АН-ын гишүүдийн шинэчилсэн бүртгэл орон даяар үргэлжилж, анх удаа улс төрийн намын гишүүчлэл цахим бүртгэлд шилжиж байна. Үүнтэй холбоотойгоор орон нутагт гарч буй зарим нэг “хурц” асуудлаар Дархан-Уул аймгийн зарим нэг “хурц” асуудлаар Дархан-Уул аймгийн АН-ын дарга асан, АН-ын Дотоод сонгуулийн хорооны гишүүнэээр ажиллаж байсан Г.Гантулгатай ярилцлаа.

-АН-ын гишүүдийн шинэчилсэн бүртгэл явагдаж, гишүүддээ Гэрэгэ гардуулж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Дархан-Уул аймагт бүртгэлийн ажил хэр явагдаж байна?

-АН-ын дүрмийг шинэчилж, УДШ-д бүртгүүлсэн. Үүний дараа буюу хоёрдугаар сарын 01-нээс намын гишүүдийн шинэчилсэн бүртгэл эхэлсэн. Энэ сарын 10-ныг дуустал 21 аймаг, 330 сум, нийслэлийн есөн дүүрэгт бүртгэл явагдана. Шинэчилсэн бүртгэл дууссаны дараа энэ сарын 10-наас хойш намын дотоод сонгууль эхэлнэ. АН-ын дүрэмд заасан татварыг төлсөн буюу саналын эрхтэй гишүүд намын дотоод сонгуульд оролцоно.

АН-ын Улс төрийн зөвлөлийн шийдвэрээр 2026 оны нэгдүгээр сарын 14-нд “АН-ын дотоод зохион байгуулалтыг үндсэн дүрэмд нийцүүлэх журам“- ыг баталсан. Энэ журмыг баримтлан намын дотоод сонгуулийг явуулна. Төв нам дээр Зохион байгуулах зөвлөлийг 11 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Энэ зөвлөл нь аймаг, дүүргийн буюу дунд шатны намууд дээр сонгууль зохион байгуулах үүрэг бүхий таван хүний бүрэлдэхүүнтэй Дэд зөвлөлийг байгуулсан. Таван хүний хоёрыг нь Улс төрийн зөвлөлөөс томилсон, Дархан-Уулд УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд бид хоёр томилогдоод ажиллаж байна. Зөвлөлийн гурван гишүүнийг аймаг, дүүргийн намын хороотой зөвшилцөж томилдог, энэ ажил маань өнгөрөгч баасан гаригт /2026.02.28/ Дархан-Уул аймагт хийгдсэн. Шинэчилсэн бүртгэл дууссаны дараа аймгийн намын хорооны гишүүд, намын хорооны даргын сонгууль, мөн ҮБХ-ны гишүүнийг сонгох сонгуулийг зохион байгуулна. Сумдад мөн сонгууль зохион байгуулах Дэд зөвлөлийг таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулна.

-АН-ын зарим бүлэг фракциас бүртгэлийн ажиллагаанд саад учруулсан, намын дүрэм зөрчсөн үйлдлүүдийг гаргаж байна. МоАХ-ны шинэ, хуучин удирдлагууд үүнд идэвхийлэн оролцож байна гэдэг маргаан Дархан-Уул аймаг дээр гарсан байна. Чухам юу болсон юм бэ?

-Дархан-Уул аймгийн АН-ын хэрэг эрхлэх газрын дарга нь Дархан-Уул аймаг дахь МоАХ-ны салбар зөвлөлийн дарга. Энэ хүн МоАХ-ны байранд тусдаа бүтэц байгуулаад шинэчилсэн бүртгэлийг хийсэн байна. “Дарханы АН-аас ирлээ” гэж хэлээд АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгалангаас 600 гэрэгэ, скайнерийн хамт авч аваад МоАХ-ныхоо байранд аваачаад тавьчихсан, тэндээ бүртгэл явуулж байна. Цагаан сарын золголт нэрээр айлуудаар яваад “Намын гишүүний татвар шүү” гээд мөнгө тарааж байна, зарим нэг үүрийн дарга нь өөрийнхөө хувийн данс руу гишүүдийн татварыг төвлөрүүлж байна гэх мэт гомдлууд ирсэн. 

