- Ванчигийн Ганзориг: Хотын эдийн засаг, соёл, засаглал, хөгжлийн талаар монголчууд бид хоорондоо багагүй мэтгэлцдэг. Хот удирдахад учирдаг хамгийн том хүндрэл таны хувьд юу вэ?

- Нобуто Хосака: Манай Сэтагаяа хот 920 гаруй мянган хүн амтай. Япон улсын мегаполисийн хамгийн том дүүрэгт тооцогдоно. Байршил, хүн ам зүйн бүтэц талаасаа нэлээд солонгорсон дүүрэг гэж хэлж болно. Ялангуяа Токио хотын элит, манлайлагчдын эзлэх хувь манай дүүрэгт хамгийн өндөр байдаг. Тухайлбал, сэтгүүлчид, улстөрчид, төрийн албаныхан гэх мэт. Өөрөөр хэлбэл, дуу хоолой, үзэл бодлыг нь нэгтгэхэд тун хэцүү бүлэг хүмүүс манай хотод амьдардаг. Энэ миний хувьд хот удирдахад хамгийн том сорилт болдог. 

Хотын захиргааны байр барих үеийн жишээг хуваалцмаар байна. Уг нь иймэрхүү төслийг хийх эсэхийг шийдэхэд дунджаар нэг жил л зарцуулдаг. Гэтэл манайд зургаан жил шаардагдсан. Нийгмийн ялгаатай бүлгүүд өөр өөрийн үзэл бодлоо хэлж хамгаалан, хэлэлцэн мэтгэлцсээр байгаад зургаан жилийн дараа 250 тэрбум иэнийн төсвийг арай гэж баталсан. Нийт саналын 90 хувиас дээш гарч байж манайд шийдвэр гардаг дүрэмтэй. Ийм олон лидерийн давхаргатай хүмүүсийн 90 хувийн саналыг авна гэдэг нь хэцүү ажил байдаг.

- Энэ ялгаатай бүлгүүдийг удирддаг таны арга барил юу вэ?

- Хоёр аргаар ажилладаг. Нэгт, иргэдийн хурлыг үр дүнтэй ашиглахыг зорьдог. Манай иргэдийн хурал 50 төлөөлөгчөөс бүрддэг. Энэ 50 хүнтэйгээ ойрхон ажиллаж, үзэл бодол, зорилгоо нэгтгэдэг. Хоёрт, 900 гаруй мянган хүнтэй манай хотын 40 хувь нь л нийгмийн идэвхтэй иргэд байдаг. Үлдсэн 60 хувь нь хот, олон нийт, нийгмийн асуудалд огт оролцдоггүй. Энэ хүмүүсийн саналыг авч, дуу хоолойг нь сонсохын тулд эдгээр иргэдийн дунд хэлэлцүүлэг, уулзалт, арга хэмжээг тусгайлан зохион байгуулдаг. 

- Хотын даргын шийдвэр гаргах эрх мэдэл, удирдлагын бүтэц нь ямар байдаг вэ? Танд хотоо удирдах хангалттай эрх мэдэл бий юу?

- Манайд “Bottom up” буюу иргэдийн санал, дуу хоолойг анхан шатнаас нь эхэлж сонсох зарчмаар ажилладаг бүтэц бий. Хотын асуудлыг хотын иргэд өөрсдөө шийдэх ёстой гэдэг философи юм. Манай хотын захиргаа нийтдээ 5300 ажилтантай. Эдгээр хүмүүс нэг сая орчим иргэдийнхээ дуу хоолойг сонсож, хотын удирдлагад хүргэх хариуцлагатай үүрэг хүлээдэг. Өөрөөр хэлбэл, хотын удирдлага аливаа шийдвэр гаргахаас өмнө иргэдээ эхэлж сонсохыг чухалчилдаг гэсэн үг. Эрх мэдлийн төвлөрөл миний дээр хэлсэн 50 хүнээс бүрдсэн иргэдийн хурал дээр байдаг. Ялангуяа хотын төсөв, санхүү батлах үед эрх мэдлийн асуудал шууд хөндөгддөг. Нэгэнт батлагдсан төсвийн хүрээнд захиран зарцуулалтыг би өөрийн бүрэн эрхийн хүрээнд ямар ч асуудалгүй удирдан хийдэг. 

