ҮҮЛЭНД ХӨВСӨН АНХНЫ АЛХАМ
Польшийн зохиолч Марэк Хласкогийн “Үүлэнд хөвсөн анхны алхам” бүтээл нь ХХ зууны Европын утга зохиолын шилдэг өгүүллэгүүдийн нэгэнд тооцогддог. "Үүлэнд хөвөх" гэсэн хэлц нь бодит байдлаас салж, мөрөөдөлдөө живэх гэсэн утгатай. Энэ бол хүн эргэн тойронд юу болж байгааг үл анзаарч, амьдралын талаархи санаа бодол нь бодит байдлаас салах төлөв.
Марэк Хласко
ҮҮЛЭНД ХӨВСӨН АНХНЫ АЛХАМ
Уул нь, хагас сайны хотын төв гэж ажлын өдрөөс бараг ялгарах юмгүй л дээ. Гагцхүү, архины мухлаг, баар сав, автобусанд хөлчүү улс үзэгдэн, сархадын эхүүн үнэр хаа сайгүй ханх тавих. Зав зайгүй хот маань бямба гаригт царай алдан, шал умаахум газар болон хувирна. Гадаа, цэцэрлэгт хүрээлэнгийн сандал дээр олон цагаар суугаад, эсвэл гудамж мийтарлангаа хожим хойно, хорин жилийн дараа ч юм уу хүн хард ярьчих, их бага нь хамаагүй сонин хачин юмны гэрч болчих санаатай чих тавьж, хараа чилээдэг хүмүүс ч сураггүй болчихно. Жирийн өдөр гудамжинд шигшсэн элс зардаг наймаачид, цээл хоолойтой гудамжны согтуу дуучин болон тэднийг ажиглан суух хэрэгт дурлагсад ч хагас сайнд л бараа туруугүй.
Хэрэгт дурлагсдыг зөвхөн захын хорооллуудаас л олж болно. Хотын захын амьдрал үргэлж илүү хөлтэй байдаг, тэр хэвээрээ. Захын хорооллын хагас сайнд хэрэв цаг агаар таатай байвал хүмүүс байшингийнхаа үүдэнд сандал авчирч тухлан, амьдралыг сонжиж суух.
Ажиглагчдын зарим нь хэвийн биш ч юм шиг, юу гэвэл насан туршдаа ийм маягаар сууж, эсрэг талд нь өөдөөс харах ажил нэгтнүүдийнхээ царайнаас өөр юу ч олж хардаггүй. Сонирхолтой юм харагдахгүй бол суудлаа сэлгэн, хажуугийн гудамж руу хэрэг болгон явах ажиглагч ч ховор. Ийнхүү энэ ертөнцийн нэгэн хэвийн уйтгартай байдалд гомдон хорвоог зүхсээр үхдэг. Амьдрал ажиглагчид өтөл насандаа тун ч тайван бус болдог. Байн байн цагаа харна. Энэ бол цаг хэмнэхийг хүсдэг хөгшин хүмүүсийн инээдтэй зуршлын нэг. Тодорхой насандаа тэдний амьдрах шунал сэтгэгдэл хорин настнуудынхнаас илүү оргилуун болдог. Маш их яриасаг, тун их бодомхой, мэдрэмж нь догшрох мөртөө нэгэн зэрэг уйтгартай. Тэгснээ тэр дороо тайвшрана. Үхэхдээ харин тэд өөрсдийгөө амьдралыг үнэн хийморлог туулснаа гайхуулан хөөрөх нь элбэг. Сулралтай доройчууд хүүхэн эргүүлж бужигнуулж явснаа, хулчгарууд баатарлаг зангаараа, тэнэгүүд нь мэргэн цэцэн явснаа гайхуулах дуртай.
