В.Ганзориг: Та бүхэн өөрсдийгөө товч танилцуулангаа яагаад, яаж Тусгай Олимпын хөдөлгөөнд нэгдсэн тухайгаа ярьж өгнө үү!

Ф.Шон: Нэвтрүүлэгтээ урьсанд баярлалаа! Би Монголд анх удаа ирж байна. Маш олон найз нөхөдтэй болохын сацуу Б.Алтанцэцэг захирлаар удирдуулсан Монголын Тусгай Олимпын Хороо ямар их ажил хийж буйг хараад бахархлаа. Намайг Шон Фергусон гэдэг. Би АНУ-ын Вашингтон хотод байрладаг Дэлхийн Тусгай Олимпын Хорооны төр, засгийн газрын харилцааг хариуцахаас гадна Дэлхийн Тусгай Олимпын Хорооны тэргүүн Тим Шрайверийн тамгын газрын даргаар ажиллаж байна. Тимийн ээж болох Юнис Кеннеди Шрайвер нь АНУ-ын Ерөнхийлөгч асан Жон Кеннедигийн төрсөн эгч юм. Энэ хатагтай Дэлхийн Тусгай Олимпын хөдөлгөөнийг үүсгэн байгуулж, 1968 онд анхны олимпын наадмаа хийсэн түүхтэй. 

Би энэ байгууллагад 8 дахь жилдээ ажиллаж байна. Үүнээс өмнө АНУ-ын сенат, конгрессийн гишүүдийн зөвлөх, ахлах зөвлөхөөр ажиллаж байсан. Мөн Америк хөлбөмбөгийн Washington Redskins багийн гүйцэтгэх албыг нь удирдаж байсан туршлагатай. Ялгаатай хөгжилтэй гэр бүлийн гишүүдтэй учраас олон хүн Тусгай Олимпын хөдөлгөөнд нэгдсэн байдаг. Харин надад ялгаатай хөгжилтэй гэр бүлийн гишүүн байхгүй хэдий ч авга эгч, миний ээж, эмээ бүгдээрээ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асрамжийн газарт ажилладаг байсан. Миний ээж хэдхэн сарын өмнө энэ байгууллагаасаа тэтгэвэртээ гарсан. Би багаасаа хөгжлийн болон оюуны ялгаатай хөгжилтэй хүмүүсийн дунд өссөн. Ийм учраас Тусгай Олимпын тухай анх сонсоод, ажлын зарыг нь хараад, ээжийнхээ хийж байсан ажлыг хүндлээд ямар ч эргэлзээгүй энэ байгууллагад ажиллахаар шийдсэн. Ажилд ормогцоо 2015 оны Лос Анжелесийн зуны олимпыг зохион байгуулах ажилд шууд томилогдсон. 

НЭВТРҮҮЛГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХИЙГ ХҮСВЭЛ ТА ДООРХИ ХОЛБООСЫГ ДАРНА УУ!


В.Ганзориг: Монгол Улс Лос Анжелесийн зуны олимп оролцсон шүү.

Ф.Шон: Яг тийм. Би энэ олимпт оролцож байхдаа өмнө хараагүй, авч үзээгүй олон шинэ мэдрэмж, туршлагыг өөртөө авсан. Дүүрэн жаргалтайгаар, маш их баяр баясгалантай бэлтгэлээ хийж олимпт оролцож байсан америкийн гимнастикийн залуу тамирчдыг анх хараад гайхамшигтай сайхан мэдрэмжийг авч, сэтгэл маш их хөдөлж байсан. Үүнээс гадна олимпт оролцож буй хүүхдүүд, гэр бүлийн гишүүдээ хараад баярлаж бахархаж буй эцэг эхчүүд, ах дүү, эмээ өвөөг нь хараад амьдралын аз жаргалын утга учир гэж энэ юм байна шүү дээ гэдгийг маш сайн ойлгосон. Энэ бүхнийг хараад Тусгай Олимп яах аргагүй миний байх, ажиллах газар мөн гэдгийг мэдэрсэн. Энэ мөчөөс хойш найман жил өнгөрчээ. Өнгөрсөн хугацаанд амар биш байсан ч бага нөөцөөр цөөнгүй ажлыг амжуулж чадлаа. Энэ байгууллагатай холбогдсон нь яах аргагүй миний амьдралын чухал түүхт тооцогдоно.

 

В.Ганзориг: Маш их баярлалаа! Алтанцэцэг захирал та яагаад Монголын Тусгай Олимпын хорооны захирлаар ажиллах саналыг татгалзалгүй хүлээн авсан бэ?

Б.Алтанцэцэг: Тусгай Олимптой холбоотой Шон шиг урт, гайхалтай түүх надад байхгүй. Гэхдээ ажиллаж буй зорилго яг адилхан. Намайг Б.Алтанцэцэг гэдэг. Би Монголын Тусгай Олимпын хороог удирдан одоо долоо дахь жилдаа ажиллаж байна. Аль хэдийнэ долоон жил өнгөрсөн гэхэд итгэмээргүй байна. Миний хувьд дөнгөж нэг жил өнгөрсөн мэт л санагддаг. 

Би уул уурхайн мэргэжилтэй хүн. Уурхай дээр хүнд нөхцөлд голцуу эрчүүдтэй геологийн ажлаар хөдөө хээр их явдаг байсан. Тусгай олимпт орсноос хойш хүмүүсийн ялгаатай хөгжил, ялгаатай боломжийн талаар маш их зүйл мэдэж авсан. Өмнө нь тэр бүхнийг сайн анзаардаггүй байжээ. Харин одоо аз жаргал, баяр баясгалантай амьдралын утга учрыг сайтар ойлгохоос гадна ялгаатай хөгжилтэй гишүүдтэй гэр бүлийн хүмүүсийн бахархлыг яг хажуугаас нь мэдрээд би өглөө болгон ажилдаа дүүрэн жаргалтай явдаг. Энэ бол миний хувьд маш үнэ цэнтэй зүйл. Иймээс ажиллаж чадахгүй болтлоо энэ байгууллагадаа хүчин зүтгэнэ гэж боддог.

