ТОМ БАТЛЭР-БОУДОН: НОМ НЭРЭГЧ
Өнөөдөр манайд “контент бүтээгч” гэдэг шинэ давхарга бий болжээ. Тэд философи ярьдаг. Сэтгэл судлал ярьдаг. Эдийн засаг ярьдаг. Гэхдээ эх сурвалжаа уншсан уу? Хүн арван жил бодож бичсэн бүтээлийг 10 минутын видео болгон шахах нь боломжтой ч охь шимгүй, нүнжиггүй, ухааралгүй үлдэнэ. Том өөрийгөө гүн рүү орж, эрдэнэсийг гаргаж ирдэг уурхайчин гэдэг.
Өнөөдрийн хүмүүс мэдээлэлд живжээ. Хурууны үзүүрээр хэдэн зуун номын точвлолыг уншчихаж байна. Хиймэл оюун хэдхэн секундэд “гол санааг” нь гаргаад өгчихнө. Подкаст, видео, пост гүйлгээд мэдээлэл авчихна. Дээр нь монголчууд дэлхийн хамгийн “сошиал философитой” ард түмэн. Facebook хахаасан эшлэл. Instagram эрээлжлүүлсэн “мотивэйшн”. TikTok дүүрэн “амжилтын нууц”. Авчиг эх сурвалж бүтэн уншсан хүн ховор. Бид номын агуулгыг үнэхээр ойлгосон уу, эсвэл зүгээр л платформ хэсээд байна уу гэдэг асуулт аяндаа гарна. Австралийн автор Том Батлэр-Боудон энэ асуултад хариу өгөх гэж хичээдэг эр. Том номыг товчилдоггүй. Том номыг нэрж охийг нь авахыг хичээдэг. Номыг товчилбол мэдээлэл хасагдана. Номыг шүүн тунгаавал мөн чанарыг нь авч үлдэнэ. Энэ хоёрын ялгаа нь философи.
Мэдээлэл ба мэргэн ухаан
Монголчуудын уламжлалт ахуйд “мэдээлэл” хомс. Мэргэн ухааныг дээдэлдэг. Нүүдэлчинд илүү ачаа тээр. Тиймээс амьдралд зайлшгүй хэрэгтэй зүйлийг бяслаг шиг шахаад авч үлддэг. Томын хийдэг ажил үүнтэй төстэй. Том хэдэн зуун номын шүүсийг шахаж, цаг хугацаанд үл элэгдэх шүншгийг нь шүүж авдаг. Том Батлэр-Боудон бол номын ертөнцийн нүүдэлчин. Өнөө цагийн уншигч бид мэдээллийн метрополист амьдарч байна. Мэдээлэл бүхэн хуримтлагдана. Хадгалагдана. Даанч сэтгэлд шингэхгүй. Ийм нөхцөлд мөн чанарыг нь ялгаж харах оюуны дархлаа хэрэгтэй.
Оюуны дархлаа ба чанар
Чанар гэдэг та амьдралаараа дамжуулж ямар “үнэн”-ийг илэрхийлж буйгаар хэмжигдэнэ гэж Том Батлэр-Боудон хэлжээ. Энэ бол өнөөдрийн “амжилт” гэх хийрхэлд тавьсан зөөлөн боловч гүнзгий шүүмжлэл, бидэнд тэмдгийн төдий үзэгддэг оюуны дархлаа юм. Монголд сүүлийн 30 жил амжилт гэдэг үг гадаад өнгө үзэмж буюу албан тушаал, орлого, хөрөнгөөр хэмжигдэх болсон. Философи өөр шалгууртай. Энэ бол гаднаас ирж буй “баян байх ёстой”, “амжилттай харагдах ёстой” гэдэг хиймэл шахалтаас өөрийгөө хамгаалах чадвар юм. Та өөрийнхөө итгэл үнэмшлээр амьдарч чадаж байна уу? Энэ л асуулт таны оюуны дархлааг тодорхойлно.
Чанар бол тоо биш, агуулга. Миний бүтээл хүмүүст ямар тус болох вэ, Миний ажилд ямар нэг худал хуурмаггүй, цэвэр “үнэн” чанар байна уу гэдэг асуултыг философи эргэцүүлэлтэй андуурч болохгүй. Мэдээллийн үерт живэхгүй, өөрийнхөөрөө үлдэхийг л жинхэнэ оюуны дархлаа гээд байгаа юм. Ийм дархлаа тогтсон цагт гадаад өнгө үзэмж сонин биш болж, дотоод мөн чанар таны амжилтын гол хэмжүүр болж хувирна.

