ЕВРАЗИЙН ШАТРЫН ХӨЛӨГ

Америкийн хувьд геополитикийн гол бай шагнал нь Еврази юм. Бүс нутагтаа ноёрхохын төлөө өөр хоорондоо тэмцэхийн хамт дэлхийн хэмжээний эрх мэдэлтэй болохыг оролдож байсан Евразийн улс гүрэн, ард түмнүүд нь дэлхий дахины хэрэг явдалд 500 жил давамгайлж ирсэн билээ. Евразийн бус нэг улс өнөөдөр тэнд голлох үүргийг гүйцэтгэж байгаа бөгөөд тэрхүү Америкийн глобал оройлол нь Евразийн эх газарт түүний давамгайлах байр суурь хэр үр нөлөөтэй, хэр урт хугацаанд үргэлжлэхээс шууд хамаарна.

Энэхүү болзол түр зуурынх гэдэг нь илэрхий юм. Гэвч, түүний үргэлжлэх хугацаа болон араас нь залган гарах зүйлс нь зөвхөн Америкийн сайн сайхны хувьд төдийгүй бүхэлдээ дэлхий дахины энхийн үйлсэд онцгой холбогдолтой юм. Анхны цорын ганц глобал гүрэн гэнэт бий болсноор шинэ нөхцөл байдал үүссэн, тухайлбал, Америк дэлхий тавцангаас унасны улмаас ч юм уу, аль эсвэл гэнэтхэн сүрхий өрсөлдөгч гарч ирсний улмаас ч юм уу, шинээр давамгайлагч хүч адилхан түргэн бий болох юм бол олон улсын байдлыг эрс тогтворгүй болгох нөхцөл байдал үүсжээ. Тэгэх юм бол дэлхийг нөмөрсөн эмх замбараагүй байдал үүснэ гэсэн үг.


Харвардын их сургуулийн улс төр судлаач Сэмүэл Ф.Хантингтоны дараах зоримог үг үнэндээ зөв юм: “Глобал асуудлыг шийдэхэд АНУ бусад ямар ч орноос илүү нөлөөлсөөр байгаа аливаа газрыг бодвол, АНУ-ын оройлол байхгүй байх газарт эмх замбараагүй байдал, хүчирхийлэл их, ардчилал, эдийн засгийн өсөлт бага байх болно. АНУ-ын олон улсын хэмжээний байнгын оройлол нь америкчуудын аюулгүй байдал, сайн сайхны хувьд болон эрх чөлөө, ардчилал, нээлттэй эдийн засгийн ирээдүйн хувьд мөн дэлхий дахины олон улсын дэг журамд хамгийн чухал зүйл даруй мөн” 

Үүнтэй уялдан, Америк Евразийг хэрхэн “удирдаж” байна вэ гэдэг нь амин чухал асуудал юм. Еврази нь дэлхийн хамгийн том тив бөгөөд геополитикийн үүднээс гол тэнхлэгийн байршлыг эзэлдэг. Евразид ноёрхож буй улс нь дэлхийн хамгийн хөгжилтэй, эдийн засгийн хамгийн үр ашигтай гурван бүс нутгийн хоёрыг нь хянаж байна гэсэн үг.

Дэлхийн газрын зургийг зэрвэсхэн харахад л Евразид ноёрхсоноор Африкийг бараг аяндаа эрхшээлдээ оруулж, далайн орнууд болон дэлхийн баруун хэсгийг төвлөгч тивийн ар хударгын хязгаар болгон хувиргана гэж таамаглаж болохоор юм. Манай гаргийн нийт хүн амын 75 хувь нь Евразид нутагладаг бөгөөд дэлхийн биет баялгийн ихэнх хэсэг нь тэндхийн хөрсөн дор буюу үйлдвэрлэл дээр байгаа билээ. Дэлхийн ҮНБ-ний 60 орчим хувь, дэлхийн эрчим хүчний илэрсэн нөөцийн ¾ орчим хувь нь Евразид ноогдож байна.

Түүнчлэн, Евразид улс төрийн хувьд дэлхийн хамгийн идэвхтэй, эрчимтэй улсууд оршдог. АНУ-ын дараа орох зургаан том эдийн засаг, зэвсэглэлд хамгийн их зардал гаргадаг зургаан том улс Евразид байна. Ил цөмийн зэвсэгтэй улсуудын ганцаас бусад нь, мөн далд цөмийн зэвсэгтэй улсуудын ганцаас бусад нь бүгд Евразид оршдог. Бүс нутгийн ноёрхол болон дэлхийн хэмжээний нөлөөний төлөө өрсөлддөг хамгийн их хүн амтай хоёр улс мөн тэнд оршдог. Америкийн оройллыг улс төр, эдийн засгаар буюу тэдгээрийн аль нэгээр сорих бодит дуудлага Евразиас л гардаг. Бүхэлдээ Евразийн нэгдсэн хүч чадал америкийнхыг илт давж байгаа юм. Америкийн аз болоход, Еврази нь улс төрийн хувьд нэгдмэл байхын аргагүй дэндүү том орон зай билээ.

