Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багтана уу
Засаг тэргүүлж байгаа хүнд мэдлэг, боловсрол, туршлага, ачаалал даах чадвар гэдэг зүйл маш чухал. Тийм юмгүй бол хүний үгээр яваад, тоглоом тохуу болоод дуусна. Ядаж тэрбумын дотор тоо бүрэн уншиж чаддаггүй хүнийг Ерөнхий сайдаар тавиад юунд хүрснээ бод доо, МАН-ынхан минь
Өнгөрөгч долоо хоногийн улс төрийн гол дуулиан эрх баригч МАН-ын Удирдах зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан байлаа. УИХ дахь намын бүлэгт үүсээд байгаа хагарлыг даван туулах, эвлэрүүлэхэд зориулж ажлын хэсэг гаргасныг Ч.Хүрэлбаатар ахлахаар болжээ. Ч.Хүрэлбаатар гэдэг нөхөр гараад ирсэн чинь "мөнгийг мөнгөөр дарна" гэдэг шиг л сонсогдож байна.
Удирдах зөвлөлийн хурлаас хамгийн их ууртай гарч ирсэн хүн нь Ерөнхий сайд Г.Занданшатар. Орой нь Шадар сайд С.Амарсайханд албан тушаалаас нь чөлөөлөх мэдэгдлээ хүргүүлээд, өглөө нь Засгийн газрын хуралдаан дээр чөлөөлж байгаа зарлаад явчихсан. Засгийн газрынхаа эсрэг ажилласан, хулгайч нартай хуйвалдаж, танхимын бодлогоо эсэргүүцсэн гэсэн байх.
Зарим нь ч "хөөгдөөд гарч байгаа бичлэгийг нь цацахдаа яахав дээ, арай муухай шоу юмаа" гэлцээд байх шиг байна лээ. Ер нь хэлэхэд төрийн ажлыг авч болдог, өгч болдог гэдгийг мэдэхийн дээдээр мэдэх хүний нэг, хэдэн ч Засгийн газар дамжиж ажиллав. Ажил авахдаа инээж ороод, өгөх дээрээ урвалздаг, араар нуугддаг байж болохгүй л дээ.
Ерөнхийдөө бол Г.Заншатар Ерөнхий сайд "хулгайч нартай эвлэрэхгүй" гэдэг дээрээ бол "цэгцэрсэн" юм байна гэж харагдлаа. Харин түүнийхээ үр дүнд юу амсах, юунд тулаад зогсох вэ гэдгийг урьдчилан таамаглах боломжгүй юм. Энэ сарын сүүлчээр болох намын Их хурлаараа "дүнгээ тавиулах" байх. Харин тэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын хэлсэн "зөвхөн нүүрстэй холбоотой 106 эрүүгийн хэрэг нээгдээд явж байгаа" гэдэг бол аймаар тоо шүү. Товчхондоо сайдын суудал шагнал биш байжээ гэсэн үг.
Хоёрдугаарт, Ардын нам, Д.Амарбаясгалан дарга гуравхан сарын өмнө Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилчихоод 3 сарын дараа 100 хоног дээр нь "Мань чинь намаа авлаа" гэдэг бол арай л эрээ цээрээгүй юм болсон. Ямар үүрэг гүйцэтгэгчтэй ярьж байгаа биш дээ. АТГ, цагдаа дээр нээгдээд байсан хэргүүдээс болсон байх магадлалтай. Тэгээд дээр нь “найман жилд гурван удаагийн сонгуульд намаа ялуулсан” гэдэг омогшилтой орно гэдэг бол Г.Занданшатарыг “Ах аа, арагшаа суучих аа” л гэсэн үг. Хамгийн харамсалтай нь МАН-ын засагласан найм, есөн жилд ард түмний амьдрал яаж унасан бэ? Аж ахуйн нэгжүүдээс хэд нь хаалга барьсан бэ? гэдэг асуулт.
Ажилтай, орлоготой яваа нь дандаа нам дагасан нөхөд, ах дүү, хамаатан садангууд. Тэгэхээр энэ бол бахархал дагуулах ялалт биш юм. Ц.Чулуунзагдаар дамжуулаад төрсөн ах дээр нь очоод “Админерал” гэдэг компанийн байгуулаад, тэгээд тендерийнхээ нөхцлийг өөрчилж байгаад шалгаруулна гэдэг бол зөвхөн манайхны толгойд л ордог “мэргэн” ухаан байх. Тэгсэн чинь нөгөө Ц.Ламжав нь “Амарбаясгалан гэдэг хүнийг ерөөсөө танихгүй, уулзаж байгаагүй” ч гэх шиг. Тийм юм байдаггүй юмаа л гэе дээ. Гавь-Алтайн төвд дээд, доод ангид сурсан хоёр бие биенийгээ танихгүй, бараагаа харалцаагүй байж яг харагдаарай. Тэгээд бүр өчнөөн жил дагуулж явсан, хамт ажилладаг нөхрийнх төрсөн ах шүү. Энэ бол логик.
