FPO
“Синдикат ярилцлага–Эксклюсив” 20 дахь дугаараа танд өргөн барьж байна. Энэ удаагийн нэвтрүүлгийн зочноор “Ард Кредит” ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Тэлмэн уригдлаа. Нэвтрүүлгийг текст, видео хэлбэрээр уншиж, үзэхээр мульти форматаар оруулж буйг хүлээн авна уу!
Таны түүхээс Солонгос Улсад боловсрол эзэмшиж, Samsung, LG зэрэг нэр хүндтэй компаниудад дадлага хийж, ажиллаж байсан гэдгийг уншсан. Хэзээ, хэрхэн “Ард Кредит” компанитай холбогдож ажлын гараагаа эхлүүлж байсан нь сонин байна.
Би хотод төрж өсөөд, МУИС-ын Олон улсын харилцааны сургуульд бакалаврын зэргээ хамгаалсан. Дараа нь БНСУ-д Солонгосын Засгийн газрын тэтгэлгээр менежментийн шинжлэх ухааны мастер зэрэг хамгаалсан. Ажлын гараагаа “LG International”-ийн худалдаа, хөрөнгө оруулалтын компанид Солонгос дахь төв оффисоос нь эхлүүлсэн. Үүний дараа програм хангамжийн инженер найзуудтайгаа нийлээд солонгосын цахим худалдааны сайтыг дууриалган E-Commerce чиглэлээр хувийн старт ап компани байгуулж, бизнесийн үйл ажиллааг нь хариуцан ажиллаж байсан.
Монголдоо ирээд гурван жил ажиллаж байгаад 2016 оны 1-р сарын 9-нд Туушин зочид буудалд болсон “Хөрөнгө оруулагч үндэстэн” гээд хуралд оролцсон юм. Өмнө нь энэ арга хэмжээний талаарх мэдээллийг фэйсбүүкээс аваад, урьдчилж 1 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийчихээд хуралдаа очиж байгаа нь тэр. Тэр үед 550 хүн цуглаж уулзаж байсан санагдаж байна. Ч.Ганхуяг, талийгаач Ж.Оюунгэрэл захирлууд ирээд бүгдээрээ нийлж хөрөнгө оруулагч үндэстэн болж, санхүүгийн салбарыг либералчлан, баялагийнхаа эзэд нь болох тухай үзэл санааг хэлэлцэж байв.
НЭВТРҮҮЛГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХИЙГ ХҮСВЭЛ ТА ДООРХИ ХОЛБООСЫГ ДАРНА УУ!
Энэ цуглаанаас хаалттай хувьцаат компани байгуулах шийдвэр гарч, 550 хүнийг зохион байгуулалтанд оруулахын тулд аравт, зуутын ахлагчуудыг томилсон. Би 47-р аравтын ахлагчаар сонгогдож, дараа нь 4 дэх зуутын ахлагч болж байв. Яг одоо Ард Санхүүгийн Нэгдэл дээр “Түмэн Ард” гээд хөтөлбөр явж байгаагийн анхны туршилтын хувилбар гэсэн үг. Улмаар таван зуутын ахлагчийг компанийн ТУЗ-д оруулсны нэг нь би болж байв.
Орон сууцны нэг давхарт старт ап компаниа эрхлээд явж байсан залуу санаандгүй шахуу энэ хөтөлбөрийн мэдээллийг сонсоод, нэг сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн шийдвэрээрээ дамжаад “Ард”-тай анх холбогдож байлаа. Тэр цагаас хойш “Монгол Шуудан” компанийн дэд захирлыг албыг дөрвөн жил хашсан. Сүүлийн дөрвөн жил цэвэр санхүүгийн салбарт буюу “Ард Кредит” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.
“Хөрөнгө оруулагч үндэстэн” хөдөлгөөнийг та анхнаас нь үүсгэн байгуулалцаад явж байжээ. Таны хувиараа болон байгууллагын шугамаар хийж байсан хамгийн амжилттай, онцлог хөрөнгө оруулалтууд нь юу юу байдаг вэ?
Миний анхны хөрөнгө оруулалт 30 дөнгөж гаран насандаа хийсэн сая дээр дурдсан хаалттай хувьцаат компанид оруулсан нэг сая төгрөг байсан. Энэ хөрөнгө оруулалт миний өнөөдөр хэр явааг илтгэдэг үр дүнгийн үр нь гэж хэлж болно. Тэр утгаараа миний хамгийн амжилттай хөрөнгө оруулалт байсан болов уу. Үүнээс хойш Монголын хөрөнгийн бирж дээрх Монгол Шуудан, АПУ, Сүү, Говь зэрэг олон компанид хөрөнгө оруулж үзсэнээс гадна IPO хийсэн компаниудын хувьцааг авсан. Сүүлд Ард Секюритис компанийн интерактив брокероор дамжин гадаадад хөрөнгө оруулалт хийсэн. Тухайлбал, Tesla, Turquoise Hill зэрэг компаниудын хувьцааг авсан.
Энэ бүхнээс хамгийн амжилттай нь эхний алхам буюу анх оруулсан нэг сая төгрөгийн хөрөнгө оруулалт минь байсан. Хүмүүс эхний хөрөнгө оруулалтаа томоор хийх гээд байдаг. Энэ буруу байж магадгүй. Их, бага нь хамаагүй анхныхаа хөрөнгө оруулалтыг хийж үзэх нь зөв. Учир нь өөрийн хөлс хөдөлмөрөөр олсон мөнгөөрөө хөрөнгө оруулалт хийсэн хүний санаа зовдог, хөрөнгө оруулалтаа судалж, энэ чинээгээр хөгжиж байдаг.
