-Та Дарханд төрсөн юм билээ. Дархан сайхан хот. Мэдээж таны хувьд төрж өссөн хот тань том сэдэв байх л даа.

-Тийм, Дарханы уугуул хүн. Манай Дархан бол олон газраас цугласан залуусын нөр их хөдөлмөрөөрөө бүтээн байгуулсан хот. Өнөөдөр монголын хоёр дахь том хот болтлоо хөгжин дэвжиж байна. Түүх сөхвөл, манай аав тухайн үеийн Одесс хотын Агаараас эсэргүүцэн хамгаалах сургуулийг пуужингийн мэргэжлээр дүүргэсэн монголын анхны мэргэжилтнүүдийн нэг юм. Аав маань сургуулиа төгсөж ирээд 1971-1983 он хүртэл мэргэжлийнхээ дагуу Монголд хоёрхон байсан Зенит пуужингийн ангийн нэг болох “Ардын армийн 134 дүгээр анги”-д томилогдож, харвах пуужингийн мэргэжилтэн, батальон захирагчаар ажиллаж байсан. Тийм учраас миний хүүхэд насны олон дурсамжтай мөч Дарханд өнгөрсөн. Аав ажиллаж байх хугацаандаа 1980 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийн эчнээ ангид элсэн суралцаж, хуульчийн мэргэжил эзэмшсэн байдаг. Хуульч мэргэжилтэй, дээр нь цэргийн хүн байсан болохоор аавын давуу талыг харж, Улаанбаатар хотод Цэргийн прокуророор томилсон юм билээ. Ингэснээр манайх 1983 онд Улаанбаатарт шилжин суурьшиж, би нийслэлийн гадаад хэлний сургалттай 50 дугаар дунд сургуульд суралцаж төгссөн.

-Бүтцийн хувьд их сонин хот. Шинэ Дархан, хуучин Дархан гээд ...

-Дархан хотын гэх тэр соёл өнөөдрийн намайг бий болоход их нөлөөлсөн гэж боддог. Одооч Дархан хот хурдацтай хөгжиж байгаа. Дарханаас шилжиж ирээд би анх 24 дүгээр сургуульд орсон. Тэндээсээ 50 дугаар сургуульд шилжин суралцаж, төгссөн. Тэр үед сургуулиуд хэлний ангиуд нээж байсан үе. Дунд сургуулиа төгстөлөө франц хэлний ангид сурсан. Тэгээд их сургуульд орохдоо франц хэлний ангид элссэн юм. Өөрийгөө олон улсын харилцааны мэргэжилтэн, франц хэлний орчуулагч болно гэсэн л төсөөлөлтэй явсан. Надад аав маань их нөлөөлсөн. Аав хуульч, ээж багш. “Миний охин, хэлээ сурах уу, эсвэл аавынхаа мэргэжлээр явах уу” гэж надаас олон удаа асуусан. Ингээд л ярилцаж байгаад, МУИС-ийн Хуулийн сургуульд орсон. Тухайн үед аав цэргийн прокурорт ажиллаж байсан л даа. Би прокурорын нэр дээр сурсан. Ингэж миний амьдрал хуулийн сургуультай, энэ сайхан мэргэжилтэй холбогдсон. 

-Та одоо ч МУИС-ийн Хууль зүйн сургуульдаа давхар багшилдаг уу?

-Тийм, багагүй хугацаа. Хүний амьдралд нөлөө үзүүлдэг хүмүүс гэж байдаг. Жишээ нь, гэр бүлийн орчин хувь хүн бий болох явцад 25 хувь нөлөөлдөг. Мөн удам судар, эцэг эхийн нөлөөллийг25 хувь гэж уншиж байсан. 100 хувь гэж үзвэл 50 хувь нь гэр бүлийн орчин, хүмүүжилтэй холбоотой байх нь. Би прокурор аавын охин. Аавын маань нөлөө бага биш байсан. Багш хүнийг бүх цаг үед л хүндэлдэг байлаа шүү дээ. Энэ нь надад сайхан санагддаг. Гэхдээ би хуулийн сургуульд орохдоо багш болно гэсэн туйлын зорилго өөртөө тавьж байгаагүй. Нэгдүгээр курсээсээ л хичээнгүй оюутан байлаа. Даалгавар өглөө, хийлээ. Гүйцэтгэлийн түвшин ямар байгааг багш нар сайтар ажиглана. Ингээд л их сургуулиа төгсөх болоход багшлах саналыг багш маань надад тавьсан. Ингэжби багш болсон түүхтэй. Тэгснээрээ би буруудаагүй. Хуульч, багш гэдэг энэ хослол намайг бүтээсэн. 

-Яг таны намтрыг судлахад багшийн ажлын гараагаа эхлүүлсэн сургууль тань Улсын багшийн их сургууль юм билээ. Энэ ямар учиртай юм бол?

-МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийн шинэхэн төгсөгч Улсын Багшийн Их Сургуульд багш болж очиж байлаа. Ингэж багш болоход миний багш, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндорж багш их нөлөөлсөн. Өөрөө энэ талаар “Өлзий бид хоёрыг багш, шавийн барилдлагатай болгосон хүн бол эртний Грекийн сэтгэгч Аристотель” гэж дурсдаг юм. Багш эрх зүй, төрийн онолын хичээл заадаг байв. Нэг удаа бидэнд Аристотелийн “Политика” зохиолыг уншиж, юу ойлгосноо, бас хэрхэн сэтгэсэн талаар жишээ олж ирэх даалгавар өгсөн. Тэр даалгаврыг гайгүй сайн гүйцэтгэсэн гэж үнэлж, намайг тоосон юм билээ. Ингээд би их сургуулиа төгссөн жил багш руу УБИС-аас танил нь утасдаж, эрх зүйч багш хэрэгтэй байна гэсэнд намайг санал болгосон гэдэг. Би багшийнхаа алсын хараа, холч ухааныг биширдэг. Учир нь судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийх хүнийг хөгжүүлдэг хамгийн сайн арга бол багш болгох гэж үздэг. Багш хүн байнга эрэл хайгуул, судалгаа хийж, сурч мэдсэнээ хүнд түгээдэг.За, ингээд оюутны ширээнээс багш боллоо доо. Багшийн сургуульд дан ганц төрлийн хичээл заана гэж байхгүй. Онолын хичээл, эрүү, иргэн, захиргаа гээд салбар эрх зүй заадаг байлаа. Дөрвөн жил орчим багшилсан, маш их туршлага хуримтлуулсан. Багш болоод л багш нараа ойлгосон. Нэг хичээлийн агуулга бэлдэхийн тулд ямар их судалгаа, шинжилгээ хийдэг, хичээлээ амьдралтай хэрхэн холбох, асуудалд олон ургалч үзлийн үүднээс яаж хандах зэрэг тал бүрийн мэдлэг, ур чадвар шаарддагийг гүн гүнзгий ойлгож, мэдэрсэн он жилүүд байсан. Тэр үеэс л багшлах болон судалгаа, шинжилгээний ажлын дөртэй болсон.

-Багш байхын давуу буюу сайн тал нь юу юм бэ?

