Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны төсвийн хуульд хэсэгчилсэн хориг тавьсныг УИХ-аар хэлэлцэж амжилттай унагалаа. Баяр хүргэх зүйл биш. Баларч яваа нь тэр. Учир нь Ерөнхийлөгчийн хориг УИХ-ын “эрүүл мэндийг шалгасан” сорил байлаа. Тэд солиорчихож. Өчигдөр дээрх хориг алдаатай гэдгийг УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тайлбарлалаа. Ийм мэдээ мэдээлэл, тодруулга, ярилцлагаар толгой тархи руу “балбаж гарав”. Түүний тайлбарын дараа уг хоригийг хүлээн авах эсэх талаар хуралдсан бүлэг, байнгын хороод ташраараар унагасаар чуулганы нэгдсэн хуралдааны босгоор ундуй сундуй хориг орж ирээд бахардан уналаа.

Та бүхэн санаж байгаа бол Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд үүний өмнөх хоригийг тайлбарлах үеэрээ 30 гэр бүлийн тухай ярьж Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар томилох нь буруу гэдгийг нотлох гэсэн боловч хоригийг хүлээн авахгүй нь тодорхой байсан, хүлээж аваа ч үгүй. 

Гэтэл энэ удаад 2018 оны төсвийн хуульд хэсэгчилсэн хориг тавьсныг Ерөнхийлөгч Х.Баттулга, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарын л маргааны үргэлжлэл гэж андуурах хүн цөөнгүй байгаа нь харагдлаа. Гэтэл үгүй юм аа. Хоригийн тухайд Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын хувьд Ерөнхийлөгч хэсэгчилсэн хориг тавиад ажлыг нь өгүүлчихнэ гэвэл түүн шиг хууль бус доголон хазгай, мөрөөдлийн шийдвэр байхгүй болно. Ерөнхий сайдын, улмаар УИХ-ын сайдыг томилох эрхэд арай л холоос гараа сунгасан явдал болсон юм. Харин Ерөнхийлөгчийн 2018 оны төсвийн хуульд хэсэгчилсэн хориг тавьсныг ерөнхий утгаар нь харвал хэт үрэлгэн байна, ачаалал нь ард иргэдийн нуруун дээр татвар болон ирнэ гэдэг утгаар сонгосон сонгогчид нь хүлээн авч баярлав. Тиймээс Ерөнхийлөгчийн хориг ялагдсан ч үнэн хэрэгтээ ялсан гэхэд хилсдэхгүй.

Одоогоор түүний талд сонгогчид нь л байна л даа. Сонгогчид гэдэг нь сонгуулийн насныхны талаас илүү хувь нь гэсэн үг. Том дэмжлэг байгаа биз. Уг нь Үндсэн хуулийн 23.1 дэх хэсэгт “УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг хамгаална” гэж заасан байдаг. Тэгэхээр хэн, хэн нь ард түмний элч боловч бодит байдал дээр хэдэн цифрээс болоод зөрчилдөөд байгаа хэрэг биш гэдэг нь тодорхой.Биднийг төлөөлсөн мундагчуудын мунхаглал хэрээс хэтэрлээ.

Өнөөдрийн байдлаар 65:1 харьцаагаар “Монгол ялна” баг ялагдах юм шиг Улсын төсвийн тухай хуулийг баталсан асуудалд өнгөц байдлаар хандаж байна. Гэтэл цаана нь ёстой л 30 гэр бүлээс бусад нь татварын дарамтад ямар нэг байдлаар өртөх аюул нүүрлээд байгаа юм. ОУВС “гоё оо, гоё”. “Тус-гай” ачтан маань яах аргагүй мөн. Гэхдээ л долоон төрлийн татвар нэмсэнд харамссаар байтал монголчуудын нурууг улам л бөхийлгөсөөр байгаа нь үнэн. 

Тэгээд ч УИХ дахь олонхийн эсрэг намаас нэр дэвшигч Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсны дараахан нэг иймэрхүү уур амьсгал байдгийг хаана, хаанаа мартацгаасан бололтой. Тухайлбал 2009 оны өдий үе буюу УИХ-аас Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуулийг баталсан 2010 оны арванхоёрдугаар сарын 4-ний баасан гарагт Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч тангарагаа өргөснөөс хойш анхныхаа төсвийг гардан авч байлаа л даа. Мэдээж хориг тавьсан. Хэсэгчилж биш, бүхэлд нь. УИХ хүлээж аваагүй. Хоригоо “унагачихсан” Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2009 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр тэр үеийн УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийг дуудаж “Та нар 76 тэрбумаа үлдээчихлээ, хүүхдийн мөнгийг өгчих л дөө” гэсээр шинэ жилээ угтаж билээ.