В.Ганзориг: Ноён элчин сайдын түүхийг сонсмоор байна.

Г.Луис: Манай хоёртой харьцуулбал би арай урт түүхтэй юм байна. Би НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийг анх боловсруулж байхад нь ажлын хэсгийн ахлагчаар нь ажиллаж байв. Энэ төсөл дээр ажиллаж байхдаа маш олон иргэний нийгмийн байгууллагууд, олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ-уудтай хамтарсан. Эдгээр дунд Тусгай Олимп байсан. Энэ чухал конвенцийг боловсруулж байхад Тусгай Олимпын оролцоо маш өндөр байсан. Энэхүү олимпын хөдөлгөөнийг үндэслэгч хатагтай Юнис болон Тимтэй маш урт яриа хэлэлцээрийг хийдэг байсан. Энэ бол 21 жилийн өмнөх түүх юм шүү. 2006 онд бид хамтдаа энэхүү конвенцийг НҮБ-ын ерөнхий чуулганаар хэлэлцүүлэн, 2007 онд албан ёсоор батлуулж чадсан. Үүний дараа Дэлхийн Тусгай Олимпын хорооны тэргүүн Тим над руу яриад удирдах зөвлөлдөө суухыг урьж, би энэ байгууллагын удирдах зөвлөлийн гишүүнээр есөн жил ажилласан. 

Энэ хугацаанд та бүхний ярьсан амьдралын баяр баясгалан, утга учрыг илүү гүн мэдэрснээс гадна хүүхдүүдийн хөгжилд бодитой эерэг өөрчлөлт гарч, нийгэмд оролцон хөгжиж чадаж байгааг харсан. Энэ хэрээр гэр бүлийн гишүүд нь ч гэсэн өөрчлөгддөг. Үүнээс гадна Тусгай Олимпын хөдөлгөөнд дэлхийн өнцөг булан бүрээс оролцдог сайн дурын ажилчид, залуусыг хараад үнэхээр бахархсан. Тусгай Олимп дэлхийн 170 гаруй орныг эгнээндээ багтаасан хүмүүнлэгийн хөдөлгөөн юм. Оюуны ялгаатай хөгжилтэй хүмүүсийн эрхийг хамгаалах дээр хийх ажил маш их байгаа. Бие эрхтний ялгаатай хөгжил буюу тэргэнцэртэй, хараа, сонсголын бэрхшээлтэй иргэдийг бид хараад мэддэг, тэд маань эрхээ хамгаалж эвлэлдэн нэгдэж ажиллаж чаддаг. Харин оюуны ялгаатай хөгжилтэй хүмүүс олдмол (осол, дайн гэх мэт) болон төрөлхийн шалтгаантай байдаг бөгөөд өөрсдийгөө бүрэн дүүрэн илэрхийлж, эрх хамгаалах тал дээр бие даан ажиллахад хүнд. 

Хөгшрөхөөр хүн бүр хөгжлийн бэрхшээлтэй болдог. 1,3 тэрбум хөгжлийн бэрхшээлтэй хүн манай дэлхий дээр бий. Эдгээр хүмүүсийн асран хамгаалагчдийг оруулж тооцвол 2,6 тэрбум хүний асуудал болдог. Өөрөөр хэлбэл хөгжлийн бэрхшээл гэдэг бол хүн төрөлхтний талтай нь шууд холбоотой том асуудал юм. Би нэг удаа Израил улсад хуралд оролцож байхад нэгэн эмэгтэй танхимд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байгаа бол гараа өргөөч гэж асуусан. Цөөнгүй хүн гар өргөсний дараа тэр эмэгтэй яагаад харааны шил зүүдэг хүмүүс гараа өргөхгүй байгаа юм бэ гэж асуусан. Харааны шилгүй бол машин барьж, ном уншиж чадахгүй хүмүүс ялгаатай хөгжилтэйд тооцогдоно. Иймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, нийгмийн асуудлын талаар мэдээлэл, мэдлэг муутай хүмүүс энэ жишээг сайтар ойлгож аваасай гэж хүсч байна. Ийм учраас би Тусгай олимпын хөдөлгөөнд нэгдэн, сайн дурын үндсэн дээр ажиллаж буй хүмүүсийг үнэхээр хүндэлж биширдэг. Энэ бол нэг гэр бүл юм. Энэ байгууллага боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хүртээмжийн асуудлыг дараагийн түвшинд гаргаж өөрчилж байгаа. 

Үүсгэн байгуулагдснаас хойш 50 жилийн дараа Тусгай Олимп хийж буй ажлаа “Хүмүүнлэгийн хувьсгал” гэж томъёолж байна. Иймээс хүмүүнлэг нийгмийг цогцлоон баталгаажуулахын тулд хүн бүрийн хүчин зүтгэл шаардлагатай байна. Энэ бол бидний өмнө тулгамдаж том сорилт. Энэ ойлголтыг улс орны төр, засгийн газрууд, хувийн хэвшил, судалгааны байгууллагуудад хүргэн хамтран ажиллах нэн чухал байна. Учир нь хүн болгон хөгшрөхөөрөө хөгжлийн бэрхшээлтэй болдог шүү. Ийм учраас хөгжлийн бэрхшээл гэдгийг нийгмийн аль нэг цөөнхийн бүлгийн асуудал гэж харж, хандаж огт болохгүй шүү! Энэ бол хүний эрх, нэр төр, эрхэм чанарын тухай суурь асуудал юм. Иймээс ялгаварлан гадуурхалт хэрхэвч байж болохгүй бөгөөд аль болох хүртээмжтэй нийгмийг бүтээхийг тулд зогсолтгүй урагшлах ёстой. 

