Өчигдрийн кастын дараалал

Монголын хуучин, тоталитар нийгмийн нэгдүгээр зэргийн хүмүүс нь улсын удирдагчид, сайд, дарга нар байж таарна. Тэгээд үйлдвэрийн газрын дарга нар, гавьяат жүжигчид, элдэв баатрууд, зохиолчид, ЭША-ууд, ТАХ-чид, их дээд сургуулийн багш нар, дунд сургуулийн багш нар. Сэхээтнүүд, эсвэл аз гийсэн авьяастнууд нь ингээд дууслаа. Эдний ардаас “тээмэсийнхэн” залгана. Тэдний доор ямар ч мэргэжилгүй “хар ажилчид” л бий. Нийгмийнх нь загвар дээрээс доошоогоо загнаад явчихдаг балиар хэлбэртэй. Зөрвөл “алуулах” юм чинь өөр яахав. 

Тээмэс

Хөдөлгөөн нь дэндсэн, тааруу сурлагатай хүүхдүүд найм төгсөөд 9-р ангид элсэх эрхгүй сургуулиас хасагдана. Тэгэнгүүт сүүлийн хамгийн гайгүй боломж нь тээмэс болно. Хаашдаа л дээр хэлсэн балиар кастаас болоод тээмэс төгссөн залуус харц доогуурдуу нэг гүйцэтгэгч л болно. Хэн хүнгүй загнаад л. 

Уг нь тэд нарийн мэргэжлийн хүмүүс юм. Тэдэнгүйгээр ямар ч үйлдвэрлэл хөгжих нь байтугай хэвийн үргэлжлэх боломжгүй. Авьяастай хосолсон нарийн мэргэжил өнөөдөр дэлхий дээр аж үйлдвэрийн дөрвөн хувьсгал хийчихээд байна. Тиймээс нарийн мэргэжилтэн өнөөдөр дэлхийн хамгийн үнэ цэнэтэй хүмүүс билээ. Тэдний дээр нарийн мэргэжлийнхнийг ч багтааж байгаад төлөвлөдөг агуу бизнесмэнүүд л бий. Бизнесмэнүүдийн дунд дунд 4-р анги төгсөөгүй нь ч байдаг. Ингээд харахаар бид ямар аймшгийн шал буруу нийгмийг социализмын жилүүдэд бүтээсан байгаа вэ? 

Үргэлжилсэн төөрөгдөл

Үүнээс ч илүү харамсаар зүйл нь энэ хандлага өнөөдөр ч манайд амь бөхтэй оршсоор байна. Илрэл нь чанаргүй баахан дээд сургууль. Энэ бол үнэхээр байж боломгүй гажуудал. Хөдөлмөрийн зах зээл дэх хувийн хэвшлийн сектор нь аль хэдийнэ капитализм, мерит системд орчихсон. Тэнд лав тэр олон дээд сургууль төгсгөгчдийн хэрэг гарахгүй. Тэгээд нийгмийн хөгжлөө гүйцэхгүй өрөвдлийн газар болох төрийн албанд орцгоодог. Энэ нэг л тал нь.

Нөгөө тал нь ямар ч хэрэггүй их дээд сургуулийн дипломын төлөө нийгмийн баялаг салхинд хийсч байна. Асар олон айл хүүхдээ дипломжуулах гэж хий дэмий их дээд сургуульд төлбөр төлдөг. Тэр хэрээр олон айлын эдийн засаг доройтож буй. Зуу шахам их, дээд сургуультай. Өрсөлдөөн асар сул. Нэгэнт ийм нөхцөлд чанартай хэдхэн дээд боловсролын байгууллагатай байх боломжоо ч хаачихсан. Юун Азийн шилдэг сургуулиудын жагсаалтад орох. Монгол хүүхдүүд дурын дээд сургуульдаа зүгээр орчих юм чинь өдөр шөнөгүй хичээл нүдэж, өөрийгөө хөгжүүлэх шаардлага ч алга. Бид хүний хөгжлөөрөө, тархиараа өрсөлдөөнд орох боломж харагдаж байна уу танд?

Ингээд том зургаар нь харвал нийгмийн бүтээмж тэг рүү тэмүүлж байна. Манай улс уул уурхайн хүчээр нэг юм сэргэхчээ аядаад буцаад унтарсан. Хүний хүчээр биш шүү. 

