Сүүлийн гучин жил шатахууны үнийг чөлөөлөх эсэх тухай, үнийг чөлөөлчихвөл шатахуун импортлогчид алдагдалгүй ажиллаж, ард түмэн үнийнх нь дарамтанд дампуурах тухай айдас хүйдэстэйгээр ярьсаар ирснийг олон түмэн гэрчлэх билээ. Гэтэл нэг л өдөр чөлөөлчихлөө. Тодруулбал, өнгөрсөн 11 дүгээр сарын 22-нд “Үнийн зөвлөл” гэх бүтэц дээр хэдэн хүн хэлэлцээд үнэ чөлөөлснийг яамны дэд сайд хэвлэлийнхний камерын өмнө ярилаа. Дэд сайд мэдэгдлээ гэх үү, мэдээллээ гэх үү, нэг тиймэрхүү юм болоод өнгөрснийг хэн ч дэвж, дэвэргэсэнгүй. Стратегийн бүтээгдэхүүний тухай ярьж байгаа болохоор суурь үнийн асуудал хөндөгдөнө, бүх зүйлс орвонгоороо эргэнэ гэх зүйлийг 30 жилийн турш сонссон тул гайхлаа. Тийм амархан шийдэгдэж орхих зүйл байж?! Үүнд ядаж Засгийн газрын тогтоол ч гарсангүй. 

Түүнээс хойш хоёр ч удаа шатахууны үнэ зуу, зуун төгрөгөөр өслөө. Хүмүүс гайхсангүй, хэвлэлүүд шуугисангүй. Төрийн хүний мэдээлснээр шатахуун импортлогчид одоогоор 66.4 тэрбум төгрөгийн алдагдалтай байгаа аж. Тэгээд үүнийгээ нөхөж дуустлаа үнээ өсгөхийг нь бид тэвчих бололтой. Түүнээс хойш юу болохыг бүү мэд. 

Бүхнээс түрүүнд бензин чухал тул бүхнээс түрүүнд бензин импортлогчид л хөөрхий гэдэг толгойгоо илүүлсэн бодлого, шийдвэрийг тэд улстөрчдөөр гаргуулсаар ирсэн. 2018 онд шатахуунаа импортын болон гаалийн татвараас чөлөөлүүлсэн. Өнөөдөр үнийн чөлөөлөлт нэрээр үнээ өсгөөд зогсохгүй Энэтхэгийн Засгийн газрын зээлээр баригдаж буй нефть боловсруулах үйлдвэрийн ашиглалтад орох хугацааг арагш нь сунгах лоббиг ч хийж байж болзошгүй байна. 2022 онд ашиглалтад орохоор төлөвлөгдсөн Сайншандын үйлдвэр бүтэхгүй шүү гэсэн мэссэж үнийн чөлөөлөлттэй зэрэгцээд хэвлэлээр гараад эхэллээ. Хамгийн сүүлд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн санаачилснаар Онцгой албан татварын тухай хуульд энэ оны 7 дугаарын 5-ны өдөр буюу хаврын чуулган хаалтаа хийх мөчид өөрчлөлт оруулж, нефть боловсруулах үйлдвэрлэлийн түүхий эдэд импорт, гаалийн татвар ногдуулахаар болжээ. Дотоодын үйлдвэрийнхээ түүхий эдэд онцгой татвар тавьсан улс өөр байдаг болов уу?

Тэгэхээр нефть боловсруулах үйлдвэр баригдахгүй юм байна. Энэ үйлдвэрлэлийг дэмжихгүй төрийн бодлоготой нь илэрхий болов. УИХ дахь колонкийн эзэд хүчтэй аж.

Өнгөрсөн зуны дуулиан болох барьж нураагаад, дахин барьсан “Андлал”-ын хөшөөний ажилд “хоёр үсэгтэй” колонкийнхон хандив өргөсөн тухай хөөргөн цагаан мэдээ соошлиар сэвэгдээд өнгөрсөн нь санаандгүй зүйл биш байна. 

Үнэ чөлөөлөхгүйгээс болоод колонкийн эзэд алдагдалтай ажиллаад байна гэдэг гомдол гучин жил дагалдаж, үүнийх нь төлөө төр засаг тэдний тулд үгүй мөн их зүйл хийсэн юм. Байсгээд л алдагдлыг нь нөхөж өгч, бүр сүүлдээ “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” гэдэг 3 их наяд төгрөгийн бодлогыг Засгийн газар /2012-2016 он/нь баталж, тэр хэмжээний цаасан мөнгийг Монголбанк нь хэвлэж байлаа. Тодорхой хэдэн нэр төрлийн барааг энэ хөтөлбөртөө хамруулж, тэдгээрийн нэг болох шатахууны үнийн зөрүүнд дөрвөн жилийн дотор 167 тэрбум төгрөгийг колонкийн эздэд тараасан түүхтэй. Тэгж байхаар тэр үед л үнийг нь чөлөөлөөд өөрсдөд нь алдагдлаа нөхөх боломжийг нь өгч орхихгүй ч яасан юм бэ гэж гайхмаар хурднаар өнөөдөр үнэ чөлөөлөгдлөө.