Ф.Фреда: Намайг Фреда гэдэг. Би Тусгай Олимпын Зүүн Азийн бүсийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлын албыг хашдаг. Зүүн Азийн бүст БНХАУ, БНСУ, Монгол, Хонг Конг, Тайвань, Макао гээд зургаан улс хамаарагддаг. 

Би анх сайн дурын ажилтан хийж 2002 онд Тусгай Олимптой холбогдож байлаа. Тэр үед Зүүн Азийн бүсийн төв Бээжин хотод дөнгөж байгуулагдаж байсан юм. Үүний дараа 2007 онд Шанхай хот Тусгай Олимын Зуны наадмыг зохион байгуулсан бөгөөд энэ олимпын үеэр би шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлж туслан гүйцэтгэгчээр хамтран ажилласан. Энэ хугацаанд Тусгай Олимпт оролцож буй тамирчид, тэдний гэр бүлээс гарч буй зориг, тууштай байдал зэргийг спортын талбар, хурал зөвлөгөөний танхимд хараад үнэхээр их биширч, өөрийн эрхгүй бахархсан. 

Хүн болгонд хөгжих боломж, тодорхой хэмжээний чадвар байдаг. Гэхдээ энэ чадвар, боломж хүн бүрт ялгаатай байж болдог. Ийм учраас бид хүмүүнлэгийн хувьсгал хийх замаар ялгаатай хөгжилтэй хүн бүрт Тусгай Олимпоор дамжуулан тэгш боломж олгохыг зорьдог юм. Энэ бол хүний эрхэм чанарын хувьсгал юм. Энэ хөдөлгөөнөөр дамжуулан оюуны ялгаатай хөгжилтэй хүүхэд залуус, иргэдийн оюуны потенциалыг нээх, хөгжүүлэх, ашиглах нь бидний эрхэм зорилго. Сүүлийн жилүүдэд бид “Дэмжин тоглогч, хамтын спорт” гэдэг концепцийг ашиглан боловсрол, спортын салбарт амжилттай ажиллаж байна. Үүнээр дамжуулан бид оюуны ялгаатай хөгжилтэй тамирчдыг энгийн тамирчидтай нийлүүлэх замаар хөгжлийн ялгааг нь багасгах, цаашилбал тусгай сургууль биш энгийн сургуульд оюуны ялгаатай хөгжилтэй хүүхдүүд бусадтай яг адилхан нөхцөлд сурч боловсрох эрхийг нь баталгаажуулах том зорилготой ажилладаг. 

Миний өсч төрсөн хот, соёл, ахуйгаас болоод би саяхныг хүртэл даунтай, аутизмтай хүүхэд, хүмүүсийн талаар сайн мэдлэг, мэдээлэлгүй байсан. Тусгай Олимпт сайн дурын ажилтанаар ажиллаж эхэлснээс хойш энэ байгууллагын эрхэм зорилго, ач холбогдлыг маш сайн ойлгож мэдэрч чадсан. Ийм ч учраас энэ эрхэм байгууллагын нэг хэсэг нь болж байгаадаа маш их баяртай байдаг. 

В.Ганзориг: Монголын Тусгай Олимпын хороо байгуулагдаад 10 жил болж байна. Гэсэн ч одоо хүртэл хүмүүс Параолимптой андуурч ойлгодог хэвээр байна. Эдгээр олимпын хөдөлгөөнүүдийн ялгааг тайлбарлаж өгнө үү.

Ф.Шон: Эдгээр олимпын хөдөлгөөнүүдийг зөвхөн Монгол гэлтгүй, дэлхий даяар, АНУ дотор хүртэл хольж сольж ойлгодог хүмүүс одоог хүртэл байгаа. Чин үнэнээ хэлэхэд би өөрөө хүртэл Тусгай Олимп орохоосоо өмнө ялгааг нь сайн мэддэггүй байсан. Энэ асуудал бидний өмнө тулгамдаж буй сорилтуудын нэг яах аргагүй мөн. Тусгай Олимп нь Олон Улсын Олимпын хороо, Параолимпын байгууллагуудтай түншлэн ажилладаг хэдий ч өөр өөрийн ялгаатай зорилготой. Параолимп бол бие, эрхтний хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулагдсан. Манай Тусгай Олимпын тамирчид дотор ч бие, эрхтний ялгаатай хөгжилтэй хүмүүс байдаг. Гэхдээ бид оюуны ялгаатай хөгжилтэй тамирчид дээр төвлөрдөг. Бид жил бүр АНУ-ны конгресстой уулзаж, төсвөө батлуулахаар хэлэлцээр хийдэг. Тэгэхэд америкийн хууль тогтоох дээд байгууллагын гишүүд параолимптой андуурч ярих нь одоо ч гэсэн түгээмэл байдаг. Тэр тоолонд бид ялгааг нь тайлбарлаж, Тусгай Олимпын талаар мэдлэг, мэдээлэл өгч ажилладаг. 

