Орчин үеийн хүний хамгийн том эмгэнэл бол өнөөгийн асар их мэдээллийг ойлгоод байна гэдэг эндүүрдэл. Бид сонин уншина, подкаст сонсоно, сошиал ухна, бүтээмжийн тухай түмэн зөвлөгөө цээжилнэ. Ингээд илүү ухаалаг, илүү хурдан, илүү зөв шийдвэр гаргадаг болсон гэж итгэдэг. Үнэндээ бол яг эсрэгээрээ. Хүн төрөлхтөн хэзээ ч ийм их мэдээлэлтэй бас тэр дундаа төөрч орж явсангүй.

Энэ төөрөгдлийг эрүүл ухаанаар задлан шинжилдэг хүмүүсийн нэг бол Швейцарийн зохиолч, сэтгэгч Ролф Добэлли. Түүнийг self help захын сэтгэл засалч гэж ойлговол том эндүүрэл. Добэлли хүмүүсийг зоригжуулж, мөрөн дээр нь алгадаад “Чи чадна” гэж хөөргөдөг хүн биш. Хүний сэтгэлгээний бардам тэнэглэлийг задалж, амьдралын дэглэм нэртэй уралдааныг цэгцэлж, “илүү их хийх” донгоос “зөв хасалт хийх” ухаан руу дуудсан хүн.

Түүний “Цэгцтэй сэтгэх урлаг” ном дэлхий даяар уншигдсан. Сүүлд гаргасан “Хийж болохгүй зүйлсийн жагсаалт” нь өнөөгийн бүтээмж шүтсэн ертөнцийг цочтол алгадлаа. Манай цаг үе илүү их ажилла, илүү их амжуул, илүү их төлөвлө, илүү их хичээ гэдэг ганц төрлийн шашинтай болжээ. Харин Добэли “Та нар эхлээд илүү балай юм хийхээ больчих” л гээд хэлж байгаа юм.

Номын зохиолч ROLF DOBELLI

Хүний архаг өвчин: хэт өөртөө итгэх

Добэлли өөрийнхөө одоо хүртэл тэмцэж яваа хамгийн том сул талаа өөртөө хэт итгэх зан гэдэг. Энэ бол ганц түүний асуудал биш, бидний нийтлэг архаг өвчин. Хүн бүр өөрийгөө бодсноосоо арай ухаантай, арай хурдан, арай үр дүнтэй ажилладаг гэж төсөөлдөг. Маргаашийн ажлаа төлөвлөхдөө арван зүйл жагсаачихаад орой нь хоёрыг нь ч бүтэн дуусгалгүй унтдаг атлаа нөгөөдөр нь дахин л арван ажил төлөвлөдөг. Ингээд бүтээмжийн дэвтэр дүүрч, амьдрал дутуугаар дүүрэн үлдэнэ.

Хамгийн инээдтэй нь бид бүтэлгүйтлээсээ суралцдаггүй. Хүн хана мөргөчихөөд хананд бурууг өгөхөөс биш, хурдаа хэтрүүлчихлээ гэж боддоггүй. Тиймээс өдөр тутмын асар их ядаргаа, стресс, сэтгэл гонсойлт үнэндээ өөрийнхөө чадлыг хэтрүүлэн үнэлснээс үүдэлтэй. 

Хэт өөртөө итгэх нь зөвхөн хувь хүний асуудал биш, нийгмийн инстүүцийн үндсэн доголдол. Улстөрчид амласнаа биелүүлж чадна гэж боддог. Компаниуд зах зээлийг тооцож чадна гэж төсөөлдөг. Хөрөнгө оруулагчид өөрийгөө бусдаас ухаантай гэж итгэдэг. Хосууд “бидэнд асуудал гарахгүй” гэж эндүүрдэг. Эцэст нь амьдрал “Үгүй дээ” гэдэг ганц үгээр хариулдаг.

2018 онд НЭПКО компани орчуулан гаргаснаар олон уншигчдын ширээний ном болсоор байна.