Ямарваа ижил төстэй бараа, бүтээгдэхүүн зах зээл дээр өрсөлдөөд ирэхээрээ уралдаж үнээ буулгадаг зүй тогтолтой. Яг л төрөөс зарладаг тендерийн нөхцөл шиг хамгийн хямд байгаа нь хамгийн сайн борлогдох ёстой. Гэвч Монголд шатахуун импортлогчид үнээ өрсөлдөж буулгадаггүй, харин үгсэж байгаад өсгөдөг. Алдагдалд ороод байна гэж айлгаж байгаад төрөөс татаас авч явснаас биш алдагдалгүй ажиллахын тулд аль хямдхан эх үүсвэр хайсан нь, хаанаас яаж хямдхан бензин олж ирэх вэ гэж эрэлхийлсэн нь хэд бол? Хэн бол?

Бүгд Оросын ганцхан “Роснефть” компани дээр гүйж очиж, “надад өгөөч, надад өгөөч” өөр хоорондоо өрсөлдөж үнийг өсгөж ирсэн. Өөр эх үүсвэрээс илүү хямд шатахуун олсон бол жинхэнэ өрсөлдөөн үүсэж, “Роснефть”-ийн үнийг буулгах боломж бий болох байлаа. Даанч бүгд ганцхан компаниас хэлсэн үнээр нь авч, дутуу зөрүүгээ төрөөр шийдүүлэх лоббиг үеийн үед хийсээр ирсэн. Үүний тулд бүгд УИХ-д өөрийн төлөөллөө суулгасан. 

Одоо үнийн өсөлтийн зөрүүгээ төрөөс биш иргэдийн халаасаас суга татах мэхийг төрийн нэрээр гаргуулчихлаа.

Үнэ чөлөөлөгдөхөөр үнэ өснө гэсэн үг огт биш. Харин ч эсрэгээр үнийн өрсөлдөөн бий болж, үнэ буурахыг хэлнэ.Энэ дүрэм нефть импортлогчдод үйлчлэхгүй. Учир нь бүх импортлогчид нь ганцхан компани дээр гүйж очиж бүгд ижил үнээр худалдан авч байхад үнийн өрсөлдөөн үүсэх ямар ч нөхцөл байхгүй юм. Зүгээр л бензиний үнэ өссөөр байх болно. Хэдийгээр зах зээл дээр үнэ нь буурвал Монголд дагаад буурна гэж байгаа ч үнэндээ манайханд дэлхийн зах зээл гэдэг нь ганцхан “Роснефть” компани шүү дээ. 

“Роснефть” компани монополчиллоо, Оросууд биднийг шатахуунаар хараат байлгах гэж хааж боолоо гэдэг “геополитикийн шахуу” худлаа шалтгаанаар пиар хийж, иргэдээрээ Оросыг үзэн ядуулах ажлыг ч колонкийн эзэд сэвсээр ирсэн. Үнэндээ өнөөдүүлд нь тийм санаа байсан уу? Харин ч манайхан бүгдээрээ ганцхан компани дээр гүйж очиж, өөр хоорондоо өрсөлдөж үнийг нь хөөргөсөөр ирсэн буруутай.

Үнэ чөлөөлөх ёстой. Гэхдээ энэ нь бүгд нэг компаниас худалдан аваад ижил үнээр зарах биш юм. Харин олон улсын биржээс дэлхийн жишгээр аваад хямд үнээр өрсөж зарахыг л үнэ чөлөөлөх гэж хэлнэ. Өнөөдөр манай колонкийнхон үнэ чөлөөлөлт гэдгийг алдагдалгүй үнээр бензинээ зарж, амин хувийн шархаа нөхөх гэж ойлгуулж байна. 

“Монголд газрын тос олборлож эхэллээ” гээд гучин жилийн тэртээх анхны Ерөнхийлөгч маань дээл хувцсаа тосоор мялааж, бид тэр явдлыг зурагтаар хараад магнай хагартлаа баярласнаас хойш бахь байсан байрандаа… Өнөөх тос маань бидний ам хамрыг мялаасангүй. Газрын тостой юм бол үйлдвэр бариад өөрсдөө бензин шатахуунаа хийдэг болчих байх гэж л баярласан хэрэг. Гэтэл унжаад байхаар унаад ирээсэй гэдэг шиг л юм болж, газрын тос маань урагшаа урссаар, бид бензин тосоо хойноос зөөсөөр яг 30 жил. Үүнийг төр засаг маань өөрсдийн “толгойгоор” шийдэж, өөрсдийн “гараар” л бүтээсэн. Ингэхэд бидэнд яг өөрийн гэсэн толгой байна уу?