Дэлхийн парламентуудын үйл ажиллагааны чадамж буюу бүрэн эрхээ хэрэгжүүлж чадаж байгаа эсэхийг харьцуулан авч үзсэн анхны томоохон судалгааг 2009 онд Берклийн Их сургуулийн профессор Стивен Фиш, Жоржтауны Их сургуулийн профессор Мэтью Крониг нар хийжээ. Тэд дэлхийн парламентуудын нийтлэг 32 бүрэн эрхийг жагсааж, тус бүрээр нь үнэлгээ өгсөн байна. Хууль батлах, хяналт шалгалт явуулах, өөрийн төсвөө захиран зарцуулж буй байдал, олон улсын гэрээг соёрхон батлах эрх хэмжээ, чуулганы хуралдааны тоо, дайн зарлах, цуцлах эрх, гүйцэтгэх эрх мэдлийг солих боломж, өршөөл үзүүлэх асуудал, шүүгчийн томилгоо, халдашгүй байдал, төв банктай харилцах харилцаа, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эрх зэргийг багтаасан энэхүү 32 шалгуураар 158 улсын парламентаас ХБНГУ-ын Бундестаг 0.84 оноогоор тэргүүлсэн юм. Энэ эрэмбээр Японы парламент долдугаарт, БНСУ-ынх есдүгээрт, АНУ-ынх 39 дүгээрт гэх мэтээр жагссан бол хамгийн сонирхолтой нь Монгол Улсын Их Хурал Германы Бундестаг болон Италийн Сенаттай ижил оноогоор эхний гурван байрыг эзэлж байв.

Хэдийгээр бүрэн эрх, чадамж, хүчин чадлыг харьцуулан авч үзсэн ч гэлээ энэ судалгаа парламентуудын төлөвшлийг давхар илэрхийлснээрээ одоо ч өндөр ач холбогдолтой хэвээр байна. Тийм ч учраас Улсын Их Хурлын бүтэц, бүрэлдэхүүнийг өргөжүүлэх төрийн байгууллын шинэчлэлд бэлтгэж буй ажлынхаа хүрээнд Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Л.Өлзийсайхан парламентат ёс өндөр хөгжсөн ХБНГУ-ыг сонгож, Бундестагийн үйл ажиллагаа, түүний Тамгын газрын туршлага, тулгамдаж буй асуудлыг судалж ажилласан юм.

“Үндсэн хуулийн” хэлтэс

Ерөөс парламент өөрөө ардчиллын илрэл. Гэвч ард түмний сонголтоор бүрдэж байгуулагддаг хэрнээ парламентууд хангалттай ардчилсан байж чадахгүй байна хэмээн Олон Улсын Парламентын холбоо дүгнэж, ардчилсан парламентын төлөөллөө хангах (representative), ил тод, нээлттэй байх (open and transparent), хүртээмжтэй (accessible), хариуцлагатай (accountable), үр дүнтэй ажиллах (effective) гэсэн таван шалгуур үзүүлэлтийг тодорхойлсон юм. Хүртээмжтэй, хариуцлагатай байдал гэдэг нь парламентын ажилд олон нийтийг оролцуулж, тэдний засаглах эрхийг хэрэгжүүлэх болон сонгогчдыг хэрхэн төлөөлж ажиллаж байгаагаа тайлагнах явдлыг багтаасан иж бүрэн ойлголтууд юм. Өөрөөр хэлбэл, парламентын ардчилал үндсэндээ нээлттэй, ил тод, иргэдийн оролцоотой, эргэх холбоотой байдлаар хангагдана. Парламентын эрх зүйн Монголын цөөн судлаачдын нэг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Л.Өлзийсайханы Бундестагийн нээлттэй, хүртээмжтэй байдлын арга, туршлагатай тухайлан танилцсаны учир энэ юм.