Зарим хүн ББСБ-ыг зөвхөн зээл олгодог байгууллага гэж ойлгодог. Манай компани өөрт байгаа богино хугацаат хөрөнгө оруулалтын тусгай зөвшөөрлийн хүрээнд 10 гаруй компанид хөрөнгө оруулж, эхнээсээ ногдол ашиг авч, өгөөжөө хүртээд эхэлсэн. 2018 онд Үндэсний төлбөр тооцооны хууль шинэчлэгдэж, банкнаас бусад этгээдүүд төлбөр тооцооны үйлчилгээ эрхэлж болдог хууль эрхзүйн орчинтой болсон. Бид энэ тусгай зөвшөөрлийг 2020 оны 5-сарын 20-нд Монголбанкнаас авч, цахим мөнгө, хэтэвчээ гаргаж, харилцах данс ба төлбөр тооцооны үйлчилгээг эхлүүлсэн. Энэ бүхэн 2021 орны манай өсөлтөнд үлэмж нөлөөлсөн. Ковидын хөл хорионы үед хүмүүс дансандаа мөнгөтэй, нэмээд төрөөс мөнгө тарааж байсан ч биетээр дэлгүүр хоршоо хэсч худалдан авалт хийх боломжгүй байв. Энэ үед иргэдэд зайнаас цахим үйлчилгээ авах шаардлага үүссэн. 2018 онд бидний зах зээлд нэвтрүүлсэн байсан АРД апп 2020 онд эрхзүйн орчны хувьд харилцах дансаар баталгаажин, цахим мөнгө буюу Ард каш гарсан нь манай групп компаниудын хувьд тэсрэлт болж чадсан. Үүний гол шалтгаан нь технологийн дэд бүтэц болон эрхзүйн орчин байсан.
АНЭУ-ын Дубай хотноо сая болж өнгөрсөн Дэлхийн засгийн газруудын дээд түвшний уулзалтаас Монгол Улсын Засгийн газарт “Global Government Excellence Award” шагналыг цахим хөгжлийн талбарт гаргасан амжилтыг нь үнэлэн гардуулжээ. Та технологи өндөр хөгжсөн БНСУ-д ажиллаж амьдарч байсан хүний хувьд Монголын цахим хөгжлийг хэрхэн харьцуулж харж байна вэ? Хөгжлийн зөрүү, тулгамдаж буй гол асуудал юу байна вэ?
Сүүлийн таван жилд “Цахим үндэстэн” бодлогыг төрөөс хэрэгжүүлж буй нь энэ салбарт ажиллаж буй хуулийн этгээд, компаниудад том давуу тал болж байна. Иргэдийн мэдээллийг харилцагчийн зөвшөөрлийн үндсэн дээр онлайнаар холбогдож авах боломжтой болсон. Өнөөдөр “E-Mongolia”-р дамжуулаад төрийн 1,000 давсан үйлчилгээг цахимаар авдаг болсон. Үр дүнд нь санхүү, банкны салбарт бүтээлч түйвээлт явагдаж, одоо Санхүүгийн Зохицуулах Хороон дээр бүртгэлтэй 30 давсан, Монголбанкнаас зөвшөөрөл авсан 20 шахуу финтекүүд ажиллаж байна. Гэхдээ мэдээж сайжруулах зүйлс бий. Ялангуяа хууль эрхзүйн орчныг улам сайжруулах шаардлагатай. Н.Учрал сайд УИХ дээр энэ чиглэлийнхээ байнгын хорооны дарга нь байж байгаад агентлаг байсан газрыг яам болгон бодлогын хувьд чиглүүлэн ажиллаж байна. Энэ бодлогын хүрээнд 130 гаруй хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар өргөн барьсан ба удахгүй батлагдах болов уу. Хэдийгээр бодлого ба технологи нь бэлэн байлаа ч одоо байгаа хуулиудыг өөрчилж нийцүүлэх амаргүй байдаг юм байна.
Технологи хөгжих бааз суурь сайн тавигдсан. Гэхдээ сайн технологи хууль эрхзүйн орчноор баталгаажиж байж амжилттай нутагшдаг. Солонгос Улсад жишээ нь финтекүүдээ дэмжих зорилгоор мөнгөн гуйвуулгын үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг шууд өгч эхэлсэн. Гэтэл Монголд дүрмийн сангаа 2,5 тэрбум төгрөгт хүргэсэн зөвхөн ББСБ-д л энэ зөвшөөрлийг өгөх жишээтэй. Түүнчлэн Монголд явагдаж буй банкны реформыг жишиж болно. Банкны нэг эцсийн өмчлөгч 20 хувиас илүүгүй хувьцаа эзэмших энэ хуулийн заалт Солонгост жишээ нь 10 хүртэлх хувь байдаг. Тэгэхээр Солонгосын банкинд хамгийн багадаа 10 хувь нийлүүлэгч байх ёстой гэсэн үг. Ийм байдлаар аль нэг компанид давуу тал үүсгэхгүйгээр, аль болох хамтраад санхүүгийн салбараа хөгжүүлэх бүтэцтэй байдаг. Энэ зөв бүтцийг бий болгоход төрийн манлайлал чухал гэдгийг Солонгосоос харсан.