Хүний тархи бол алдааны үйлдвэр

Сэтгэл судлалын салбарт Даниел Канэман, Амос Тверски нарын эхлүүлсэн танин мэдэхүйн гажуудлын судалгааг Добэли олон нийтэд ойлгомжтой хэлээр буулгасан. Утга нь маш энгийн. Хүн бол рациональ амьтан биш. Гэхдээ бүр эмх замбараагүй утгагүй амьтан ч бас биш. Харин тогтмол, системтэйгээр буруу сэтгэдэг амьтан.

Өөрөөр хэлбэл бидний алдаа санамсаргүй биш. Дандаа нэг ижил нүхэнд унадаг. Дандаа нэг ижил урхинд ордог. Дандаа нэг ижил худал үгийг өөртөө хэлдэг. Үүнийг л танин мэдэхүйн гажуудал гэдэг ажээ.

Добэллигийн хэлдгээр, эдгээр алдааг бүгдийг нь мэдэх албагүй ч хэдхэн гол зүйлийг нь ойлгосон байхад амьдрал арай цэгцэрнэ. Хүний зовлонгийн нэлээд хэсэг нь хувь заяанаас бус өөрийнх нь үйлдвэрлэсэн буруу сэтгэлгээнээс үүдэлтэй.  

“Ингэж ихийг зарцуулсан юм чинь хаяж болохгүй” гэдэг тэнэглэл

Добэлли буцааж нөхөх боломжгүй зардлын алдааг хамгийн аюултай гажуудлын нэг гэж үздэг. Монголчууд бидний өдөр тутмын алдааны нэг. Буруу харилцаанд дасчихсан учраас цэг тавьж чаддаггүй. Буруу мэргэжил сонгосноо ойлгочихоод “ингэж олон жил сурсан юм чинь” гээд үргэлжлүүлдэг. Ашиггүй бизнест мөнгөө шатаачихаад “энэ хүргэчихээд болиод яах юм” гэж зүтгэдэг.

Энд бол маш хэцүү логик. Өмнө нь зарцуулсан цаг, мөнгө, хүч хөдөлмөр чинь аль хэдийн үрэгдсэн. Буцаж ирэхгүй. Тийм атал хүмүүс үрчихсэн зүйлээ эргүүлж олж авах гэж үлдсэн амьдралаа зориулдаг. Энэ бол бизнест ч, гэр бүлд ч, их сургуульд ч, хөрөнгийн бирж дээр ч өдөр бүр тохиолддог үзэгдэл.

Хамгийн гунигтай нь бид “тууштай байна” гэдэг сайхан үгийг “буруу байсан ч буцахгүй зүтгэнэ” гэдэгтэй андуурчихсан. Уг нь тууштай байх сайхан. Гэхдээ буруу зүг рүү тууштай алхах нь удаан үргэлжилсэн төөрөгдөл.

Өртэй мэт мэдрүүлж байгаад барьж иддэг арга

Добэлли бас хариу барих сэтгэл гэдэг хүний занг онцолдог. Нэг хүн танд юм өгвөл аяганы хариуг нь өгөх ёстой мэт санагдана. Энэ бол соёл гэхээсээ бараг генийн түвшний механизм. Хүн төрөлхтөн ингэж хамтран амьдарч ирсэн учраас тэр. Гэхдээ яг энэ сайн чанарыг чинь зах зээл, маркетинг, худалдаа, зальтай хүмүүс маш сайн ашигладаг. Үнэгүй дээж өгнө. Үдийн хоолонд урина. Бэлэг явуулна. Тэгээд танд өрийн мэдрэмж суулгачихна. Дараа нь гэрээгээ тулгаж хийнэ.