Бид Токио гэсэн мегаполист харъяалагддаг Сэтагаяа гэдэг дүүрэг. Ийм учраас томоохон шийдвэр гаргах төвшиндөө Токио хот өөрөө маш их хүчтэй байдаг. Гэхдээ ард иргэдтэйгээ хамгийн ойрхон байдаг нь бид нар. Хотын иргэдийн дуу хоолой бид нараар дамжин Токио руу явдаг. Энэ хооронд бид гүүр болж ажилладаг гэсэн үг. Гэхдээ энэ гүүрийн хоёр талд байх талуудын үзэл бодлын зөрчилдөөн бага биш шүү. 

Шийдвэр гаргалтын дараагийн шат бол төр буюу Япон улсын төвшин юм. Энэ төвшинд ч гэсэн санал, бодол зөрчилдөх тохиолдол бишгүй гардаг. Тухайлбал, ЛБГТ иргэдийн эрхийн асуудлыг дурдаж болно. Япон улс эдгээр иргэдийг хоорондоо гэр бүл болохыг хуулиар зөвшөөрөөгүй байгаа. Гэхдээ манай Сэтакаяа хотод үүнийг дөрвөн жилийн өмнөөс зөвшөөрсөн. Үүний дараа нийт 27 сая хүн ам бүхий бусад 40 гаруй жижиг хот, дүүргүүд манай санаачилгыг дэмжин хамтарч, хүний эрхийн энэхүү асуудлыг нь шийдэн ажиллаж байна. Гэхдээ энэ асуудлыг Япон улсын төр улсын хэмжээнд өнөө, маргаашгүй шийдэх шаардлагагүй гэж үзэж байгаа. Нийгмийн зарим асуудал дээр бид заавал төрийн шийдвэрийг хүлээлгүйгээр хот, дүүргүүд хоорондоо нэгдэн шийдлээ амьдрал дээр хэрэгжүүлдэг. Улмаар энэ нь төрийн үйл хэрэг болж, улс даяар хэрэгждэг хууль болдог. 

- Таны албан тушаал улс төрөөс хэр хамааралтай байдаг вэ?

- Энэ бол сонгуулиар томилогддог албан тушаал. Ийм учраас Токио хот болон улсын зүгээс шууд хамаарал, тэдний хяналт бага байдаг. Өмнөх асуулт дээр нэмж хэлэхэд, улс ба хотын татварын шатлал манайд хэрэгждэг. Токио хот том татваруудаа аж ахуйн нэгжүүдээс цуглуулаад авчихдаг болохоор бид төсвийн орлого бүрдүүлэлттэй шууд хамаарал багатай. Үүнийг хүн болгон мэддэггүй. Токио хотод харъяалагддаг Сэтакаяа болон бусад 23 дүүрэгт маш олон байгууллага, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр байгууллагаас орлогын болон үл хөдлөх хөрөнгийн татварыг уг нь бид авах ёстой ч Токио хот руу шууд явж, тэндээсээ эргээд хуваарилагддаг. Иймээс татварын орлого цуглуулалт болон зарцуулалт дээр бидэнд хангалттай эрх мэдэл байдаггүй. Үүн дээр сэтгэл хангалуун бус явдаг. 

Төр хууль боловсруулж баталдаг. Токио ба Сэтакаяа хотын хувьд энэ хуулийн хүрээнд мөрдөгдөх журмыг боловсруулан харъяа нутаг дэвсгэр дээрээ хэрэгжүүлдэг. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ цагийн 1000 иэн байсныг саяхнаас 1130 иэн болгох журмыг Сэтакаяа хот өөрийн бүрэн эрхийн хүрээнд журмаараа өөрчилсөн. Хуулийг давсан журам гэж байхгүй ч бид журмаар дамжуулан хуульд нөлөөлөн, улам сайжруулах оролдлогуудыг хийдэг. 

Сэтакаяа хотод Японы хамгийн том хүүхдийн хөгжил, эрүүл мэндийн төв байдаг. Энэ төвд эмчилгээгүй болсон, урт хугацааны эмчилгээ, байнгын асаргаа шаардлагатай хүүхдүүд ирдэг. Улсын хэмжээнд манайх шиг ийм төв байхгүй. Манай хот өөрөө санаачилан хүнд хэлбэрийн бэрхшээлтэй, асаргаа шаардлагатай хүүхдүүдэд зориулсан энэ төвийг байгуулаад авч явж байна. Үүнээс хойш бусад хот, дүүргүүд манай санаачилгыг даган, улмаар Япон улсын хэмжээнд ийм төвүүдийг байгуулж эхэлсэн шүү. 