-Багш байх олон давуу талтай, бахархалтай ажил мэргэжил. Монголын ирээдүйг авч явах боловсон хүчнийг бэлддэг учраас багш хүн өргөн хүрээний гүнзгий мэдлэгтэй байх ёстой. Орчин үед бол нээлттэй мэдээлэл авах эх сурвалж, суваг их өргөн болсон учраас илүү нарийн мэдлэг, “мэргэжлийн байх”-ыг шаарддаг болсон. Багшид тавигдах ийм шаардлагад нийцүүлж өөрийгөө байнга хөгжүүлэх, цэнэглэх ёстой болж байна. Би багшийн ажлаараа үргэлж бахархдаг. Шавьгүй багш гэж үгүй ээ. Шавьдаа хайртай байх ёстой. Заах ёстой хичээлээ чанартай, сайн заах хэрэгтэй. Тэр бол шавийгаа хүндэлж, хайрлаж буй хэлбэр. Зөвхөн хичээл сурлага гэлтгүй хүнийх нь хувьд ч гэсэн хөгжүүлэхэд багш чухал нөлөөтэй. Тэгэхээр миний хичээл зааж байсан шавь нар улс эх орныхоо төлөө байж, ажил үүргээ сайн гүйцэтгэж байвал түүнийг бэлтгэсэн багш миний бахархал тэр. Би ер нь өөрөөрөө бахархдаг багш үзээгүй шүү. Бүгд л шавиараа бахархдаг.

-УИХ-ын Тамгын газар байгуулагдаад 33 жил болж байна. Энэ хугацаанд нэг ч эмэгтэй хүн Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаагүй. Та анхных нь. Яагаад эмэгтэй хүн энэ албан тушаалд огт томилогдож байгаагүй юм бол. Та юу гэж бодож байна вэ?

-Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент, түүний Тамгын газар үүсэн байгуулагдснаас хойш 33 жил өнгөрсөн байна. УИХ-ын Тамгын газар гэдэг бол яах аргагүй УИХ-ын ар тал болж ажилладаг. Зарим ажил нь ил харагддаг, зарим нь ил харагддаггүй. Монгол төрийн залгамж холбоо, парламентын уураг тархи болсон газар. Тэгэхээр энэ байгууллагыг удирдана, манлайлж ажиллана гэдэг миний хувьд өндөр хувь заяа, хариуцлага, нэр төрийн хэрэг байлаа. 1990 онд УИХ-ын Тамгын газар анх байгуулагдаад анхны тамгын газрыг нь та ч бас мэдэж байгаа байх. Монгол Улсын хөдөлмөрийн баатар Б.Чимид багш удирдаж байсан. Түүнээс хойш хамгийн нэр хүндтэй хуульч нар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга хийж байсан. Миний хувьд 2019 оны тавдугаар сарын 9-ний өдөр томилогдсон. УИХ-ын хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар орж, санал хураалтаар шийдэгддэг л дээ. Ингээд анхны эмэгтэй Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон. Яагаад эмэгтэй хүн өмнө нь томилогдож байгаагүй юм бэ гэж та асууж байна. Тэгэхээр хариулахаасаа өмнө Ерөнхий нарийн бичгийн дарга гэж яг хэн бэ, ямар чиг үүрэгтэй ажилладаг юм бэ гэдгийг ярих нь зөв гэж бодлоо. Ер нь аль ч улс орны парламентын тогтолцоонд Ерөнхий нарийн бичгийн дарга гэх албан тушаал байдаг. Энэ даргыг янз бүрээр нэрлэдэг. Захирал ч гэдэг. Парламентат ёс өндөр хөгжсөн улс орнуудад тамгын газрын дарга гэдэггүй. Ерөнхий нарийн бичгийн дарга гэж нэрлэдэг. Гэхдээ хэрхэн нэрлэхээсээ үл хамаарч парламентын захиргаа, зохион байгуулалт, гадаад дотоод харилцааны асуудлуудыг хариуцах гол үүрэгтэй гэж Олон улсын парламентын холбоо тодорхойлсон байдаг. Нэгсонирхолтой тоо хэлье. Өнөөдөр дэлхийн 193 улсын парламент Олон улсын парламентын холбоонд гишүүнээр элссэн. Тэдгээр улс орнуудаас парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга 54 эмэгтэй байдаг. 139 улсын парламентын Ерөнхий нарийн бичгийн даргаар нь эрэгтэй хүн ажиллаж байна. 30 хүрэхгүй хувь нь эмэгтэй байгаа биз. Харин сүүлийн таван жилийн хугацаанд Энэтхэг, Европын зөвлөл, Шри Ланка, Австрали, Финланд, Польш, Исланд зэрэг улсуудад анхны эмэгтэй Ерөнхий нарийн бичгийн дарга томилогдож ажилласан. Парламентат ёсны түүхийг аваад үзвэл өнгөрсөн зууны 60-аад он хүртэл дэлхий дээр парламентын эмэгтэй Ерөнхий нарийн бичгийн дарга байгаагүй. 1960-аад он хүртэл эмэгтэйчүүдэд төрийн болоод улс төрийн өндөр албан тушаал хаалттай байсан. Харин ч сүүлийн үед улс орнуудын парламентууд хүний эрх, жендэрийн асуудлыг чухалчилж, эмэгтэй Ерөнхий нарийн бичгийн дарга нарыг томилж байгаа. Гэхдээ л энэ тоо хангалттай нэмэгдэхгүй л байна. 

-УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга бол хариуцлагатай алба. Хууль тогтоох дээд байгууллагын арын нүсэр албыг зангидаж авч явдаг. Гэхдээ энэ ажил ил харагддаггүй. Тамгын газрын хэлтэс, нэгжүүд дотор шаардлагагүй гэмээр сул орон тоо байдаг уу?

-Төдийлөн ил харагдаад байдаггүй ажил гэдэгтэй санал нийлнэ. Далайц өргөн, үнэхээр нүсэр ажил. Хууль тогтоох байгууллага хууль батлах, баталсан хуулиа хэрхэн хэрэгжиж байгаад хяналт тавих, ард түмнийг төлөөлөх үндсэн гурван чиг үүрэгтэй. Улсын Их Хурал эдгээр чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь Тамгын газар бүх талын мэргэжил, арга зүйн зөвлөгөө, техник, зохион байгуулалтын дэмжлэг үзүүлэх хуулиар хүлээсэн үүрэгтэй. Энэ ажлыг Ерөнхий нарийн бичгийн дарга удирдаж, чиглүүлж явдаг. Тийм учраас шаардлагагүй хэлтэс, нэгж, албан хаагч гэж нэгээхэн ч үгүй.

-Парламентын гишүүд хууль санаачилдаг. Гэхдээ энэ ажлаа дан гадны хүчээр хийдэг гэдгийг мэднэ л дээ. Хууль бичиж өгдөг хуульчид ч байна. Өөрсдөө чадахгүй. Яг хууль бичнэ гэдэг өөрөө нарийн ажил. Тамгын газрын зүгээс гишүүдэд яг юугаар тусалдаг юм бэ?

-Хууль бүтээх гэдэг цогц үйл ажиллагаа. Тодорхой үе шатыг дамжих ёстой. Үгүй бол хууль бүтээх ажлын чанар доголдоно. Тийм учраас хууль бүтээх ажиллагааны үе шатны цаана тодорхой цаг хугацаа, хийгдэх алхам, ашиглах, зарцуулах хүн хүчний хийгээд материаллаг нөөц, хүчин чармайлт, дээр нь маш их мэдрэмж шаардагддаг.