Монголд ч энэ бол үзэгдэл хавтгай. Зарим нь “танилцъя”, “цай ууя”, “ахын дүү хоёулаа явъя” гэж эхлээд эцэст нь ашиг сонирхлоо шургуулдаг. Тэгэхээр асуудал үдийн хоолыг шийдвэр гаргуулах хахууль маягийн сэтгэлзүйн урхи болгож ашиглахад оршиж байна. Добэлли “шинэ хүн, шинэ санал, том мөнгө, том гэрээ орж ирвэл эхлээд баримтаа хар. Инээмсэглэхээсээ өмнө асуудлаа унш” гэдэг хатуу зөвлөгөө өгдөг.

Дараагийн цуврал болох "Сайхан амьдрах урлаг"

Self Help-ийн худал хуурмаг

Өөрийгөө хөгжүүлэх номын зах зээл бүхэлдээ ижил агуулгатай. Өглөө бүр эрт бос. Гүй. Бясалга. Витамин уу. Талархлын дэвтэр хөтөл. Ус уу. Тэмдэглэл бич. Дасгал хий. Сошиалаа хаа. Амьсгал. Инээ. Сунгалт хий. Хүйтэн шүршүүрт ор. Нэм, нэм, ахиад нэм.

Эцэст нь амьдрал чинь хуваарьт боолчлогдсон сургалтын бааз шиг болно. Аз жаргалгүй байсан хүн аз жаргалгүй хэвээрээ үлдээд, дээрээс нь цагийн дарамтанд орно. Добэлли “Амжилт, аз жаргалд хүрэхийн тулд амьдралдаа юм нэмж чихэхээсээ өмнө юу хасах вэ гэдгээ бод” гэдэг чанх эсрэг зөвлөгөө өгчээ. Сайхан амьдрал гэдэг сайн зуршлын нийлбэрээс гадна муу зуршлаа хассаны үр дүн юм.

Энэ санааг тэр Чарли Мангэрээс авчээ. Мангэр нэг удаа оюутнуудад “амжилтад хүрэх аргууд” ярихын оронд “амьдралаа сүйрүүлэх баталгаатай аргууд”-ыг жагсааж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл, энэ хэдийг битгий хий. Тэгвэл үлдсэн амьдрал чинь өөрөө аятайхан явчих магадлал өндөр гэсэн юм. Заримдаа ухаан гэдэг шинэ хаалга нээхдээ биш, буруу хаалгаар дахиж бүү ор гэсэн энгийн сануулга байдаг.

Суут ухаан биш, найдвартай чанар хүнийг авч явдаг

Добэллигийн хэлдэг хамгийн даруухан хэрнээ хатуу үнэний нэг бол “найдвартай байдал авьяасаас чухал”. Орчин үеийн нийгэм суут ухаан, гайхалтай санаа, онцгой авьяасыг дөвийлгөдөг. Гэвч амьдралын урт замд хүмүүсийг нураадаг хамгийн энгийн шалтгаан нь итгэл даадаггүй зан байдаг. Амласнаа хийдэггүй. Цагтаа ирдэггүй. Ажлаа дуусгадаггүй. Хариу өгөхгүй. Итгэл эвддэг.

Харин онц гойд биш ч гэсэн хэлсэндээ хүрдэг, даалгавраа хийдэг, хүн чанартай, итгэл даадаг хүн амьдралдаа хол явдаг. Тэр хүн тэрбумтан болохгүй байж магадгүй. Гэхдээ нурчихгүй. Сүйрчихгүй. Хүмүүс түүнтэй дахин ажиллана, дахин уулзана, дахин хамтарна. Эцсийн эцэст тогтвортой амьдрал гэдэг гайхамшигтай авьяасны биш, хугалаагүй итгэлийн үр дүн юм. Байдаг л нэг үг шиг сонстож магад. “Найдвартай бай” гэдэг сургаал TikTok-ийн эшлэл шиг сүртэй биш. Гэхдээ амьдрал ихэнхдээ уйтгартай мэт сонсогдох үнэн дээр тогтдог.