Гэрээрээ зураг зурдаг ажилтай Гиеньэк гээч энэ хотод дөчин жил амьдарч, эргэн тойрныхоо аж амьдралыг мөн адил олон жил ажиглажээ. Энэ хагас сайнд Гиеньэк гуай мөн л байшингийнхаа өмнөх цэцэрлэгт хүрээлэндээ, гудамж руу хоосон ширтэн сууна. Зүдэргээтэй бөгчим халуунд тэрээр үе үе нулимж, хатсан уруулаа шилэмдэнэ. Өнөөдөр ямар ч сонирхолтой зүйл болоогүй, хэн ч гараа хугалаагүй, хэн ч биенээ зодоогүйд уйтгартай мэдрэмжинд автсан Гиеньэк нэлээд уцаарлангуй. Хөл доор нь тээгэлдсэн золбин нохойг өшиглөөд, эвшээснээ дахиад л гудамж руугаа хараа билчээв. Хааяа нэг өнгөрөх машин гудамжний шороог пургиулахаас өөр юу ч үл үзэгдэнэ. Амьдралыг зэрвэсхэн ширтсээр найдвар алдагдсан яг тэр мөчид хэн нэгэн мөрөн дээр нь тогшихыг мэдэрлээ. Нойрмог нүдээ сөхөн, хөрш Малишэвскиг харав.
- Алив ээ, явцгаая гэж тэр хэлж байна.
- Хаашаа?
- Холдохгүй дээ...
- Яах гэж?
- Та сонин юм хармаар байна уу, үгүй юу? гэж Малишэвски хэлэв. Балтгар нуруутай, эелдэг царайтай, зальжин харцтай нэгэн. Хэдийгээр махлаг боловч явах хөдлөх нь нь муур шиг гавшгай.
Халуунд нозоорсон Гиеньэк уртаар эвшээгээд:
- Юу болсын?
- Нэг банди - гэж Малишэвски хэлэв.
-Тэгээд юу гэж?
- Шог оо, шог! Нэг охинтой байгаа. Одоо ойлгов уу?
- Аанхаан – гэж илт сэргэсэн Гиеньэк хэлээд: - Хөөрхөн үү?
- Царайлаг, хоёулаа залуухан - хэмээнМалишэвски тодотгоод: - Тэнд гоё ажил өрнөж байнаа - гэснээ гэнэт тэвчээр алдсан бололтой: - Та тэгээд явах юм уу, үгүй юм уу?
- Наадах чинь бүтэхгүй ээ. Биднийг очсоор байтал тэнд хамаг ажил дуусчихсан байна. Юу ч харж амжихгүй, нээрэн шүү.
- За яалаа гэж дээ, тэр хоёр тан шиг тавь гарсан хөгшчүүл биш – хэмээн Малишэвски зөрөөд: - Залуус удтал хөгжилдөж чадахтайгаа. Бага байхдаа би хэдэн цагаар хөгжилдөж чаддаг байсан. Нээрэн шүү. Хүргэн дүүгээ дуудчихсан, Одоо ажил нь тарж байгаа. Өө хараач, тэр хүрээд ирлээ!
Үнэхээр ч гудамжны эсрэг талаас нэлээд бярархуу эр наашилж байна. Цамцны ханцуйгаа шамалсан залуу шүднийхээ завсар өвс зуучихжээ. Нойрмог зовхи нь унжаастай.
-Хэник - гэж Малишэвски дуудаж: - Наашаа хүрээд ирээ!
Хэник ойртож ирээд хашаа налан зогсов. Дух нь хөлрөөд норжээ.
- Сайн уу. юутай байна, Гиеньэк гуай?
- Хэник, чи бидэнтэй ийшээ явъя - гэж Малишэвски хэлэв.
- Бөгчим байнаа!- гээд тэрээр уруулаа долоож, санаа алдаад: - Амьсгалах агаар алга. Бурхан өөрөө байгаад ч энэ халуунд тэсэхгүй. Тэгээд хаашаа үсрэх гээд байгаан?
- Тэнд, сул газар. Нэг банди, охин хоёрыг харсан юмаа - хэмээн Малишэвски тайлбарлав.
- Ваа, нэг муу банзал л байгаа биз - гэж Хэник хэлээд, аман дахь өвсөө нулимаад, шинэ өвс зулгаан улам чанга хазаллаа.
- Хаанаас даа. Би чамд баталгаатай хэлж байна, залуу, бас тэгээд аягүй хөөрхөн.
