Орос-Украины харилцаа хамгийн доод шатандаа очтол уналаа. Украиныг Орос дөрөв хуваалгаж чадлаа. Үүнтэй холбоотойгоор шинэ номоосоо зарим нэг оршил эшлэе.

Монголын зурагтын олон сувгууд дотор оросын сувгууд үлэмж хүндтэй байр эзэлдэг. Бичиж буй сэдэвт ойрхон гэдгээр 4 ток-шоу нэвтрүүлэг анхаарал татдаг. Россия-1 сувгийн «60 минут», РТР сувгийн «Время покажет», НТВ сувгийн «Место Встречи», ТВЦ сувгийн «Право знать!» бол ОХУ-ын гадаад улс төрийн бодлого, байр суурь, геополитикийн өнцгийг хамгийн ил тод, хаалтгүй тусгадаг (миний үздэг сувгуудаас) хэмээн би хувьдаа ойлгодог.

Орост эрдэмтэн сэхээтэн дэндүү олон, анализ хийх чадвар өндөр, тэр хэрээрээ олон улсын харилцааг цаг тухайд нь, шуурхай, углуулгаар нь тайлбарлах нь урамтай. Гэхдээ нэг л “Но” байна. Орос орон болохгүй болчихлоо, гарц нь юув, хэн буруутай, хэн Оросын дайсан, хэн нь нөхөр юм гэдэг дээр Орос гүрний туйлшрамтгай, хатуу хүчний  сөрж тэнцвэржүүлдэг байр суурь ямагт цухалзана. Дээрхи нэвтрүүлгүүдэд Украин ямагт “хүндтэй” байр эзэлнэ. Маш дотно холбоотон, ахан дүүс явснаа Оросыг орхиж «Өрнөд» рүү эргэсэнд нь гомдоод гомдоод баршгүй дүр зураг 4 ток-шоунаас байнга мэдрэгдэнэ. Ганц нэг украин аналист (жишээ нь Гордей Александрович Белов) нэвтрүүлэгт оролцвол хэдэн талаас нь нүдийг нь ухах шахна. Тэр украин нөхрийг мад тавьж, хэлэх үггүй гөлөлзүүлэх нь нэвтрүүлгийн цаад зорилго ч юм шиг. Россия-1 сувгийн «60 минут» нэвтрүүлэг яг ингэдэг. Ёстой бах таваа хангаж байгаа нь хөтлөгч бүсгүйн (Ольга Скабеева) авираас харагдана.

Углуурга нь буруу болбаас ямар ч эд юмс эвлэж өгөхгүй, босдоггүй, бүтдэггүйн үлгэр Украин дээр тод харагдана. 2013-2014 оны Майданы хувьсгал гэдгийг фашист, нацист төрийн эргэлт байсан бөгөөд тэр “хувьсгал”-ын үр дүнд неонацист неофашистууд,  ультрарадикалyyд  Киевт засгийн эрхэнд гарч ирсэн гэж бүр Кремлиэс цоллосон. Владимир Путин энэ талаар эхлэн Холбооны Хурал дээрээ ам нээсэн нь:–Төрийн эргэлтийг голлон гүйцэтгэгчид нь үндсэрхэг үзэлтнүүд, неонацистууд, оросын эсрэг хэнээтнүүд, еврейн эсрэг үзэлтнүүд юм.  Националистууд, русофобчууд, антисемитүүд өнөөгийн Украины чиг шугамыг олон талаар тодорхойлох боллоо гэжээ. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын оношилж байгаагаар, орчин үеийн украины эрх баригчдын неонацист, расист хийрхлийг өрнөдийнхөн бөөцийлж хөөргөдөсөөр буй. Түүний мэдэгдлүүдэд “ультранационалист, неонацист үзэлд хөтлөгдсөн өнөөгийн украины эрх баригчид”-ыг байнга шүүмжилсэн байх бөгөөд гадаад улсын Гадаад хэргийн сайд нартай хэлэлцээ хийх, хамтарсан хэвлэлийн хурал хийх үед Украин хөндөгдөх тохиолдол бүрт тэр тухай ярьсан нь олонтаа. НҮБ-ын индрээс ч ярьж байгаа харагдав. Өрнөдийнхөн дэмжиж Украинд төрийн эргэлт хийлгэсэн ультрарадикалуудаас аврагдахын тулд крымчүүд 2014 онд референдумээ хийсэн ба Оростой нэгдэх гэсэн тэдний хүсэл Өрнөдийн геополитикийн ашиг сонирхолд харшилж байгаагаас өөр ноцтой юм алга хэмээн ярьжээ.
 
