Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд заасан “Худал мэдээлэл тараах” гэмт хэргийг УИХ-аас 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлтээр оруулжээ. “Худал мэдээлэл тараах” гэмт хэрэг, уг гэмт хэргийн үндсэн ухагдахуун болох “Илт худал мэдээлэл” гэх ойлголтыг шинжлэн судлах ажлын хүрээнд Засгийн газраас 2019 онд Эрүүгийн хуульд уг зүйлийг нэмэлтээр оруулахаар өргөн мэдүүлсэн хуулийн төслийн танилцуулга, үзэл баримтлал, хэлэлцүүлгийн тэмдэглэл, хуулийн төсөлтэй танилцаж, хууль санаачлагч, тогтоогчийн анхны хүсэл зориг, байр суурийг шинжлэн судлан авч үзлээ.

Засгийн газраас хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах  зорилгоор Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Эрүүгийн багц хуулийн төслийг 2019 онд УИХ-д өргөн мэдүүлсэн байна. 

Уг төслийн танилцуулга, үзэл баримтлалд:

Монгол Улсын Их Хурлын 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 34 дүгээр тогтоолын Нэгдүгээр зүйлийн          2 дахь хэсэгт “Зөрчлийн тухай хууль (шинэчилсэн найруулга), Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг баталсантай холбогдуулан хууль хоорондын давхардал, зөрчлийг арилгах үүднээс холбогдох хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуульд заасан журмын дагуу боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх” арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгаснаас гадна Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.1-д “Тогтвортой, хариуцлагатай улс төрийн соёлыг төлөвшүүлж, хүчтэй, чадамжтай, хууль дээдэлсэн төрт ёсыг бэхжүүлэх зарчмыг баримтална.” гэж, 5.3-т “Хууль заавал хэрэгждэг, хүн бүрд эрх тэгш, алагчлалгүй, шударга үйлчилдэг, итгэл хүлээсэн хүний эрхийн мэдрэмжтэй, шударга ёсны засаглалыг бэхжүүлэх зарчмыг баримтална.” гэж, 5.1.3-т “Төрийн бодлогын залгамж чанарыг хадгалах хүрээнд салбар бүрд батлагдан хэрэгжиж буй бодлогын уялдаа холбоог хангаж, боловсронгуй болгон үргэлжлүүлнэ.” гэж, 5.2.11-д “Хууль, эрх зүйн актуудын давхардал, зөрчилтэй заалтуудыг илрүүлэх, арилгах,...” гэж, 5.4.1-д “Хуулийн байгууллагуудын үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгож, иргэдэд чирэгдэлгүй, ялгаваргүй, тэгш, шударгаар үйлчлэх эрх зүйн орчныг цогцоор нь бүрдүүлнэ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүний хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, шударгаар шүүлгэх эрхийг хангах асуудлыг олон улсын хэм хэмжээнд нийцүүлэн тусгасан. Өнгөрсөн хугацаанд энэхүү хуулийг хэрэгжүүлж ажиллах явцад холбогдох байгууллагууд болон иргэдээс гаргасан санал, хүсэлтээс үзэхэд тус хуульд заасан зарим асуудлыг тодруулах, нарийвчлах хэрэгцээ байна. Нөгөө талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг Улсын Их Хурлаар батлах явцад эхний хэлэлцүүлгээр дэмжигдэж, хуулийн төсөлд тусгагдсан санал, эцсийн хэлэлцүүлгээр дэмжигдэхгүй батлагдсаны улмаас хуульд үүссэн хийдэл, давхардлыг арилгах, мөн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд өөрчлөгдөн тусгагдсан заалтад нийцүүлэх шаардлага байна.

Иймд дээр дурдсан хууль зүйн болон практик шаардлагуудыг үндэслэн хууль өөрөө цаг үе, нийгмийн хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн, аливаа зөрчил, давхардал, хийдэлгүй байх нийтлэг зарчимд тулгуурлан Эрүүгийн болон Зөрчлийн тухай хууль тогтоомжийг нэг мөр ойлгох, хууль ёсны зарчимд илүү нийцүүлэх, практикт хэрэгжихүйц байх нөхцөл бололцоог бүрдүүлэх зорилгоор Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон дагаж гарах бусад хуулийн төслийг боловсруулж, дараах нэмэлт, өөрчлөлтийг оруулахаар тусгалаа.