Монгол Улсад хууль санаачлах эрхтэй гурван субъект бий. Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар. Хууль, тогтоолын төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх асуудлыг Хууль тогтоомжийн тухай хуулиар зохицуулдаг. Хуулийн тухай хууль гэж ч ярьдаг. Энэ хуульд заасан зарчим, шаардлагыг баримтлаад УИХ-ын гишүүн хуулийн төслөө хэнээр бичүүлэх нь өөрийнх нь бүрэн эрхийн асуудал. Мэдээж бүх гишүүд маань хуульчид биш учраас хууль зүйн техникийн нарийн асуудлууд дээр хуульчийн зөвлөгөө, туслалцаа авдаг. Зарим үед УИХ-ын удирдлага, гишүүдээс Тамгын газарт хандаж боловсруулж буй хуулийн төсөл дээрээ туслалцаа авах тохиолдол байна. Тамгын газрын ажлын гол цөм нь хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх буюу хуулийн төсөл парламентын хаалгаар орж ирэх тэр шатнаас эхэлдэг.

-Та тэгвэл тэр шатнаас хойших хууль батлах процессыг маш товчхон зураглаж өгөөч?

-За, тэгье. Хууль санаачлагч хуулийн төслөө боловсруулж дууссаныхаа дараа УИХ-ын даргад өргөн мэдүүлэх тов тогтоолгохоор УИХ-ын Тамгын газарт ирүүлдэг. Тамгын газрын Хууль, эрх зүйн газар Хууль тогтоомжийн тухай хуульд заасан шаардлагыг хангасан эсэхийг нягталж үзнэ. Шаардлага хангаж байгаа тохиолдолд сая УИХ-ын даргад хуулийн төслөө өргөн мэдүүлнэ. Улсын Их Хурлын Тамгын газрын гол ажил үүрэг энэ шатнаас эхэлдэг. Өөрөөр хэлбэл “хууль тогтоох” үйл явц эндээс эхэлж, хуулийн төсөл парламентын мэдэлд шилжинэ. Үүнээс хойш хийгдэх тухайн хуулийн төслийн талаарх Байнгын хороо болон нэгдсэн чуулганы хэлэлцүүлгүүд, шаардлагатай судалгаа шинжилгээ, эрх зүйн дүгнэлт гаргах асуудал, олон нийтийн хэлэлцүүлэг, нээлттэй сонсгол, амьдрал дээрх бодит нөхцөл байдалтай танилцах гээд олон ажлууд хийгддэг. Бас нэг чухал ажил нь салбарын эрдэмтэн судлаачдаар хэлэлцүүлж, саналыг авах байдаг. Энэ бүх үйл явцыг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар зохицуулдаг. Бид парламентыг дэг зөрчүүлэхгүй байх үүрэгтэй. Тийм ч учраас Ерөнхий нарийн бичгийн дарга нь тухайн парламентынхаа дэгийн зөвлөх байдаг. Хэрвээ дэг зөрчөөд батлагдчих юм бол тухайн хууль хүчингүй болно. Энэ бол парламентат ёсны суурь зарчим. УИХ хуулийн төслийг хэлэлцэж батлахдаа иргэд, олон нийтийн саналыг авах ажлуудыг өргөн хийдэг. Үүнд D-Parliament цахим системийг ашигладаг болоод жил гаруй болж байна. Өнгөрсөн хугацаанд 860 гаруй мянган иргэд хандаж, УИХ-аар хэлэлцэж буй хуулийн төслүүдтэй танилцаж, саналаа өгсөн. 

-Нээрээ -D-Parliament” чинь юу болж байна. Манай иргэд хэр зэрэг хэрэглэж хэвшиж байна.

-Энэ удаагийн парламент хууль тогтоох ажиллагаанд иргэдийн бодитой оролцоог хангах чиглэлээр олон санаачлага гаргасан. Түүний нэг нь “D-Parliament” цахим систем. “D” гэсэн нь “Democratic, Delibrative, Digital” буюу “Ардчилсан, Зөвлөлдөх, Цахим” гэсэн утгыг илэрхийлдэг. “D-Parliament” боловсруулж байгаа болон УИХ-аар хэлэлцэж буй хуулийн төслүүдийн талаарх бүхий л мэдээллийг багтаасан цахим талбар болсон. Ялангуяа өргөн баригдсан бүх хууль тогтоомжийн төслийг “D-Parliament” системд шуурхай оруулж хэвшсэн. Иргэд ч “D-Parliament”-д оруулсан хуулийн төсөлтэй танилцаж, саналаа идэвхтэй өгдөг болж байна. Системийн ач холбогдол, хэрэглээг таниулах зорилгоор иргэдэд зөвлөгөө, ашиглах зааварчилгааг тогмол өгдөг. Шинэ систем учраас байнгынхөгжүүлэлт, сайжруулалт хийгдэж явах ёстой. Өнгөрсөн 2023 оны аравдугаар сарын 17-ны өдөр системийн дараагийн шинэчлэлийг хийж, “D-ӨРГӨДӨЛ” гэсэн шинэ талбар нээгдсэн. ХБНГУ, БНСУ, Канад, Австрали, Англи, Швейцар зэрэг улс орнуудын туршлагыг судалж, олон нийтийн эрх ашгийг хөндсөн, нийгэмд тулгамдаж буй асуудлаар нийтийн цахим өргөдөл гаргах эрх зүйн орчныг бүрдүүлсэн. 2022 оны долдугаар сарын 05-ны өдөр Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт орсон. Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн “тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах; Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах; хуулийн төслийн талаар санал гаргах” эрхийг хуулиар баталгаажуулсан. D-Өргөдөл систэмээр дамжуулан гаргасан ажлын хэсэг байгуулах саналыг 33,000; Байнгын хороогоор хяналт шалгалт явуулах саналыг 70,000; хуулийн төслийн талаарх саналыг 100,000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол УИХ хэлэлцэж, зохих шийдвэр гаргана. Энэ бол “Монголд парламентын ардчиллыг бэхжүүлэхэд чухал нөлөөтэй, түүхэн үйл явдал” болсон. Үүгээрээ парламент иргэд рүүгээ улам ойртох нэг том алхам хийсэн. Одоо иргэдийнхээ өгсөн саналд хариуцлагатай хандаж, ажил хэрэг болгох ёстой. 

-Хуулийн төсөл боловсруулж, парламентаар хэлэлцүүлэхэд зориулж гишүүдэд мөнгө төлөвлөдөг байсан. Энэ төсөв хаагдсан уу?

-Хууль санаачлах эрхтэй гуравхан субъектийн нэг нь Улсын Их Хурлын гишүүн. Гишүүний үндсэн ажил нь Үндсэн хуулиар олгогдсон хууль санаачлах эрхээ хэрэгжүүлэх замаар ард түмний элчийн үүргээ гүйцэтгэх гэж ойлгож болно. Хөдөлмөрийн хуваарь нь тийм. Үндсэн ажил үүргээ төсөв нөөцгүйгээр хийдэг ямар нэгэн албан тушаал, ажил үүрэг гэж төрд байтугай, хувьд ч байхгүй. Улсын Их Хурлын гишүүдэд мэдээлэл сурталчилгаа, хуулийн төсөл боловсруулах, хэрэгжилтийг хянан шалгах чиглэлээр тодорхой хэмжээний төсөв байдаг. Гэхдээ хэвлэл мэдээллээр бичигдэж, иргэдийн дунд яригддаг шиг тийм их биш. 

-УИХ-ын Тамгын газраас хуулийн төсөл боловсруулагчийн сургалт явуулдаг болсон. Энэ сургалтыг залуу хуульчид их сонирхож байсан. Сургалтыг санаачилсан хүний хувьд та дэлгэрэнгүй ярьж өгөөч?

