Их Монгол гүрэн 1206-1368 он хүртэл оршиж газар нутгаа 30.0 сая квадрат км болтол нь тэлсэн байдаг. Гэвч Их Монгол гүрэн задарсан. Тэрхүү үлэмж их газар нутаг дахин олдохгүй нь мэдээж. Тэр үлэмж их газар нутгийг дахин эзэлж авна гэдэг боломжгүй зүйл. Харин монголчууд өөрийн унаган нутгаа алдсан нь л хамгийн том эмгэнэл болсон юм. 

Монголын унаган нутаг гэж юүг хэлээд байгаа юм бэ. Монголын унаган нутаг гэж хэдэн мянган жил монголчууд нутаглаж байсан, мал сүргээ бэлчээж байсан, уул ус нь монгол нэртэй газрыг хэлээд байгаа юм. 

Монголтой хил залган оршиж байсан Орос улс, Хятад улс, хожим нь Казахстан Монгол их гүрэн байсан үеийн ихэнхи газар нутгийг сүүлийн дөрвөн зууны турш булаан авсан байдаг юм. Тэд эхлээд монголын зах хязгаар нутгийг эзлээд зогсохгүй гурван талаас нь монгол нутгийг үргэлжлүүлэн тал талаас нь мэрсээр байгаад монголын унаган нутгийг ихэнхийг нь булаан авсан юм.

Монгол улс хэзээ хамгийн их газар нутгаа алдсан бэ. 

Монгол улс  Ойрд Монгол, Халх Монгол гэж хоёр хуваагдсан үеэс, дараа нь Монголын төр гэж байхгүй болсон үеэс хамаг газар нутгаа алдсан юм. Ойрдын ноёд 1500 оноос эхлэн Монголоос салан тусгаарлах ажиллагаа явуулж Зүүнгар хэмээх улсыг Монголоос салган тусдаа байгуулж тэрхүү улс нь 18-р зууун хүртэл оршиж 3 сая квадрат км газар нутагтай болсон байлаа. Ойрд монголчууд  дундад азийг эзэлж Бухар, Самарканд болон Казахын нутгийг гартаа оруулжээ. Ойрдын ноёд баруун зүг дундад азийг эзлээд зогссонгүй зүүн зүг цэргээ эргүүлж Халх Монголыг үгүй хийв. Халх Монголын ноёд Өвөр Монголын Долнуурт дүрвэн очиж Галданы аюулаас зугатаан дөрөв таван жил амь зогоож байв. Ойрдын ноёдын алаан хядаан, дайн тулаан, дээрэм хэрээс хэтэрсэн тул Манжийн хаан болон Оросын хатан хаан Ойрдын эсрэг цэргийн ажиллагаа явуулж улсыг нь устгаж газар нутгийг нь 18 –р зууны эцсээр хувааж авчээ. 

Монголын хойд , зүүн хойд, баруун хойд нутгийг хаант Оросын казак цэргүүдийн ангиуд бараг эсэргүүцэлгүй булаан эзэлсэн юм. Монголын Түшээт ханы цөөхөн цэргүүд Оросын казак цэргийн түрэлтийг Байгаль орчмын нутаг Сэлэнгэ, Дээд үдэд хазаарлан зогсоосон боловч яг тэр үед Галдан Халх Монгол руу довтолсон тул Түшээт хан 5000 цэргээ  Буриадаас татаж Түшээт ханы нутгийг ойрдуудаас хамгаалж тулалдсан юм. Гэвч Галдан Түшээт ханы 20 000 халх цэргийг бүгдийг нь хядаж дуусгажээ. Монголчуудын энэ хүнд байдлыг ашиглаж Оросын казак цэргүүд Байгаль орчмоор довтлон Дээд Үд, Сэлэнгийг эзлэн Халхын Хиагт хотыг хүртэл мэдэлдээ авчээ. Хаант Орос улс 1666 оноос эхлэн зуу гаруй жилийн дотор Сибирь, Алтайн хязгаар, Өвөр Байгалийг болон Амар мөрнийг сав газрын монголчуудаас булаан авлаа. 