Солонгос хэдий 50 сая хүн амтай ч өөрсдийгөө жижиг зах зээлд тооцдог. Тэр утгаараа төр засгийн зохицуулалт хэрэгтэй гэж үздэг. Манайх үүний хажууд хэд дахин жижигхэн билээ. Иймээс зөнгөөр нь хаявал жижиг дунд бизнес эрхлэгчид, финтекүүд хөгжихөд хүндрэлтэй. Иймээс төр өөрөө мэдлэгтэй байх ёстой. Үүний үндсэн дээр манлайлж хууль эрхзүйн орчныг зөв бүрдүүлж өгөх нь чухал. Энэ процесс Монголд жаахан хоцорч явж байна уу гэж боддог.
Жил бүр Испанийн Барселон хотод “Дэлхийн Үүрэн Холбооны Конгресс” болдог. Сүүлийн хэдэн жил энэ хурлыг ажиглаж байхад үүрэн холбоо, банк санхүү, энтертайнмент компаниудын нэгдэл, хувьцаа солилцоо, худалдан авалт дэлхий даяар нэлээд явж байна. Өөрөөр хэлбэл дэд бүтцийн өрсөлдөөн өрнөж байна. Энэ хуралд Монголоос өнгөрсөн жил сайдаар ахлуулаад нэлээд том баг бүрэлдэхүүн явсан. Финтекийн дэлхийн болон бүс нутгийн хөгжлийн хандлага хаашаа байна вэ? Та хэд хаана нь, яаж байршихаар зорьж байна?
Технологийн дэвшил, ухаалаг утасны хэрэглээ ба интернэтийн хүртээмжтэй байдал олон салбарыг орвонгоор нь өөрчилж байна. Энэ хэрээр салбар хоорондын ялгаатай байдал, зааг улам бүр багасч байна. Зарим компанийг хараад технологийн юм уу эсвэл санхүүгийн компани юм уу гэдэг нь ойлгогдохоо байлаа. Олон үйлчлүүлэгчтэй дэлгүүр жишээ нь санхүүгийн үйлчилгээ эрхэлдэг компанийн тусгай зөвшөөрлийг ашиглаад өөрийн нэрийн санхүүгийн бүтээгдэхүүн гаргаж, иж бүрэн санхүүгийн үйлчилгээ үзүүлэх боломжтой болсон. Тэр утгаараа Ард Санхүүгийн Нэгдэл 2021 онд технологи дээр төвлөрөх шийдвэр гаргаж, нэг жилийн дотор 250 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг энэ салбар болон холбоотой компаниудад хийсэн. Салбар хоорондын ялгааг багасаж, санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ солонгоруулах, энэ хөрөнгө оруулалтынхаа үр шимийг гаргах зорилгоор ирэх 3 жил төвлөрч ажиллана. Бид “Хүчтэй. Хамтдаа” гэдэг уриатай. Ганцаараа хурдан явж болох байх, гэхдээ хамтдаа илүү хол явна.
Олон улсын хөгжлийн хандлага гэж та асуусан. Биднийг баруун талаас Төв Ази гэж хардаг. Гэхдээ Төв Ази дотроо бид санхүү, технологийн хөгжлөөр тасарсан, хамаагүй илүү урд нь явж байгаа гэж хэлмээр байна. Хууль эрхзүйн орчин, зээлийн мэдээллийн сан дөнгөж одоо л тэнд бүрэлдэж эхэлж байх жишээтэй. Саяхан Киргизийн 13 банкны төлөөлөл манай дээр ирж туршлага судалсан. АРД гээд ганцхан апп дээр төвлөрүүлсэн харилцах, хадгаламж, зээл, төлбөр тооцоо, үнэт цаас, криптовалют, лоялти онооны функцууд, 2018 оноос хойш зах зээл нэвтэрч туршилт хийгдсэн шийдэл тэдний хувьд маш сонин байсан. Төв Азийн зах зээл рүү бүтээгдэхүүн үйлчилгээгээ гаргахаар тэргүүлэх санхүүгийн институтитай нь хамтарсан консорциум байгуулаад ажиллаж байна. Төв Ази руу орох группын бодлого гарсан. Монголын зах зээл гурван сая хүнээр хязгаарлагддаг. Бид дараа дараагийн гурван сая харилцагчаа өөрсдийн бүс нутаг, Төв Азиас олж авна.
Дотоодын банк, санхүү, мөнгө, хөрөнгийн зах зээлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү.
Манай дотоодын зах зээл сүүлийн 30 жилийн банкуудын үнэмлэхүй давамгайлал дор явж ирсэн. Үндэсний төлбөрийн системийн хуулийн өөрчлөлт, ковид, банкуудын реформ энэ салбарыг нэлээдгүй өөрчилж байна. Банкуудын нийт хөрөнгө 50 гаруй ихнаяд төгрөг байдаг. 2018 онд ББСБ-уудын нийт хөрөнгө дөнгөж 700 тэрбум төгрөг байв. Харин сүүлийн 5 жилийн дотор энэ дүн 4.2 ихнаяд төгрөгт хүрч, 3.3 ихнаяд төгрөгийн зээлийг ББСБ-ууд дангаараа олгодог болсон. 10 төгрөг тутмын нэг төгрөгийн зээлийг ББСБ-ууд олгож байна гэсэн үг. Энэ бол технологийн хүч.
