Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга А.Баяртай ярилцлаа.


-НИТХ-ын жилдээ цөөхөн хуралддаг хэдий ч Монгол Улсын талаас илүү буюу 1.7 сая хүн амын амьдралыг шийдэх маш олон асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргадаг. Тухайлбал өнгөрч буй онд НИТХ-аас гол баримталсан бодлого юу байв?

-Нийслэл Улаанбаатар олон төвт хот болон өргөжих, сууриа тавьж, бүтээн байгуулалтаа шинээр төлөвлөсөн, иргэн амьдрахад таатай, цоо шинэ хот болох нөхцөл, суурь нь бэхжээд бид итгэл үнэмшил дүүрэн ажиллаж байна. Ойрын хэдэн жилдээ томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж, их бүтээн байгуулалт өрнөх суурийг өнгөрсөн жилд үндсэндээ тавьж чадлаа. Нийслэл Улаанбаатар хотод нэн тулгамдаж буй асуудал бол агаарын бохирдол, авто замын түгжрэл. Тэгвэл дээрх асуудлыг урт хугацаандаа шийдвэрлэх метро, трамвай, Туулын хурдны зам, Хүннү хот гээд нийслэлийн эдийн засгийг тэлэх чухал төслүүдийг эхлүүлэх түүхэн шийдвэрүүдийг НИТХ-аас бодлогоор дэмжиж, баталлаа. Мөн ДЦС-5, Хог шатааж боловсруулах үйлдвэр, Агро сити, Эмээлт эко аж үйлдвэрийн парк зэрэг нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай төслүүдийг гараанаас хөдөлгөх хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхээр бодлогоор дэмжиж ажиллаж байна. Зөвхөн урт хугацааны төсөл, хөтөлбөрт анхаарал хандуулаад зогсохгүй НИТХ-аас өнгөрсөн жил ялангуяа түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх богино болон дунд хугацааны зорилтуудыг тавьж зургаан салбар хороо болон Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл хамтран нэлээд ажлыг хийж байна. НИТХ-аас ямар бодлого барьж, ямар шийдвэр гаргаснаа иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод танилцуулж байгаа. Цаашид энэ зарчмаа алдахгүй. Мэдээлэл дутуугаас, олон нийт мэдээлэлгүй байдлаас төр, иргэн хоорондын үл ойлголцол үүсдэг. Тиймээс иргэд мэдээлэлтэй байх нь чухал.

-НИТХ гадаад харилцаандаа онцгой анхаарч байгаа нь анзаарагдсан.Төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт татах чиглэлд бодитой ямар ажил хийж байна?

-Би ганцаараа л ингэж, тэгж ажиллалаа гэвэл маш өрөөсгөл ойлголт болно. Өмнөх ИТХ, Нийслэлийн Засаг дарга нар ч өөр өөрийн санаачилсан бодлого, хөтөлбөр, ажлаа хэрэгжүүлээд л явсан. Миний тухайд улсын төсвийн хөрөнгө оруулалтыг байнга хараад сууж болохгүй. ОУБ-ын төсөл хөтөлбөрийг маш сайн татах ёстой гэж боддог. Тэгж хөрөнгө оруулалт татаж байж үр дүнд хүрнэ. Азийн хөгжлийн банктай нэлээд хэдэн удаагийн уулзалт зөвшилцөл хийж 2.5 сая ам.долларын хөрөнгө оруулалт татлаа. Энэ нь 500 өрхийн цахилгааны эх үүсвэрийг нарны панелаар шийдэх төсөл юм. Санамж бичиг зурах гээд бэлтгэл шатандаа явж байна.Энэ мэтчилэн гадаад харилцаагаа тэлж, гадны хөрөнгө оруулалтыг татаж, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр зорьж байна. Нэмж хэлэхэд зөвхөн НИТХ 13 улсын нийт 53 хоттой хамтран ажиллаж байна. Тухайлбал, БНСУ-ын Пусан хоттой эдийн засаг, хувийн хэвшлүүдийн хамтын ажиллагааны чиглэлээр хамтарч ажиллахаар болсон. Уулзалтын үр дүнд хоёр улсын компаниуд харилцан хөрөнгө оруулалт хийх, өвлийн аялал жуулчлалыг идэвхжүүлэх, Пусаны эмнэлэгт 1000 эмч, эмнэлгийн ажилтан бэлтгэх зэрэг томоохон ажлуудыг хэрэгжүүлэхээр ярилцаад байна. Мөн нийслэл Улаанбаатар хот АНУ-ын Солт Лэйк хоттой санамж байгуулж, хамтран ажиллах боломж бүрдсэн гээд зах зухаас дурдаж болж байна. 