Бүх ард түмнээс сонгогдсон ХБНГУ-ын цорын ганц институт болохын хувьд Бундестаг иргэд, олон нийтийн өмнө нээлттэй байх зарчмыг Үндсэн хуульдаа тусгасан байна. Үндсэн хуулийн энэ заалтыг хэрэгжүүлж буй гол субьект нь Бундестагийн Тамгын газрын Мэдээлэл, баримтын газар юм. Тус газар нь Номын сан, баримтын, Мэдээлэл, харилцааны гэсэн хоёр хэлтэстэй.

Байхгүй юмгүй хөмрөг

Бундестагийн номын сан Адель Шрайбер-Кригерийн гудамжинд байх Marie-Elisabeth-Lüders-Haus-т байрлана. 1949 онд анх 1000 номтойгоор үйл ажиллагаагаа эхлүүлж байсан энэ номын сан эдүгээ 1.6 сая ном, сэтгүүл, шинжлэх ухааны бүтээлийн сан хөмрөгтэй, дэлхийн парламентын номын сангуудын дотор гуравт жагсдаг томоохон сан болон өргөжжээ. Хууль эрх зүй, эдийн засаг, нийгэм, улс төр болон бусад гэсэн ангиллаар Герман, Европын холбоо, АНУ, БНХАУ, Япон болон бусад улс улс орны эх сүрвалжуудаас сан хөмрөгөө бүрдүүлж буйгаа номын сангийн эрхлэгч, ноён Холгар Шээрэр танилцуулж байлаа. Жилд 1.6 тэрбум еврогийн төсөвтэй тус номын сан үүнийхээ тэн хагасыг цахим хөмрөгийн бүрдүүлэлтэд зориулж байгаа аж. Гэхдээ хэвлэмэл сан хөмрөгөө дижитал болгоход яараагүй бөгөөд номын сангийн уламжлалт үйлчилгээгээ хэвээр үргэлжлүүлж, шинээр бүрдэж буй цахим хөмрөгийн үйлчилгээг хослуулан ажилладаг байна.

Бундестагийн Тамгын газрын Шинжлэх ухааны туслалцаа үзүүлэх хэлтсийн нийгэм, хүн амын асуудлаарх албаны дарга, хатагтай Барбара Кэрнбах судалгааны эх сурвалжийн талаарх Ерөнхий нарийн бичгийн даргын асуултад хариулахдаа хамгийн түрүүнд Бундестагийн номын санг дурдсан нь “энд байхгүй юм байхгүй” хэмээн өгүүлэх мэт сонсогдож байлаа. Парламентын үйл ажиллагаа, Бундестагийн гишүүд, тэдний ажлын албад болон Тамгын газарт үйлчилдэг номын сангаа ноён Холгар Шээрэр, “10 мянган хүн амтай хотхоны номын сан” хэмээн тодотгосон юм. Сан хөмрөгөө тухайн ном, бүтээл хэвлэгдсэн огноогоор бус номын санд хүлээн авсан өдрөөр бүртгэн каталогижуулдаг нь сонирхол татаж байлаа. Мөн ирэх 20 жилд нэмж цуглуулах номынхоо тавиурыг бэлдэж, том тасалгаа дүүргэн өрсөн нь бүхий л зүйлийг жин тан болгож, аливаад бэлэн байх герман хүмүүсийн төрөлх зан чанарын илэрхийлэл мэт ажээ.

Парламентын нүүр царай

Мэдээлэл, харилцааны хэлтэс дотроо долоон албатай. Зочид, жуулчдыг хүлээн авах, Олон нийттэй харилцах, Арга хэмжээний менежмент болон тусгай төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, Бундестагийн ордонд урлагийн менежментийг удирдах, Парламентын мэдээлэл, Онлайн үйлчилгээ болон парламентын телевиз, Соошл медиа буюу нийгмийн сүлжээг хөтлөх чиг үүргийг иж бүрнээр, цогц байдлаар явуулдаг эдгээр албадын үйл ажиллагаа эцсийн дүндээ Үндсэн хуульд заасан нээлттэй байх зарчмыг хангахад чиглэнэ. Үүгээрээ парламентын ардчиллыг хадгалах, бэхжүүлэх үүрэгтэй. 

