МОНГОЛЫН ТҮҮХИЙН ҮНЭТ ЭХ СУРВАЛЖ МЭН-ДА БЭЙ-ЛҮ

МЭН-ДА БЭЙ-ЛҮ БҮТЭЭЛ ХЭРХЭН БИЧИГДЭЖ, ОРЧУУЛАГДАВ

Чингис хааны амьд байхад бичигдсэн цор ганц бүтээл бол Мэн-да бэй-лү баримтат зохиол юм (蒙韃備錄, Měngdá Bèilù).Үүнийг үгчлэн орчуулбал “Монгол татаарын тухай эмхэтэгсэн тэмдэглэл”. Өөрсдийн биеэр Монголд ирсэн Өмнөд Сүн улсын элч Пэн Дая, Сюй Тин нар 1221 он орчимд үүнийг бичсэн гэдэг. Эдгээр элч нар Монголд ирж Чингисийн байгуулсан улс, Монголчуудын цэрэг, ахуй соёл, төрийн бүтэц, зан заншил, байлдан дагуулал зэргийг өөрсдийн нүдээр ажиглан тэмдэглэсэн аж. Энэ бүтээл нь анх бие даасан зохиол байсан боловч дараа нь:《說郛》 (Шо Фү / Shuofu) гэх Хятадын эртний эмхэтгэлд хадгалагдан үлдсэн. Дараа нь томоохон түүхэн эмхэтгэл болох 四庫全書 (Сүй Кү Чуань Шү) түүхэн баримтад бас багтсан байна. 

Энэ бол 1220-иод оны Монголчуудын тухай хамгийн эртний бодит тэмдэглэлүүдийн нэг. Дараах зүйлсийг маш дэлгэрэнгүй бичсэн: Улс төр: Чингис хааны гарал, хөвгүүд, жанжид, төрийн бүтэц; Цэрэг: Монгол цэргийн зохион байгуулалт, тактик, хот эзлэх арга: Ахуй: адуу, хүнс тэжээл, амьдралын хэв маяг; Соёл: үс засалт, хувцас, найр наадам, эмэгтэйчүүдийн байр суурь гэх мэт.

Мэн-да Бэй-лү бүтээлийг “Монголын нууц товчоо”, “Юань улсын судар”, Рашид ад Дин “Судрын чуулган”, Жүвэйни “Дэлхийг байлдан дагуулагчдын түүх” зэрэгтэй нэгэн хамтаар  XIII зууны Монголын түүхийн анхдагч эх сурвалж гэж үздэг. Мэн-да Бэй-лү нь Монголын түүхэнд маш ач холбогдолтой анхдагч эх сурвалж мөн. Учир нь Цаг хугацааны хувьд тун ойр, өөрөөр хэлбэл Чингис хаан амьд сэрүүн байх үед бичигдсэн. Үүнээс гадна элч нар өөрснөө Монголд очсон болохоор нүдээр үзсэн мэдээлэл. Тиймээс сонссон домог биш, бодит ажиглалт юм. Гэхдээ сул тал нь Хятадын төвт үзлээр харсан бичсэн дүгнэсэн болохоор зохиогчид монголчуудыг юун түрүүн бүдүүлэг, зэрлэг, боловсролгүй гэж дүрслэхийг голчилсон. Мөн буруу зөрүү ойлголтоос болоод нэршилээс эхлээд зан үйлийг шал буруу тайлбарласан газар цөөнгүй.