Олон Улсын Олимпын Хороо Тусгай Олимпыг “Олимп” гэдэг үгийг албан ёсоор ашиглахыг зөвшөөрсөн байдаг. Анх энэ хэлэлцээрийг хийхэд амар байгаагүй гэдгийг хэлмээр байна. АНУ-ын Чикаго хотод анхны олимпоо зохион байгуулж байх үед оюуны ялгаатай хөгжилтэй хүүхэд залуус ОЛИМП гэдэг үгийг хэрэглэж чадах юм уу даа гэдэг эргэлзээ олон хүнд байсан. Тусгай Олимпыг үүсгэн байгуулагч Юнис Кеннеди Шрайвер энэ ажил дээр гарамгай ажиллаж дэлхий даяар хүлээн зөвшөөрүүлж чадсан гавъяатай нэгэн. Өөрөөр хэлбэл, бид бусад олимпын хороодтой олон улсад яг ижил тэнцүү статустай, бие даасан байгууллага гэсэн үг. 

Ф.Фреда: Манай Тусгай Олимп нь Олон Улсын Олимпын хороотой яг адилхан дөрвөн жил тутам ээлжлэн өвөл, зуны олимпын наадмыг зохион байгуулдаг. Өөрөөр хэлбэл, хоёр жилийн мөчлөгтэйгээр өвөл, зуны олимпыг ээлжлэн байнга хийдэг гэсэн үг. Тусгай Олимпын бусад спортын хөдөлгөөнөөс ялгагдах нэг онцлог бол манай тамирчид болох оюуны ялгаатай хөгжилтэй хүүхэд залуус, иргэдийн дийлэнх нь нийгмийн эмзэг бүлэгт хамаарагддаг. Параолимпын тамирчид өрсөлдөх чадвар өндөр байдаг бол Тусгай Олимпт бид өрсөлдөөнөөс илүү тамирчдынхаа оролцоог нь чухалчилдаг. Учир нь бид Тусгай Олимпын тамирчиддаа бусдын адил нийгэмд тэгш эрхтэй оролцох боломжийг нь олгохыг зорьдог юм.

Ф.Шон: Хэрэв энд Дэлхийн Тусгай Олимпын тэргүүн Тим Шрайвер байсан бол эдгээр олимпын хөдөлгөөнүүдийг ялгааг ингэж тайлбарлах байсан. Олон Улсын Олимпын хороо, Параолимп тамирчид хоорондоо өрсөлдөж, алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болдог бол Тусгай Олимпын тамирчид хоорондоо өрсөлдөхөөс гадна өөртэйгээ өрсөлдөж, энэ хэрээр өөрийгөө хөгжүүлж чаддаг. Иймээс Тусгай Олимпын тамирчдын хувьд энэ өрсөлдөөн нь зөвхөн олимпоор хязгаарлагдаггүй, амьдрал дээр өдөр болгон тэмцэлдэж байдаг юм. Энэ бол Тусгай Олимпын бусдаас ялгагдах хамгийн том онцлог. Тусгай Олимпт гайхалтай мундаг, мэргэжлийн тамирчид бий. Дэмжин тоглогчтой багийн спортын өрсөлдөөнийг харахад аль нь манай оюуны ялгаатай хөгжилтэй тамирчин, аль нь дэмжин тоглогчийг ялгах аргагүй ширүүн тоглолт болдог. 

Б.Алтанцэцэг: Тусгай олимпын бусад олимпын хөдөлгөөнөөс ялгагдах бас нэг зүйл бол олон нийтийн хандлагыг өөрчлөх зорилт нь байдаг. Спортын уралдаан, тэмцээнээр дамжуулан нийгмийн хандлага, оюуны ялгаатай хөгжилтэй иргэдийн талаарх хэвшмэл ойлголтыг өөрчлөх нь Тусгай Олимпын цөм зорилго юм. Энэ зорилгодоо хүрэхийн тулд өрсөлдөөнөөс илүү оролцоог нь бид эрхэмлэн авч үздэг. Өөрөөр хэлбэл, олимпт түрүүлж алт, мөнгөн медаль авахаас илүүтэйгээр олимпт оролцон, өөрийгөө нээж, бусад хүмүүстэй адилхан эрхтэй гэдгээ мэдэрч, нийгмийн бусад бүлгийг зоригжуулан урамшуулж, соён гэгээрүүлэх нь Тусгай Олимпын гайхамшиг байдаг. Эдгээр зүйлс манай хөдөлгөөний бусад олимпоос ялгагдах үндсэн ялгаа шүү. 

Г.Луис: Оюуны ялгаатай хөгжилтэй иргэд спортоор өрсөлдөн, олимп оролцох, энэ бүх боломжийг нь бүрдүүлж өгнө гэдэг нь өөрөө манай нийгмийн бахархал юм. Би Тусгай Олимпын зуу зуун тамирчид, дасгалжуулагчидтай уулзаж ярилцаж байсан. Энэ дундаас Латин Америкийн Тусгай Олимпын нэгэн төлөөлөлтэй уулзсан уулзалт санаанаас минь гардаггүй юм. Тэр бол ширээний теннисээр хичээллэдэг тамирчин байсан. Аав нь түүнийг дасгалжуулдаг мэргэжлийн тамирчин хүн. Аавтайгаа хамт улсынхаа болон тивийн, олон улсын олон тэмцээнд амжилттай оролцож, медалиуд авсан. Гэртээ ирээд аав аа, би гурван медаль авсан байхад та нэг ч медальгүй байна шүү дээ гэж хэлж бараг анх удаа өөрөөрөө бахархсан түүхтэй. Өөрөөр хэлбэл, Тусгай Олимп тамирчиддаа боломж олгож, бусдын адил баярлах, нэр төрөөрөө бахархах мэдрэмжийг оюуны ялгаатай хөгжилтэй хүмүүст төрүүлж чаддаг юм. Энэ хэрээр гэр бүлийн бусад гишүүдийн амьдрал, дасгалжуулагч, дэмжин тоглогчдын ажлыг илүү утга учиртай болгож байдаг. Ийм учраас Тусгай Олимп хүмүүнлэг, иргэний нийгмийн үнэ цэнийг хүн болгонд мэдрүүлж чаддаг юм.