Зарим төрлийн гэмт хэрэг, тухайлбал, биеэ үнэлэхийг зохион байгуулах, бэлгийн дарамт учруулах, гүтгэх, мөрийтэй тоглоом зохион байгуулахыг шинээр гэмт хэрэгт тооцож, зарим гэмт хэргийн шинжийг ерөнхий ангид заасан нэр томьёотой нийцүүлсэн байна.

Хууль тогтоомжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт заасны дагуу дээр дурдсан хуулиудын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэд хэдэн хуульд нэгэн зэрэг өөрчлөлт оруулах бөгөөд мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт заасны дагуу хуульд шинээр зүйл, хэсэг, заалт оруулах, өөрчлөх, хүчингүй болсонд тооцох зэргээр нэмэлт, өөрчлөлт орж байгаа тул хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэлбэрээр боловсруулна.

Хуулийн төсөлд дээр дурдсан практик хэрэгцээ шаардлагад үндэслэн зохицуулах харилцаа, хамрах хүрээг дараах байдлаар тусгана. Үүнд:

Эрүүгийн хуульд:

1. Гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа тоолох зохицуулалтыг зөрчлийн хугацаа тоолох зохицуулалттай уялдуулах, улмаар зарим гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолох зохицуулалтыг боловсронгуй болгох;

2. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх зохицуулалтыг хууль ёс, тэгш эрхийн зарчимд нийцүүлэх;

3. Зарим төрлийн гэмт хэрэг, тухайлбал, биеэ үнэлэхийг зохион байгуулах, бэлгийн дарамт учруулах, гүтгэх, мөрийтэй тоглоом зохион байгуулах зэрэг гэмт хэргийг тусгах, зарим гэмт хэргийн шинжийг ерөнхий ангид заасан нэр томьёотой нийцүүлэх гэж тусгасан байна.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “Гүтгэх” гэмт хэргийг дор дурдсан байдлаар тодорхойлж өргөн мэдүүлсэн байна. Үүнд:

13.14 дүгээр зүйл. Гүтгэх                     

1. Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдаж илт худал мэдээллийг нийтийн сүлжээгээр тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

2. Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдаж илт худал мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

Тайлбар:-Энэ гэмт хэргийн хохирогчид төрийн байгууллага хамаарахгүй.Үзэл бодлоо илэрхийлэхдээ улс төрд нөлөө бүхий этгээдийг гэмт  хэрэгт хардсан, сэрдсэн бол энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцохгүй.

Харин УИХ-ын нэгдсэн хуралдааны хэлэлцүүлгээр ажлын хэсгээс гаргасан саналаар дараахь байдлаар өөрчилж баталсан байна. 

13.14 дүгээр зүйл. Худал мэдээлэл тараах

1.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.   

Анх өргөн мэдүүлсэн төслийн “Гүтгэх” гэснийг “Худал мэдээлэл тараах” гэж өөрчлөн, “хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдаж илт худал мэдээллийг” нийтийн сүлжээгээр тараах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараах гэж ялгамжтай авч үзсэн байсныг нэгтгэн уг гэмт хэргийг “олон нийтэд тараасан бол” хэмээн обьектив талын шинжээр нь тодорхойлж, субьектив талын шинжийг “бүрхэгдүүлсэн” (уг гэмт хэргийн обьектив, субьектив шинжийг тэнцвэргүй тодорхойлсон), худал мэдээлэл нь “гутаасан, гутаах” агуулга, шинжтэй байх эсэхийг бүрэн тодорхойлоогүй, “халдсан” гэсэн хэт ерөнхий нэр томьёог хэрэглэсэн явдал нь хууль бүтээх ажиллагааны алдаа болж, хууль хэрэглээ, шүүхийн практикт сөрөг үр дагавар үүсгэж буй гол шалтгаан болсон гэж үзэх үндэстэй юм. Хууль тогтоогч шаардлагатай хууль зүйн техникийн агуулгыг бүрэн бүрдүүлэх шаардлага, дүрмийг зөрчиж, эрх зүйн хийдэл гаргажээ. Хууль бүтээх ажиллагааны алдаа гэдгийг “В.М.Баранов нь хууль бүтээх ажиллагааны нийгэм ба хууль зүйн тааламжгүй үр дүнг үүсгэсэн алдааг хууль тогтоох байгууллагын шударга төөрөгдлийн улмаас хийсэн буруу үйлдэл гэж тодорхойлсон. А.Б.Лисюткин хууль тогтоох ажиллагааны алдааны тухай ойлголтыг арай өргөнөөр тайлбарласан. Тэрээр хууль тогтоох ажиллагааны алдаа гэдэг нь эрх зүйн хэм хэмжээ бүтээх субъектын  урьдчилан төлөвлөсөн буюу урьдчилан төлөвлөөгүй үйлдлээр нөхцөлдсөн өндөр чанартай эрх зүйн акт батлах, үр нөлөөтэй ажилд саад тотгор болсон сөрөг үр дагавар юм” гэжээ.

