Чингис хаан “Өмнө зүгт Тангуд улс бий гэдгийг өглөө бүр надад сануулж бай” гэсэнтэй яг адил өдөр бүр бидний санаж, сэрж явах ёстой зүйл бол хүний эрх, эрх чөлөө, иргэний эрхийн асуудал юм.

Хүний эрх, эрх чөлөө гэдэг нь нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээ бол иргэний эрх нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалсан, зайлшгүй сахин биелүүлэх ёстой хэм хэмжээ юм. Тэр тусмаа иргэний эрхийг төрөөс хязгаарлах, хязгаарласан хууль, хэм хэмжээ тогтоохоос сэргийлсэн зүйл.

Үндсэн хуулийн 16-р зүйлд  “Монгол Улсын иргэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй. Төр, түүний байгууллагаас хууль ёсоор сахин хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй” гэж заасан байдаг. Гэтэл 2019 онд баталж, 2020 оноос хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн 13.14 буюу “худал мэдээлэх” гэмт хэрэг нь Үндсэн хуулийн дээрх заалтыг зөрчсөн байна гэж үзээд Үндсэн хуулийн Цэцээс түдгэлзүүлэх шийдвэр гаргасан. Цэцийн энэ шийдвэрийг УИХ өнгөрөгч оны 12-р сарын 30-ны өдрийн тогтоолоор хүлээн авч, Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг Үндсэн хуульд нийцүүлэн боловсруулах ажлын хэсгийг байгуулсан байдаг. Одоо тэр өөрчлөлт нь орж ирээд явж байна л даа. Хууль санаачлагч нь Засгийн газар.

Нэг зүйлийг тодруулахад, 2002 оны Эрүүгийн хуулийн “гүтгэх” гэмт хэргээр нийтдээ 100 гаруй хүн ял шийтгүүлсэн байдаг аж. 2017 онд Эрүүгийн хуулийг өөрчлөхдөө “гүтгэх” гэмт хэргийг хасч, Зөрчлийн хууль руу оруулсан. 2019 онд МАН-ын Засгийн газар Эрүүгийн хуульд дахин өөрчлөлт оруулж “Худал мэдээлэх” гэмт хэргийг оруулж ирсэн. Хууль үйлчилж эхэлнээс хойш 110 гэмт хэрэгт 116 хүн ял шийтгүүлсэн гэдэг статистикийг гишүүн А.Ганбаатар танилцуулсан. Өмнөх 15 жилийн статистикийг гурав нугалсан гэсэн үг. Шийтгүүлсэн нь дандаа жирийн иргэд, сэтгүүлчид.

Гэтэл энэ хугацаанд хамгийн их гүтгэлэг, хар пиарыг улстөрчид өөрсдөө, эрх мэдэл бүхий албан тушаалтнууд явуулж ирсэн байдаг. Тухайлбал, 2024 оны УИХ-ын сонгуулийн өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн захиалж хийлгэсэн, бүх телевизийн эфирийг худалдаж авсан “С.Зоригийн хэрэг” хэмээх гүтгэлэг байна. Хамгийн өндөр өртөгтэй гүтгэлгийг “Гэрэгэ” тауэрийн 15 давхраас үйлдвэрлэн гаргаж байсныг нийтээрээ мэддэг болсон. Үүний төлөө хэн ч ял хүлээгээгүй. Манай хууль, шүүх ингэж л ялгавартай үйлчилдэг.

Гэтэл одоо Л.Оюун-Эрдэнэ, “Херо” Баатар нарын оруулж ирсэн энэ платформыг хууль болгож бичээд, иргэддээ тулгаж байна. “Үндсэн хуульд нийцүүлэх” нэрээр гэмт хэргийн зүйлчлэлийг улам чангаруулж, “зориуд санаатайгаар, ашиг олох зорилгоор, захиалгаар, бүлэглэж үйлдэх” гэж бичээд, ял хариуцлагыг нь чангаруулаад явж байна.

Өнгөрөгч долоо хоногт хуралдсан Хууль зүйн байнгын хорооны хурлаас хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд дэмжээд, хэлэлцүүлэгт бэлтгэхээр хугацаа авсан. Тэгэхээр энэ хуулийн төсөл цаашаагаа яваад батлагдах юм шиг байна.

Уг нь бол Иргэний хуульд “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хамгаалах” заалт бий. Иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд үүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэгтэй. Мөн үүний улмаас иргэний нэр төр, алдар хүндэд хохирол учирсан бол учруулсан гэм хор буюу хохирлыг арилгах үүрэг хүлээдэг.

Эрүүгийн хуулиас ялгаатай нь хохирсон гэж үзэж байгаа иргэн, хохироосон этгээд хоёр хоёулаа шүүх дээр мэдээллээ гаргаад, өөрсдийн гаргасан мэдээллийн үнэн зөвийг нотлох үүрэг хүлээдэг. Харилцан тэгш эрхтэй гэсэн үг.

Харин Эрүүгийн хуулиар явбал цагдаагийн байгууллага ажиллагаа явуулаад, прокурор яллах дүгнэлт үйлдээд, шүүх тэрийг нь шийддэг. Үүнд л гол ялгаа нь бий. Учир нь манай цагдаагийн байгууллага ийм хэрэг дээр ямар ч ажиллагаа явуулдаггүй. Зөвхөн хохирогч этгээд буюу албан тушаалтны гомдлыг бариад хэрэг үүсгээд явчихдаг. Хууль, шүүхийнхэн байгууллагуудын мөн чанар ийм байгаа цагт иргэний эрхийн талаар ямар ч яриа байхгүй гэсэн үг.

Зүй нь бол нэгэнт “Үндсэн хууль зөрчсөн” гэдэг дүгнэлт гараад, хуулийн үйлчлэлийг түдгэлзүүлсэн байгаа энэ тохиолдолд УИХ өөрөө “Хуулийн энэ заалтыг хүчингүй болгосугай” гэдэг төсөл оруулж ирээд баталчих ёстой юм. Энэ чигээрээ яваад “гүтгэх” гэмт хэргийг хуульчилбал “нуухыг нь авах гээд нүдийг нь сохолсон” л хэрэг болно.