Олон орны төр засгаас нийгмийн өртөг нь өндөр болдог учир иргэдийнхээ зарим хэрэглээг, тухайлбал согтууруулах ундаа, архи тамхи, мөрийтэй тоглоом, авто машин, дизелийн түлш гэх зэрэг тодорхой бараа, үйлчилгээг хязгаарлах зорилгоор үйлдвэрлэгч болон нийлүүлэгчдэд онцгой татвар ногдуулдаг. Хэрэглэгчээс бус, борлуулагчаар нь дамжуулан авдаг болохоор энэхүү шууд бус татварын учрыг хүн бүр мэддэггүй. Гэхдээ онцгой татвар нь улсын төсвийн том орлогын нэг, юунд ч зарцуулж болдог тул их онцлог татвар.

Монгол улс онцгой албан татвар ногдуулах, түүнийг төсөвт төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулдаг хуультай болохоос биш, хурааж авсан орлогоо яг юунд зориулах, хэрхэн зохицуулах тухай хууль журам байдаггүй.

Автобензин болон дизелийн түлшний онцгой татварыг монголын Засгийн газар жишээ нь үнэ хязгаарлах хэрэгсэл болгов. Энэ татвар нь агаарын бохирдлыг бууруулах, эрүүл мэндэд учруулах хохирлыг багасгах, эсвэл замын ашиглалтыг сайжруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх зэрэг зорилготой болохоос, үнэ зохицуулдаг улс төрийн хэрэгсэл биш юм.

Тэгвэл бүх төрлийн тамхи, согтууруулах ундааны онцгой татварыг хаашаа, юунд хэрэглэдэг, энэ татвар нь нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, сайжруулахад яаж нөлөөлдөг тухай хүн бүр мэддэггүй, асуудлыг сөхөж хардаггүй ажээ.

Татваргүй барааны “татвар”

Гадаадаас бэлгэнд авчирдаг барааны нэг жишээ бол виски. Учир нь вискийг энгийн дэлгүүрээс авах нь гадаад, дотоодын “татваргүй” (duty-free) барааны дэлгүүрээс авснаас наад зах нь 2-3 дахин үнэтэй. Нэг литр вискиний өртгийг задлан харъя. Монголд үйлдвэрлэдэггүй энэ барааны өртөг нь хил дээр ирэхдээ 15 доллар буюу 36,750 төгрөг гэж жишиг болгон тооцоолж болно. Тээврийн зардлыг нь 2,000 төгрөгөөр тооцоод, гаалийн тусгай (бусад барааны адил 5 биш, 15-40 хувиар) татвар төлөөд өртөг нь 44,560 төгрөгт хүрнэ. Нэмээд нэгжид хуульчлан ногдуулдаг онцгой татварын 19,400 төг, НӨАТ-ын арван хувь мөн нийслэлийн 1% татвар ороод ойролцоогоор 70,000 төгрөг болно.

Харин “татваргүй” барааны дэлгүүрт өөрийн өртөг нь 38,750 төгрөг буюу бараг хоёр дахин бага. Энэ бол хууль бус худалдаачдын хувьд маш өндөр унацтай бизнес. Татварын хэмжээ их байх тусам хууль бус худалдааны эргэлт, хэмжээ нь эрс нэмэгдэж, гэмт хэрэг ихэсдэгболохыг олон орны түүх харуулдаг. Хууль бус нийлүүлэлт газар авч шөнийн цэнгээний газар, ресторан, дэлгүүр, хувь хүн эдгээр барааг албан ёсны нийлүүлэгчдээс бус, албан бус эх үүсвэрээс авах сонирхолтой болдог байна.

Хууль журмаа сахиулж төдийлөн чадахгүй байгаа манайх шиг улсад онцгой татвар нэмэгдэх тусам хууль журмын дагуу үйл ажиллагаа эрхэлж буй байгууллагуудын бизнес алдагдал хүлээж, ашиг нь буурдаг. Харин “хар захын” бизнес цэцэглэж, төсвийн онцгой татварын орлого нь буурдаг юм. Чанаргүй, хуурамч бүтээгдэхүүн элбэгшихийн хэрээр хэрэглэгчид ч эрүүл мэндээрээ хохирох явдал гардаг. Албан бизнес эрхлэгч, хэрэглэгч, төр бүгдээрээ хохирол хүлээж байхад, хууль бус наймаачид, тэднийг дэмжигч авлигачид татваргүй барааны “татварыг” завшиж байгаа хэрэг юм.

