Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар
Муурын энэ “зэвүүн” бөгөөд эрх чөлөөтэй чанар нь бидний зүүсэн баг, бусдад таалагдах гэж хичээсэн “Би”-г ичээдэг учраас монголчууд мууранд дургүй байж мэднэ. Бид нийгмийн хүлээлтэд автаж явахад, муур өөрийнхөө тааваар, хэний ч өмнө сүүлээ шарвалзуулахгүй амьдрах нь нэг бодлын атаархмаар, нөгөө бодлын “зэвүүн” харагдана. Муурын энэ зан чанараас бидний сурч болох “зэвүүн” атлаа хэрэгтэй гурван хичээл бий:
Монголчууд “Муур эзнээ үхээсэй” гэж боддог гэнэлээ гэж ярьдаг. Монголчууд муурын бодол уншдаг онцгой ард түмэн биш. Нүүдэлчин ахуй, шашин шүтлэг, ардын аман зохиолтой холбоотой. Монголчууд таван хошуу малын ашиг шимийг хүртэж буянт мал гэнэ. Нохой хот хороогоо хамгаалдаг найдвартай харуул. Муур аж ахуйд нэмэргүй, нүүж суухад ядаж нохой шиг дагаад гүйхгүй, ачаан дээр гараад хэвтчихдэг ямбатай амьтан. Тэгэхээр муур монгол хүнд ажилгүй, хоолны сав болж харагдана. Хот газрын монгол хүн ч мууранд таатай хандах нь ховор. Монголчууд үнэнч, тууштай, дуулгавартай занг эрхэмлэнэ. Нохой эзнийхээ төлөө амиа өгөхөөс буцдаггүй үнэнч амьтан. Муур хэтэрхий бие даасан, өөрийн дураар, тав тухаа хичээдэг болохоор монголчууд зэвүүцэх нь зүй. Муурыг бусад гэрийн тэжээвэр амьтан, ялангуяа нохойтой харьцуулбал бие даасан арашинтай. Биеэ тоосон, их зантай ч гэж болно.
Бие даасан байдал ба хувийн орон зай
Нохой эзнээ баярлуулахыг амьдралынхаа зорилго болгодог атал муур өөрийнхөө дотоод ертөнцийг нэгдүгээрт тавьдаг. Муур таныг “эзэн” гэж харахаас илүүтэй “хамтран амьдрагч”, бүр “үйлчлэгч” гэж үздэг байж мэднэ. Энэ араншин нь буддын философийн “өөрийнхөө аврал, амар амгаланг зөвхөн өөрөөсөө хай” гэдэг санааг илэрхийлэх мэт. Муур хүнээс огт хамаарахгүйгээр өөртөө сэтгэл хангалуун оршдог.
Сэтгэл хөдлөлийн торгон мэдрэмж
Нохой баярласнаа сүүлээ хөдөлгөж, үсэрч цовхчиж маш ил тод илэрхийлдэг. Гэтэл муурын сэтгэл хөдлөл далд, минимум гэхэд болно. Нүдээ алгуурхан анивчих, чихээ үл ялиг хөдөлгөх, эсвэл зүгээр л таны хажууд ирж суух нь муурын хувьд асар их итгэл, хайрын илрэл юм. Амьдралын жижиг деталийг анзаардаг хүнд л харагдах муурны нууц хэл нь тэр.
“Яг одоо” цагт орших чадвар
Бусад амьтад ч одоо цагт амьдардаг боловч муур шиг бүрэн уусдаг нь үгүй биз ээ. Муур юу ч хийхгүй зүгээр л цонхоор хараад хэдэн цагаар сууж чадна. Тийм үедээ ер уйдахгүй, харин ч тэр мөчөө бүрэн мэдэрдэг. Хүмүүс юу ч хийхгүй суухаас айж, байнга утсаа оролдох эсвэл ямар нэг зүйл хийх гэж яардаг бол муур оршихуйн баяр баясгаланг мэдэрдэг.
Хил хязгаараа тогтоох
Муур өөрт нь тааламжгүй бол мэдрэмжээ шууд илэрхийлдэг. Хэрэв муур хүсээгүй бол та албадан эрхлүүлж чадахгүй. Энэ бол сэтгэл зүйн маш чухал чанар, өөрийнхөө дотоод амар амгалангийн хил хязгаарыг маш сайн тогтоодог амьтан.
Аниргүйн гоо үзэсгэлэн
Нохой чимээ шуугиан, хөдөлгөөний бэлгэдэл бол муур аниргүй, амгалангийн бэлгэдэл. Муур огт чимээ гаргалгүй явдаг. Асаатай мянган зул дундуур нэгийг нь ч унтраалгүй, бас өөрөө өртөлгүй гараад явчихна. Энэ чадвар нь хүн өөрийнхөө дотоод руу өнгийж, орчноо гүн гүнзгий ажиглаж нам гүм оршиход үлгэр жишээ болно.
