ХХ зууны Монголын түүхийн хамгийн тод, бас хамгийн балархай хүн бол ерөнхий сайд агсан Г.Бадамдорж юм. Б.Цэнддоо түүний тухай “Г.БАДАМДОРЖ: Шар хүний “хар” тууж” хэмээх баримтат ном бичжээ. Энэ бүтээл нь НЭПКО хэвлэлийн газар ба “Хүмүүн хорвоо” нийгэмлэгийн хамтран гаргадаг Т.Э.Ц (Түүхэн эрхмүүдийн цадиг) цувралын нэгэн хэсэг юм. Уг номын нэгдүгээр бүлгээс хэсэглэн нийтэлж байна.

Нэг. Гудамжинд хайлсан хар тууль

...Түүх, дуртгал хоёр юугаараа ялгаатай вэ гэхээр ийм юм. Түүхэн үйл явцад оролцогчийн байр сууриас ангижирсан дурсамжийг түүх гэж хэлж болно. Энэ утгаараа, оролцогчийн сэтгэгдлээс салж чадаагүй түүх нь дурсамж хэвээрээ үлдэнэ. Тэгэхээр үйл явдалд биеэр оролцогчид түүх бүтээх чадамжгүйн нэгэн адил баримтаар баталгаажаагүй дурсамж түүх болж чаддаггүйг дурдалтай.

ХХ зууны монголын шинэхэн түүх нь ХХ зуундаа бүтээгдсэн төдийгү ХХ зууныг бүтээгчдийн сэтгэгдэл дээр тулгуурласан байлаа.Нэг талаасаа, нүүдэлчний амьдралаас хотшил иргэншилд шилжин “соёлыг гайхав” болсон нүүдэлч-сэхээтний хөөрсөн сэтгэгдэл нэвт харагддаг. 

Нөгөө талаасаа,түүх зохиогчид цагийн аясаар хувьсгалт засаглал, коммунист хүчирхийллийг магтах үүргийг тэртэй тэргүй хүлээнэ. Монголд ардын хувьсгалялаад илүү жаргалтай үе эхэлсэн гэдгийг тод харуулахын тулд өмнөх үеийг нь улам харлуулах хэрэгтэй болно. Хувьсгалт хүчирхийлэл, төрийн дээрэм, аллагыг зөвтгөхийн тулд “урьд өмнө үзэж туулсны хажууд энэ бүхэн юу ч биш, харин ч жаргаж байгаа хэрэг” болохыг нотлох хэрэгцээ гарна.

Ингээд хувьсгалт хүчирхийллийн зовлон зүдгүүрийг харин ч жаргал болгон харуулахын тулд өмнөх бүх түүхийг Дантегийн ч санаанд ороогүй “там”[i], “Чойжид дагинын тууж”[ii] -ын нэргүй зохиогчийн фантаазанд багтаагүй эрүү, шүүлтээр баяжуулан бүтээж эхэлсэн байдаг.

Энэ бүхнийг ХХ зууны монголын нэрт эрдэмтэн Ц.Дамдинсүрэн “ БНМАУ-ын түүхийг уншихад, Монголын эдийн засаг, соёл мянган жилийн турш унасаар эвдэрч сүйдсээр байжээ. Гэвч хэзээ дэвшилт, сэргэлт байсныг заасангүй...XIII зуунд унасан, XIV, XV зуунд унасан, XVIII зуунд унасан, XX зууны эхээр эхээр бас л унасан гэсэн ганцхан дүгнэдтийг хийж болохоор”[iii] хэмээн ёжилсон бөлгөө.

Ингэж ХХ зууны монголын шинэ түүх нь оролцогчдийн сэтгэгдлээр бичигдсэн хувьсгалт дурсамж болсон бол өмнөх үеийн түүх нь тэрхүү хувьсгалт “тэнгэрлэг комеди”-ыг тодруулах фооно, золиос болон харлав.