- За яахав, би явж болж байна. Амьдрал ажиглах дуртайг минь чи мэднэ. Гэхдээ охин нь найгүй амьтан бол чи өнөөдөр надад шил юм тавих л болж дээ.
Тэд хөдөлж, цэцэрлэгт хүрээлэн дундуур түргэн алхав. Тарьсан төмс, улаан лооль, луувангаа арчлах гэж хүмүүс ажлаа тараад энд ирдэг. Харин одоо хоосон аж. Хүмүүсийм ядаргаатай бөгчимд орон гэртээ бүгэхийг дээрд үздэг байх.
- Ямар бүгчим халуун юм бэ. Ийм өдөр юу ч хийх сонирхол алга. Толгой дүйрээд л байх юм - хэмээн Хэник гомдоллоно.
- Тэнд ч бас халуун байгаа шүү дээ - гэж Гиеньэк тайвшруулав.
- Би ч гэсэн тэгэж бодож байна - гэж Малишэвски хэлээд: - Очоод тэднийг хөргөөд өгнөө. Тийм ээ, Хэник ээ?"
- Өнгөрсөн жил бас нэг банди найз охинтойгоо энд хамт ирсэн. Тэр хоёр зунжингаа байнга энд ирдэг байсан - гэж Хэник дурсав.
- Тэгээд юу гэж?
- Юу ч биш. Тэд нар орох оронгүй байсан байх.
- Тэд тэгээд гэрэлсэн болов уу? - гэж Гиеньэк хичээнгүйлэн асуув. Аяга хүйтэн шар айраг уумаар санагдана.
- Мэдэхгүй ээ. Магадгүй, гэрлэсэн байх. Мөн ч хөөрхөн охин байсан даа.
- Шаргал үстэй юу? – хэмээн Гиеньэк дахин асуув. Уг нь түүнд энэ нь огт хамаагүй л дээ. Жигшмээр ч юм шиг хоосон тарчлаант мэдрэмж нь зовооно.
- Хүрэн үстэй байсан. Тодхон санаж байна. Залуу нь харин шаргал үстэй байсан. Яагаад тийм хөөрхөн охин новшийн амьтантай хусалцдаг байнаа, ёстой чөтгөр бүү мэд.
- Чухмаа чухам - гэж Гиеньэк бувтнав. Зунгааралдсан шүлсээ нулимав. Өөрийг нь авах юмгүй царай муутай, тэнэг мулгуу эхнэртэйгээр нь дайруулаад ч байх шиг санагдсан тул Хэникт дотроо уур нь хүрч байлаа. - Шалны дэвсгэр байсан биз.
- Магадгүй?... Одоо чимээгээ аядацгаа - гэж Малишэвски хэлэв. Мань хүн түрүүлээд алхахад бусад нь араас нь чимээ гаргалгүй мяраан хөдлөв. Нар доошилж өвсөн дээр хөхөвтөр сүүдэр тусна. Малишэвски эргэж хараад чимээгүйхэн шивэгнэн: -Алив, яваарай!
Өлмий дээрээ хэд алхсаар нэгэн хүү охин хоёрыг харав. Тэд зэрэгцэн хэвтэж байна. Охин толгойгоо хүүгийн мөрөн дээр тавиад бүх биеэрээ налжээ. Хайр дурлал, халуунд ядарч туйлдсан байдалтай үзэсгэлэн төгс залуус... нэг нь хар, нөгөө нь цайвар үстэй. Охины даашинз дээш сөхөгдөн наранд боролсон урт чацтай хөлийг нь ил гаргажээ.
- Хөөрхөн - гэж Хэник хэлээд: - Ямар хөөрхөн, айн?
- Чамд хэлээ биз дээ – хэмээн Малишэвски шивнэв.
Гурвуул чимээгүй зогсоно. Гиеньэк уруулаа дахин долоосноо гэнэт зэвүүцэн чичвисхийж авгайгаа бодов. Малишэвски тэнэгдүү инээмсэглэв. Хэник унжсан зовхио улам доошлуулж, хөлөөс хөл рүү шилжив. Гэнэт тэр ууртай асуув:
- Ямар нэг юм хийх үү?