Хэлтсийн дарга, доктор Андреа Мариа Кребсийн танилцуулсанчлан дээрх албад Германы Бундестагийн үйл ажиллагааны талаар мэдээ мэдээлэл, контент бэлтгэж олон нийтэд бүхий л суваг, арга хэлбэрээр буюу хэвлэл, сонин, телевиз, радио, нийгмийн сүлжээгээр хүргэхийн зэрэгцээ иргэд, зочид, жуулчдыг парламентын ордноор аялуулах, Бундестагийн урлагийн цуглуулгыг удирдаж, ордны дотоод тохижилт, чимэглэлийг хариуцах зэргээр асар өргөн хүрээнд ажиллана. Товчхондоо, Германы Бундестагийг зорин ирэх хүн бүрийг угтан авч, сэтгэл ханамжийг батлан хариуцдаг, үдэн гаргадаг нүүр царай нь тэд юм.

Рейхстагийн чулуун түүх

Бундестагийн нэгдсэн хуралдааны танхим байрлах Рейхстагийн ордон бол төрийн захиргааны байгууламж төдий биш түүхэн барилга, урлагийн бүтээл юм. Адольф Гитлер канцлераар томилогдож тангараг өргөсний дараахан Рейхстаг үнсэн товрог болтлоо шатсан нь Веймарын Бүгд Найрамдах Улсыг хуулийн дагуу нацист Герман болгон өөрчлөх далим болсон гэлцдэг. 1939 оноос уг барилгыг байлдааны зориулалтаар буюу бэхлэлт, цэргийн эмнэлэг, холбооны хэрэгслийн үйлдвэр болгон ашиглаж байсан нь Зөвлөлтийн улаан армийнхны “стратегийн” бай болох шалтгаан болсон юм. Берлиний тулалдааны дараа Рейхстаг бүрэн сүйрсэн байлаа.

Тухайн үеийн Баруун Германы Засгийн газрын шийдвэрээр Рейхстагийг 1961-1971 онд сэргээн босгосон ч Берлин хот хуваагдсан байсны улмаас тэнд төрийн үйл ажиллагаа явуулах боломжгүй байв. Хоёр Германы болон олон улсын зарим уулзалт, олон нийтийн арга арга хэмжээ, шоу тоглолт л явуулж байв. Гэсэн хэдий ч Рейхстаг ач холбогдлоо огтхон ч алдаагүйг 1990 оны хоёр Германыг нэгтгэх ёслолын ажиллагаа нотлон харуулдаг.

Бүр 1996 он хүртэл Боннд ажиллаж байсан Бундестагийг Берлинд нүүлгэн авчрахын тулд Рейхстагийг сэргээн шинэчлэх болон түүнтэй холбоотой парламентын байгууламжуудыг барих ажлыг 1995 оноос эхэлжээ. Притцкерийн шагналт Их Британийн нэрт архитектурч, модернист өндөр технологийн архитектурын гол төлөөлөгч гэгддэг Норман Фостерийн зураг төслөөр ордныг шинэчлэн босгохдоо уламжлалт хэв маяг, түүхийн ул мөрийг хадгалахын сацуу орчин үеийн шинэ загвар хийц, хөгжлийн чиг хандлагыг бүрнээ тусгаж, уран барилгын урлагийн уламжлал, шинэчлэлийг хослуулсан орчин үеийн ордныг бий болгосон байна.

Шилэн Бундестаг буюу нээлттэй парламент

Норман Фостерийн зураг төслийн гол элемент болох Рейхстагийн ордны бөмбөгөр шилэн орой нь Берлин хотыг дөрвөн зүг, найман зовхист харах боломж олгох бөгөөд энэхүү бөмбөгөр оройт их танхимд Германы Бундестагийн чуулганы нэгдсэн хуралдаан болдог. Шилэн оройгоос чуулганы танхимд байгалийн гэрэл нэвт тусах бөгөөд ордонтой танилцаж яваа зочид, жуулчид тэрхүү бөмбөгөр оройгоор нэгдсэн хуралдааныг үзэж, сонирхож болно. Энэ бол урлагийн бүтээл төдийгүй Германы парламентын нээлттэй, ил тод байдлыг илтгэн харуулдаг юм.