Нөгөө талд хөрөнгийн зах зээлийн реформууд хийгдэж, банкууд нээлттэй хувьцаат компани болсноор 6.5 ихнаядын үнэлгээтэй байсан монголын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 11 ихнаяд төгрөгт хүрлээ. Үүнийг ББСБ-ын 4.2 ихнаяд дээр нэмбэл бараг 15 ихнаяд төгрөгт хүрнэ. 50 ихнаядын хөрөнгөтэй банкуудын давамгайлал аажмаар багасч багагүй өөрчлөлт энэ салбарт явагдаж байна.
Энэ өсөлт банкны зах зээлээс идээд томорч байна уу эсвэл аль аль салбар нь зэрэг өсөөд байна уу?
Зэрэг өсч байна. Манай системийн таван том банк өнгөрсөн жил түүхэнд байгаагүй том ашгийг хийлээ. Нэг банк нь жилийн дотор хагас ихнаядын цэвэр ашигтай ажиллалаа, бас нэг банкны ашиг өнгөрсөн жилээс 80 хувиар өслөө гэх мэт. Санхүүгийн салбарт цаашдаа ч өсөлт хийх хангалттай орон зай бий. Зээлтэй байна гэдэг нь буруу зүйл огт биш шүү дээ. Зээл авахын хэрээр тэр хүнд түүх үүсч, санхүүгийн чадавх, боловсрол нь үнэлэгддэг. Санхүүгийн ямар ч харилцаанд ороогүй хүнд мэдээлэл байхгүй. Мэдээлэлгүй хүн банк, санхүүгийн байгууллагуудын хувьд эрсдэл гэж үнэлэгддэг. Иймээс барьцаа хөрөнгө болон бусад зүйлсийг шаарддаг. Мэдээлэл хүртээмжтэй болж, иргэд санхүүгийн харилцаанд орох тусам манай санхүүгийн салбар сайн хөгжинө.
Иргэд дэндүү их зээлийн дарамтанд орсон гэж бид ярьдаг. Яг үнэндээ өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад ДНБ-нд дүйцүүлсэн зээлийн дүн бага шүү дээ. Гэхдээ иргэдийн орлого өсөх ёстой, иргэд өөрсдөө санхүүгийн ойлголт, мэдлэг, сахилга баттай болж, зээлээ зөв удирдаж сурах ёстой. Нэг хүнд ногдох ДНБ дөнгөж таван мянган ам.доллар давж байна. Энэ тоо 10 мянган ам.долларт хүрвэл яах вэ? Энэ хэрээр санхүүгийн салбар өснө. Ийм учраас шинээр банк байгуулагдаж байна, шинээр финтек компаниуд олноор төрж байна. Банкны бус салбар буюу хөрөнгийн зах зээл, даатгалын салбарт маш том орон зай бий. Даатгалын компаниудын нийт хөрөнгө нэг ихнаяд төгрөгт ч хүрэхгүй хөгжлийнхөө нярай үе дээр явж байна. Сайн дурын даатгал төлдөг маш цөөхөн хүмүүс байна. Иймээс энэ салбарт маш том орон зай бий гэсэн үг.
Би анх удаагаа Хөрөнгийн бирж дээр цан цохих ёслолд уригдаж орж үзлээ. “Ард Кредит” ХК FPO хийж, мөнгө босгохоор цан цохиж зарлалаа. IPO, FPO хоёрын ялгаа нь юу билээ? Энэ босгох мөнгөө юунд зарцуулах вэ?
“Ард Кредит” 2011 онд байгуулагдсан. 2013 онд Ард Санхүүгийн Нэгдэл хөрөнгө оруулалт хийж, ре-брэндинг хийсэн. Олон хүн банк санхүүгийн байгууллагуудыг мөнгө хүүлэгч гэж ярьдаг. Сүүлийн 30 жил ингэж ярьж байна. Тэгвэл яагаад тэр хүмүүс өөрсдөө тухайн банк санхүүгийн байгууллагуудын эзэд нь болж, өгөөжийг нь хамт хүртэж болохгүй гэж гэдэг санаан дор “Хөрөнгө оруулагч үндэстэн” хөдөлгөөн үүссэн. Энэ санаачилгыг манай үүсгэн байгуулагч Ч.Ганхуяг өөрийн карьер, ажлын замнал дээрээ суурилан гаргаж ирсэн. Бичил зээлийг хөгжүүлснээр иргэд ядуурлаас гардаггүй гэдэг нь Бангладешийн жишээнээс харагддаг. Хүн хөрөнгөтэй болж байж ядуурлаас гардаг. Хөрөнгөтэй хүн зээл авч түүнийгээ хариуцлагатай зарцуулж, хөрөнгөө хайрлаж, хамгаалж, хамгаалахын төлөө саналаа өгч, шаргуу хөдөлмөрлөж, санхүүгийн зөв шийдвэр гаргаж чаддаг.