Ер нь бол улс төрийн хүрээнд "Д.Амарбаясгалан нь Ч.Хүрэлбаатарынхаа мөнгийг угаадаг юм гэнэ лээ" л гэсэн яриа явдаг шүү дээ. Энэ хоёр хүн нэг тал болчихсон нөгөө талаа “тэврэхээр” ярилцаж байна л даа. Ардын намынхан арай солиорчихоогүй байлтай.
Хоёрт гэвэл Г.Занданшатарын хувьд МАН-ын 70-аад оныхноос нэр цэвэр үлдсэн цөөхөн хүний нэг. Улс төрийн болон төрийн албаны туршлага, боловсролтой. Дөрвөн удаа УИХ-д сонгогдож, Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд, Гадаад харилцааны сайд, ЗГХЭГ-ын дарга, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, 2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, ардчилал, хуулийн засаглалын хүрээлэнд судлаачаар ажилласан. Энэ хугацаандаа Монгол зэрэг хөгжиж буй орнуудын ардчилсан хөгжлийн загварыг хөгжингүй орнуудын ардчилалтай харьцуулан судалж, зөвлөлдөх ардчиллын онолыг Монголд нэвтрүүлэх чиглэлээр нэлээд идэвхтэй ажилласан.
Орчин цагийн ардчиллын судалгааны тэргүүлэх эрдэмтдийн нэг Ларри Даймонд, Стэнфордын их сургуулийн Зөвлөлдөх ардчиллын хүрээлэнгийн захирал Жэймс Фишкин, тус сургуулийн профессор Карл Айкенбэри нарын нэр хүндтэй эрдэмтдийг Монголд урьж лекц уншуулахын сацуу ном бүтээлийг нь монгол хэлээр орчуулан хэвлүүлсэн гэх мэтчилэн. Англи хэлнээс судалгааны ном хөрвүүлэх хэмжээний боловсролтой хүн лав манай парламент дотор байхгүй. Байвал орчуулсан номоо аваад ирээрэй л гэе даа.
Хоёр дахь хэл нь орос. ОХУ-ын Эрхүүгийн Улс ардын аж ахуйн дээд сургуульд суралцаж, Санхүү-эдийн засагч мэргэжил эзэмшсэн. АНУ, БНЭУ, БНСУ, Швед, Голланд зэрэг улсуудад банк, санхүү, бизнесийн удирдлагын чиглэлээр сургалт дүүргэсэн. Эдийн засгийн ухааны магистр.
Ганц сул тал нь 2024 оны парламентад сонгогдож чадаагүй. Гэвч Ерөнхий сайд гэдэг УИХ-д ажлаа тайлагнадаг хүн болохоос Л.Оюун-Эрдэнэ шиг танхимын орой дээр суучихаад УИХ-ын гишүүдийг загнаад, доромжлоод сууж байдаг хүн биш л дээ.
Бүр дээш нь хөөгөөд үзвэл Сайн ноён хан аймгийн Цогтой гүн Дашдоржийн хошууны (одоогийн Баянхонгор аймгийн Галуут сум, Баянхонгор хайрхан уулын хошуу) Уутын голоор нутагтай Дүгэржав хэмээх язгуурын тайж хүний удам. Түүний хүү Сумгарьд тайж нь Дүгэржавын ганц хүү бөгөөд Норов хэмээх хүүтэй байжээ. Норов тайжийн хүү Дамдинжавын Гомбожав нь Г.Занданшатарын аав юм байна. Аав Д.Гомбожав нь бас л насаараа нам, төрийн ажил хийсэн. Нэгдлийн даргаас өгсүүлээд Ардын Их Хурлын депутат хүртэл явсан. Дөрвөн удаа сонгогдож, 1992 онд ардчилсан, шинэ Үндсэн хуулийг батлалцсан. Харин Г.Занданшатар нь 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг эх барьж авсан хүмүүсийн нэг. Ийм л түүхтэй юм.
Тиймээс МАН-ын залуус, энэ удаа жаахан арагшаа суух хэрэгтэй юм шиг байна. Наяад оны Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан эд нараа хар л даа. Нэг нь бүр диплом ч байхгүй. Нөгөө нь ШУТИС-ийг цахилгааны инженерээр төгссөн, сүүлд МУИС-д улс төр судлалаар сурсан. МАН-ын гишүүн. Ингээд л боллоо.
Тэгэхээр засаг тэргүүлж байгаа хүнд боловсрол, мэдлэг, туршлага, ачаалал даах чадвар гэдэг зүйл маш чухал. Тийм юмгүй бол хүний үгээр яваад, тоглоом тохуу болоод дуусна. Ядаж тэрбумын дотор тоо бүрэн уншиж чаддаггүй хүнийг Ерөнхий сайдаар тавиад юунд хүрснээ бод доо, МАН-ынхан минь.
Ер нь бол улс төрийн хүн, тэр дундаа төрийн хүн халуун зүрхтэй, хүйтэн тархитай байх ёстой гэж сургадаг. Атал манай доод үеийнхэн бол толгой нь л хэт халаад, зүрх нь барагтай дулаацахгүй, нэг тийм жудаггүй, мөсгүй нөхөд олон болж харагдаад байна. Хулгайтай хийх тэмцлээ ч үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багтана уу даа.
inews.mn