-Монголын парламентын шинэчлэлийн хүрээнд хийгдсэн бодлогын томоохон ажлын нэг нь хуулийн төсөл боловсруулагч бэлтгэх, чадавхжуулах явдал гэж ойлгож болно. Парламентын хувьд бол “амьдрах” чадвартай, нийгмийн харилцаанд зайлшгүй шаардлагатай хуулийг тогтоох нь эрхэм зорилго байдаг. Чанар чансаатай, нийгмийн шаардлагад нийцсэн хууль гаргахад хуулийн төсөл боловсруулагч буюу хуулийн эх бичвэр зохиогч хүний мэдлэг ухаан, ур чадвар, мэдрэмж, туршлага, хичээл зүтгэл онцгой чухал нөлөөтэй. Монголын төр, эрх зүйн түүхийн үүднээс авч үзвэл Богд хаант Монгол Улсын үед Засгийн газар Улсын дээд, доод хурлаар хэлэлцэх асуудлыг зохион боловсруулах үүрэг бүхий “Улсын хууль зохиох комисс”-ыг төрийн эрдэмт түшээд, шашны зүтгэлтнүүд оролцсон 16 хүний бүрэлдэхүүнтэйгээр 1915 оны тавдугаар сарын 5-ны өдөр байгуулж байсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг.Энэ түүхэн цаг хугацаанаас хойш 110 гаруй жилийн дараа хуулийн төсөл боловсруулагчийг анх удаа мэргэшүүлэн бэлтгэж эхэлсэн. Өнгөрсөн 2023 онд хоёр удаагийн сургалт явуулсан. Эхнийхээсээ эхлээд л хуульчдын дунд маш их эрэлттэй байгаа нь ажиглагдсан. Олон хүн энэ сургалтад хамрагдмаар байна гэж надад хандсан. Бидний хувьд эхний ээлжинд хуулийн төсөл боловсруулах ажиллагаанд түлхүү оролцдог Улсын Их Хурлын Тамгын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, бүх яамд, УИХ-ын харьяа зарим байгууллагын хуульчид, мэргэжилтнүүдийг хамруулсан. Аливаа сургалтад хоёр чухал зүйл байдаг. Эхнийх нь агуулга буюу хөтөлбөр. Хуулийн төсөл боловсруулахад шаардагдах онол, практикийг мэдлэгийг аль болох өргөн хүрээнд хамруулахыг зорьсон. Сайн хөтөлбөртэй болж авсан. Хөтөлбөрөө Монголын Хуульчдын холбоогоор магадлан итгэмжлүүлж, хуульчдын үргэлжилсэн сургалтын хөтөлбөрт багтсан учраас цаашид монголын хуульчид энэ хөтөлбөрөөр суралцах бололцоо бүрдсэн.

Дараагийн чухал зүйл нь багш. Хуулийн төсөл боловсруулагчийн сургалтын тухайд хууль зүйн салбарын тэргүүлэх эрдэмтэн, багш нар, хуулийн төсөл боловсруулах ажлын туршлагатай, өндөр ур чадвартай мэргэжилтнүүд, хуулийг амьдрал практикт хэрэглэдэг шүүгч нар ажилласан. Ингэж хуулийн мэргэжлийн олон талт байдлыг хослуулж чадсанаар төсөл боловсруулах явцад тулгамддаг олон зангилаа асуудлыг газар дээр нь тодруулж, мэдлэг ойлголт, ур чадвараа бататгах боломжийг суралцагчдад олгосон. Манай хуульчдын сургалтад хууль бүтээх талаар тусгайлсан хөтөлбөр бүхий цогц сургалт явагдаж байгаагүй юм билээ. Ерөнхийдөө л өмнөх практик, жишээнд тулгуурлаж хуулийн төсөл боловсруулах ажлыг хийж ирсэн нь ажиглагдсан. Хуулийн төслүүд УИХ-ын хэлэлцүүлгийн шатанд маш их өөрчлөгдөж, анхны үзэл баримтлал танигдахгүй болтлоо олон зарчмын зөрүүтэй саналууд хураагддаг алдааны эх үндэс энд байсан. Ийм алдаа гарч буйшалтгаан нөхцөлийг зөв оношилж, шийдлийг гаргаж чадсан нь Улсын Их Хурлын Тамгын газрын хувьд том амжилт. Парламентат ёс өндөр түвшинд хөгжсөн улс орнуудад хуулийн төсөл боловсруулагчийн мэргэшүүлэх сургалтыг явуулж хэвшсэн байдаг. Бид цаашдаа энэ сургалтаа улам сайжруулж, Энэтхэгийн парламенттай хамтарсан олон улсын хөтөлбөр болгохоор ажиллаж байсан. Бодит ажил хэрэг болох биз ээ.

-Тэр сургалтын үеэр таны хэлсэн үг анхаарал татсан. “Хууль зохиож байгаа хүн гагцхүү Монголын газар, монгол хүн гэсэн үндэстнийхээ амин эрх ашгийг нэн тэргүүнд тавьж хуулийн үг өгүүлбэр тавих ёстой” гэж та хэлж байсан?

-Хуулийн үг өгүүлбэр, цэг таслал бүр нь эрх зүйн үр дагавар үүсгэх боломжтой байдаг. Энгийнээр хэлбэл, хуульд хэрэггүй цэг, таслал ч байдаггүй. Хууль амьдралаас урган гарч, эргээд амьдралд үйлчилж байх ёстой гэдгийг хэлсэн юм. Эрх зүйн онолд хууль бүтээнэ гэдэг бол “Хүний сайн сайхны төлөө зориулагдсан мэдлэг, ухаан” гэж номлодог. Миний ой тойнд байнга бодогддог, мэргэжлийн хувьд үнэт зүйл болсон алтан зарчим. Тийм учраас хуулийн эх бичвэр зохиож байгаа хүн “Монголын газар шороо, хөрс ус, хөх тэнгэр, хүйтэн жихүүн уур амьсгал, хүн ардынхаа соёл, ёс суртахуун, сэтгэл зүй, ёс заншлыг судалж мэдэх ёстой” гэдгийг байнга хэлдэг, захидаг. 

-Мэдээж УИХ-ын аппаратад та олон жил чанагдсан хүн. Гишүүд орж ирээд яг л сургуулийн хүүхдүүд шиг мунгинасан нөхдүүд явж байдаг. Бараг нэг жил нь микрофонтой, камертай харьцаж сурахад орчихдог байх. Тэдэнд зориулж Тамгын газар өрөөнөөс өөр юм бэлтгэхэд хэр цаг зориулдаг вэ. Та миний юу хэлж байгааг сайн мэдэрч байгаа болов уу?