Мэн-да Бэй-лү нь дундад эртний сонгодог хятад хэлээр бичигдсэн тул өнөөгийн хятад хүн ч уншаад шууд ойлгоход нэн бэрх. Нэршил зэрэг нь ч өнөөгийн хятад хэлтэй тэр болгон таарахгүй. Учир иймд өнөөгийн өргөн олон Ван Говэйн 1926 онд орчин цагийн хятад хэлээр хөрвүүлэн буулгаж олон газар нь тайлбар хийсэн номоорМэн-да Бэй-лу-тай танилцдаг. Иймээс хятадаас гадаад хэл рүү буулгасан сайн орчуулга маш ач холбогдолтой. Нэлээд дээр үеийн орчуулга бол 1857 онд Василий Васильевийн «Записка о Монголо-Татарах» нэрээр гаргасан орчуулгын бүтээл юм. Түүний орчуулга маш их алдаатай, олон газар буруу буулгасан болохыг Францын дорно дахин судлаач Пэллио илрүүлэн шүүмж бичсэн. Гэхдээ л өөр бариад авах эх сурвалж үгүй учир дорнын том судлаачид болох Бартольд, Владимирцов нар Васильевийн орчуулгыг ашиглаж, тэндээс маш их эшилсэн байдаг. Харин Николай Цырендоржиевич Мункуев хэмээх буриад эрдэмтэн 1975 онд Мэн-да бэй-лу («Полное описание монголо-татар») нэрээр орос хэлээр сайн орчуулгын номоо хэвлүүлжээ. Мункуев нь 1926 оны хятад хэлээр Ван Говэйгийн гаргасан Мэн-да бэй-лү зянь-жэн («Мэн-да бэй-лү бүтээлийн тайлбарт хөрвүүлэг ») бүтээлийг орос хэлнээ буулгасан юм.

Герман хэлээр Паул Олбрихт, Элизабэт Пинкс нарын алдартай академик орчуулгыг дорно дахин судлаачид ихэд өндрөөр үнэлдэг. Харин бүрэн англи орчуулга олддоггүй. Англи хэлээр зарим хэсгүүд нь Монголын түүхийн эмхэтгэлүүд, өгүүллүүдэд орчуулагдан эшлэгддэг боловч тусдаа бүрэн стандарт англи хэвлэл байдаггүй байх. Англиар орчуулсан эшлэлүүд нь ихэнхдээ герман орчуулгаас эшилсэн байдаг. 

МЭН-ДА БЭЙ-ЛҮ БҮТЭЭЛД МОНГОЛЧУУДЫН ТУХАЙ БИЧСЭН ТОЙМ

Улс байгуулсан нь (立國)

Татаарууд анх Хитан улсын баруун хойд нутагт гарч ирсэн бөгөөд угсаа нь Шатогийн өөр салбар байсан тул өмнөх үеийн түүхэнд бараг тэмдэглэгдээгүй юм. Тэднийг гурван төрөлд ангилдаг. Үүнд: Хар Татаар, Цагаан Татаар, Зэрлэг Татаар.

Цагаан Татаар хэмээгчид нь төрх байдал арай цэвэр, зан авир даруу, эцэг эхдээ ачлалтай. Эцэг эх нь нас барахад нүүрээ зүсэж уйлдаг заншилтай. Нэгэн удаа тэдэнтэй хамт явахдаа хацарт нь сорвитой хүмүүсийг хараад асууж “Цагаан Татаар уу?” гэхэд “Тийм” хэмээн хариулж байв. Тэд Хятадын хүүхэд залуусыг олзлон авч өсгөж сургаад зарц болгодог бөгөөд хүмүүстэй эелдэг ярьдаг. Одоо тэдний овгийн дотор Чингис хааны гүнж Бэхи улс төрийг захирдаг. Сүүлд Сүн улсад элчээр ирсэн Субухан нь мөн Цагаан Татаар хүн байв. Замд явах бүрд Субухан эелдгээр: “Та бүхэн их ядарч байна, бид сайн дайлж чадсангүй, битгий гомдоорой” хэмээн хэлдэг байв.

Зэрлэг Татаарууд нь маш ядуу, болхи, чадваргүй бөгөөд зөвхөн морь унаж олныг дагахаас өөрийг мэдэхгүй. Одоогийн Чингис хаан болон жанжин түшмэд нь бүгд Хар Татаар болно. Ер нь Татаар хүмүүс өндөр биш, хамгийн өндөр нь 5 чи 2–3 цун (ойролцоогоор 160 см орчим), тарган бүдүүн хүн үгүй. Тэдний нүүр өргөн хавтгай, дээд доод нүүр богино, шанаа яс өндөр, нүдний зовхи гүн биш, сахал ховор, төрх байдал төдийлөн сайнгүй. Харин Татаарын эзэн Тэмүжин бол: бие том сүрлэг, дух өргөн, сахал урт, баатарлаг сүртэй төрхтэй тул бусдаас онцгой. Чингис нь урьд мянганы ноён байсан Есүхэй-н хүү юм. Одоо улсыг байгуулсан тул түүнийг: “Чингис хаан” хэмээн орчуулан нэрлэнэ. Тэрээр зүүн баруунд байлдан дагуулж, улс нь хүчирхэг болсон.