Зорилгоо мэдэхгүй хүн хэзээ ч зөв бууж өгч чаддаггүй

“Битгий бууж өг” хэмээх үг манай үеийнхний дунд хий хоосон уриа болон хувирчээ. Гэтэл зарим тохиолдолд бууж өгөх нь оюун санааны хувьд эрүүл, тунгалаг байгаагийн илрэл юм. Гэхдээ хэзээ болих, хэзээ үргэлжлүүлэхээ яаж мэдэх вэ? Добэлли амьдралын зорилгоо тодорхой болго гэж хариулжээ. Хэрвээ зорилго чинь бүдэг байвал ямар ч тууштай байдал зүгээр л сохор зүтгэл болно. Чи өөрийнхөө мөн чанар, давуу тал, чадвараа мэдэхгүй бол юуны төлөө зүтгэх ёстойгоо ч ойлгохгүй

Эндээс л Чарли Мангэр, Уоррэн Баффэтын ярьдаг чадварын тойрог гэдэг ойлголт гарч ирнэ. Чиний чадвар дунджаас илүү гарах жижигхэн хүрээнд багтана. Тэр хүрээгээ мэд. Тэр хүрээнийхээ захыг ч бас мэд. Хүн бүхнийг чадна гэж итгэх нь урам өгдөг худал хуурмаг. Харин хүн юуг чадахгүйгээ мэдэх нь амьдралыг нь авардаг үнэн.

Монголд энэ санаа маш чухал. Манайд өөрийгөө танихын оронд өөрийгөө сурталчлах нь их болсон. Чадварын тойргоо тодорхойлохын оронд “би бүгдийг чадна” гэдэг хийрхэл давамгайлдаг. Эцэст нь хүн мөрөөдлийн төлөө үхэн хатан зүтгэж, өөрийн биш амьдралаар амьдарч дуусдаг.

To-do list бол өөрийгөө хуурах хамгийн боловсон арга

Өнөөдрийн бүтээмжийн шашны гол шүтээн бол to-do list. Өдөр бүр жагсаалт гаргана. Хажууд нь дөрвөлжин нүд зурна. Тэгээд өөрийгөө удирдаж байна гэж баярлана. Үнэндээ тийм жагсаалтын ихэнх нь өөрийнхөө тухай сайхан төсөөллийн жагсаалт байдаг.

Добэлли харин “жагсаалт бүү хий, хуанли дээр тэмдэглэ” гэж зөвлөжээ. Энэ ажилд хоёр өдөр орно гэж бодож байвал календарь дээр хоёр өдрийг тэмдэглэ. Дараагийнх нь гурван өдөр бол мөн адил. Тэгээд чи гэнэт “хүссэн бүхнээ хийхэд амьдрал хүрэхгүй юм байна” гэдэг үнэнийг олж харна. Гэлээ гээд гуниглаад хэрэггүй, харин ч чөлөөлөгдөх ёстой үнэн. Яагаад гэвэл боломжгүй төлөвлөгөөг биелүүлэх гэж өөрийгөө хуурснаас стресс үүсдэг.

Хүсэл байж болно, хүлээлт бага байх ёстой

Добэллигийн бас нэг хурц санаа бол хүсэл ба хүлээлт хоёрыг салгах. Хүн олон хүсэлтэй байж болно. Энэ бол амьдралд байдаг л зүйл. Гэхдээ хүсэл бүрийг хүлээлт болговол бие чинь буцаад торгууль төлж эхэлдэг. Хүлээлт талаар болох бүрт уур, гомдол, стресс, бухимдал үүснэ. Үүнийг торгууль гээд байгаа юм.