-УИХ-ын гишүүн хэн бэ гэдгийг Монголын Улсын Үндсэн хуульд “... ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлана” гэж тодорхойлсон. Ард түмнээс мандат авч, төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдсон УИХ-ын гишүүн бүрэн эрх, чиг үүргээ хэрэгжүүлэх баталгаа, ажиллах орчин нөхцөлөөр хангуулах зарчимтай. Тамгын газар холбогдох хууль тогтоомжид заасан хүрээ, хязгаар, Төрийн ордны өрөө савны хүртээмж, бусад нөхцөл боломжийн хүрээнд УИХ-ын гишүүдийг бүрэн эрхээ хэрэгжүүлж ажиллах нөхцөлийг бүрдүүлж өгдөг. Манай улсын хувьд Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ нэг ордонд үйл ажиллагаа явуулдаг учраас өрөө танхимын хүрэлцээний хувьд бусад улс орнуудтай харьцуулахад дутагдалтай зүйл бий. Бодит нөхцөл байдлыг үнэнээр нь хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Гэхдээ манай УИХ-ын гишүүд нөхцөл байдлыг маш сайн ойлгодог учраас асуудал үүсээд байдаггүй. Сонгуулийн дараа шинэ парламент бүрэлдэх бүрд шинээр сонгогдсон гишүүдийн хувьд ажил үүрэг, ажиллах орчин нөхцөлтэйгээ танилцах, дасан зохицох гээд тодорхой хугацаа шаарддаг. УИХ-ын гишүүн байхаас үл шалтгаалж, хэн ч бай шинэ ажилд орж байгаа үед ийм асуудал тулгардаг. Харин энэ үед чиглүүлэх сургалт, мэдээлэл маш чухал. Олон Улсын Парламентын Холбооноос 35 улсын парламентын дунд явуулсан санал асуулгаар 17 нь буюу 48.5 хувь нь шинээр сонгогдсон парламентын гишүүддээ чиглүүлэх сургалт явуулдаг юм билээ. Эндээс парламентууд бүтээмжээ сайжруулахын тулд парламентын гишүүддээ зориулсан хүний нөөцийн хөгжлийн бодлогод анхаарал хандуулдаг болсон нь харагдана. УИХ-ын Тамгын газар 2020 онд анх удаа шинээр сонгогдсон гишүүдэд зориулсан чиглүүлэх сургалт хийсэн. Сүүлд 2021 онд нөхөн сонгуулиар сонгогдсон Э.Батшугар, Ц.Идэрбат нарын гишүүдэд мөн адил мэдээлэл, сургалт зохион байгуулсан. Одоо шинээр бүрэлдэх 126 гишүүнтэй парламентын ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх, сургалт, мэдээлэл хийх гээд их ажил хүлээж байгаа. 

-Та мөн Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллаж байсан. Энэ байгууллага сүүлийн үед улс төрийн томилгоот хүн очиж удирддаг, улс төрийн тоглолтод ордог газар болж хувирч байх шиг байна. Энэ талаар та юу хэлэх бол?

-Би одоогоос арван жилийн өмнө Шүүхийн ерөнхий зөвлөлд Шүүхийн хүний нөөцийн газрын даргаар томилогдон очиж байсан. Шүүхийн шинэтгэлийн багц хуулиуд батлагдаад, шүүхийн захиргааны байгууллага бие даан ажиллаж эхэлсэн үе юм. Шүүхэд шинэтгэлийн давалгаа хамгийн эрчимтэй, өргөн далайцтай өрнөсөн үе гэж боддог.Шүүхийн хүний нөөцийн бодлогыг цоо шинээр зураглаж, хэл ам дагуулсан ч гэсэн цалин хөлсний шинэтгэл хэрэгжсэн нь үнэн. Ийм өвөрмөц онцлогтой, эрчимтэй шинэтгэлийн үед би Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллаж байсан юм. Олон ч зүйл ухааруулж, хүний нөөцийн чиглэлээр арвин туршлага хуримтлуулсан. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тоо, томилгооны зарчим гээд шүүмжлэл дагуулсан асуудлууд байсан. Үүнийг УИХ 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр нэг мөр шийдсэн. Ингэснээр ШЕЗ-ийн 10 гишүүний тавыг нь ард түмний төлөөллийн байгууллага болохын хувьд УИХ-аас сонгож, үлдсэн тав буюу тэн хагасыг нь шүүгчид дотроосоо сонгох эрх зүйн зохицуулалтыг Үндсэн хуулиар баталгаажуулсан. Таны хэлж байгаа шүүх эрх мэдлийн үйл ажиллагаанд улс төрийн зүй бус нөлөөлөл орох эрсдэлийг хаах зорилгоор гишүүдийг нь шүүгч болон шүүгч бус төлөөллийн харьцаа адилхан байхаар хуульд тусгасан. Одоо бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгагдсан суурь өөрчлөлтийн дагуу шүүхийн шинэтгэлийн дараагийн үе шатны ажлууд хэрэгжээд явж байна. Дэвшилттэй зүйл ч байна, өөрчилж, засмаар нь ч ажиглагдаж л байна. Жишээ нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргыг нэг жилийн хугацаагаар сонгож байгаа асуудлыг эргэж харах ёстой. Шүүхийн захиргаа гэх “том айл”-ын хувьд нэг жилийн хугацаагаар сонгогдсон дарга хэр зэрэг үр дүнтэй ажиллаж чадах вэ гэдгийг бодож үзэх хэрэгтэй. 

-Хуульчдын том мөрөөдөл Шүүх рүү чиглэдэг юм шиг санагддаг. Та шүүгч байсан. Харин яагаад удаан хийгээгүй вэ?

-Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэлд аль алинд нь монгол төрийн нэн хариуцлагатай ажил алба эрхэлж яваа маань ховор тохиох хувь заяа гэж боддог. Хуульчдын дунд “Шүүгч-хуульчийн мэргэжлийн ноён оргил” гэсэн ойлголт байдаг. Цаад нарийн учрыг Н.Лүндэндорж багш шүүгч хүн эрх ямба, хамгаалалт, хараат бус байдал, хар, цагааныг ялган дэнслэх эрх, заавал биелэгдэх эцсийн шийдвэр гаргадаг гэхээс илүү хуулийг тайлбарлан хэрэглэх ур ухааны хувьд бусдаас “тасарсан” гэх чадварт оршдог гэж тайлбарладаг. Ямартаа ч хуулийн сургуулийн төгсөгчдийн олонх нь ирээдүйн ажил мэргэжлийн карьераа шүүгч гэж тодорхойлдог судалгаа бий. Би ч мөн ялгаагүй тэдний нэг л байсан. Түүндээ хүрсэн. Харин шүүгчээр удаан ажиллаагүй тухайд хоёр учир шалтгаантай. Нэгд, би Улсын дээд шүүхэд хоёр удаа шалгалт өгч, тэнцэж байсан. Дээд шүүх үйл баримтын маргаан шийддэг бус эрх зүйн маргаан шийддэг, хууль тайлбарладаг, үндэсний эрх зүйгээ хөгжүүлдэг үндсэн үүрэгтэй. Энэ агуулгаар нь харж тухайн үеийн Шүүхийн ерөнхий зөвлөл дэмжиж байсан ч яг болдгийн даваан дээр бүтээгүй юм. Нуулгүй хэлэхэд энэ нь надад шударга бус санагдсан. Хоёрт, миний судалгааны ажлын үндсэн чиглэл Үндсэн хуулийн эрх зүй, парламент, парламентат ёсыг дагнан судалдаг. Түүнчлэн хууль тогтоох байгууллагад 2007 оноос хойш зөвлөх, ахлах зөвлөхөөр ажиллаж, хуулийн эх бичвэр зохиох ажлын зохих туршлага хуримтлуулсан минь шүүгчийн ажлаасаа татгалзаж, парламентын гал тогоондоо эргэн ирэх нэг шалтгаан болсон. Шүүгчийн албан тушаалаас өөрийн хүсэлтээр татгалзах явдал ховор тохиолддог учраас тухайн үед олон хүн гайхаж хүлээж авсан юмдаг. Тэгээд ч 2017 оны сүүлчээр ер нь их онцлог цаг үе байсан. Төр засгийн түвшинд, нийгмийн хүрээнд ч тэр Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага, үндэслэлүүд байна гэдгийг хүлээн зөвшөөрчихсөн байсан. Харин нэмэлт, өөрчлөлтийг хэрхэн, яаж хийх вэ гэдэг дээр олон янзын байр суурь явсан. Тийм учраас түүхэнд ховор тохиолддог томоохон үйл хэрэгт гар бие оролцъё гэж шийдээд шүүгчийн албаа өгсөн. Зоримог шийдвэрүүдийн маань нэг байсан шүү. УИХ-ын Тамгын газар хэмээх том айлыг удирдахад шүүгчээр ажиллаж хуримтлуулсан мэдлэг, туршлага маань маш их хэрэг болсон. Шүүгчээр ажиллах хугацаандаа би “шийдвэр” гаргаж сурсан. 