1600-1900 оны хооронд яагаад монголчууд бүх хойд нутгаа Орос улсад алдсан юм бэ. 

Нэгд. Монгол улс төргүй, цэрэггүй болж 200 жил төргүй явсан монголчуудыг оросууд хойноос нь шахаж, хятадууд өмнөдөөс шахаж ихэнхи нутгийг нь эзэлжээ. 

Хоёрт. Оросын цэрэг галт зэвсэг, их буутай хүчирхэг армитай болсон байхад монголчууд нум сумтайгаа, Халх дөрвөн аймаг нь цөөхөн цэрэгтэй, цэргийн хүчээр дорой болсон байлаа. 

Гуравт. Монголын хүчийг Ойрд Монголын байгуулсан Зүүнгар улс сулруулсан юм.Ойрдын цэргүүд Халх Монголын цэргийг хядаж дуусгасан байлаа. 

Тэр үед Орос цэргийн хүчийг Монгол байтугай Манж Чин улс тогтоож чадахгүй байлаа. Манж Чин улс Амар мөрний орчмын бүх нутгаа Орост алджээ, улмаар Порт Артур боомтоо хүртэл алджээ.

Хэдий хэрийн унаган нутгаа монголчууд Орос улсад алдсан юм бэ.

Оросууд 1666 оноос эхлэн Монголын нутаг руу дайрч эхэлсэн. Монголын Сибирь нутаг, Алтайн нутаг, Байгаль орчмын нутаг, Амар мөрний орчмын нутаг гээд тоочвол нийтдээ 2.0 сая гаруй квадрат км монголын унаган нутгаа алджээ.

Тува гэхэд л Монголын Урианхайн хязгаар нутаг гэдэг нэртэй байх үедээ оросуудад найр тавин газар нутгаа өгч өөрсдөө Тува улс гэгчийг дур мэдэн Монголоос салган байгуулж 200 000 гаруй квадрат км монголын газар нутгийг тасдан авч Зөвлөлт улсын мэдэлд өгчээ. Ингээд зогсохгүй 3 удаа Монголоос нутгийг нь оросуудын тусламжтай булаан авчээ. Хамгийн сүүлд 1958 оны 3-р сард тувачууд Зөвлөлтийн элчин сайд В. Молотовт хүсэлт гаргаж Тувагийн Монголд орхиж үлдээсэн газар хэмээн хуурамч газрын зураг үйлдэж 2500 квадрат км газар нутгийг  БНМАУ-аас булаан авчээ. Зөвлөлтүүд Тувагийн нутгийг олон удаа тасдан оросын бусад мужид харьяалуулж одоо Тувад дөнгөж 168 000 квадрат км газар нутаг үлджээ. 

Оросууд Буриадыг эзлээд  1703 онд Оросын мэдэлд оруулав. Орос, Зөвлөлтийнхөн буриадын газар нутгийг нь тав хувааж олон удаа Оросын мужуудад тасдан өгч одоо буриадын нутаг дөнгөж 351 000 квадрат км болжээ. 

Казахстаны газар нутаг одоо 2.7 сая квадрат км байна. Энэ нутгийн бараг тал хувь нь монголын Зүүнгарын нутаг байлаа. Казахстаны зүүн нутгийн уул, гол мөрөн нь монгол нэртэйгээ байдаг. Жишээлвэл Алтан эмээлт гэдэг одооны зүүн казахстаны нутаг яг л хэвээрээ монгол нэртэйгээ үлдсэн байна. Казах улсыг үүсгэн байгуулагч нь Чингис хааны ууган хөвгүүн Зүчи хаан юм л даа. Одоо казахууд Зүчи хааны 800 жилийн ойг тэмдэглэх гэж их хөл хөөрцөг болж байна. Казахстанд Чингис хааны удмын 20 000 хүн байдаг гэсэн. Казахууд одоо болтол Зүчи хааныг ихэд хүндэлдэг юм байна лээ.