-Иргэдийн хурал хуулиараа улиралд нэг, журмаараа сард нэг хуралддаг. Та НИТХ-ыг даргалснаас хойш ажлын хэсгийн хурлаас эхлээд байнгын л хуралддаг болчихлоо. Ажил үнэхээр их байна уу?

-Сар бүр хуралдаад явж байна. Бид бодит нөхцөл байдлыг мэдэхгүй, албан тасалгаанд вакумжаад хуралдаад байх биш аль болох гадуур ажиллаж, иргэдийнхээ дунд орж ажиллахыг хичээж байна. Тухайлбал, НИТХ-ын зөвлөлийн хурлыг албан байгууллагууд дээр дандаа очиж хийлээ. Иргэдэд хамгийн ойр ажилладаг Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, Ус сувгийн удирдах газар, Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдэд очиж хуралдаануудаа хийж, иргэдэд тулгамдаад байгаа асуудлыг газар дээр нь очиж сонсож, хэлэлцлээ. Ингэж иргэдийг төлөөлж байгаа төлөөлөгчид асуудлыг газар дээр нь очиж үзэн, танилцаж,зөв мэдээлэлтэй болсноор иргэндээ илүү ээлтэй зөв шийдвэр гаргахад түлхэц болж байгаа юм. НИТХ-д чадалтай, зорилготой, боловсролтой,хийж бүтээх сэтгэлтэй олон залуус иргэдээ төлөөлөөдорж ирсэн. Төлөөлөгчдийг боловсролын түвшнээр нь судалж үзэхэд 70-аас дээш хувь нь давхар мэргэжилтэй, магистр ба түүнээс дээш зэрэг цолтой, эрх зүйч, инженер мэргэжилтэй хүмүүс байна. Төрийн албанд ялангуяа Улаанбаатар хотын асуудалд инженерийн шийдэл, хууль эрх зүй, эдийн засагч мэргэжилтэй залуучууд чухал. Сайн баг бүрдлээ л гэж харж байгаа.

-Нийслэлийн 45 төлөөлөгчөөс 40 нь МАН-ынх. НИТХ-ын АН-ын төлөөлөгчдийн байр суурь, санал шүүмжийг хэр тусгаж, хүлээж авдаг вэ?

-Тооны харьцаа тийм байгаа нь үнэн. Гэхдээ манай төлөөлөгчид дэмжихээ дэмжиж, шүүмжлэхээ шүүмжилж, дэмжихгүйгээ бас дэмжихгүй. Хайрцаглагдаад байдаггүй. Судалгаанд суурилж ажил хийх эрмэлзэлтэй,ийм төлөөлөгчид байна. Зоригтой шүүмжилнэ. Болохгүй гэж үзвэл асуудлыг нээлттэй хэлэлцээд, дэмжихгүй байх нь ч бий. 

-Хотын даргатайгаа хэр ойлголцож, уялдаж ажиллаж байна вэ?

