ТЭМҮҮЖИН НЭР
Монгол болон түрэг хэлэнд “р” авиа маш тод дуудагддаг. Хэрэв Тэмүүжингийн нэр “төмөр” буюу “тэмүр” юм бол хэлний энэ хурц тод дуудагддаг “р” авиа яагаад “алга” болов? Чингис хаан 1206 онд буюу дөчин нас гартлаа Тэмүжин нэртэй байсан бол тэр үе хүртэл монголчууд түүний нэрнээс “р” авиаг нь хасаад Тэмүжин гэж дууддаг байсан баймааргүй? 1240 он буюу Чингис хааныг нас барснаас ердөө арав гаруйнхан жилийн дараа зохиогдсон Монголын нууц товчоонд нэрийг нь “мартаад, будилаад” Тэмүржинг Тэмүүжин болгон өөрчилсөн байж болох уу?
ТЭМҮҮЖИН НЭР
Бүгд найрамдаг Түрэг улсын гурав дахь том хот, соёл шинжлэх ухааны томоохон төв Измир хотын төвийн талбайд Чингис хааны хөшөө байдаг юм байна. Түрэг үндэстний дунд Чингис (Cengiz) нэртэй хүн маш олон хүн байдаг, статистик мэдээгээр 20 мянга гаруй. Хубилай нэртнүүд ч нэлээд хэдэн мянга. Мянга таван зуун жилийн өмнө Монголын өндөрлөгөөс баруун тийш нүүж суурьшсан түүхтэй тэдний дунд Орхон, Туул нэртнүүд ч цөөнгүй.
Чингис(Chinggis/Chingiz) гэсэн хүний нэр Казахстан, Киргиз, Азэрбаджан зэрэг түрэг угшилтай үндэстнүүдэд маш элбэг. Бидний сайн мэдэх Зөвлөлт Киргизийн зохиолч Чингиз Айтматов байна. Харин монголчуудын дунд Чингис нэртэй эрчүүд ховор. Тэгсэн мөртөө Чингис хааны жинхэнэ нэр буюу олонхын үзэж байгаагаар багынх нь нэр гэх Тэмүүжин сүүлийн үед маш элбэшсэн. Статистик бүртгэлээр 7 мянга орчим Тэмүүжин байгаа нь 420 иргэн тутмын нэг нь их хааны нэрийг “өвөлжээ”. Тэмүүжин нэртэй хүмүүсийг дотны хүрээндээ Тэмка, Тэмүү, Тэмүүхэй, Тээгий гэх мэтээр товчлон дуудах нь элбэг. Гэтэл тэндээс үүссэн болов уу гэх Тэмүүлэн хэмээх төстэй дуудлагатай 15 мянга орчим нэр бүртгэгдсэн нь хоёр дахин олон аж.
Зарим түүхэн сурвалжид тэмдэглэснээр, Есүхэй баатар Татар аймгийн Тэмүүжин-Үгэ нэртэй баатрыг олзолж ирэх үед хүү нь төрсөн тул түүнд ийн нэр өгсөн гэдэг. Энэ нь монголчууд шинэ төрсөн хүүхэддээ "дайсны нэрийг өгөх" заншилтай холбоотой ч гэх. Тэмүүжин гэдэг нэр нь эртний Монгол-Түрэг хэлний "Төмөр" (Temür) гэсэн үгнээс гаралтай. Уйгаржин монгол бичгээр төмрийг “тэмүр” гэж бичдэг. Энэ нь зөвхөн металлыг заагаад зогсохгүй, хүч чадал, бат бөх байдлын бэлгэдэл болдог. Түүхэн талаас нь авч үзвэл, 1162 онд төрсөн Чингис хаан энэхүү нэрээрээ дэлхийн түүхэнд мөнхөрсөн бөгөөд өнөөдөр ч монголчууд хүүхэддээ баатарлаг, тууштай байхыг бэлгэдэн энэ нэрийг өгсөөр байна.
Тэмүүжин хэмээх нэр нь язгуур монгол хэлний "Төмөр" (Temür) гэсэн үгнээс гаралтай бөгөөд "Төмөрчин" буюу "Төмөр мэт хатуужилтай хүн" гэсэн утгыг илэрхийлдэг. Энэхүү нэр анхлан Уйгаржин монгол бичгээр бичигдэж үлдсэн байх магадлалтай ч хожим "Монголын нууц товчоо"-г хятад галигаар буулгахад хятад ханзаар тэмдэглэгдсэн түүхтэй.
Утгын хувьд хүн төрлөхтөнд хамгийн түгээмэл нэр бол төмөр, төмөрчин, дархан гэсэн утгатай. АНУ-д хоёр сая Смит, Англид хагас сая. Герман хэлний Шмидт адил утгатай. Францад Фабрэ, Италид Фэрраро, Испанид Хэрраро, Португальд Ferro, Орост Ковалёв, Кузнецов, Хорватод Ковач, Польшид Ковальски, Украинд Коваленко, Арабад Хаддад, Японд Кажияа, Персид Заргар, Түрэгт Дэмиричи, Гүржид Мхэдишвили, Армянд Тарпинян гэх мэт. Эд бүгдээрээ төмөр, төмөрчин, дархан гэсэн утгатай.