Капитализмыг алгасч гай тарьсан

Бидний 90 он хүртэл туулсан нийгэм угаасаа модыг оройгоос нь тарьж, хүнийг эх рүү нь буцааж хийх гэсэн мэт тэс буруу угсралттай. Хувь хүний авьяас, зүтгэл, чадварт аз л гийхгүй бол загнуулж явсаар дуусна. Тэгвэл яагаад чөлөөт эдийн засагтай болоод гучин жил болж байхад иймэрхүү хандлага хэвээрээ байна вэ? Бүх зүйл чөлөөтэй болсон ч зөвхөн яригчид л олширч, од болсоор. Харин нарийн мэргэжлийнхэн хог дээр хэвээр. 

Бид энэ маягаараа хөгжинө гэвэл улам олон л эсгий таавчиг үйлдвэрлэх бололтой (социализмын үед жилд 5 мянган хос гутал үйлвэрлэдэг байлаа гэж битгий онгироорой. Товчхондоо, тэрийг хүн худалдаж авч байсан бол өнөөдөр хаданд гарчихсан байгаа).  Хаана билээ дээ “монгол хүнийг социалист 70 жил ч гавьтай өөрчлөөгүй, үнэндээ манжийн үеийн л хүмүүс шүү дээ” гэсэн санааг уншиж байсан. Санал нэг байна. Феодализмаас шууд гажуудмал социализмд (өнөөдрийн социалист гэгддэг Норвеги гэх мэт улстай харьцуулав) шилжин орсон монголчуудад капиталист сэтгэлгээ сох дутаж байна. Капитализмыг алгасч болохгүй гэж учирласаар байгаад цаазлуулдаг С.Данзангийн үг орой руу орох.

Бид мөд капиталист загвараар сэтгэхгүй нь тодорхой. Гэхдээ зүгээр харж суухгүй, зүлгэх нь хүн бүрийн үүрэг. Германд токарьчин хүн сард 7,000 евро авдаг, сайн гагнуурчин 9,000, системийн цахилгаачин 11,000 евро авч байна. Зүгээр л яаж улам сайн гагнах вэ, улам сайн угсрах вэ гэж бодоод амьдрахад хангалттай цалин. Тэр хэрээр тэрхүү нийгэмд бүтээж буй бүх зүйлийн чанар улам сайжирсаар, улам их шинэ санаанууд төрөн гарсаар. Эргээд нийгмээ тэтгэж, тэр ч хэрээрээ сайн цалин авсаар. 

Германаас гадаад орнуудад явуулдаг Ausbildung гэх хөтөлбөр бий. Жил бүр маш олон төрлийн нарийн мэргэжлийн орон тоог гаргаад “хүрээд ир, ажиллуулангаа сургаад авья” гэж урьдаг. Үнэ төлбөргүй, харин ч зэгсэн их цалинтай. Гэхдээ нэг л зүйл хүсдэг нь, “эндээ үлдэж ажиллаарай” гэдэг ("Хөгжил төв" гэдэг газар монгол залуусыг энд зуучилдаг. Асар олон хүнд, цаашлаад эх орондоо буян болж буй газар). Дэлхийд гуравт ордог хүчирхэг эдийн засагтай энэ улс ийм бодлого барьж байхад өнөөдрийн Монголд нарийн мэргэжилтнээ үл тоодог байх ч гэж дээ.  Нэг нь нөгөөгөөсөө хамаардаг парадокслог энэ системийг бүтээхийн тулд хаанаас нь эхлэх вэ тэгвэл? 

Гарц, шийдэл

Маш олон зүйлийг зэрэг эхлүүлэх болж байна. 

Энэ их олон их дээд сургууль цөөрөх, тэгэхийн тулд нарийн мэргэжлийн нэр хүндийг өндөрт өргөх. 

Хайран олон залуусаа дэмий сошиалчин болгомооргүй байна. Тэгэхийн тулд нарийн мэргэжлийн нэр хүндийг....

Эсгий таавчиг гэх мэт дотоотын хэдэн бүтээгдхүүнээ сайжруулж экспортод тэнцүүлэх, тэгэхийн тулд нарийн мэргэжлийн....

Дэлхийд улсаа сурталчлах үндэсний үнэт зүйл гэгч нь эцсийн эцэст нүдэнд харагдах, гарт баригдах зүйл л байх болно. Тэгэхийн тулд салбарууд хөгжих, тэгэхийн тулд нарийн....