В.Ганзориг: Та нар бүгдээрээ сайн дурын ажил, сайн дурын ажилтны талаар яриандаа дурдлаа. Цөөнгүй хүн сайн дурын ажлыг ойлгодоггүй бас хүсдэггүй. Сайн дурын ажил яагаад чухал юм бэ?

Г.Луис: Сайн дурын үйл дэлхий даяар түгээмэл байдаг. Тусгай Олимпоос гадна шашны байгууллагууд болох сүм, хийдүүд бүгд сайн дурын үндсэн дээр ажилладаг. Эдгээр байгууллагуудын цар хүрээ, үр дүн спортоос гадна боловсрол, эрүүл мэнд гээд нийгмийн олон салбарт шууд хүрдэг. Өөрөөр хэлбэл, энэ бүхэн хүн өөрийн туршлага, мэдлэгээ бусад сайн дурын үндсэн дээр шилжүүлж, нийгэмтэйгээ хуваалцаж буй хэлбэр юм. Тусгай Олимпт ажиллаж буй ихэнх хүмүүс цалингүй буюу сайн дураараа ажилладаг. Сайн дурын эдгээр хүмүүс өөрийн цаг, мэдлэг, туршлага, үүрэг, хариуцлага, бодит оролцоогоороо нийгэмд хөрөнгө оруулдаг. 

Би Тусгай Олимпын бичигтэй цамцаа өмсөөд явж байхад олон хүмүүс хараад танай гэр бүлийн хүн бас энэ хөдөлгөөнд сайн дураараа ажилладаг, ийм амжилт гаргаж, тийм хэмжээгээрээ нийгэмдээ эерэг нөлөө үзүүлж чадсан гээд сайн дурынхан бахархалтайгаар ирж уулздаг. Аливаа нийгэмд хүн бүр оролцоотой байж, мэдлэг туршлагаа хоорондоо хуваалцаж байж гэмээнэ улс орон хөгжиж урагшилдаг.

Б.Алтанцэцэг: Сайн дурын ажил хийдэг хүмүүс хийж буй ажлаасаа таашаал авч чаддаг. Хүнд тусалж, нийгэмд ямар нэг байдлаар эерэг нөлөө үзүүлж чадсан ямар ч хүн сэтгэл ханамж мэдэрдэг. Хүн болгон энэ мэдрэмжийг мэдрээсэй гэж би хүсдэг. Үүний тулд заавал мөнгө зарцуулах шаардлагагүй. Харин өөрийнхөө цагийг зарцуулж, чин сэтгэл, зүрхний угаас гарсан оролцоог бий болгоход л хангалттай байдаг. Ингэж чадвал та хэн нэгний амьдралыг өөрчилж чадна. Сайн дурын ажлын гайхамшиг үүнд оршдог. Ийм учраас Тусгай Олимп дэлхийн хамгийн том хүмүүнлэгийн хөдөлгөөн болж чадсан. 

Ф.Фреда: Хүний амьдралыг өөрчилж, нийгэмд эерэг нөлөө үзүүлэх нь сайн дурын ажлын гол зорилго. Нийгэм хөгжихийн хэрээр ялангуяа, хувийн хэвшлийнхэн компанийн нийгмийн хариуцлага дээрээ онцгойлон анхаарч эхэлдэг. Тусгай Олимпын “Дэмжин тоглогч, хамтын спорт” концепц нь зөвхөн спортын агуулгатай ажил биш юм. Оюуны ялгаатай хөгжилтэй хүүхэд залуус, иргэдийг нийгэмд тэгш эрхтэй оролцуулж, хүний эрхийг нь мэдрүүлж, нэр төрийг нь хамгаалах ажлыг хэрэгжүүлэхийн сацуу эрүүл мэнд, боловсролын салбарын хүртээмжийг нэмэгдүүлж, реформ хийх нь манай хөдөлгөөний хамгийн том зорилго. Энэ бүх ажлын цөм сайн дурын үндсэн дээр явагддаг. Энэ зорилгод хүрэхийн тулд ялангуяа “энгийн”, хөгжлийн бэрхшээлгүй, эрүүл хүмүүсийн идэвхтэй оролцоо, байнгын сайн дурын үйл маш чухал байдаг. Бага наснаасаа сайн дурын ажилд оролцсон хүүхэд залуус нинжин сэтгэл, бусдад туслахын ач холбогдол, хайр, хүндлэлийн талаар маш сайн ойлголттой болж тэр хэрээр үлгэр жишээ хүмүүжиж, ёс зүйтэй бие хүн болж төлөвшиж чаддаг.

Би энгийн нэг жишээг хуваалцмаар байна. Тусгай Олимпын “Дэмжин тоглогч, хамтын спорт” хөтөлбөр өөрийн гэсэн тусгай дүрэмтэй байдаг. Сагсан бөмбөгийн багийн таван гишүүний гурав нь оюуны ялгаатай хөгжилтэй тамирчин, хоёр нь дэмжин тоглогчдоос бүрддэг. Дэмжин тоглогчдын хувьд тэд тэмцээний үеэр хоорондоо хүчтэй өрсөлдөж, өөрсдийгөө харуулж, оноо авахыг огт чухалчилдаггүй. Дэмжин тоглогчдын талбай дээрх үүрэг бол Тусгай Олимпын тамирчиддаа туслах, тэдний тоглолт, спортын оролцоог нь утга учиртай болгоход оршдог юм. Иймээс дэмжин тоглогчдын оруулсан бөмбөгийг сагсны тэмцээний үеэр оноонд тооцдоггүй, зөвхөн оюуны ялгаатай хөгжилтэй тамирчдын оруулсан оноог тоологддог дүрэмтэй. Эндээс “Unified Sport” гэдэг хөтөлбөрийн филисофи ойлгогдоно. Ийм маягаар бид бага багаар нийгмээ өөрчлөх зорилготой ажиллаж байна. 