Монголчууд хүний түүхийн анхны универсаль түүх бичлэгийг Рашид Аддин, Жувейни нараар бичүүлсэн гавъяаг орхиод өөрснөө “Нууц товчоо”-той байсныг гэрчлэн магтая гэхэд тэрийгээ хэд нь мэддэг байсныг бурхан л хэлэх байх даа. Цөөн хэдэн сэхээтэн түшмэд нь улс орныхоо түүхийг мэддэг, бас бичдэг байсан байх. 

Харин үлдсэн хэсэг нь зууны тэртээд нас барсан Амарсанаа баатрыг “одоо болтол амьд мэнд орост байгаа. Нэг өдөр эргэж ирж биднийгээ чөлөөлөх юм гэнэ” гэж итгэсэн, “Хүүхэн хутагт үсээ хяргахаар тэр тоогоор нь дайсны цэрэг үхдэг” хэмээн найддаг нүүдэлчин ардууд[iv] байсан нь харагддаг.

Ийм хүмүүст шинээр түүх зохиож өгөх амархан.

Ингээд хувьсгалын “Тэнгэрлэг комеди”-ийн оршил болох учиртай “хар туульс” зохиогдож эхлэв. Тэрхүү хар туульст баатар хэрэгтэй байлаа.Ялангуяа “Хувьсгалт уран сайхан” хэмээгдэх пролетарийн үзвэр энэ түүхийн эхлэл болсон бололтой байдаг. Хүрээ хороогоор дэлгэрч байсан хуучны хятадын ший янгуу,өрнөдийн гудамжны театр, хэрмэл жүжигчдийн бүтээлийн холион бантан болсон хувьсгалт урлаг нь хуучны балар ёс, ноёд түшмэдийн харгис явдал гэдгийг шоолно. 


Уран сайхан, гоо зүйн талаас авах юмгүй. Ард түмний хөрөнгийг идчихээд түүгээрээ “хүндэрч” байгаа феодалыг харуулахыг тулд тайзан дээр дүлэн янцаглаж, лам ноёдын урин тачаангуйг нотлохын төлөө эр эмийн явдлыг тайзнаа ёсчлох нь[v] энүүхэнд. 

Гэхдээ энд хувьсгалт, зохиомол түүхийн үр хөврөл бүрэлдэж байв. Энэ хөврөл хоёр салаалан хөгжсөн бөгөөд нэг хэсэг нь нүүдэлчний соцреалист утга зохиол болон хувирчээ. Нөгөө үзүүр нь “БНМАУ-ын түүх”-ийн уг сурвалж болон нахиалжээ. Ер нь бол, иргэншсэн ертөнцөд түүх нь утга зохиолын санаа сюжет болдог, харин нүүдэлчдийн тал нутаг уран зохиол нь хөгжсөөр түүх болдог ажгуу.

Чухам энэ гудамжны пролетарийн урлагийн хэсэг болон зохиогдсон дуу шүлэг нь хожмын хар туульсийн санаа болсон гэлтэй. “Урвагч Бадамдорж шанзав тусгаар тогтнолоо худалдахыг нүдээр харсан хүн үгийг нь зохиогоод, бушуухан гэртээ харьж ноотолсон нь энэ” гэх байдлаар бидний ойлгож ирсэн нэгэн дуу энд багтана. 

Уут уут мөнгөөр
Улсаа худалдсан сайдууд гуай
Дэнс дэнс мөнгөөр
Дэлхийгээ худалдсан сайдууд гуай
... хэмээн тэр дуунд өгүүлнэ. 

Магадгүй энэ дууг зохиосон хүн, үгүйдээ л зохиож байсныг нь харсан хүний яриа гэх маягийн зүйлс,тэр нь ташаагүй үнэн болохыг нотолсон “хөдлөшгүй болон хөдөлгөхийг хориглосон баримт”-уудыг хувьсгалт түүхээс харж болно л доо. Гэхдээ хувьсгалчдын сэтгэгдлээр зохиогдсон хувьсгалт түүхийг логикоор нь хөөж баримжаална уу гэхээс биш нотолгоо, дүгнэлтүүд нь шууд итгэх осолтой.