- Насаараа тачигнатал хөхөрч явахуйц ямар нэг юм сэтгэ л дээ, Хэник ээ.
Хэник - гэж Гиеньэк дуудаад, - Тэднийг айлгасан нь дээр. Охин нь ямар хөөрхөн юм бэ? Ийм хүүхэлдэй хараагүй удсан юм байна. Хүүхдээрээ юм гээч. Ингэж болохгүй л дээ – гэснээ гэнэт адган Хэникт хандан: - Тэдэнд ямар нэгэн зүйл хийгээч, тэгэхгүй бол би эхлээд бөмбөгдлөө шүү.
- Хүлээгээрэй, одоохон, би эхэлсэн нь дээр.
Тэрээр охины борлосон гуя руу хэсэг ширтэхэд завьжинд нь инээвхийлэл тодорно. Байж ядаж байгаа бололтой. Тэгээд модны цаанаас гарч ирээд залуусын өмнө зогсов. Нүдээ онийлгон:
- Аав ээж хоёр болж тоглож байна уу? Амжилт хүсье!
Малишэвски, Гиеньэк хоёр инээлдэв. Хүү үсрэн босоод зогтусч:
- Та яах гээд байна?
- Яах ч гээгүй - гэж Хэник үгээ сунжруулан хэлэв. Тэрээр хүүгийн өмнө хөлөө ээлжлэн солбиж зогсно. Зажилсан өвсний ногоон шүлсээ байн байн нулимсаар. Тэгээд: - Болгоомжтой байцгаа. Энэнийг л хэлэх гэж ирлээ. Үргэлж болгоомжтой бай.
Малишэвски модны цаанаас гарч ирээд Хэникийн дэргэд зогсов.
- Хөөрхөн охин - гээд охиныг бор нүдээрээ гөлрөнө. – Ийм хөөрхөн амьтантай танилцмаар байна. Болох уу, эрхэм хатагтай.
- Тэнэг амьтан... гэж охин хэлэв. Хүүгийн араар зогсох тэрээр цухалдсандаа нүүр нь улайжээ. Гиеньэк түүний туранхай мөр хэрхэн дагжиж байгааг хараад, царай муутай, бүдүүн, хэлбэр дүрсгүй эхнэрээ дахин нэг жигшин бодов.
- Чи, чи, завхай шаар – хэмээн хилэгнэсэн Малишэвски хэлэхэд нүдэнд нь цус хурж: - Чи бол байдаг л нэг муу янхан, ойлгов уу? Би чамаас эгчмэд охинтой, банзал минь - гэж давчидсан мэт мэт түргэн шулганав.
-Гуйж байна, эндээс холдооч - гэж хүү тэдний нүд рүү аргадсан харцаар харав. - Би та нараас гуйж байна, яваад өгөөч дээ. Бид хоёр та нарыг яагаа ч үгүй шүү дээ. Гуйж байна.
-Чи хэнээс юу гуйгаад байгаам, Янэк? Тэр хөгшин төгцөгөөс үү?
-Хүүхнийхээ амыг тат - гэж Хэник уурсаад: -Тэгэхгүй бол би өөрөө наадахын чинь амыг таглах болно шүү. Алив чи өөрөө битгий мангайгаад зогсоод бай. Наадахынхаа амыг хамхиад аль гэж байнашдээ.
-Чи өөрөө өмхий хоншоороо тат - гэж охин жигшингүй харан хэдэрлэв. Ууралсандаа болоод ухаан самуурсан юм шиг боловч дооглонгуй инээвхийлэхийг хичээн: – Шаар! гэж хараагаад нулимс дуслууллаа.
-Хөөе, чи - гээд Хэник гарнаас нь татаад: - Чи хэнтэй ярьж байгаагаа мэдэж байна уу? Чи энд заваарах гэж ирчихээд бас элдэв юм донгосох нь уу?