В.Ганзориг: Дэлхийн бараг бүхий л алдартай тамирчид, супер одууд Тусгай олимпын элч болсон байдаг. Ямар шалгуур та бүхэн тавьдаг вэ? Монголоос бид өөрсдийн элчийг нэр дэвшүүлж болох уу?

Ф.Фреда: Зүүн Азийн бүст маш олон алдартай олимп, дэлхийн аваргууд Тусгай Олимпын элч тамирчнаар ажилладаг. Зүүн Азийн бүсийн хамгийн том гишүүн улс Хятад. Зүүн Азийн бүст нийт 1,4 сая тусгай олимпын тамирчид бүртгэлтэй байдгаас 1,3 сая нь Хятадын тамирчид байдаг. Иймээс Хятадын алдартай тамирчид болох сагсан бөмбөгийн Яо Мин, теннесчин Ли На, тэшүүрчин Ян Ян, боксчин Жоу Шимин, өвлийн олимпын сноубоардингийн аварга Сү Юминг нар бүсийн болон дэлхийн тусгай олимпын элчээр өргөмжлөгдөн ажиллаж байна. Эдгээр элчүүдэд тавигддаг үндсэн шаардлага бол нинжин сэтгэл, бусдын төлөө сэтгэл, Тусгай Олимпын зорилгод туслах хүсэл байдаг. 

В.Ганзориг: Тусгай Олимпын элч нар цалин авдаг уу?

Ф.Фреда: Үгүй. Бүгд сайн дурын үндсэн дээр ажилладаг. Нөгөө талаас бид дараах зүйлсийг нь харгалзан сонголтоо хийдэг. Тэр нь эдгээр тамирчидын сошиал медиа дээрх хүч, ивээн тэтгэгч, түншүүдийг Тусгай Олимптой холбох харилцаа, хамгийн гол нь оюуны ялгаатай хөгжилтэй тамирчдад итгэж, тэдний нээгдээгүй боломжийг нь нээж өгөх хүсэл байдаг. Эдгээр элчүүд маань бидний зохион байгуулж буй арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцохын сацуу хэвлэл мэдээллээр дамжуулан олон нийтэд мэдлэг, мэдээлэл түгээж, Тусгай Олимпыг сурталчилдаг. Зарим нь Тусгай Олимпын хорооны удирдах зөвлөлийн гишүүний хүндтэй ба хариуцлагатай албыг хашдаг. 

Ф.Шон: Бид цаг үргэлж Тусгай Олимпын шинэ элч тамирчид, супер одуудыг дэлхийн өнцөг булан бүрээс хайж байдаг. Цаг хугацаа өнгөрөх тусам бид шинэ элчүүдтэй болох шаардлага үүсдэг. Одоогийн байдлаар бид спортын төрлүүдээс гадна насны хувьд нилээд сайн тэнцвэртэй, бүх үеийг төлөөлж чадах элчүүдтэй гэж боддог. Тухайлбал Арнольд Шварценеггерээс авахуулаад түүний охин зохиолч Катрин Шварценегер, Холливүүдийн алдартай жүжигчин Крис Пратт нар саяхан АНУ-аас Тусгай Олимпын элчээр өргөмжлөгдсөн. Эдгээр хүмүүс твиттер дээр нэг жиргэхэд л олон сая хүн шууд нөлөөлж чаддаг. Үүгээр дамжуулан бид Тусгай Олимпыг сурталчлахаас гадна мөнгө босгох арга хэмжээн дээр хамтран ажилладаг. Дэлхийн элчүүдийг сонгохдоо нийгмийн төрөл бүрийн салбарын төлөөллийг нас, хүйсийг нь харгалзан тэнцвэртэй оруулахыг чухалчилдаг. Ингэснээр бид хувийн хэвшил, ивээн тэтгэгчид, шийдвэр гаргагчид, бодлого тодорхойлогчдод мессэжээ хүргэж чаддаг. Эдгээр алдартай тамирчид, одуудыг Монголд авч ирэх бүрэн боломжтой ба хамтран ажиллахад бид нээлттэй байна. 

В.Ганзориг: Нэвтрүүлгийн хөтлөгчийн давуу талаа ашиглаад Дэлхийн Тусгай Олимпын элч тамирчин Дидье Дрогбаг Монголд албан ёсоор урьж авч ирмээр байна. Монголын Хөлбөмбөгийн Холбоо хамтран ажиллахаа илэрхийлсэн.

Ф.Шон: Дидье Дрогба алдартай хөлбөмбөгчин, Тусгай Олимпын элч тамирчид төдийгүй манай удирдах зөвлөлийн гишүүнээр яг одоо ажиллаж байгаа. Удахгүй Берлинд болох зуны наадамд оролцоно. Та Берлинд түүнтэй уулзаж, энэхүү хүсэлтээ биечлэн тавьж, Монголд урих бүрэн боломжтой шүү. 

Ф.Фреда: Спортын алдартнууд, одуудаас гадна бусад салбарын нэр алдартай, олны танил хүмүүс Тусгай Олимпын элчээр өргөмжлөгдөж болдог. Тухайлбал, Хятадын медиа салбарын алдартай сэтгүүлч Яан Лан, жүжигчин Жоу Шун зэргийг дурдаж болно.