Томоохон ББСБ-ууд шиг хаалттай хүрээнд яваад байж болох л байсан. Гэхдээ бид 2019 онд IPO хийж, компанийнхаа хувьцааны 25 хувиа олон нийтэд санал болгож, 5.3 тэрбум төгрөг татан төвлөрүүлж нээлттэй компани болсон. Хөрөнгийн биржийн шаардлагыг хангаж, тодорхой хугацаанд үйл ажиллагаа явуулсан компаниуд олон нийтэд хувьцаагаа анх удаа санал болгох процессийг IPO (Initial Public Offering) гэдэг. Хаалттай компани байж байгаад нээлттэй болж байна гэсэн үг. Түүнээс хойш жил бүр ногдол ашиг тарааж байгаа бөгөөд нийт дүнгээрээ мөн 5.2 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ буцаан тараагаад байна. Энэ бол хувьцаа эзэмшигчид маань компанийнхаа ашгаас өгөөж хүртэж болдог гэдгийг харуулж буй бидний манлайлал. Санхүүгийн байгууллагууд мөнгөөр мөнгө хийдэг учраас нэг төгрөг ч гэсэн баланс дээр нь байж байвал таван төгрөг болж өсөх боломжтой байдаг. Гэхдээ зах зээлээ сургах, тэлэхийн тулд бид жил бүр тогтмол ногдол ашиг тараадаг.
IPO гаргаснаас хойш 20 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй байсан компани өнөөдөр 71 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй болсон. 800 гаруй харилцагчтай байсан бол энэ тоо нэг саяыг давлаа. Өөрөөр хэлбэл, анх олон нийтээс 5.3 тэрбум амжилттай татаж чадсанаар дараа дараагийн санхүүжилтийн орон зайгаа тэлж, энэ бүх өсөлтийг хийсэн. Тухайлбал, гадаадаас таван сая ам.долларын зээл авч хугацаанд нь нэг ч хоцрогдолгүй төлж чадсан. Ковидын хүнд үед сар бүр зуу зуун мянган ам.доллар Монгол руугаа оруулж ирдэг байлаа. Мөн бонд гаргаж долоон тэрбум төгрөг босголоо. Өнгөрсөн нэг жилийн дотор бид итгэлцэлээр 42 тэрбум төгрөгийн санхүүжилт шинээр татсан. Энэ бүх өсөлтийг хийхийн тулд эздийн өмчийг өсгөх шаардлагатай болдог. Үүнийг IPO-р бид анх хийсэн.
Тэгвэл FPO (Follow-on Public Offer) гэж юу юм бэ? Анх хөрөнгө оруулж буй хүнд магадгүй FPO нь IPO-с илүү найдвартай. Учир нь энэ бол үйл ажиллагаа нь жигдэрсэн, амжилт гаргасан компаниуд нэмж хувьцаа гарган олон нийтэд санал болгох замаар бизнесээ тэлж, амжилтынхаа дараагийн шатанд хүмүүсийг урьж буй процесс юм. IPO дээр хөрөнгө оруулагчид бизнесийн ирээдүйн тоог нь хардаг бол FPO дээр компанийн өнгөрсөн хугацааны амжилт болон ирээдүйн санхүүгийн таамаглал үзүүлэлтийг аль алийг нь харж шийдвэр гаргадгаараа давуу талтай. “Ард Кредит” одоо нийт 280 сая ширхэг хувьцаатай. Үүнээс 70 сая ширхэгийг нь IPO-р олон нийтэд өгсөн. Харин одоо 84 сая ширхэг хувьцаа нэмж гарган нийт 364 сая ширхэг хувьцаатай болж байна. Одоо байгаа нийт хувьцааныхаа 30 хувьтай тэнцэх, харин FPO хийсний дараа 23 хувьтай тэнцэх хувьцааг бид олон нийтэд дахин санал болгож байгаа юм.
Анхны IPO, энэ FPO-ийн дараа танай компанийн хувьцааны хэдэн хувь нь олон нийтийн эзэмшлийнх болж байна вэ?
Одоо манай компанийн 40 хувийг Ард Санхүүгийн Нэгдэл эзэмшдэг. Энэхүү FPO-ийн дараа манай гол хувьцаа эзэмшигч Ард Санхүүгийн Нэгдлийн эзэмшил 30 хувь болж буурна. Нөгөө талдаа одоо байгаа 13.700 хөрөнгө оруулагчдын тоо нэмэгдэж компанийн 70 хувийг эзэмших юм. FPO зарласан эхний өдрийн байдлаар 8.9 тэрбум төгрөг татан төвлөрүүлэх манай захиалгын тал нь дүүрч, нийт 700 гаруй хөрөнгө оруулагч хүсэлтээ өгөөд байна. Хувьцаа эзэмшигчийн төвлөрөл маш сайн багасна. Зарим компани өөрсдийгөө нээлттэй гэдэг ч компанийн хувьцааны 90-ээс дээш хувь нь нэг хүний өмчлөлд байдаг. Ийм компанийг яг нээлттэй компани гэж хэлэхэд хэцүү. “Ард Кредит” ХК-ийн кэйс магадгүй Монголын хөрөнгийн зах зээл дээр анх удаа гол хувьцаа эзэмшигч нь хяналтын багцаас бага хэмжээний хувьцаа эзэмшиж, хувьцааны төвлөрөлийг багасгаж, тархалтыг нэмэгдүүлж байгаа болов уу.
Манай компани Монголын хөрөнгийн биржийн Топ-20 индекст сүүлийн таван жил дарааллан багтаж байгаа. Хувьцааны төвлөрөл, тархац, арилжааны дүн, идэвх зэрэг хэд хэдэн шалгуурын үндсэн дээр компаниудыг Топ-20 индекст оруулдаг. Арилжааны банкууд нээлттэй компаниуд болсонтой холбоотой энэ индекст багагүй өөрчлөлт гарсан хэдий ч хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй хэдэн зуун компанийг тодорхойлдог гол 20 компанийн нэг бид хэвээр байсаар л байна.
