Монгол маркийн бичиг үсгийн бодлого

Монгол марк өнгөрсөн 100 жилийн хугацаанд монгол, латин,  кирилл-орос бичгийг хэрэглэж иржээ. 

Монгол маркийн онцлох таних тэмдэг, бэлгэдэл байх учиртай үндэстний бичиг соёл манай марканд хэрхэн тусч, алга болж байсан тухай энд цухас атугай дурсах нь зүйтэй болов уу. 

Монголчууд бид л монгол бичгээрээ гайхуулж, түүнийгээ маркаараа дамжуулан дэлхий даяар таниулахгүй бол өөр хэн хийх билээ. Мөн үү? Ер нь манай үндэстний бичиг үсгийг хүнчилж бодвол коммунист- большевикуудын дэглэмийн үед их зовлон үзсэн дээ! 

Түүх сөхвөл манай улсын анхны маркууд болох1924 оны “Очирт”,1926 оны "Соёмбот”(хоёр өөр дизайнтай гарсан), 1932 оны “Шинэ Монгол” маркууд дээр монгол бичиг байдаг.


Түүнээс хойш манай улс марк гаргахгүй байсаар 11 жилийн дараа буюу 1943 онд “Шинэ Монгол” хэмээх өмнөхтэйгөө адил нэртэй өөр зурагтай хоёр дахь багц марк хэвлэсэн байна. Түүн дээр монгол бичиг тавиагүй. 

Яагаад дөрөв дэх маркаас монгол бичиг гэнэт алга болсон учрыг хайж, интернэт ухан, ном судар эргүүллээ. Тэр бүхний дүнд ийм нэгэн мэдээлэл олов. 

Судлаач Д.Ганхуяг ул суурьтай судалгаанд тулгуурлан түүний учрыг тайлжээ. 

1932-1943 оны хооронд хойд хөрш ЗХУ (өнөөгийн Орос улс)-д бичиг үсгийн талаар бөөн будилаан самуун дэгджээ. ЗХУ нь зуу гаруй үндэстэн угсаатнаас бүрдсэн аварга том гүрэн учир тэд нэгдсэн бичиг үсэгтэй байх ёстой гэсэн В.Ленин “багшийн” сургаалыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж “Агуу удирдагч” И.В.Сталин үзсэн тул 1929 оноос хоцрогдсон буурай түрэг болон бусад үндэстнүүдээ латин бичигтэн болгоно гээд пижигнүүлж өгч. Түүндээ бидний монголчуудыг ч хамаатуулжээ. Үүнийг 1932 онд гарсан дээрх “Шинэ Монгол” цувралд байх “Латин бичиг сурцгаая!”  марк нотолно.


Энэ марк гарч, манайхан латин үсэг хэрэглэж эхэлж байтал хойтон жил нь улаантнууд ирээдүйн дайснаа Гитлерийн Герман болон Европ гэж харсан тул тэдний  хэрэглэдэг латин үсгийг авах нь алсдаа тэдний нөлөөнд автах аюултай хэмээн болгоомжлоод бага буурай үндэстнүүдээ 1933 оноос латин биш кирилл орос үсэгтэн болгохоор шийдсэн байна.

Хамаг соруудаа хавчиж хядсан манайхан хаачих билээ, тэдний бодлогыг өөрийн толгойгүй мэт дагасан байгаа юм. 1930-аад онд 30-аад мянган хүнээ хилсээр хэлмэгдүүлэн, хядуулж, айдас түгшүүрийг яс махандаа мэдэрсэн ард түмэн тэгэхгүй гээд ч яах билээ. Латин үсгээсээ татгалзаж, даруй буцаж босоо монгол бичиг рүүгээ шилжээд улмаар 1946 оны 1 дүгээр сарын 1-нээс бидний монголчууд хөндлөн кирилл бичигтэн болсон түүхтэй! 