Б.Алтанцэцэг: Одоогоор Монгол Улсад Дэлхийн Тусгай Олимпыг төлөөлөх элч хараахан төрөөгүй байна. Энэ элчийг бид хоёр жилийн өмнөөс Монголдоо идэвхтэй хайж шургуу ажиллаж байгаа. Гэхдээ бид Монголынхоо Тусгай Олимпын элчтэй болж чадсан. Үүний нэг “Авъяаслаг Монголчууд” шоунд амжилттай оролцож байсан, залуусын дунд нэр хүндтэй уран бүтээлч бий. Удахгүй бид Дэлхийд Монголыг төдийгүй Тусгай Олимпын төлөөлөх элчтэй болох байх аа. Үүний өмнө бид Монголд бүсийн болон дэлхийн арга хэмжээг зохион байгуулах ёстой гэж боддог. Энэ арга хэмжээний үед Дэлхийн Тусгай Олимпын элч тамирчид, одуудыг урьж авч ирэн туршлага судлах, монголчууддаа мэдлэг, мэдээлэл олгох хэрэгтэй байгаа. 

В.Ганзориг: Ноён Луис, та бол Тусгай Олимпын элч төдийгүй улс төрийн салбарт жинхэнэ элчин сайд хүн. Хэрхэн нийгмийн салбарын элч, элчин сайд болох вэ?

Г.Луис: Бид бүгдэд тэгш боломжийг олгох тухай ярьж байна. Монголын Тусгай Олимпын хороо маш их ажлыг хийж буйг бид ирээд харж мэдэрлээ. Иймээс Дэлхийн Тусгай Олимпын хорооны нэрийн өмнөөс Монгол Улсад баяр хүргэмээр байна. Монгол Улсад Тусгай Олимпын спортын арга хэмжээг зохион байгуулах цаг нь болжээ. Ирэх 10 жилийн хугацаанд Тусгай Олимпын өвлийн наадмыг Монголд зохион байгуулах боломжтой гэж харж байна. Бүх боломж, эрч хүч, нөөц бололцоо бүрдсэн байна гэж харагдлаа. 

Тусгай Олимпын элч, төрөл бүрийн салбарын сүпер одууд энэхүү хөдөлгөөний нүүр царай болж, олон нийттэй харилцах ажлыг хийдэг. Гол зорилго нь Тусгай Олимпын үзэл санаа, зорилгыг олон нийтэд таниулах, түгээх, ойлгуулах, сурталчлахад оршдог. Элч төлөөлөгчдийн гол үүрэг нь асуудал биш шийдлийн нэг хэсэг нь байж, оюуны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой нь болж хүмүүст зөв, эерэг мэдээ, мэдээллийг түгээх замаар нийгмийн хандлагыг өөрчлөх юм. Олон хүн хамтдаа ингэж ажиллаж чадвал бид утгаараа хүмүүнлэгийн хувьсгалыг хийнэ гэсэн үг. Энэ хэрээр олон нийт нинжин сэтгэлтэй болж, бие биедээ туслах, нэгнээ хүндлэх, хайрлах, бусаддаа тэгш боломжийг яагаад олгох ёстойг сайтар ойлгож чадна. 

Ф.Фреда: Хүмүүнлэгийн хувьсгал хийж дэлхийн өөрчилнө гэсэн үг!

В.Ганзориг: Та бүхний өмнө тулгамдаж буй хамгийн том асуудал юу вэ? Энэ асуудлыг шийдэхийн тулд хэрхэн ажиллаж буй талаар болон Монголчуудад өгөх та бүхний зөвлөгөөг сонсмоор байна.

Ф.Шон: Дэлхийн Тусгай Олимпын хороонд ажиллаж буй миний үндсэн үүрэг бол улс орны төр, засагтай харилцах ажил байдаг. Ажлаа хийгээд явж байхад маш олон сорилттой тулгардаг хэдий ч маш том боломжуудыг байгааг мөн олж хардаг. Дэлхийн улс, орнуудын төр, засгийн удирдлагуудтай бид хангалттай түвшинд ажиллаж чадахгүй байгаа. Үүнийг засахын тулд 2023 оны 6 сард Берлин хотод болох зуны олимпын үеэр улс орнуудын тэргүүн, улс төрийн манлайлагч нарыг нэгтгэсэн “Хүртээмжтэй нийгмийн төлөөх дэлхийн манлайлагчдын эвсэл”-ийг байгуулах гэж байна. Энэ тухай мэдээллийг Монгол Улсын Ерөнхий сайдад өгч, эвсэлд нэгдэх урилгыг бид хүргүүлсэн. Энэ эвслээр дамжуулан бид оюуны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах ажлыг дэлхий даяар бодлогын хүрээнд дараагийн түвшинд гаргах боломжтой гэж харж байна. Өнгөрсөн 50 жилийн хугацаанд энэ тал дээр хангалттай ажиллаж чадаагүй учраас ирэх жилүүдэд энэ харилцаан дээрээ анхаарч ажиллана. Дэлхийн манлайлагч, удирдагчдын энэ эвсэл сайн ажиллаж чадвал оюуны ялгаатай хөгжилтэй иргэдийн эрх, хүртээмжтэй нийгэмтэй холбоотой тулгамдсан асуудлуудыг бүрэн шийдэх боломжтой. 