Ийнхүү, Еврази нь глобал ноёрхлын төлөө тэмцэл үргэлжилж байгаа шатрын хөлөг болж байна. Хэдийгээр геостратегийг (геополитикийн ашиг сонирхлын стратегийн удирдлага) шатартай зүйрлэж болох ч Евразийн зуувандуу шатрын хөлөг дээр хоёр биш харин дор бүрдээ янз бүрийн зиндааны эрх мэдэл бүхий хэд хэдэн тоглогч тоглож байна. Тэргүүлэх тоглогчид нь шатрын хөлгийн баруун, зүүн, төв, өмнөд хэсэгт оршиж байна. Шатрын хөлгийн баруун, зүүн хэсгийн аль алинд нь хүн ам шигүү суурьшсан бүс нутгууд байгаа бөгөөд тэдгээр нь хүн ам харьцангуй хэт олширсон орон зайд хэд хэдэн хүчирхэг улсыг үүсгэдэг болно. Евразийн багашаархан баруун хязгаарт бол Америкийн хүч шууд дээр нь байрласан байгаа. Үй олон хүн амыг хянахын зэрэгцээ улам бүр хүчирхэгжин биеэ дааж байгаа тоглогчийн оршдог газар нь Алс Дорнод юм. Гэхдээ түүний ойролцоох хэдэн арал дээр хашигдсан эрчимтэй өрсөлдөгчийнх нь газар нутаг, түүнчлэн Алс Дорнодын жижгэвтэр хойгийн тэн хагас л Америкийн ноёрхол нэвтрэн орох зам болж байна.

Баруун, зүүн үзүүрийн хоорондох хүн ам сийрэгхэн газар нутаг нь одоогоор улс төрийн хувьд тогтворгүй, зохион байгуулалтын хувьд хуваагдмал байгаа юм. Энэ орон зайг Америкийг нэгэн үе Евразиас шахан зайлуулах бодлого баримталж, Америкийн ноёрхолд гол саад, хүчирхэг өрсөлдөгч болох ЗХУ урьд нь эзэлж байсан билээ. Төв Евразийн энэ том тэгш өндөрлөгийн өмнөд хэсэгт улс төрийн хувьд эмх замбараагүй, гэхдээ эрчим хүчний баян нөөц бүхий бүс нутаг байна. Энэ бүс нутаг бол урд биеэрээ бүс нутгийн жанжлагч болохыг горилдог, шигүү хүн амтай нэгэн улс бүхий энэ бүс нутаг бол өрнөд, дорнодын улсуудын аль алинд нь цаагуураа чухал ач холбогдолтой.

Лиссабоноос Владивосток хүртэлх хачин сонин дүрс хэлбэртэй энэхүү евразийн аварга том шатрын хөлөг дээр “тоглоом”-д оролцох шатрын хүү боднууд байрлаж байна. Хэрвээ дунд хэсгийг өргөжиж буй өрнөдийн (энд Америк давамгайлж байгаа) эргүүлэгт оруулж болбол, хэрвээ өмнөд бүс нутагт нэг тоглогчийн ноёрхол тогтохгүй бол, хэрвээ дорно хэсгийн тоглогч нар нэгдэж Америк далайн баазаасаа явахаас өөр аргагүй болохгүй бол Америкийг сая яллаа гэж хэлж болох юм. Гэтэл хэрвээ дунд хэсэг нь Өрнөдөөс нүүрээ буруулаад хоорондоо үгсэн идэвхтэй нэгдмэл хүч болж Өмнөдийг хяналтандаа авах буюу дорнодын нэг том улс оролцсон холбоо байгуулбал Еврази дахь Америкийн оройлол эрс хумигдах болно. Хэрвээ дорнод хэсгийн хоёр том тоглогч хоорондоо ямар нэг хэлбэрээр нэгдвэл мөн яг тийм хэрэг болно. Эцэст нь, өрнөдийн холбоотнууд нь Америкийг баруун хязгаар дахь үүрнээс нь зайлуулбал тэр нь эцсийн дүндээ баруун хязгаарыг дунд хэсэгт хүчээ авсан тоглогчийн эрхшээлд оруулах магадлалтай байлаа ч гэсэн Америкийн хувьд бол Евразийн шатрын хөлөг дээрх тоглоомд оролцох явдал дуусгавар боллоо гэсэн үг.

