Максим Горький

“ГЭСГЭЭЛ”

Тосгоны гудамжны цайвар тагзан дундуур зэрлэгээр орилолдох дуу шуугиантай хачирхалтай цуваа хөврөнө.

Шавааралдсан олон хүмүүс их л дуу чимээтэй аажуухан урагшлах нь далайн том давалгаа шиг. Хамгийн урд нь нэгэн бүрзгэр морь толгой гудайн алхах аж. Урд хөлөө өргөн толгойгоо хачин жигтэй сэжлэх нь барзгар хошуугаа замын тоос руу дүрэх гээд байгаа мэт харагдах бөгөөд хойд хөлөө зөөхөд бие нь газарт сөхрөх нь үү гэмээр. Тэр чигт нь чармай нүцэглэсэн, бараг охин гэмээр эмэгтэйн гарыг олсоор хүлж тэргэнд холбожээ. Эмэгтэй хажуу бөөрөөрөө нэг л этгээд алхана. Хөл нь борвиороо нугарсхийн чичрэх бөгөөд сэгсийсэн хар хүрэн үстэй толгой нь дээш өргөгдөн үл ялин гэдийсэн байх ба бүлтийсэн хоёр нүд нь хүнийх гэмээргүй гөлгөр харцаар алсыг ширтэнэ. Бүх бие нь энд тэндгүй хөх эрээн болсон хүүхний сийчүүлсэн хөхнөөс цус дуслана. Цус гэдсэн дээгүүр нь урссаар зүүн хөлнийх нь өвдөг хүртэл улаан судал татаж, шилбэн дээрх шорооны царцдасанд дарагджээ. Энэ эмэгтэйн биеэс уртаас урт нарийхан арьс хуулж авсан бололтой. Олон дахин модоор жанчсан, эсвэл гутлаар хайр найргүй өшиглөснөөс болсон уу, гэдэс нь хавдаж, аймшигтай хөхөрч. Бүхий л биеэрээ бөхийсөн бүсгүйн савх шиг нарийхан жижиг хөл нь тоос шороон дундуур арай ядан урагшлан хөдлөнө. Шархалж хөхөрсөн бүх бие нь яаж ийм хөл дээр тогтож байгааг, яаж тэрэгнээс гараараа зүүгдэн газар дээгүүр чирэгдчихгүй байгааг ойлгохын аргагүй...

Тэргэн дээр зогсох цагаан цамцтай өндөр эрийн духдуулсан хар хурган малгайн доороос нь тод улбар үс нь унжина. Тэрээр нэг гартаа жолоогоо бариад, нөгөө гартаа атгасан ташуураар морины нуруу, тэртээ тэргүй хүний дүр төрхөө алдтал зодуулсан жижигхэн эмэгтэйн бие дээр зориудаар ээлжлэн шавхуурдана. Мань эрийн цусаар бялхаж улаанаар эргэлдэх нүд нь зэвүүн бахадлаар жигүүрлэж байлаа. Үснээс нь болж нүд нь ногоовтор туяатай харагдана. Тохойгоо хүртэл нь шуусан ханцуйны цаанаас өтгөн улаан үсээр бүрхэгдсэн булчинлаг гар харагдах аж. Дүүрэн хурц цагаан шүдтэй амаа байдгаар нь. ангайн хашгирах нь:

- За Алив... шулам! Чүү! За! Аанхаан! Нээг!..

Морин тэрэгтэй холбож уясан эмэгтэйн араас олон хүн даган хашгирч, орилож, шүгэлдэж, инээлдэж, гуагачиж, тухирцгаана. Хөвгүүд гүйлдэнэ... Тэдний зарим нь тэргийг гүйцэн түрүүлж урд нь гараад эмэгтэйн улаан нүүр рүү зэвүүцэн харж өмхий үгээр утна...,

Бүхий л янз бүр шуугиан, мөн ташуурын исгэрэх чимээг олны инээлдэх дуун дарна. Бүсгүйчүүд догдолсон царайтай, бах нь ханасан янзтай нүд нь гялалзна. Эрчүүд тэргэн дээр зогсогч руу адгийн жигшүүртэй үгс хашгирцгаахад, дэлбэч тэдэн рүү эргэн харж байдгаараа амаа ангайн хөхрөх аж. Ташуурын сур эмэгтэйн биед тусав. Урт нарийхан ташуурын сур мөрөөр нь ороож, сугаар нь ороход өнөөх эр ташуураа өөр рүүгээ хүчтэй татахад эмэгтэй чангаар орилж нуруугаараа гэдрэгээ шороон дээр унав. Бөөн хүмүүсийн дундаас олон хүн түүн рүү үсрэн очиж дээрээс нь тонгойн бүчин авлаа.

Морь зогссон ч хэсэг хугацааны дараа дахин хөдлөхөд зодуулсан эмэгтэй өнөөх л байдлаараа тэргэнд чирэгдэв. Мөнөөх хөөрхийлөлтэй морь аажуухан алхаж, бүрзгэр толгойгоо сэжлэхүй. Хэрэв ярьдаг байсан бол ингэж хэлэх болов уу:

"Мал байна гэдэг ийм л булай даа! Хүмүүс элдэв жигшүүрт хэрэгтээ татаж оролцуулах юм...”.

Тэнгэр, өмнө зүгийн тэнгэр ганц ч үүлгүй, цэв цэлмэг, нарны цооном туяа хайр найргүй тусна...

.   .   .   .   .   .   .   .   .   .   .   .   .   .   .   .   .   .   .   .   .   .   .   .   .   .   .   .   .   .   .  .  .   .  .    .    .    .    .    .    .    

Тарчлааны үнэнийг ингэж дүрслэхдээ би санаанаасаа зохиосон юм биш шүү. Үүнийгээ тэд “гэсгээл” гэж нэрлэнэ. Нөхрүүд эхнэрээ үнэнч бус загнасных нь төлөө ингэж шийтгэдэг. Энэ бол амьдрал ахуйд тохиолддог зүйл, заншил, би үүнийг 1891 онд 7-р сарын 15-нд Херсон мужийн Николаевск дүүргийн Кандыбовка тосгонд өөрийн нүдээр харсан.

Манай Заволжье мужид садар самууны хэргээр эмэгтэйчүүдийг нүцгэлж, давирхай түрхсэн биед нь тахианы зумласан өд цацаж, гудамжаар ингэж чирч явдгийг би мэднэ. Зарим нэг сүрхий нөхрүүд эсвэл хадамууд "садарлагчийг" зуны цагт нүцгэн биеийг нь бурамаар шаваад, шавьжинд идүүлэхээр модонд хүлдэгийг би мэддэг. Садар эмийг хүлж шоргоолжны үүрэн дээр суулгадаг ч гэж бас сонсож байсан. Бичиг үсэггүй, ичгүүр сонжуургүй, жөтөө, шунал тачаалаасаа болж чоно шиг зэрлэгшсэн хүмүүсийн хувьд энэ бүхэн боломжтой гэдгийг харсан хүн нь би байна.

1895