-Шүүгч хүн ер нь “хэн” байх ёстой юм?

-Хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийг нэг хүн дангаар хэрэгжүүлнэ гэсэн ойлголт байдаггүй. Гагцхүү шүүгч л Монгол Улсын нэрийн өмнөөс шүүх эрх мэдлийг дангаар хэрэгжүүлдэг цорын ганц субъект. Мэргэжил боловсрол, мэдлэг, чадвар, зан төлөв, сэтгэцийн хувьд шүүгчийн албан үүргийг хэрэгжүүлэхэд харшлах өвчин эмгэггүй байх ёстой гээд олон шаардлагууд бий. Ёс зүйн хувьд ч бусад төрийн албан хаагчдаас өндөр шаардлага тавигддаг. Гол асуудал бол хувь хүний төлөвшлийн хувьд тэр шүүгч хэн бэ гэдэг маш чухал. Олон улсад шүүгч хүн хууль тайлбарлах чадварын зэрэгцээ шүүгч хүнд байх уугуул болон олдмол шинж чанаруудтай байх ёстой гэж үздэг. Хууль тайлбарлан хэрэглэх гэдэг бол шүүгчийн гол ажил үүрэг. Харин уугуул болон олдмол чадвар гэдгийг тайлбарлахын тулд хүний төлөвшлийн асуудлыг хөндөнө. Онолын сэтгэл судлалын эрдэмтдийн үзэж буйгаар хүний төлөвшлийн 25 хувийг удам судар, 25 хувийг 3-6 насны үеийн гэр бүлийн хүмүүжил олгодог бол үлдсэн 50 хувийг амьдралаасаа суралцдаг гэдэг. Тэгэхээр шүүгч хүн хувь хүнийхээ үнэт зүйл, зарчим юу билээ гэдгээ маш сайн бодож, мэргэжлийн ажил үүрэг, нийгмийн зүгээс тавьж буй өндөр шаардлагад нийцэж ажиллаж, амьдарч чадах хүн байх ёстой. Шилж сонгодог Шүүхийн ерөнхий зөвлөл үүнд онцгой анхаарах ёстой. Манайх л ийм өндөр шаардлага тавиад байгаа юм биш. Гадаадын улс орнуудад ч шүүгчид тавьдаг шаардлага нь өндөр. Жишээ нь, АНУ-ын Үндсэн хуульд шүүгч өө сэвгүй, нэр нь сэвтээгүй хүн байх ёстой гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, шүүхээр хэргээ шийдвэрлүүлж байгаа хүмүүсийн итгэлийг хүлээхүйц өндөр түвшинд өөрөө өөрийгөө авч явах шаардлагатай.

-Шүүгч хүн хэрэгт шалгагдаж байхдаа амиа хорлосон, шүүгч хүн оргон зайлсан хэргүүд гарсан. Нийгэмд нэлэнхүйдээ нэр хүнд нь унаж байгаа ийм үед юу хийх ёстой вэ?

-Шүүх олон нийтийн итгэл дээр тогтдог. Олон нийт шүүхээс юу хүсдэг вэ гэхээр шударга ёсыг, хууль шударга, алагчлалгүй үйлчлэхийг, бас өндөр бүтээмжтэй, шуурхай байхыг шаардаж байна. Шүүх олон нийтийн итгэлийг хүлээж ажиллахад харилцан уялдаа холбоотой олон хүчин зүйлс нөлөөлнө. Шүүх эрх мэдлийн салбарт ажиллаж байсан хүний хувьд шүүхийн байр, шүүх хуралдааны танхимын хүрэлцээний асуудал, шүүгчийн ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, хэрэг маргаан шийдвэрлэх ажиллагааг цахимжуулах зэрэг төсөв хөрөнгө шаардсан бодлогын томоохон ажлуудыг даруй хийх ёстой гэж хардаг. Шүүгч хараат бус байна гэдэг нь шүүмжлэл, хяналтаас ангид, хариуцлагагүй шударга бус байдлыг халхавчлах бамбай болох ёсгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах цогц арга хэмжээг тасралтгүй, тууштай авах шаардлагатай. Тэгж байж шүүхэд итгэх олон нийтийн итгэл сэргэнэ. Тиймээс хамгийн чухал зүйл бол шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа шүүгчид олон нийтийн итгэлийг хүлээхүйц байдлаар биеэ зөв авч явах, ёс зүйтэй байх, мэдлэг ур чадвараа тасралтгүй дээшлүүлэх зэрэг шүүгчийн хүний нөөцийн бодлогын шинэтгэл тасралтгүй үргэлжлэх ёстой. Эсрэгээрээ таны хэлж байгаа шиг нэг л таагүй мэдээ шүүхэд итгэх иргэдийн итгэлийг салхинд хийсэх мэт арилгах эрсдэлд хүргэдгийг мартаж болохгүй. 

-Улстөрчид хожим, бүр төр түшилцэж байхдаа Хууль зүйн сургуульд элсэж харагддаг. Энэ үзэгдлийг та яаж хардаг вэ?

-Суралцах үйл явц насан туршийнх. Нэг талаас хувь хүн өөрийн мэдлэг боловсролоо дээшлүүлье, ажил үүргээ илүү сайн хийчих юмсан гэсэн бодол тээж явдаг байх. Нөгөө талаас нийгэм, олон нийтийн зүгээс тодорхой алба, ажил эрхэлж байгаа хүмүүст мэргэжил, боловсрол, дадлага, туршлагын хувьд өндөр шаардлага тавьдаг болсон. Ялангуяа төрийн өндөр албан тушаал хашиж буй хүмүүст нийгмийн энэ шаардлага, шахалт илүүтэй мэдрэгддэг болов уу. Түүнийг мэдрээд суралцаж байна гэдэг нь маш чухал шүү. Зөвхөн төрийн түшээд гэлтгүй төрийн албан хаагчид, бизнес, аж ахуй эрхэлж буй хүмүүс хуулийн сургуулийн эчнээ, орой хөтөлбөрт элсэх нь түгээмэл байдаг. Эчнээ, оройгийнхноос асуухад дийлэнх нь мэргэжил боловсролоо дээшлүүлж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, амьдралын чанараа сайжруулах зорилготой гэсэн ерөнхий хариулт хэлдэг. Цөөн хэсэг нь цаашид хуульч болж өмгөөлөгч, шүүгч, прокурор зэрэг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа харагддаг. 

-Зарим эмэгтэй удирдагчид өөрийнхөө хүйсэнд жаахан халгаатай ханддаг нийтлэг дутагдал харагддаг л даа. Удирдлагандаа ажиллаж байгаа залуу хүүхнүүдийг үзэж чаддаггүй.Ийм жишээ гадуур олон дарга эмэгтэйчүүд дээр яригдах юм.