Өмнө нь FPO хийсэн байсан тохиолдолд Монголд байдаг билүү?
Байгаа. Хамгийн том ББСБ нэмэлт хувьцаа гаргаж мөнгө босгож байсан. Манайх хоёр дахь нь болж байна.
Топ-20 индексээс гадна Хөрөнгийн биржийн нэг, хоёрдугаар самбар гээд компаниудын жагсаалт яваад байдаг. Тэр ямар учиртай билээ?
Бүр гуравдугаар ангилал ч гэж бий. Энд идэвхгүй хэдэн зуун компаниуд багтдаг. Нэгдүгээр самбар дээр одоогоор 20 гаруй, хоёрдугаар самбар дээр 40 гаруй компани бий. Эдгээр компаниуд л хөрөнгийн зах зээлийг тодорхойлж байна гэсэн үг. Энэ самбарын жагсаалтыг компаниудын зах зээлийн үнэлгээгээр нь эрэмбэлж гаргадаг. Өөрөөр хэлбэл, гаргасан нийт хувьцааны тоог нь нэгж хувьцааны зах зээлийн үнээр үржүүлээд жагсаадаг. Зах зээлийн үнэлгээнээс гадна тайлагнал, мэдээлэл зэргийг харгалзан нэг ба хоёрдугаар самбараас буулгах тохиолдол байдаг.
Өнгөрсөн жил Монголын хөрөнгийн биржийн засаглалын кодексыг хэрэгжүүлдэг топ 10 компанийг шалгаруулсан. “Ард Кредит” энэ топ 10 компанийн нэгээр шалгарсан. Энэ нь компанийн тайлагнал үнэн зөв, хугацаандаа гардаг, хувьцаа эзэмшигчидтэйгээ ойрхон ажилладагийг хэмждэг Санхүүгийн зохицуулах хорооноос хянадаг хэмжүүр юм. 30 жил явсан манай банкууд хүртэл энэ процесст суралцаж байна шүү дээ. Бид Earnings call буюу компанийн санхүүгийн үзүүлэлт, үр дүнгээ илтгэсэн арга хэмжээг улирал бүр хийж, зохицуулалтаас давсан тайлагналыг олон нийтэд тогтмол хийж явахыг хичээдэг.
Компанийн хувьцаанд хөрөнгө оруулсан хүн ногдол ашиг эсвэл хувьцааны ханш, үнийн зөрүүгээс ашиг олох боломжтой байдаг. Нууц биш бол та компанийнхаа бодит кэйсийг хуваалцаж болох уу?
Болно. Манай хувьцаа эзэмшигчид өөрсдөө ч талархлаа илэрхийлээд олон нийтэд мэдэгдэж байна лээ. Олон хүн уулзаад хэлдэг ч цөөхөн нь олон нийтэд ил гардаг. Хөрөнгө оруулагч үндэстнийг цогцлооно гээд сайн дураараа хүмүүстэй уулзаад мэдээлэл өгөөд явж байхад нэлээд сүүлд манай найзууд хэлж байсан. Жишээ нь, найз нь 20 гаруй сая төгрөг хувьцаанд оруулсан байсан нь өсөөд 300 гаруй сая төгрөг болсон. Энэ өгөөжөөрөө хувийн бизнесээ эхлүүлсэн гэх мэт. Манай найз “Оюун ухааны академи”-ийг үүсгэн байгуулагч Х.Хатанбаатар өөрөө нээлттэй пост оруулсан байсан. Тэр нь анх нэг сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд дөрвөн жилийн дараа дансаа шалгахад тэр нь 10 сая төгрөг болсон байсан. Түүнийхээ тавыг нь үлдээгээд таван саяыг нь бэлэн мөнгө болгож авсан, баярлалаа гээд бичиж байсан.
Манай анхны хөрөнгө оруулагч 200 сая төгрөгөөр хөрөнгө оруулж байсан. Тэр нь өнөөдөр буюу 10 жилийн дараа 3.3 тэрбум төгрөг болж өсөөд байна. Нэмээд жил бүр тараадаг ногдол ашгаас эзэмшлийн хувиар бараг хагас тэрбум төгрөгийн өгөөж хүртсэн. Энэ мэт жишээ манай дээр зөндөө бий. Хувьцаанд хөрөнгө оруулсан компани тогтвортой өгөөжөө өгч буй эсэх нь чухал байдаг. Зарим хүмүүс хувьцаанд хөрөнгө оруулаад дараа жил хэдэн хувийн ашиг хүртэх вэ гээд их асуудаг. Хувьцаанд оруулсан хөрөнгө оруулалт дунд, урт хугацаанд өгөөжөө өгдөг. Үнэ өндөр байхад нь хувьцаа авч орж ирээд үнэ буухаар сэтгэлээр унах, үнэ бага байхад нь аваад өндөр үед нь зарж чадалгүй буцаад үнэ буухыг харах гэх мэт энэ бүх мөчлөгийг үзэж давж байж хүн хөрөнгө оруулалтын мөн чанарыг ойлгож мэдэрдэг.
Ирэх жилүүдэд та бүхний хувьд банк, үүрэн операторуудтай стратегийн түвшинд хамтрах, гадаад зах зээл руу гарахаар төлөвлөсөн ажлууд бий юу?