Ялангуяа харилцаанд. Хүмүүс хайртай хүнээ хүн биш, харин өөрийнх нь захиалгаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн шиг төсөөлдөг. Тэгээд нөгөөх нь тэр стандартад нь хүрэхгүй болохоор харилцаа нурна. Үнэндээ харилцааг сүйтгэдэг нь хайр дутсандаа биш, хүлээлт хэтэрснээс үүдэлтэй. Тиймээс Добэлигийн “их хүсэж болно, бага хүлээ” гэдэг санаа бол бараг гэгээрлийн түвшинд очно. Чадвал бүр огт хүлээлтгүй амьдар. Энэ бол идэвхгүй бай гэсэн үг биш. Бүх хүчээ шавхчихаад, үлдсэнийг нь хорвоогийн мэдэлд үлдээ гэсэн үг.

Мэдээ уншихаа боль гэдэг эрүүл ахуйн зөвлөгөө

Добэлли “мэдээ бүү унш” гэдэн ном бичээд бөөн хэл ам дагуулсан. Манай эрин үед энэ бол бараг нүглийн чанартай ном. Мэдээлэлтэй байхыг иргэний ухамсар гэж сурталчилсан цаг үед “мэдээгээ боль” гэдэг бол хариуцлагагүй зөвлөгөө мэт. Гэхдээ тайлбар нь тун эвгүй бас үнэн. Добэлли олон мэдээ уншчихаад “Энэ мэдээ амьдралдаа зөв шийдвэр гаргахад минь хэрэг болсон уу. Би дэлхийг үнэхээр илүү сайн ойлгочихов уу” гэдэг хоёр асуулт өөртөө тавьжээ. Хоёр асуултын хариулт хоёулаа “үгүй”.

Мэдээ ойлголт өгдөггүй, ойлгож байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг. Дэлхийн үйл явдлыг нухацтай уншлага, том нийтлэл, ном, судалгаа, эксперттэй хийсэн яриа илүү ойлгуулдаг. Харин мэдээний бизнес-модель бол таны анхаарлыг хулгайлах. Хамгийн хямд бөгөөд үр дүнтэй арга нь сөрөг мэдээ. Дайн, хямрал, осол, сүйрэл, маргаан. Ингээд хүн мэдээний редакцийн айдсаар шүүсэн ертөнцийг харж эхэлдэг. Өнөөдөр мэдээ их үздэг хүн дэлхийг илүү сайн мэддэггүй, харин илүү их түгшдэг нь гарцаагүй үнэн.

2020 онд Ковидын үеэр НЭПКО-ийн хамгийн олон уншигчтай ном болсон.

Амьдралын чанарыг хэмжих хоёрхон хэмжүүр

Добэлли “өв” үлдээхийг бараг тоодоггүй. Хорин жилийн дараа хүмүүс намайг мартана гэж хэлдэг. Энэ бол бодитой байдал. Хүн бүр тайзнаас бууна. Хариулт нь чамайг санах эсэхэд биш, чи яаж амьдарсан бэ гэдэгт байгаа юм. Добэлли “Амьдралын чанар хоёр зүйлээс хамаарна. Нэгдүгээрт, таны бодлын чанар. Хоёрдугаарт, таны харилцааны чанар” гэжээ. 

“Үнэндээ өндөр орлого, албан тушаал, нэр хүнд, сошиал дүр төрх бол амьдралын дагалдах үзэгдлүүд. Харин чиний дотоод ертөнц болон бусадтай тогтоосон харилцаа хоёр нурвал бусад нь ердөө л гоё чамин боодолтой хоосон хайрцаг” гэж Ролф Добэлли хэлсэн. Добэлли шинэ ид шид амлааггүй. Харин хуучин төөрөгдлүүдийг нэг нэгээр нь зааж өгсөн. Хэт өөртөө итгэхээ боль. Зарцуулсан зардалдаа бүү хүлэгд. Хүний итгэл найдварыг алдаж болохгүй. Буруу зүйл дээр зүтгэхээ боль. Жагсаалтаар өөрийгөө хуурахаа боль. Хэт өндөр хүлээлтээр амьдралаа бүү сөнөө. Мэдээний хордлогод битгий орчихоорой. Тэгвэл даруухан атлаа бат бөх амьдралтай болно гэж хэлэх байсан байж магадгүй.