-Ямар ч асуудалгүй ойлголцож ажилладаг.Энэ хүний хувьд үнэхээр Улаанбаатар хотын асуудлаа тодорхой болгоод, шийдлээ томоор харж чадаж байгаа анхны хотын дарга гэж хэлмээр байна. Олон залууст итгэл үзүүлээд ажиллах орон зай,талбарыг нь гаргаж өгч байгаа. Та иргэдийн хурал идэвхтэй ажиллаад байна гэж харснаа хэлсэн. Хотын дарга анх намайг ажлаа авч байх үеэс нээлттэй ярилцсан. Өнөөдөр би есөн том ажлын хэсэг гаргачихсан ажиллаж байна. Улаанбаатар хотын асуудлуудыг шийдэх шийдэл хайгаад,эрэмблээд л хийж эхэлсэн дээ. Ажлаа тэнцүү хувааж аваад, хариуцлагатайгаар хийгээд эхэлсэн. Миний хувьд авто замын түгжрэлийг бууруулах богино болон дунд хугацааны ажлыг хариуцан ажиллаж байна.

-Түгжрэл бууруулах чиглэлд богино, дунд хугацаанд юу хийх вэ. Замын түгжрэл сааруулахад технологи ашиглаж эхэлж байгаа нь хэр үр дүнтэй вэ?

-Түгжрэл дээр их олон ажил бий. Хоёр машин шүргэлцэхэд л цагдаа, даатгалаа хүлээгээд зам таг гацдаг. Зам тээврийн ослын дуудлагын 70 орчим хувь нь хоёр машин шүргэлцсэн гэх дуудлага байдаг. Энэ тохиолдолд цагдаа очихгүйгээр асуудлаа шийдээд, маш хурдан замаа чөлөөлж, салдаг байх зохицуулалт зайлшгүй шаардлагатай. 

Дэлхийн олон орон аль хэдийн энэ төрлийн ослыг технологиор шийддэг болчихсон. Дрон нислээ, ослын зураг авлаа, хэмжилт хийлээ, замаа чөлөөллөө, ингээд асуудал шийдэгдчихнэ. Замдаа явж байхад нь хохирлын хэмжээ бодогдож, буруутай этгээд нь тодорхой болно. Үүнийг нэвтрүүлэх гээд ажиллаж байна.

-Уулзвар, замуудын буруу төлөвлөлтөөс түгжрэл их үүсдэг гэдгийг мэргэжлийнхэн хэлдэг. Энэ чиглэлд юу хийх вэ?

-Уулзвар шинэчлэлтийн хувьд нөөц бололцоондоо тулгуурлаж төсөв хөрөнгөө тавихгүй бол хоосон ярьсан, хийсэн зүйлгүй л болж хувирна. Бид 5-10 уулзвар дээр шинэчлэл хийхээр тооцоод байна. Байршлуудыг бүгдийг нь эрэмбэлсэн. Энэ жил зураг төслөө хийнэ. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийх санаачилга гараад, бас судалж байна. Мөн хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж хайж байна. Төсөл хөтөлбөрүүд амжилттай болвол Улаанбаатар хот 2028 он гэхэд 5-10 уулзвар шинэчилж, гэрлэн дохиогүй болох байх.

-Автомашины татвар нэмсэн нь гал дуудсан шийдвэр байсан. Иргэд бас л бухимдсан.Тиймэрхүү цочир шийдвэрүүд НИТХ-аас цаашид хэр гарах бол?

-Хотын замын 82 хувь нь засвар, шинэчлэл шаардлагатай байсан. Авто замаа шинэчилж, тордохгүй бол үүнээс ч дор нөхцөл байдал үүснэ. Авто замаа бид 2-3 хоногийн дотор иргэндээ төвөг учруулахгүйгээр богино хугацаанд засдаг болсон. 

