Хувийн намтрыг нь өөрөө ч танихгүй болтол нь засаж, эцэстээ худал үнэн нь ялгагдахаа больсон монгол хүн бол Дамдины Сүхбаатар. Эцэг “Цагаан дээлт” Дамдин нь бургас түүж яваад сүх олсноо бэлгэдэн хүүдээ “Сүх” нэрийг хайрласан. Хожим баатар цол хүртсний учир “Сүхбаатар” гэх болсон гэж эхэлдэг домгоос аваад “Сүхбаатар” гэдэг шүтээн ямархан замыг туулаад одоо ямар байдалд хүрээ юм бол..? 

Шүтээн болох зам

Большевикууд улаан хувьсгалаа Монголд үргэлжлүүлэхийн тулд боломж бүрийг алдахгүйг хичээж байлаа. Энэ зорилгодоо Д.Сүхбаатарыг чадмаг ашигласан. Түүнийг 1923.02.20-нд таалал төгссөнөөс зургаан хоногийн дараа оршуулгыг нь большевик агуулгаар дэглэж, Монгол-Европ ёсыг хослуулан гүйцэлдүүлсэн юм. Ингэхдээ 1919 онд нас барсан большевик Я.Свердловын оршуулгын үйл ажиллагааг чадах чинээгээр хуулсан харагддаг. Улаан хувьсгалыг бэлгэдэн авс тэргүүтнийг нь улаан даавуугаар бүтээжээ. Оршуулах ёслол дээр үг хэлсэн Монгол дахь Зөвлөлт Оросын Бүрэн эрхт төлөөлөгч Н.М.Любарский талийгаачийг “Ардын хувьсгалын удирдагч” зэргээр өргөмжилсөн байдаг. Түүний дараа С.Буяннэмэх талийгаач ард түмний эрх ашгаас урваагүй учир Д.Бодоогоос эрс ялгаатай, шилдгүүдийн шилдэг нь гэжээ. Ерөөс энэ оршуулгад хэлэгдсэн үгс урлаг, уран сайханд хувиран өнөөг хүрэхдээ “үнэн” болох ерөөлтэй байлаа. 

Большевик хөрөг

Монголбанкаас 1939 онд гаргасан мөнгөн тэмдэгтэд анх Д.Сүхбаатарын хөргийг залжээ. 1941 оны мөнгөн тэмдэгт 1940 оны Үндсэн хуулиар батлагдсан сүлд мөн Д.Сүхбаатарын хөрөгтэй. Үүнээс хойш 1983 онд хүртэл гарсан дэвсгэртүүд өнгө дизайн бас монгол, кирилл үсэг зэргээрээ ялгагдах боловч нэгтийн дэвсгэртээс бусад дээр Д.Сүхбаатарын хөрөг байлаа. Орос цэрэг цамц өмссөн Д.Сүхбаатарын энэ зураг. Д.Сүхбаатарын харьцангуй олон гэрэл зургаас чухам яагаад үүнийг сонгосныг тааж ядах юмгүй. Тэрээр энд большевик шиг тэр тусмаа чекисттэй илүү адилхан харагддаг. (Л.Троцкий, Ф.Дзержинский нарын түүхэн болоод уран сайхны дүрүүдийг эргээд нэг саначихаарай) Ардчиллаас хойш зуутаас дооших дэвсгэртэд Д.Сүхбаатарын отог жинстэй хөргийг хэвлэсэн. Манай Д.Сүхбаатар большевик биш Богд хаант Монгол улсын Зоригт баатар бэйс цолтой тэнгэрт хальсан юм.

Зөвлөлт Сүхбаатар

Хамгийн анх дэлгэцэнд дүрээ мөнхөлсөн түүхэн монгол хүн ч Д.Сүхбаатар. Большевикууд түүнийг Монголын гүнгэрваанд Ленинтэй хамт залж үзэл сурталдаа ашигласан юм. 1942 онд Зөвлөлтийн А.Зархи, И.Хейфиц, З.Хацревин, Б.Лапин; Монголын Т.Нацагдорж, Б.Дэмбэрэл нар хамтран бүтээсэн уран сайхны киног оросоор “Его зовут Сухэ-Батор”, монголоор “Сүхбаатар” гэдэг. Энэ киноны Сүхбаатарын дүрд Зөвлөлтийн хамаг шагналыг хамсан Л.Н. Свердлин тогложээ. Царай зүсээсээ аваад ааш аяг, намба донжоороо огтоос монгол биш энэ дүр В.И.Ленинтэй уулздаг. Тэр сцен соцреализмд зураг хөрөг, шүлэг найраг, кино зохиолд буугаад зогсохгүй Монголын ХХ зууны хамгийн том түүхэн үйл явдал юм шигээр толгой эргүүлсээр иржээ. Мөн түүнчлэн Ленинд гардуулах бичгээ нуудаг нүхтэй ташуур байсан мэтээр ойлгогдсоор өнөө хүрсэн. Социализмын үеийн Монголын гурван ч музейд Сүхбаатарын гэх тайлбартай голыг нь нүхэлсэн нэжгээд ташуур байгааг Б.Ринчен илрүүлсэн байдаг. Арван хоёр бүлэг энэ киноны бараг сцен бүхэн нь Зөвлөлтийн зүтгэлээр түүх болон дэвтэрлэгдэж, монгол хүнд судар адил цээжлэгджээ.