Муурын энэ “зэвүүн” бөгөөд эрх чөлөөтэй чанар нь бидний зүүсэн баг, бусдад таалагдах гэж хичээсэн “Би”-г ичээдэг учраас монголчууд мууранд дургүй байж мэднэ. Бид нийгмийн хүлээлтэд автаж явахад, муур өөрийнхөө тааваар, хэний ч өмнө сүүлээ шарвалзуулахгүй амьдрах нь нэг бодлын атаархмаар, нөгөө бодлын “зэвүүн” харагдана. Муурын энэ зан чанараас бидний сурч болох “зэвүүн” атлаа хэрэгтэй гурван хичээл бий:
- “Таалагдах албагүй” гэдэг эрх чөлөө. Нохой таныг гэртээ ирэхэд баярлан,сүүлээ хөдөлгөж “Намайг хараач, би сайн байна уу” гэж асуудаг бол, муур нүдээ хагас нээгээд “Өө, чи ирчихсэн үү” гэж байгаа аятай хальт хараад буцаад унтаад өгнө. Энэ бол бусдын үнэлэмжээс хамааралгүйгээр өөрийнхөө үнэ цэнийг мэдэрдэг чадвар. Хүн ийм байж чадвал сэтгэлийн асар том эрх чөлөөг олж авна.
- Сэтгэлээ жолоодох. Муур гадаа бороо орж байсан ч, гэрт хүмүүс маргалдаж байсан ч өөрөө хүссэн үедээ л хүржигнэдэг. Муур бусдын сэтгэл хөдлөлд автаж, амар амгалангаа гээхгүй.
- Хэрэггүй зүйлд эрч хүчээ үрэхгүй. Муур өдөрт 16-20 цаг унтдаг. Залхуудаа биш, “хэрэггүй зүйлд анхаарал хандуулж, сатаардаггүй” чадвар. Муур хэнд ч хэрэггүй ярианд оролцохгүй, хэрэггүй маргаанд хошуу дүрэхгүй. Зөвхөн өөрт нь гарцаагүй хэрэгтэй хоол, хайр, тоглоом, халамжинд л бүх анхаарлаа зарцуулдаг.

Зэвүүн чанар ба гэгээрэл
Муурын энэ зан чанар буддын философийн “Өөртөө гэрэл болох” сургаалын амьд жишээ юм. Муур хүн баярлуулах гэж өөрийгөө өөрчлөхгүй, өөрийнхөө мөн чанарт үнэнч байна гэдэг бол хамгийн том “гэгээрэл” ч байж магадгүй.
Хүржигнэх урлаг
Австралийн зохиолч Дэвид Мичи “Далай ламын муур” номын цуврал “Хүржигнэх урлаг”-аараа муурын зэвүүн чанараар дамжуулан буддын философийг тайлбарлажээ. Дэвид Мичи буддын философийг зузаан судар, хүнд нэр томьёо ашиглалгүй муурын нүдээр, муурын зэвүүн чанар, мэдрэмжээр дамжуулан хүүрнэсэн нь уншигчийн ой тойнд амархан бууна. Муур бол байгалиас заяасан mindfulness буюу санамсрын багш. Муур хүн шиг ирээдүйд санаа зовохгүй, өнгөрсөнд харамсахгүй, зөвхөн “яг одоо”-доо оршдог. Энэ чадвар нь буддын бясалгалын хамгийн дээд зорилготой шууд нийцдэг учраас муур буддын философийг тайлбарладаг хамгийн төгс “багш” болж байгаа юм.
Муур гэр бүлийн гишүүн боловч хүмүүсийн өрсөлдөөн, амбиц, нийгмийн статус хөөцөлдсөн тоглоомыг тоохгүй. Номын гол баатар Цагаан арслан Далай ламын ордонд ирж байгаа ерөнхийлөгч, Холливүүдийнн од, энгийн сүсэгтэн хоёрыг ялгахгүй. Харин тэдний сэтгэлийн амар амгалан, түгшүүрийг мэдэрдэг. Хөндлөнгийн энэ ажиглалтаараа хүмүүс бидний үхэн хатан хөөцөлддөг зүйлс хэчнээн хийсвэр, бүр утга учиргүй гэдгийг тод харуулна. Дэвид Мичи муур хүржигнэхийг “сэтгэлийн дотоод амар амгалан”-ийн метафор болгон ашиглажээ. Хүн болгонд “хүржигнэх” чадвар бий, гагцхүү бид түүнийгээ мартчихсан байдаг гэдэг санааг муураар дамжуулан энгүүн илэрхийлсэн байна. Муур нялуун боловч шулуухан амьтан. Дургүй нь хүрвэл явчихна, таатай байвал хүржигнэнэ. Хүмүүс шиг баг зүүхгүй. Буддын философи хүнийг өөрийнхөө жинхэнэ мөн чанартай нүүр тулахыг уриалдаг. Муур өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрдөг зангаараа хүмүүст өөрийгөө хайрлахуйн үлгэр жишээ юм. Дэвид Мичи үүнийг том ламын сургаал маягаар бичсэн бол аргуун оргиж, уншигчдад хүнд тусах нь гарцааагүй. Цагаан арслан нэртэй, өхөөрдөм, биеэ тоосон, гэхдээ гэнэн ч юм шиг муурын дүрээр бичиж буддын философийг хөгжилтэй болгожээ.