Тиймээс 1943 оноос 1957 оныг дуустал хугацаанд гарсан бүх монгол марканд монгол бичиг  “нет" болжээ ! 

Бодвол манай “эзэд” цаанаас нь “НЕ НАДО”*  гэж заавардсан нь ойлгомжтой. 

1956 онд Москва хотноо болсон ЗХУ-ын Коммунист Намын алдарт ХХ их хурал дээр тавьсан И.Сталиныг тахин шүтэх явдлыг бут ниргэсэн Н.Хрушевын илтгэл Монголын сэхээтнүүдийг сэрээв. 1958 онд гарсан маркуудад монгол бичиг гэнэт ороод ирж. 

Бүр зориг орж, 1959 онд монгол үндэстнийхээ бичиг үсгээр бүтэн цуврал гаргав. Тэр жил Улаанбаатар хотод зохион байгуулсан Дэлхийн монголч эрдэмтдийн анхдугаар их хуралд зориулж хэвлэсэн маркууд нэн сонирхолтой!  

Энд дөрвөлжин, соёмбо, тод, эвхмэл бичгээр марк гаргаж, үндэсний үзлийг нэвт ханхлуулсан байдаг. Цувралд кирилл үсэгтэй маркийг багтаахдаа зориуд соёмбо хэлбэрт оруулж зураад бусад 4 маркаас жижигхэн хэмжээтэй гаргасан нь энэ үсэгт хэрхэн хандаж байгаагаа дорны ёгт утгаар  илэрхийлсэн хэрэг биз. 

Улс төрийн дулаарлын энэ үед 1930-аад оны аймшигт хядлага, маршал Х.Чойбалсанг тахин шүтэж байсан алдаа завхрал, үндэсний үзлийг нухчин дарж Монголын их түүхээ мартаж, Чингис хаанаа гутаан, бичиг соёл, шашин шүтлэг, ёс заншлаа гээж байгаа, ард түмний амьдрал доройтон сөхөрсөн, нам төрийн алдаатай бодлого, үйл ажиллагаа… гээд  нийгмийн бүхий л хүрээг хамарсан өргөн шүүмжлэл өрнөжээ. 

Коммунист хийрхүү үзэлтэй дарга сайд нарын нүдийг хорсгож байдаг монгол үндэстний бичиг үсэгт хандах хандлага ч зөөлөрч эхэлжээ. Энэ таатай цагийг ашиглан манай үндэсний үзэлтнүүд маркандаа монгол бичиг үсгээ шигтгээд авсан нь бахархалтай. Нэгэнт барьсан барьцаа улам лавшруулж, 1961 оны 7 дугаар сард гарсан “Ардын хувьсгалын 40 жил” сэдэвт олон гоё маркаа монгол бичгээрээ чимэв. 1962 онд Чингис хааныхаа төрсний 800 жилийн дурсгалд зориулан, монгол бичигтэй марк хэвлүүлэв. Монголчуудын үндэсний үзэл илт сэргэж, тэр хэрээр нийтээрээ хэсэгхэн зуур сэтгэл тэнийжээ. 

Даяар олноороо сэргэж, овоо сайхан “монголжиж” байтал марзан юм болов. Ердөө дөрөвхөн сарын дараа, 11 дүгээр сард нь гарсан БНМАУ-ын шинэ сүлдтэй марк, Нэгдсэн Үндэстний Байгууллагад элссэний түүхэн үйл явдал дурсгалд зориулж, 1962 онд хэвлүүлсэн гоё маркууддаа монгол бичгээ ор тас “мартчихав”. Уг нь Монгол Улс НҮБ-ын гишүүн боллоо гээд үндэснийхээ бичиг үсгээр харин ч нэг гангарч байх ёстой сон! Гэтэл бас л "Нет" болжухай.