Та нар орчин үеийн Монгол улсын газрын зургийг хараарай. Хойноосоо өмөрч сэтлэгдсээр байгаад Увс, Хөвсгөл, Завхан, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод аймгийн хойд талын унаган нутгууд бүгд Зөвлөлт улсын Эрхүү, Чита мужийн нутагт орчихсон байдаг юм. Хэнтийн Дадалын хойхнуур Эзэн Богд Чингис хааны төрсөн газар Дэлүүн болдогийн хойхнуур зөвлөлтийн хил ороод ирчихсэн байдаг юм. 

Оросууд монголын Байгаль нуурыг аваад зогсохгүй оросын орчин үеийн газрын зураг дээрээ Увс нуурыг зөвлөлтийн нуур гээд хэвлэчихсэн байдаг юм билээ. БНМАУ зөвлөлтийн түрэмгийллээс хилээ хамгаалж чадаагүй байдаг юм.Зөвлөлт улс дуртай цагтаа цэргээ монголын хилээр оруулж байлаа.

Оросын Холбооны улсын одооны газар нутгийн хэмжээ 17.0 сая квадрат км байна. Хойноосоо урагшаа 4000 км, баруунаас зүүн тийш 10 000 км урт байна. Сайндаа ч биш, монголын газар нутгаас 2.0 сая гаруй квадрат км унаган нутгийг нь булаан авсан түүхтэй байдаг юм. 

Анх Орос орон ямар хэмжээтэй газартай байсан юм бэ. Орос орон яаж үүссэн юм бэ.

Орос орон Москвагийн вант улсаас гаралтай бгөөд энэ газрыг анх Моксель гэдэг байсан. Энэ газар дээр анх монголчууд 1237 онд ирж Суздали, Владимирын ноён Юрий Всеволодович Бат хаанд дагаар орж Алтан орд улсын нэг хэсэг болсон юм. Московит буюу Москвагийн вант улс Алтан орд улсын нэгээхэн хэсэг байсан юм. Газар нутаг нь хагас сая гаруйхан квадрат км байв. Владимирын ван Ярослав өөрийн хүү Алксандрыг 8 настай байхад нь Бат хааны өргөмөл хүү болгож Александр 1238 - 1252 онуудад Алтан орд улсын Бат хааны ордонд амьдарч байв. Александр Невский Бат хааны охинтой гэр бүл болж, Бат хааны хүү Сартактай анд бололцож, Владимирын ван болж Алтан орд улсын төлөө амьдралаа зориулж байлаа. 

Москвагийн вант улсыг анх 1277 онд Монголын хаан Мөнх Төмөрийн зарлигаар байгуулж Алтан улсын нэгээхэн хэсэг нь болж байлаа. Үүнээс хойш 270 жил Москвагийн вант улсыг Чингис хааны удмын хаад захирч байлаа. Учир иймд оросууд хэрхэн төрт улс байгуулж, хэрхэн их гүрэн байгуулахыг монголчуудаас сурсан юм шүү. Харин харамсалтай нь бидний шавь байсан оросууд сүүлдээ бидний багш болж, монголчууд бид оросын шавь нь болсон эмгэнэлт түүхтэй байдаг юм. 

Хятад улс 9 сая 600 000 квадрат км газар нутагтай. Баруунаас буюу Памирын уулнаас зүүн зүгт Шанхай хот хүртэл 4500  км урт, хойноос өмнөд руу буюу Амар мөрнөөс Хайнан арал хүртэл   4100 км урт байдаг ажээ.

Хятад яагаад ийм их газар нутагтай болсон вэ гэхлээр өнөөгийн Хятад буюу Дундадулс монголын Их Юань гүрэн болон Манж Чин улсын газар нутгийг гадаад Монголоос бусдыг нь өвлөөд авчихсан хэрэг л дээ. Манж Чин улсын газар нутгийн бараг тал хувь нь монголын унаган газар нутаг байлаа. Манж Чин улс тэрхүү газар нугийнхаа үлэмж их хэсгийг хаант Орос улсад алдсан байдаг юм. Тэр алдсан нутаг нь үнэн хэрэгтээ монголын л унаган нутаг байсан л даа. 