Товчхондоо, шинэчилсэн бүртгэлтэй холбоотойгоор нам доторх бүлэг фракциудын тэмцэл нэлээд ширүүсч байна. Дарханд жишээ нь МоАХ-ны зүгээс кампаничилсан ажиллагаа явуулж гишүүн элсүүлэх, “МоАХ-ноос даргаа тавина” гэсэн яриа хөөрөө гаргах, гишүүдийн өмнөөс бүртгэл хийж, мөнгийг нь төлөх, багцалж орох ажлыг эрчимтэй хийж байна. Төв намаас томилогдож ирсэн зөвлөлийн гишүүнийг солино, өөрсдийнхөө хүмүүсийг томилно гэх мэт хэл ам гаргаж байна. МоАХ-ны даргаар ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа хоёр хүн энэ ажлыг зохион байгуулж байна.

Шинэчилсэн бүртгэл явагдаад, дотоод сонгууль зарлагдаад ирэхээр ҮБХ-ны гишүүд, ҮБХ-ны гишүүн болох гэсэн хүмүүс дунд шатны намын сонгуульд хөндлөнгөөс оролцох, хөрөнгө мөнгө хаяж санхүүжүүлэх ажлыг хийж байх шиг байна. Дээрээс нь бүлэг, фракциуд бас санхүү мөнгө гаргаад явж байгаа юм байна. Манай нам УИХ-д 46 гишүүнтэй болсон, тэд бүгд орон нутаг руу ажиллаад эхэлчихсэн байна. УИХ-ын гишүүний эрх мэдлээр далайлгах, хөрөнгө мөнгө босгох, фракци бүлгийг санхүүжүүлэх, бүтэц бий болгож ажиллах явдал ажиглагдаж байна. Дарханд бол ил тод явагдаж байна. Тусдаа штаб байгуулаад, нам дотор нам байгуулчихаад яваад байна.

-Энэ үйлдэл нь намын дүрмийг зөрчихгүй юу? Хүлээлгэх хариуцлага бий юу?

-Шинэчилсэн дүрэмд хариуцлагатай холбоотой маш олон заалт байгаа. Сонгуульд оролцох эрхийг нь хасах, сонгуульт гишүүнээр ажиллуулахгүй байх, УИХ, орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй, улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх гэх мэтчилэн. Гаргасан зөрчлийн дагуу намын Хяналтын хороо хуралдаж, хариуцлага тооцох дүрэмтэй. Дүрмийг бүх гишүүдээр хэлэлцүүлж баталсан. Тиймээс гишүүн бүр энэ дүрмийг баримтлах үүрэгтэй, зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагатай. 

-Дархан-Уул аймагт болж байгаа энэ үйл явдалд МоАХ-ны дарга Х.Баттулга гэдэг хүн оролцоотой юу?

-МоАХ фракцийн ард манай Ерөнхийлөгч асан байдаг нь үнэн. Байн байн  Дарханд ирж заавар зөвлөгөө өгч, мөнгө санхүүгээр тусалж байгаа нь ч ойлгомжтой. Энэ мэтчилэнгийн дүрмийн бус үйл ажиллагаанууд л АН-ыг хагарал бутрал руу түлхдэг. АН-ын Хяналтын хороо шуурхай хуралдаад асуудлыг шийддэг байх ёстой.  Хяналтын хорооны гишүүд аль нэг бүлэг фракцид харъяалагдахгүй, тэдний эрх ашгийг хамгаалахгүй байх ёстой. Яг үнэндээ “АН хагаралтай  байна, эв  нэгдэлгүй байна” гэдэг яриаг Төв намаас Эрх мэдэл бүхий УИХ-ын гишүүд гаргаж өөрсдөө ирж  оролцдог юм. Үр дүнд нь Дунд шатны нам хагалдаг, гишүүд нь дарга нараа даган талцал тэмцэлд хүргэдэг.