 


Ерөнхийдөө 1956-1964 оныг хамарсан зурвас үе их ороо бусгаа. Зөвхөн маркийн бичиг үсэг дээр ч харагдаж байгаа төдий зүйл биш юм байна лээ. Монголын дээд удирдлага дотооддоо зөрчилтэй, улс төр, нийгмийн амьдрал ихээхэн үймээн шуугиантай байж. “Сэхээтний төөрөгдөл” гэх мэт хийрхлийг залгаад Ю.Цэдэнбалын ноёрхлын эсрэг Г.Дамба, дараа нь Ц.Лоохууз, Б.Нямбуу, Б.Сурмаажав нарын хэрэг гарав. 

Цаг үеэ дагаад маркан дээрх монгол бичиг нэг ил гарч, нэг далд орж, тогтворгүй байв. Монгол маркан дахь монгол бичгийн талаар баримтлах тодорхой бодлого байхгүй тул цагийн аясаар, магадгүй хувь хүний ааш араншингаар  хувиран хувьсан явсаар 1970-аад оноос Ю.Цэдэнбалыг тахин шүтэх явдал гаарахуйд дахиад л монгол бичиг, үндэсний соёлоо гадуурхаж эхэллээ. Түүний нэг илрэл бол 1980 онд хэвлэгдсэн “Удирдагчдын” хэмээх цуврал марк болно. Энд монгол бичгийн мөр байтугай үнэр ч байхгүй!

Харин 1970 онд “Үнэн сонины 50 жил” марканд монгол бичиг орсон нь угаасаа цаад сонин нь анх монгол бичгээр хэвлэгддэг байсан болохоор хасах, дарах аргагүй байсных биз.  

Бичиг үсгийн талаар тогтсон бодлогогүй, орон гаран хандаж ирсний тодорхой ганцхан жишээг энд дурдъя. Миний судалж үзсэнээр монгол марканд тавьдаг  “Монгол” болон “Шуудан” гэдэг үгийг  доорх 14 хувилбараар бичсэн байна.

1. Почта    (Монгол бичгээр) 

2. Улсын Тэмдэг     (Монгол бичгээр)

3. Бүгд Найрамдах Монгол Ард Улс   (Монгол бичгээр)  

4. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Шуудан  (Монгол бичгээр)

5. Монгол Улсын Шуудан   (Монгол бичгээр)   

6. Монгол Шуудан   (Монгол бичгээр)  

7. Монгол Шуудан  (Кирилл орос үсгээр) 

8. БНМАУ Шудан (Кирилл орос үсгээр                               

9. Шуудан  (Кирилл орос үсгээр) 

10. Монгол Ард Улс  (Кирилл орос үсгээр)                                                                                                               

11. Монгол Улс. Шуудан   (Кирилл орос үсгээр)

12. Монгол Улсын Шуудан (Кирилл орос үсгээр)  

13. Mongol Post                        (Латин үсгээр)

14. Мөн өөр нэг хувилбар нь  “Монгол”, “Шуудан” гэдэг үг огт ороогүй.

Ийм тогтворгүй олон янзаар бичиж байгаа нь монгол маркийн танигдалт, ялгаралд ч урхагтай юм. 

Марканд тавих бичиг үсгээ бусад улсууд яадгийг сонирхвол, жишээ нь АНУ анхнаасаа л “US Postage” (заримдаа маркийнхаа зургийн багтаамж, зохиомжоос шалтгаалан “United Stated of America Postage”)  гээд биччихсэн нь өнөөг хүртэл 146 жил  өөрчлөгдөөгүй  хэвээрээ байна.  Нэгэнт тогтчихсон энэ зарчмыг хэн ч дураараа хөндөх эрхгүй.  

Бид ч бас бодлоготой байж, маркандаа төдийгүй дугтуй, ил захидал, мэндчилгээ, шуудангийн тамга зэрэгтээ  монгол бичиг үсгээ тогтвортой байлгах хэрэгтэй юм.

Тодын Отгонбаяр.   2026.05.17