Хилийн дээс алхаад л монгол хүн бүр тухайн улсын хууль дүрмийг ягштал биелүүлж, дэгтэй болдог. Машин түрээслэхдээч дүрмээ зөрчихөө болиод, дохиогоо өгч эгнээ байраа сольж,цагаан шугам давж эргэхгүйл болчихдог. Монголдоо дур зоргоороо авирлаад, өөрөө дүрэм зөрччихөөд, бусдад шаардлага тавиад бухимдаад байдаг. Үүнийгээ таслан зогсоох хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар 176 уулзвар дээр 2600 камер суурилуулсан байгаа. Өдөрт дунджаар 100 орчим мянган зөрчлийг ухаалаг системд суурилсан камераар илрүүлж байна. 

-Тэр ухаалаг систем чинь алдаа заагаад дүрмээр явсан хүнд торгууль оногдуулаад байна гэсэн шүү...

- Замын хөдөлгөөнийг AI буюу хиймэл оюун ухаан ашиглан бүрэн хянах ажил туршилтын шатандаа явж байна. Туршилт он дуустал үргэлжлэх бөгөөд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс албан ёсоор хэрэгжиж эхлэх юм. Одоогоор дүрэм зөрчсөн жолооч нарын утасны дугаарт зөрчлийн мэдээлэл илгээх туршилтын ажил үргэлжилж байна. Туршилтын хугацаанд иргэдээс ирсэн санал, гомдлыг засаж, сайжруулаад явж байна. Ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс асуудалгүй хэрэгжинэ. Иргэд эрх тэгш, шударга байдлыг хүсэж байгаа. Нэг хэсэг нь дүрмээрээ явж байхад, нөгөө хэсэг дур зоргоороо замын хөдөлгөөнд оролцоод байна. Дүрэм зөрчөөд түгжрэлд нөлөөлөөд бусдад төвөг учруулаад байгаа иргэдийг л торгоно. Түүнээс биш AI гээд бүгдийг зүв зүгээр байхад торгох юм шиг олон нийтэд ойлгуулж болохгүй. Дүрэм зөрчихгүй бол торгохгүй. Ийм л амархан. 

-Дугуй, скүүтэр, мопедтой иргэд машин зам дээр ч холилдоод, явган хүний зам дээр ч давхилдаад байдаг. Та үүнийг цэгцлэх ажлын хэсэг гаргасан. Шийдэл юу байна. Иргэдийн бухимдлыг төрүүлж байгаа л сэдэв шүү дээ?

-Явган хүн явахад аюултай хот боллоо гэх гомдол их ирж байна. Хүүхэд, хөгшид скүүтэр, мопед, сурронд дайруулж хохирч байна. Бид үүнийг цэгцэнд оруулахын тулд ААН байгууллагуудын удирдлагуудтай уулзаж, үүрэг өгсөн. Хаа сайгүй, тавьчихдагийг болиулж, тэмдэг тэмдэглэгээ хийж тодорхой байршлуудад тавьдаг болсон. Хүн их зорчдог эрсдэлтэй бүсүүдэд 8-10 км цагийн хурдтай,бусад хэсэгтдэд бүтцийг нь барьж өгөөд 20 км цагийн хурдтай явуулдаг байхаар зохицуулалт хийж байгаа. Ирэх хавар хөдөлгөөн нээхэд насанд хүрээгүй хүүхэд скүүтер, мопед унах түрээслэх боломжгүй байх тохиргоог аж, ахуй нэгжүүд хийсэн байх ёстой. Мөн бид дугуйн замыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч төлөвлөлт гаргаад байна. 

-НИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл гэж бий. Зөвлөлийн дарга нь та. Ирэх жилийн төсөв нэмэгдсэн талаар багагүй шүүмжлэл ирж байна?