Ингээд харахаар дээрх дууны хувьд хэдэн давхар эргэлзээ төрдөг. Юуны өмнө шарын шашны гүн бөгөөд мухар сүсэгт автагдсан, хутагт гэгээдийнхээ шээсийг рашаан хэмээн хүртдэг нүүдэлчдэд оройн дээд Богдынхоо шадар хүнийг муучлах зориг хүрэх үү, үгүй юү? 

Г.Бадамдорж бол Богдын шавь нарыг захирагч төдийгүй, олон улсын утгаараа автономит боловч өөрсдийнх нь ойлгодогоор тусгаар улсынх нь тэргүүн сайд хүн. Тэрээр Жавзандамба хутагтыг ч, монголын засаглалыг ч адилхан төлөөлнө.Энэ өнцгөөс харвал Оройн дээд Очирдарь Богдынхоо шадрыг шоолсон дуу зохиох, тэрийг нь дуулах зэргээр “бурхнаа бургасаар гуядав” гэхэд үнэмшил багатай.

Нөгөө талаас, “Улсаа худалдах”, “дэлхийгээ худалдах” гэх мэтийн хувьсгалч хэллэгүүд нь 1921 оны ардын хувьсгалын дараагаар орж ирсэн марксист, ленинист үзэл сурталтай холбоотой байдлаар харагдана. Өнөөг хүртэл манай жагсаал цуглааны гол мессежийн нэг болсон эдгээр хэллэгийг Жавзандамба хутагтын гүн сүжигт шавь нар хэлж ярьж явсан гэхэд эргэлзээтэй. Яг л Чингис хаан нанотехнологийн тухай ингэж хэлсэн гэдэг шиг сонсогдоод байгаа биз?

Ямар ч байсан хувьсгалын эхэн үеийн пролетари урлагийн (бүүр албан ёсны нэр нь шүү) элементүүд хувьсгалд зориулсан хар түүхийн бэлдэц болж чаджээ. Дуунд гарсан ёсоор “хар баатар улсаа худалдсан байх учиртай нь тодорхой болов.

Хоёр. Баатар үхлээ, баатар мандтугай...

Гэхдээ хар баатарын эрэл түр зуур хүлээгдэж байлаа. Учир нь хувьсгалт түүхийн цагаан баатар хараахан төрж амжаагүй байсан юм. 1923 оны өвөл монголын тусгаар тогтнолын баатруудын нэг Д.Сүхбаатар нас барлаа. Тэрээр Богд хаант монгол улсын цэрэг, өрнө зүгийн цэргийн боловсол эзэмшсэн анхны офицер байжээ. 

Түүний үхэл нь нэн эргэлзээтэй бөгөөд зориудаар хорлосон байх магадлалтай гэж судлаачид хэлдэг. Д.Сүхбаатарын цаг бусын үхэл ньмонголын ард түмэнд өөрийн Ленин бүтээж өгөх коминтерний төлөвлөгөөний нэг хэсэг ч байж магадгүй гэх таамаг нэлээн ортойд тооцогддог. Оросын коммунизмын библи нь “Хувьсгалын эцэг В.И.Ленин их үйлсийг эхлүүлээд дуусгаж амжаагүй бөгөөд үлдсэн ажлаа өөрийн залгамжлагч, улсын эцэг И.В.Сталинд гэрээсэлсэн” хэмээн бичигдсэн. Түүний дүү коммунизм болох монголын Ардын хувьсгалын евангели “Хувьсгалын эцэг Д.Сүхбаатар их үйлсээ эхлүүлээд дуусгаж амжаагүй бөгөөд үлдсэн ажлаа өөрийн залгамжлагч хайрт эцэг Х.Чойбалсанд гэрээсэлсэн” байдлаар зохиогдсон нь нэгийг өгүүлэх биз ээ. Эцэгтэй хүүхдүүд элэг бүтэн амьдрал мөрөөддөг бол “хайрт эцэг”-тэй хүмүүс өнчрөхийг хүсдэг гэсэн үг эндээс гарчээ.

