлж, орлого багатай ажилд орох гэх мэт. 

• Урьдчилсан таамаглалууд эндүүрэл ихтэй байдаг. Таамаглал дэвшүүлдэг мэргэжлийнхэн шинэ бүтээгдэхүүний борлуулалт, ажилгүйдлийн түвшин, компани дампуурах эрсдэл гээд маш олон зүйлсийг таамагладаг. Гэвч тэд бие биеийнхээ таамаглалыг үгүйсгээд зогсохгүй заримдаа өөрсдийнхөө шийдвэрт ч эргэлздэг. Жишээ нь программ хангамж хөгжүүлэгчдээс тухайн программыг ямар хугацаанд хөгжүүлж дуусахыг хоёр хоногийн зайтай асуухад өмнөхөөсөө 71%-ийн зөрүүтэй хугацаа хэлж байв. 

• Дүрвэгсдэд орогнол олгох шийдвэрүүд нь бол эндүүрэл болдог юм. АНУ-д дүрвэгчээр хүлээж авах тухай шийдвэрүүд яг л азын сугалаа шиг. Ийм өргөдлүүдийг шүүгч нар хэрхэн шийдсэн байдлыг судлахад нэг шүүгч ирсэн өргөдлүүдийн 5%-д нь зөвшөөрөл өгсөн бол өөр нэг шүүгч 88%-д нь зөвшөөрөл өгчээ. Тиймээс тус судалгааг хийсэн хүмүүс тайландаа “Дүрвэгсдийн сугалаа” гэсэн гарчиг өгчээ. (Сугалаатай бид их таарах болно.) 

• Хувь хүний шийдвэрүүд эндүүрэл юм. Ажил горилогчоос ярилцлага авч буй хүмүүс тухайн хүний талаар бие биеэсээ эрс өөр дүгнэлт хийдэг. Ажилтны ажлын гүйцэтгэлийг ч хүмүүс өөрөөр үнэлдэг ба яг тухайн ажилтны гүйцэтгэлээс илүүтэй тухайн үнэлгээг хийж буй хүнээс үнэлгээний дүн хамаарч байна. 

• Батлан даалтад гаргах эсэх шийдвэрүүд эндүүрэл юм. Яллагдсан хүнийг барьцаагаар суллах уу, эсвэл шүүх хурал хүртэл хорих уу гэдэг шийдвэр шүүгчээс тодорхой хэмжээгээр хамаардаг. Зарим шүүгч бусдыгаа бодвол зөөлхөн байдаг. Яллагдагч оргож зугтах эрсдэлийг шүүгч нар өөр өөрөөр үнэлдэг. 

• Шүүхийн шинжилгээ баримжаа алддаг. Хурууны хээ хөдөлшгүй баримт гэж бид боддог. Гэвч заримдаа хурууны хээ шинжээчид хэргийн газраас олдсон хээ сэжигтний хээ яг мөн эсэх дээр хоорондоо санал зөрдөг. Мэргэжилтнүүд хоорондоо зөрчилдөөд зогсохгүй заримдаа өөр цаг үед дахин шинжлүүлэхэд өмнө нь мөн гэж дүгнэсэн хээгээ биш гэж дүгнэж байв. Үүнтэй ижил эргэж буцсан тохиолдол бүр ДНХ шинжилгээний тухайд ч тохиолддог. 

• Патент олгох шийдвэрүүд эндүүрэлд орсон. Патентын өргөдлүүдийг судалдаг нэгэн лут судлаач баримжаа алдагдсаныг нь цохон тэмдэглэсэн юм: “Тухайн өргөдөлд патент олгох эсэх шийдвэр тухайн өргөдлийг хуваарилсан шинжээчээс шалтгаалах нь их байна.” Энэхүү баримжаа алдагдсан байдал тэгш хандах ёстой зарчим алдагдах асуудал үүсгэх нь ойлгомжтой. 

Энэ бүх барьцгүй, жигд бус, баримжаагүй байдлууд аварга том мөсөн уулын дөнгөж орой нь. Хүмүүс шийдвэр гаргаж байгаа цагт эндүүрэл гарсаар л байх болно. Тиймээс зөв шийдвэр гаргадаг болохын тулд төөрөгдлөө давж чадсаныхаа адил эндүүрэлд орохоо дарж, баримжаагүйдлээ даван гарах хэрэгтэй.