Татаарын эзэн гарч ирсэн нь (韃主始起)

Одоогийн Чингис хаан 甲戌 (1157 он) онд төрсөн. Тэдэнд анх он тоолол байгаагүй тул насыг өвс ногоогоор хэмждэг: “Хэдэн өвс үзэв?” - хэдэн настай вэ? Сар өдөр ч мэддэггүй, “Сар дүүрэхийг нэг сар гэж үзнэ. Өвс ургахыг нэг жил гэж үзнэ. ” Чингис багадаа Алтан улсад олзлогдон 10 гаруй жил боол болж, дараа нь оргож буцсан. Иймээс Алтан улсын байдлыг сайн мэддэг. Түүний зан чанар нь баатар зоригтой, шийдэмгий, уужим сэтгэлтэй, олныг багтаамжтай, тэнгэрийг шүтдэг, итгэл үнэнчийг эрхэмлэдэг. “Тэмүжин” бол бага нэр нь бөгөөд анх овог нэр байгаагүй. Сүүлд зүрчидийн урвагч түшмэд түүнийг: “Чингис хаан” гэж нэрлэсэн. Зарим нь: “Чингис гэдэг нь ‘Тэнгэрийн соёрхол’ гэсэн утгатай” гэдэг.

Улсын нэр ба оны цол (國號、年號)

Татаар улсын хөршид: өмнө нь Жүжэн, хоёр талаар Шато зэрэг овгууд байсан. Өмнө нь Монгол хэмээх улс байсан бөгөөд Алтан улстай байлдаж байсан. Ли Ляны “Монголыг дайлсан тэмдэглэл”-д: “Монголчууд нэгэнт ‘Тяньсин’ он тоолол хэрэглэж, өөрсдийгөө Тайзу Юаньмин хаан гэж нэрлэж байв” гэжээ. Одоогийн Татаарууд маш бүдүүлэг бөгөөд журамгүй. Тэдэнд анх бичиг үсэг байгаагүй, зарлиг тушаалыг хуруу сийлж тэмдэглэдэг байв. Элч нь нэг ч үг нэмж хасаж болохгүй. Хожим Уйгуртай хөрш байсан тул: уйгур бичиг хэрэглэж эхэлсэн. Сүүлийн хоёр жилд Алтан улсаас урвасан хүмүүс очиж, бичиг үсэг заасан. Ингээд одоо Алтан улстай харилцахдаа хятад үсэг хэрэглэдэг болсон. Өмнө нь: Туулай жил, Луу жил гэж нэрлэдэг байсан бол одоо: 庚辰年, 辛巳年 (Гэнчэнь Төмөр луу жил → 1220 он, (Синьсы Төмөр могой жил → 1221 он) хэмээн хэрэглэж байна. Монгол улсыг хүчирхэг гэж биширч: “Их Монгол улс” гэж улсын нэрээ өгсөн.

Хааны хөвгүүд ба вангууд (太子諸王)

Чингис хаан дөрвөн ах дүүтэй: Чингис — ууган нь. Том дүү — дайнд нас барсан, Бэнгүднa — одоо амьд. Тэмүгэ — сайн жанжин

Чингис олон хүүтэй: Бийин — Алтан улсыг дайлахад үхсэн, Жочи — их тайж, Адай, Тэмүлүн, Лунсун. Мөн олон татвар хүүхэд бий. Охид 7: Том гүнж — Ажинбээ, хоёр дахь — Арихбэхи, бусад нь тодорхойгүй.

Цэргийн засаг (軍政)

Татаарууд багаасаа: морин дээр өсдөг, ан ав хийж амьдардаг. Тиймээс явган цэрэг байхгүй, бүгд морин цэрэг. Тэд хэдэн арван мянган цэрэг хөдөлгөхөд бичиг хэрэг хэрэглэдэггүй. Амнаас ам дамжуулан тушаал өгнө. Хот бүслэхдээ эхлээд жижиг сууринг эзэлнэ, хүмүүсийг барьж авчирна, хүн бүр 10 олзлогдогч авах тушаал өгнө. Тэднээр шороо зөөлгөнө, жалга булуулна, хэрэм дүүргэнэ. Ингэж хэдэн түмэн хүнийг үхүүлэхээс үл айна. Хот эзэлсний дараа хөгшин залуу, эр эм, баян ядуу ялгалгүй бүгдийг ална. Дайнд тушаал биелүүлэхгүй бол язгууртан байсан ч цаазална.