Өнөөгийн Хятад улсыг үндэслэсэн хүн нь монголын их хаан Хубилай сэцэн хаан юм шүү. 

БНХАУ 1949 онд байгуулагдаж Өвөр Монгол, Шинжаан Уйгур, Түвдийн бүх нутгийг өөртөө нэгтгэж авлаа. Яг тэр үед монголын Барга, Зост, Харчин, Хорчин, Үзэмчин, Сөнөд, Хянган, Шилийн гол, Алшаа, Баяннуур, Дээд Монгол, Ил Тарвагатай зэрэг 2.0 сая орчим квадрат кммонголын унаганнутаг Хятадын хил дотор орчихсон юм л даа.

Энэхүү монголын унаган газар нутагтай хамт 6.0 сая гаруй монгол үндэстэн, 100.0 сая гаруй мал сүрэг хятадын хил дотор орчихсон . Тусгаар тогтносон Монгол улсын хүн амаас 2 дахин олон монгол үндэстэн, хоёр дахин олон мал сүрэг Хятадын мэдэлд орчихсон нь монголын хувьд хамгийн том эмгэнэл. 

Өвөр Монголоо Хятадаас салгаж авах боломжоо монголчууд 2 удаа алдсан. 1913 онд Богд хаант Монгол улс таван замын байлдаан хийж Өвөр Монгол руу дайрсан хятадын армийг бутцохиж Өвөр Монголоо чөлөөлчихсөн байсан. Гэвч хаант Орос болон Дундад улс хоёр хуйвалдаж гадаад Монголыг цэргээ Өвөр Монголоос гаргахыг тулган шаардсан. Хаант Орос улс монголын армид нийлүүлдэг буу сумаа зогсоосон тул сумгүй болсон монгол цэрэг аргагүйн эрхэнд Өвөр Монголоос гарсан. Монгол улс алдаандаа дүгнэлт хийж тэр даруй сумны үйлдвэр байгуулж чадаагүй өдий болтол 110 жил өнгөрчээ. Буу сумны үйлдвэрийг хаант Орос улс Петр хааны зарлигаар 1703 онд Тула хотод байгуулсан. Хятад улс Тянжин хотод буу зэвсгийн үйлдвэрийг  1910 онд байгуулж байв. Хэрэв Богд хаант Монгол улс буу сумны үйлдвэр 1913 онд байгуулж чадсан бол Өвөр Монголоо Хятадад алдахгүй байсан ч юм бил үү?  Монгол улс  одоо болтол галт зэвсгийн үйлдвэр байхгүй өдий хүрсэн нь үнэхээр арчаагүй дорой байдал юм. .

Монголчууд 1945 онд Өвөр Монголыг Хятадаас салгаж авах боломжоо алдсан. Монгол улсын арми Зөвлөлтийн армитай хамт Өвөр Монголыг Японоос 1945 оны 8-р сард чөлөөлсөн боловч Сталин монголын армид нэн даруй Монгол руу буцахыг тушаасан. Сталин Зөвлөлт улсынхаа хил дээр хүчирхэг улс байлгахгүй хэмээн мэдэгдэж Гадаад Монголыг Өвөр Монголд нэгтгэх асуудлыг шууд хориглож Хятадын улаантны удирдагч Маод Өвөр Монгол, Порт Артурыг найр тавин өгч, Хятадад үлэмжих хэмжээний буу зэвсэг олгож автомашин, нисэх онгоцны үйлдвэр байгуулж улмаарцөмийн зэвсэгтэй болоход нь тусалж байв. 

БНМАУ 1945 онд Японы эсрэг дайнд орохын  өмнө Өвөр Монголыг Японоос чөлөөлсний дараа БНМАУ-д нэгтгэх асуудлыг Зөвлөлт улстай урьдчилан тохиролцож гэрээ байгуулсан бол яах байсан бол? Тэр үед БНХАУ байгуулагдаагүй байсан даа. 