Дэлхийн олон оронд өвөрмөц сонин газар орон, түүхэн дурсгалд тулгуурлан тэдгээрийг өлгийдөх, хөшиглөх, бүтээх болон ландшафтын элементүүдийг хослуулсан том хэмжээний контемпорари ажлуудаараа алдартай уран бүтээлч гэр бүл болох Кристо, Жанна-Клод нар Рейхстагийг шинэчлэн засварлахаас өмнө 1995 онд 100 000 шоо метр мөнгөлөг даавуугаар бүхэлд нь өлгийджээ. Энэ ажилд 15 600 метр бүдүүн цэнхэр олс хэрэглэсэн бөгөөд 14 хоногийн турш өлгийтэй байлгаж, олны хүртээл болгосон байна. Орчин үеийн урлагийн алдартай бүтээлүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог “Өлгийтэй Рейхстаг”-ийн анхны төслийн зургууд уран бүтээлчдийнхээ гараар бүтээгдсэн тэр л эх хувиараа ордны хананд өлгөөтэй байх бөгөөд хааш хаашаа 3.0 метр гаруй хэмжээтэй тавцан дээр байршуулсан модель загвар нь эдүгээ Бундестагийн Ерөнхий нарийн бичгийн даргын уулзалтын өрөөнд хадгалагдаж байна.

-Энэ бүтээлийг хүлээн зөвшөөрөхийн тулд маш их маргалдсан байдаг. Гэвч эцсийн эцэст урлаг ялсан юм... хэмээн Бундестагийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Парламент болон гишүүдийн асуудал эрхэлсэн дэд дарга, хатагтай Рут Ланг Рейхстагийн ордон дахь урлагийн цуглуулгын үнэт чанар болон Тамгын газрын Мэдээлэл, харилцааны хэлтсийн ажлын цар хүрээг илтгэхийн тулд өгүүлсэн юм. Ордныг өлгийдөхөд ашигласан мөнгөлөг даавуу болон бүдүүн цэнхэр олсны хэсэг баруун хойд жигүүрийн өргөн цэлгэр хонгилд тавиатай байлаа. Энэ бол жил ирэх бүр Рейхстаг шинэ, шилдэг, давтагдашгүй урлагийн бүтээлүүдээр баяжсаар байгааг илтгэж буй алхам тутамд тааралдах содон шийдлүүдийн нэг юм.

“Явж очдог” Бундестаг

Парламент болон иргэдийг холбосон үйл ажиллагааг Мэдээлэл, харилцааны хэлтэс зөвхөн ордны аяллаар хязгаарладаггүй. “Нээлттэй хаалганы өдөр”-ийг жил бүр бүтээлч хэлбэр, агуулгаар явуулж, хоёр Герман улс эргэж нэгдсэн баярын өдрийг тохиолдуулан муж болгонд ээлжлэн зохион байгуулдаг арга хэмжээнд оролцохоос гадна “хөдөлгөөнт парламент” буюу "инфомобил" аяллын үзэсгэлэнг ажиллуулна. “Бундестагт хүмүүс үргэлж ирдэг биш, бас Бундестаг өөрөө ард иргэд рүү очдог байя гэсэн санаагаар үүнийг хийсэн” хэмээн тэд өгүүлсэн юм. Хүнд даацын 17 метр урт, 20 тонн жинтэй ачааны машиныг цахим технологид суурилсан тоноглолоор тоноглосон энэхүү “явуулын Бундестаг” 2022 онд 40 000 хүнд хүрсэн бөгөөд ирэх найман жилийн дотор сонгуулийн бүх тойрогт очиж ажиллах гэнэ. Үүний зэрэгцээ 16 зөөврийн самбарт парламентын ардчиллын тухай бүхий л мэдлэг, мэдээллийг багтаасан “зөөврийн үзэсгэлэн” тус хэлтэст бий. Үүгээр улсын болон мужийн хэмжээний үзэсгэлэн яармагт тогтмол оролцдог бөгөөд эдгээр арга хэмжээнд Бундестагийн Өргөдөл, гомдлын байнгын хорооны гишүүд ээлж дараалан байлцаж, иргэдтэй нүүр тулан ажилладаг ажээ. Мөн национал социализмд хэлмэгдсэн хүмүүсийн дурсгалын өдрүүдэд зориулсан арга хэмжээ, 350 залууг оролцуулан зургадугаар сард зохион байгуулдаг “Залуус ба парламент”, Бундестагийн гишүүдийн урилгаар 30 орчим залуусыг оролцуулан есдүгээр сард явуулдаг “Европын улс төр” арга хэмжээ гэх мэт олон үйл ажиллагааг нэгэнт тогтмолжуулсан байна. 