Морин аж ахуй (馬政)

Монгол нутаг өвс ус арвин, адуу хонь өсгөхөд тохиромжтой. Морийг төрөөд 1–2 жил болоход сургаж, 3 жил өсгөж байж бүрэн унана. Морьд олон зуугаараа сүрэглэнэ, бараг янцгаахгүй, уяагүй ч зугтахгүй, маш номхон. Дайнд хүн бүр хэд хэдэн морьтой. Өдөр бүр сольж унадаг тул морьд ядрахгүй.

Хүнс (糧食)

Монголчуудын гол хоол айраг, сүү. Нэг гүүний сүү 3 хүнийг цатгана. Дайнд хонь нядална, туулай, буга, зэрлэг гахай агнана. Иймээс хэдэн арван мянган цэрэг ч гал түлдэггүй.

Ёс заншил (風俗) Монголчууд хөгшдийг бага хүндэлж, хүчтэй залуусыг эрхэмлэнэ. Тэд хоорондоо бараг зодолддоггүй. Шинийн нэгэн болон тавдугаар сарын 5-нд тэнгэрт мөргөнө. Ихэвчлэн гараа угаадаггүй, тос болсон гараа хувцсандаа арчина. Эмэгтэйчүүд духандаа шар нунтаг түрхэнэ. Эрэгтэйчүүд үсээ халимаг маягаар хусна.

Шашин шүтлэг (祭祀)

Сайн мууг мэргэлэхдээ хонины дал ашиглана, төмрөөр түлж хагарлыг нь үзнэ. Архи уухдаа эхлээд тэнгэрт өргөнө. Аянга дуугарахад “Тэнгэр хилэгнэж байна” гэж айдаг.

Эмэгтэйчүүд (婦人)

Дайнд: эхнэр хүүхдээ дагуулж явна. Эмэгтэйчүүд гэр барина, ачаа бараа хариуцна, морь сайн унадаг. Ноёдын эхнэрүүд өндөр титэм өмсөнө, урт ханцуйтай дээл өмсөнө. Найр дээр эр эм ялгалгүй хамт сууна.

Найр, бүжиг хөгжим (燕聚舞樂)

Хаан дайнд явахдаа бүжигчин эмэгтэйчүүд авч явна. Найр дээр зочинд заавал архи уулгана, аягыг дуустал уух ёстой. Хэрэв согтож бөөлжвөл, унтвал, тэд баярлан “Манай хүн боллоо” гэдэг.

МЭН-ДА БЭЙ-ЛҮ БҮТЭЭЛИЙГ НУУЦ ТОВЧООТОЙ ХАРЬЦУУЛАХАД

Мэн-да Бэй лү 1221 онд бичигдсэн бол Нууц товчоо 1240 онд зохиогдсон. Эхнийх нь монголчуудыг мэддэггүй гадны өөр соёл иргэншлийн хүн нүдээр харсан үзсэнээ тэмдэглэсэн бол, дараагийнх нь монгол хүмүүс өөрснөө бүтээсэн. Хоёр эх сурвалжийн гол ялгаа энэ. Аль алин нь анхдагч эх сурвалж. "Хар татаарын товч" хэмээн анхлан нэрэлсэн зохиол нь гадны ажиглалт бол Нууц товчоо нь дотоод түүх. Давуу тал нь эхнийх нь бодит ажиглалт бол дараагийнх нь дэлгэрэнгүй угсаа, үйл явдал. Гэхдээ сул тал нь Мэн-да Бэй лү нь гадны нүдээр харсан өрөөсгөл шинжтэй бол Нууц товчоо домогжсон шинж асар их агуулсан. 