-Зөвлөлийг НИТХ-ын дарга удирддаг. Цагдаагийн байгууллагын удирдлага, прокурорын байгууллага, ер нь бол хууль, хүчний байгууллагын удирдлагуудаас зөвлөлд багтдаг. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг яаж бодитой болгох вэ, аль сегмент рүү орох вэ гээд төлөвлөгөө гаргаж ажилладаг. Бид гэмт хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх оновчтой ажил л хийх ёстой. Тэгэхийн тулд хүн рүүгээ чиглэсэн тодорхой төлөвлөгөө боловсруулъя гэж байгаа юм. Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс анх удаа тодорхой зургаан чиглэлээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодлого барьж ажиллалаа. Тодруулбал, 2025 оны нэгдүгээр сард хүүхэд залуусын хөгжил, замын хөдөлгөөний аюулгүй байдал, иргэний нийгмийн байгууллагын оролцоог хангах, гэр бүлийн хүчирхийлэл, залилах төрлийн гэмт хэргийг бууруулах чиглэлд онцгой анхаарч, ажлаа уялдуулахаар санал нэгдэж, зөвлөлийн гишүүн байгууллагууд төлөвлөгөөгөө баталсан. Төлөвлөгөөний дагуу олон ажил хэрэгжүүллээ. Ирэх жил ч олон ажил хийхээр төлөвлөөд байна. Зөвлөлийн ирэх жилийн төсвийг иргэд анхаарч шүүмжлэх нь зөв. Гэхдээ яг ямар учраас төсвийг нэмсэн, тусгасан төсвийг яг юунд зарцуулах талаас нь мэдээлэл бага авсантай холбоотой байх. Тодруулбал, Нийслэлээс есөн дүүргийг Камерын хяналтын шуурхай удирдлагын төвтэй болгосон. Энэ ажлыг ирэх жилд үргэлжлүүлнэ. Тэгэхээр тусгаад буй 70 тэрбум төгрөгийн тал хувь нь өндөржүүлсэн камерыг нэмэгдүүлэхэд зарцуулагдана. Мөн 20 гаруй цэрэг, цагдаа, хуулийн байгууллага Зөвлөлд багтдаг. Үлдсэн нь эдгээрт буюу есөн дүүргийн салбар зөвлөлд хуваарилагдана гэсэн үг. Нийслэлд гарч буй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хүрээнд зургаан үндсэн чиглэлд хийхээр төлөвлөсөн ажлынхаа дагуу дүүргийн салбар зөвлөлүүд, гишүүн байгууллагууд ажиллана. Камерын хяналтыг нэмэгдүүлэх, технологийн дэвшлийг ашиглах нь ямар ач холбогдолтой юм бэ гэж асууж магадгүй. Түрүүн дурдсан авто замын хөдөлгөөний соёлыг нэмэгдүүлэх, зөрчлийг бууруулахын тулд AI ашиглан зөрчилтэй жолооч нарын торгуулийг барагдуулах, улсын дугааргүй автомашинуудыг илрүүлэх зэрэг ажлуудыг хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч эхэллээ. Энэ мэтчилэн дурдвал бас чамгүй ажлыг хийсэн гэж бодож байна. 

-Таны хувьд ялангуяа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хүүхэд, залуучуудад зориулсан оюун санаа, төлөвшилтэй холбоотой ажил их хийж байгаа санагдсан. Гол зорилго нь юу вэ? Тухайлбал, “Эх оронч сурагч” хөтөлбөр байна.

- Баянзүрх дүүрэгт хурлын дарга болж эхлээд л би гэмт хэрэг, зөрчлийн мэдээтэй танилцаж эхэлсэн. Сэтгэл эмзэглэм мэдээ олон. Тодорхой төрлийн гэмт хэрэг тогтмол өсөж, тэнд нь хүүхэд залуус түлхүү холбогдож байгааг хараад сэтгэл хөндүүр явах болсон. Монголчууд бид эх орон, ээж ааваа гэх халуун зүрх сэтгэлтэй хүмүүс. Тиймээс “Эх оронч сурагч” гэх хөтөлбөрийг санаачилж, хэрэгжүүлээд эхэлсэн. Эх оронч сурагч хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд Хөдөлмөр зусланд 10 хоног байрлаж цэргийн амьдралаар амьдарсан. Эх орныхоо үнэ цэн, цэргийн аж амьдрал хатуужил, төлөвшилд суралцсан. 