Түүнчлэн тус хэлтэс “Бундестагийн өнөөдөр” товхимлыг өдөрт хэд хэдэн удаа, “Парламент” сонинг долоо хоног тутам эрхлэн гаргаж, чуулганы нэгдсэн хуралдааныг боломжтой бүхий л сувгаар шууд дамжуулна. Мөн Бундестагийн албан ёсны цахим хуудсыг хөтлөхийн зэрэгцээ парламентын ардчиллын талаар ойлгомжтойгоор, өөрсдийнх нь хэлээр тайлбарлан таниулах зорилготой хүүхэд багачуудад зориулсан www.kuppelkucker.de, залуучуудад зориулсан www.mitmisch.de цахим хуудсуудыг мөн эрхэлдэг. Эдгээр платформоор парламентын тухай мэдлэг мэдээллийг хэрхэн тоглоомын хэлээр хүргэх, тэдэнд зориулж Бундестагаас юуг санал болгож болох талаар идэвхтэй эрэлхийлж ажилладаг тухайгаа хатагтай Андреа Мариа Кребс болон тус хэлтсийнхэн танилцуулж байлаа.

Парламентын боловсрол олгох хөтөлбөр

Энэ багийнхны бас нэг онцлох чиг үүрэг бол олон нийтийн парламентын боловсролыг дээшлүүлэх юм. Дунд, ахлах сургуулийн сурагчдыг анги, хамт олноор нь Бундестагийн ордноор аялуулж, тэднийг өөрсдийг нь намын бүлэг, Байнгын хороод, эрх баригч ба сөрөг хүчний зохион байгуулалтад оруулан, парламентын болон Засгийн газрын гишүүдийн дүрд тоглуулж тодорхой асуудал хэлэлцүүлдэг гурван цагийн тоглолтын хөтөлбөр бий. Үүнээс хүүхдүүд парламентын тухай ерөнхий ойлголт, мэдлэгээ бататгаж, төрийн тогтолцооны талаар илүү гүнзгий ойлголттой болохын дээр хууль ёсны эрхээ хэрэгжүүлэх, үзэл бодлоо илэрхийлэх боломжуудыг суралцаж авдаг.

Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас хүүхэд, залуучуудад парламентын боловсрол олгоход зориулсан “Парламентын боловсрол” хөтөлбөрийг 2021 оноос хэрэгжүүлж буйг Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан танилцуулсан юм. Энэ хөтөлбөрөөр ардчиллын мөн чанар, парламентын засаглалын онцлог, хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаа, хууль тогтоомжийн төслийг хэрхэн боловсруулж, баталдаг тухай, мөн түүнийг хэрэгжүүлэхийн утга учрын талаар мэдлэг олгох, шийдвэр гаргахад оролцох чадвартай, хүний эрхийн мэдрэмжтэй, нийгмийн хариуцлагатай иргэнийг төлөвшүүлэхийг зорьдог болон Бундестагийн Тамгын газрын Мэдээлэл, баримтын газрын ажлуудаас хөтөлбөртөө тусгаж болох сайн туршлагыг эрэлхийлж яваагаа ч тэрбээр нуусангүй.