Нарийн мэргэжлийн нэр хүндийг өндөр өргөх явдлыг би гарц шийдэл гэж хэлж байна. Энэ нь олон зүйлийн гажуудлыг засах огтлолцлын цэг болно. 

Нэг. Залуус нарийн мэргэжил эзэмшихдээ дуртай байх болно. Нэгэнт сонирхохгүй байгаа дунд сургуулийн академик хичээлүүдэд нухлуулах биш өөрийн авьяас, чадвараа дагавал юу болохыг төсөөлье.

Хоёр. Эцэг эхчүүд “яаж ийгээд нэг дээд сургуулийн дипломтой болголоо” гэхээ болиод хүүхдийн сонирхлыг дагаж, эсвэл учирлан сэнхрүүлж ямар нэг үндсэн мэргэжилтэй болгохыг хичээх болно

Гурав. Дэлхийд гайхагдсан 100 их, дээд сургуулиа 10 болгон хасч чадна. Тэгвэл дэлхийд өрсөлдөх шинжлэх ухааны том нээлтийн эзэд төрөн гарах боломж 100 дахин ихэснэ.

Дөрөв. Нийгмийн бүтээмж хүссэн хүсээгүй нэмэгдэх болно. Гараараа хийж, бүтээж эхэлнэ. Дагаад бизнесийн чиг хандлага өөрчлөгдөх болно. Нарийн мэргэжилтнүүд аяндаа хамгийн өндөр цалингийн эзэд болно.

Тав. Нийгмийн бүтээмж нэмэгдвэл уул уурхайгаас хамаарахаа болино. Төрийн мөнгөөр л амьдардаг нийгэм хэлбэрээ өөрчилж эрүүлжинэ. Жинхэнээсээ баялаг бий болно. Монгол хүний тархины нөөц, чадвар, ноу хау, патентуудыг баялаг гэж хэлж байна. Ийм баялаг бий болгохгүйгээр бид дэлхийд байтугай хоёр хөршдөө ч үнэлэгдэхгүй. Зөвхөн өөрснийгөө л баясгаж эсгий таавчигаа гар дамжуулан үзэж,  шагшсан хэвээр үлдэнэ.

Зургаа. Эцсийн эцэст Монгол үндэстэн, Монгол орон мөнх орших ёстой бол гагцхүү хүчирхэг, баян монголчууд л үүнийг хийж чадна. Харин үндэс нь нарийн мэргэжилтнээ алдаршуулах. 

Төрд юу хийж байна?

Эрх баригчдыг үргэлж нулимж, доромжлохын завсраар Боловсролын яам бас санаснаас хавьгүй оновчтой, хүчтэй ажиллаж байгааг зөвшөөрөх хэрэгтэй байх. МСҮТ-үүдийг дэмжин ажиллах бодлого тавьснаа зарлаж байсан. Гэвч зэрэгцээд нийгмийн соён гэгээрэл дутаж байгаа харагдана. Нарийн мэргэжилтнүүдийн нэр хүнд нийгэмд дээшлэхийн хэрээр залуус, айлууд МСҮТ-үүд рүү хошууран ордог болно. Авьяас чадвараараа орлого олж эхэлсэн хүний амьдрал аяндаа дээшлэх нь тодорхой. Нийгэм гэдэг чинь нэг, нэг хүнээс л бүрдэнэ. Дэлхийн алдартай, үндэстэн дамнасан асар том корпорациудыг энгийн л талхчин, будгийн техникч, механикч, токарьчид үүсгэн байгуулсан байдаг юм шүү.

Энх-Амгалан сайд өчигдөр шаардлага хангахгүй 21 их, дээд сургуулийг хаах шийдвэр гаргаж. Стандарт, шаардлага хангаагүй гэсэн хуулийн заалттай. Болдогсон бол Монгол орны хөгжлийн концепцид нийцэхгүй гэсэн шалтгаанаар 100 сургуулийн 91-ийг хаах юм сан. Оронд нь 91 МСҮТ байг. Ямартай ч, нийгмийн асар том гажуудал, сэтгэлгээний хоцрогдол, улс доройтон буурахын эсрэг нэгэн амжилт гаргаж чадлаа гэж олзуурхав. Эргэж битгий нээгээрэй сайд аа. Монгол үндэстий хөгжлийн түлхүүр мужааны, токарьчны, гагнуурчны гарт байна. Дээр хэлдэг, бурангуй үед хэлмэгдэн, асар доогуур үнэлэгдэх болсон тээмэсийнхэн.