Ард Санхүүгийн Нэгдэл нийт 40 гаруй компани, санхүүгийн гурван кластертай. Энэ дундаас би банкны кластерийг нь удирддаг. Банкны бизнес рүү орох эсэх асуултанд би толгой компанийн өмнөөс хариулахад зохимжгүй байна. Хувь хүнийхээ хувьд болон “Ард Кредит” компанийн гүйцэтгэх захирлын хувьд хэлэхэд бид хэдийнэ банкинд хөрөнгө оруулаад анхны ногдол ашгаа аваад эхэлсэн. Үндэсний төлбөрийн системийн тухай хуульд өөрчлөлт орсны үр дүнд цахим мөнгөний зөвшөөрлийг авсан тухай би дээр дурдсан. Энэ зөвшөөрлийн хүрээнд бид банкны үйлчилгээг бараг л бүтнээр нь үзүүлж байна.
Манай банкны кластер дотор хадгаламж зээлийн хоршоо, ББСБ, лизингийн компаниуд багтдаг. Бид хадгаламж авдаг, зээл өгдөг, АРД апп-аар дамжуулан харилцах дансны үйлчилгээ үзүүлдэг, кредит карт гаргадаг. Өөрөөр хэлбэл, хуучин бид зээлийн хүүгээс голлох орлогоо олдог байсан бол одоо арилжааны банк шиг бусад үйлчилгээгээр шимтгэлийн орлого олдог болоод эхэлсэн. Өрсөлдөөний тухай хуулиар ижил төрлийн үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдүүдэд ялгаатай байдлаар хандахгүй байх ёстой. Гэтэл бид нарыг арай “жижигхэн” байна гэдэг шалтгаанаар хязгаарлалт тавьдаг. Гэтэл эхнээсээ зарим ББСБ-уудын хэмжээ жижиг банкуудын активын хэмжээнээс даваад гарчихлаа шүү дээ. Энэ утгаараа бид арилжааны банкны үйл ажиллагааг аль хэдийнэ үзүүлээд эхэлсэн, банкуудтай стратегийн түвшинд хамтын ажиллагаа эхлүүлсэн байгаа.
“Монгол Шуудан” компанитай байгуулсан түншлэлийн хүрээнд бид 21 аймгийн 330 суманд харилцагчидтай болчихсон буюу өртөг багатайгаар банк санхүүгийн үйлчилгээг орон даяар хүргэж байна. Энэ жил группын хөрөнгө оруулалттай “Монгол Шуудан” компани дээр Японоос авч чадсан буцалтгүй тусламжийн хүрээнд 150 салбарыг өндөр хурдны интернэтэд холбож, банк санхүүгийн төлбөр тооцоо хийх бүрэн боломжтой, санхүүгээр мэргэшсэн үйлчилгээний ажилчидтай болгон тохижуулан өөрчлөх гэж байна. Энэ бол иргэдэд санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх бидний хамтын төсөл юм.
Олон улсын зах зээлийн хувьд Төв Азийн нэг улсыг сонгож аваад, тэргүүлэх банктай нь хамтран консорциум байгуулж яриа хэлэлцээрийн түвшиндээ орсон байгаа. Үүрэн операторуудтай нь өмнө нь ярилцаж байсан. ОНДО гээд тавь дахь оператор гараад ирлээ. Удахгүй Старлинк албан ёсоор Монголд нээлтээ хийх гэж байна. Нэмээд бөөний болон жижиглэнгийн интернэт нийлүүлдэг сувгийг нээлттэй болгох улсын бодлого явж байна. Гэх мэтээр интернэтээр дамжуулаад хувь хэрэглэгчидтэй шууд холбогдож чадаж байгаа учраас операторуудтай төдийлөн хүчлэхгүй байна.
Нэвтрүүлэгт бэлдээд танай компанийг судалж байхад Тусгай активын алба дээрээ хөгжлийн бэрхшээлтэй иргэд авч ажиллуулаад хагас жилийн дотор зээлийн эргэн төлөлт, чанар дээр гайхалтай үр дүн гаргасан гэж мэдээлэл авсан. Хүртээмжтэй ажлын байр бий болгож, тэгш боломж олгож буй талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү.
Ард Кредит “Ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрнө, тэгш хүртээмжтэй ажлын байр бий болгоно” гэдэг хүний нөөцийн бодлоготой. Хараагүйчүүдийн үндэсний төвтэй хамтраад үе шаттай төслүүд хэрэгжүүлдэг. Нийгмийн хариуцлагын хүрээнд, эсвэл зарим компаниуд шиг татварын хөнгөлөлт авах зорилгоор бид ялгаатай хөгжилтэй иргэдийг ажилд авдаггүй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг өрөвдөж биш ажлын байран дээрээ дадлагажуулж өрсөлдүүлж ажилд авдаг. Нийт 10 орчим эдгээр иргэдийг байнгын болон гэрээт ажлын байраар хангасан. Цахим хуудас, пэйж хуудсууд, АРД апп маань харааны бэрхшээлтэй хүмүүст хэр хүртээмжтэй байгаа тал дээр бид байнга үнэлгээ хөгжүүлэлт хийдэг. Одоо хүртээмжтэй байдлыг нь сайжруулсан тав дахь хувилбар дээрээ явж байгаа.