Онцгой татварын түвшинг хэт өндөр болгосноор хууль бус худалдаа цэцэглэн хөгждөгболохыг өнөөдөр ч гэсэн Европын улсуудын хооронд хувь хүмүүсээр дамжин эрс нэмэгдэх болсон архи, тамхины жижиглэнгийн худалдааны өсөлт харуулж байна. Монголд татваргүй барааны дэлгүүрээс авсан зүйлээ хямдхан зарах тухай зарлал нийгмийн сүлжээ, орцны хаалган дээр ч харагдах боллоо.

Архи тамхины онцгой татвар ба дотоодын үйлдвэрлэл

Онцгой татварын жил бүрийн өсөлт нь импортын бүтээгдэхүүний тоо хэмжээ, татварын орлогын дүнг бууруулахаас гадна согтууруулах ундааны дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлдэг хандлагатай байна.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын 2014 оны тайланд 15-аас дээш насны нэг хүнд ногдох согтууруулах ундааны хэрэглээгээрээ Монгол улс 191 улсаас 83-т жагсчээ. Согтууруулах ундааг цэвэр спиртэд шилжүүлж гаргадаг энэ тайлангаар нэг хүний хэрэглээ жилд 6.8 литрт хүрсэн бөгөөд, нийт хэрэглээний 70 хувь нь нэрмэл ба цагаан архи аж.

Эдүгээ манай улсад цагаан архи болон бусад согтууруулах ундааг 48 аж ахуйн нэгж үйлдвэрлэж байна. Сүүлийн хоёр жилд манай улсын пивоны дотоодын үйлдвэрлэл 8 хувиар өсөж, экспорт 2 дахин өсөж, импорт 60, хэрэглээ 4 хувиар тус тус буурсан байна.

Дарсны үйлдвэрлэл 28, импорт 30, хэрэглээ 33 хувиар тус тус өсжээ. Архины үйлдвэрлэл 3, импорт 36, хэрэглээ 4 хувь тус тус өссөн ч, экспорт 2 дахин буурсан байх юм. Тэгвэл архи, согтууруулах ундааны онцгой татвар 2017 онд 180 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оноосоо 5 хувиар өсөж, татварын нийт орлогын 3 хувийг бүрдүүлжээ. Монголчуудын пивоны хэрэглээний буурсан хурдаар архиных өсөж, дарсных нь архиныхаас 8 дахин огцом өссөн байна.

Монгол улсад согтуурал, архидалт газар авч, нийгмийн дэг журам зөрчих, ноцтой гэмт хэрэг үйлдэх, осол гэмтэл гаргах, эрүүл мэндээрээ хохирох явдал нэмэгдэх болсон нь ухаалаг, зохистой хэрэглээг сурталчилж ойлгуулах, хэвшүүлэхэд шинэ аргаар хандах, шинжлэх ухааны үндэслэл, судалгаатай арга хэмжээ авахыг зүй ёсоор шаардаж буй.

Хууль бус худалдааг зогсоох, согтууруулах ундааны хэрэглээг багасгахын тулд олон улс хэрэглээний соёл нэвтрүүлэхэд анхаарч, насанд хүрээгүй хүүхэд залууст мэдлэг олгох, бүтээгдэхүүний танилцуулга, үйлдвэрлэлийн түүх зэрэг мэдээллийг олон нийтэд хүргэх, зохистой хэрэглээг бий болгоход нөлөөлж болох юм. 

Дээр хэлсэнчлэн онцгой албан татварын зарцуулалтыг тусгайлан заасан хууль манайд байдаггүй. Гэхдээ Архидан согтууруулахтай тэмцэх тухай хуулийн 9.1 дүгээрт “Архидан согтуурахтай тэмцэх, түүний хор уршгийг олон нийтэд ойлгуулан таниулах талаар төрийн захиргааны төв болон орон нутгийн захиргааны байгууллага, эрүүл мэнд, хэвлэл мэдээлэл, соёл, боловсролын байгууллага бүх төрлийн сурталчилгаа явуулах үүрэгтэй” гэж заасан байдаг.

Ядаж эдгээр байгууллагуудад архи болон согтууруулах бүх төрлийн ундааны онцгой татварын орлогын тодорхой хэсгийг олгох, зарцуулсан тайланг нь гаргуулж нийтэд мэдээллэж байхаар дүрэм журам гаргаж мөрдүүлэх нь зүйд нийцэх юм.

2018.02.28