Робэрт Блай: Төмөр Жонсоны “адгууслаг” эцэг
Түүний 1962 онд гарсан анхны томоохон ном Silence in the Snowy Fields дээрхийг Америкт тунхагласан. Миннесотын цаст тал, өвлийн нам гүм, ганцаардлын аясаар дүүрэн энэ номыг уншихад бараг юу ч өрнөхгүй юм шиг атлаа хүний дотор асар их зүйл хөдөлнө. Блайгийн шүлэг сүржин биш. Уншаад “Пөөх, ямар мундаг хэлээ вэ” гэж уулга алдахгүй. Харин “Яагаад ч юм энэ мөр миний сэтгэлийн хөндүүр газрыг олчихлоо” гэдэг мэдрэмж төрүүлнэ. Тэр ч утгаараа Блай бол шүлгийг чамирхлаас салгаж, амьдралын анхны долгион руу аваачсан найрагч.
Америк гэдэг улс заримдаа сод хүмүүсээ хэтэрхий оройтож ойлгодог. Амьд ахуйд нь “хачин этгээд”, “хэл ам таталсан”, “бэлгэдэл зүйд автсан”, “эрчүүдийг ойд аваачиж уйлуулдаг нөхөр” гэж шоолно. Нас барсных нь дараа гэнэт ухаан орсон мэт “домог”, “үлэмж нөлөөтэй сэтгэгч”, “үеийнхээ хамгийн өвөрмөц яруу найрагч” гэж цоллоно. Робэрт Блай яг ийм хувь тавилантай хүн байлаа.
Роберт Блай нэг талаасаа Миннесотын цасан талд ганцаар зогсож, нам гүмийн чимээг анирладаг яруу найрагч. Нөгөө талаасаа Вьетнамын дайны үеэр Америкийн төрийн сүржин худал үгийг сөрсөн эсэргүү дуу хоолой. Гурав дахь дүрээрээ бол Юнг, ах дүү Гримм, домог үлгэр, архетип ярьж орчин үеийн эрчүүдийг “та нар язгуурын адгууслаг хүн чинь үхчихэж” хэмээн сэрээсэн хэл ам дагуулсан номын зохиогч. Ийм олон дүр нэг хүний биед орших нь Америк маягийн парадокс.
Робэрт Блай 1926 оны арванхоёрдугаар сарын 23-нд Миннесота мужийн баруун хэсэгт, Норвегийн цагаач тариачдын гэр бүлд төржээ. Энэ өгүүлбэрийг намтар гэж ойлгож болохгүй ч яруу найргийнх нь хөрс энд бий. Том хотын кафе, их сургуулийн онол, шүлгийн семинарын чамин мэтгэлцээнээс илүү ферм, салхи, цас, нам гүм, хүний дотоод хоосрол, ганцаардал Робэрт Блайг яруу найрагч болгожээ. Блайгийн шүлгээс байсхийгээд л цас, тал, нуур, намрын мод, усны харанхуй мандал, чимээгүй ширтэх морь уншигддаг нь учиртай. Робэрт Блай байгалийг тайлбарладаггүй, байгалиар дамжуулж хүний сэтгэлийн онгорхой цоорхойг өгүүлдэг.
Дэлхийн II дайнаар тэнгисийн цэрэгт хоёр жил алба хаахдаа үеийнхээ олон америк эр шиг төр, эр зориг, хүчирхийлэл гэдэг ойлголтыг хажуунаас нь хараа биз. Дайнаас хойш St. Olaf College-д сурч, дараа нь Harvard төгсөж, Iowa-д магистр хамгаалжээ. Harvard-д байхдаа Доналд Холл, Адриэннэ Рич, Жон Эшбэри нарын хожим нэрд гарсан яруу найрагчидтай нөхөрлөсөн. Өөрөөр хэлбэл Америкийн утга зохиолын элит орчинд байсан. Гэхдээ элит хүрээлэлд багтсан хүн бүхэн элитийн хэлээр ярьдаггүй. Блай Америкийн модернист яруу найргийн хэт оюунлаг, эшлэлээр хахсан, толгойгоороо бичдэг донгоос салах гарц хайсан хүн.