Хүү цочмог хөдлөн Хэникийн нүүр рүү угсруулан цохив. Энэ нь эгшин зуур болсон тул Хэник зөвхөн нүдээ аньж л амжлаа. Гэвч дараагийн агшинд тэрээр хүүгийн үснээс зууран тонгойлгож нүүрийг нь өвдөгөөрөө дэлдээд, залгуулан уруул руу нь дэлсэн газар унагав.
- Хангалттай юу, үйлчлүүлэгчээ? Хэрвээ ханаагүй бол би үйлчлүүлэгчид нэмэлт үйлчилгээ үзүүлж болно. Хөнгөлөлттэй үнээр шүү! Энд тун аятайхан оршуулгын газар бас байна. - Тэгээд гашуун муухай доромжлол урсгаж гарах нь тэр. Хэдийгээр аниатай ч охины борлосон хөл нүдэнд нь харагдсаар.
- Алив, Янэк - гээд охин хүүгийн нүүрэн дээрх цусыг арчив. – Гайгүй ээ, эргээд тааралдана даа. - Тэгээд хэд алхан яльгүй холдсоноо: - Та нар эрчүүд биш, адгийн хөгшин новшнууд!
Тэд гэр рүүгээ буцацгаалаа. Эргээд өнөөх замаараа алхацгаана.
- Ямар бөгчим юм бэ – хэмээн Хэник өгүүлээд - Бороо орох нь. Хөөрхөн охин байналээ. Яах гэж түүнийг банзал гэж хэлсэн юм бэ? Чи түүнийг огт танихгүй байж, тиймийг нь яаж мэдсийн?
-Би тэрнийг тийм гэж хэлээгүй, чи л тэгсэн шүү дээ - гэж Малишэвски булзав.
- Би юу?
-Тийм, чи.
- Битгий тэнэгт. Би түүнийг огт мэддэггүй байсан.
- Би тэрнийг таньдаг байсан - гэж Малишэвски хэлэв. - Би тэр хоёрыг энд өмнө нь харж байсан. Анх удаа харж байгаа юм биш. Тэр хоёр биендээ маш их хайртай.
-Цаашид тэд яах бол? - гэж ноён Гиеньэк асуув.
-Цаашид юу болохыг мэдэхгүй. Гэхдээ тэд болзож байсныг нь мэдэх юм байна. Өнөөдрийнх нь тэр хоёрын анхных гэдгийг ч би мэднэ.
- Яаж? - гэж Гиеньэк унжгардуу асуув.
- Залуу нь охиныг гуйж байхыг нь сонссон. Цаадах нь айгаад байсан. Ятгаж байхыг нь ч сонссон. Хүүхэдтэй болчихоос айгаад байсан. Гэхдээ үнэндээ өөрөөсөө илүү айсан байх.
- Анхны удаа үргэлж тийм байдаг юмаа. Би ч бас айж байсан - гэж Хэник өгүүлэв.
-Хүн бүр анх удаа ийм юмнаас айдаг - гэж Малишэвски хэлэв. - Гэхдээ чи яагаад тэрнийг зодов?
- Тэр өөрөө эхэлсэн шүү дээ.
- Ийм юм болчихоно гэж бодсонгүй. Тэр банди охин руу хачин юм хэлээд байсан...
- Юу гэж?
- Санахгүй байнаа.
- Үүлэрхэг болж байна гэсан - хэмээн Гиеньэк хэлэв.
- Яг тийм, үүлний тухай ямар нэг юм хэлээд байсан - гээд Малишэвски: -Ямар нэгэн шүлэг. Би та нарт хэлээд байна шүү дээ, тэд хоёр биедээ их хайртай.
- Цаашид тэд биенээ хайрлахгүй - гэж Гиеньэк хэлээд: - Биенээсээ үүрд холдоно. Ийм юм болсны дараа тэд бие биен рүүгээ харж ч чадахгүй. Ер нь шал дэмий ирлээ, бид нар.
- Оо би саналаа - гэж Малишэвски хэлээд: - Сая саналаа. Үүнийг хийвэл энэ нь газраас тасран үүлэнд хөвөх анхны алхам болно гэж залуу нь хүүхэндээ хэлсэн юм. Яг ингэж хэлсэн, гэхдээ шүлэглээд. Тэгсэн охин нь "Би айж байна. Би айж байна" гээд уйлаад байсан.