Бидний өмнө тулгардаг дараагийн нэг сорилт бол улс орнуудын төр, засгийн газрын тогтворгүй байдал. Сонгуулиар гарч ирсэн нам, засгийн төлөөлөл заримдаа нэг шөнийн дотор өөрчлөгддөг. Шинэ хүмүүст бид зорилго, бодлогоо дахиад эхнээс нь тайлбарлаж хүргэх болдог. Заримдаа шинэ хүмүүс өмнөх удирдлагынхаа үйлийг үргэлжлүүлэх сонирхолгүй байдаг зэрэг асуудлууд тулгардаг. Энэ нь бидний хувьд ажиллахад багагүй хүндрэл учруулдаг гэдгийг хэлэх нь зүйтэй. Иймээс бид хүмүүнлэгийн хувьсгал хийхийн тулд тууштай, тэвчээртэй байхаас өөр аргагүй. Учир нь нэг талаас энэ том асуудал мэт боловч нөгөө талдаа маш том боломж юм шүү. Монгол Улсын Засгийн газартай стратегийн түншлэлийн хэмжээнд хамтран ажиллана гэдэгтээ итгэлтэй байна.

В.Ганзориг: Берлины олимп руу Ерөнхий сайд өөрийнхөө танхимын нэг сайдыг заавал явуулна гэж уулзахдаа амласан шүү.

Б.Алтанцэцэг: Монголын Тусгай Олимпын хорооны өмнө тулгамдаж буй том асуудал бол алс хязгаар, хөдөө орон нутагт хүрч ажиллах байдаг. Мөн одоог хүртэл оюуны ялгаатай хөгжилтэй гэр бүлийн гишүүнээ бусдаас нуудаг, нийгэмд оруулдаггүй, хүүхдээсээ ичдэг, нэрэлхдэг асуудлууд байсаар байна. Ийм учраас эхний ээлжинд эдгээр гэр бүлийн гишүүд хүүхдээ хүлээн зөвшөөрөх, цаашилбал тэдний болон бүхэл нийгмийн хандлагыг өөрчлөх ажил бидний хувьд хамгийн чухалд тооцогдоно. Гэр бүлийн бүх гишүүдийн хандлага өөрчлөгдөж чадвал нийгэм аяндаа дагаад өөрчлөгдөнө.

Ф.Фреда: Тусгай Олимпын тамирчдад спортоор дамжуулан нийгэмд оролцох боломжийг олгох нь маш чухал. Иймээс бид янз бүрийн спорт, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн арга хэмжээг дэлхий даяар тасралтгүй зохион байгуулдаг. Бид зөвхөн оюуны ялгаатай хөгжилтэй хүмүүстэй ажилладаггүй. “Дэмжин тоглогч – Хамтын спорт” хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн бэрхшээлгүй хүүхэд залуус, иргэд, нийгэм рүү чиглэн соён гэгээрүүлэх, хандлагыг нь өөрчлөх цогц ажлыг давхар хийдэг. 

Цар тахлаас болж манай үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд багагүй тасалдсан нь одоо тулгамдаж буй хамгийн том асуудал болж байна. Ковидын улмаас одоо хүртэл тамирчид маань спортын арга хэмжээнд бүтэн оролцохгүй, эцэг эхчүүд, сайн дурынхны үйл ажиллагаа бүрэн жигдрээгүй байна. Сүүлийн гурван жилийн турш ковидын улмаас манай тамирчдын ирц, идэвх даруй 40%-иар буурсан нь бидний хувьд том сорилт болоод байна. Эдгээрийг идэвхжүүлэхийн тулд бид тасралтгүй арга хэмжээ зохион байгуулах шаардлагатай. Эдгээр арга хэмжээг өндөр түвшинд, аюулгүй байдлыг дээд зэргээх ханган зохион байгуулахад багагүй зардал, мөнгө шаардагддаг. Иймээс Зүүн Азийн бүсийн хэмжээнд хэлэхэд бидний өмнө тулгамддаг гол асуудал мөнгө босгох байдаг. 

В.Ганзориг: Мөнгө босгох ажил хаа сайгүй бидний тулгамдсан асуудалд тооцогдох байх аа.

Ф.Фреда: Манай бүсийн гишүүн орнууд улсаасаа тодорхой хэмжээний санхүүжилт авч ажилладаг. Гэхдээ энэ нь хангалттай биш. Хувийн хэвшил, хувь хүмүүсийн оролцоог зайлшгүй нэмэгдүүлэх шаардлагатай байна. Татвар төлөгчид мөнгөний үнэ цэнийг сайтар мэдэхээс гадна оруулж буй хувь нэмэр нь оюуны ялгаатай хөгжилтэй иргэдэд ямар том нөлөө үзүүлж чадах вэ гэдгийг маш сайн ойлгодог. 

Г.Луис: Хүмүүсийн хандлага, нийгмийн уламжлалт ойлголтыг эвдэх нь хамгийн том сорилт гэж хэлмээр байна. Энэ асуудлыг шийдэхийн тулд Тусгай Олимп маш их ажлыг тасралтгүй хийж байгаа. Энэ үйлийг дэлхий даяар, дэлхийн улс орон бүр оролцож дэмжиж ажиллах шаардлагатай байна. Оюуны ялгаатай хөгжилтэй хүмүүсийн ялгаварлан гадуурхах асуудал янз бүрийн шалтгаанаас үүдэлтэй байж болно. Тухайн улс орны соёл, шашин, уламжлал гэх мэт. Гэхдээ бид үүн дээр хүмүүнлэг зарчмаар хандаж, асуудлыг цогцоор нь харж байж хүний эрх, нэр төр, хүндлэл, хайр гэдгийг нийгмийн ёс суртахууны наад захын хэм хэмжээ болгон суулгаж чадна. 

В.Ганзориг: Хүмүүнлэгийн хувьсгалын дэлхий даяар эхлүүлэн амжилттай яваа та бүхний ажил үйлст хамгийн өндөр амжилтыг хүсье ээ. “Ялалт байгуулахад минь туслаач… Хэрэв би ялж чадахгүй бол ялалт авчрах оролдлогыг минь зоригжуулаач” хэмээх Тусгай Олимпын уриа үгээр нэвтрүүлгээ өндөрлөж байна.