Цогчин дуганы сэргэлт

Бундестагийн бүх нийтийн парламентын боловсролыг дээшлүүлэх цогц үйл ажиллагааны нэгэн хэсэг нь Холбооны улсын парламентын ардчиллын түүх, түүнд тулгарсан бүхий л даваа бартаа, уналт сэргэлтийг үечлэн үзүүлсэн байнгын үзэсгэлэн юм. “Зам-буруу зам-тойруу зам” (Wege-Irrwege-Umwege) хэмээх энэ үзэсгэлэн хоёр зуу гаруй жилийн түүхтэй, уран барилгын дурсгал болох Deutscher Dom буюу Германы цогчин дуганд 2002 оноос байршжээ.

1701-1708 онд үндэс суурь нь тавигдсан энэ дуган Германы түүхийн ээдрээ, нугачааг туучин, эвдрэхдээ эвдэрч, сэргэхдээ сэргэсээр эдүгээг хүрчээ. Дэлхийн хоёрдугаар дайны үеийн Берлиний бөмбөгдөлтийн үеэр үндсэндээ бүрэн сүйрснийг 1977-1988 онд сэргээн босгосон байна. Хоёр Герман нэгдэж, Бундестагийг Бонноос Берлинд нүүлгэн шилжүүлсэн үйл ажиллагааны хүрээнд Deutscher Dom-ыг парламентын захиргаанд хүлээн авч, Мэдээлэл, харилцааны хэлтсийн Зочид, жуулчдыг хүлээн авах албаны эрхлэх ажлын хүрээнд ажиллуулах болжээ.

“Зам-буруу зам-тойруу зам” (зарим сурвалжид “Арга зам-Алдаа завхрал-Дахин сэргэлт” хэмээн орчуулдаг) үзэсгэлэнгийн захирал, ноён Андреас Бааснер, Германд парламентат ёс бүрэлдсэн бүх цаг үеийн түүхийг түүний үечлэл нэг бүрээр дэглэн дэлгэсэн энэхүү үзэсгэлэн бол ардчилал болон түүний эмзэг байдал, алдаа эндэл, сургамж, гашуун үнэнийг харуулсан төрийн тогтолцооны “бодит” сурах бичиг хэмээн онцолсон юм. Ирээдүйгээ харж, парламентын ардчиллын түүхтэй танилцаж, цаашдын хөгжилд гар бие оролцоход нь орчин үеийн залууст урам, итгэл өгөх зорилготой тус үзэсгэлэнгийн төв хэсэгт Рейхстагийн ордны анхны чуулганы танхимыг байгуулжээ. Энд үзэгч, зочид өөрсдийгөө парламентын гишүүн хэмээн төсөөлж, чуулганы даргын, илтгэгчийн байр сууринд өөрийгөө тавьж үздэг хэмээн үзэсгэлэнгийн судлаач, хөтөч Кристиан Клайн сонирхуулав.