Энэ эрэл 1956 онд Fulbright-ийн тэтгэлгээр Норвеги явснаар гүнзгийрчээ. Тэндээс Европ, Латин Америкийн яруу найргийг англи хэл рүү орчуулж Америкийн яруу найргийн танхимд салхи оруулсан юм. Пабло Нэруда, Сэсар Вальэхо, Федерико Гарсиа Лорка нарыг англи хэлт ертөнцөд ойртуулсан нь Блайгийн нэг гавьяа. Америкийн яруу найраг дуулсан дуундаа өөрөө уярчихсан, нэг профессорын үгийг улиглан давтсаар хатингаршиж байхад Блай өмнөдийн халуун цус, Испанийн харанхуйн бэлгэдэл, Латин Америкийн шарх, хүний ухамсаргүй ай савын дүрслэлийг чирч авчирсан. Өөрөөр хэлбэл Америкийн яруу найрагт цус сэлбэсэн юм.
Түүнийг Deep Image (гүн дүрслэл) урсгалын гол төлөөлөгч гэдэг. Яруу найрагч утгаа лекц шиг тайлбарлахгүй, дүрсээр хүний сэтгэлийн гүн рүү орно гэдэг энгийн санаа. Морь, харанхуй нуур, салхинд бэдэртэх ус, үүрээр хөвөх завь хүний амьдралын тухай бүтэн философиос илүүг хэлнэ. Энэ бол модернистуудын оюуны цамхгаас бууж, сэтгэлийн агуй руу орж байгаа хэлбэр. Шүлэг бол яруу найрагчийн ухааныг гайхуулах хэрэгсэл биш, хүний дотоод ертөнцөд аянга буулгагч байх ёстой гэж Блай үзсэн.
Түүний 1962 онд гарсан анхны томоохон ном Silence in the Snowy Fields дээрхийг Америкт тунхагласан. Миннесотын цаст тал, өвлийн нам гүм, ганцаардлын аясаар дүүрэн энэ номыг уншихад бараг юу ч өрнөхгүй юм шиг атлаа хүний дотор асар их зүйл хөдөлнө. Блайгийн шүлэг сүржин биш. Уншаад “Пөөх, ямар мундаг хэлээ вэ” гэж уулга алдахгүй. Харин “Яагаад ч юм энэ мөр миний сэтгэлийн хөндүүр газрыг олчихлоо” гэдэг мэдрэмж төрүүлнэ. Тэр ч утгаараа Блай бол шүлгийг чамирхлаас салгаж, амьдралын анхны долгион руу аваачсан найрагч.
Driving to Town Late to Mail a Letter шүлгийн мөрүүдийг нь хүмүүс байнга эш татдаг. Цастай шөнө хот руу захиа хүргэх гэж явахдаа ганцаардлын нууц таашаалыг мэдэрч буй тухай энэ шүлэг сүрхий юм өгүүлэхгүй. Гэхдээ энгийн байдлаараа орчин үеийн хүний ор тас мартсан мэдрэмжийг сэрээдэг. Бидэнд өнөөдөр тайлбар, тайлбарын тайлбар, сэтгэгдэл, хариу сэтгэгдэл, подкаст, клип, шуугиан, байр суурь, жиргээ, реакшн бүгд байна. Гэтэл нам гүм л алга. Блай тэр нам гүмийг шүлэг болгосон юм.
Робэрт Блай цас ширтээд суудаг бясалгагч биш. Вьетнамын дайны үеэр Америкийн төрийн ёс суртахууны доройтлыг ил шулуун шүүмжилж, дайны эсрэг хүчтэй дуу хоолой болж гарч ирсэн. 1968 онд хэвлэгдсэн The Light Around the Body номоороо National Book Award хүртсэн нь дан ганц уянгын ид шид бус, яруу найргийг түүхэн мөчтэй холбож чадсны шагнал байв. Тэр номд бие, улс төр, хүчирхийлэл, айдас, дотоод харанхуй зэрэг сэдэв нэг дор багтсан юм. Байгалийн нам гүмийг бичдэг хүн дайны тухай бичихээр илүү аймшигтай сонсогддог ажээ.