Сэрэг дүр

Д.Сүхбаатарыг нас барахад дурсгалын хөшөө босгох зарлиг гарсан байдаг. Өдгөө Батлан хамгаалах яамны хашаанд буй гэрэлт хөшөө буюу чоддин суваргыг “Д.Сүхбаатарын анхны хөшөө” гэж үздэг. Харин 1944 онд МАХН-ын Төв хороо Д.Сүхбаатарын музей байгуулах шийдвэр гаргаж 1946 оны 3-р сарын 1-нд МАН-ын 25 жилийн ойг тохиолдуулан одоогийн Улаанбаатар хотын музейд нээлт хийжээ. Музейд ямархан үзмэр байсан, тэдгээр нь өдгөө хаана явааг мэдэх хүн ховордоо биз ээ. Тэр зундаа Ардын хувьсгалын 25 жилийн ойг тохиолдуулан босгосон Д.Сүхбаатарын морьт хөшөө хүрэлдүүлчихсэн хуучин бууриндаа зогсоо. Нэрэмжит талбайг нь монгол гэрийн хоймроор төсөөлбөл хөшөөг чанх хойш сарвайлган байрлуулсан ёр бэлгэдэл нь өнөөдөр ч агуулгаа алдаагүй. Зөвлөлтөд бурантаглуулж явсан Монголын заяа өдгөө Оросоос шууд хамааралтайг Д.Сүхбаатарын хөшөө сануулна. Энэ хөшөө хэдэн дүүтэй. Яг ижил морьтой нь Сүхбаатар аймгийн Баруун-Уртад байдаг бол Удирдлагын академи, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хоёрт босоо дүрүүд бий. Д.Сүхбаатар мөн л анх сэрэг дүрээ босгуулсан монгол болсныг хэлүүлэлтгүй ойлгосон биз ээ. 

Эхнэрийнхээ энгэрт

Музей, хөшөө хоёроос өмнө бүхнийг Д.Сүхбаатарын нэрэмжит болгох ажил өрнөжээ. 1924 оноос эхлэн большевикууд албан байгууллагуудад Д.Сүхбаатарыг дурсах цуглаан зохиож эхлээд 1930 онд Улсын төв театрын өмнөх талбайд түүний нэрийг зээлдэн өгсөн байна. Төдөлгүй 1934 онд Монголын бүх цэргийн улаан буланг Д.Сүхбаатарын нэрэмжит болгосныг хожим ард олон “Жанжин клуб” хэмээн нэрлэжээ. 1941 оны тавдугаар сарын 16-нд төрийн дээд шагнал Сүхбаатарын одонг бий болгов. Хожим Д.Сүхбаатарын бэлэвсэн гэргий Н.Янмжаа талийгаач нөхрийнхөө нэрэмжит одонгоор шагнуулж зогсохдоо чухам юу бодсныг хэн ч асуугаагүй биз ээ. 1943 онд Офицерийн сургууль байгуулснаа мөн л Д.Сүхбаатарын нэрэмжит болгов. Тэр жилээ уугуул нутгийг нь Сүхбаатар аймаг хэмээв. Үүнээс хойш Д.Сүхбаатарын нэрийг зүүх уралдаан замаа алджээ. Монголын пионерийн байгууллагаас аваад сум нэгдэл, онц сурлагатан оюутны тэтгэлэг ч Сүхбаатарынх байлаа. 1959 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр Сэлэнгэ аймгийн төвийг "Сүхбаатар" гэж нэрлээд хотын стутастай олгожээ. Ингэснээр Сүхбаатар Монголын хоёр дахь хот болов. Хуучин Сэлэнгэ аймгийн автомашины дугаарын индекс нь аймгийнхаа нэрээр "СЭ" бус “СБ” байсны учир ийм юм. Үүнтэй зэрэгцээд хөвүүдэд Сүхбаатар нэр өгөх ч түгээмэл болсон байдаг. Далаад оны хөвүүдээс хойш ийм нэртэн ховордсоор байгааг Иргэний бүртгэлийн сайтаас харж болно.

Одоо тэр хэн юм бэ?

Монголчуудын тархинд Сүхбаатараар дамжуулан суулгасан большевикуудын үзэл суртлыг бид халсан ч бие хүнийх нь “үнэн ба түүх”-ийг нь өнөөдөр бүрэн тодруулсан юм алга. Тийм сонирхол ч үгүй бололтой. Харин ч өнөө цагийн өнгө будгаар шунхдаж хуучин худлыг шинэ үнэн болгох гэж мэрийсээр. МАН-ын дарга У.Хүрэлсүх "Би жанжин Сүхбаатарыг шүтэн бишрдэг" гэж билээ. У.Хүрэлсүх ч, МАН ч, монголчууд ч Д.Сүхбаатарыг соцреализмын хэдэн кино, дуу шүлэг, зураг хөргөөр л төсөөлдөг. Бидэнд Д.Сүхбаатарыг ашиглах санаа байхаас хайрлах сэтгэл алга... Сүх гэдэг хүүхэд байсан сүүлдээ тэгээд баатар болсон... одоо харин яг хэн юм бэ?!?