Монгол болон түрэг хэлэнд “р” авиа маш тод дуудагддаг. Хэрэв Тэмүүжингийн нэр “төмөр” буюу “тэмүр” юм бол хэлний энэ хурц тод дуудагддаг “р” авиа яагаад “алга” болов? Чингис хаан 1206 онд буюу дөчин нас гартлаа Тэмүжин нэртэй байсан бол тэр үе хүртэл монголчууд түүний нэрнээс “р” авиаг нь хасаад Тэмүжин гэж дууддаг байсан баймааргүй? 1240 он буюу Чингис хааныг нас барснаас ердөө арав гаруйнхан жилийн дараа зохиогдсон Монголын нууц товчоонд нэрийг нь “мартаад, будилаад” Тэмүржинг Тэмүүжин болгон өөрчилсөн байж болох уу?
Хятад хэлэнд үгийн эцсийн “р” авиаг тэмдэглэдэггүй тул "Тэмүр" (Temür) гэдгийг "Тиэ-мү" (Tie-mu) гэх маягаар галиглана. Юань улс мөхсний дараахан Мингийн эхэн үед буюу 1382 онд Монголын нууц товчоог монгол хэлээс хятад ханзаар галиглан үлдээсэн нь өдгөө цор ганц эх сурвалж болон үлджээ. Чухам тэр галигласан ханз бичигт Тэмүржин гэдгийг - 铁木真 –буюу Тэмүжин гэж бичсэн аж.
Уйгаржин монгол бичгийг Чингисийн үед уйгар үсгээс зээлдэн авсан гэдэг. Гэхдээ нэлээд хожим ХIV зууны дөнгөж эхээр Чойжи-Одсэр монгол бичгийн нэгдсэн дүрэм зохиохоос өмнө уйгаржин монгол бичиг нь бүрэн төлөвшөөгүй байсан бололтой. Иймээс ч олдсон ганц дурсгал болох Чингисийн чулуун бичгийг эрдэмтэд янз бүрээр тайлж уншдаг.
Монголын нууц товчооны монгол хэлээр бичигдсэн эх хувь алга болсон гэж таамагладаг ч, зарим эрдэмтэд угаасаа бичгээр үйлдэгдээгүй, амаар үе дамжин цээжлэгдсэн бүтээл гэж маргадаг. Үнэхээр ч 1368 онд Юань гүрэн мөхөх хүртэл дэлхийд бараг ганцаараа ноёрхож байсан монголчууд Монголын түүхийг тууривсан гайхамшигт бүтээлийнхээ бичмэлийг алдаж алга болгох учир начир хомс баймаар? Тогоонтөмөр хаан Бээжингээс зугтсан, Мингийн анхны хаан Жү Юаньжаны зарлигаар монгол хэлээр хятад ханзаар Монголын нууц товчоог буулгасан хоёрын хооронд ердөө 14 жилийн зай байна. Монголчуудын зуун жилийн дарлалыг үзэн яддаг байсан учраас Жү хаан монгол эх бичмэлийг нь устгасан байж болох уу?
“Жэн” (rén) гэсэн хятад дуудлага нь 人 гэж бичигддэг, хүн гэсэн утгатай. Мөн "сайхан сэтгэл", "төгс буян", "сайн сайхан ", "хүнлэг сэтгэл" гэх мэт яруу найраг, гүн ухааныөөр салаа утга ч агуулна. Үүнтэй төстэй дуудлага бүхий -чин, -ч мэт мэргэжил, төрөл заах монгол дагавар бий. Төмөр + чин, уул + чин, дуу + чин, найраг + ч, зохиол + ч гэх мэт. Үүнээс гадна “-жин” гэсэн дагавар байдаг нь гунжин, дөнжин гэх мэтээр малын хүйс заадаг. Үүнээс болоод “Тэмүүжин гэх нэр нь эмэгтэй хүний нэр, учир нь дайсныг төөрөгдүүлэх гэж хүүдээ ийм нэр өгчээ” гэсэн тайлал ч явж байдаг. Гол нь яагаад Төмүрчин буюу өнөөгийн халх аялгаар Төмөрчинбайх ёстой атал ТэмүүЖИН болчихов? Түрэг хэлээр төмөрчин гэхийг Дэмирчи “Demirci” гэдэг, дэмир – төмөр, чи – мэргэжил харъяалал заах дагавар.
Хятад хэлэнд "jin" (金) гэж дуудагддаг үг нь "алт" гэх утгатай боловч Тэмүүжин нэрний "жин" (真) нь зөвхөн дуудлага нь тааруулж сонгосон ханз бололтой. Эндээс Тэмүүжингийн бүтэн нэрийг нь "Tie-mu-zhen" (铁木真) гэсэн байна. Ингэхээр монгол эх дуудлага нь угаасаа Тэмүрчин биш Тэмүржин байсан болж таарч байна. Хятадаас бичиг үсгээ авсан япончууд “хүн” гэхийг “хито” гэж дуудах мөртөө өөрсдийгөө “нихон + жин” гэдэг. Тэнд “-жин” дагавар бас харъяалал болон мэргэжил заадаг.職人 [shoku.nin] – дархан.
Тэмүүжин, Чингис зэрэг нэрсийн утга, жинхэнэ дуудлага, гарал үүсэл зэргийг дахин нягтлан судлууштай.
2026.02.16