Мөн уг зүйлийн тайлбар болох “Энэ гэмт хэргийн хохирогчид төрийн байгууллага хамаарахгүй. Үзэл бодлоо илэрхийлэхдээ улс төрд нөлөө бүхий этгээдийг гэмт хэрэгт хардсан, сэрдсэн бол энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцохгүй.” гэснийг хассан байна. Уг тайлбарыг хэлэлцүүлгийн явцад хассан явдал нь мөн хууль зүйн техникийг бүрэн бүрдүүлэх шаардлагыг алдагдуулан, хуулийн төсөлд тусгагдсан “томьёолол” нь хэлэлцүүлгийн явцад дэмжигдэхгүй хасагдаж батлагдсаны улмаас эрх зүйн хийдэл, давхардал үүсгэж, үг хэлэх эрх, мэдээллийн эрх чөлөөний эрх зүйн байдлыг дордуулах үндэс болжээ.

Тоо баримтын хувьд авч үзвэл, 2020 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлд заасан “Худал мэдээлэл тараах” 251 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулснаас 121 хэргийг хааж, 8 хэргийг нэгтгэж, 17 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, 105 хэргийн үлдэгдэлтэй байжээ. 2021 оны эхний 4 сарын байдлаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлд заасан “Худал мэдээлэл тараах” өмнөх оны үлдэгдэл 105, шинээр нээсэн 119, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 6, нийт 230 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулснаас 89-ийг хааж, 4 хэргийг нэгтгэж, 1 хэргийг хэрэгсэхгүй болгож, 8 хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байдаг. Харин 2020 онд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд заасан Худал мэдээлэл тараах 10 гэмт хэрэг хянан шийдвэрлэгдсэн байна. 

Цахим гэмт хэрэгтэй тэмцэх тухай хууль, эрүүгийн хуулиудад цахим үгийн төрлийг, тухайлбал, хуурамч мэдээллийг эрүүгийн гэмт хэрэгт тооцсон нь түгээмэл боловч ингэхдээ мөн л хэтэрхий өргөн, бүрхэг ойлгомжгүй хэллэг ашигласан байдаг. Тэдгээр хууль тогтоомж, заалтууд нь Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пактын 19 дүгээр зүйлд үл нийцэх тул үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлаж байгааг хүлээн зөвшөөршгүй. “Зохиомол мэдээллийн эсрэг" хуулиуд нь хуурамч мэдээлэлтэй тэмцэхэд сайн боловсруулагдаагүй болох нь батлагдсан хэдий ч хууль зүйн шинэчлэл нь зайлшгүй хийгдвэл зохих шийдэл мөн. Нийгмийн мэдээллийн сүлжээ болон бусад интернэтийн компаниуд өмнө нь олон нийтийн тусын тулд үйл ажиллагаа явуулж байгаагүй бөгөөд одоо ч явуулахгүй нь тодорхой байх тул эрх зүйн зохицуулалт шаардлагатай. Шийдвэрлэх гол асуудал бол үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй холбоотой олон улсын стандартад бүрэн нийцсэн хуулийн шийдлүүдийг томьёолоход оршиж байна. Хуурамч, алдаатай, буруу сэдэлтэй мэдээллийн тархалтыг хязгаарлахад төрийн зохицуулалт хэрэгтэй. Гэхдээ төр нь үнэнийг дэнслэгч байх ёсгүй бөгөөд иргэд үнэн, худал мэдээллийн аль алинд нэвтрэх боломжтой, дараа нь тухайн мэдээллийн үнэн зөвийг үнэлэх бололцоо бүрдсэн байх ёстой. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд зохицуулалт нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх эрх чөлөө, хувийн нууцын талаарх олон улсын хэм хэмжээнд нийцсэн байх хэрэгтэй талаар хүний эрхийн байгууллагууд зөвлөж байдаг.