Ингээд УИХ сонгогдсон тойрог бvртээ нэг тэрбум төгрөг зарцуулахаар төсвийн ерөнхийлөн захирагчдын багцад суулгасан шийдвэр нь “Ард түмний Ерөнхийлөгчийг ялж” байв. Улмаар гэнэт 76 тэрбумтан төрснөөс болж ОУВС хөтөлбөрөө зогсоож, Монгол Улс өрөнд ч ороход ойрхон байсан. Дараа нь “Зоос” банкийг хүндэрсэн. ОУВС-гийнхан “Хэрэв энэ банкаа дампууруулахгүй, бусад банкинд нэгтгэх замаар  хувийн хэвшилд өгвөл бид хөтөлбөрөө зогсооно” гэж мэдэгдэж байсан юм билээ. Эцэстээ тэдний шаардлагаар  “Зоос” банкийг дампууруулсан. 

Энэ удаа ОУВС-тай түүнээс ч хатуу зарчмаар хамтарч ажиллаж байна. Ямар золиос гарах бол. Аль нь ч гарсан ард иргэдийн нуруун дээр л буулга болж бууна. Тиймээс Х.Баттулга Ерөнхийлөгч хоригоор анхаарууллаа. Гэхдээ хэтэрхий нуршиж нарийн тоо баримт дурдсан учраас алдаа гаргасан байж мэднэ. Харин Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа иргэд хоригоос юу хүлээдэг, ямар байдгийг мэдэрдэг байсан аж. Тиймээс ч тавьсан хоригтоо “Өмнөх жилvvдийн зохисгvй хэвшлийг арай өөр хэлбэрт шилжvvлж, хөрөнгийг тараан байрлуулж, өнгөлөн далдалж дахин давтсанд” харамссанаа илэрхийлээд өнгөрч байжээ. 

Ингээд л болоо. Юун ДНБ? Тэр бүр тоочид, эдийн засагчид Ерөнхийлөгч болоод байдаггүй. Төсвийн тухай хуулийн ямар заалт ямар хууль, зүйл заалттай зөрчилдөөд хэнд хор уршиг тарих гээд байгаа тул хориг тавих вэ гэдэг нь сонин болохоос хэдэн онд ямар төсөвтэй байсан, тэр нь нэгдсэн төсөв үү, нэгдээгүй төсөв үү гэдгийг Ерөнхийлөгчийг сонгогдоход саналаа өгсөн дугаар хорооны иргэн Доржид хамаагүй, ойлгох ч үгүй. “Ийм алдаатай төсөв батлах гэж байсныг Ерөнхийлөгч маань уншиж үзээд буруу гээд хориг тавилаа. Одоо эдгээр татварыг ногдуулахгүй байх аа”. Энэ л Доржид хамаатай. 

Эцсийн дүн: Ерөнхийлөгч биднийг өмөөрч хориг тавьлаа. УИХ олуулаа болохоор хүлээж авсангүй Эсвэл хориг тавьсны хүчинд алдаагаа зассан, гүйцээ. Иргэд өнөөдөр ингэж л харж байна. Үнэн хэрэгтээ Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байхад ч төсвийн хуульд хориг тавихад нь унагадаг л байсан. Тэгэхээр төсвийн тухай хууль бол УИХ-ын гишүүдийн арай гэж хуваасан бялуу, өчүүхэн хэрчмийг ч Ерөнхийлөгчөөс хүртэл харамладаг. Ерөнхийлөгч нь тэр өчүүхэн хэрчмийг өөртөө биш иргэдэд өгч оронд нь оноо авахыг хүсдэг юм. Үүнээс өөрөөр хоригийг улстөржүүлэх хэрэггүй дээ. Эндээс Ерөнхийлөгчийн “бяр, булчин” амтагддаггүй юм. Харин ч УИХ шүүмжлэл сонсох сөгөөтэй байна уу, эрүүл байна уу, галзуурчихаж уу гэдгийг танддаг гэвэл дөхөж очно. Харин одоо УИХ-ын “эрүүл мэнд”-ийг харъя. Тэнд суугаа улстөрчдийн мэдрэмжийг ажиглая.