Парламентын ардчилалд тулгарсан сорилтууд

Үзэсгэлэн 1789 оны Францын хувьсгал Германы ард түмнүүдэд хэрхэн нөлөөлснийг харуулсан танхимаар эхэлж, улмаар улс төрийн эрх чөлөө, үндэсний эв нэгдлийн төлөөх либерал ба национал хөдөлгөөний тэмцлийн үр дүнд анх түрүүнд чөлөөт сонгуулиар 1848 онд байгуулагдсан Германы Үндэсний Ассамблейн танхимаар үргэлжилнэ. Цаашлаад Эзэнт гүрний дотор парламентын эзэлж байсан үүрэг оролцоо, түүнийг хэрхэн хууль, тогтоомжоор хасаж, хязгаарлаж байсан тухай, сонгуулийн бүх нийтийн, нууц, тэгш, шууд болон бусад тогтолцоо, эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох эрх, Пруссын Үндсэн хуулийн зөрчилдөөнөөс Дэлхийн нэгдүгээр дайн хүртэлх улс төрийн үйл явц, Версалийн гэрээ, Засгийн газрын бүтцийн талаарх улс төрийн зөрчил, 1929 оноос эхэлсэн дэлхийн эдийн засгийн хямрал, Веймарын Бүгд Найрамдах Улс, Рейхийн ерөнхийлөгч Пол Фон Хинденбургийн “Алтан хорь”-ийн үе гэх мэт өргөн агуулгаар үзэсгэлэнгийн танхим бүр гүнзгийрэн өрнөнө. Ардчилсан парламент, Үндсэн хууль, төрийн дэг журмыг халсан “Фюрерийн улс” чухам ямар сонгуулиар гарч ирснийг энэ үзэсгэлэнд байрлуулсан саналын хуудас илхэнээ харуулах ажээ. Үндэсний социализм 1933-1945 он хүртэл оршин тогтнох үед Рейхстаг чухам ямар байр суурьтай парламент байсныг, дайны дараахь сэргээн босголт, улс төрийн сонголт, улс орны хуваагдал болон хоёр өөр тогтолцооны харилцаа, 1949 онд байгуулагдсан Бундестагийн зарчим, үнэт зүйлс, 1989 оны Зүүн Германы эсэргүүцлийн жагсаал, хоёр Германы нэгдэл, парламентын ардчиллыг бэхжүүлж, бататган хадгалж, хамгаалахын утга учир гээд алхам алхамаар гүнзгийрсэн түүхэн агуулгад үзэсгэлэнгийн үзмэр бүр хэн бүхнийг тодорхой хөтөлж байлаа. Энд мөн Бонн хотын хуучин чуулганы танхимд байсан удирдагчдын фрак, туг, чуулганы хуралдааны хонх зэрэг анхны үзмэрүүд бий.

Орчин үеийн интерактив технологи ашиглан дэглэсэн тус үзэсгэлэнд парламентын тухай сонирхолтой баримтуудыг хөгжилтэйгөөр олж мэдэх, Германы парламентын ардчиллын талаар илүү гүнзгий ойлгох, тус улсын засаглал, сонгуулийн тогтолцоо, хууль тогтоох үйл явцын талаар нэг бүрчлэн мэдэх боломжийг зочдод олгохын тулд медиа инсталяц, богино хэмжээний кино, түүхэн бичлэг, гэрэл зургууд, баримт бичгүүд, интерактив газрын зураг, модель бүтээцүүд болон урлагийн бүтээлүүдийг оновчтой ашиглажээ.

Ардчилал хэрхэн хангагдах вэ?

Парламентын ардчилалд тулгарч болох хямрал, сорилтууд, тэдгээрийн шалтгаан нөхцлийг тодорхойлсон олон арван бүтээл туурвил гарсны дотроос Германы хуульч Карл Шмидтийн 1923 онд хэвлэгдсэн “Парламентын ардчиллын хямрал” ном онцгой байр эзэлдэг. Тэрбээр бүтээлдээ, парламент бол нийгмийн оюун санааны тусгал болж байх ёстой хэмээн тодорхойлоод, “Хэрвээ парламент хөшигний ард асуудлыг авч хэлэлцдэг, нэг талын байр сууриар шийддэг байдалд хүрвэл парламентын ардчилалд жинхэнэ хямрал, сүйрэл нүүрлэнэ” гэсэн байдаг. Парламентын нийгмийн тусгал байх үндсэн шинж чанар нь олон талт хэлэлцүүлэг, мэтгэлцээн, олон нийтэд нээлттэй байх зарчмаар хэрэгжин бүрдэнэ гэсэн түүний дүгнэлтийг өнөөдөр ч дэлхий дахинд хүлээн зөвшөөрдөг.

Гүн ухаан, төрийн онол, философийн өлгий болсон Германы Бундестагаас нийгэм, олон нийтийн оюун санааны тусгал байх, нээлттэй, ил тод байдлыг хангах арга, туршлагын арвин олзтой, ганзага дүүрэн буцаж буйгаа Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан дүгнэж, түүх, урлагийн болон хууль тогтоох үйл ажиллагааны нийлэмжээр парламентат ёсны хөгжлийн хандлага, туулсан замнал, сургамжийг иргэддээ гүн гүнзгий ойлгуулан таниулж буй нь боловсрол, соёлын өндөр ач холбогдол агуулж байгааг онцлон тэмдэглэсэн юм.