Харамсалтай нь өдий болтол Орос, Хятадад монголын унаган нутаг, хүн ам, мал сүргээ хэрхэн алдсан  талаар бичдэг, ярьдаг улс төрч, сэтгүүлч Монголд бараг байдаггүй юм. Монгол улсын үе үеийн ерөнхийлөгч, гадаад явдлын сайд нар гадаад орнуудад айлчлахдаа “Монгол улс ямар ч гадаадын улстай хилийн болон газар нутгийн маргаан огт байхгүй” хэмээн сүржин мэдэгдэл хийдэг.  Хоёр хөрш улсад монгол үндэстний хүний эрх алдагдсан зөрчлийг хараагүй юм шиг аяглаж “Монгол улс хоёр хөршийнхөө дотоод хэрэгт огт оролцохгүй” хэмээн сүржин мэдэгдэл хийдэг. Орос улсад сүүлийн 400 жил монгол гаралтай үндэстэнг хөнөөж геноцид хийж, Хятад улс сүүлийн 200 жил монгол үндэстний эсрэг геноцид явуулж байхад Монгол улс монгол үндэстнээ авран хамгаалах  ажиллагаа бараг явуулж байсангүй, ядаж ганц удаа мэдэгдэл хийж байсангүй. Харин Монгол улс Орос болон Хятадаас зугатан дүрвэж ирсэн монгол үндэстнээ Орос, Хятад руу буцаан хөөх арга хэмжээ авдаг байв. Одоо ч гэсэн энэхүү урвагч зангаа монголчууд орхиогүй байна. Харин орчин үед хөрш хоёр улсад амьдардаг монгол үндэстний хүний эрх зөрчигдсөнийг ил тод шүүмжилж монгол туургатнаа өмөөрдөг ганц улс төрч Монголд байдаг. Тэр бол экс ерөнхийлөгч Ц. Элбэгдорж юм.Ц.Элбэгдорж Орос улс буриад монгол залуусыг Украины дайнд хөөж тэд олноороо амь үрэгдэж байгаад санаа зовж үгээ хэлсэн. Мөн Хятадад монгол хэл, соёлыг ад үзэж монгол хүүхдүүдэд 1-р ангиас нь эхэлж хятад хэл, бичиг албадан зааж байгаа явдлыг шүүмжилсэн.Монголын бусад улс төрчид амандаа ус балгасан мэт таг дуугүй байдаг нь үнэхээр харамсмаар.

Монголчууд бид ямар боломжоо алдсан бэ гэдгээ үргэлж санаж явах нь зохистой. Монголчууд бид орчин үед 10 сая хүн амтай, 5 сая квадрат км газар нутагтай, 170 сая мал сүрэгтэй, далайгаас 120 км ойрхоноршдог,бүс нутагтаа хүчирхэг улс болох боломжтойбайсан, гэвч өөрсдөөсөө болж энэ боломжоо алдсан гэдгийг санаж байх хэрэгтэй.Монгол улс хоёр хүчирхэг хөрш улстай сайн харилцаатай байх нь ашигтай. Гэхдээ үнэн түүхээ нуухгүй ил тод ярьдаг байх хэрэгтэй, ард түмэндээ ойлгуулдаг байх хэрэгтэй.

Монгол улс өнөөдөр 1 сая 564 000 квадрат км газар нутагтай. Энэхүү өвөг дээдсийн ариун нутгаа ганц сөөм ч газрыг харийн улсад дахин алдаж болохгүй. Хилийн аюул занал, дайн байлдаан энэ гариг дээр зогсоогүй үргэлжилж байна. Монгол улс хилээ хамгаалах, батлан хамгаалах хүчээ бэхжүүлэх хэрэгтэй байна. Ядаж бууныхаа сумыг үйлдвэрлэдэг болох хэрэгтэй байна.Монголын армийг хамгийн сүүлийн үеийн байлдааны зэвсэг,  техник хэрэгслэлтэй болгож, армийн бие бүрэлдэхүүнийг чадварлаг болгох хэрэгтэй байна. 

Монгол улс үүрд мөнх оршиж мандан бадрах болтугай.

Доржийн СҮХБААТАР    2025.12.5