-“Туг мандуулах ёслол” нь бас ямар учиртай хөтөлбөр юм бэ ?

-Төрийн далбааг мандуулах ёслолыг энэ жилээс нийслэлийн сургуулиуд уламжлал болгоод байна. Нийслэлийн ерөнхий боловсролын нийт 55 сургууль амжилттай хэрэгжүүлж, 170.000 гаруй сурагчийг хамруулж, 987 сайн дурын ажил зохион байгууллаа. Сурагчид даваа гаригийн өглөө төрийн далбаагаа сургуулийнхаа гадаа ёслол төгөлдөр мандуулж, баасан гаригийн орой хүндэтгэлтэйгээр буулгахдаа Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийг чандлан мөрдөж байна. Зэвсэгт хүчний Жанжин штаб зөвлөгөө өгч, хамтран ажилласан. Сурагчид маань эх орноороо илүү бахархаж, монгол хүн болж төрсөндөө баярлаж, үүх түүхээ судлах сонирхол нэмэгдэж байгаа гэж ярьж байна лээ. 

Аль ч улс орны хамгийн гол зүйл бол эх оронч үзэлтэй иргэдтэй байх. Эх оронч үзэлтэй монголчууд гэж хэлэхээс илүүтэйгээр зүрх сэтгэлээсээ эх орноо хөгжүүлнэ гэсэн үзэлтэй, итгэл үнэмшилтэй ирээдүйн иргэдийг бид төлөвшүүлэх чухал. 

-“Empathy education” гэж бас л хүүхдэд чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлдэг юм байна. Энэ талаар тодорхой хэлж өгөөч?

- Маш энгийнээр хэлбэл хайрлах, өрөвдөх, энэрэх сэтгэлийг амьтнаар дамжуулж хүүхдүүдэд олгож байгаа хэлбэр.Энийгээ монгол өв соёл,мал аж ахуй дээр түшиглэж зааж байгаа. Амралтын өдрөөр хүүхдүүд малтай айлд бүтэн өнжөөд тэр айлдаа туслаад,давхар суралцдаг.Үнээ яаж саадаг юм гэдгийг нь хүртэл ойлгуулж өгч байгаа юм. Хүүхдүүд ишиг, хургатай тоглоод, хайрладаг.Ишгэн дээрээ баахан зурагтай наалт наачихаад, тэврээд салахгүй. Багаасаа амьтан хайрлаж өсгөсөн хүүхэд буруу зүйл хийдэггүй. Амьтан хайрлах замаар хүүхдүүдийг хүмүүжүүлж байгаа юм.Нөгөө талдаа хүүхдийгөр зөөлөн,нинжин сэтгэлтэй болгох төсөл юм. Хөдөөгийн малчдаа дэмжиж байгаа бас нэг хэлбэр. Аль аль талдаа харилцан ашигтай байхаар зохицуулалт. Одоогоор энэ хөтөлбөрт 4500 хүүхэд хамрагдсан. 3500 хүүхэд дахиж хамрагдах хүсэлт өгөөд байна. Ирэх есдүгээр сараас үргэлжилнэ. Европт гарсан үр дүн Монголд ялгаагүй л гарч байна. Тэгэхдээ Монголчууд бидний хувьд таван хошуу малаараа дамжуулж энэ төслөө хэрэгжүүлэх юм бол илүү үр дүнтэй юм байна лээ. 

-Та түрүүнд Баянзүрх дүүргийн Иргэдийн хурлын даргаар ажиллаж байсан талаар яриандаа дурдсан. Тэр үеэс улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож эхэлсэн. Ингэхэд улс төр лүү яагаад хөл тавьсан юм бэ?