 Жишээ нь АН-ын ХЭГ-ын дарга нь  намаас албан тушаал аваад, цалинжаад явж байж сүүлийн нэг сар нам дээрээ ирээгүй, МоАХ дээр очоод суучихсан.  АН-ын ХЭГ-ын дарга аль нэг фракц дээр гүйж очих ёсгүй. МоАХ-ны ажлаа хийе, дотоод сонгуульд идэвхтэй оролцъё гэж байгаа бол ХЭГ-ын даргаа өгөөд явах хэрэгтэй.

-Гэтэл өнөөдөр нөгөө тал маань Зохион байгуулах зөвлөлөөс томилогдсон Дэд зөвлөлийг гишүүнийг халъя, сольё, өөрсдийнхөө хүнийг томилъё гээд явж байдаг. Үүнийг юу гэж ойлгох вэ? Хаанаас шидсэн “чулуу” вэ?

-АН-ын Улс төрийн зөвлөлийн тогтоолоор “АН-ын дотоод зохион байгуулалтыг намын дүрэмд нийцүүлэх журам”-ыг баталсан. Энэ журмын 11.1.1 дэх заалтаар Зохион байгуулах Зөвлөлөөс томилогдож ирсэн хоёр хүний нэг нь би. Эсэргүүцээд байгаа нэг хүн нь Дарханы АН-ын даргад өрсөлдөхөө зарлаад, намаасаа тусдаа штаб байгуулаад, гишүүдийн өмнөөс татварыг нь төлөөд явж байгаа нөхөр. Энэ хүн 2020 оны сонгуулиар өөр намын нэр дээрээс УИХ болон Орон нутгийн сонгуульд нэр дэвшин АН-ын саналыг хувааж намаа ялагдуулсан. 2015 онд АН олонхи байхад намынхаа бодлого шийдвэрийг зөрчин МАН-д урваж аймгийн орлогч дарга болсон. Нөгөө нэг нөхөр нь Дарханы МоАХ-ны дарга асан. 2015 онд мөн л намынхаа эсрэг ажиллан сахилгын шийтгэл хүртэж байсан. Эдгээр хүмүүс намын эв нэгдлийг санаатайгаар бусниулж, намын шинэчлэлийн үйл хэрэгт саад хийж байна.

Тавдугаар үүрийн дарга нь бүртгүүлсэн гишүүдийн татварын мөнгийг өөрийнхөө данс руу шилжүүлж авсан байна. Наймдугаар үүрийн дарга нь айлуудаар золгоод “Намын гишүүний чинь татвар шүү” гээд 12000 төгрөгөөр золгоод явж байна. Үе үеийн намын дарга нар, эрх мэдэлтнүүд дунд шатны намын ажил руу оролцож, н.Төмөртогоо мэтийн нөхдөөр гар хөл хийгээд, өөрсдөө дээгүүрээ МАН-тай тохирох, намаа унагах ажлыг хийдэг нь ил болсон зүйл.

Би бол дунд шатны Зөвлөлийн таван гишүүний нэг нь л шүү дээ. Намын дотоод сонгуульд миний нөлөө байхгүй, би сонгуульд оролцохгүй, санал өгөхгүй. Зөвхөн сонгуулиа шударга явуулъя гэдэг шаардлага тавьснаараа л тэдэнд саад болж байгаа байх. Би бол зарчмаа л барина, хэн нэгний талд үйлчлэхгүй, намын Үндсэн дүрэм зөрчих ямар ч үйлдэл гаргахгүй. АН  Дотоод сонгуулиа  шударга, Үндсэн дүрэм, баталсан журмынхаа дагуу хийхгүйгээс болж хагарал тэмцэл болдог, УИХ, орон нутагт ялагддаг.  Тийм учраас Үндсэн дүрмээ, зарчмаа л барьж ажиллах ёстой. АН ялъя  гэвэл хэн ч байсан дүрмээ сахих ёстой.