Робэрт Блай байгалийн төрхийг үгээр зурж, Вьетнамын дайны эсрэг эсэргүүцлийг өдөөж, улмаар “адгууслаг эр зориг”-оо сэргээхийг уриалсан хэл ам таталсан эрчүүдийн хөдөлгөөнийг эхлүүлсэн хүн. Энэ тодорхойлолтод Блайгийн гурван гол дүр бүгд багтана. Яруу найрагч. Эсэргүүцэгч. Домог зүйч.
Хэрэв Блай “Төмөр Жон”-ыг бичээгүй бол Америкийн утга зохиолын хүрээнд хүндлэгдсэн, яруу найраг сонирхогчдын сэтгэлд мөртэй том найрагч хэвээрээ үлдэх байсан биз. 1990 онд “Төмөр Жон: Эр хүн болох аялал”-аа гаргаж утга зохиолын хүрээнээс халин олон нийтийн үзэгдэл болсон юм. Ах дүү Гриммийн үлгэрээс сэдэвлэж, Юнгийн архетип сэтгэлзүйгээр тайлбарлажээ. Энэ ном “орчин үеийн эр хүн дотоод адгууслаг, анхдагч, эрсдэл хүлээдэг, сэтгэлийнхээ гүнд орж, ухамсаргүйгээ хардаг хүчээ гээсэн; эцэг нь хүүгээ эр хүн болгодог уламжлалт зан үйлийн хэлхээ тасарсан; гаднаа гяланцаг дотроо паланцаг эрчүүдээр дүүрсэн. Иймээс эр хүн болох үйл явцыг үлгэр, архетип, ёслол, уй гашуу, ухамсрынхаа гүн рүү орж дахин сэргээх хэрэгтэй” гэдэг агуулгатай.
Энэ санаа Америкт тэсрэлт авчирсан. Ном нь New York Times-ийн бэстсэллэр жагсаалтад 62 долоо хоног байршжээ. Өөрөөр хэлбэл капиталист, прагматик, self-help номд донтсон нийгэм гэнэт Гриммийн үлгэр, Юнгийн ухамсаргүй, “адгууслаг эр” ярьсан нэг өвгөн яруу найрагчийн араас хошуурсан гэсэн үг. Энэ үзэгдэл өөрөө Америкийн эмгэнэл. Аавгүй өссөн, аав нь байгаа ч дотоод утгаараа эзгүй байсан нийгэмд эр хүний асар том зах зээл байгааг илчилж харуулсан.
Шүүмжлэл гарч л таарна. Зарим нь Блайг эр хүний асуудлыг хэт домогжууллаа, нийгмийн бодит эрх мэдлийн бүтэц, эмэгтэйчүүдийн тэмцэл, улс төрийн шалтгааныг орхигдууллаа гэж буруутгасан. Бас “эр хүний адгууслаг чанар” гэх мэт үгсийг буруу уншвал гомдсон эрсийн романтик гаслан болж хувирна. Ийм шүүмжлэлүүд ортой. Блайн тэр чигээрээ зөв байгаагүй. Гэхдээ суурь өвчнийг зөв оношилсон. Орчин үеийн хүн, ялангуяа эр хүн, өөрийнхөө сүүдэр, уй гашуу, догшин хүч, дотоод балар үеэсээ тасарсан байжээ. Тэгээд тэр тасархайгаа карьер, хэрэглээ, улс төрийн байр суурь, фитнэсс, эсвэл хуурамч мэдрэмжээр нөхөх гэж оролддог. Блайгийн номын үнэ цэн энд л бий.