Оросын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын эсрэг «америк-киевийн өдөөн хатгалга» хэмээн Крымын Засгийн газрын шадар сайд бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Крымын байнгын төлөөлөгч Георгий Мурадов нэрлэсэн, Украин дахь национал-радикал элементүүдийн танхайрал, хүч хэрэглэж гаднаас төрийн эргэлт хийчихсэн тийм үед өөрсдийнхөө амин чухал эрх ашгийг хамгаалах цорын ганц боломжит арга гэж үзэн Крым, Севастополийн хүн ам өөрийгөө тодорхойлон Оросын бүрэлдэхүүнд оръё гэсэн сонголтоо хийсэн. Түүнээс биш иргэд нь хүсээгүй байхад Украины нэг хэсгийг Орос албадах үүрэг хүлээгээгүй юм зэргийг эшлэхэд л хангалттай.

Нэг л логик харагдана. «Та нар тэнэглэсэн учраас бид халдана», «Та нар урвасан учраас бид өршөөхгүй»–Украины талаар явуулж буй Оросын бодлогын зөвтгөл, учир утга нь. Киев дэх неонацист неофашистуудыг  үндэсний–эрх чөлөөний тэмцэгчид төгсгөл болгох өдөр гарцаагүй  ирнэ (зарим оросуудынхаар дөхөөд ирсэн, «Украины Талибан» мөд гараад ирнэ) гэсэн итгэлээр хөтлөгдчихлөөр Ольга Скабеева нарыг энд шүүмжлэх нь ч цагийн гарз юм. Голдоо ортол гомдсон орос сэтгэхүй л харагдаж байна.

Украин ч мөн хариуд нь мөчөөгөө өгөхгүй. Одоогоор хэн ч төсөөлөөгүй байгаа, тэгэх тусмаа Москвад хэн ч зүрхлэн яриагүй, хүсээгүйг нь Украины Дээд Рада дээр хээв нэг ярина. Владимир Зеленскийн харьяалагддаг «Слуга народа» («Ард түмний зарц» нам) гэх намын хэсэг депутат Оростой дипломат харилцаагаа таслахыг уриалж байх аж. Тэр тухай бодлогын баримт бичгийн төслийг  Богдан Яременко гэгч танилцуулсан ба түүнд “Украины төрт ёсыг төгсгөл болгоно” хэмээн оросын улс төрчид, түшмэд ярьдаг боллоо, Москвагийн энэ үйлдэл үхлийн аюултай тул Оростой харилцаагаа таслаж, Украинд британи,  америкийн цэргийг урьж, тус улсыг НАТО-д элсүүлэхийг санал болгож, бүгд найрамдах улсын нутаг дэвсгэрт хөлөг онгоц эсэргүүцэх пуужингийн салбар, агаарын довтолгооноос хамгаалах болон пуужингаас хамгаалах салбаруудыг түр байрлуулахыг Ерөнхийлөгч Зеленскийд хандан уриалж байна. Оросоос импортолдог бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг орлуулах төлөвлөгөө батлахыг Украины Засгийн газарт хандан зөвлөж байна гэжээ. Энэ мэт мэдээ тоймгүй олон.

Орос ийнхүү эргэн тойронтойгоо дайсагнахын хэрээр Орос ба Зөвлөлтийн улс төрчдийн гадаад  бодлогыг нь илчлэн буруушааж түүх сөхсөн элдэв мэдээлэл, сурталчилгаа цахим ертөнцөд тасрахгүй байгаа нь анхаарал татна. Оросын өөрийнх нь дотоодоос ч баримтат нэвтрүүлэг, эвлүүлэг, бичлэг, сурталчилгаа тасрахгүй. «Оккупация» гэх телевизийн төсөл Гүржийн албан ёсны эрх баригчдын санхүүжилтээр Балтийн улсуудын оролцоотой хэрэгжиж, уран бүтээлээ орос хэлээр чөлөөтэй толилуулсаар байна.