Хоёр эх зохиол хоорондоо зөрүүтэй олон мэдээлэлтэй. Чингис бол хуучин мянганы ноён Жэлоугийн хүү гэсэн бол МНТ-д Есүхэй баатрын хүү гэдэг. Магадгүй хятад элч нар Есүхэйн нэрийг буруу сонссон байх. Чингис багадаа Алтан улсад баривчлагдаж арав гаруй жил боол болсон гэсэн бол МНТ түүнийг тайчуудад баривчлагдаж модон дөнгөтэй хоригдсон гэжээ. Эндээс харахад тайчууд татаар зэргийг өөр улс орон гэж эндүүлсэн нь мэдэгддэг. Чингисийн төрсөн оныг 1154 гэсэн нь МНТ-оос даруй 8 жилээр зөрж байна. Хятад элч нар “Монгол” ба “Татаар” ялгааг ойлгоогүй, монголчууд өөрсдөө шинэ нэр авсан мэт бичжээ. Ер нь “татаар” гэдэг нь хятад үг ба цагаан хэрмээс хойших бүх нүүдэлчдийг тэд нийлүүлэн татаар гэж нэрлэж байсан. Чингисийн хүүхдүүд, ах дүү нарын нэр болон тоог ихэд эндүүлсэн нь харагдана.

Хоёр эх зохиолд хоорондоо таарсан ижил баримт ч цөөнгүй. Чингис хааныг “эрэлхэг, шийдэмгий, уужуу, тэнгэр шүтдэг, итгэл даадаг” гэсэн бол МНТ-д “өршөөлтэй, анд нөхрөө үнэлдэг, тэнгэрт итгэдэг, ам тангараг чанд” гэжээ. Мухулайг жанжин гэсэн, цэргийн зохион байгуулалт нь аравт зуут мянгат гэж хуваагддаг, дайны олзыг хувь хэмжээгээр хуваарьлагддаг, хүн бүр олон морьтой, дал шатааж мэргэлдэг гэх мэт олон ажиглалт нь МНТ-д байдаг санаатай дүйдэг.

Хятад сурвалжид соёл, цэрэг, ахуй, төрийн байгуулалтын мэдээлэл нь тун найдвартай, харин угсаа гарвал, намтар, овог нэр дээр маш их алдаатай. Учир нь зохиогч Монголын дотор түүх мэдэхгүй, дам яриа сонссон, нэрсийг хятадчилж гажуудуулсан. 

Үүний нэг тод жишээ нь “Тэмүжин” гэх нэр байна. Төмөр гэж өнөөдөр хэлж бичигддэг үг түрэг гаралтай ба тэмүр гэнэ, монгол бичгээр ч тэмүр гэж бичигдэнэ, тэр үед ч ингэж дуудагддаг байсан байх. Чингисийн жинхэнэ нэр тэр үеийн дуудлагаараа “Тэмүржин”, өгөөгийн халх монгол дуудлагаар “төмөрчин”, утга нь төмөрчин, бүр цаашилбал дархан, эсвэл төмөр мэт хатуу чанга гэсэн утга агуулна. Маш олон үндэстэн ийм утгатай нэрийг шинэ төрсөн хүүд өгөх нь нэн элбэг. Мэн-да Бэй лү зохиолд Тэмүжин нэр анх бичгээр гарсан. Хятад бичлэгт үгийн эцэст орсон “р” авиаг бичилгүй орхигдуулдаг. Ер нь хятад аман ярианд “р” авиаг хэлж чаддаггүй “л” авиагаар орлуулж дууддаг. Иймээс Тэмүрчин гэсэн нэр Тэмүжин болон хувирч тархсан бололтой. Мэн-да Бэй лү зохиолд мөн Алунгоо нэр анх бичгээр буусан. Мөнөөх “р” ба “л” авианы зөрчлөөс болж Ариунгоо нэр Алун болон гажсан бололтой. Нууц товчоонд дурдсанаар Алунгоо өөрийн эр Добу мэргэнээс хойш төрсөн гурван хүүгээ “нар сарны гэрэл хэвлийд шингэж” жирэмсэлсэн гэдгээс Чингисийн эх сурвалж үүссэн, тэднийг “ариун” гэх болсон, харин Добугийн хүүхдүүд “төрлөхийн” гэгдэх болжээ. Алунгоогийн үгээр энэ гурван хүү “тэнгэрийн хөвгүүд тул хар тэргүүнт хүнтэй адилтгаж яахин болно. Хамгийн хаад болох цагт харц хүн сая учрыг мэднэ”.Энэ хоёр бүлэг болох “ариун” ба “төрлөхийн” хожим нийлж “Хамаг Монгол” болсон ажгуу.