- Сэтакаяагийн хотын жилийн төсөв хэд вэ?

- 500 тэрбум иэн. 

- Голлох зардлууд нь юу байдаг вэ?

- Манай төсвийн талаас илүү нь нийгмийн халамжийн зардалд зарцуулагддаг. Хүүхдийн халамж, тэр дундаа цэцэрлэгийн зардалд нийт төсвийн 10% нь хуваарилагддаг. Дараагийн голлох зардал ахмадуудын халамж байдаг. 65-аас дээш насны 200 мянган ахмад манай хотод амьдардаг. Эдгээр хүмүүсийн асаргаа, халамжийн зардалд багагүй төсөв хэрэгтэй болдог. Үүний дараа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төсөв орно. Манай хотод 40 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг бөгөөд эдгээр иргэдэд үйлчлэх үйлчилгээний төвүүдийг зардлыг хот даадаг. Хүүхэд, ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хот нийт төсвийнхөө талаас илүүг зарцуулж, үлдсэн 20%-ийг боловсрол, 30%-ийг нь дэд бүтцэд зарцуулдаг. 

- Дийлэнх зардал халамжинд явдаг юм бол хот өөртөө хийх хөрөнгө оруулалтын зардлаа яаж босгодог вэ? Тухайлбал, дэд бүтцийн төслүүд? Мөн бизнесийн байгууллагуудаа яаж дэмждэг нь сонин байна?

- Төр, хотын эзэмшилд байсан орон сууц, үл хөдлөх хөрөнгүүдийг бид нурааж оронд нь олон нийтэд зориулсан зам талбай, цэцэрлэг бий болгож байгаа. Одоогоор 20 гаруй тэрбум иэнийн төслүүд хэрэгжиж байна. Энэ дэд бүтцийн хөрөнгө оруулалтын талыг нь улс гаргадаг. Хувийн хэвшлийг хоёр аргаар дэмждэг. Нэгт, бага хүүтэй зээл олгодог. Хүүгийн зөрүүг хот даадаг. Хоёрт, хотын бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөлд хувийн хэвшлийн компаниудыг бодлогоор оруулж, гүйцэтгэлийг нь хийлгэдэг. Бид мегаполисын харъяа жижиг хот учраас манай зардлын дийлэнх нь халамж дээр суурилдаг. Дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг улсын болон Токио хотын төсвөөс голцуу гаргадаг онцлогтой. Манай гол зардал хүндээ зориулагддаг. Явган хүний зам, нийтийн эзэмшлийн бүтээн байгуулалт гэх мэт. Өөрөөр хэлбэл, манай 500 тэрбум иэнийн төсөвийн талаас илүү нь нийгмийн халамжийн зардалд зарцуулагддаг. 

- Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот залуусын хот. Зөв, бурууг нь мэдэхгүй ч залуус хотоо өөрсдөө удирдах ёстой гэж ярьдаг. Улс төрд орж байгаа залууст өгөх таны зөвлөгөө юу вэ? Та өөрөө хэрхэн улс төрд орсон бэ?

- Монгол Улс залуусын орон гэдгийг мэднэ. Залуусын давуу тал бол хурд. Та бүхний давуу тал бол хөгжлийн хурд гэж хэлмээр байна. Японд шийдвэр гаргагчдын дундаж нас 70 байдаг. 40 настай хүн Японы нийгэмд нилээд хүч сул, эрх мэдэл багатай ангид ордог. Иймээс манайд шийдвэр гаргах хурд улам бүр удааширч байгаа. Энэ талаараа Монгол Улсад бидэнд байхгүй том давуу тал байгаа. Эстони улсыг энд дурдмаар байна. Энэ улс технологийн хөгжил, блокчэйнийг ашиглаад төрийн үйлчилгээн дээрээ реформ хийж чадсан. Энэ хэрээр Эстонид гадаадын хөрөнгө оруулалт цутгаж байна. Гэх мэтээр технологи, инноваци дээр суурилсан ухаалаг өөрчлөлтийг хийвэл Монгол залууст давуу тал хангалттай байна гэж харж байна. 