Үзэл суртал бол оюуны залхуурал
Том “Үзэл суртал бол оюуны залхуурал” гэж чухам онож хэлжээ. Сүүлийн гучин жилд бид капитализм, ардчилал, зах зээл, эрх чөлөө, уламжлал, үндэсний үзэл, барууны үнэт зүйл, зүүний шүүмжлэл гээд бүгдийг ярьсан. Авчиг эдгээр ойлголтын суурь Платон, Смит, Маркс, Хайдэггэр, Фройдыг уншсан нь хэд вэ? Монголчууд зүүн, баруун, үндэсний, либерал гэдэг шошго бушуухан духан дээрээ наадаг. Хүн жаахан судалж, хэсэг бодоод “ойлгочихлоо” гэж андуурдаг. Тэгээд яг тэндээ царцдаг. Монголын нийгэмд энэ үзэгдэл элбэг. Зүүн үү, баруун уу. Чөлөөт зах зээл үү, төрийн оролцоо юу. Уламжлал уу, орчин үе үү. Гэтэл бодит амьдрал нэг шугамаар явдаггүй. Хүн бол олон давхар хэрэгцээтэй амьтан. Бид өөрөөрөө байх хүсэлтэй. Гэхдээ бас аль нэг хаягт харьяалагдахыг хүсдэг. Нэг л үнэт зүйлээр бүхнийг тайлбарлах оролдлого бол турьгүй сэтгэлгээний шинж. Философи бол байнга эргэлзэх зориг юм.

Номын уурхайчин
Өнөөдөр манайд “контент бүтээгч” гэдэг шинэ давхарга бий болжээ. Тэд философи ярьдаг. Сэтгэл судлал ярьдаг. Эдийн засаг ярьдаг. Гэхдээ эх сурвалжаа уншсан уу? Хүн арван жил бодож бичсэн бүтээлийг 10 минутын видео болгон шахах нь боломжтой ч охь шимгүй, нүнжиггүй, ухааралгүй үлдэнэ. Том өөрийгөө гүн рүү орж, эрдэнэсийг гаргаж ирдэг уурхайчин гэдэг.
Өнөөдөр бид номыг “контент” гэж нэрлэх болжээ. Ном бол контент биш. Хүний олон жилийн бодол эргэцүүлэл, ухаарал бясалгалын дээж. Нүүдэлчин хоосон үг хэлдэггүй. Үгэн дотор үг, үхэр дотор гиваан гэж. Үг болгон давхар утгатай. Томын хандлага ч адил. Том зохиолч бүрт хүндэтгэлтэй ханддаг. Номыг эхнээс нь дуустал уншдаг. Эхний бүлгийг удаан, анхааралтай уншдаг. Яагаад гэвэл тэнд л зохиолчийн дуу хоолой, зорилго, өнгө аяс агуулагдаж буй. Гүйлгэж харахгүй, гүн шумбаж л ойлголт авна.
Товчлол ба гүүр
Бидэнд өнөөдөр дутагдаж байгаа зүйл бол даруу зан. “Би уншаагүй” гэж хэлэх зориг. “Би бүрэн ойлгоогүй” гэж хүлээн зөвшөөрөх соёл. Философи бол үргэлж асуулт тавих чадвар. Бидний өмнө өнөөдөр нэг сорилт тулгарлаа. Мэдээллийн эринд амьдарч байгаа болохоор мөн чанарыг нь ялгаж харах чадвараа хадгалах ёстой. Сонгодог бүтээлүүдийг уншихгүй ч гол санааг нь ойлгож, амьдралтайгаа холбож чадвал оюуны соёл төлөвшинө. Том Батлэр-Боудоны бүтээл мэдээлэл цуглуулах шиг амархан ажил алга гэдэг хатуу сануулга бидэнд өгч байна. Мөн чанарыг ялгаж харах хэцүү. Үнэнийг илэрхийлэх бүр ч хэцүү. Тэгэхээр “Чи товчлолын нийгэмд амьдрах уу, эсвэл гүн шумбах зориг гаргах уу” гэдэг асуултад уншигч та хариулна. Томын Батлэр-Боудоны 50 Classics-ийн ард гарчихвал унших сэдэл төрнө. Ном бол эх сурвалж. Том Батлэр-Боудоны бүтээл бол тийшээ хүрэх гүүр.