- Өвдөнө гээд айгаад байсан юм болов уу?
- Тэгээгүй байх аа - гээд Малишэвски: - Өвдөлтөөс айсан гэж бодохгүй байна. Өвдөлт дараа нь ирдэг. Амьдралаас, хөндлөнгийн хүнээс, хов живнээс байх. Гэхдээ анхны удаад гэхээрээ үнэхээр газраас тасарч, хөл алдан, үүлэн дээр хөвөх шиг байцгаасан. Хайрлаж дурлахаараа эргэн тойроныхоо юуг ч ажиглах чадваргүй болно.
- Бид ч гэсэн үү? - гэж Хэник асуув.
- Тэд цаашид бие биенээ хайрлах нь өнгөрсөн - гэж Гиеньэк хэлэв. - Хэрэв надад ийм явдал тохиолдсон бол би тэр охиныг дахиж хайрлахгүй байх байсан гэдгээ л мэдэж байна. - Тэрээр гэнэт хоосролд сорогдох шиг болж гунигт автав.
Тэд цэцэрлэгийг туулан дахин гудамжинд гарч ирлээ.
- Тэр хоёр дахиж бие биенээ хайрлахгүй. Надад ч бас нэг удаа ийм зүйл тохиолдсон. Тэгээд би тэр охинтой дахиж явалдаагүй.
- Хүн болгонд л ийм явдал тохиолдож байсан - гэж Малишэвски хэлээд: - Гэхдээ чи яагаад тэрний нүүр рүү нь цохисон юм бэ?
- Тэр чинь намайг түрүүлж цохио биз дээ - гэж Хэник өчөөд: - Одоо цөмөөрөө шар айраг ууцгаах уу?
- Болох л юм... Тэр охин дахиж ирэхгүй байх аа.
- Үгүй л болов уу даа - хэмээн Гиеньэк хэлснээ: - Ингэхэд чи яагаад тэр охиныг завхай зайдангаар нь дуудав?
- Урьд нь нэг удаа миний найз охиныг хүн бас ингэж дуудсан - гэж Малишэвски хэлэв. - Яагаад тэгсэн гэдгийг нь одоо болтол би ойлгодоггүй юм.
- Тэгээд тэрнээс хойш үерхээгүй юу?
- Үгүй гэснээ Малишэвски хэсэг чимээгүй байснаа гэнэт ууртайгаар: - Намайг зүгээр байлгаад өг, цусаар тээглэ гэж! Би ямар ч хайранд итгэдэггүй. Би эхнэртээ ч итгэдэггүй. Би юунд ч итгэдэггүй.
- Тэнэглэл - гэж Хэник хэлээд, тэнгэр рүү харан: - Үүлшиж байна. Яг л тэр залуу хэлсэн шиг.
- Би үүнийг бороо орох анхны алхам юм уу гэж бодож байна - гэж Малишэвски ядарсан шинжтэй хэлэв. -Явж шар айраг ууя... Эсвэл борооны тухай, эсвэл шуурганы тухай... Би санахгүй байна. Би юу ч санахгүй байна. Би юу ч хүсэхгүй байна. Хэрэв би санахгүй байсан бол ийм явдал болохгүй байсан.
- Маргааш бороо орно - гэж Хэник хэлэв.
- Ням гаригт үргэлж бороо ордог - гэж Гиеньэк сануулав. Ой гутмаар муухай эхнэр нь санаанд орж ярвайлаа. Тэгсээ өнөөх бандийн тухай, маргаашийн тухай, үзэсгэлэнт бүсгүйн тухай, наранд боролсон гоолиг хөлнийх нь тухай, хөхнийх нь тухай, бундан улаан уруулынх нь тухай, гоо хүзүү, сэтгэл татам нүдийг нь бодож байлаа. Гэвч ямар нэг зүйл хэлэх л ёстойгоос хойш:
- Бүтэн сайнд угаасаа бороо ордог юм, за!
1956