Ийнхүү хувьсгалт түүхийн цагаан баатраар Д.Сүхбаатартодров. Эцэг Дамдин нь “цагаан дээлт” хэмээх хочтойбайсан нь хүүгийнхээ ирээдүй хойчийг бошоглох мэт.

Харамсалтай нь Д.Сүхбаатар нь жинхэнэ утгаараа хувьсгалт түүхийн хамгийн том хэлмэгдэгчийн нэг бөгөөд зарим талаараа хар баатар Бадамдоржоос ч гашуун тавилан ногдсон гэж болно. Тэрээр ядаж л хүний ёсоор оршуулагдаагүй бөгөөд нэрийг нь сийлсэн авсанд хэний шарил орсон нь нэн эргэлзээтэй.

Хараах гүтгэгдэж хэлмэгдсэн хүмүүсийн нэрнээс түүний нэрэнд наасан гүжир булайг хуулахад л хангалттай. Харин “ цагаан гүжир”-т унасан баатрын үнэн намтрыг сэргээхийн тулд түүнд наасан хуурамч магтаалыг хуулах хэрэг гарна. Энэ хуулгыг авах нь баатрыг үнэнээр шүтэн дээдлэгчдэд ч хэцүү, түүний нэр төрийн далбаан доор амь зогоогчдод ч гашуун.

Д.Сүхбаатарыг магтан мандуулах гэсэндээхоолоо голж цэргийн хуарандаа самуун дэгдээгч,Монголын их гүрнээс улбаатай улсынхолбооны чухал алба хашин улаа нэхэж явахдаа төрийн түшмэлийг явгалан хаяж үүргээ хөсөрдүүлэн танхайрагч байдлаар хувьсгалт түүхэн урлагт дүрсэлж ирсэн. Энэ нь Богд хаант монгол улсын үнэнч цэрэг, өрнөдийн боловсролтой журамт офицер, хар багаасаа төрд зүтгэсэн баатрыг наанадаж л доромжилсон хэрэг юм. Яаж ч бодсон тэрээр шашин шүтээнээ дээдэлдэг, сэргээн мандуулахыг зорьсон монголтөрийнхээ ёс журмыг эрхэмлэдэг, ахас ихэсээ хүндэлдэг журамт нэгэн байсан нь эргэлзээгүй. Ийм ч учраас учир битүүлгээр нас барахынхаа өмнө, ард олныг дээрэмдэн Богд гэгээний сэтгэлийг тавгүйтүүлсэн учраас даруйхан монголоос гарч явахыг улаан цэргүүдээс шаардаж байсан[vi] буйзаа. Энэ нь түүний үхлийн болсон байх магадтай гэж зарим судлаач үздэг.

Ийнхүү монголын тусгаар тогтнолын нэгэн баатар Сүхбаатар үхэж, оронд нь үзэл суртлаар бүтээгдсэн шинэ “цагаан” баатар төрлөө.

Одоо түүнтэй зэрэгцэхүйц хар баатар төрөх цаг яг мөн. Д.Сүхбаатар монголын тусгаар тогтнолыгжинхнээс нь сэргээсэн бол түүний эсрэг дүртусгаар тогтнолыг нураагч байх ёстой. Энэ сонголт Г.Бадамдорж дээр буулаа.

Тэрээр “тусгаар тогтносонмонгол улсын засгийн газрыг тэргүүлж байгаад тэр албан тушаалаа хятадуудад үнэ хүргэн зарсан ба уг наймааг дагаад монгол улсын тусгаар унасан” байдлаар хувьсгалт түүхнээ орсон юм. 