Харааны бэрхшээлтэй иргэн манай цахим зээлийн ахлах мэргэжилтнээр ажилладаг. Анх яг надтай адилхан Хөрөнгө оруулагч үндэстэн форум дээр ирээд энд л ажиллана гээд ажилд орж байсан. Энэ хүн маань бидэнд хүртээмжтэй байдлыг байнга сануулдаг, тэгш боломжийг нь олговол харааны бэрхшээлтэй хүмүүс ажил хийж чаддаг гэдгийг бодитоор харуулан манлайлж буй ажилтан юм. Бид компани дотроо зурган текст имэйлээр солилцохдоо харааны бэрхшээлтэй ажилчиддаа зориулж давхар заавал тусдаа текстийг нь явуулдаг. Тусгай активын нэгж дээр ажилладаг ялгаатай хөгжилтэй ажилчид маань хагас жилийн дотор гайхалтай үр дүн гаргаж, зээлийн чанарыг сайжруулаад зогсохгүй чанаргүй, эргэлзээтэй зээлүүдийг төлүүлж чадсан. Харааны бэрхшээлтэй хүмүүс манай харилцагчидтай зайнаас утсаар холбогдож ажиллахад тэдний сонсох мэдрэмж нь илүү хөгжсөн байдаг нь анзаарагдсан. Биднээс илүү харилцагчийг утсаар мэдэрч, хоолойн өнгийг нь уншиж, ойлголцож чаддаг. Хүртээмжтэй ажлын байрыг бий болгосны үр дүн нь бодитоор бизнесийн амжилт болж манай дээр гарч чадсан. Өөрөөр хэлбэл, тэгш хүртээмжтэй гэхээс илүү ялгаатай хөгжлийн давуу талыг нь олж чадсан хэрэг болсон.
Ковидын хүнд үед хөгжлийн бэрхшээлтэй иргэд, гэртээ хүүхдээ харж буй ээжүүдэд зориулж зайнаас харилцагчид үйлчлэх ажлын байрыг бий болгож туршилт хийсэн. Ийм хэрэгцээ асар их байдаг юм билээ. Энэ зарыг гаргаснаас хойш 5 өдрийн дотор 1.000 гаруй дуудлага хүлээн авч, 100 гаруй хүмүүс ажилд орохоор хүсэлтээ өгсөн. Энэ хүмүүс биднийг өөрчилж хөгжүүлдөг.
Нэвтрүүлгийн цаг дуусч байгаа тул сүүлийн нэг минутыг танд зориулъя.
Санхүүгийн систем, хөрөнгийн зах зөв хөгжиж байж баялгийн шударга хуваарилалт хийгдэнэ. Иймээс хүн бүр хөрөнгө оруулагч байх ёстой. Бага гэлтгүй заавал хөрөнгө оруулж үзэх ёстой. Санхүүгийн боловсролтой иргэд л компани болон улсын хөгжлийн үр шимээс хүртдэг. Яг одоо торгон мөч ирээд байна. 2011 онд 17.3 хувиар эдийн засаг өсч байх үед уул уурхайн салбар, тэнд ажилладаг хүмүүс эсвэл уул уурхайтай холбоотой ажилладаг компаниуд л өсөлтийн үр шимийг хүртсэн. Монголд 1.1 сая хүн ажил хийж, НДШ төлдөг. Үүний дөнгөж 6 хувь нь л уул уурхайн салбарт ажилладаг. Бусад салбарт ажилладаг хүмүүс хөгжлийн үр шимийг ижил хэмжээнд хүртэж чадаж байна уу гэвэл хэцүү.
Тэгвэл энэ жил, ирэх жилүүдэд манай эдийн засаг буцаад сэргэх төлөвтэй боллоо. Жилийн өсөлтийг 6.8 хувиар тооцоолж буйгаас гадна 15 тэрбум ам.долларын экспорт, төлбөрийн тэнцлийн ашигтай байдал гээд эерэг орчин бүрдэж байна. Энэ боломжийг хэрхэн тэгш хүртээмжтэй иргэддээ хүргэх вэ?
Бэлэн мөнгө тараах бус иргэдээ санхүүгийн боловсролтой болгох, хөрөнгийн захаа хөгжүүлсний үндсэн дээр хөрөнгө оруулалтын сангуудаар дамжуулан хуваарилах, тэтгэвэрийн шинэчлэлээ хийх ёстой. Өөрийн олсон мөнгөөрөө баялагтаа хөрөнгө оруулалт хийсэн хүн боловсрохын сацуу үндсэн цалингийн гадуур тогтмол орлоготой болж, энэ хэрээр хөрөнгө оруулалтын үнэ цэн нь өсдөг. Ингэж байж өндөр хөгжилтэй орнууд шиг хөгжлийн үр шим хүн бүрт шударга хуваарилагдаж боломжтой болно.
Би Ард Кредит ББСБ-д ажилд орохдоо зүгээр нэг компанид ажилд орно гэж төлөвлөөгүй. Харин “Хөрөнгө оруулагч үндэстэн” хөдөлгөөнд итгэж дэмжсэн учраас үйл хэрэгт нэгдсэн. Иймээс би 2016 онд нэг сая төгрөгөөр анхныхаа хөрөнгө оруулалтыг хийж байсан шиг та өөрийн боломжоороо 100 мянга, нэг сая, эсвэл 10 сая төгрөгөөр хөрөнгө оруулалтын анхны алхмаа хийгээрэй гэж уриалмаар байна.
DR. ADITY