-Төрийн ажил хариуцлагатай байж, хууль, журмын дагуу тасралтгүй хэрэгжиж байх нь төрийн албаны үндсэн зарчим. Түүнээс тухайн албан тушаалтан эрэгтэй юу, эмэгтэй юу гэдэгтээ биш. Нийгэмд эртнээс нааш соёл болоод тогтчихсон жендэрийн хэвшмэл ойлголтууд байдаг. Жишээ нь хүүхэд, гэр бүлийн асуудалд эмэгтэйчүүд илүүтэй үүрэгтэй байх ёстой гэдэг ч юмуу. Магадгүй гэр бүлийн харилцааны уламжлалд эмэгтэйчүүд илүүтэй хүүхэд, гэр орны асуудалд анхаарч ирсэнтэй холбоотой байх. Харин одоо бол цаг үе өөрчлөгдсөн. Ажил, амьдралын аль ч орчинд хүмүүс эрх тэгш байх, хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй байх шаардлага тавигдаж байна. Сүүлийн үед байгууллагууд дотоод үйл ажиллагааныхаа хүрээнд хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй байх соёлд маш сайн суралцаж, өөрчлөгдөж байгаа нь ажиглагдаж байна. Би чинь Тамгын газраа удирдахын тулд гадаад, дотоодын бусад байгууллагуудыг судалж, тэдний байгууллагын соёлыг бас анзаарч, ажиглаж явдаг байлаа. Ялангуяа гадаад улсуудын парламентууд маш эрчимтэй шинэтгэл, өөрчлөлтүүд хийж байгаа.

-Та парламентын түүхэн дэх бас л өвөрмөцдөө орох спикертэй ажиллаж байсан. Тэр яг ойр ажиллахад ямархуу хүн бэ. Зөөлөн, албан тушаал дагаж дотор хүнээ хөөргөөд байдаггүй хүн гэдгийг нь мэднэ. Харин хүн танихдаа тааруу юм шиг санагддаг. Хувь хүнийх нь үүднээс ажиглагддаг чанаруудаас нь ярьж болох уу?

-УИХ-ын дарга гэдэг албан тушаал бол хувь хүн, парламентын гишүүн гэхээсээ илүүтэй Монголын парламентыг төлөөлөх том агуулгыг илэрхийлдэг. Тийм учраас УИХ-ын даргын албан тушаалыг дагасан бие хүний зан төлөв, ёс зүйн асуудал давхар яригддаг. Хувь гишүүнийхээ байр суурийг илэрхийлээд явах орон зай үндсэндээ хумигддаг нь анзаарагддаг. Г.Занданшатар даргатай ажиллахад ажилд маш шуурхай ханддаг, хүчирхэг харизмтай, шинийг санаачлагч, манлайлагч шинжүүд нь илүү тод ажиглагддаг. Албан үүргийн хувьд УИХ-ын дарга бид хоёр маш хурдан ойлголцож, асуудлыг шуурхай шийдвэрлэх шаардлагатай байнга тулгардаг байсан. Гэвч ихэнхдээ тухтай ярилцаад суух цаг хомс байдаг. Ийм үед бидэнд багш хүмүүст байдаг онцлогууд маань их нэмэр болдог байсан шүү. Г.Занданшатар даргын хувьд хуучнаар Зах зээлийн коллеж, одоогийн МУИС-ийн Бизнесийн сургуулиас гаралтай багш байсан хүн. Багш хүн ямар байдаг билээ. Бүх хүнд санаа тавьдаг. Мэдсэн сурснаа бусдад хуваалцах сонирхол өндөр. Мөн аливаа ажил үйлийг судалгаа, шинжилгээтэйгээр явуулахыг шаарддаг, шаардлага өндөртэй хүн. 

-Өнгөрсөн 2023 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийлээ. Энэ бол маш том ажил. Энэ ажлын арын гал тогоонд гардаж ажилласан хүний хувьд энэ хэр өөрчлөлт болчихов гэж гайхаж эргэлзэж байгаа хүмүүст сайн хариулт илгээх болов уу гэж бодож байна?

-Үндсэн хуулийн эрх зүйн онол, практикт “Үндсэн хууль тогтооно” гэдэг бол урт хугацаанд хийгддэг, улс үндэстний хувьд түүхэн ач холбогдол бүхий төрийн том үйл хэрэг гэж үздэг. Нэмэлт, өөрчлөлт үүнд хамаардаг. Яагаад гэхээр Үндсэн хуулийнхаа нэгэн адил хүчин төгөлдөр үйлчилдэг. УИХ-аас 2023 оны тавдугаар сарын 31-нд Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт бол нэлээд олон жилийн өмнөөс судлаачид, иргэд, олон нийтийн дунд өргөн хүрээнд яригдаж ирсэн зүйл. Тэрнээс гэнэтхэн гарч ирсэн асуудал биш юм. Сүүлийн хоёр удаагийн УИХ Үндсэн хуульд хоёр удаа зарчмын томоохон өөрчлөлт оруулсны нэг нь УИХ-ын гишүүдийн тоог 126 болгож, сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуулиар баталгаажуулсан явдал болсон. Парламентыг дагнан судалдаг хүний хувьд хэлэхэд энэ удаагийн Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт парламентын төлөөлөх чадварыг сайжруулж, нэг гишүүнд ногдох эрх мэдлийн хүчийг сулруулах, иргэдийн өгсөн санал гээгддэг мажоритар тогтолцооны сул талыг бууруулах, парламентад аль болох олон намууд орж, парламентын ардчиллын амин сүнс болсон бодлогын мэтгэлцээн, улс төрийн зөвшилцөл, ойлголцол идэвхтэй өрнөдөг “сонгодог парламент” болж төлөвших нөхцөл боломж бүрдсэн гэж үзэж байгаа. 2024 онд бүрэлдэх шинэ парламентаас эхлээд энэ өөрчлөлтийн үр дүн гарч эхлэх учиртай. 

-Засгийн газрын тэргүүний манлайлал доор гучин жил монголын улс төрд бугшиж улс орноо гацаанд оруулсан балчиг намагтай бид ноцолдож байна. Мөн энэ бүх ажлууд УИХ-ын даргын маш мэдрэмжтэй түшиг тулгуур дор явагдаж байна гэж хардаг. Энэ талаар?

-2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үр дүн гарч байна. Хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн хоорондын харилцан хяналт-тэнцлийг сайжруулах зорилгоор зарчмын томоохон өөрчлөлтүүд орсон. УИХ анх удаагаа Үндсэн хуулиар өөрт олгогдсон онцгой бүрэн эрхээсээ татгалзсан. УИХ-ын гишүүний хууль санаачлах эрхийн хүрээ, хязгаарыг хумьсан, төсвийн орлого, зарлагын дүнг Засгийн газрын оруулж ирсэнээс нэмэгдүүлэхийг хориглосон, Засгийн газрын гишүүдийг томилж, чөлөөлөх эрхээсээ татгалзсан зэргийг энд нэрлэж болно. Энэ өөрчлөлтүүдийн үр дүнд УИХ, Засгийн газар улс орны хэмжээний бодлогын асуудлууд дээр ойлголцол сайн байж, институц хоорондын уялдаа холбоог хангах тал дээр ахиц, дэвшил гарч байна. Мөн УИХ-ын хянан шалгах үйл ажиллагаа эрс сайжирсан. УИХ баталсан хуулийнхаа хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулах чиглэлээр бодлогын реформ хийсэн. Бие даасан хуультай болсон. 2022 оноос хэрэгжиж эхэлсэн Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулиар Засгийн газрын хуулийн биелэлтийг хангах үйл ажиллагаанд тавих хяналт цоо шинэ шатанд гарсан. Тийм ч учраас сүүлийн хоёр жилийн хугацаанд гарсан Хөгжлийн банк, нүүрсний олборлолт, тээвэрлэлттэй холбоотой асуудалд УИХ хянан шалгах түр хороог парламент дахь олонх, цөөнхийн төлөөллийг оруулан байгуулж, хараат бус, бие даасан шинжээч томилж, хяналт шалгалтын ажлыг өргөн хүрээнд явуулж байна. Иргэдийн мэдэх эрхийг хангах чиглэлээр олон удаагийн нээлттэй хэлэлцүүлэг, сонсголыг явуулсан. Эд бүгд 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт бодитой хэрэгжиж байгаагийн л илрэл.