-Миний хувьд оюутан байхаасаа бизнес хийж эхэлсэн. Өөрийгөө сорих, хүнд хэрэгтэй хүн байхсан гэх бодолдоо хөтлөгдөж яваад 2016 онд улсын эдийн засаг амаргүй, гадна,дотнын хөрөнгө оруулагчдын итгэл унтарсан үе байсан л даа. Аливаа бизнесийн ч бай, улстөрчийн ч бай орчныг гаднаас нь хараад шүүмжлэх шиг амархан ажил байхгүйг мэдэрсэн. Тиймээс залуу, эрч хүчтэй байна, өөрөө оролцъё гэж шийдсэн. Дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч болохоорөрсөлдлөө. Сонгогдоод бүлгийн дарга боллоо. БЗД-ийн Иргэдийн хурлын даргаар ажиллаж надаас ямар санаачилга, бүтээмж гарч болох бол гэж шандсаа сорьсон. 2016-2020 онд манай нам сөрөг хүчин байсан. 2020 оноос анх удаа үргэлжлүүлж эрх барих боломж олдсон юм. 2024 онд Нийслэлднэр дэвшиж, журмын нөхдийнхөө дэмжлэг, санал хүсэлтээр НИТХ-ын даргын үүрэгт ажилд хүчин зүтгэж явна.

-Гамшгийн эрсдэлийг буруулах нийслэлийн зөвлөлөөс ирэх онд гал түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар бодлого баримталж ажиллах вэ?

-Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөл нийт 23 гишүүний бүрэлдэхүүнтэй. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга тэргүүлж ажилладаг бөгөөд гамшгаас хамгаалах, нэн ялангуяа гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг нутаг дэвсгэр, засаг захиргаа нэгжийн хэмжээнд удирдан зохион байгуулж ажилладаг. 2025 онд газар хөдлөлт, үер ус, гал түймэр, хүн, малын гоц халдварт өвчин, сургалт, судалгаа гээд зургаан зорилтын хүрээнд 44 арга хэмжээг хэрэгжүүлсэн байна. Ирэх онд маш том зорилт тавьж байгаа. Нийслэлийн гамшгаас хамгаалах шуурхай удирдлагын төвтэй болно. Нийслэлийн өндөрлөг 16-19 байршилд өндөржүүлсэн камерын системийг байршуулж, гал гарлаа гэхэд шуурхай удирдагын төвөөс шууд мэдээлэл дамжуулж, шуурхай арга хэмжээ авдаг болно. Ингэснээр гал сөнөөгчид цаг алдахгүй, дуудлагын дагуу шуурхай ажиллах боломжтой болно. Мөн дотоод галын нөхцөл байдлыг дроноор тогтоодог болно. Галын үед дотогш гал санаагч орж цаг хугацаа, эрүүл мэндээрээ хохирохоос сэргийлж, технологийн шийдлийг илүү ашиглахыг зорьж байна. Түүнчлэн орон сууцны хорооллуудын үүдний хаалтыг түргэн, онцгой, галын машин шууд нэвтрэх боломжтой чипийг нэвтрүүлнэ. Ингэснээр гамшгийн эрсдэлийн үед ажиллах арга барил,ажлын үр дүн нэг шат ахиж байгаа юм. 

-Таны хувьд бодож төлөвлөснөөрөө ажиллаж чадаж байна уу?

-Ес дэх удаагийн НИТХ түүхэн том шийдвэрүүдийг гаргасан гэж ирээдүйд дурсагдвал сайхан шүү дээ. Тухайлбал, “Метротой боллоо, агаарын бохирдлыг бууруулсан гэж яриад суувал хичнээн сайхан. Тиймээс бидний хийж байгаа өнөөдрийн ажлыг шүүмжилж байгаа ч ирээдүйд хүлээн зөвшөөрөх, эх оронч шийдвэрийг гаргахыг хичээнэ. Нэг далайлтаар бүхнийг шийдэх амаргүй. Гэвч бидний хувьд шантарч няцах эрх байхгүй. Надад эргэлзэх зүйл алга. Харин чилүү юу хийх вэ л гэсэн эрмэлзэлтэй зүтгэж байна. 

Ярилцсан Д.Мөнгөндалай