«Оккупация» цуврал баримтат киноны эхэнд ба адагт В.Путины нэгэн лут афоризмыг дүрсээр үзүүлнэ. Тэр нь 2005 онд Холбооны Хуралд явуулсан илгээлтээ өөрөө уншиж сонсгож буй хурлын видео. “Миний хувьд түүх рүүгээ буцаж очих хэрэгтэй мэт. СССР нурж унасан нь зууны хамгийн том геополитикийн сүйрэл болсон бөгөөд олон арван сая эх орон нэгтнүүд маань эх орныхоо гадна хоцорч, оросын ард түмний хувьд эмгэнэл болж үлдлээ. Террорист интервенц, сүүлчийн хасавюртын капитуляцаар эх орны маань бүрэн бүтэн байдал эвдэгдлээ. Нурж унах тахал Оросын өөрт нь шилжин орж ирлээ” хэмээн тэрээр уулга алдан ярьж байжээ.

Яг үүнийг нь өлгөн авч Зөвлөлт гүрэн нуран унасан нь түүний эзлэн түрэмгийлэх бодлогоос шалтгаалсан, өнөөгийн Орост ч мөн тэгнэ гэсэн аргументаа «Оккупация» телевизийн төсөл улс болгон дээр гаргаад тавьчихсан сөрөг суртал нэвтрүүлгээ чөлөөтэй цацах аж.

Тоталитари хоёр улс–СССР ба Нацист Герман нь Европ, Азийн улс орнуудыг хэрхэн эзлэн түрэмгийлсэн тухай, II дайны дараа Зөвлөлт улсаас Дорнод Европ, Япон (Курилын арлууд–Зохиогч), Афганистаныг хэрхэн эзэлж авсан, орчин цагийн Орос нь тусгаар тогтосон улс орнуудын нутаг дэвсгэрийг хэрхэн эзлэн аваад байгаа тухай түүх тэр төслийн баримтат кинонуудад өрнөнө. Эргэн тойрондоо дайсантай, дайснууд нь бүгд буруу, Оросын зөв  гэдгийг л эргүүлж няцаах гээд тэр төслийг бүтээгчид элдэв түүх ухжээ.

Оросыг сайн судалдагийн хувьд дээрхи олон суртал нэвтрүүлгээс (эх толгойгүй мэдээллийн их дайн–Зохиогч) нь би ганц л зүйлийг олж харсан, харсаар ч байна. Тэгж ч дүгнэж байна. Юу гэвэл Opoc эргэн тойрон дайсны хүрээлэлд, тэд нь ямагт буруутан, Оросын л зөв, бүр туйлын зөв–энэ бол Орост явагддаг суртал нэвтрүүлгийн гол үндсэн зорилго нь. Октябрийн эргэлтээс хойш СССР ямагт дайсны хүрээлэлд, гадаад дотоод дайсантайгаа тэмцээд, «ардчилсан шударга дайн» хийгээд, тэр нь ялаад дийлээд,  даваад гарч ирсэн, тэр сэтгэхүй өнөөгийн Оросын улс төрийг хөглөсөөр байна.

Эргэн тойрондоо дайсантай (тэдэнд ялагдаж л болохгүй!), тэр дайснуудыг хэрхэх вэ (ялах вэ!) гэдэгт Оросын төр бодлогоо  боловсруулсан, мөрдөж байх ч үндэслэлтэй. Найрсаг харилцаат гадаад орнуудыг эрэмбэлсэн жагсаалтархуу юм анхлан ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков гаргажээ.

Энэ нь 2021.03.30-ны өдрийн хэвлэлийн бага хуралд түүний ярьсан үгс болно. Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн (СНГ буюу монголоороо ТУХН) БНУ-уудтай Орос нэн сайхан харилцаатай байна. Евразийн эдийн засгийн холбооны (ЕАЭС) орнууд, мөн Белорусстай, хуучин Зөвлөлт Холбоот Улсын орон зай дахь улсуудтай, Гүрж, Украин, Балтийн орнуудыг эс тооцвол сайн харилцаатай байна. Хэдийгээр Молдовын шинэ Ерөнхийлөгч Майя Санду нь орос-молдавын харилцааг хөгжүүлэх үзэл санааг бага анхаардаг ч Орос-Молдовын хоорондын хэлхээ холбоо үргэлжилж байна. ОХУ-тай сайн харилцаатай байх талынхан тэндхийн парламентэд олонхи байгаа тул бид Молдовтой нягт харилцаатай байна. Ерөнхийлөгч Санду евроинтеграц руу хандсан олон тулгуурт бодлого тунхаглаж байгаа ч Оростой яриа хэлэлцээ явуулахаас татгалзахгүй байна хэмээн Песков ярьж байв.