Америкийн глобал жанжлалын хэмжээ далайц нь нийтээр хүлээн зөвшөөрч байгаачлан аугаа том хэдий ч гүн гүнзгий биш, дотоод, гадаад хүчин зүйлээр хязгаарлагдан баригдсаар байна. Америкийн жанжлал өнгөрсөн үеийн эзэнт гүрнийх шиг шууд удирдахыг бус зөвхөн шийдвэрлэх нөлөө үзүүлэхийг хэлж байгаа юм. Чухамхүү, Евразийн цар хэмжээ болон олон төрх байдал түүнчлэн тэндхийн хэд хэдэн улсуудын хүч чадал Америкийн зүгээс хэрэг явдлын явцыг хянах хэмжээ, далайц болон нөлөөний дорвитой байдлыг хязгаарлаж байна. Евразийн энэ аварга тив нь улс төрийн хувьд үнэхээр гоц, эдийн засгийн хувьд хамгийн амжилттай яваа дэлхийн гүрэнд ч захирагдахын аргагүй дэндүү том хэмжээтэй, дэндүү олон хүн амтай, олон янзын соёлтой, хэзээ язаанаас давилуун санаатай, улс төрийн идэвх бүхий дэндүү олон улстай юм. Чухам иймийн учир Америкийн нөөцийг Евразийн асар том шатрын хөлөг дээр хянуур болгоомжтой, нарийн шалгууртай маш сайтар цэгнэж байж байрлуулах геостратегийн нарийн ур чадвар эн тэргүүний ач холбогдолтой байгаа болно.

Америк дотооддоо дэндүү ардчилалтай болохоор хилийн чанадад бусдыг дарангуйлах аргагүй нь нэг бодит зүйл мөн. Энэ нь америкийн хүч чадлыг хэрэглэх, ялангуяа цэргийн хүчээр айлган хашраах боломжоо ашиглах явдлыг хязгаарлаад байдаг юм. Нэр төр хөөж ая тал зассан ардчилал урьд өмнө хэзээ ч олон улсын тавцан дээр ноёрхолд хүргэж байгаагүй. Гэвч хүчирхэгжих эрмэлзэл нь дотоодын сайн сайхан байдалд гэнэтийн аюул занал буюу сорилт тулгарч олон нийтийн санаа сэтгэлийг хөндсөн нөхцөл байдал үүссэнээс бусад тохиолдолд бол ард түмний урам зоригийг чиглүүлдэг зорилго биш. Тэмцлийн явцад зайлшгүй гардаг эдийн засгаар өөрийгөө хохироох (өөрөөр хэлбэл цэргийн зардал) бас хүний амь насыг золиослох (мэргэжлийн цэргийн албан хаагчдын амь нас ч ялгаагүй) нь ардчилсан зөн билигтэй хэзээ ч авцалдахгүй. Ардчилал бол эзэрхийлэх дайчилгааны дайсан мөн.

Үүнээс гадна, Америк дэлхийн цорын ганц их гүрэн гэсэн шинэ статустай боллоо гээд ихэнх америкчууд бүхэлдээ гойдын сэтгэлийн таашаал аваагүй. Хүйтэн дайнд Америк дийлсэнтэй холбогдсон улс төрийн “ялгуулсан ялалт”-ыг ерөнхийдөө тоомжиргүй угтсан бөгөөд зарим илүү либерал үзэлтэй тайлбарлагчдын зүгээс тоглоом шоглоом болгосон тал ч бий. Хуучин ЗХУ-тай хийсэн “уралдаанд” Америкийн түүхэн ялалт түүний хувьд ямар үр дагавартай байх тухайд хоорондоо нэлээн ялгаатай хоёр үзэл бодол улс төрийн үүднээс сонирхол хамгийн их татах байх: нэг талаас, Хүйтэн дайн төгссөн нь америкийн даяаршсан идэвх (Америкийн дэлхий дахины нэр хүндэд ямар үр дагавартайг эс харгалзан) мэдэгдэхүйц сулрахыг зөвтгөнө гэсэн үзэл бий; нөгөө талаас, жинхэнэ интернационалч олон талт үйл ажиллагаа явуулах цаг ирлээ, түүнийг ёсоор болгохын тулд Америк бүрэн эрхийнхээ заримыг бүр золиослох ёстой гэсэн үзэл бий. Энэ хоёр үзэл бодлын сургууль хоёулаа өөр өөрийн найдвартай дэмжигчидтэй.

Дэлхий дахины нөхцөл байдлын шинж чанар өөрөө өөрчлөгдсөний улмаас Америкийн удирдлагын сонголт улам хэцүү болж байна: шууд хүч хэрэглэх нь хуучных шиг тийм ч амар биш болчихлоо. Дайныг улс төрийн бодлогын хэрэгсэл бүр эсвэл заналхийллийн хэрэгсэл гэдэг үүднээс үзвэл түүний ашиг цөмийн зэвсгээс болоод эрс доошиллоо. Улс орнуудын эдийн засгийн харилцан хамаарал өсөж байгаа учраас эдийн засгийн нээнтгийг улс төрийн хэрэгсэл болгон ашиглах боломжийг багасгалаа. Ийнхүү, найруулах, дипломат үйл ажиллагаа явуулах, эвсэл байгуулах, хуучин өрсөлдөгчөө түнш болгох улс төрийн хөзрийг нарийн цэгнэж хэрэглэх зэрэг нь Евразийн шатрын хөлөг дээр геостратегийн эрх мэдлийг амжилттай хэрэгжүүлэхэд шаардагдах гол зүйлүүд болоод байна.