Урт хугацааны зорилгод хүрэхийн тулд яаралгүй, гэхдээ зогсолтгүйгээ аажмаар тэмүүлэх хэрэгтэй гэж Япончууд ярьдаг. Зоримог шийдвэр гаргахад залуусын хувьд багагүй эрсдэл үүснэ. Ялангуяа улс төрийн хувьд амь настай холбоотой эрсдэл үүсэхийг ч үгүйсгэхгүй. Улс төрд орж, улмаар хот, улсаа удирдахаар зэхэж буй залуусын хувьд нэгт, нийгмийн дээд, доод давхарга биш нийтийг хамарсан бодлого гаргах нь чухал. Хоёрт, сонгуульд оролцохдоо авилга авахгүй, ёс зүйтэй оролцож сурах нь маш чухал шүү гэж онцлож захимаар байна.

- Коронавирустай яаж тэмцэж байна вэ?

- Коронавирусын тархалтыг намжаах амар биш байна. Эхний ээлжинд бид олон нийтийг хамарсан арга хэмжээг хориглож, хүмүүсийн бөөнөөрөө байх боломжуудыг багасгаж байна. Шинж тэмдэг илрэх хугацааг хоёр долоо хоног гэж байгаа ч энэ хугацаа эргэлзээтэй байгаа. Японд одоо гурван хүн нас бараад байна (2 сарын 21-нд хийсэн ярилцлага). Энэ тоог АНУ зэрэг улсад жил бүр гардаг ханиад, түүнээс үүдэн хүмүүс хэдэн мянгаар амиа алддаг тохиолдолтой харьцуулбал бас сонин. Одоогоор бид коронавирусын тархалтыг аль хүртэл хамгаалж, тархалтыг зогсоож чадах вэ гэдэг дээрээ л онцгойлон анхаарч ажиллаж байна даа. 

Коронавирустай холбоотой хэлэхэд 91 настай Япон иргэн сая нүүр хамгаалах маск (Face shield) хийлээ. Энэ хүн бидний дээр үед хэрэглэдэг байсан компьютерийн флоппи диксийг анх зохион бүтээсэн хүн л дээ. Хүмүүс маск зүүж байгаа ч коронавирус нүдээр дамжих, эсвэл нүдэндээ гараа хүргэх үед эрсдэл үүсч байгаа. Иймэрхүү инноваци гаргаж байгаа хүмүүсийг хотын зүгээс шууд дэмжихээс гадна вакцин гаргах ажил дээр багагүй дэмжлэг үзүүлж байна. Маск, нүдний шил зүүсэн эмч нарын яриа сайн сонсогддоггүй. Энэ нь цаашилбал өвчтөнтэй ярьж буй яриа, эмчийн гаргах онош, зөвлөгөөнд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Ийм учраас энэ эрхэм ийм шийдлийг (Face shield) гаргаад бидэнд танилцуулж байна. Бусдад үйлчилж буй хүмүүсийн нүүр царайны хувирал ил байх нь маш чухал. Тухайлбал, инээх, талархах гэх мэт. Нүүрэндээ ийм хамгаалалт зүүсэн байхад хүн амьсгалж байгаа учраас хаалтны дор ил буй талбайд агаарын даралт их болно. Ийм учраас вирус дээшээ өгсөж хүний амьсгалын замын эрхтэн рүү орохгүй гэж үзэж байна лээ. Давхар энэ хамгаалалт хүний нүд, нүүрийг бүтнээр нь хамгаална. Нүдний шилтэй хүн ямар ч асуудалгүй зүүн хэрэглэх боломжтой. Бид хотын төсвөөсөө нэлээд олон тоогоор энэ маскийг авч байгаа. Танд эхний дээжээс нь үзүүлмээр байна. 

- Олимпт хэрхэн бэлдэж байна вэ?

- Манай хотод АНУ-ын тамирчид байрлах ёстой байгаа. Комазава олимпын тосгоны бүтээн байгуулалтыг бид хийж байна. Олимпын үеэр балчир хүүхдээс авахуулаад өндөр настныг хүртэл бүхий хүнийг хамруулсан хөгжилтэй, сайхан арга хэмжээг зохион байгуулна гэж одоогоор төлөвлөж байгаа. 

- Хотын төлөө зүтгэхийн тулд заавал улс төрөөр дамжих ёстой юу?

- Би аль нэг улс төрийн намд харъяалагддаггүй. Дүүрэг, жижиг хотын дарга байхын тулд нам бус байсан нь хамаагүй дээр байдаг. Намын гишүүн болохоор нэг хэсэг хүний талархлыг хүлээх ч, нөгөө талдаа нөгөө хэсэг хүмүүсийн үзэн ядалтын золиос болдог. 

- Үнэтэй цагаа зарцуулан сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа!