С.Нарангэрэл багштай хамт “Чингисийн одон”-г ийм олуулаа...
С.Нарангэрэл багштай хамт “Чингисийн одон”-г ийм олуулаа...
Энэ жил “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг ямар олон хүн хүртчихэв ээ. Ийн гайхан эргэлзтэл мянга мянгаараа хөөрөн догдолж, талархан баярлаж буй чин сэтгэлийг өчигдөр мэдрэв. “Нараа багш “Чингисийн одон” хүртэж байгаа гэнэ ээ”. Энэ хот, энэ улсын өнцөг булан бүрт ийм мэдээ гэрлийн хурдаар түглээ.
Шавиас шавьд, багшаас багшид баярт мэдээ хүрлээ. Ерөнхийлөгчийн зарлиг гарахтай зэрэгцэн түүний шавь энэ мэдээг дуулгав. Өөрөө шагнал авсан мэт догдолжээ. “Манай нутгийнхан баярлаад...Бас манай өмгөөллийн салбарынхан...”. Дундговийнхон хөөр баяр болж байгаа юм байна. Өмгөөлөгчид, Өмгөөлөгчдийн холбооныхон баярлаж, бахдаж байгаа юм байна. Нутгаар тогтохгүй ээ, дэлхийн өнцөг булан бүрт байгаа шавь нар нь энэ мэдээнд баярлаж байгаа.
Төд удалгүй дүү минь залгаж байна. “Нараа багш Чингис....” хэлж дуусахаас нь өмнө “Мэдсээн” гэж би хариу хэллээ. Дахиад л дуудлага ирлээ. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал Б.Амарсанаа залгаж байна. “Дуулсан л биз дээ, манай Нараа багш Чингисийн одон....”. Тийм ээ, дуулсан. “Маргааш хэвлэл мэдээллээр....” Маргаашийн хэвлэлд албан ёсны мэдээлэл гарахаас өмнө, Чингисийн одон түүний энгэрт очиртон гялалзахаас өмнө Нараа багш “Чингисийн одон” хүртсэн мэдээ ийнхүү түгэж байна. Залгаж ярьсан тэдний дуу хоолой, баяр бахдлаар бялхаж байгааг нь илтгэнэ. Тэд мэдээ түгээж буйгаа өөрсдөө ч анзаарсангүй. Оройхон хэрд ажлын өрөөнд хоёр шавь нь ирчихсэн сууж байна. Бас л Нараа багшийн тухай яриа өрнөв. “Манай багшийн бүтээл ном, судалгааны ажлыг тоочиж дуусахгүй ээ...” гэсээр багшаараа бахархах үг нь дутчих вий гэсэн шиг ам уралдана.
Шавь нар нь багштайгаа хамт Чингисийн одон хүртэж буй мэт хөөрцгөөчихөж. Багш хүний баяр баясгалан гэдэг ийм ажээ. Хууль зүйн салбарын хагас зуун жилийн түүхийн гэрч бол С.Нарангэрэл багш. Хагасзуунд энэ салбараас төрсөн хуульчид бүгд түүний шавьнар. Тэд мянга мянгаараа баярлав. Нэг шагналыг иймолноороо талархан хүлээж авна гэж байдаг аа.
Хуульч С.Нарангэрэл, өмгөөлөгч С.Нарангэрэлхэмээгдэж байсан түүнийг академич С.Нарангэрэл хэмээх болсон. Тэрнээс илүүтэй Нараа багш гэхтодотгол бол түүний нэрний өмнө байнга уяатай явна. Нараа багш ямар баян хүн бэ. Яг ийм бодол харван орж ирэв.
Тэртээх XIII зуунд дэлхийг донсолгож явсан Чингис хааны ёс суртахууны номлолыг судлан өнөө цагийн бидэнд хүргэж буй Нараа багш Чингисийн одон хүртэж. Жил бүр Монгол бахархлын өдөртэй болж, тэр өдөр Чингис хааныхаа тухай ярьж, үүх түүхээрээ бахархан шагшдаг монголчуудын омогшил, бардамналыг сэрээсэн өдрүүд үргэлжилж байна. Монгол бахархлын өдрүүдээ утгаар нь тэмдэглэж байна. “Хүлэг минь, шүлэг минь чи бид хоёрт, дэлхийн дэвжээ хэрэгтэй” хэмээн омог бардам хэлсэн Б.Явуухулангийн мөртүүд санаанд орж, Д.Нацагдоржийн “Миний нутаг”-ийг чангаас чанга, зүрхэн тушаа гараа тавин уншмаар. “Netflix”-ийн шоунд оролцсон монгол, охид хөвгүүд Чингис хаанаараа овоглуулан гайхшруулж, бахархал, бардамнал, омогшлыг сэдрээж, дэлхийн дэвжээнд даруухан “аархах”-ыг харсан монголчууд бид баяр бахдлаа дарж амжаагүй байхад Нараа багшийн “Чингисийн одон” хүртсэн мэдээ олон мянган шавь нарынх нь баяр бахдал, монголчуудын хүндлэл, хүлээн зөвшөөрөлтөөр буухиалж байна. Жил бүр Монгол бахархлын өдрөөр “Чингисийн одон”-г хэн авах нь монгол түмний анхаарлыг татдаг болжээ. Энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Их эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархалын өдөр”-ийг тохиолдуулан Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, Монгол Улсын их сургуулийн эмерит профессор, академич Содовсүрэнгийн Нарангэрэлд төрийн дээд шагнал, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээхээр шийдвэрлэж.
Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошуу буюу одоогийн Дундговь аймгийн Дэлгэрцогт сумаас гаралтай С.Нарангэрэл дээд удмынхаа талаар нэлээд хожуу хэвлэлээс олж мэджээ. Үүнийг хөвөрдөн судалж эхэлсэн бөгөөд Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошууны Засаг ноён Батсуурь гүний удам, бүр цаашлаад эрхэм гүнтэн Алтан ургийн хүн болохыг олж мэдэв. Яг өнөөдөр “Чингисийн одон” хүртэж буй академич С.Нарангэрэл Чингисийн алтан ургийн хүн гэхээр бас л сонин тохиол. Үр хүүхдүүддээ зориулан бичсэн аав Б.Содовсүрэнгийнхээ номноос ч мөн удам судрынхаа талаархи нарийн мэдээллийн үзүүрээсатган эрэл хайгуул хийсэн юм билээ. Ингээд анхны мэдээлэл, бодит баримт хоёр нэг цэгт тулсан гэдэг.
С.Нарангэрэл багш сүүлийн хорь гаруй жил Чингис хааны ёс суртахууны талаар судалгаа, шинжилгээний ажил хийж, “Чингис хааны ёс суртахуун-Эрх зүйн шастир”, “Монгол ёс суртахуун: Бадрал, уналт, эргэн сэргээлт”, Монголчуудын зан суртахууны гарвал”, “Чингис хааны сүр хүч”, “Хуулийн амин сүнс буюу Чингис хаан, монголчууд” гээд олон бүтээл туурвисан. Дурдахгүй өнгөрч боломгүй түүх бол түүний аав Б.Содовсүрэн 18-тай Улаанбаатар хотын шүүхийн орлогч дарга болж, 19 настайдаа Булган, Сэлэнгэ аймгийн шүүхийн даргаар ажиллаж байжээ. Түүнчлэн Улсын дээд шүүхийн удирдлагад 13 жил ажилласан. Монголын тусгаар тогтнолын төлөө хувь нэмэр оруулж, хилийн маргаантай үед улсын комиссын хуулийн зөвлөхөөр томилогдон ажиллажээ. Б.Содовсүрэн хүү Нарангэрэлээ хуульч болгох замд хөтөлсөн гэдэг. Хожим нь хүү нь Монголын хуульчдын ноён оргилын нэг болж, эцгийн нэрийг өндөрт өргөнө чинээ санасан болов уу, хэн мэдэхэв. Уран зохиол, шүлэг яруу найрагт дуртай С.Нарангэрэл Р.Чойномыг цагаатгуулж явсан түүх ч бий. Дурдаад байвал түүний сонирхолтой амьдралын түүхэнд юу эс тохиолдох билээ. Нараа багшийн баялаг, баян амьдралын түүх өнөөдөр “Чингисийн одон”-гоор үргэлжилж байна.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийг 1975 онд дүүргээд төрөлх сургуульдаа тэр жилээ багшлахаар үлдэв. Хагас зуун жил багшилсан гээд бод доо. Түүний шавь нар хэд хичнээн болсон бол. Хэдэн үеийн хуульчид түүний шавь нар гэхээр хууль зүйн салбарын энэ цаг үеийн түүх Нараа багшийн амьдралын түүхийн ихээхэн хэсэг болж таарна. Хууль зүйн салбарын хагас зууны түүхийг бичилцэхдээ өөрөө ч хамт суралцаж, өсөж дэвжин, судалгаа, шинжилгээний бүтээлээ туурвин, сургуулийн захирлын албыг гүйцэтгэн, өмгөөллийн ажлаа хийж, Өмгөөлөгчдийн холбоог тэргүүлж, хуульболовсруулж, батлалцав.
Хуулийн салбарт өрнөсөн маргаантай, дуулиантай олон асуудалд Нараа багшийн оночтой, тодорхой үгс эцсийн хариулт болох нь олонтаа. Эсэргүүцэхийн аргагүй яв цав, гарцаагүй хариулт нь маргаанд цэг хатгаж, цааш маргахын эцэсгүй болгоно. Их хурлын танхимын голд асуултанд хариулахаар суухдаа ч шударга бусын эсрэг босч зогсоод үгээ хэлж, хатуу цэх байж, цүнхээ шүүрэн “Баярлалаа, баяртай” хэмээн хэлээд гарч одсон дүр зураг. Ёстой л мэл гайхаж, танхимд нам гүм ноёлж билээ. Тийм итгэлтэй, тийм бардам. Цагтаа хаан явсан улстөрчийг түмний өмнө хатуу шүүмжилж, тэргүүн өргөн гарч явчихаад, хэдхэн жилийн дараа уналтын үед нь өмгөөлөөд явж байсансан. Одоо харах нь ээ, хүн ёсны л хандлага гаргаж дээ. Энэ цагт морь унан, сэлэм, нум сум агсаж тулааны талбарт байлдахгүйгээс хойш эрдэм номд шимтэн, үзэг дэвтэр агсаж, үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэн, үзэлцэхдээ үзэлцэж, өмгөөлөхөө өмгөөлж, судлахаа судалж, сургахаа сургаж, хууль боловсруулж, баталж, мэтгэлцэж, ялж, салбартаа бол жанжин нь болж яваа сод нэгэн хүн бол С.Нарангэрэл. Хуульчдын, шавь нарынх нь гарын авлага болтлоо элээгддэг ном бүтээлээс эхлээд судалгаа шинжилгээний олон бүтээлийн эзэн, эрдэмтэн, судлаач, багш, дуулиант хэргүүдэд өмгөөлөгч, нойр хугаслан хууль боловсруулан баталсан хуульч, нэг нийгмээс нөгөө нийгэмд шилжсэн үйл явдлын гэрч, Ардчилсан шинэ Үндсэн хуулийн дагуу болсон анхны сонгуулиар парламентын гишүүн, нэгэн зууны хагасд хуулийн салбарт багшилсан багш, хууль зүйн салбарын анхны академич, анхны төрийн шагналтан зэргийг дурдаадбарахгүй атал тэрээр энэ салбараас төрсөн анхны “Чингисийн одон”-т хүн боллоо.
Нэгэнтээ түүнтэй ярилцахаар сэтгүүлчийн хувьд нүүр тулав. Дуу хураагуураа гаргаад тавьтал тэрээр нүдний шилээ засангаа “Наад хар юм чинь дэмий байдаг юм. Дэвтэр үзгээ гаргаад ир” гэж байна. Илүү дутуу үггүй, хэлснээр нь л болгов. “За асуу” л гэж байна. Асуултаа тавьж эхэлмэгц “За бич” гэж ирээд л хариулж эхэлж билээ. Бид аль хэдийн багш, шавь болчихсон мэт. Ширээний нөгөө талд тэрээр зогсож, харин би асуултаа тавьж, хариултыг бичиж авсаар. Тэдгээр хариултаараа тэр бас надад багшилсан. Хуульч С.Нарангэрэлтэй ярилцахаар ирсэн би “Нараа багшаа...” болчихсон л гарч явсансан. С.Нарангэрэл багш манай гэр бүлийнхний хувьд ч хүндэт хүн. Нэгэн цагт аавтай минь нөхөрлөн, биесийнхээрээ зочлон, зарим зүйлд санал нийлэн, заримд нь мэтгэлцэж явсансан. Ертөнцийн мөнх бусыг үзүүлэхээсээ өмнө аав минь “Өөр шигээ сайн хуульч болгоорой” хэмээн дүүг хөтлөн очсоноос хойш анд нөхрийн захисан үгийг ёсчлон хүлээн авсан Нараа багш, дүү хоёрын багш, шавийн салшгүй холбоо бий болсон билээ. “Нараа багш хувь хүнийхээ хувьд ямар хүн бэ” гэж дүүгээс асуухад “Оюутан, багш, судлаач, хамтран ажиллагсадынхаа хайр хүндэтгэлийг хүлээсэн хүн. Нэг ажил эхэлвэл тууштай хийж дуусгадаг, боломж л байвал хүнд тусламжийн гараа сунгадаг, хүнлэг хүн” гэж билээ. Улс орны тогтвортой хөгжил хүмүүний ёс суртахуунаас эхэлдгийг судлаад, тунхаглаад байдаг нь ийм учиртай аж. Хүмүүн байхын утга учрыг хойч үедээ ойлгуулах гэж зүтгээд байдаг нь ийм юм байна. Тэр өөрөө хүн байх үлгэрлэл болсон хүн юм байна. Залуусд хүн байхыг мэдүүлэх гэж ёс суртахуун, хүний мөс чанартай байхад чиглүүлж, судалгаа хийж ирсэн юм байна. “Ёс суртахууны хариуцлага хуулийн хариуцлагаас хатуу. Яагаад гэвэл хөөн хэлэлцэх хугацаа гэж байдаггүй” хэмээн хэлсэн түүний үг үйлийн үрийн талаархи философийн ойлголтыг энгийн, энэ цагийн нөхцөлд тааруулан илэрхийлжээ.
Энэ цагийн сод хүмүүн, хүндэт хуульч, эрхэм багшС.Нарангэрэл Монгол бахархлын өдөр “Чингисийн одон” хүртэхэд энгэртээ хамт гялалзуулсан мэт гүнээ хүндэтгэн талархан хүлээж авлаа, шавь нар нь. Тантай хамт, монголчууд “Чингисийн одон”-г хүртлээ, Нараа багшаа.