Хэрэв та муур байсан бол хүмүүсийн юуг хамгийн их гайхах байсан бол? Өнөөгийн хүн төрөлхтөн аз жаргалыг үйлдвэрийн дамжлагаас гардаг бэлэн бүтээгдэхүүн шиг төсөөлдөг болжээ. Бидний амьдарч буй энэ цаг үе амжилт, эд хөрөнгө, алдар нэр, махан биеийн таашаалыг “аз жаргалын жор” хэмээн тунхаглаж, энэ бүхниийг бүрдүүлэх аваас амьдрал нь бүрэн дүүрэн болно гэдэг хийрхүү номлолыг нийгмийн оюун санаанд суулгасан байна. Гэвч хүн хэчнээн ихийг хураах тусам төдий чинээ хоосон оргиж, хэчнээн өндөрт гарах тусам төдий чинээ ганцаарддаг. Номын гол баатар Цагаан арслан тухайн нөхцөл байдал, өөрийг нь харж байгаа хүний өнцгөөс хамаарсан хэд хэдэн нэртэй. Буддын философийн “Би” гэж тогтсон зүйл үгүй, юмс үзэгдлийн нэрийтгэл харьцангуй шинжтэй гэдэг санааг тэр олон нэр нь илэрхийлдэг:
1. Дээрхийн гэгээнтний муур. Албан ёсны, бүгд мэддэг нэр. Ордонд ирсэн лам хуврагууд, гадны зочид “Гэгээнтний муур” гэж дуудна. Энэ нэр асар их хариуцлага, бас биеэ тоох бахархал төрүүлдэг. Гэвч Далай лам энэ нэр бол бусдын өгсөн тодорхойлолт болохоос өөрийнх нь жинхэнэ мөн чанар биш гэдгийг аажмаар ойлгуулна.
2. Цагаан арслан. Далай ламын хайрласан нэр. Цагаан арслан бол Төвөдийн соёлд хүч чадал, эр зориг, амар амгалангийн бэлгэдэл болсон домгийн амьтан. Хэдий гудамжаас олдсон золбин муур боловч Далай лам дотоод “эрхэмсэг, аугаа” чанарыг нь олж харж тийн нэрлэжээ. Үүгээр хүн бүрийн дотор “Будда” буюу гэгээрэх мөн чанар бий гэдэг санааг илэрхийлжээ.
3. Ринбүчи. Далай ламын шадар туслахууд, лам нар тоглоом шоглоомоор “Ринбүчи” (эрдэнэт хүмүүн) гэж дууддаг. Яагаад гэвэл тэр муур Далай ламын сургаалыг хамгийн ойроос сонсож, юунд ч сатааралгүй гүн “бясалгадаг” юм.
4. Муурын нууц мөн чанар. Номын явцад муур өөрийгөө өөр өөрөөр мэдэрнэ. Үхлийн ирмэгээс аврагдаж, Гэгээнтний өвөр дээр суудаг болсон учир дэлхийн хамгийн азтай муур; хүмүүсийн нууц, дотоод сэтгэлийн зөрчлийг хэнээс ч илүү мэдэрдэг тул ажиглагч; бусдыг тайвшруулж, хүржигнэдэг ажилтай болохоор хүржигнэдэг багш гэж өөрийгөө тодорхойлно.
Зохиолч Дэвид Мичи муураар дамжуулан хүний нэр алдар, цол хэргэм, ажил төрөл бол зүгээр л шошго гэдгийг хэлж өгнө. Бид өөрсдийгөө захирал, ажилгүй хүн, амжилттай яваа гэх зэргээр тодорхойлчихоод эргээд тэрэндээ баригдаж зовдог. Цагаан арслан шиг тийм шошгыг тоглоом мэт хүлээн авч, дотоод мөн чанараа хадгалан тааламжтай хүржигнэж сурвал амьдрал илүү хөнгөн болох аж.
Өгөөмөр сэтгэл ба амар амгалан
Өгөөмөр сэтгэл бол буян. Өгөөмөр сэтгэл гэдэг нь бусдад мөнгө өгөхийн нэр биш гэдгийг номын төгсгөл хэсэгт өгүүлжээ. Цагаан арслан байгаа байдлаараа, зүгээр л хэн нэг хүний өвөр дээр гарч хэвтээд хүржигнэж, тэр хүнийг тайвршуулдаг, хайрлаж байгаа нь тэр ажээ. Бусдад өгөх хамгийн том бэлэг бол таны амар амгалан. Хэрэв та амар тайван байвал, эргэн тойрныхон чинь дагаад тайвширна. Үүнээс илүү өглөг гэж үгүй ажээ.