Хятад, Энэтхэг болон Азийн орнуудыг Оросын найз нөхөр улсын тоонд оруулна. Оростой харилцаагаа бэхжүүлэх асар их сонирхолтой Латин Америкийн орнууд байна. Европын хэд хэдэн улс байна. Брюссельтэй хэрхэх нь чухал биш, харин Европын Холбооны гишүүн орнуудтай хоёр талын үндсэн дээр яриа хэлэлцээ үргэлжилж байна. Африкийн орнууд байна. «Орос-Африк» хэмээх саяхны саммит юу харуулав гэхлээр Африкийн орнууд харилцаагаа хөгжүүлэхийг үнэхээр хүсч байна. Харин Орос-Америкийн эгэл бус харилцааг энд дурдах нь зөв. Вашингтон хүчний байр сууринаас ярилцах гэвэл Москва зөвшөөрөхгүй. АНУ-тай харилцаагаа уруудуулахыг Орос хүсэхгүй, түүнийг сэргээн босгохын төлөө байна гэхчлэн Песков ярьсан билээ.

Песковыг тэгж ярьсны дараа Москвагийн бүх хөзөр дэлгэгдэв. Хуучин Дорнод Европын социалист гэгдэж асан орнуудад Оросын эсрэг үзэл, үйлдэл “хэрээс хэтэрч”, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин бүр цөхрөхдөө “Гадаадын улс орнуудын зүгээс үйлдэж буй найрсаг бус үйлдлийн эсрэг авах арга хэмжээг хэрэгжүүлэх тухай” зарлиг хүртэл гаргаж тэмцлийн хайр найргүй зам сонгов. Чех улс Оросыг буруутгаснаас үүдэлтэй дипломат дуулиан шуугиан дэгдсэнтэй холбоотойгоор Ерөнхийлөгч В.Путин ийнхүү зарлигт гарын үсэг зурсан. Чехийн эрх баригчид тус улсын Врбетице тосгон дахь зэвсгийн агуулахад 2014 онд тохиосон дэлбэрэлтэд Оросын тусгай албад оролцсон хэмээн сэжиглэж, Оросын дипломат ажилтнуудыг нутаг буцаасан. Чехийн араас Словак, Латви, Литва, Эстони мөн ижил арга хэмжээ авсан.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын хэлснээр бол, Ерөнхийлөгч Путины даалгаснаар ОХУ-ын Засгийн газар дайсагнагч гадаад улсуудын жагсаалт гаргаж өгөхөөр болжээ. Нөхцөл байдалд буурьтай анализ хийж судалж байж жагсаалтыг гаргахаас бус дурын улс орныг тийшээ оруулахгүй, гэхдээ дайсагнагч улс орнуудын эгнээ тогтмол тэлнэ хэмээн ноён С.Лавров ярьжээ. Тийм улсын талаар ямар арга хэмжээ авах тухай ганц нэг жишээ дурдан иргэд нь ОХУ-ын нутаг дэвсгэрт ажил алба эрхлэхгүй байлгах гэж дурджээ.

Дайсагнагч гадаад орнуудтай харилцаагаа зогсоох хүртэл арга хэмжээг Төрийн Думын холбогдох хууль тогтоомжийн төслийн баримт бичигт тусгасаны сацуу АНУ ба бусад улс орны санкцанд орсон оросын иргэд, компанийн эрх ашгийг хангах асуудал тэнд нь чухал байр эзэлжээ.

Дайсагнагч улс орнуудын эгнээ тогтмол тэлнэ гэсэн нь Оросын зүгээс хийж буй маш ноцтой дүгнэлт гэж үзэхээр юм. Эцэс төгсгөлгүй дайсагнах юм байна. Орос түүхнээсээ хатуу засаглалтай, харгис шийдвэр гаргадаг, тэр хатуурхлыг нь харилцагч улсууд нь алга хавсраад хүлцээд суухыг оросууд хүсдэг, харин Путины өнгөн дээрхи тэр хатуурхлыг нь Европ, Өрнөд дэх түнш, хөршүүд нь хүлээж авахаа байгаад бүр доог тохуу болгоод санкцаад салахаа байсан, ийм л логик бууж байна...