Тэр Юнгийн архетипүүдийг шүлэг, үлгэр, эрчүүдийн сэтгэлзүйтэй холбосон. Self, Shadow, Anima, Hero, Wise Old Man гэх мэт ойлголтыг Америкийн поп соёлд нэвтрүүлсэн хүмүүсийн нэг нь Блай юм. Академик сэтгэлзүйч биш учир онолыг хуурай тайлбарлахаас илүү амьд дүрс болгож өгсөн. Түүний шүлэгт гардаг харанхуй ус, завь, морь, нуурын ёроолоос ирэх давалгаа бол зүгээр нэг байгалийн зураг биш. Ухамсаргүй, өнгөрсөн, дарагдсан хүсэл, өвөг дээдсийн айдас, дотоод адгууслаг чанар бүгд тэр дүрслэл дотор нуугдана.
Блайн нэг алдартай шүлэгт шөнөжин найзтайгаа архи уучихаад үүрээр завинд суугаад хэн нь илүү сайн шүлэг бичихээ үзэхээр нуур руу гарч буй тухай өгүүлдэг. Гарчиг нь хүртэл өгүүлбэр шиг урт. Гэтэл шүлгийн цөмд юу байна гэхээр “жинхэнэ олз”-оо хайж насан турш бэдэрсэн хүний дотоод аялал. Усан доорх эрдэнэс нь өөрийгөө нээх харанхуйн бэлэг. Морь тогтуун ширтэнэ. Эртний шувууны далавч шиг нэг юм сэтгэлд хөдөлнө. Энэ бол Блайгийн шүлгийн ид шид. Энгийн үгээр хүний сэтгэлийн гүн рүү нэвтэрдэг.
Амьдралынхаа ихэнхийг өнгөрүүлсэн Миннесотын гэр бүлийнх нь ферм бодлынх нь газардуулга болсон юм. Эхлээд Кэрол Блай, дараа нь Рюф Блайтай амьдарч, хүүхдүүдээ өсгөж, номоо бичиж, орчуулгаа хийж, шүлгээ уншсаар насны эцэст 2008 онд Миннесота мужийн анхны Poet Laureate цолтон болжээ. 2021 оны арваннэгдүгээр сарын 21-нд 94 насандаа нөгөө ертөнц рүү одов. Ийнхүү Америкийн нэгэн сонин өвгөн түүх болж үлджээ.
Гэхдээ Блайг ганц өгүүлбэрээр дүгнэвэл яах вэ. Блай бол байгалийг хараад мод, ус, цасыг биш хүний сэтгэлийн археологийг уншдаг яруу найрагч. Блай бол дайны эсрэг улс төрийн уриа биш, хүний ёс суртахууны гүн мэдрэмжээрээ эсэргүүцдэг сэхээтэн. Блай бол Европ, Латин Америкийн яруу найргийг Америкийн хэлэнд нутагшуулсан орчуулагч. Блай бол эр хүний талаар маргаан дагуулсан маш чухал асуулт тавьсан сэтгэгч. Блай бол дуугүй байх урлагийг, гүн рүү шумбах эр зоригийг, дүрслэлээр сэтгэл рүү нэвтрэх жимийг сануулсан хүн.

Энэхүү ном нь шинэчилсэн хэвлэл нь тун удахгүй худалдаанд гарна.
Өнөөдрийн ертөнцөд Робэрт Блайгийн үнэ цэн бүр өсөж магадгүй. Бидэнд өнөөдөр бүх юмны тухай санал байдаг ч дотоод туршлага алга. Бидэнд “контент” байгаа ч бясалгал алга. Бидэнд уур хилэн байгаа ч уй гашуугаа амтлах тэвчээр алга. Бидэнд эр хүний тухай сүртэй яриа байгаа ч эр хүн нас бие гүйцдэг дотоод нууц алга. Хүн дүрслэлээр, домгоор, нам гүмээр сэтгэлийнхээ гүн рүү нэвтэрдгийг Блайн шүлэг ч, маргаантай санаанууд нь ч сануулна.
Цас бударсан Миннесотын шөнө, алсын зам, машинтай өвгөн, очих хаяггүй ч яваад л байна. Америк хэмээх сүрлэг гүрнийг хөндлөн гулд нам гүмийн захиа тээж яваа хүн. Өнөө ч задраагүй захидал. Энэ бол Робэрт Блай.