-Г.Занданшатар төрийн дээд түвшний институт хооронд баланс тэнцвэржүүлэгч том хүчин болж ажиллалаа гэж харж байгаа. Зөрчилтэй үед ажил явдаггүйг та сайн мэднэ.

-Та үндсэндээ Монголын парламентат ёсны төлөвшилттэй холбоотой чухал асуудлыг хөндлөө. Парламент олон янзын үзэл бодол, байр суурийн “огтлолцол” дээр хууль баталдаг, бодлого тодорхойлдог. Ажиллах үндсэн хэлбэр нь чуулганы хуралдаан. Харин УИХ-ын дарга бол чуулганы хуралдааныг удирдан явуулах, УИХ-ыг дотоод, гадаад харилцаанд төлөөлөх зэрэг бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр гишүүдийнхээ итгэлийг хүлээж сонгогддог албан тушаалтан. Тийм учраас парламентад байгаа олонх, цөөнхийн дунд яах аргагүй тэнцвэржүүлэгч байхаас өөр аргагүй. Энд УИХ-ын даргын алсын хараа, манлайлал, төрийн ажлын туршлага, асуудлыг эв зүйгээр зохицуулах харилцааны чадвар, цагийн менежмент, удирдлагын арга барил гээд олон хүчин чухал нөлөөтэй байдаг. Парламентат ёсны түүхийг аваад үзэхээр тухайн улсын парламентын төлөвшилд спикерийнх нь манлайлал, хувь хүний зарим онцгой чанарууд нөлөө үзүүлсэн байдаг. Тухайлбал, Английн парламентын үе үеийн спикерүүдийн тогтоосон дэг, соёл нь өнөөгийн парламентын хуралдааны дэгийн нийтлэг суурь зарчмууд болж үлдсэн байх жишээтэй.

-УИХ-ын Тамгын газраас парламентын сэтгүүлчдэд сургалт зохион байгуулсан. Сэтгүүлчид бол нийгмийн дарга нар биш. Харин улстөрчид тэднийг эвдэж байна. Айх хэрэггүй, зугтах хэрэггүй, гол нь буруу хөрөнгө оруулалт хийхээ бүр зогсоо гэж би хувьдаа хэлмээр санагддаг.

-2023 онд Улсын Их Хурлын Тамгын газар Олон улсын парламентын өдрийг тохиолдуулан сэтгүүлч, иргэний нийгмийн төлөөллүүдийг оролцуулсан “Парламентын ардчиллыг бэхжүүлэхэд сэтгүүлчдийн оролцоо” нэг сарын хөтөлбөр хэрэгжүүлсэн. Шинэ ажил байсан. Үүгээр Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль зөвхөн парламентад зориулсан хууль биш, иргэдийн мэдэх эрхийг хангахад зориулагдсан гэдэг мессэжийг өгөхийг зорьсон. Парламент хяналт хэрэгжүүлж байгаагийн зорилго нь төрийн үйл ажиллагаа иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцэж байна уу, шударга, тэгш боломжийг бүрдүүлж чадаж байна уу гэдэгт л чиглэдэг. Тийм учраас төр, иргэний хооронд гүүр болдог, иргэний үгийг төрд, төрийн бодлого, шийдвэрийг иргэнд хүргэдэг чухал үүрэг, оролцоотой сэтгүүлчдэд зориулсан хөтөлбөр хэрэгжүүлсэн юм. Бүтэн нэг сарын хугацаанд хөтөлбөр хэрэгжиж дууссаны дараа “Бид хэн нэгнийг буруутгахаасаа өмнө үнэн зөв, бодитой эх сурвалжийн мэдээллээр сэтгүүлчдийг хангах нь чухал юм байна” гэсэн дүгнэлт хийсэн. Энэ жишгээр сэтгүүлчдийг зөв мэдээ, мэдээллээр тогтмол хангаж байх ёстой юм билээ. Тэгвэл энэ зөв хөрөнгө оруулалт болно.

-Сая гэнэтийн томилгоо болж та ҮХЦ рүү очлоо. Томилгоо гэх үгийг хашилтад хэлж байгааг та мэдэж байгаа байх. Энэ юу болсон бэ. Шинэ газар ямархуу “айл” байх юм?

-Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдоод сар гаруй болж байна. Үндсэн хуульд заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүний гурвыг Улсын Их Хурлаас санал болгосноор томилдог. Хэрхэн санал болгох буюу нэр дэвшүүлэх процессыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд тодорхой зохицуулсан.

Хуулийн дагуу Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлт гаргаж, Үндсэн хуулийн цэцийн гишүүнд санал болгосныг Улсын Их Хурлын гишүүдийн олонх дэмжиж, миний бие Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон. Томилох үйл явц хуулийн дагуу ингэж явагдсан.

Та асуултдаа “томилсон” гэж илүү онцолж байх шиг байна. Шулуухан хэлэхэд, Улсын Их Хурлаас даалгавар өгөөд томилоод явуулчихав уу, эсвэл албан тушаал дэвшүүлэх замаар улс төрийн үйл явцад идэвхтэй оролцох үүд хаалгыг хаачихав уу гэж сонсогдоод байна.

Би бол аль аль нь биш гэж бодож байна.

Учир нь, Улсын Их Хурал 2019, 2023 онд Үндсэн хуульд зарчмын томоохон нэмэлт, өөрчлөлтүүд оруулсан. Үүгээр хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн эрх зүйн шинэтгэл эрчимжсэн. Өнгөрсөн 30 жилийн зарим алдаа, гажуудлыг засаж, улс орны хөгжлийн шинэ үеийг эхлүүлсэн. Энэхүү өөрчлөлт, шинэчлэлт үр өгөөжтэй байгаасай гэж Монголын ард түмэн маш их найдлага тавьж байгаа. 

Ийм шилжилтийн, шинэтгэлийн чухал цаг үе эхэлж байна. Тийм учраас судлаач, хуульч хүний хувиар болон Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын албаны чиг үүргийн хүрээнд Үндсэн хуулийн эдгээр өөрчлөлтүүдийн төслийг боловсруулах шатнаас хэлэлцэн батлах бүхий л үед идэвхтэй оролцсоныг маань харгалзан үзэж Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлж, дэмжиж томилсон гэж ойлгож байгаа.

Товчхондоо бол, Үндсэн хуулийнхаа шинэтгэлийн үзэл баримтлал, Үндсэн хууль тогтоогчдын хүсэл зориг юу байсан, төслийг хэлэлцэх үед ард түмэн ямар санал өгсөн гээд нарийн ширийн зүйлийг бүгдийг нь мэдэх, мэдэрч ажиллаж чадах хүнээр “Үндсэн хуулийн манаач” хийлгэе гэсэн Монгол төрийн бодлого гэж ихэд хүндэтгэн хүлээн авсан. Хариуцлагатай ажиллана.

Яагаад гэхлээр Цэц бол өөрөө Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа байдаг. Тийм учраас Улсын Их Хурал энэ баталгааг л бүрдүүлж өгч байгаа хэрэг.