Дүгнэлт хийж авч үзвэл, хууль тогтоогч нь өмнө Эрүүгийн хуульд байсан “гүтгэх” гэмт хэргийн ойлголтоос өргөн хүрээг хамрах “Худал мэдээлэл тараах” гэсэн обьектив талын шинжээр тодорхойлсон, шинэ хэв шинж бүхий гэмт хэргийг Эрүүгийн хуульд шинээр тусгажээ. Харин эрүүгийн хариуцлагын хувьд хорихоос өөр төрлийн ял шийтгэхээр тогтоосон нь өмнөх Эрүүгийн хуулиудаас онцлогтой болсон байна. 

Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд заасан Худал мэдээлэл тараах гэмт хэрэгт хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан худал мэдээллийн хэлбэрүүд болох 1.Хуурамч мэдээлэл (Disinformation), 2.Алдаатай мэдээлэл (Misinformation), 3.Буруу сэдэлтэй мэдээлэл (Mal-information) тараасан үйлдлийг хамруулан хуулийг хэрэглэх боломжтой байна. Учир нь бусдыг гутаах зорилгоор тараасан байх шаардлага хуулиар тавигдаагүй тул ямар нэг байдлаар тараасан буюу нэр төрд халдсан бол “Худал мэдээлэл тараах” гэмт хэрэгт шалгагдах, хариуцлагад татагдах эрсдэлтэй байна. Илт худал мэдээллийг тараасан бол хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилго шаардахгүй бөгөөд тараасан буюу халдсан бол гэмт хэрэгт тооцогдох боломжтой гэсэн үг. Хуульд заасан халдсан байх гэсэн энэ ойлголт бол өргөн хүрээг хамрах бөгөөд үүнд хүний нэр нь эерэг, сөрөг ямар ч байдлаар нь нийтлэлд гарах, дурдагдах явдал гарч болно. Тухайн мэдээлэл нь илт худал боловч хүний нэр төрийг гутаасан агуулга байхгүй байсан ч, мөн мэдээллийг гутаах санаа зорилго агуулахгүйгээр тараасан, дамжуулсан байсан ч “нэр төрд халдсан” гэж худал мэдээлэл тараасан гэмт хэрэгт тооцогдохоор томьёолжээ.

Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд заасан “Худал мэдээлэл тараах” гэмт хэргийн талаар зохицуулсан агуулга нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх үндсэн эрхийг хөндөж байна. Энэ нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ  эдлэх иргэдийн хүсэл сонирхолд дарамт үүсгэж байгаа болно.

Доромжлох, гүтгэх гэмт хэргийг Эрүүгийн хуулиас халахыг НҮБ-ын Хүний эрхийн хорооны Ерөнхий тайлбарт зөвлөсөн. Түүнчлэн НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс 2015 онд Хүний эрхийн төлөв байдлын ээлжит хэлэлцүүлэг явуулах үед найман улс “нэр төр гутаахтай холбоотой заалтыг Эрүүгийн хуулиас халах”-ыг Монгол Улсад зөвлөсөн байгааг анхаарах шаардлагатай юм.

Доктор О.Мөнхсайхан: Эрүүгийн хуулиар эсхүл Зөрчлийн тухай хуулиар доромжлол, гүтгэлгийг гэмт хэрэгт тооцож шийтгэх зохицуулалт нь үндсэн эрхийг хязгаарлахад тавигдах дээрх зургаан гол нөхцөлийн нэг болох тохирсон (зайлшгүй) байх зарчмыг зөрчдөг учраас үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг зөрчдөг гэж байр сууриа илэрхийлжээ. Мөн Жон Стюарт Милль: үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нухчин дарахын онцгой хор уршиг гэдэг хүн төрөлхтнийг тэр чигээр нь дээрэмдэхтэй адил юм. Өөрөөр хэлбэл, төөрөгдлийнхөө учрыг олох явцад үнэн зөвийг илүү тодорхой олж харах, мэдрэх боломжийг нь алдагдуулдаг байна гэж хэлсэн.