Үнэн хэрэгтээ Богд хаанттусгаар монгол улсын сүүлчийг мушгисан ерөнхий сайд бол Т.Намнансүрэн байсан юм. Гурван улсын гэрээгээр тусгаар монголын богинохон түүх дуусч Хятадын Автономи болсны дараа Г.Бадамдорж ерөнхий сайд болсон. 1919 онд Дундад иргэн улсын харъяанд байсан Г.Бадамдорж ерөнхий сайдтай Автономит монгол түр татан буугдсан. Ийм явдлууд өрнөж.

Яг үүнтэй төсөөтэй нэгэн автономи төрөөд, мөхсөн нь Зөвлөлтийн Буриад-монголын автономит улс юм. 1923 онд байгуулагдаад 1930 онд татан буугдаж “Дорнод сибирийн хязгаар”-т нэгдэхэд хэн ч гайхсангүй. 

Монголчуудад тусгаар тогтнолоосоо татгалзах санаа хэзээ ч байсангүй. 1915 онд Орос-хятад хоёр тохирсон учраас хүчгүйдэн Хятадын автономи болсон. 1911 онд Бээжингээс тусгаарлаж чадсан ч эргээд Бээжиндаа хамаарсан гэсэн үг.

1919 онд ч сайн дураараа автономиосоо татгалзаагүй. Сю Шүжаны цэргүүд хүрээг эзлээд энэ бүхнийг хүчээр хийлгэж, цэрэг жагсаан дарамталсаар автномио устгах бичигт гарын үсэг зуруулжээ. Харин хувьсгалт түүхнээ “Богд гэгээн, ерөнхий сайд Бадамдорж зэрэг дээд тушаалын феодалууд өөрсдийн хувийн хомхой ашиг сонирхлын үүднээс уг гэрээний төслийн зүйл ангийг зөвшөөрч”[vii] болгон дүрсэлжээ.

Тусгаар тогтнолоо зарласан нэгжижиг улсыг хөрш хоёр том гүрэн зөвшилцөөд нэгнийхээ доторбүтцэд оруулах,түүнчлэн нэгэн том гүрэн өөрийн дотоод бүтцэд байсан автономийг татан буулгах зэрэг нь ихээхэн тусдаа асуудал боловч “хар тууль” зохиогчид түүнийг эс хэрэгсэв.

Хамгийн гол нь Г.Бадамдорж шарын шашны төлөөлөл байсан нь хар талын баатраар сонгох өөр нэг шалтгаан байсан бололтой. Коммунистууд хуучин түүхийг арчихаас гадна, үндэсний оюун санааг шашнаас цэвэрлэх зорилготой. Монголын тусгаар тогтнолыг эсэргүүцэгч хар баатар нь шашны төлөөлөл байх нигууртай. Ийнхүү шар дээлтэй хар баатрын сонголт хийгдлээ...


Үргэлжлэл бий.



[i] Данте Алигери.(1265-1321) Италийн яруу найрагч, сэргэн мандлын үеийн төлөөлөгч. “Тэнгэрлэг комеди” хэмээх алдарт туулийн зохиогч

[ii] Чойжид дагинын тууж. Шарын шашны утга зохиол. Тамын орны тухай өгүүлдэг.

[iii] Ц.Дамдинсүрэн. БНМАУ-ын түүх нэгэн боть.(1955 анх гарсан) зохиолын шинэ хубилбарт өгсөн сануулга. Б.Цэнддоо. Иргэншлийн замд. НЭПКО.2015. тал 194.

[iv] А.В.Бурдуков. Хуучин ба шинэ монгол. УБ.1987, тал 29.УБ.1988.

[v] Д.Намдаг.Шинэ монголын шинэ театр. УБ.1988.

[vi] Баабар.Нүүдэл, суудал. НЭПКО.2013. тал 373.

[vii] БНМАУ-ын түүх.III боть.Улаанбаатар.1969. тал 63.